Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2018 оны 08 сарын 02 өдөр

Дугаар 73

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Говь-Алтай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг  Ерөнхий шүүгч Д.Сарантуяа даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ө.Халиунаа,

Улсын яллагч Д.Ариунжаргал,

Шүүгдэгч Ж.Н-ны өмгөөлөгч Ж.Дорждэрэм,

Шүүгдэгч Д.Б-ын өмгөөлөгч М.Энхзаяа,

       Шүүгдэгч Ж.Н , Д.Б  нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Говь-Алтай аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Ж.Н , Д.Б нарт холбогдох эрүүгийн 1816001370064 дугаартай хэргийг 2018 оны 08 дугаар сарын 01-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн нарын байцаалт:

1. Монгол Улсын иргэн, Говь-Алтай аймгийн Тонхил сумын харьяат, *** оны 03 дугаар сарын 26-ны өдөр төрсөн, 39 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл 5, эхнэр 3 хүүхдийн хамт Говь-Алтай аймгийн ............ сумын 3-р баг, ....... багт оршин суух, өмнө нь ял шийтгэл эдэлж байгаагүй, төрөөс авсан гавьяа шагналгүй, ........... регистрийн дугаартай, *** овогт Д-гийн Б .

2. Монгол Улсын иргэн, Говь-Алтай аймгийн Тонхил сумын харьяат, *** оны 11 дүгээр сарын 15-ны өдөр төрсөн, 56 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл 1, ганцаараа Говь-Алтай аймгийн ............. сумын 2-р баг ...........багт оршин суух, өмнө нь ял шийтгэл эдэлж байгаагүй, төрөөс авсан гавьяа шагналгүй, ......... регистрийн дугаартай, *** овогт Ж-ийн Н.

Холбогдсон хэргийн талаар: Шүүгдэгч Ж.Н , Д.Б  нар нь 2018 оны 05 дугаар сарын 29-ний шөнө Говь-Алтай аймгийн Тонхил сумын төвд хоорондоо зодолдож харилцан бие биедээ эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогдож Говь-Алтай аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлжээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Шүүгдэгчийг гэм буруутайд тооцох:

Шүүх хуралдаанаар тогтоогдсон шүүгдэгч Ж.Н , Д.Б  нар нь 2018 оны 05 дугаар сарын 29-ний шөнө Говь-Алтай аймгийн Тонхил сумын төвд хоорондоо зодолдож харилцан бие биедээ эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан нөхцөл байдал нь хүний эрүүл мэндэд хохирол учруулсан шинжээрээ Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг мөн байна гэж шүүх дүгнэлээ.

Тухайн гэмт хэргийг шүүгдэгч  Ж.Н , Д.Б  нар үйлдсэн гэм буруутай болох нь:

Шүүгдэгч Б.Б-ын шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэг өгөхийг зөвшөөрч байна гээд мэдүүлсэн: “...5 дугаар сарын 29-ний орой гэрийнхээ гадаа ирэхэд Ж.Н  манайхаас гараад явж байсан. Би тархийг нь хагалсан үнэн. Гэмшиж байна... Манай эхнэр энэ хүнтэй 2, 3 жил явалдаж байгаа. Миний уур хүрээд тархийг нь хагалсан... Ноднин гэрээсээ яваад хавар ирсэн. Тэгээд машинтайгаа сар гаруй сувай малаа хариулж байгаад Тонхилын голд аваачсан... Чулуу аваад шидсэн чинь буцаж ирээд тархи хагалчихлаа гээд зодсон... Цээжээр хөндүүрлээд тархиар хатгаад болохгүй эмнэлэгт хэвтсэн... Хэвийн байдалдаа ороогүй. Хэрүүл уруултай хэцүү байна. Цаашдаа хамт амьдарна гэхэд хэцүү байна... Намайг хот явахад мал нь байсан. Тэгээд малыг нь өгчихсөн байхад манайхаар ирээд байхаар нь уур хүрсэн... Бүр өөрөө зөвшөөрсөн. Сүүлдээ намайг хөөж туугаад гэртээ оруулахаа больсон. Урд нь Ж.Н  шөнө ирээд зодоод болохгүй байхаар нь хот явсан... Манай хүүхдийн уурлаад байдаг нь ямаа самнаад 7, 8 сая төгрөг авч хэрэглэлээ гээд байдаг. Би огт юм хэлэхгүй байхад намайг хөөж туугаад миний уур хүрээд болохгүй байна... Дахиж зодолдохгүй гэмшиж байна... Миний амьдрал руу та битгий орооч гэж хэлье...” гэсэн мэдүүлэг,

