Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 10 сарын 07 өдөр

Дугаар 62

 

 

Б.От холбогдох эрүүгийн

хэргийн тухай

 Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгчийн үүргийг түр орлон гүйцэтгэгч, шүүгч Н.Болормаа даргалж, шүүгч А.Сайнтөгс, Говьсүмбэр аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгчийн үүргийг түр орлон гүйцэтгэгч, шүүгч Г.Тэгшсуурь нарын бүрэлдэхүүнтэйгээр тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанд;

прокурор А.Д
шүүгдэгч Б.О
шүүгдэгчийн өмгөөлөгч Ж.Ч
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Баярмаа нарыг оролцуулан,

Дорноговь аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Х.Ганболд даргалж шийдвэрлэсэн, 2016 оны 08 дугаар сарын 08-ны өдрийн 16А дугаар цагаатгах тогтоолтой, шүүгдэгч Б.От холбогдох 2 хавтас 445 хуудас бүхий эрүүгийн 201510000243 дугаартай хэргийг улсын яллагчийн эсэргүүцлийг үндэслэн давж заалдах шатны шүүх 2016 оны 08 дугаар сарын 31-ний өдөр хүлээн авч шүүгч А.Сайнтөгс илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: О -т холбогдуулан аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн 138 дугаар зүйлийн 138.2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг анхан шатны шүүх 2016 оны 07 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцжээ.

Шүүгдэгч Б.О нь “***” хот тохижилтын газрын даргаар ажиллахдаа Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.1, 10 дугаар зүйлийн 10.1, 15 дугаар зүйлийн 15.1, 15.3, 17 дугаар зүйлийн 17.1, 18 дугаар зүйлийн 18.1, 18.2 дахь хэсэгт заасан заалтуудыг биелүүлээгүйгээс 2015 оны 08 дугаар сарын 27-ны өдөр уг газрын гагнуурчин ажилтай Тодгэрэлийн Очирсүх 50-27 ДГА улсын дугаартай Kia Boxer маркийн тээврийн хэрэгсэлд байрлах 14 метр өндөрт сунах зориулалттай, аюулгүй ажиллагааны баталгаажилт хийгдээгүй сагст өргөгч ашиглан өндрийн бэхэлгээ, каскгүйгээр үүрэг гүйцэтгүүлж Сайншанд сумын 2 дугар багийн нутаг дэвсгэрт байрлах нэгдсэн эмнэлгийн хажуугийн 22,6 метрийн өндөр СК-2 маркийн гэрэлт цамхагаас байнгын болгон бэхэлсэн зориулалтын бус шатнаас унаж амь насыг нь хохироосон гэмт хэрэгт  холбогджээ.

Анхан шатны шүүх: Шүүгдэгч Б.От аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 138 дугаар зүйлийн 138.2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1 дэх хэсэгт зааснаар хэрэгсэхгүй болгож шүүгдэгчийг цагаатгаж,
Шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, иргэний бичиг баримт хураагдаж ирээгүй болохыг дурдаж,
Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.1 дэх хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 25 метр урттай, 1,5 см диаметртэй цагаан өнгийн олс 1 ширхэгийг *** хот тохижилтын газарт цагаатгах тогтоол хүчин төгөлдөр болмогц буцаан олгож,
Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 297 дугаар зүйлийн 297.6.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчид урьд авсан батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүйд тооцож,
Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн  299.3-т зааснаар цагаатгах тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж,
Цагаатгах тогтоолыг эс зөвшөөрвөл ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч гардуулснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдаж шийдвэрлэжээ.

