| Шүүх | Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Цэрэнчимэд Мөнхтулга |
| Хэргийн индекс | 2403004990629 |
| Дугаар | 2025/ДШМ/306 |
| Огноо | 2025-03-11 |
| Зүйл хэсэг | 27.10.1., |
| Улсын яллагч | Д.Агар |
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 03 сарын 11 өдөр
Дугаар 2025/ДШМ/306
2025 03 11 2025/ДШМ/306
А.Бт холбогдох
эрүүгийн хэргийн тухай
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Г.Есөн-Эрдэнэ даргалж, шүүгч Д.Очмандах, шүүгч Ц.Мөнхтулга нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
прокурор Д.Агар,
шүүгдэгч А.Б, түүний өмгөөлөгч Л.Ононбаяр,
нарийн бичгийн дарга Т.Мөнхтуяа нарыг оролцуулан,
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Батсайхан даргалж хийсэн шүүх хуралдааны 2024 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 2024/ШЦТ/1125 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгчийн өмгөөлөгч Л.Ононбаярын гаргасан заалдах гомдлоор А.Бт холбогдох эрүүгийн 2403004990629 дугаартай хэргийг 2025 оны 02 дугаар сарын 4-ний өдөр хүлээн авч, шүүгч Ц.Мөнхтулгын илтгэснээр хянан хэлэлцэв.
Боржигон овогт А.Б, 1966 оны 10 дугаар сарын 02-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 58 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, цахилгаанчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, хоёр хүүхдийн хамт ........................ тоотод оршин суух хаягийн бүртгэлтэй, /РД:................/;
Баянгол дүүргийн шүүхийн ........................ дугаар таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 39 дүгээр зүйлийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 30.000 төгрөгөөр торгох ял шийтгүүлсэн.
Шүүгдэгч А.Б нь 2024 оны 6 дугаар сарын 29-ний өдөр 21 цаг 48 минутын үед Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо, Нарны замын “Шинэ тэрэг” төвийн хойд замд “Ford” маркийн 96-60 УНУ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон, “Ford” маркийн 96-89 УАУ улсын дугаартай тээврийн хэрэгслийг чирч замын хөдөлгөөнд оролцохдоо Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.4-д заасан “Жолооч дараах үүргийг хүлээнэ: а/ энэ дүрмийн 4 дүгээр хавсралтад заасан эвдрэл, гэмтэл, техникийн зөрчилгүй байхаар тээврийн хэрэгслийнхээ бүрэн бүтэн байдлыг хангах, 4 дүгээр хавсралтын 5.3, “Гэрлийн бүрхүүл бохирдсон, хагарч цөмөрсөн, байхгүй болсон буюу бүрхүүл дээр өнгөт хальс наасан, гэрэл нь асахгүй, бүдэг асдаг болсон”, мөн дүрмийн 22.4-д заасан “Зөөлөн холбоогоор чирэх, чирүүлэх тээврийн хэрэгслүүдийн хоорондын зай 4м-6 м байх бөгөөд чирүүлэх тээврийн хэрэгслийн тоормосны систем, жолооны механизм,
дуут дохио бүрэн ажиллагаатай байвал зохино. Зөөлөн холбооны нэг метр тутамд 200х200 мм-ээс багагүй хэмжээний улаан дарцгийг унжуулж бэхэлсэн байх бөгөөд харанхуй үед дарцаг нь гэрэл ойлгох шинж чанартай байвал зохино.” гэх заалт болон 16.1-д заасан “Явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж, уг гарцаар гарч байгаа болон гарахаар завдаж байгаа явган зорчигчид зогсож зам тавьж өгнө” гэсэн заалтуудыг тус тус зөрчиж явган хүний зохицуулдаггүй гарцаар зам хөндлөн гарч байсан явган зорчигч Э.Быг мөргөж эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Тээврийн прокурорын газраас: А.Бийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч А.Бийг “Тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Бийг тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг 01 /нэг/ жилийн хугацаагаар хасаж, 01 /нэг/ жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Бт шүүхээс оногдуулсан байнга оршин суух Баянгол дүүргийн нутаг дэвсгэрээс гарахыг хориглож, шүүгдэгч зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол уг ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд анхааруулж, Шүүгдэгч А.Бт оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялын арга хэмжээний биелэлтэд хяналт тавихыг Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч А.Бийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 01 /нэг/ жилийн хугацаагаар хассан нэмэгдэл ялын хугацааг ял оногдуулсан үеэс эхлэн тоолж, тус хэрэгт хураагдан ирсэн эд мөрийн баримтгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч А.Б нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдаж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1, 511 дүгээр зүйлийн 511.3 дахь хэсэг, Улсын Дээд Шүүхийн 2023 оны 7 дугаар сарын 03-ны өдрийн 25 дугаартай тогтоолыг тус тус баримтлан шүүгдэгч А.Баас 10.928.131 төгрөгийг хохирол. сэтгэцэд учирсан хор уршигт тооцон гаргуулж хохирогч Э.Бод олгож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогч Э.Б нь цаашид гарах эмчилгээний зардал, олох байсан цалин хөлс, эмчилгээ үйлчилгээ авсан зардал эд зүйлийн үнэ зэргийн нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар шүүгдэгч А.Баас жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэжээ.
