| Шүүх | Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Данзангийн Сарантуяа |
| Хэргийн индекс | 164/2018/0062/э |
| Дугаар | 69 |
| Огноо | 2018-07-25 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Х.Гүнжидмаа |
Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2018 оны 07 сарын 25 өдөр
Дугаар 69
Говь-Алтай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Сарантуяа даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Уугандарь,
Улсын яллагч Х.Гүнжидмаа,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Ариун-Эрдэнэ,
Хохирогч Б.А ,
Шүүгдэгч Э.З нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Говь-Алтай аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Бичигт овогт Э-ын З-д холбогдох 1816000850045 дугаартай эрүүгийн хэргийг 2018 оны 07 дугаар сарын 03-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол улсын иргэн, халх, эрэгтэй, Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын харьяат, 1982 оны 06 дугаар сарын 02-ны өдөр төрсөн, 36 настай, тусгай дунд боловсролтой, хүнд машин механизмын операторч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эхнэр, хүүхдийн Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын ............ багийн ......... тоотод оршин суух, .............. регистрийн дугаартай, төрөөс авсан гавъяа шагналгүй, урьд нь ял шийтгүүлж байгаагүй, Бичигт овогт Э-ын З .
Холбогдсон хэргийн талаар: Шүүгдэгч Э.З нь 2018 он 03 дугаар сарын 28-ны өдөр 16 цагийн үед Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын нутагт байрлах Шинэ-Алтай зах дотор үйл ажиллагаа явуулдаг Үлэмж дэлгүүрийн үүдэнд Б.А-г эхнэр Д-тай хардсаны улмаас зүүн суганы орчим 2, зүүн чихний дээд талд 1 удаа хутгалж, эрүү мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлджээ. /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Шүүгдэгчийг гэм буруутайд тооцох:
Шүүх хуралдаанаар тогтоогдсон шүүгдэгч Э.З нь 2018 он 03 дугаар сарын 28-ны өдөр 16 цагийн үед Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын нутагт байрлах Шинэ-Алтай зах дотор үйл ажиллагаа явуулдаг Үлэмж дэлгүүрийн үүдэнд Б.А-г эхнэр Д-тай хардсаны улмаас зүүн суганы орчим 2, зүүн чихний дээд талд 1 удаа хутгалж шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах хөнгөн зэргийн гэмтэл учруулсан нөхцөл байдал нь хүний халдашгүй байх эрхэд халдаж, эрүүл мэндэд нь хохирол учруулсан шинжээрээ Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг мөн байна гэж шүүх дүгнэлээ.
Тухайн гэмт хэрэгт шүүгдэгч Э.З гэм буруутай болох нь:
