2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр

2025 оны 10 сарын 08 өдөр

Дугаар 192/ШШ2025/08081

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч А.Энхжаргал даргалж, тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Баянзүрх дүүрэг,   тоот хаягт оршин суух, Т овогт Л Х /РД: /-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Сонгинохайрхан дүүрэг,   тоот хаягт оршин суух, М П /РД: /-д холбогдох,

 

Хууль ёсны өвлөгчөөр тогтоолгох тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.У, Х.Э, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Хулан нар оролцов.

(Хариуцагч шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй бөгөөд нэхэмжлэгчийн хүсэлтээр түүний эзгүйд хэргийг хянан хэлэлцэв.)

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

1. Нэхэмжлэгч Л.Х нь хариуцагч М.Пд холбогдуулан хууль ёсны өвлөгчөөр тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

Нэхэмжлэлийн үндэслэлээ дараах байдлаар тайлбарласан. Үүнд:

1.1 “Монгол Улсын иргэн Л.Х анхны хань болох Юын Отой 1965 онд анх танилцаж энэ үеэс эхлэн гэр бүл болсон. Тэдний дундаас том охин Х.Э 1968 онд, дунд хүү Х.Б 1969 онд, бага хүү О.Б1974 онд төрсөн. Анхны хань нь 1974 онд өвчний улмаас насан эцэслэсэн байдаг. Л.Х нь бага насны 3 хүүхэдтэйгээ хоёр дахь хань болон С йн Б1978 онд ханилан нийлж нэг гэрт орж хамтран амьдарч эхэлсэн. Хань С.Бнь 2007 онд цус харваж эхнэрийнхээ болон хүүхдүүдийнхээ асаргаанд орж 2009 оны 12 сарын 26-ны өдөр өвчний улмаас насан эцэслэсэн. Талийгаач С.Б, нэхэмжлэгч Л.Х нар нь хуулийн дагуу гэрлэлтээ бүртгүүлээгүй ч 1978 оноос 2009 оны 12 сарын 26-ны өдрийг хүртэлх хугацаанд хамтран амьдарсан. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 101/ШШ2024/04472 дугаар шийдвэрээр “Тугчин овогтой Лувсанцэрэнгийн Хг 1978 оноос 2009 оны 12 дугаар сарын 26-ны өдрийг хүртэлх хугацаанд А овогт С Бтэй гэр бүлээ бүртгүүлэхгүй хамтын амьдралтай байсан болохыг тогтоож шийдвэрлэсэн. Нэхэмжлэгч Л.Х нь 1993 оноос эхлэн Баянзүрх дүүргийн 9 дүгээр хороо /хуучнаар 17 дугаар хороо/ эмнэлгийн * тоот хаягт одог хүртэл амьдарч байна. Уг газар нь 508 м.кв талбайтай бөгөөд талийгаач хань нь 2008 оны 8 дугаар сарын 21-ний өдөр газраа эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн газарт гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар бэртүүлэхдээ 5 хүний дундын өмчлөлийн хөрөнгөөр бүртгүүлсэн. Тодруулбал, талийгаач С.Б өөрийгөө, мөн эхнэр Л.Х, охин Х.Э, хүү О.Б, Х.Бийн төрсөн хүү Б.