Шүүгдэгч Ж.Н-ны шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэг өгөхийг зөвшөөрч байна гээд мэдүүлсэн: “..05 сарын 29-ний шөнө тийм зүйл болсон. Өдөр эхнэр нь ирсэн. Ээжийнхээ гэрийг барьж өгөх гээд дүүтэйгээ хөдөө явсан. Тэгээд орой 10, 11 цагийн үед ирсэн. Хонь руугаа явдаг юм уу орой болчихлоо гээд тийм зүйл болж байгаад би гэр рүүгээ явсан. Тэгтэл гэрийн гадаанаас чулуу аваад атгасан чулуугаараа толгой руу цохихоор нь яагаад чулуу шидээд байгаа юм гэхэд үсдээд авсан. Хоёр гурав гараараа цохиод 2, 3 өшиглөсөн. Тэгээд болиод салсан... 2017 оны хавар ах дүү нартайгаа явж байгаад ирсэн. Манай малыг маллаж байсан. Тэгээд би энэ хоёрыг малаа төллүүлчих гэсэн чинь та очихгүй бол болохгүй нь гээд очсон. Тэгтэл энэ хүн эхнэр хүүхдээ хөөгөөд тэр шөнө гарч харайгаад чулуу атгаж орж ирээд байсан. Тэгэхээр нь болиоч чи гэж хэлээд гаргаж хаясан. Тэгээд ширээ өшиглөсөн. Тэгэхээр нь 2 алгадсан... Тарнитай архи уусан байсан. Тэр орой нь цагдаа дуудъя гэсэн хоёр мотоцикль гэрэл байхгүй байсан. Өглөө нь цагдаад хэлнэ гэсэн уучлаарай гээд өнгөрсөн... Гэм буруугаа хүлээгээд гэмшиж байна... Гэмшиж байна ... Гэм буруугаа хүлээж, гэмшиж байна гэж хэлье...” гэсэн мэдүүлэг,

Шүүгдэгч Б.Б-ын мөрдөн байцаалтад мэдүүлсэн: “...2018 оны 05 сарын 29-ний орой шөнийн 01 цагийн үед Тонхилын голоос мал дээрээ Н-ын хамт машинтайгаа сумын төв орж гэрийнхээ гадаа иртэл манай гэрээс Нохойцагаан гараад хашааруугаа алхаж байхаар нь Н луу чулуу аваад шидсэн тэгэхэд толгой хагалчихлаа гэж ирээд намайг зодсон...” гэсэн мэдүүлэг /хх 17-18-рт/,

Шүүгдэгч Ж.Н-ны мөрдөн байцаалтад мэдүүлсэн: “...2018 оны 05 сарын 29-ний өдөр би сумын төв дээр гэртээ байж байтал Б-ын авгай О  хөдөөнөөс ирлээ гээд манайд орж ирсэн. Тэгээд ээжийнхээ гэрийг барихаар хөдөө яваад орой 23 цагийн үед дүү Д-гийн хамт ирээд авдар сав багтсангүй гээр хүрээд ирсэн. Тэгээд би Б-ынд орж эхнэр О  дүү Д нартай жаахан юм ярьж сууж байгаад шөнийн 01 цагийн үед тэр 2 буцаад хөдөө явлаа гээд бид 3 гарсан. Манайх хамар хашаанд нь байдаг болохоор би хашааруугаа гэртээ орох гээд бид 3 гарсан. Манайх хамар хашаанд нь байдаг болохоор би хашааруугаа гэртээ орох гээд явж байтал Б  хашааны гаднаас орж ирээд мэндийн зөрүүгүй над руу чулуу аваад шидсэн. Тэгээд яаж байгаан бэ гэхэд Б  харайж ирээд гартаа атгасан чулуугаар толгой руу цохисон тэгээд миний тархи хагарсан намайг үсдээд авсан тэгээд би Б-тай ноцолдож тэр дор нь газар унагааж гараараа хэд хэд цохиж өшиглөсөн...” гэсэн мэдүүлэг/хх 20-21-рт/,