Шүүгдэгч Э.З-ын шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэг өгөхийг зөвшөөрч байна гээд мэдүүлсэн: “...Өмнө нь хохирогчтой найзууд байсан. Эхнэр бид 2 салаад 7 сар болоод эргээд нийлсэний дараа би Дарханд ирчихээд эхнэр рүүгээ А-гээр юм өгч явуулж байсан. Тэрний дараагаас манай эхнэр рүү мессеж бичсэн байсан. Манай эхнэр жолооны курст сурч байсан. Нэг өдөр А манай эхнэр бид гурав хамт явж байгаад би эхнэрээсээ 5000 төгрөг аваад нэг шил архи авсан. Нөгөө нэг шил архиа уугаад сууж байхад Б.А хүн рүү мессеж бичээд байсан. Чи хэн рүү мессеж бичиж байгаа юм бэ? гэхэд нэг эмэгтэй рүү гэж хэлсэн. Наад эмэгтэй чинь нөхөртэй юм уу? гэж асуухад үл ойшоогоод байсан. Маргааш нь эхнэрийнхээ утсыг үзэхэд урьд нь чамд хэлээгүй гэсэн мессеж ирсэн байсан. Тэгээд Б.А-гээс ямар учиртай мессеж явуулаад байгаа юм бэ? гэж асуухад найзууд учраас мессеж явуулсан гэж хэлсэн. Би Дархан явсны дараа утсаар ярихад алтанд яваад долоон сая төгрөг олоод танайд очиход хүн байхгүй байсан. Бид хоёрын хооронд үл ойлголцох асуудал гарсан. Тэгэхэд надаас өмнө чи байсан байж битгий олон юм яриад бай гэж хэлээд утсаа салгасан. Тийм юм гэж байхгүй. Би Б.А-д хэлж байсан битгий миний амьдралд оролцоод бай гэж хэлж байсан. Би хутгалъя гэж бодоогүй. Би гартаа хутга барьсан явж байгаад намайг хутгатайг хараад зугтах байх гэж бодсон. Хутганыхаа ирийг гартаа атгаж байгаад хутгалахад хутга гараас гүйчихсэн. Би тэрийг мэдээгүй. Тэр өдөр надад архи уух сонирхол байгаагүй. Би эхнэрийн ажил дээр очиход манай эхнэр Б.А бид хоёрыг хамт усанд орсон гэдэг зүйл яригдаад байна. Үүний учрыг олохгүй бол байнга хэрүүл гардаг гэж хэлсэн. Б над руу дайрч байна. Чи намайг мөрдөж мөшгидөг болоо юу гэж хэлсэн. Тэгэхээр нь миний уур хүрээд орж ирэхэд А “Үзэмж” дэлгүүрийн үүдэн дээр тамхи татчихсан зогсож байсан. Тэгээд муудалцаж барьцалдаж авсан. Урд орой нь толгой чанаад толгой мөлжиж байсан хутгаа халаасандаа хийсэн байсан. Гараа халаасандаа хийхэд тэр хутга баригдсан тэгээд санаандгүй хутгалчихсан... 1 шил архи уусан... Б руу чи намайг мөрдөж мөшгөдөг болоо юу? гэж айлгасан болохоор нь уур хүрээд, би уг нь гэр бүлээ салгачихгүй, үр хүүхдээ өнчрүүлэхгүй гэж бодсондоо ийм байдалд орсон... Өмнө нь тийм асуудал байгаагүй. Хохирогч нь манай эхнэрийн ажил дээр нь байнга сууж байдаг байсан. Тэгээд нэг өдөр манай эхнэр рүү мессеж бичсэн байсан тэрнээс болоод хардах болсон... Уг нь миний найз байсан юм. Сүүлдээ манай эхнэрийн найз болчихоод байгаа юм... Надад гэм буруу байгаа... Хүн найз нөхдөө зөв сонгож нөхөрлөмөөр юм байна... миний буруу...” гэсэн мэдүүлэг,
Хохирогч Б.А-гийн шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн: “...03 дугаар сарын 28-ны өдөр зах дээр байж байхад сая шүүгдэгчийг ярьсан зүйл болсон. Бид хоёр найз нөхдүүд байгаа. Өөр нэмж хэлэх зүйл байхгүй... Тухайн өдөр би Ховдын Булган явах гээд юм аа цуглуулаад зах дээр явж байсан. Алт, мөнгөний дархны газар хамт явж байсан хүмүүс тоглоод сууж байсан. Би тамхи татаад зогсож байхад Э.З ирээд надтай муудалцсан. Би хутгална гэж санаанд ороогүй. Эхлээд 2 цохиод авах шиг болсон хутгалсан байсан. Тэгээд манай найзууд салгасан... Хохирол төлсөн... Одоо гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй...” гэсэн мэдүүлэг,