А нарын дундын өмчлөлд бүртгүүлсэн. Талийгаач, нэхэмжлэгч хоёрын дундаас төрсөн болон бусдаас үрчлэн авсан хүүхэдгүй, талийгаач нь төрсөн болон үрчлэн авсан үр хүүхэдгүй нэхэмжлэгчтэй ханилан сууж амьдарсан. Талийгаач, нэхэмжлэгч нар нь гэр бүл болсон хэдий ч гэрлэлтээ бүртгүүлж, гэрлэлтийн гэрчилгээ аваагүй, уламжлалт зан заншлаар хурим найраа хийж, эхнэр нөхөр болж хамт амьдарсан түүхтэй. Ханийгаа бурхан болсны дараа тэдний хамтран өмчилдөг Баянзүрх дүүрэг, 9 хороо, * тоот хаягт байрлах гэр бүлийн хэрэгцээний зориулалттай 508 м.кв талбайтай газрын өмчлөх эрхээс талийгаачийн өмчлөх эрхийг нэхэмжлэгч өөрийн өмчлөлд өвлөхөөр нийслэлийн тойргийн нотариатад амаар хандахад хууль ёсны эхнэр нь биш байна гэдэг үндэслэлээр өвлөх эрхийн гэрчилгээ олгох боломжгүй хэмээн амаар татгалзсан хариу өгдөг. Баянзүрх дүүргийн Эд хөрөнгийн бүртгэлийн газар болон Баянзүрх дүүргийн Газар зохион байгуулалтын албанд хандахад хамтын амьдралтай байсныг шүүхээр тогтоогоод, уг шийдвэрийг үндэслэж нотариатчаар өвлөх эрхийг гэрчилгээ нээгээд хүрээд ирэхийг зөвлөсөн. Ингээд нэхэмжлэгч нь талийгаачтай хамтын амьдралтай байснаа шүүх тогтоолгосон хэдий боловч Нийслэлийн Тойргийн нотариатын зүгээс Иргэний хуулийн 520 дугаар зүйлд заасан хууль ёсны өвлөгч гэж үзэх боломжгүй тул өвлөх эрхийн гэрчилгээ гаргаж өгөхөөс амаар дахин татгалзсан. Нас өндөр гарсан нэхэмжлэгч нь төрийн байгууллагаар олон удаа энэ асуудлаар явсан ч Эд хөрөнгийн бүртгэлийн газраас хууль тогтоомжийн хүрээнд өөрсдөө шийдвэрлэх боломжгүйгээр хэлсэн бөгөөд шүүхийн журмаар талийгаачийн төрөл садангийн хүнд холбогдуулан нэхэмжлэл гаргаж, маргаан бүхий өмчлөх эрхтэй газрын хууль ёсны өвлөгчөөр тогтоолгосон шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийг үндэслэн холбогдох өмчлөгчийн бүртгэлийг өөрчлөх боломжтойг зөвлөсөн байдаг. Талийгаач хань нь хууль ёсны эхнэргүй, төрүүлсэн болон үрчилж авсан эсхүл нас барсан хойно төрсөн хүүхэдгүй. Үрчилсэн эцэг эхгүй, нэхэмжлэгчийн хадам аав, ээж буюу талийгаачийн төрүүлсэн эцэг Н.С, эх Н.М нар дээр үед насан эцэслэсэн. Талийгаачид өвөг эцэг, эмэг эх, ах эгч дүү гэсэн төрөл садангийн амьд сэрүүн хүмүүс хүмүүс байхгүй болно. Төрөл садангийн хүнээс байгаа нь талийгаачийн төрсөн ганц эмэгтэй дүү болох Mгийн төрсөн хүү С овогтой М П гэдэг иргэн нийслэл Улаанбаатар хотод оршин сууж амьдардаг. Иргэн М.П нь нэхэмжлэгч болон нэхэмжлэгчийн үр хүүхэдтэй байнгын эргэх холбоотой амьдардаг болно. Иймд талийгаачийн төрөл садангийн харилцаатай иргэн болох М.Пд холбогдуулан энэхүү нэхэмжлэлийг гаргаж, талийгаачийн өмчлөх эрхтэй Баянзүрх дүүргийн * тоот байршилтай * нэгж талбарын дугаартай, гэр бүлийн хэрэгцээний зориулалттай 508 м.кв талбайтай эрхийн улсын бүртгэлийн Г-* дугаарт бүртгэгдсэн өмчлөх эрхийн гэрчилгээтэй газрыг талийгаачтай хамтын амьдралтай байсан нэхэмжлэгч Л.Хг өвлөх эрхтэй хууль ёсны өвлөгчөөр тогтоож өгнө үү.” гэжээ.