Гэрч Р.Д-гийн мөрдөн байцаалтад мэдүүлсэн: “...Сүүлд 2-3 хоногийн дараа хүү чинь аймаг руу явсан гэж гуанзны авгай Д  надад хэлсэн. Тэгээд Батбаяртай өөртэй нь утсаар ярьхад аймгийн эмнэлэгт Н-нд зодуулаад хэвтэж байна гэхээр нь мэдсэн...” гэсэн мэдүүлэг/хх 22-23-рт/,

Гэрч Б.У-ын мөрдөн байцаалтад мэдүүлсэн: “...Их эмч Б  тэр өдрийн ээлжтэй байсан. Тухайн үед байгаагүй. Эмч Б-луу ярьсан чинь хүнд биш хөнгөн зэргийн гэмтэлтэй байвал анхны тусламжийг нь үзүүлээд маргааш өглөө хүрээд ир гэж хэлүүлсэн. Тэгээд үзээд Н  гэдэг хүний тархи нь хагарсан байсныг цэвэрлээд боолт хийж өгсөн. Д.Б-рын баруун талын мөр хэсгийн булчин нь чангарсан, баруун хавирга нь хөндүүр байна гэсэн өвчин намдаах эм уухуу гэхэд манай гэрт өвчин намдаах эм байгаа гээд маргааш үзүүлэе гээд явсан. Ж.Н  гэдэг хүний толгойн дагз хойт хэсэгтээ 2 газар хагарсан цус болсон байсныг цэвэрлэж боолж хийж өгсөн. Өөр шарх сорви харагдаагүй толгой өвдөж байна гэж байсан. Д.Б  нь баруун талын хавирга нь хөхөрсөн хөндүүр өвчтэй байсан...” гэсэн мэдүүлэг/хх 28-29-рт/,

Гэрч Г.О-ын мөрдөн байцаалтад мэдүүлсэн: “...Тэгтэл манай охин хаалгаар шагайгаад ээж аав ирж байна гэчээд гараад харайсан тэгтэл гадаа улсууд орилолдоод унасан. Тэгээд би тэрлэгээ өмсөөд гараад очтол Б  Н-ны доор орчихсон ноцолдоод хэвтэж байсан тэгэхээр нь би очоод Н-ны захнаас татаад та нар болиоч гэхэд миний гар цус болсон байсан. Н-хыг та энэ хүмүүсийг салгаач эрэгтэй хүн байж гэсэн чинь чи өөрөө салгахгүй юу гээд зогсож байсан. Тэгж байтал манай дүү Б хашааны гаднаас орж ирээд тэр хоёрыг салгасан.Тэгээд Б  нь газар хэвтээд байсан. Н цагдаа дууд гэсэн. Н бид 2 сумын цагдаагийн хэсэг дээр ирэхэд цагдаа байхгүй аймаг руу ажлаар явсан байсан. Эргэж очоод Б-ыг босгож гэртээ оруулсан...” гэсэн мэдүүлэг/хх 30-31-рт/,

Гэрч Г.Б-ийн мөрдөн байцаалтад мэдүүлсэн: “... 2018 оны 05 сарын 29-ний өдөр ээжийн гэрийг нүүлгэж өгөөд орой 20 цагийн үед Г.О  эгчийн хамт сум дээр гэрт нь ирээд гэрээс нь юм авна гээд байж байгаад шөнийн 01 цагийн үед би машинаас асаах гээд аккумляторын келемний утас сул байхаар нь боох гээд байж байтал нэг жижиг машин ирээд зогссон. Тэгээд хүргэн ах Д.Б  хашаа руугаа орж байгаа харагдсан араас нь М дагаад орсон тэгээд том том дуугарцгаагаад байсан би хоорондоо хэрэлдэж байгаан байлгүй гэж бодсон тэгээд хашаа руу яваад ортол Ж.Н чи миний тархийг хагалчихлаа гээд Б-тай зууралдаад байж байсан. Тэгээд та 2 боль харанхуй шөнө гээд Б , Н  нарыг салгасан...” гэсэн  мэдүүлэг/хх 32-33-рт/,

