Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 11 сарын 10 өдөр

Дугаар 902

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Сарангэрэл даргалж, шүүгч Н.Долгорсүрэн, шүүгч М.Цэцэгмаа нарын бүрэлдэхүүнтэй 2016 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр тус шүүхийн шүүх хуралдааны 4 дүгээр танхимд хийсэн шүүх хуралдаанаар нэхэмжлэгч Д.Н*******ын нэхэмжлэлтэй, Төрийн тусгай хамгаалалтын газрын дарга, Монгол Улсын Их Сургуульд холбогдох захиргааны хэргийг хянан хэлэлцэж энэхүү шүүхийн шийдвэрийг гаргав.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Г*******, хариуцагч Төрийн тусгай хамгаалалтын газрын даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Я.Т*******, Э.А*******, хариуцагч Монгол Улсын Их Сургуулийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Э*******, иргэдийн төлөөлөгч Ю.Б*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Ундрал нар оролцлов. 

ТОДОРХОЙЛОХ нь:

 1.Нэхэмжлэлийн шаардлагын агуулга: “Төрийн тусгай хамгаалалтын газрын даргын 2015 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн Б/340 дугаар тушаалыг хүчингүй болгуулж, Төрийн тусгай хамгаалалтын газрын Хангамж, үйлчилгээний хэлтсийн даргын албан тушаалд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин хөлс, олговор, нэмэгдэл, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг зохих журмын дагуу гаргуулах, Д.Н******* нь 1996-2000 онд Монгол Улсын Их сургуульд санхүү, эдийн засагч мэргэжлээр суралцаж, дээд боловсрол эзэмшсэн эрх зүйн харилцаа байгаа болохыг тогтоож, хүлээн зөвшөөрүүлэх” гэжээ. 

Нэхэмжлэгч Төрийн тусгай хамгаалалтын газрын даргад холбогдуулан гаргасан нэхэмжлэлдээ: “...Догсом овогтой Н******* миний бие 1987 оноос хойш Төрийн тусгай хамгаалалтын газарт /хуучнаар НХАЯамны 3 дугаар газар байхаас эхлэн/ тасралтгүй ажиллаж ирсэн бөгөөд 2015 онд тус байгууллагын Хангамж үйлчилгээний хэлтсийн даргын албан тушаалд томилогдон ажиллаж байсан.

Миний бие энэ байгуулллагад ажиллах хугацаандаа ямар нэгэн зөрчил, дутагдал, ажлын алдаа гаргаж байгаагүй билээ. Би сахарын өвчний улмаас 2015 оны 11 дүгээр сарын 04-ний өдрөөс өвчтэй байсан ба намайг өвчтэй байх хугацаанд Төрийн тусгай хамгаалалтын газар 2015 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр тушаал гаргаж, намайг төрийн албанаас чөлөөлсөн тухай мэдэгдлээ.

Намайг чөлөөлөх тухай надад мэдэгдээгүй бөгөөд ямар үндэслэлээр чөлөөлсөн, чөлөөлсөн тушаалын хуулбарыг өвчтэй байгаа учир гардан авч чадаагүй. Миний бие төрийн албанаас чөлөөлөгдөх тухай хүсэлт гаргаагүй, өвчтэй байх хугацаанд төрийн албанаас чөлөөлж миний Үндсэн хууль ба Төрийн албаны тухай хуульд заасан эрхийг зөрчиж байгааг хүлээн зөвшөөрөхгүй байгаа учир Төрийн албаны тухай хуульд заасны дагуу Төрийн албаны зөвлөлд хандан гомдол гаргасан, уг гомдлыг Төрийн албаны зөвлөлөөс Тагнуулын ерөнхий газрын дэргэдэх Төрийн албаны салбар зөвлөлд шилжүүлсэн.

Улмаар Тагнуулын ерөнхий газрын дэргэдэх Төрийн албаны салбар зөвлөлийн 2015 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 02 дугаар албан бичгээр миний гомдлыг хэлэлцэж хангахгүй орхисон тухайгаа мэдэгдсэн. Дээрх хариуг эс зөвшөөрч тус шүүхэд хандан нэхэмжлэл гаргаж байна.

Иймд Төрийн тусгай хамгаалалтын газрын даргын 2015 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн Б/340 дүгээр тушаалыг хүчингүй болгож, Төрийн тусгай хамгаалалтын газрын Хангамж, үйлчилгээний хэлтсийн даргын албан тушаалд эргүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин хөлс, олговор, нэмэгдэл, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг зохих журмын дагуу гаргуулж өгнө үү” гэжээ.