Шүүгдэгчийн өмгөөлөгч Л.Ононбаяр давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Миний үйлчлүүлэгч А.Б хэргийн бодит байдлыг бүрэн дүүрэн байгаагаар мэдүүлсэн /сигналдаад орилоод байхад хохирогч чихэвч зүүчихээд хээв нэг алхаж ирээд толинд шүргүүлсэн./ Байнга хяналтад байх шаардлагатай, үргэлж эмнэлэгт үзүүлж, нааш цааш нь зөөж явж байх шаардлагатай сэтгэцийн хүнд өвчтэй хүүхдээ ганцаар асардаг учир шүүхээс оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ял нь бодит байдалд нийцээгүй, ял хүндэдсэн гэж үзэж байна. Иймд А.Бт оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялыг 2700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2.700.000 төгрөгөөр торгох ял болгон өөрчилж өгнө үү.” гэв.
Шүүгдэгч А.Б тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Хэлэх тайлбар байхгүй.” гэв.
Прокурор Д.Агар тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий гарсан. Учир нь, ял хөнгөрүүлэх эсэх асуудал нь шүүхийн эрх хэмжээний асуудал байх. Улсын яллагчийн зүгээс анхан шатны шүүхийн хэлэлцүүлэгт 1 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялын санал тавихдаа түүний хувийн байдлыг харгалзан үзсэн. А.Б нь өрх толгойлсон эцэг гэдгээ хэлсэн боловч орлого олдог талаар баримт байхгүй байсан. Иймд шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна.” гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт тус тус зааснаар хэргийг хянан шийдвэрлэхдээ давж заалдах гомдолд дурдсан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.
Хэргийг хянахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн байдал тогтоогдоогүй болно.
Шүүгдэгч А.Б нь 2024 оны 6 дугаар сарын 29-ний өдөр 21 цаг 48 минутын үед Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо, Нарны замын “Шинэ тэрэг” төвийн хойд замд “Ford” маркийн 96-60 УНУ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон, “Ford” маркийн 96-89 УАУ улсын дугаартай тээврийн хэрэгслийг чирч замын хөдөлгөөнд оролцохдоо Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Замын хөдөлгөөний дүрмийн 3.4-д заасан “Жолооч дараах үүргийг хүлээнэ: а/ энэ дүрмийн 4 дүгээр хавсралтад заасан эвдрэл, гэмтэл, техникийн зөрчилгүй байхаар тээврийн хэрэгслийнхээ бүрэн бүтэн байдлыг хангах, 4 дүгээр хавсралтын 5.3, “Гэрлийн бүрхүүл бохирдсон, хагарч цөмөрсөн, байхгүй болсон буюу бүрхүүл дээр өнгөт хальс наасан, гэрэл нь асахгүй, бүдэг асдаг болсон”, мөн дүрмийн 22.4-д заасан “Зөөлөн холбоогоор чирэх, чирүүлэх тээврийн хэрэгслүүдийн хоорондын зай 4м-6 м байх бөгөөд чирүүлэх тээврийн хэрэгслийн тоормосны систем, жолооны механизм, дуут дохио бүрэн ажиллагаатай байвал зохино. Зөөлөн холбооны нэг метр тутамд 200х200 мм-ээс багагүй хэмжээний улаан дарцгийг унжуулж бэхэлсэн байх бөгөөд харанхуй үед дарцаг нь гэрэл ойлгох шинж чанартай байвал зохино.” гэх заалт болон 16.1-д заасан “Явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж, уг гарцаар гарч байгаа болон гарахаар завдаж байгаа явган зорчигчид зогсож зам тавьж өгнө” гэсэн заалтуудыг тус тус зөрчиж явган хүний зохицуулдаггүй гарцаар зам хөндлөн гарч байсан явган зорчигч Э.Быг мөргөж эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан болох нь:
хохирогч Э.Бын “...Би тухайн өдрийн 21 цаг өнгөрч байхад Шинэ тэрэг төвийн хойд замаар явган хүний зохицуулдаггүй гарцаар замын урдаас хойш чиглэлтэй зам хөндлөн гарахаар зорчих хэсэг рүү алхаад орсон. Тэгэхэд замын баруунаас зүүн тийш чиглэлтэй явж байсан 1 дүгээр эгнээний автомашинууд зогсож зам тавьж өгөхөөр нь би 2 дугаар эгнээ рүү алхаад ороход 1 автомашин зогсолгүй чигээрээ явсан. Би тэр машины араар нь гарахаар хөдөлгөөнөө үргэлжлүүлээд алхахад зогсолгүй машины баруун урд хэсгээрээ миний зүүн талаас мөргөсөн. Би автомашинд мөргүүлээд газарт шидэгдээд унасан. Ослын улмаас миний зүүн эгэмний яс хугарсан, нүдний ухархай ясанд хугаралтай, хацрын доод хэсгийн яс, хамрын яс олон тооны хугаралтай гэж дүгнэлт гарсан.” /хх 14-15/,
иргэний хариуцагч А.Б“Би 96-90 УНҮ улсын дугаартай машины эзэмшигч бөгөөд 2012 онд худалдан авч байсан. 96-89 УАУ улсын дугаартай машиныг 2023 оны 11 дүгээр сард худалдан авсан бөгөөд нэр дээрээ шилжүүлж амжаагүй байсан. Бусдад учирсан бодит хохирлыг төлж барагдуулна.” /хх 37-38/,
гэрч С.Л“Тухайн үед танил ах Батхуяг Ford маркийн 96-60 УНҮ улсын дугаартай автомашиныг жолоодоод, би мөн Ford маркийн 96-89 УАУ улсын дугаартай автомашинд суусан. Миний суусан автомашины мотор нь эвдэрсэн байсан тул А.Б ахын жолоодож явсан машинд чирүүлээд Улаанбаатар хот руу хөдөлсөн. Би автомашиндаа ганцаараа, Батхуяг ах мөн машинаа жолоодоод ганцаараа явсан. Ингээд орой 20 цаг өнгөрч байхад хот руу орж ирээд Шар хад руу машин засварын газар руу явж байсан. 21 цаг өнгөрч байхад Нарны замаар ертөнцийн зүгээр баруунаас зүүн тийш чиглэлтэй зорчих хэсгийн 2 дугаар эгнээгээр Их наяд төвийн нүхэн гарц өнгөрөөд төв замаараа явж байтал явган хүний зохицуулдаггүй гарц өнгөрсөн. Тэгэхэд чирч явж байсан машины хойгуур гарцаар гэнэт хүн алхаад гараад ирсэн. Би цонхоороо орилоод зүүн тийш дарахад машины баруун талын толь хэсгээр гарцаар гарч явсан хүнийг мөргөж цааш яваад зогссон. Миний жолоодож явсан автомашины аккумлятор нь суусан байсан болохоор дуут дохио ажиллаагүй, мөн аваарын гэрэл нь асаагүй байсан. Ослын дараа би болон урд чирч явж байсан машины жолооч А.Б ах машинаасаа бууж ирээд машинд мөргүүлсэн хүн дээр очиход эрэгтэй хүн доошоо хараад хэвтэж байсан. Толгой, нүүр хэсгээс нь цус гарч байсан. Удалгүй түргэний машин ирээд машинд мөргүүлсэн хүнийг үзээд аваад явсан. А.Б ах явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртож ирээд хурдаа хассан хэдий ч зогсох үйлдэл хийгээгүй чигээрээ явсан. Би гарцаар хүн гарч байгааг хараагүй. Тэгээд урд чирч явсан машины араас нь хүүхэд гараад ирсэн. Би тоормос гишгэсэн хэдий ч урд талын автомашинд чирэгдэж явсан болохоор миний сууж явсан автомашин зогсоогүй юм.” /хх 44-45/,
