Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 02 сарын 13 өдөр

Дугаар 210/МА2017/00447

 

2017 оны 02 сарын 13 өдөр

Дугаар 210/МА2017/00447

 

 

 

Л.Тунгалагийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ш.Оюунханд даргалж, шүүгч Г.Даваадорж, Н.Батзориг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2016 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 102/ШШ2016/05795 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч Л.Тунгалагийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч "Англофрейт" ХХК-д холбогдох

 

1 500 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг

 

Нэхэмжлэгчийн гаргасан гомдлыг үндэслэн, шүүгч Н.Батзоригийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч А.Буянжаргал

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Ганзориг

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ө.Ган-Өнөр нар оролцов.

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Тус компанийн илгээмжийн үйлчилгээгээр миний бие 2015 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр АНУ-ын Чикаго хотод оршин суух өөрийн төрсөн дүү н.Ариунтунгалагт ятга хөгжим болон бусад зүйлийн хамт хүргүүлэхээр 380 гаруй доллар төлж хүлээлгэн өгсөн. Гэтэл уг илгээмж эзэндээ хүрэлгүй, АНУ-ын хил, гааль дээр хураагдсан тул тус байгууллагад хандан ачаагаа эзэнд нь хүргүүлэх, боломжгүй бол буцаан явуулах талаар удаа дараа хүсэлт гаргаж, өнгөрсөн оны 4 сараас хойш одоог хүртэл хөөцөлдсөн боловч асуудлыг шийдэж өгөлгүй ихээхэн чирэгдүүлсэн. Иймд миний бие хоёр удаа өмгөөлөгчөөрөө дамжуулан албан бичгээр хандахад уг илгээмж гааль дээр саатуулагдаж, одоог хүртэл хадгалагдаж байгаа гэсэн хариу өгсөн. Уг илгээмжийг хүлээж авсан манай байгууллагын ажилтан гаалийн мэдүүлгийг 250 ам.доллар гэж бөглөсний улмаас саатуулагдан шалгагдаж байгаа, манай компанийн зүгээс АНУ дахь гаалийн зуучлагч буюу гаалийн брокертоо хандаж гаалийн шалгалтын ажиллагаа хэзээ дуусах талаар тодруулж, илгээмжийг эзэнд нь хүргэх арга хэмжээг даруй авч өгөхөөр ажиллаж байгаа, манай байгууллагад өгсөн албан бичгээ англи хэл дээр орчуулаад өгчихвөл бид албан бичгийг чинь хавсаргаад АНУ дахь оффис руу явуулаад нөхцөл байдлыг тайлбарлаад хариу өгье гэхээр нь өмгөөлөгчийн албан бичгийг орчуулж, тус компанид өгч, өнөөдрийг хүртэл асуудал шийдэгдэх байх гэж хүлээсэн. Захиалгын хуудас бөглүүлж, илгээмжийг хүлээн авсан тул тус илгээмжийн бүрэн бүтэн байдлыг илгээгч хариуцаж, захиалагчийн даалгаврыг биелүүлэх үүрэгтэй бөгөөд илгээгч ажилтны буруутай үйл ажиллагааны улмаас захиалагчид учруулсан хохирлыг илгээгч байгууллага бүрэн хариуцах хууль зүйн үндэслэлтэй. Уг ятганы зах зээлийн ханш болох 1 500 000 төгрөг. Ятга нь мод сайтай, олон утастай, одоо зах зээл дээр үүнээс ч илүү өндрөөр үнэлэгдэх үнэ цэнэтэй боловч, уг ятгыг биет байдлаар нь байлгаж, үнэлгээ хийлгэх боломжгүй байна. Иймд хариуцагч "Англофрейт" ХХК-иас 1 500 000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Л.Тунгалаг нь 2015 оны 04 сарын 05-ны өдөр манайд ятга хөгжим 1 ширхэг, еэвэн, зураг, ааруул, далбаа зэргийг Чикаго хот руу илгээхээр илгээмж өгсөн. Илгээгч Л.Тунгалагийн илгээмжийн нийт тээврийн зардал 466 ам.долларын төлбөр нь энд хийгдээгүй бөгөөд уг төлбөрийг хүлээн авагч н.Ариунтунгалаг төлж хүлээн авах ёстой байсан ба уг илгээмж нь хяналт шалгалтаар орон ятга хөгжим нь саатуулагдсан. Манай компанитай хэлцэл хийхэд маягтад байгаа тайлбарыг сайтар уншиж танилцаад бөглөх ёстой ба маягтад "үнэн зөв бичих, болон тайлбараа сайн уншина уу" гэж тусгасан байгаа. Энэ маягтад татвар хураамжийн талаар дүн, үнэ байхгүй учир АНУ-ын гаалийн газарт саатуулсан байгаа. Н.Ариунтунгалагт холбогдох материал мэдээллийг өгч гаалийн зуучлагчтай холбож өгсөн. Уг ачаа алга болж үрэгдээгүй, гаалийн бүрдүүлэлтээ хийж чадаагүйн улмаас гаалийн хяналтын талбайд хадгалагдаж байгаа бөгөөд тухайн хүлээн авагч нь бичиг баримтыг гарган өгч гаалийн татвар болон агуулахын хөлсөө төлсөн тохиолдолд уг ачааг хүлээн авах боломжтой. Манай байгууллагын зүгээс 2015 оны 12 сард тухайн хүлээн авагчид АНУ-ын гаалийн байгууллагын тавьсан нөхцөл шаардлагыг хүлээлгэн өгч тухайн гаалийн байгууллагын шаардсан бичиг баримтыг гаалийн татвар хураамж, хадгаламжийн төлбөрийн хамт төлөөд уг ачааг авахыг санал болгосон боловч авах боломжгүй гэж хариулсан тул манай зүгээс ямар нэгэн алхам хийх боломжгүй болсон. Монгол улсын шуудангийн тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.2 дахь хэсэгт зааснаар үйлчлүүлэгч илгээж байгаа зүйлийнхээ мэдээллийг үнэн зөвөөр өгөх үүрэгтэй гэсэн байдаг. Нэхэмжлэгч гаалийн бүрдүүлэлтэд илгээж байгаа зүйлийнхээ мэдээллийг үнэнээр нь тавиагүй учир ийм асуудал үүссэн. Энэ талаар хүлээн авагч н.