Хариуцагч Төрийн тусгай хамгаалалтын газрын даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “...Тус газрын Хангалт, үйлчилгээний хэлтсийн даргаар ажиллаж байсан хошууч Догсомын Н******* төрийн албанаас чөлөөлөгдөх хүсэлт гаргаагүй, өвчтэй байх хугацаанд төрийн албанаас чөлөөлсөн тул Төрийн тусгай хамгаалалтын газрын даргын 2015 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн Б/340 дүгээр тушаалыг хүчингүй болгож, Хангалт, үйлчилгээний хэлтсийн даргын ажилд эргүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин, хөлс, олговор, нэмэгдэл, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг зохих журмын дагуу гаргуулж өгнө үү гэж шүүхэд нэхэмжлэл гаргажээ. Д.Н*******ын нэхэмжлэлийг дараахь үндэслэлээр эс зөвшөөрч, хариу тайлбар гаргаж байна.

1.Төрийн тусгай хамгаалалтын газрын даргын 2015 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн Б/340 дүгээр тушаалаар Д.Н*******ыг өөрийнх нь хүсэлтээр ажлаас чөлөөлсөн. Д.Н******* нь 2015 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр Тагнуулын ерөнхий газрын дарга, хурандаа Б.Хурцад хандан ажлаас түр чөлөөлж өгөхийг хүссэн өргөдөл гаргаж, үүнийг Тагнуулын ерөнхий газраас тус газарт зохих журмын дагуу шийдвэрлэхийг зөвшөөрөн шилжүүлсэн. 

Уг хүсэлтийг хүлээн аваад Д.Н*******т хүсэлтийнх нь дагуу түр чөлөөлөх зохицуулалт Төрийн албаны тухай хуульд байхгүй байгаа тул өөрийнх нь хүсэлтийг үндэслэн ажлаас чөлөөлж болох эсэх талаар мэдэгдэхэд өөрөө хүлээн зөвшөөрсөн бөгөөд түүнийг Төрийн албаны тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.3, Төрийн тусгай хамгаалалтын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 4, Төрийн тусгай хамгаалалтын газрын үйл ажиллагааны журмын 211 дүгээр зүйлийн 211.5.1 дэх заалт, Тагнуулын ерөнхий газрын 2015 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 01/2311 тоот албан бичгийг тус тус үндэслэн өөрийнх хүсэлт, зөвшөөрлөөр ажлаас чөлөөлсөн.

Д.Н******* нэхэмжлэлдээ өвчтэй байх хугацаанд ажлаас чөлөөлсөн гэсэн байх бөгөөд дурьдсан хугацаанаас хойш өнөөг хүртэл тус газарт өвчтэй гэдгээ нотлох ямар нэг баримт өгөөгүй, ажил тасалсан тул түүнийг Төрийн албаны тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.3.1 дэх хэсэгт зааснаар эрүүл мэндийн шалтгаанаар төрийн албанаас түр чөлөөлөх үндэслэлгүй, харин ч “Төрийн тусгай хамгаалалтын газрын үйл ажиллагааны журам”-ын 218 дугаар зүйлийн 218.4.1-ийн “б”-д заасан үндэслэлээр түүнийг ажлаас халах боломжтой байхад хүндэтгэн үзэж өөрийнх зөвшөөрлөөр хүсэлтээр нь ажлаас чөлөөлсөн юм.

2.Д.Н*******т алба хаагчдын боловсролын баримт бичгийн талаар хийгдсэн лавлагааны хариуд түүний боловсролын диплом хуурамч байх магадлалтай албан бичиг ирсэн талаар хэлснээс хойш /2015 оны 11 дүгээр сарын 04-ний өдрөөс/ ажилдаа ирэхгүй удаан хугацаагаар ажил тасалсан бөгөөд энэ хугацаанд өвчтэй байгаагаа баталгаажуулах баримт ирүүлээгүй юм. 

Төрийн тусгай хамгаалалтын байгууллага нь аюулгүй байдлыг хангах тусгайлсан чиг үүрэгтэй байгууллагын хувьд алба хаагчдын хариуцлага, ачаалал ихтэй, босоо удирдлагатай байгууллагын хувьд өөрийнх нь эзгүйд удирдлагад байгаа нэгжүүд, алба хаагчдын үйл ажиллагааны доголдол, үүнээс шалтгаалан байгууллагын хэвийн үйл ажиллагаа алдагдах, хамгаалуулагчдын аюулгүй байдалд ч сөргөөр нөлөөлөх эрсдэлтэй байдаг тул удирдах албан тушаалтанд өвчний чөлөө авах гэж байгаа талаараа мэдэгддэг, зөвшөөрөл авдаг эрх зүйн зохицуулалттай. 