шүүгдэгч А.Бийн яллагдагчаар өгсөн: “...Би тухайн автомашиныг үл таних хүн гуйгаад жолооны ард суулгасан. Би чирч явсан автомашиныг Улаанбаатар хот руу засварт өгөхөөр авч ирсэн юм. Ингээд Улаанбаатар хот руу 21 цагийн үед орж ирээд Нарны замаар ертөнцийн зүгээр баруунаас зүүн тийш чиглэлтэй зорчих хэсгийн 2 дугаар эгнээгээр явж байсан бөгөөд би мөн 96-60 УНҮ дугаартай автомашинаа жолоодон, Ford маркийн 96-89 УАУ улсын дугаартай автомашинаа чирээд явж байсан. Ингээд хуучнаар Замын цагдаагийн урд хэсэгт явж байхад явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртож ирсэн. Тэр үед замын урдаас хойш чиглэлтэй гар утсаа барьчихсан, чихэвч зүүсэн эрэгтэй хүүхэд явган хүний зохицуулдаггүй гарцаар алхаж явсан. Би тэр хүүхдэд сигнал өгсөн. Би зогсох үйлдэл хийгээгүй. Учир нь машин чирч явсан болохоор тоормос гишгэхээр араас ирээд мөргөчих гээд байсан юм. Ингээд гарц хэсэг дээр би явган зорчигчид зам тавьж өгөлгүй өнгөрөөд явахад ард чирэгдэж байсан Ford маркийн автомашины баруун толь хэсэгт зам хөндлөн гарч явсан явган зорчигч мөргөгдөөд унасан. Би тэр хүүхдийг унахыг толиндоо хараад тоормосоо гишгээд машинаа зогсоосон. Би машинаас буугаад харахад хүүхэд явган хүний гарц хэсэг дээр хэвтэж байсан бөгөөд дух хэсгээс нь цус гарч байсан. Тэгэхэд хүүхдийн аав нь гээд хүн ирээд миний нүүр хэсэг рүү 1 удаа цохиж, хэл амаар доромжилсон. Тэр үед замын хажууд байсан хүмүүс дуудлага өгсөн.” /хх 108/ гэсэн мэдүүлгүүд,
Шүүхийн шинжилгээний ерөнхий газрын 2024 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн 8809 дүгээр “Э.Бын биед зүүн эгэм ясны далд хугарал, баруун хоншоор ясны урд, гадна ханын хугарал, баруун нүдний ухархайн доод ханын хугарал, хамар ясны хугарал, таславчийн мурийлт, дээд уруулд шарх, дух, баруун хацар, хамар, баруун сарвуу, зүүн өвдөгт зулгаралт, баруун хацар, шанаа, дээд уруулд зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.2.1-т зааснаар хохирлын хүндэвтэр зэрэг тогтоогдлоо. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх хугацаанд үүссэн байх боломжтой.” /хх 70-71/,
"Авто тээврийн үндэсний төв” ТӨҮГ-ын Баянзүрх техник хяналтын үзлэгийн төвийн 2024 оны 07 дугаар сарын 26-ны өдрийн 40670284 дүгээр “Уг авто тээврийн хэрэгслийн баруун зүүн гар талын хол ойрын гэрлийн тусгалын чадал стандартын шаардлага хангахгүй, зогсоолын тоормос ажиллахгүй, баруун зүүн гар талын дохионы гэрэл ажиллахгүй, тоормосны гэрэл асахгүй, хойд дохионы гэрэл ажиллахгүй. баруун гар талын гишгүүр байхгүй байгаа нь авто тээврийн хэрэгсэлд тавигдах стандартын шаардлагыг хангахгүй байна.” /хх 84-88/ гэсэн дүгнэлтүүд,
зам тээврийн осол, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, хэмжилтийн бүдүүвч болон гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх 5-10/, жолоочийн согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхийг шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх 11/, мөрдөгчийн магадалгаа /хх 92-93/ зэрэг хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн, шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.