 

2. Хариуцагч М.П хариу тайлбартаа: “Миний бие хэргийн материалтай танилцсан. Энийг хүлээн зөвшөөрч байна. Маргаан байхгүй.” гэжээ.

 

3. Нэхэмжлэгчээс Улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, Баянзүрх дүүргийн 9 дүгээр хорооны Засаг даргын тодорхойлолт, Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эр хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ, Сонгинохайрхан дүүргийн 30 дугаар хорооны Засаг даргын тодорхойлолт,  Иргэний үнэмлэхийн лавлагаа, Төрсний бүртгэлийн гэрчилгээ, Нас барсны гэрчилгээ, Иргэний үнэмлэхийн хуулбар, Кадастрын зураг, Баянзүрх дүүргийн 17 дугаар хорооны Засаг заргаар уламжлан Баянзүрх дүүргийн газрын албанд гаргасан өргөдөл, Гэрлэсний бүртгэлгүй лавлагаа, 1 дүгээр маягтын лавлагаа, Төрөл садангийн лавлагаа, Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэр, Хүн амын өрхийн бүртгэлийн дэвтэр, Үндэсний төв архивын лавлагаа, Итгэмжлэл зэрэг баримтыг шүүхэд гаргаж өгсөн.

Хариуцагчаас Хариу тайлбарын шүүхэд гаргаж өгсөн байна.

 

Нэхэмжлэгчийн хүсэлтээр Улсын бүртгэлийн Ерөнхий газрын албан тоот, нас барсныг бүртгэх анкет, Гэрлэлтийг бүртгэх анкет, Иргэний үнэмлэхийн лавлагаа, Иргэний үнэмлэх авах өргөдөл, Хаягийн хуудас, БНМАУ-ын хүн амын регистрийн карт, Улсын бүртгэлийн Ерөнхий газрын 2025.09.18-ны өдрийн 3/10860 тоот албан бичиг, Иргэний хаягийн хуудас, Иргэний үнэмлэхийн лавлагаа, Гэрлэлтийг бүртгэх анкет, Төрөгсдийг бүртгэх анкет, Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн лавлагаа зэрэг баримтыг шүүх бүрдүүлсэн байна.

 

Зохигчдын тайлбар, хэрэгт цугларсан нотлох баримтыг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ НЬ:

 

1. Шүүх нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.

 

2. Нэхэмжлэгч Л.Х дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: “Сн Бтэй 1978 онд ханилан нийлж нэг гэрт орж хамтран амьдарч эхэлсэн. Хань С.Бнь 2007 онд цус харваж эхнэрийнхээ болон хүүхдүүдийнхээ асаргаанд орж 2009 оны 12 сарын 26-ны өдөр өвчний улмаас насан эцэслэсэн. Талийгаач С.Б, нэхэмжлэгч Л.Х нар нь хуулийн дагуу гэрлэлтээ бүртгүүлээгүй ч 1978 оноос 2009 оны 12 сарын 26-ны өдрийг хүртэлх хугацаанд хамтран амьдарсан. Талийгаач С.Бнь хууль ёсны эхнэргүй, төрүүлсэн болон үрчилж авсан эсхүл нас барсан хойно төрсөн хүүхэдгүй. Талийгаачид эцэг, эх өвөг эцэг, эмэг эх, ах эгч дүү гэсэн төрөл садангийн амьд сэрүүн хүмүүс хүмүүс байхгүй болно. Иймд талийгаачийн төрөл садангийн харилцаатай иргэн болох М.Пд холбогдуулан талийгаачийн өмчлөх эрхтэй Баянзүрх дүүргийн 9 дүгээр хороо, эмнэлгийн 20 дугаар гудамж, 634 тоот байршилтай * нэгж талбарын дугаартай, гэр бүлийн хэрэгцээний зориулалттай 508 м.кв талбайтай эрхийн улсын бүртгэлийн Г-* дугаарт бүртгэгдсэн өмчлөх эрхийн гэрчилгээтэй газрыг талийгаачтай хамтын амьдралтай байсан нэхэмжлэгч Л.Хг өвлөх эрхтэй хууль ёсны өвлөгчөөр тогтоож өгнө үү.” гэжээ.

 

3. Хариуцагч М.П нэхэмжлэлийн шаардлагыг дараах үндэслэлээр тайлбарласан.  Үүнд: “Миний бие хэргийн материалтай танилцсан. Энийг хүлээн зөвшөөрч байна. Маргаан байхгүй.” гэжээ.

 

4. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.

 

4.1 Нэхэмжлэгч Л.Х нь 1978 оноос 2009 оны 12 дугаар сарын 26-ны өдрийг хүртэлх хугацаанд А овогт С Бтэй хамтын амьдралтай байсан болох нь Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024.10.01-ний өдрийн 101/ШШ2024/04472 дугаар шийдвэрээр тогтоогдож байна. /хх16-17/

 

4.2 А овогт С Бтэй нь 2009 оны 12 дугаар сарын 26-ны өдөр нас барсан нь талуудын тайлбар, нас барсны бүртгэлийн гэрчилгээний хуулбараар тогтоогдсон. /хх-9/

 

4.3 Улсын бүртгэлийн ерөнхий газрын 2025.06.30-ны өдрийн 9/8536 тоот албан бичигт “…Сн Бийн мэдээллийг шалгахад Монгол Улс 1951 оноос иргэний гэр бүлийн байдлыг бүртгэж эхэлсэн тул 1988 оны 4 дүгээр сарын 24-ний өдөр бүртгэгдсэн ХААТР-1 маягтад эцэг Г С, эх М М нас барсан гэж тэмдэглэгдсэн ...” гэжээ. /хх-45/

 

