| Шүүх | Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Цэрэнчимэд Мөнхтулга |
| Хэргийн индекс | 2408000001788 |
| Дугаар | 2025/ДШМ/281 |
| Огноо | 2025-02-27 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Э.Ууганзаяа |
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 02 сарын 27 өдөр
Дугаар 2025/ДШМ/281
2025 02 27 2025/ДШМ/281
П.Чид холбогдох
эрүүгийн хэргийн тухай
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Т.Өсөхбаяр даргалж, шүүгч М.Алдар, шүүгч Ц.Мөнхтулга нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
прокурор Э.Ууганзаяа,
шүүгдэгч П.Чийн өмгөөлөгч Ч.Мөнхбаяр, Г.Алтанчимэг
нарийн бичгийн дарга Э.Хишигтөмөр нарыг оролцуулан,
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Г.Алтанцэцэг даргалж хийсэн шүүх хуралдааны 2025 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 2025/ШЦТ/161 дүгээр шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгчийн өмгөөлөгч Ч.Мөнхбаярын гаргасан заалдах гомдлоор П.Чид холбогдох эрүүгийн 2408000001788 дугаартай хэргийг 2025 оны 02 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч, шүүгч Ц.Мөнхтулгын илтгэснээр хянан хэлэлцэв.
Боржигон овгийн П.Ч, 1982 оны 07 дугаар сарын 01-ний өдөр Өвөрхангай аймгийн Өлзийт суманд төрсөн, 42 настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, Автобус-3 баазад жолооч ажилтай, ам бүл 6, ээж, эхнэр, 3 хүүхдийн хамт ........................... тоотод оршин суух хаягийн бүртгэлтэй, /РД:....................../;
Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн ............................ дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2, 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 2 жил 2 сарын хугацаагаар хорих ял шийтгүүлж, Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 5 дугаар сарын 03-ны өдрийн 13 дугаартай шүүгчийн захирамжаар эдлээгүй үлдсэн 9 сар 3 хоногийн хорих ялаас хугацааны өмнө сулласан,
Шүүгдэгч П.Ч нь 2024 оны 10 дугаар сарын 23-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 26 дугаар хороо, Мандал Овоогийн 2-2 тоотод оршин суух П.Чгэрт байхдаа тухайн үед үүссэн үл ялих шалтгааны улмаас хохирогч Б.О маргалдаж, улмаар түүнийг зодож эрүүл мэндэд нь зүүн дээд, доод зовхины зөөлөн эдийн няцрал, цус хуралт, ухархайн дотор ханын хугарал, духны гол хэсэг, зулайн зүүн урд зах, баруун ар хэсэг, баруун чамархайн ар дээд хэсэгт шарх, духны зөөлөн эдийн няцрал, зүүн сарвууны ард цус хуралт гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас: П.Чийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч П.Чийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч П.Чид 800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800.000 төгрөгөөр торгох ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч П.Чид оногдуулсан торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч П.Ч нь дээрх хугацаанд торгох ялыг биелүүлээгүй тохиолдолд биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж, Иргэний хуулийн 228 дугаар зүйлийн 228.1, 228.4, 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар 4.148.000 төгрөгийг, Иргэний хуулийн 511 дүгээр зүйлийн 511.3 дахь хэсэгт зааснаар 4.620.000 төгрөгийг буюу нийт 8.768.000 төгрөгийг шүүгдэгч П.Чоос гаргуулан хохирогч Б.О олгож, хохирогч Б.Онь дутуу авсан цалин хөлс, олох байсан орлогоо нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар шүүгдэгч П.Чоос нэхэмжлэх эрхтэйг дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаас хураагдан ирсэн 1 ширхэг хуванцар савыг тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг эд мөрийн баримт устгах комисст даалгаж, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэжээ.