“Төрийн тусгай хамгаалалтын газрын үйл ажиллагааны журам”-ын 221 дүгээр зүйлийн 221.3.7-д заасны дагуу удирдах даргадаа энэ талаараа мэдэгдээгүй бөгөөд Тагнуулын ерөнхий газрын даргад өргөдөл гаргасан байсан бөгөөд төрийн албан хаагч аливаа асуудлаар гомдол гаргах, шалгуулах эрхээ эдлэхдээ ажлаас түр чөлөөлөгдөх /чөлөө биш/ эрх зүйн зохицуулалтгүй, түүнийг хүсэлтээр нь ажлаас чөлөөлөх нь цаашид төрийн ажил, албан тушаал дахин хашихад харшлахгүйг түүнд мэдэгдэж, ажлаас чөлөөлөхийг зөвшөөрснийг нь харгалзан Б/340 дүгээр тушаалыг гаргаж, уг тушаалыг өөрөө хүлээн зөвшөөрч, 2015 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр гарын үсэг зурж ажлаа хүлээлгэн өгсөн.

Д.Н*******ын нэхэмжлэлийг ханган түүнийг ажилд нь эгүүлэн тогтоох шийдвэр гарсан тохиолдолд Төрийн албаны тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1 дэх хэсэг зөрчигдөх бөгөөд ингэсэн тохиолдолд шүүгч захиргааны байгууллагыг хууль бус үйл ажиллагаа явуулахыг даалгахад хүрэх юм” гэжээ.

Нэхэмжлэгч Монгол Улсын Их сургуульд холбогдуулан гаргасан нэхэмжлэлдээ: “...Д.Н******* нь 1996-2000 онд Монгол Улсын Их сургуулийн Эдийн засгийн ангийг /оройгоор/ “Санхүү, татварын эдийн засагч” мэргэжлээр суралцаж төгссөн бөгөөд тухайн үед сургууль төгссөн дипломыг зохих журмын дагуу тус сургуулийн сургалтын албанаас хүлээн авсан билээ.

Улмаар 2015 оны 12 дугаар сарын 30-ны өдөр Тагнуулын ерөнхий газрын дэргэдэх Төрийн албаны салбар зөвлөлөөс 02 дугаар албан бичгээр Төрийн албаны салбар зөвлөлийн Маргаан хянан шалгах комиссын дүгнэлтийг ирүүлсэн бөгөөд уг дүгнэлтэд “Боловсрол, соёл, шинжлэх ухааны яамны 2015 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 9/9920, Монгол Улсын Их сургуулийн 2015 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 22/2103, Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын 2015 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн 6/3676 дугаар албан бичгүүдээр иргэн Д.Н*******ын D2******* дугаартай диплом нь 2000 онд Монгол Улсын Их сургуулийг математикч мэргэжлээр төгссөн З.Ө******* гэдэг иргэний нэр дээр бүртгэлтэй байна” гэжээ. 

Д.Н******* нь 1996-2000 онд Монгол Улсын Их сургуульд албан ёсоор элсэн орж, суралцаж төгссөн, санхүү, татварын эдийн засагч мэргэжил эзэмшсэн болохыг надад байгаа D2******* дугаартай диплом гэрчилэхээс гадна тухайн үед хамт суралцаж байсан ангийн хамт олон болон сургагч багш нар нотолно. Миний D2******* дугаартай диплом ямар шалтгааны улмаас З.Ө*******ын нэр дээр бүртгэгдсэнийг би мэдэхгүй, харин энэ асуудал нь тухайн сургуулийн дотоод бүртгэл, зохион байгуулалттай холбоотой байна.

Үүний улмаас Д.Н******* миний дээд боловсрол эзэмшсэн нөхцөл байдал үгүйсгэгдэж, төрийн алба хаах боломж хязгаарлагдлаа. Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.2.2-т заасан “эрх зүйн харилцаа байгаа болохыг тогтоож, хүлээн зөвшөөрөх” асуудал нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасан “эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдлыг тогтоох” гэсэн ойлголттой төсөөтэй бөгөөд харин уг харилцаа нь нийтийн эрх зүйн хүрээнд үүсэж байгаа эсэхээс хамааран захиргааны хэргийн шүүхэд хандаж байна.

Тухайн тохиолдолд нь Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.14-д заасан төрийн өмчийн сургуулиас Дээд боловсролын тухай хуулийн хэрэгжүүлэх үйл ажиллагааны хүрээнд миний дээд боловсрол эзэмшсэн асуудлыг тогтоох шаардлага яригдаж байгаа тул захиргааны хэргийн шүүхэд хандаж байна.