Хэрэгт нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээрийг үндэслэн шүүгдэгч А.Бийн автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчиж, хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулах буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсон анхан шатны шүүхийн дүгнэлт хэргийн бодит байдалтай нийцсэн, зүйлчлэл тохирсон байна.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн тохиолдолд дөрвөн зуун тавин нэгжээс таван мянга дөрвөн зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас нэг жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэхээр зохицуулсан бөгөөд шүүхээс А.Бийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, хувийн байдлыг харгалзан үзэж, түүнд тухайн зүйл, хэсэгт заасан 1 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж шийдвэрлэснийг өөрчлөх, эсхүл буруутган дүгнэх хууль зүйн үндэслэл тогтоогдоогүйгээс гадна, Эрүүгийн хуулийн гэмт хэрэг үйлдсэн этгээдийг хүмүүжүүлэх зорилгод оногдуулсан ялын төрөл, хэмжээ нийцсэн байна гэж дүгнэв.
Шүүгдэгчийн өмгөөлөгч Л.Ононбаяр “сэтгэцийн хүнд өвчтэй хүүхдээ ганцаар асрамжилдаг дээрх нөхцөл байдлыг харгалзан зорчих эрхийг хязгаарлах ялыг торгох ял болгон өөрчилж өгнө үү” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдол гаргажээ.
Мөрдөн шалгах ажиллагааны үед цугларсан нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн дүүрэн бодитойгоор шинжлэн судалсны эцэст гэмт хэрэг үйлдсэн, гэм буруутай нь тогтоогдсон шүүгдэгчид Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлд заасан эрүүгийн хариуцлагын зорилгыг хангахуйц, мөн хуулиар тогтоосон төрөл, хэмжээний ялыг оногдуулах нь шүүхийн бүрэн эрх байдаг.
Гэмт хэрэг үйлдсэн хүнд хүлээлгэж байгаа төрийн цээрлэл нь түүнд оногдуулсан ялаар дамжин хэрэгждэг бөгөөд эрүүгийн хариуцлага нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн хэм хэмжээнд нийцэж, мөн хуулийн тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор байхын зэрэгцээ оногдуулж байгаа ялын төрөл, хэмжээ нь гэмт хэргийн шинж, хохирол, хор уршгийн хэмжээ, хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал болон гэмт хэрэгтний хувийн байдалтай тохирч, бодит байдлаар бүрэн хэрэгжих, биелэгдэх боломжтой байснаар Эрүүгийн хуулийн шударга ёсны зарчмыг хангадаг.
Гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх нь эрүүгийн хариуцлагын нэг зорилго бөгөөд ялын цээрлэл нь гэмт хэрэг үйлдсэн хүний аливаа эрхийг хязгаарлах байдлаар хэрэгждэг тул үйлдсэн хэрэгтээ гэмшиж, улмаар хүмүүжих гэсэн эрмэлзлийг төрүүлдэг ач холбогдолтой. Иймээс ч шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хэн нэгний хүсэл зоригт нийцүүлэх шаардлагагүй болно.
Шүүгдэгчийн өмгөөлөгч Л.Ононбаяр давж заалдах гомдолдоо сэтгэцийн хүнд өвчтэй, нааш цааш зөөж явах шаардлагатай хүүхдээ ганцаар асардаг гэх боловч шүүгдэгч А.Б нь эрхэлсэн тодорхой ажилгүй, мөн торгох ялыг төлөх ямар нэгэн орлоготой эсэх, эсхүл төлбөр төлөх чадамжтай талаарх нөхцөл байдал тодорхойгүй байх тул анхан шатны шүүхээс сонгон оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ял нь шүүгдэгч А.Бийн үйлдсэн гэмт хэргийн шинж, хохирол, хор уршгийн хэмжээ, гэм буруу, хувийн байдалтай тохирсон гэж үзэв.
Иймд Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 2024/ШЦТ/1125 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгчийн өмгөөлөгч Л.Ононбаярын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгохоор давж заалдах шатны шүүх шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 2024/ШЦТ/1125 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгчийн өмгөөлөгч Л.Ононбаярын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.
2. Анхан болон давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.
ДАРГАЛАГЧ,
ШҮҮГЧ Г.ЕСӨН-ЭРДЭНЭ
ШҮҮГЧ Д.ОЧМАНДАХ
ШҮҮГЧ Ц.МӨНХТУЛГА