Гэрч О.Н-ын мөрдөн байцаалтад мэдүүлсэн: “...Д.Б-ын сувиа мал нь хөдөө манай дээр байдаг байсан юм. 2018 оны 05 дугаар сарын 29-ний өдөр хөдөө гэрээсээ Д.Б-ын хонийг туулцаж Б-нд очсон юм тэр өдөр эхнэр О  нь байхгүй ээжийнхээ гэрийг нүүлгэх гээд явсан байсан. Тэгээд Б  бид 2 хөдөө байж байгаад шөнийн 00 цаг өнгөрч байхад Б  намайг сум орж хоол идье гээд бид 2 сумын төв явсан. Би машин дотор ороод унтаад өгсөн. Сэрээд хартал сумын төв дээр Б-ын хашааны гадаа ирсэн зогсож байсан. Тэгээд би машинаас буугаад Б-ын хашаа руу ортол Д.Б , Ж.Н-ны доор нь орсон ноцолдоод хэвтэж байсан. Хажууд нь Д , О нар харж байсан. Тэгээд бид 3 салгаж босгоод хартал Ж.Н , Д.Б  2 цус нөжтэйгээ хутгалдсан байсан. Тэгээд бид хэд сумын цагдаа ороход цагдаа нар шалгалттай аймаг руу ажлаар явсан байсан...” гэсэн мэдүүлэг/хх 34-35-рт/,

Гэрч Ш.Х-ын мөрдөн байцаалтад мэдүүлсэн: “...Н-ны танина. Бага боловсролтой байх, ааш зан сайтай хүнд тусархуу хүн байгаа юм. Архи дарс хэрэглэдэггүй хүн байгаа юм. Тамхи их татна. Архи уусан байхыг хараагүй...” гэсэн мэдүүлэг/хх 38-39-рт/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч, цагдаагийн ахмад Д.Д-гийн 2018 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн Шүүх эмнэлгийн үзлэг хийсэн акт №151 дугаартай “...1.Иргэн Н-ны биед толгойн дагз хэсэгт шарх гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр тогтоогдлоо.

3. Цаашид энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.

4. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

5. Шинжилгээний явцад шинээр ямар нэгэн нөхцөл байдал илэрсэнгүй...” гэсэн шинжээчийн дүгнэлт/хх 41-42-рт/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч, цагдаагийн ахмад Д.Д-гийн 2018 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн Шүүх эмнэлгийн үзлэг хийсэн акт №150 дугаартай “...1.Иргэн Д.Б-ын биед тархины доргилт, цээжний зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрхи гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүснэ.

3. Цаашид энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.

4.Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

5. Шинжилгээний явцад шинээр ямар нэгэн нөхцөл байдал илэрсэнгүй...” гэсэн шинжээчийн дүгнэлт/хх 44-45-рт/,

Шүүгдэгч Ж.Н-ны мөрдөн байцаалтад яллагдагчаар мэдүүлсэн: “...Урд өмнө би гэрч хохирогчоор болсон явдлын талаар үнэн зөв мэдүүлэг өгсөн байгаа надад түүн дээр нэмж ярих зүйл байхгүй. Би хийсэн хэрэгтээ гэмшиж байна...Зодоон хийсэндээ гэмшиж, гэм буруугаа хүлээж байна...” гэсэн мэдүүлэг/хх 55-56-рт/,

Говь-Алтай аймгийн Тонхил сумын 4-р багийн Засаг даргын 2018 оны 07 дугаар сарын 20-ны 104 тоот тодорхойлолт/хх 71-рт/,

Шүүгдэгч нарын ял шалгах хуудас/хх 77-78-рт/ зэрэг хавтаст хэрэгт хуульд заасан журмын дагуу авагдаж, бэхжигдсэн улсын яллагч, шүүгдэгч нарын өмгөөлөгч нарын хүсэлтээр шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна гэж шүүх дүгнэв.