Хохирогч Б.А-гийн мөрдөн байцаалтад мэдүүлсэн: “...2018 оны 03 сарын 28-ны өдөр Шинэ-алтай зах дээр алт мөнгөний дарханы газар байж байсан. 16 цаг өнгөрч байхад Д хаана байна гэхээр нь алт мөнгөний дарханы газарт байна гэхэд уулзмаар байна гэсэн. З дэлгүүрээсээ гарч ирээд миний энгэрээс заамдаад авахаар нь би зөрүүлээд заамдсан. Тэгтэл миний зүүн суган доогуур 2 удаа цохисон. Гэтэл хажуугаас Э , Н , Ц нар салгасан. Тэднийг салгах үед З миний зүүн чихний дээд талд дахин нэг удаа цохиход би түүний гарт хутга байгааг харсан...” гэсэн мэдүүлэг /хх 27-28/,
Гэрч А.Ц-ын мөрдөн байцаалтад мэдүүлсэн: “...2018 оны 03 сарын 28-ны өдөр алтанд явахаар хэрэглээний зүйлээ цуглуулаад явж байгаад зах дотор Г-гийн дэлгүүрт хөзөр тоглож байтал А-гийн утас дуугараад гараад явсан. А зах дотор улаан цамцтай согтуу хүнтэй маргаад байх шиг болсон. Би тоогоогүй. Энэ үед Э босоод үүдрүү гарч зогссон. Удалгүй А сарвагас гээд үүдээр ороод ирсэн. Цаана байхад улаан цамцтай залуу А-гийн зүүн сугаруу цохичих шиг болсон. Гэтэл улаан цамцтай залуугийн гарт хутга харагдсан. Би босоод ирэх үед тэр А-гийн зүүн чихний дээд талд хутгалсан. Би тэр залуугийн гарнаас нь бариад авахад хутгаа алдсан. Энэ үед Н , Э нар татаж гаргасан...” гэсэн мэдүүлэг/хх 31-32-рт/,
Гэрч Г.Д-ийн мөрдөн байцаалтад мэдүүлсэн: “...З дэлгүүрээс гарч ирээд А-г шууд очоод багалзуурдсан. А урдаас нь түлхсэн. У Ш А бид нар зогсож байтал гэнэт хажуугаар З орж ирээд А-г цохичих шиг болсон. Тэнд байсан хүмүүс салгасан. Зүүн суганы ар хэсэгт 2 удаа хутгалсан шарх үүссэн, цус нь гоожоод байсан учир У шархыг цэвэрлэж боосон. Толгойноос нь цус гоожсон байсан...” гэсэн мэдүүлэг /хх 33-34-рт/,
Гэрч Д.Б-ын мөрдөн байцаалтад мэдүүлсэн: “...Д бид дэлгүүрээс гараад ирэхэд урд талын дарханы дэлгүүрээс А гараад ирсэн. З А-гийн хоолойруу гараараа түлхэж боосон. Д У бид гурав А , З нарыг салгасан. З буцаад эхнэрийнхээ дэлгүүрлүү явсан. А-гийн зүүн суганаас цус гоожсон байсан. Тэд нар З хутгалчихлаа гэж ярьж байсан. У ах гартаа тонгорог барьчихсан байсан. Би хутгыг нь цаасанд боо, гарын хээ чинь гарчихна гэж хэлсэн. Удалгүй цагдаа нар ирсэн...” гэсэн мэдүүлэг /хх 35-36-рт/,
Гэрч Х.Б-ын мөрдөн байцаалтад мэдүүлсэн: “...Манай хүү Д.А-г Э.З нь 3 удаа санаатайгаар хутгалсан хэрэг гарсан. Уг хэргийг би нүдээр үзэж хараагүй...” гэсэн мэдүүлэг/хх 41-42-рт/,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч, цагдаагийн ахлах дэслэгч Т.А-ын 2018 оны 04 сарын 02-ны өдрийн шүүх эмнэлэгийн үзлэг хийсэн акт №89 дугаартай “...1.Б.А-гийн биед зүүн суганы арын шугамд 2 ширхэг шарх, толгойн оройд шарх гэмтэл тогтоогдлоо.