Иймд Д.Н******* нь 1996-2000 онд Монгол улсын их сургуульд “Санхүү, татварын эдийн засагч” мэргэжлээр, суралцаж, дээд боловсрол эзэмшсэн эрх зүйн харилцаа байгаа болохыг тогтоож, хүлээн зөвшөөрч өгнө үү” гэжээ. 

Хариуцагч Монгол Улсын Их сургуулийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “...Иргэн Догсом овогтой Н******* нь 1996-2000 онд Монгол Улсын Их сургуульд “Санхүү, татварын эдийн засагч” мэргэжлээр суралцаж, дээд боловсрол эзэмшсэн эрх зүйн харилцаа байгаа болохыг тогтоож, хүлээн зөвшөөрүүлэх гэжээ. Д.Н******* нь 1996-2000 онд тус сургуулийн эдийн засгийн ангийг /оройгоор/ “Санхүү, татварын эдийн засагч” мэргэжлээр суралцан тухайн үед сургууль төгссөн дипломыг Сургалтын албанаас авсан хэмээсэн байна.

Монгол Улсын Их сургуулийн 2000 оныхоос өмнөх баримтууд Архивын ерөнхий газарт шилжсэн тул иргэн Д.Н*******тай холбоотой материалыг үзэх боломжгүй байна.

Монгол Улсын Их сургууль дээр байгаа баримтын хүрээнд дараах нотлох баримтуудыг хүргүүлж байна.

1.Монгол Улсын Их сургуулийн захирлын 2000 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн 334 дүгээр тушаалаар батлагдсан төгсөгчдийн нэрс дотор иргэн Д.Н*******ын нэр байхгүй байна. /нотлох баримтыг хавсаргав/ 

2.Монгол Улсын Их сургуулийн захирлын 2000 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн 236 дугаар тушаалаар батлагдсан Монгол улсын их сургуулийн Эдийн засгийн Санхүүгийн татварын оройн 4 дүгээр ангийн Төгсөлтийн улсын шалгалтын комиссын 2000 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн салбар хуралдааны Төгсөгчдөд мэргэжил, цол олгуулах тухай тогтоолд иргэн Д.Н*******ын нэр байхгүй байна. /Нотлох баримтыг хавсаргав/ Нийт 33 төгсөх оюутны нэрс орсон.

3.Монгол Улсын Их сургуулийн бакалаврын D2******* дугаар бүхий дипломыг тухайн үеийн Мэдээлэл компьютерийн сургуулийг Математикч, математикийн багш мэргэжлээр төгссөн Зандан овогтой Ө*******д олгосон байна. /Нотлох баримтыг хавсаргав/

4.Иргэн Д.Н*******т олгогдсон дипломын бүртгэлийн 9264 дугаарт тухайн үеийн Эдийн засгийн сургуулийг Нягтлан бодогч-Эдийн засагч мэргэжлээр суралцаж төгссөн Бүрэнжаргал овогтой Мөнхгэрэлд олгосон диплом байна. / Нотлох баримтыг хавсаргав/

5.Монгол Улсын Их сургуулийн захирлын 2000 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн 477 дугаар “Зарим оюутны төгсөлтийг хойшлуулах тухай” тушаалд Санхүүгийн анги дээр Д.Н******* гэсэн нэр орсон байна. /Нотлох баримтыг хавсаргав/

Иргэн Д.Н*******т олгогдсон дипломын дугаар болон бүртгэлийн дугаар нь тус тус Монгол Улсын Их сургуулийн өөр өөр төгсөгчийн нэр дээр бүртгэгдсэн, төгсөгчдийн нэрс баталсан тушаалд нэр нь байхгүй, Улсын шалгалтын комиссын хуралдааны тэмдэглэлд нэр нь дурдаагүй зэрэг байдал нь тус сургуулийн албан ёсны төгсөгч гэж хүлээн зөвшөөрөх боломжгүй байдлыг бий болгож байна” гэжээ. 

Иргэдийн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “Д.Н******* нь Төрийн тусгай хамгаалалтын газрын Үйлчилгээ, хангамжийн газрын даргын ажлыг хийж байхдаа диплом хуурамч гэх үндэслэлээр ажлаас халагдсан нь үндэслэлгүй гэж үзэж байна. Д.Н*******ын хэргийг үндэслэлгүй гэж үзэж байгаа тул ажилд нь буцаан томилох нь зүйтэй гэж үзэж байна” гэжээ. 

