Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 03 сарын 25 өдөр

Дугаар 2025/ДШМ/368

 

    2025            03           25                                        2025/ДШМ/368
З.Шд холбогдох
эрүүгийн хэргийн тухай
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Г.Ганбаатар даргалж, шүүгч Д.Очмандах, шүүгч Ц.Мөнхтулга нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
прокурор Б.Мөнгөншагай, 
шүүгдэгч З.Шөмгөөлөгч Л.Соёмбо,
нарийн бичгийн дарга Б.Эрхэс нарыг оролцуулан,
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Д.Мөнхтуяа даргалж хийсэн шүүх хуралдааны 2025 оны 01 дүгээр сарын            30-ны өдрийн 2025/ШЦТ/338 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч дээд шатны прокурор Э.Энхбатын бичсэн 2025 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн 06 дугаар эсэргүүцлээр З.Шд холбогдох эрүүгийн 2409000002234 дугаартай хэргийг 2025 оны 02 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч, шүүгч Ц.Мөнхтулгын илтгэснээр хянан хэлэлцэв. 
Боржигон овгийн З.Ш, 1996 оны 9 дүгээр сарын 04-ний өдөр Сэлэнгэ аймагт төрсөн, 28 настай, эрэгтэй, дээд боловсролтой, олон улсын харилцааны менежер мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг гэх, ам бүл 2, дүүгийн хамт ........................тоотод оршин суух хаягийн бүртгэлтэй,                 /РД:............................../;
Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны нэгдүгээр шүүхийн ................. дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 98 дугаар зүйлийн 98.1 дэх хэсэгт зааснаар 300 цаг албадан ажил хийх ялаар шийтгүүлж, 2020 оны 03 дугаар сарын 12-ны өдөр шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дуусгавар болсон, 
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн ................ дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 181 дүгээр зүйлийн 181.2.1 дэх хэсэгт зааснаар 3 жил 1 сарын хорих ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4 дэх хэсэгт тус тус зааснаар оногдуулсан 3 жил 01 сарын хугацаагаар хорих ялыг тэнсэж, 3 жилийн хугацаагаар хянан харгалзахаар тогтоож, 2019 оны 05 дугаар сарын 02-ны өдөр ялын хугацаа дууссан.
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн .................дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 2000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2.000.000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлж, 2022 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 22/563 дугаар тогтоолоор шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дуусгавар болсон.
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн .................... дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1350 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.350.000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлж, 2024 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн 24/276 дугаар тогтоолоор шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дуусгавар болсон.
Шүүгдэгч З.Ш нь согтуурсан байхдаа 2024 оны 10 дугаар сарын 27-ны өдөр Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хороо, 612 дугаар байрны 98 тоотод М.Нбуюу хамтран амьдрагчтайгаа хардалтын улмаас маргалдаж, улмаар М.Нтолгой хэсэгт гараараа хэд хэдэн удаа цохиж, хүзүүг нь гараараа боосны улмаас                                            М.Нбиед хамрын нуруу, 2 нүдний доод зовхи, эрүү, зүүн хацрын төвгөрт цус хуралт, хамрын нуруу, хүзүүнд зулгаралт, уруулд язарсан шарх, цус хуралт гэмтэл бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирлыг санаатайгаар, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Сүхбаатар дүүргийн прокурорын газраас: З.Шүйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх: Шүүгдэгч З.Шхүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар З.Шд 2700 нэгж буюу 2.700.000 /хоёр сая долоон зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар З.Шд оногдуулсан 2.700.000 төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, шүүгдэгч нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 511 дүгээр зүйлийн 511.3 дахь хэсэгт зааснаар З.Шас 8.580.000 /найман сая таван зуун наян мянга/ төгрөг гаргуулж хохирогч М.Номин-Эрдэнэд олгож, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг сидиг хэрэг хадгалах хугацаанд хэрэгт хавсаргаж, битүүмжлэгдэн ирсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэжээ. 
Дээд шатны прокурор Э.Энхбат бичсэн эсэргүүцэлдээ: “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино”, 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж тус тус заасан. 
Хэрэгт авагдсан баримтуудаар З.Ш нь согтуурсан үедээ хамтран амьдрагч М.Нрүү эд зүйл авч шидэн, толгойн тус газар нь гараараа цохиж, хоолойг нь боон, дээр нь сууж өвдөглөх, татсан тамхиа нүүрэн дээр нь дарж унтраахыг оролдох, хүчээр архи уулгах зэрэг үйлдлээр зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан ба хохирогч түүнээс зугтааж, цагдаагийн байгууллагад гомдол гаргасан нөхцөл байдал тогтоогдсон байна. Мөн З.Ш нь дээрх гэмт хэргийг үйлдэхээс өмнө буюу 2024 оны 09 дүгээр сарын 29-ний өдөр согтуугаар хохирогчийг зодсон боловч уучлалт гуйсан гэсэн шалтгаанаар хохирогч цагдаагийн байгууллагад хандаагүй байна. Шүүгдэгчийн хувийн байдлын тухайд холимог тулааны тамирчин, 2014 онд хүний бие махбодид хүндэвтэр гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдэж 300 цаг албадан ажил хийлгэх ял, 2016 онд догшин авирлаж танхайрсан гэмт хэрэг үйлдэж 3 жил 1 сарын хугацаагаар хорих ял, 2022 онд хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдэж 2.000.000 төгрөгөөр торгох ял, 2024 онд хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдэж 1.350.000 төгрөгөөр торгох ял тус тус шийтгэгдэж байсан. З.Ш нь урьд нь удаа дараа хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг, санаатай гэмт хэрэг үйлдэн торгох ял шийтгүүлсэн боловч хийсэн хэрэгтээ гэмшиж, цээрлэл хүлээгээгүй, дахин хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар гэмт хэрэг үйлдсэнээс гадна түүний үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй байна. 