Шүүгдэгчийн өмгөөлөгч Ч.Мөнхбаяр давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...шийтгэх тогтоолын зарим буюу тогтоох хэсгийн 5 дахь хэсгийн гэм хорын төлбөрт 4.148.000 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “хүний эрүүл мэндэд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно” хэмээн хуульчилсан. Шүүгдэгч нь гэм буруу, зүйлчлэл дээр маргаагүй шууд бодитой учирсан хохирлыг баримтад үндэслэн барагдуулахаа илэрхийлж оролцсон. Хохирогч “DA VINCI plastic surgery clinic” эмнэлэгт нүүрэнд үүссэн сорвинуудыг арилгах мэс заслыг цаашид буюу ирээдүйд хийлгэхэд шаардлагатай 4.148.000 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилсэн бөгөөд шүүх бодит учраагүй хохирлыг гаргуулахаар шийдвэрлэсэн нь дээрх хуулийн зүйл, заалтад үндэслээгүй, шүүхийн шийдвэрийн тус хохиролтой холбоотой хэсэг нь хуульд нийцээгүй, хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болоогүй гэж үзэж байна. Харин хохирогч мэс заслаа хийлгэсний дараа баримтаа бүрдүүлэн иргэний шүүхэд хандан шийдвэрлүүлэх эрхийг нээлттэй үлдээх нь зүйтэй. Иймд шийтгэх тогтоолын зарим буюу тогтоох хэсгийн 5 дахь заалтад гэм хорын төлбөрт 4.148.000 төгрөгийг хэлэлцэхгүй орхиж, иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэл эрхийг нээлтэй үлдээж, шийдвэрт өөрчлөлт оруулж өгнө үү. ...” гэв.
Шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Алтанчимэг тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Өмгөөлөгч Ч.Мөнхбаярын гаргасан давж заалдах гомдлыг дэмжиж байна. Хохирогчийн нүүр, толгой хэсэгт учирсан сорвинуудад эмчилгээ хийлгэсний дараа нотлох баримтаа бүрдүүлж иргэнийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй гэж өмгөөлөгчийн зүгээс үзэж байна. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж 4.148.000 төгрөгийг иргэний журмаар нэхэмжлэх эрхийг нээлтэй үлдээж өгнө үү. ...” гэв.
Прокурор Э.Ууганзаяа тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Шүүгдэгчийн өмгөөлөгч нараас хохирол хор уршигтай холбоотой асуудлаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан. Анхан шатны шүүхээс хохирогчид нийт 7.868.000 төгрөгийг гаргуулахаар шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй. Шүүгдэгчийн өмгөөлөгчийн зүгээс “DA VINCI plastic surgery clinic” эмнэлэгт нүүрэнд үүссэн сорвинуудыг арилгах мэс заслын 4.148.000 төгрөг дээр маргаж байна. Хохирогч Б.О “DA VINCI plastic surgery clinic” эмнэлгийн 2024 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн албан бичигт уг баримт хохирогч Б.Оын дух, зүүн хөмсөг, хуухны гэмтлийн гаралтай сорив оношлогдсон. Анхан шатны шүүх хуралдаанд хохирогч Б.Омэс засалд орох төлбөрийг урчилсан байдлаар нотлох баримт гаргаж өгсөн. Анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлтэй байна. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлээж өгнө үү. ...” гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан шийдвэрлэхдээ шүүгдэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хянав.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж хязгаарласан болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн ноцтой зөрчил тогтоогдсонгүй.
Анхан шатны шүүх хэргийг эцэслэн хянан шийдвэрлэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “...хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана. ...” гэсэн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хэмжээ хязгаарт нийцсэн байна.