ҮНДЭСЛЭХ нь:

Иргэн Д.Н******* нь “1.Төрийн тусгай хамгаалалтын газрын даргын 2015 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн Б/340 дүгээр тушаалыг хүчингүй болгуулж, Төрийн тусгай хамгаалалтын газрын Хангамж, үйлчилгээний хэлтсийн даргын албан тушаалд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин хөлс, олговор, нэмэгдэл, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг зохих журмын дагуу гаргуулах, 2.Д.Н******* нь 1996-2000 онд Монгол Улсын Их Сургуульд санхүү, эдийн засагч мэргэжлээр суралцаж, дээд боловсрол эзэмшсэн эрх зүйн харилцаа байгаа болохыг тогтоож, хүлээн зөвшөөрүүлэх” шаардлага бүхий нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ. 

1.Төрийн тусгай хамгаалалтын газрын даргад холбогдох нэхэмжлэлийн шаардлагын талаар: 

Нэхэмжлэгч “ажиллах хугацаандаа ямар нэгэн зөрчил, дутагдал гаргаж байгаагүй, ажлаас түр чөлөөлөх хүсэлт гаргасан байтал өвчтэй байх хугацаанд ажлаас чөлөөлсөн, ажлаас чөлөөлөх тухай мэдэгдээгүй, тушаалыг гардуулаагүй” хэмээн маргажээ.

Нэхэмжлэгч анх Төрийн тусгай хамгаалалтын газрын даргын 2012 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн Б/25 дугаар тушаалаар Үйлчлэх тасгийн захиалга хүргэгч ажилтнаар томилогдон ажиллаж байжээ. Улмаар тус газрын даргын 2015 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн Б/04 дүгээр тушаалаар Д.Н*******ыг Хангалт, үйлчилгээний хэлтсийн даргаар дэвшүүлэн томилсон байна. (хх-27-28)

Төрийн тусгай хамгаалалтын газраас албан хаагчдын хувийн хэрэг, бичиг баримт үнэн зөв эсэх талаар шалгаж, улмаар нэхэмжлэгч Д.Н*******ын боловсролын дипломын талаар лавлагаа авахаар Боловсрол, соёл, шинжлэх ухааны яам, Монгол Улсын Их Сургууль, Мэргэжлийн хяналтын газарт албан бичгүүдэд хүргүүлсэн гэдэг нь хэрэгт авагдсан албан бичгүүдийн хуулбар /хх 1-р хавтас 47, 54-55/-аар тогтоогдож байна. 

Боловсрол соёл, шинжлэх ухааны яамны 2015 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 9/9920 /хх 1-р хавтас 47/, Монгол Улсын Их Сургуулийн 2015 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 2а/2103 /хх 1-р хавтас 46/, Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын 2015 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн 6/3676, 2015 оны 12 дугаар сарын 22-ны 6/3897 /хх 1-р хавтас 44, 45/ албан бичгүүдээр нэхэмжлэгч Д.Н*******ыг МУИС-ийн Эдийн засгийн сургуулийг Санхүү-татварын эдийн засагч мэргэжлээр D2******* дугаар бакалаврын дипломтой төгсөөгүй, Д.Н*******ын D20007052 дугаартай диплом нь Монгол Улсын Их сургуулийг 2000 онд “математикч” мэргэжлээр төгссөн З.Ө******* гэдэг хүний нэр дээр бүртгэлтэй байгаа талаар хариуг ирүүлжээ. 

Нэхэмжлэгч Д.Н******* нь боловсролын дипломын үнэн зөв талаар хариуцагч Төрийн тусгай хамгаалалтын газраас лавлагаа авч байсан болон өөрөө ажлаасаа чөлөөлөгдөх хүсэлтээ 2015 оны 11 дүгээр сарын 19-ны өдөр өгсөн гэдэг нь “...Би 1996-2000 оны хооронд МУИС-ын Эдийн засгийн ангийг оройгоор төгссөн боловч бичиг баримт олдохгүй байгаа МУИС-ыг шалгуулах хүсэлтэй байгаа тул түр хугацаагаар чөлөөлж өгнө үү...” /хх 1-р хавтас 18, 71/ гэсэн Тагнуулын ерөнхий газрын даргад нэхэмжлэгчийн бичгээр гаргасан хүсэлтээр тогтоогдож байна. 

Тагнуулын ерөнхий газрын даргад ажлаас түр чөлөөлөх нэхэмжлэгчийн хүсэлтийг харьяаллын дагуу Төрийн тусгай хамгаалалтын газар шилжүүлжээ /хх 1-р хавтас 17, 25/. 