4.4 Улсын бүртгэлийн ерөнхий газрын 2025.09.18-ны өдрийн 3/10860 тоот албан бичигт “…Сн Бийн архивын мэдээллийг шалгахад ...төрсөн болон үрчлэн авсан хүүхдийн мэдээлэл тэмдэглэгдээгүй тул шалгах боломжгүй...” гэжээ. /хх-64/

 

5. Маргааны зүйл болох Баянзүрх дүүргийн 17 дугаар хороо, эмнэлгийн 20 гудамж, 634 тоот хаягт байршилтай * нэгж талбарын дугаартай, гэр бүлийн хэрэгцээний зориулалттай 508 м.кв талбайтай эрхийн улсын бүртгэлийн Г-* дугаарт бүртгэгдсэн газрын өмчлөгчөөр Л Х, Оын Б, Бийн А, Хгийн Э, талийгаач С Бнар нь 2008 оны 03 дугаар сарын 21-ний өдөр бүртгэгдсэн байна.

 

6. Иргэний хуулийн 528 дугаар зүйлийн 528.1-д зааснаар Л.Х талийгаач С.Бийн ногдох хэсэг буюу дээр дурдсан газрыг өв нээгдсэнээс хойш 3 сарын дотор өв хүлээн авахаас татгалзсан тухайгаа нотариат, баг, сумын Засаг даргад мэдэгдээгүй байх тул өвийг хүлээн авсан гэж үзэх үндэслэлтэй, харин мөн хуулийн 528 дугаар зүйлийн 528.2-т зааснаар өв нээгдсэнээс хойш 1 жилийн дотор нотариат, баг, сумын Засаг даргад өв хүлээн авах буюу өвлөх эрхийн гэрчилгээ олгохыг хүссэн өргөдөл гаргах учиртай.

 

Улмаар нэхэмжлэгч өв залгамжлан авах тухай хүсэлтийг нотариатчид гаргасан гэх боловч Л.Хг өвлөгч мөн эсэх талаар маргаантай байсны улмаас түүнд өвлөх эрхийн гэрчилгээ олгогдоогүй болох нь талуудын тайлбараар тогтоогдож байна.

 

7. Хэрэгт авагдсан 1977 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн Гэрлэлтийг бүртгэх 1253 дугаар анкетаар талийгаач С Бнь  Цын Н ай гэрлэлтээ бүртгүүлжээ. Гэтэл Ц  Ннь Ё д 1977 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр гэр бүл болсныг 1985 оны 12 дугаар 15-ны өдөр Гэрлэлтийг бүртгэх 1239 дугаар анкетад  бүртгэж, улмаар 1977 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр төрсөн хүү Н Бийг 1987 оны 5 дугаар сарын 10-ны өдөр Дд үрчлүүлэн Д н Б болсон нь Төрөгсдийг бүртгэх анкет, Иргэний үнэмлэхийн лавлагаа зэргээр тогтоогдов. /46-52, 65-69/

 

Тодруулбал, талийгаач Сн Бнь Ц ын Н тай гэрлэсэн байх бөгөөд тэдгээрийн гэрлэлтийг дуусгавар болсон талаарх бүртгэлийн мэдээлэл Улсын бүртгэлийн ерөнхий газарт тэмдэглэгдээгүй нь 2025.09.18-ны өдрийн 3/10860 тоот албан бичгээр тогтоогдсон бөгөөд Ц.Н, Ё.Д нар нь 1985 оны 12 дугаар 15-ны өдөр гэр бүл болж гэрлэлтээ бүртгүүлснээс үзэхэд С.Бболон Ц.Н нарын гэрлэлт дуусгавар болсон гэж үзэх үндэслэлтэй байна. Мөн Нгийн Бийг Ё.Доржсүрэнд үрчлүүлсэн үйл баримт тогтоогдсон.

 

Өөрөөр хэлбэл, Иргэний хуулийн 520 дугаар зүйлийн 520.1.1-т “нас барагчийн нөхөр, эхнэр, төрүүлсэн болон үрчилж авсан, түүнийг нас барсан хойно төрсөн хүүхэд, нас барагчийн төрүүлсэн болон үрчилсэн эцэг, эхийг хууль ёсны өвлөгч гэх бөгөөд тэдгээр нь адил хэмжээгээр өвлөх эрхтэй гэж заасан. Гэтэл талийгаач Сийн Бөд дээрх хуульд заасан хууль ёсны өвлөгч байхгүй болох нь хэргийн баримтаар тогтоогдож байна.