Ариунтунгалагтай 2 удаа уулзаж холбогдон тайлбар өгсөн. Мөн н.Ариунтунгалаг нь уг ачаатай хамт илгээсэн ачааныхаа тээврийн хөлсийг төлөөгүй байгаа ба манай байгууллагаас зээлээр авсан унтлагын тавилганы төлбөр болох 350 ам.долларыг төлөх үлдэгдэлтэй гээд манай байгууллагад нийт 438 ам.долларын өглөг үүссэн байгаа боловч одоо болтол уг төлбөрийг төлөөгүй байна. Бидний зүгээс үйлчлүүлэгч АНУ-ын гаалийн байгууллагын шаардсан материалыг төлбөрийн хамт төлсөн тохиолдолд уг ачааг гаалийн хяналтаас авч өгөх бүрэн боломжтой байгаа болно. Харин хөгжмөөс тусдаа өгч явуулсан ачааг хүлээлгэж өгсөн. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1, 380 дугаар зүйлийн 380.1 дэх хэсэгт заасан үндэслэлгүй тул хариуцагч "Англофрейт" ХХК-иас 1,500,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч Л.Тунгалагийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч Л.Тунгалагаас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 38,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: ...Шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч байна. Анхан шатны шүүх ятга хөгжим нь нэхэмжлэгчийн өмч биш учраас нэхэмжлэгч нэхэмжлэх эрхгүй, дүү н.Ариунтунгалаг нь нэхэмжлэх эрхтэй гэж дүгнэжээ. н.Ариунтунгалагийн өмч гэдгийг нотолсон баримт байхгүй, дүүгийнхээ ятгыг л явуулсан гэж нэхэмжлэгч тайлбар гаргаж байгаагаас өөр баримт байхгүй, тус ятга н.Ариунтунгалагийнх боловч, нэхэмжлэгчийн мэдэлд байж байгаад л хариуцагч компаний илгээмжийн үйлчилгээгээр явуулсан. Гэрээ хийгдэхээс өмнө нэхэмжлэгчийн мэдэлд байсан, эрх бүхий байгууллагаас хөдлөх болон үл хөдлөх эд хөрөнгө шиг олгосон гэрчилгээ бичиг баримт байхгүй учраас гэрээ хийж, илгээсэн нэхэмжлэгч энэ ятганы үнийг нэхэмжлэх бүрэн эрхтэй гэж үзэж байна. Байгуулагдсан гэрээний нөхцөлөөс үзэхэд ачаагаа хүлээж аваад мөнгийг нь төлөх үүрэг ачаа хүлээн авагчид байгаа. Бараагаа хүлээж аваагүй байж, барааны үнийг урьдчилан төлөх үүрэггүй. Ачаа тээвэрлэгчийн ажилтны илт болгоомжгүй үйл ажиллагааны улмаас болж гааль дээр саатуулагдсанаас биш, нэхэмжлэгч буруу зөрүү мэдээлэл өгснөөс болж саатуулагдсан асуудал байхгүй. Хариуцагч компанийн ажилтанд энэ бол ятга хөгжим гээд үзүүлж харуулаад шалгуулж, бүртгүүлээд боолгож баглуулж байхад чиг үүргийнхээ дагуу асууж тодруулалгүй, холбогдох бичиг баримтыг үзэж нягтлалгүйгээр мэдүүлгийг нь 250 ам.доллар гэж бөглөснөөс болж энэ ачаа гааль дээр саатуулагдаж, илгээмж хүлээн авагчид очиж чадалгүй өдийг хүртэл гаалийн агуулахад байгаа. Хариуцагч компаний буруутай үйл ажиллагаанаас болж ачаа саатуулагдсан тул тус компани гаалийн агуулахын төлбөрийг төлж, харин н.Ариунтунгалаг ятга хөгжмөө бүрэн бүтэн эсэхийг нь шалгаж хүлээж авахдаа илгээмжийн үйлчилгээний зардлыг төлөх учиртай. Хариуцагч компани буюу тээвэрлэгч ачааг хүлээж авахдаа дараах зүйлийг шалгах үүрэгтэй гэж Иргэний хуулийн 388 дугаар зүйлд заажээ. Энэ нь илгээмжийг шалгаж хүлээж авсан илгээмжийн ажилтан ямар үнэ бүхий барааг илгээмжийн үйлчилгээгээр явуулж болох болохгүйг мэдэхгүйн улмаас энэ асуудал үүссэн. Ачаа илгээгчид 250 ам.доллараас дээш үнэтэй барааг явуулж болохгүй, гааль дээр хураагдана гэх мэтийн урьдчилан сануулж анхааруулаагүй, ажилтан өөрөө дур мэдэн асууж тодруулалгүй ятга хөгжмийг 250 ам.доллар гэж үнэлж үнэ бичсэн байдаг. Иймд дээрх үндэслэлүүдийг харгалзан үзэж, Иргэний хуулийн 408.9, 408.11 дэх хэсэгт зааснаар хариуцагч компани хариуцлага хүлээх үүрэгтэй тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэгч миний давж заалдах гомдлыг хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөнөөс шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дах хэсэгт заасан шаардлагыг хангаагүй байна.