Маргаан бүхий актыг гаргахын өмнө хариуцагч байгууллагын танилцуулах хуудас гэсэн баримт /хх 1-р хавтас 24, 2-р хавтас 113/-д дурдснаар нэхэмжлэгчийн хүсэлт шилжин ирсний дараа Төрийн тусгай хамгаалалтын газрын даргаас “ЗХНХ х/ч Ариунболдод хүсэлтийг нь харгалзан үзэж ажлаас чөлөөлөх тушаал гарга” гэсэн цохолтын дагуу “өөртэй нь утсаар холбогдож өргөдлийн дагуу түр чөлөөөлөх боломжгүй тул ажлаас чөлөөлөх болсныг мэдэгдэхэд зөвшөөрсөн тул тушаал гаргав” гэж шийдвэрлэх хэсэгт тэмдэглэгээ хийгдсэн байна. 

Энэхүү нэхэмжлэгчтэй утсаар ярьж тэмдэглэл үйлдсэн үйл баримттай холбоотойгоор нэхэмжлэгч талаас үгүйсгэсэн, няцаалт хийсэн аливаа тайлбар, баримтыг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гаргаагүй, нэхэмжлэгч талаас энэ талаар маргаагүй. 

Төрийн албаны тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.3-д төрийн жинхэнэ албан хаагчийг биеийн эрүүл мэндийн байдлын улмаас 1 жилээс дээш хугацаагаар албан ажлаа хийхгүйгээр эмчлүүлж, сувилуулах шаардлагатай болсон; гурван сараас дээш хугацааны сургалтаар бэлтгэгдэх болсон; цэргийн жинхэнэ алба хаах болсон; гэрч, хохирогчийг хамгаалах тухай хуулийн дагуу хамгаалалтын арга хэмжээнд хамрагдсан зэрэг тохиолдолд захиргааны санаачилагаар түр чөлөөлөхөөр заажээ. Харин нэхэмжлэгчийн хүсэлтэд дурдсан дипломын зөрчилтэй байдлаа шалгуулах үндэслэлээр төрийн албанаас түр чөлөөлөхөөр заагаагүй байна. 

Түүнчлэн Д.Н******* нь 2015 оны 11 дүгээр сарын 02-ны өдрөөс түүнийг ажлаас чөлөөлөх тушаал гарсан 2015 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр хүртэл хугацаанд ажилдаа ирээгүй, өвчний улмаас чөлөө авсан талаар баримтыг хариуцагч байгууллагад ирүүлээгүй гэдэг нь хариуцагчийн тайлбар /хх 1-р хавтас 14-16, 45-47/, төв байранд нэвтэрсэн илтгэх хуудас, хөдөлгөөний бүртгэлийн хуулбар, ажлын цагийн тооцоо /хх 1-р хавтас 56-59/  зэрэг баримтуудаар тогтоогдож байна. 

Д.Н******* 2015 оны 11 дүгээр сарын 16-ны өдрөөс 11 дүгээр сарын 30-ны хооронд эмнэлэгт хэвтэж эмчлүүлж байсан гэдэг нь эмнэлэгт хэвтэгчдийн цахим бүртгэл /хх 1-р хавтас 235/, эмчлүүлэгчийн эмнэлэгт хүлээн авсан бүртгэл, өвчтөний түүх /хх 1-р хавтас 194-202/ зэргээр тогтоогдож байна. 

Д.Н******* ажлаас чөлөөлөх тушаал гарч байгаа гэдгийг 2015 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр мэдсэн гэдэг нь түүнтэй утсаар холбогдож тэмдэглэл үйлдсэн танилцуулах хуудас /хх 1-р хавтас 24, 2-р хавтас 113/, хувийн эд зүйлээ өөрийн бие төлөөлөгчөөр өрөөнөөсөө авахуулсан байдал, ажил хүлээлцэх актад 2015 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр гарын үсэг зурсан /хх 1-р хавтас 22/ зэргээр тогтоогдож байна. 

Дээрх байдлуудаас дүгнэхэд, нэхэмжлэгч Д.Н******* нь өөрийнх нь боловсролын дипломын үнэн зөв байдлыг ажил олгогч байгууллагаас шалгаж байгааг мэдэж байсан, улмаар диплом нь зөрчилтэйн улмаас ажлаас түр чөлөөлөх хүсэлтийг өөрөө гаргасан, өргөдлийн дагуу түр чөлөөлөх боломжгүй ажлаас чөлөөлөх болсныг мэдэгдэхэд зөвшөөрсөн, маргаан бүхий актыг гарсан өдөр нь мэдсэн байдал нь түүнийг өөрийн хүсэлтээр ажил албан тушаалаас чөлөөлөгдөх хүсэлтээ гаргасан, маргаан бүхий актыг мэдэж байсан гэж үзэхээр байна.  