 

8. Нэхэмжлэгч нь талийгаач С.Бийн түүнд өвлөгдвөл зохих хөрөнгө буюу өвийн зүйл нь дээр дурдсан өмчлөх эрхийн гэрчилгээтэй газрын талийгаач С.Бийн ногдох хэсгийг түүнтэй хамтын амьдралтай байсан Л.Х өвлөх эрхтэй болохыг тогтоолгох шаардлага нь Иргэний хуулийн 520 дугаар зүйлийн 520.3 дах хэсэгт нийцсэн гэж үзэх үндэслэлтэй байна.

 

Учир нь нэхэмжлэгч Л.Х, С.Бнар 1978 оноос 2009 оны 12 дугаар сарын 26-ны өдрийг хүртэл хамт амьдарч байсан үйл баримт тогтоогдсон бөгөөд энэ үйл баримтыг хариуцагч маргаагүй. Ийнхүү тэдний хамтран амьдрах хугацаанд өмчлөлийн газар бий болсон хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдсон.

 

Мөн талийгаач С.Бнь нэхэмжлэгч Л.Хтэй 1978 оноос 2009 оны 12 дугаар сарын 26-ны өдөр нас барах хүртэл хугацаанд хамт амьдарч байсан болохыг Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024.10.01-ний өдрийн 101/ШШ2024/04472 дугаар шийдвэрээр тогтоосон ба хэрэгт 2005-2009 оны хүн ам өрхийн бүртгэлийн дэвтэрт 6 ам бүлээр /Л.Хгийн хүүхдүүд, түүний ач, зээ нарын хамт/ бүртгэгдсэн мэдээлэл, 2008 онд олгосон үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ зэрэг нотлох баримтууд хэрэгт авагдсан байна. 

 

9. Нөгөөтэйгүүр, хэргийн 22 дугаар талд авагдсан Үндэсний төв архивын лавлагаагаар талийгаач Сийн Бийн дүү Сийн M гэжээ. Mгийн хүү Пг нэхэмжлэгч нэхэмжлэлд Иргэний хуулийн 520 дугаар зүйлийн 520.1.2-т зааснаар хариуцагчаар оролцвол зохих этгээдээр тодорхойлсныг буруутгах боломжгүй, мөн хариуцагч М.П нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь зөвшөөрсөн байна. Хариуцагч М.Пд шүүх хуралдааны тов мэдэгдсэн ба хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй тул нэхэмжлэгчийн хүсэлтээр хариуцагчийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлэсэн болно.

 

10. Иргэний хуулийн 527 дугаар зүйлийн 527.3-т зааснаар өвлөгчийн хүлээн авсан эд хөрөнгийг өв нээгдсэн өдрөөс эхлэн өвлөгчид шилжсэн гэж үзэх учир өвлөх эрхийн гэрчилгээ авсан эсэхээс үл хамаарч нэхэмжлэгчийг өвийн зүйлийг хүлээн авсан гэж үзнэ.

 

11. Иймд Баянзүрх дүүргийн 9 дүгээр хороо /хуучнаар 17 дугаар хороо/, эмнэлгийн 20 гудамж, 634 тоот хаягт байршилтай *нэгж талбарын дугаартай, гэр бүлийн хэрэгцээний зориулалттай, 508 м.кв талбайтай эрхийн улсын бүртгэлийн Г-*дугаартай өмчлөх эрхийн газрын өмчлөгч Сийн Бийн ногдох хэсгийг нэхэмжлэгч Л.Х өвлөх эрхтэй болохыг тогтоох үндэслэлтэй байна.

 

12. Нэхэмжлэгч тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагчаас 70,200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгох нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1., 60 дугаар зүйлийн 60.1., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2.-т заасантай нийцнэ. 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 520 дүгээр зүйлийн 520.3 дах хэсэгт заасныг баримтлан Баянзүрх дүүргийн 17 дугаар хороо, эмнэлгийн 20 гудамж, 634 тоот хаягт байршилтай * нэгж талбарын дугаартай, гэр бүлийн хэрэгцээний зориулалттай, 508 м.кв талбайтай эрхийн улсын бүртгэлийн Г-* дугаартай өмчлөх эрхийн газрын өмчлөгч Сийн Бийн ногдох хэсгийг нэхэмжлэгч Л.Х өвлөх эрхтэй болохыг тогтоосугай. 

   

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1., 60 дугаар зүйлийн 60.1., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2.-т зааснаар нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагчаас 70,200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7 дах хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг гарсан өдрөөс хойш 14 хоногт гардан аваагүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдаж, мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

 

                        ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      А.ЭНХЖАРГАЛ