Улсын яллагч А.Д эсэргүүцэл болон давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбар, дүгнэлтдээ: 16А дугаар цагаатгах тогтоолыг зөвшөөрөхгүй байна. Т.Очирсүхийн ажил үүргээ гүйцэтгэж байгаад шатнаас унаж нас барсан явдалд Б.Оыг буруугүй, нотлох баримтуудаар тогтоогдохгүй байна гэж анхан шатны шүүх үзсэн. Улсын Дээд шүүхийн 2009.05.22-ны өдрийн 16 дугаар тогтоолд Эрүүгийн хуулийн 138 дугаар зүйлийн 138.1 дэх хэсэгт заасан хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, эрүүл ахуйн журмыг сахиж хангуулах үүрэг бүхий этгээд гэдэгт хэнийг хамааруулахыг хуульчилчихсан, мөн Дорноговь аймгийн Мэргэжлийн хяналтын газрын шинжээчийн 2015.09.08-ны 1106040/01, МХЕГ-ын ХНХХ-ын газрын хөдөлмөрийн хяналтын улсын ахлах байцаагч нарын 2015.12.04-ний өдрийн 05/078/38 дугаартай дүгнэлтүүдээр тогтоогддог. Мөн анхан шатны шүүхээс байнгын болон гэрэлт цамхагаас унасан гэж дүгнэсэн боловч, байгууллагын даргын өгсөн үүрэг нотлогдоогүй болно гэж дүгнэсэн байдаг. Хэрвээ О хэдийгээр уг шатыг гагна гэж үүрэг өгөөгүй боловч энэхүү зориулалтын бус шатан дээр гарч ажиллаж болохгүй шүү гэдгийг анхааруулах хэрэгтэй. Мөн үүнийг таслан зогсоох, Хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн хуулийн 28 дугаар зүйлд зааснаар эрсдэлтэй, нөхцөл байдал байгаа тохиолдолд таслан зогсоох үүрэгтэй байсан. Энэ үүргээ биелүүлээгүй. Kia Boxer маркийн тээврийн хэрэгсэлд байрлуулсан сагст өргөгчийн баталгаажилтыг 3 жилд 1 удаа мэргэжлийн байгууллагаар баталгаажуулалт хийх ёстой байтал хийлгээгүй болох нь шинжээч Ч.Алтангэрэл, гэрч Ж.О, яллагдагч Б.О нарын мэдүүлгээр тогтоогддог. Энэ нь Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.1 дэх заалтыг зөрчсөн. Мөн хуулийн 15 дугаар зүйлийн 15.1-т зааснаар ажил олгогч нь 1,5 метрээс дээш өндөрт гарч ажиллаж байгаа ажилтан нэг бүрийг өндрийн бүсээр хангах ёстой байсан боловч өндрийн бүсээр хангахгүй, олс олгосон болох нь гэрчүүд болон бусад баримтаар тогтоогдож байна. Ажил олгогч нь тухайн байгууллагын ажилтан нарт хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны сургалт явуулаагүй, дээрх хуулийн 17 дугаар зүйлийн 17.1 дэх заалтыг зөрчсөн болох нь мөн гэрч Ж.О, шүүгдэгч Б.О, гэрч Т.Алтан-Очир, Д.Орхонтуул нарын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг болон МХГ-ын шинжээч Ч.Алтангэрэлийн 1106040/01 дугаартай дүгнэлт зэргээр тогтоогдож байна. Иймд 16 А дугаартай цагаатгах тогтоолыг хүчингүй болгож өгнө үү гэв.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Ж.Ч давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 315 дугаар зүйлийн 315.1.1 дэх хэсэгт зааснаар эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгож, тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү гэсэн саналыг гаргаж байна. Анхан шатны шүүх эрүүгийн байцаан шийтгэх хууль зөрчөөгүй, хуулийг буруу хэрэглээгүй юм. Хавтаст хэрэгт авагдсан материалаас үзэхэд тухайн сагс юунаас болж унаад гэмтэл осол гарчихсан гэсэн нотлох баримт байхгүй. Тээврийн хэрэгсэл бүрэн бүтэн байсан. Гагцхүү тэр өндөрт гарахад сагсанд хүрэхгүй тэр доор байж байсан болохоос биш уг машинаас болж осол гараагүй юм. Мөн хэргийн 3 дугаар хуудсанд байгаа хэргийн газарт үзлэг хийсэн Алтангэрэл гэдэг хүн анхан шатны шүүх хуралдаанд оролцсон. Талийгаачид каск малгай машины кабинд байсан, малгайгаа өмсөөгүй байсан гэсэн мэдүүлэг өгдөг. Мөн тэр шон дээр 2 хүн хамт гарах ямар ч боломж байхгүй, нэг, нэгээрээ ээлжилж ажиллах боломжтой. Уг байгууллагад нэг бүс байсан. Тэр бүсийг Алтан-Очир зүүгээд дээшээ гарчихсан байсан. Тухайн үед талийгаач тэр сагсан дотроос дээш гарах шаардлага байхгүй байсан нь гэч Алтан-Очир, О, Орхонтуул нарын мэдүүлгүүдээр нотлогддог. Мөн олс тасарсан гэх зүйл байдаггүй. Тухайн үед юу болсон талаар Алтан-Очирын мэдүүлгээс харахад эрүүл мэндийн байдлаас уначихав уу гэсэн зүйл харагддаг. Гэнэтхэн муухай хашгираад, гар нь татаад гэнэтхэн ухаан алдчихав уу гэмээр унасан. Өмнө нь олон хоног согтууруулах ундаа хэрэглэснийх ч юм уу, эрүүл мэндийн байдал нөлөөлсөн байх магадлал байдаг. Оын хувьд тухайн үед ээлжийн амралттай байсан. Энэ үүргийг өгч дээшээ гаргуулаагүй. Орлогчоор ажиллаж байсан Ж.О бол энэ хүмүүст уг үүргийг өгсөн байдаг. Сургалтын тухайд өдөр болгон цахилгаанчин болон гагнуурчиндаа хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангаж ажиллах талаар зааварчилгааг өгсөн байдаг нь хэргээс харагддаг. Талийгаачийн хувьд хөдөлмөрийн аюулгүй байдлаа сахиж хамгаалаагүй байгаа. Тийм учраас Б.Оыг хүний амь нас хохироосон гэм буруутайд тооцох үндэслэлгүй тул анхан шатны шүүхийн цагаатгах тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү гэв.