Шүүгдэгч П.Ч нь 2024 оны 10 дугаар сарын 23-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 26 дугаар хороо, Мандал Овоогийн 2-2 тоотод оршин суух П.Чгэрт байхдаа тухайн үед үүссэн үл ялих шалтгааны улмаас хохирогч Б.О маргалдаж, улмаар түүнийг зодож эрүүл мэндэд нь зүүн дээд, доод зовхины зөөлөн эдийн няцрал, цус хуралт, ухархайн дотор ханын хугарал, духны гол хэсэг, зулайн зүүн урд зах, баруун ар хэсэг, баруун чамархайн ар дээд хэсэгт шарх, духны зөөлөн эдийн няцрал, зүүн сарвууны ард цус хуралт гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь:
хохирогч Б.Оын “...унтаж байтал нэг хүн чанга дуугаар яриад байхаар нь чи хэн бэ гээд бид хоёр маргалдсан, тухайн залуу уурлаад ширээн дээр байсан хайруулын таваг аваад миний толгой хэсэг рүү 5-6 удаа цохисон. Миний толгой хэсэг гэмтсэн. Тэр үед намайг хайруулын төмөр тавгаар цохиж гэмтэл учруулсан атлаа яллагдагчаар мэдүүлэг өгөхдөө талхны хуванцар саваар цохисон гэж худал хэлж эд мөрийн баримтаар хураалгасан байна лээ. Би шүүгдэгчийн араас цохиогүй, тийм завдал болоогүй, шүүгдэгч бас худал хэлсэн байсан. Би гагнуурчин, сард ойролцоогоор 3.000.000 орчим төгрөгийн орлого олдог тул ажилгүй байсан хугацааны буюу 3 сараар тооцож 9.000.000 төгрөгийг, манай эхнэр Энхтүвшин нь ажлаас чөлөө авч намайг сахисан ба сард 2.500.000 төгрөгийн цалин авдаг тул уг мөнгийг, мөн сэтгэл санааны хохиролд 15.000.000 төгрөгийг, шүүгдэгчийн үйлдлээс шалтгаалж миний нүүр толгойд маш их сорви тогтсон тул сорви арилгах хагалгааны зардал болох 4.148.000 төгрөгийг тус тус нэхэмжилж байна. ...” /хх 5/,
гэрч П.Ч“...П.Ч орж ирээд бид хоёр ойр зуурын юм ярьж байтал Чимэддоржийн утсанд дуудлага ирээд найзтайгаа ярьж байхдаа хараал хэлээд чанга чанга яриад байсан. Тэр үед Очирбат сэрээд дүү П.Ч руу “чи одоо манай ахынд орж ирчхээд яагаад томроод байгаа юм, манай ахад томроод байгаа юм уу” гээд босоод ирсэн. Тэгээд тэр хоёр чи би дээрээ тулаад маргалдаж байгаад манай дүү П.Ч нь Очирбатын толгой хэсэг рүү нь 5-6 удаа жижиг хайруулын тавгаар цохиход Очирбат ухаан самуурч унаад өгсөн. Очирбат ухаан алдахаас өмнө “одоо болно хөгшөөн, зөндөө цус гараад байна, чи тийм сүрхий юм бол эмнэлэг дуудаад өгчих” гэж хэлээд ухаан алдсан. ...” /хх 38-39/,
шүүгдэгч П.Чийн яллагдагчаар өгсөн: “...Би гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Миний санаж байгаагаар хуванцар талхны сав байсан санагдаад байна. Надад ямар нэгэн санал байхгүй. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна. ...” /хх 29-30/ гэсэн мэдүүлгүүд,
Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2024 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 14077 дугаар “...Б.Оын зүүн дээд, доод зовхины зөөлөн эдийн няцрал, цус хуралт, ухархайн дотор ханын хугарал, духны гол хэсэг, зулайн зүүн урд зах, баруун ар хэсэг, баруун чамархайн ар дээд хэсэгт шарх, духны зөөлөн эдийн няцрал, зүүн сарвууны ард цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Эдгээр гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр, олон удаагийн үйлдлээр үүснэ. Дээрх гэмтлүүд нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-т зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо. Шинэ гэмтэл байх бөгөөд хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй. ...” /хх 14-15/ гэсэн дүгнэлт зэрэг мөрдөн байцаалтын явцад хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүхийн хэлэлцүүлгээр хянан хэлэлцсэн нотлох баримтуудаар нотлогдсон байна.
Хэрэгт авагдсан нотлох баримтууд нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлэгдсэн, хоорондоо зөрүүгүй, гэмт хэргийн үйл баримтыг тогтооход хангалттай байх ба анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэж заасны дагуу шүүх хуралдааны мэтгэлцээнд тэгш эрхтэй оролцох эрх бүхий яллах болон өмгөөлөх талуудыг оролцуулан, тэдний тайлбар, дүгнэлт, шинжлэн судалсан бичгийн нотлох баримтуудад үндэслэн хууль зүйн дүгнэлт хийжээ.