2.Дээрх гэмтэл нь ир үзүүртэй үйлчлэлээр үүсгэгдэнэ. Шарх гэмтэл нь шинэ гэмтэл байна.
3. Цаашид энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.
4. Шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна..." гэсэн шинжээчийн дүгнэлт/хх 62-63-рт/,
Хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт/хх 3-5-рт/,
Хувцас, хутганд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт/хх 6-8-рт/,
Хохирлын баримт/хх 16-рт/,
Үнэлгээний дүгнэлт/хх 48-рт/ зэрэг хавтаст хэрэгт хуульд заасан журмын дагуу авагдаж, бэхжигдсэн улсын яллагчийн хүсэлтээр шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна гэж шүүх дүгнэлээ.
Шүүх хэргийн бүх ажиллагааг хянахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтууд энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар бүлэгт заасан үндэслэл журмын дагуу хийгдсэн, уг хэргийг хянан шийдвэрлэхэд шаардлагатай үйл баримтуудыг хангалттай цуглуулж тогтоосон, мөрдөн байцаалтын шатанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдохгүй байна гэж шүүх дүгнэлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар оролцогч нараас шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг явуулах болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 35.7 дугаар зүйлд заасны дагуу шүүхийн хэлэлцүүлэг явуулах дараалал тогтооход талуудаас шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлуулахаар шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах талаар оролцогч нар ямар нэгэн хүсэлт гаргаагүй болно.
Шүүхээс шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдлыг дүгнэхэд шүүгдэгч Э.З-ыг Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болохыг тогтоох үндэслэлтэй байна гэж дүгнэв.
2. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх.
Шүүгдэгч Э.З-ыг Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.З-д 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 /Зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэх үндэслэлтэй гэж дүгнэв.
Шүүхээс шүүгдэгч Э.З нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлоо нөхөн төлсөн зэрэг байдлыг Эрүүгийн хуулийн 6.5 дугаар зүйлийн 1.1, 1.2 дахь хэсгүүдэд зааснаар хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ харгалзаж үзэв. Харин Эрүүгийн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.
Энэ хэрэгт шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн нотлох баримт нь шүүх хуралдааны тэмдэглэлд тусгагдсан, хэрэгт талуудын хэлэлцүүлсэн нотлох баримтуудын жагсаалт хавсаргагдсан болон эд мөрийн баримтаар хураагдан ирсэн хар өнгийн хутга, хар өнгийн малгайтай цамц, пудволк, куртка зэргийг устгаж, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, хохирогчид хохирол төлөгдсөн, хохирогчоос нэхэмжилсэн хохиролгүй, шүүгдэгчийн хөрөнгийг битүүмжлээгүй, шүүгдэгчийн иргэний цахим үнэмлэх шүүхэд ирээгүй, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй зэргийг тус тус дурдах нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Бичигт овгийн Э-ын З-ыг Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болохыг тогтоосугай.
2. Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.З-ыг 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.З-д оногдуулсан 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 /Зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс сар бүр 300.000 /гурван зуун мянга/ төгрөгөөр хоёр сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй тохиолдолд шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солих болохыг шүүгдэгч Э.З-д танилцуулсугай.
5. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хар өнгийн хутга, хар өнгийн малгайтай цамц, пудволк, куртка зэргийг устгасугай.
6. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
7. Энэ хэрэгт шүүгдэгч цагдан хоригдоогүй, хохирогчид хохирол төлөгдсөн, хохирогчоос нэхэмжилсэн хохиролгүй, шүүгдэгчийн хөрөнгийг битүүмжлээгүй, шүүгдэгчийн иргэний цахим үнэмлэх шүүхэд ирээгүй, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй зэргийг тус тус дурдсугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 38.1 дүгээр зүйлд зааснаар шийтгэх тогтоолыг гардуулсан хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, түүний өмгөөлөгч, хохирогч нар Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.
10. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Д.САРАНТУЯА