Үүний учир нэхэмжлэгч Д.Н*******ын өөрийнх нь хүсэлтийг үндэслэн захиргааны байгууллагаас Төрийн тусгай хамгаалалтын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасны дагуу өөрт олгогдсон бүрэн эрхийн хүрээнд, Төрийн албаны тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.3-д  заасны дагуу “төрийн жинхэнэ албан хаагчийг өөрийн санаачилгаар төрийн албанаас чөлөөлөгдөх хүсэлт гаргасан” үндэслэлээр нэхэмжлэгчийг төрийн албанаас чөлөөлсөн маргаан бүхий захиргааны акт нь хуульд нийцээгүй бөгөөд нэхэмжлэгч Д.Н*******ын хуульд заасан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн гэж үзэх үндэслэлгүй гэж дүгнэв. 

Иймд нэхэмжлэгч Д.Н*******ын “Төрийн тусгай хамгаалалтын газрын даргын 2015 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн Б/340 дүгээр тушаалыг хүчингүй болгуулж, Төрийн тусгай хамгаалалтын газрын Хангамж, үйлчилгээний хэлтсийн даргын албан тушаалд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин хөлс, олговор, нэмэгдэл, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг зохих журмын дагуу гаргуулах” гэсэн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэв. 

2.Монгол Улсын Их Сургуульд холбогдох нэхэмжлэлийн шаардлагын талаар:

Нэхэмжлэгч Д.Н******* нь Монгол Улсын Их Сургуулийн захирлын 1996 оны 11 дүгээр сарын 11-ны өдрийн 747 дугаар тушаал /хх 1-р хавтас 185-187/-аар Монгол Улсын Их Сургуулийн Эдийн засгийн сургуулийн санхүү татварын мэргэжлийн оройн 1-р ангид, мөн ангийн 2-р анги, 3-р ангид элсэн орсон гэдэг нь Монгол Улсын Их Сургуулийн захирлын 1997 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 677 дугаар тушаал /хх 1-р хавтас 188-189/, мөн захирлын 1998 оны 10 дугаар сарын 21-ны өдрийн 503 дугаар тушаал /хх 1-р хавтас 190-191/-аар тус тус тогтоогдож байна.   

Хэдийгээр нэхэмжлэгч “тухайн үед намайг Монгол Улсын Их Сургуульд суралцаж байсныг хамт суралцаж байсан ангийн хамт олон, сургагч багш нар нотлоно” хэмээн тайлбарлаж байх боловч хариуцагч байгууллага Д.Н*******ыг 1996 онд Монгол Улсын Их Сургуулийн Эдийн засгийн ангид элсэн орж, 1997, 1998 онд 2, 3-р ангид дэвшин орсон эсэх асуудлаар маргаагүй. 

Харин Д.Н*******ыг Монгол Улсын Их Сургуулийн Эдийн засгийн сургуулийг Санхүү-татварын эдийн засагч мэргэжлээр D2******* дугаар бакалаврын дипломтойгоор төгссөн мэдээлэл боловсролын мэдээллийн санд бүртгэгдээгүй, Д.Н*******ын D20007052 дугаартай диплом нь Монгол Улсын Их Сургуулийг 2000 онд “математикч, математикийн багш” мэргэжлээр төгссөн З.Ө*******д олгогдсон бүртгэлтэй байгаа гэдэг нь Боловсрол соёл, шинжлэх ухааны яамны 2015 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 9/9920 /хх 1-р хавтас 47/, Монгол Улсын Их Сургуулийн 2015 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 2а/2103 /хх 1-р хавтас 46/, Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын 2015 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн 6/3676, 2015 оны 12 дугаар сарын 22-ны 6/3897 /хх 1-р хавтас 44, 45/ албан бичгүүдээр тогтоогдож байна. 

Түүнчлэн нэхэмжлэгч Д.Н*******ын нэр дээр бичигдсэн хавтас хэрэгт авагдсан Монгол Улсын Их Сургуулийн Эдийн засгийн сургуулийг Санхүү-татварын эдийн засагч мэргэжлээр D2******* дугаар бакалаврын дипломыг баталгаажуулсан төгсөлтийн шалгалтын комиссын дарга, Монгол Улсын Их Сургуулийн захирлын гарын үсэг зэрэг нь хуурамч гэдэг нь Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2016 оны 6 дугаар сарын 15-ны өдрийн 3586 дугаар дүгнэлт /хх 2-р хавтас 21-36/-ээр нотлогджээ.