Шүүгдэгч З.Шгэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзан үзэхэд түүнд оногдуулсан 2.700.000 төгрөгөөр торгох ял нь үйлдсэн гэмт хэрэг, нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохироогүй, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлагын зорилгод нийцээгүй байна. 
Шийтгэх тогтоолд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад “энэ хуулийн тусгай ангийн нэг бүлэгт заасан санаатай гэмт хэргийг хоёр, түүнээс дээш удаа үйлдсэн...” гэж заасны дагуу шүүгдэгчийн урьд 3 удаа хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг үйлдсэнийг эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдалд тооцсон талаар дурдсан боловч эрүүгийн хариуцлагыг хүндрүүлээгүй буюу урьд 2 удаагийн шийтгэх тогтоолоор оногдуулсантай адил торгох ялыг сонгон оногдуулсан нь хэргийн бодит байдал болон шударга ёсны зарчимд нийцэхгүй байна. Иймд шийтгэх тогтоолыг хүчингүй болгуулж, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү.” гэжээ. 
Прокурор Б.Мөнгөншагай тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “Анхан шатны шүүхээс шүүгдэгч З.Шд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 2.700.000 төгрөгөөр торгох ял оногдуулсан. Энэ ял нь эрүүгийн хариуцлагын зорилгод нийцээгүй. Эрүүгийн хариуцлагыг хүлээлгэхэд харгалзаж үзэх нөхцөл байдлуудыг бүрэн харгалзаж үзэлгүйгээр оногдуулсан. Сонгох санкцтай байхад хамгийн хөнгөн ял оногдуулж байгаа нь шударга ёсны зарчимд нийцэхгүй байна гэсэн агуулгаар эсэргүүцлийг бичсэн. Тодруулах юм бол эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэх зорилготой. Мөн эрүүгийн хариуцлагыг оногдуулахдаа шүүх дараах зүйлүүдийг харгалзан үзэх үүрэгтэй гэж хуульчилсан байгаа. Үүн дээр эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдлыг харгалзан үзэж байж эрүүгийн хариуцлагыг хүлээлгэх ёстой. Уг гэмт хэргийг үйлдсэн нөхцөл байдлыг харгалзаж үзэх юм бол гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг хувийн таарамжгүй харилцааны улмаас зодсон, эрхшээлдээ байлгасан үйлдэл нь 2-3 хоногийн хугацаатай З.Шамьдарч байсан орон байранд үргэлжилсэн байдаг. Зодохдоо нэгээс хоёр удаагийн цохилтоор эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан зодооны шинжтэй үйлдэл биш. Маш олон удаа алгадсан. Өгзөг рүү нь цохисон үйлдлүүд үргэлжлэн хийгддэг. Дээрээс нь архи согтууруулах ундааны зүйлийг хүчээр айлган сүрдүүлж уулгасан. Хоолойг нь боосон. Татаж байсан тамхиа нүүрэн дээр нь унтраах гэж оролдсон. Эдгээр үйлдлүүдийг 2-3 хоногийн хугацаанд үргэлжилсэн байдлаар үйлдсэн. Иймд эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх буюу онц харгис хэрцгий шинжтэйгээр хүний бие махбод, сэтгэл санаанд нь шаналал зовиур үүсгэсэн шинжтэй нөхцөл байдал байхад анхан шатны шүүхээс харгалзаж үзэлгүйгээр эрүүгийн хариуцлагыг оногдуулсан. Мөн шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзаж үзэх ёстой. Шүүгдэгч З.Ш нь өмнө нь хүний эрүүл мэндийн эсрэг гэмт хэргийг хэд хэдэн удаа үйлдэж ял шийтгүүлж байсан. Мөн нийгмийн хэв журмыг зөрчиж танхайрах гэмт хэрэг үйлдэж, эрүүгийн хариуцлага хүлээж байсан. Шүүгдэгчийн хувьд нийгэмшээгүй, үргэлжлүүлээд гэмт хэрэг үйлдэж байгааг харгалзаж хувийн байдалд нь дүгнэлт хийх шаардлагатай байсан. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр эсэргүүцэл бичсэн.” гэв.