Шүүгдэгч П.Чийн тухайн үед үүссэн үл ялих шалтгааны улмаас хохирогч Б.О маргалдаж, улмаар түүнийг зодож эрүүл мэндэд нь зүүн дээд, доод зовхины зөөлөн эдийн няцрал, цус хуралт, ухархайн дотор ханын хугарал, духны гол хэсэг, зулайн зүүн урд зах, баруун ар хэсэг, баруун чамархайн ар дээд хэсэгт шарх, духны зөөлөн эдийн няцрал зүүн сарвууны ард цус хуралт гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “...Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан...” гэмт хэргийн шинжийг бүрэн агуулсан байна.
Анхан шатны шүүхээсП.Чийн үйлдсэн хэргийн үйл баримтын талаар хийсэн дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцсэн, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэжээ.
Гэмт хэрэг үйлдсэн хүнд оногдуулах ял нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “...Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, ...гэмт хэргээс урьдчилан сэргийлэхэд оршино...” гэсэн зорилгыг хангаж байх ёстой.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан торгох, нийтэд тустай ажил хийлгэх, зорчих эрх хязгаарлах ялуудаас П.Чид торгох ялыг сонгон, 800.0000 төгрөгөөр торгох ял оногдуулсан нь түүний хувийн байдалд тохирсон, Эрүүгийн хуульд заасан ялын цээрлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зорилгод нийцсэн байна гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.
Харин анхан шатны шүүх хохирогч Б.Оын гаргаж өгсөн “DA VINCI plastic surgey clinic“ эмнэлгийн “нүүрэнд үүссэн сорвыг арилгах мэс засал, шинжилгээ хийхэд шаардагдах зардал” гэсэн ганц тодорхойлолтыг үндэслэн шүүгдэгч П.Чоос 4.148.000 төгрөгийг гаргуулж шийдвэрлэсэн нь учир дутагдалтай байх тул шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж, хохирогчийн цаашид гарах гэм хорын хохирлоо баримтаа хангалттай бүрдүүлэн гэм буруутай этгээдээс иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэлээ.
Харин шүүгдэгч, түүний өмгөөлөгч нарын зүгээс хохирогчийн сэтгэцэд учирсан гэм хорын хохирол болох 4.620.000 төгрөгийг хүлээн зөвшөөрч, маргаагүй байх тул уг хохирлыг гаргуулсан хэсгийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж үзлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4 дэх заалтуудад заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 2025/ШЦТ/161 дүгээр шийтгэх тогтоолын:
тогтоох хэсгийн 5 дахь заалтыг “Иргэний хуулийн 228 дугаар зүйлийн 228.1, 228.4, 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар 4.148.000 төгрөгийг, Иргэний хуулийн 511 дүгээр зүйлийн 511.3 дахь хэсэгт зааснаар 4.620.000 төгрөгийг буюу нийт 8.768.000 төгрөгийг шүүгдэгч П.Чоос гаргуулан хохирогч Б.О олгож, хохирогч Б.Онь дутуу авсан цалин хөлс, олох байсан орлогоо нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар шүүгдэгч П.Чоос нэхэмжлэх эрхтэйг дурдсугай.” гэснийг “Иргэний хуулийн 511 дүгээр зүйлийн 511.3 дахь хэсэгт зааснаар 4.620.000 төгрөгийг шүүгдэгч П.Чоос гаргуулан хохирогч Б.О олгож, хохирогч Б.Онь бусад гэм хорын хохирлын талаарх нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхтэйг дурдсугай.” гэж өөрчилсүгэй.
2. Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн бусад заалтуудыг хэвээр үлдээж, шүүгдэгчийн өмгөөлөгч Ч.Мөнхбаярын гаргасан давж заалдах гомдлыг хүлээн авсугай.
3. Шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ,
ШҮҮГЧ Т.ӨСӨХБАЯР
ШҮҮГЧ М.АЛДАР
ШҮҮГЧ Ц.МӨНХТУЛГА