 Шүүх хэргийн бүх ажиллагааг хянахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтын ажиллагааны явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдохгүй байна.

Иймд шүүх шүүгдэгч  Д.Б , Ж.Н  нарыг хүний эрүүл мэндэд хөнгөн учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болохыг тогтоох үндэслэлтэй байна гэж дүгнэлээ.

 Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлд зааснаар аймгийн Прокурорын газраас шүүгдэгчид холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  33.1 дүгээр зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар оролцогч нараас шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг явуулах хүсэлт гаргаагүй болно.

2. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх:

Шүүх шүүгдэгч Д.Б ,  Ж.Н  нарыг хүний эрүүл мэндэд хөнгөн учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болохыг тогтоож, Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн  1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Б , Ж.Н  нарыг тус бүрийг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял шийтгэж,Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч тус бүрт оногдуулсан 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш сар бүр 225.000 төгрөгөөр 2 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.

Прокурор хэргийн зүйлчлэл, түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээний талаарх саналаа гаргасан бөгөөд шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ж.Н-ны өмгөөлөгч Ж.Дорждэрэм “...эрх хэмжээнийхээ хүрээнд доод хэмжээгээр торгох ял оногдуулж өгнө үү...”, шүүгдэгч Д.Б-ын өмгөөлөгч М.Энхзаяа “..ялын доод хэмжээнээс доогуур торгох ялыг оногдуулж өгнө үү...” хүсэлтийг тус тус гаргасан тул шүүхээс шүүгдэгч нарын өмгөөлөгчийн дээрхи хүсэлт болон улсын яллагчийн гаргасан саналыг харгалзан шүүгдэгч нарт хуульд заасан торгох ялын доод хэмжээний ял оногдуулж шийдвэрлэв.

Шүүгдэгч Ж.Н , Д.Б  нар нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлыг улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдсэний дараа гэм буруугаа хүлээн зөвшөөрч учруулсан хохирлоо нөхөн төлсөн буюу хохирогч нар нь харилцан тохиролцож нэхэмжлэх зүйл, гомдол саналгүй гэснийг  Эрүүгийн хуулийн 6.5 дугаар зүйлийн 1.1, 1.2 дахь хэсэгт зааснаар хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож ял оногдуулахдаа харгалзаж үзсэн бөгөөд харин шүүгдэгч нарын үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Энэ хэрэгт шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн нотлох баримт нь шүүх хуралдааны тэмдэглэлд тусгагдсан, хэрэгт талуудын хэлэлцүүлсэн нотлох баримтуудын жагсаалт хавсаргагдсан болон шүүгдэгч нар цагдан хоригдоогүй, төлөх төлбөргүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны шүүгдэгч нараас гаргуулах зардалгүй, эд мөрийн баримтгүй, хөрөнгө битүүмжлээгүй, шүүгдэгч нарын цахим үнэмлэх шүүхэд ирээгүй зэргийг дурьдах нь зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 17.5 дугаар зүйлийн 9 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Олхон овгийн Д-гийн Б , Хайтал овгийн Ж-ийн Н нарыг хүний эрүүл мэндэд хөнгөн учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болохыг тогтоосугай.

2. Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн  1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Б , Ж.Н  нарыг тус бүрийг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч тус бүрт оногдуулсан 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш сар бүр 225.000 төгрөгөөр 2 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч нар нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч Д.Б , Ж.Н  нарт танилцуулсугай.

6. Энэ хэрэгт шүүгдэгч нар цагдан хоригдоогүй, төлөх төлбөргүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны шүүгдэгч нараас гаргуулах зардалгүй, эд мөрийн баримтгүй, хөрөнгө битүүмжлээгүй, шүүгдэгч нарын цахим үнэмлэх шүүхэд ирээгүй зэргийг тус тус дурдсугай.

7. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.Б , Ж.Н  нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг танилцуулан сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг шүүгдэгч, тэдгээрийн өмгөөлөгч шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тайлбарласугай.

10. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй. 

 

 

 

 

  ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                              Д.САРАНТУЯА