Шүүгдэгчийн өмгөөлөгч Л.Соёмбо тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “2-3 хоног хохирогчийг тарчлаан зовоосон мэтээр тайлбарлаж байна. Уг хэрэг дээр хяналт тавьж байсан прокурор өөрөө энэ шүүх хуралдаанд оролцсон бол хэргийн үйл явцын талаар сайн тайлбарлаж ярих байсан байх. Уг хэрэг хардалтын улмаас үйлдэгдсэн байдаг. Гэхдээ 2-3 хоног үргэлжилсэн, тамлан зовоосон асуудал байхгүй. Нэг шөнийн дотор болсон асуудал байгаа. Прокуророос эрүүгийн хариуцлагыг заавал хүндрүүлэнэ гэж эсэргүүцэл бичиж байгаад харамсаж байна. Шүүгдэгч З.Шхувьд гэм буруугаа хүлээж, гэмшиж, учруулсан хохирлыг тодорхой хэмжээнд барагдуулсан. Цаашид гарах эмчилгээний зардлыг нөхөн төлөхөө илэрхийлсэн. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү.” гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан шийдвэрлэхдээ дээд шатны прокурорын бичсэн эсэргүүцэлд дурсан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянав.
Прокуророос шүүгдэгч З.Ш2024 оны 10 дугаар сарын 27-ны өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ М.Нбуюу хамтран амьдрагчтайгаа хардалтын улмаас маргалдаж, улмаар М.Нтолгой хэсэгт гараараа хэд хэдэн удаа цохиж, хүзүүг нь гараараа боосны улмаас  М.Нбиед хамрын нуруу, 2 нүдний доод зовхи, эрүү, зүүн хацрын төвгөрт цус хуралт, хамрын нуруу, хүзүүнд зулгаралт, уруулд язарсан шарх, цус хуралт гэмтэл бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирлыг санаатайгаар, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж учруулсан” хэмээн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Анхан шатны шүүх хэргийг хэлэлцээд шүүгдэгч З.ШЭрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд 2700 нэгж буюу  2.700.000 /хоёр сая долоон зуун мянга/ төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэсэн нь Эрүүгийн хуульд заасан шударга ёсны зарчим болон эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэл журамд нийцэхгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж үзнэ.
Хэдийгээр анхан шатны шүүх шүүгдэгчид прокуророос шилжүүлсэн Эрүүгийн хуулийн зүйл, хэсэгт заасан ял шийтгэлийг сонгон оногдуулж шийдвэрлэсэн нь шүүхийн эрх хэмжээний асуудал боловч эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээг тодорхойлохдоо үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээг харгалзан ялын зохистой харьцаа, эрүүгийн хариуцлагын зорилгод нийцүүлэн оновчтой сонгон оногдуулж чадаагүй байна. 
Учир нь, шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн хэм хэмжээнд нийцсэн, мөн хуулийн тусгай ангид заасан ялын төрөл, хэмжээний дотор багтсан байх хууль ёсны зарчмыг хангахын зэрэгцээ сонгон оногдуулж буй ялын төрөл, түүний хэмжээ нь хэргийн нөхцөл байдал, нийгмийн аюулын шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний гэм буруугийн хэлбэр, хувийн байдал болон эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харьцуулан үнэлж, ялыг сонгон оногдуулах талаар үндэслэл бүхий хууль зүйн дүгнэлт хийх учиртай. 
Өөрөөр хэлбэл, шүүх хуулиар тогтоосон эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэл, журмыг хэрэгжүүлэхдээ нийтлэг зарчим нэг бүрийн шаардлага, шалгуур үзүүлэлтүүдийг илэрхийлж чадахуйц дүгнэлт хийсний үндсэн дээр ял оногдуулах нь шударга ёсны зарчим, эрүүгийн хуулийн зорилгод нийцнэ.
Тийм учраас анхан шатны шүүхээс шүүгдэгчид оногдуулсан торгох ял нь түүний үйлдсэн гэмт хэргийнх нь аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохироогүй, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлагын зорилгод нийцээгүй талаарх прокурорын эсэргүүцэл, дүгнэлтийг үгүйсгэх боломжгүй байна. 
Иймд дээрх нөхцөл байдлууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалт, 39.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад тус тус зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох үндэслэлд хамаарах тул шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, дээд шатны прокурор Э.Энхбатын бичсэн “анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгох” тухай эсэргүүцлийг хүлээн авах хууль зүйн үндэслэлтэй байна гэж үзлээ. 
Шүүгдэгч З.Шд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 39.9 дүгээр зүйлийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь: 
1. Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 2025/ШЦТ/338 дугаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, дээд шатны прокурор Э.Энхбатын бичсэн 2025 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн 06 дугаар эсэргүүцлийг хүлээн авсугай. 
2. Шүүгдэгч З.Шд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
3. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

            ДАРГАЛАГЧ, 
            ШҮҮГЧ                                    Г.ГАНБААТАР
            ШҮҮГЧ                        Д.ОЧМАНДАХ
            ШҮҮГЧ                                Ц.МӨНХТУЛГА