 

Нэхэмжлэгч Л.Тунгалаг нь хариуцагч Англофрейт ХХК-д холбогдуулан ятга хөгжмийн үнэд 1 500 000 төгрөг гаргуулах шаардлага бүхий нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

Нэхэмжлэгч Л.Тунгалаг нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ Англофрейт ХХК-ийн илгээмжийн үйлчилгээгээр АНУ-ын Чикаго хотод оршин суух Л.Ариунтунгалаг руу ятга хөгжим явуулахаар тохиролцож, хөгжмийг хүлээлгэн өгсөн боловч уг илгээмж эзэндээ хүргэгдээгүй гэж тайлбарлан холбогдох баримтаа нэхэмжлэлд хавсаргасан байх боловч уг баримт /хэргийн 5 дугаар тал/-ын бичвэр бүрэн гүйцэд уншигдахгүй байгаагаас талуудын хооронд гэрээ байгуулагдсан гэж үзэх эсэх, гэрээ байгуулагдсан гэж үзэх тохиолдолд ямар төрлийн гэрээ байгуулагдсаныг тодорхойлох боломжгүй болжээ.

 

Нэхэмжлэгч нь ...хариуцагч байгууллагын ажилтан гаалийн мэдүүлгийг 250 ам.доллар гэж буруу бөглөсөн, ...380 гаруй ам.доллар төлж илгээмжээ явуулсан... гэж, хариуцагч нь илгээмжийн зардал 466 ам.доллар бүрэн төлөгдөөгүй гэх зэргээр өөр өөр тайлбар гарган маргаж байгаа тохиолдолд анхан шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2 дах хэсэгт зааснаар уг баримтын жинхэнэ эхийг шаардах авах эрхээ хэрэгжүүлээгүй байна.

Түүнчлэн хэргийн 10, 51-52 дүгээр талд авагдсан баримтууд гадаад хэл дээр бичигдсэн байх бөгөөд мөн хэргийн 60 дугаар талд авагдсан баримтыг түүний албан ёсны орчуулга гэж үзэх боломжгүй юм. Иймд анхан шатны шүүх Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.4 дэх хэсэгт гадаад хэл дээр бичигдсэн нотлох баримтыг албан ёсны зөвшөөрөл бүхий орчуулагч, хэлмэрчээр монгол хэл дээр орчуулуулсан байна гэж заасныг зөрчсөн гэж үзэх үндэслэлтэй.

 

Иймд анхан шатны шүүх нотлох баримт бүрдүүлэх талаарх хуулиар тогтоосон журмыг зөрчсөн, давж заалдах шатны шүүхээс уг байдлыг залруулах боломжгүй байх тул шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хянан шийдвэрлүүлэхээр буцаах нь зүйтэй гэж үзэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.1-д тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 102/ШШ2016/05795 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Л.Тунгалаг давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 38 950 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсгүүдэд зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ш.ОЮУНХАНД

 

ШҮҮГЧИД Г.ДАВААДОРЖ

 

Н.БАТЗОРИГ