                                                      ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүгдэгч Б.Оыг прокурор Сайншанд сумын  “ ***”  хот тохижилтын газрын даргаар ажиллаж байхдаа Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийг зөрчиж хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангаж ажиллаагүйн улмаас ажилтан Очирсүх нь 22.6 метрийн өндөр СК-2 маркийн гэрэлт цамхагаас байнгын болгож бэхэлсэн зориулалтын бус шатнаас унаж  амь нас нь хохирсонд ажил олгогчийн зүгээс буруутай гэж түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 138 дугаар зүйлийн 138.2-т зааснаар яллуулахаар анхан шатны шүүхэд шилжүүлснийг шүүх хэргийг хянан хэлэлцээд шүүгдэгчийг гэм буруугүйд тооцож, түүнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож цагаатгасан тогтоол нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 284 дүгээр зүйлд зааснаар хууль ёсны ба үндэслэлтэй болсон байна.

Урьд нь буюу 2016 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн давж заалдах шатны шүүхийн 23 дугаар магадлалаар анхан шатны шүүх шүүгдэгчид холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож цагаатгасан байсныг хүчингүй болгож, уг хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа бүрэн биш хийгдсэн, хэргийн талаар нотолбол зохих асуудлуудыг бүрэн нотлоогүй, Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн заалтыг шүүгдэгч чухам яаж зөрчсөн нь тодорхой бус, тухайн осол яг юунаас болж гарсныг мөн хангалттай шалгаагүй байна гэх үндэслэлүүдээр хэрэгт нэмэлт мөрдөн байцаалт хийлгэхээр прокурорт буцаасан боловч давж заалдах шатны шүүхийн магадлалын дагуу хэргийг мөрдөн байцаалт болон прокурорын шатанд сайн шалгаж тогтоосон зүйлгүйгээр дахин яллах дүгнэлт бичиж шүүхэд ирүүлснийг анхан шатны шүүх хавтаст хэргийн хүрээнд шүүгдэгч Б.От холбогдох хэрэг нотлогдохгүй байна гэсэн үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, түүнийг цагаатгасныг давж заалдах шатны шүүх дахин дахин үндэслэлгүй гэж үзэх боломжгүй гэж үзлээ.

Анхан шатны шүүхээс хэргийн нөхцөл байдалд хийсэн дүгнэлт үндэслэлтэй байна.
Иймд  хэргийг анхан шатны шүүхээр дахин шийдвэрлүүлэхээр шийтгэх тогтоолыг хүчингүй болгуулах тухай прокурорын эсэргүүцэл үндэслэлгүй байна гэж үзлээ.
           Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 313, 315 дугаар зүйлийн 315.1.1, 325 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Дорноговь аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 08 дугаар сарын 08-ны өдрийн 16А дугаартай цагаатгах тогтоолыг хэвээр үлдээж, прокурорын эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Давж заалдах шатны шүүх магадлал гаргахдаа Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг ноцтой зөрчсөн, эсхүл Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж үзвэл шүүгдэгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн өмгөөлөгч нар магадлалыг гардаж авснаас хойш 14 хоногийн дотор хяналтын шатны шүүхэд гомдол гаргах, Улсын ерөнхий прокурор мөн хугацаанд эсэргүүцэл бичих эрхтэйг тус тус дурьдсугай.  

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Н.БОЛОРМАА
                   ШҮҮГЧИД                                     Г.ТЭГШСУУРЬ
                                                            А.САЙНТӨГС