Мөн нэхэмжлэгч Д.Н******* Монгол Улсын Их Сургуулийн Эдийн засгийн сургуулийг Санхүү-татварын эдийн засагч мэргэжлээр төгсөөгүй гэдэг нь Монгол Улсын их сургуулийн Эдийн засгийн санхүүгийн салбарын татварын оройн 4-р ангийн төгсөх оюутнуудын нэрсийн жагсаалт /хх 1-р хавтас 163/, Монгол Улсын Их Сургуулийн захирлын 2000 оны 6 дугаар сарын 19-ний өдрийн 334 дүгээр төгсөгчдөд мэргэжил, боловсролын зэрэг, диплом, энгэрийн тэмдэг олгох тухай тушаалын хавсралт /хх 1-р хавтас 164-165/-д зэрэг баримтад Д.Н*******ын нэр байхгүй зэргээр нотлогдож байна.

Дээрх байдлаас дүгнэхэд нэхэмжлэгч Д.Н******* нь Монгол Улсын Их Сургуулийн Эдийн засгийн сургуулийг Санхүү-татварын эдийн засагч мэргэжлээр суралцан төгссөн, бакалаврын зэрэг авсан, мэргэжлийн диплом авсан гэдэг нь нотлогдохгүй байна. 

Маргаж байгаа харилцаа нь 1996-2000 оны дээд боловсрол суралцаж эзэмшсэн, мэргэжлийн  диплом буюу баримт бичиг олгогдсонтой холбоотой харилцаа байх тул тухайн үе буюу 1996-2000 онд мөрдөгдөж байсан Боловсролын тухай /1995 он/ болон Дээд боловсролын хууль /1995 он/-ийг шүүх хэрэглэх нь үндэслэлтэй байна. 

Боловсролын тухай хууль /1995 он/-ийн 8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Боловсролын баримт бичиг нь тухайн иргэний эзэмшсэн боловсролын агуулгын түвшин, мэргэжлийг нотлох албан ёсны баталгаа мөн.” гэжээ. Мөн Дээд боловсролын тухай хууль /1995 он/-ийн 5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Дээд боловсролын тодорхой шатны агуулгыг эзэмшигчдэд түүнийг нь гэрчлэн нотолсон үнэмлэх, дипломыг боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаас тогтоосон журмын дагуу эрх бүхий байгууллага олгоно.” гэжээ. 

Үүнээс үзэхэд дээд боловсролын диплом буюу баримт бичиг нь дээд боловсрол эзэмшсэнийг нотлох баримт бичиг бөгөөд нэхэмжлэгч Д.Н******* нь хууль ёсны дагуу дээд боловсролын диплом авсан гэдэг нь нотлогдохгүй байх учир нэхэмжлэгчийг Монгол Улсын Их Сургуулийн Эдийн засгийн сургуулийг Санхүү-татварын эдийн засагч мэргэжлээр суралцан төгссөн, бакалаврын зэрэг, мэргэжлийн диплом авсан гэж үзэх нь үндэслэлгүй байна. 

Иймд нэхэмжлэгч Д.Н*******ын “1996-2000 онд Монгол Улсын Их Сургуульд санхүү, эдийн засагч мэргэжлээр суралцаж, дээд боловсрол эзэмшсэн эрх зүйн харилцаа байгаа болохыг тогтоож, хүлээн зөвшөөрүүлэх” гэсэн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэв. 

 

          3ахиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.14-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь: 

 

1.Төрийн тусгай хамгаалалтын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, Төрийн албаны тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.3, Боловсролын тухай хууль /1995 он/-ийн 8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, Дээд боловсролын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг баримтлан нэхэмжлэгч Д.Н*******ын “Төрийн тусгай хамгаалалтын газрын даргын 2015 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн Б/340 дугаар тушаалыг хүчингүй болгуулж, Төрийн тусгай хамгаалалтын газрын Хангамж, үйлчилгээний хэлтсийн даргын албан тушаалд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин хөлс, олговор, нэмэгдэл, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг зохих журмын дагуу гаргуулах, Д.Н******* нь 1996-2000 онд Монгол Улсын Их Сургуульд санхүү, эдийн засагч мэргэжлээр суралцаж, дээд боловсрол эзэмшсэн эрх зүйн харилцаа байгаа болохыг тогтоож, хүлээн зөвшөөрүүлэх” гэсэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай. 

2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.1, 47 дугаар зүйлийн 47.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасны дагуу улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчээс төлсөн 70.200 (далан мянга хоёр зуун)  төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй. 

3.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.2-т заасны дагуу шүүхийн энэ шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д заасны дагуу хэргийн оролцогчид тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нь энэхүү шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг мэдэгдсүгэй. 

 

 

 

ШҮҮГЧ                 А.САРАНГЭРЭЛ

     ШҮҮГЧ                     Н.ДОЛГОРСҮРЭН

     ШҮҮГЧ                            М.ЦЭЦЭГМАА