| Шүүх | Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Данзангийн Сарантуяа |
| Хэргийн индекс | 164/2018/0068/э |
| Дугаар | 76 |
| Огноо | 2018-08-02 |
| Зүйл хэсэг | 17.1.2.1., |
| Улсын яллагч | Д.Ариунжаргал |
Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2018 оны 08 сарын 02 өдөр
Дугаар 76
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Говь-Алтай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Сарантуяа даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ө.Халиунаа,
Улсын яллагч Д.Ариунжаргал,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Болормаа,
Шүүгдэгч У.Б нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Говь-Алтай аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдсон У.Б-д Эрүүгийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 19.1 дүгээр зүйлд зааснаар эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ авахуулах тухай прокурорын саналтай эрүүгийн 1816000880041 дугаартай хэргийг 2018 оны 07 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, *** аймгийн *** сумын харьяат, *** оны *** дугаар сарын ***нд төрсөн, *** настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, ам бүл 1, *** аймгийн*** сумын *** тоотод оршин суух бүртгэлтэй, өмнө нь Говь-алтай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн .... тоот шүүхийн тогтоолоор Эрүүгийн байцаан шийтгэх хуулий 358 дугаар зүйлийн 385.1 дэх хэсэгт зааснаар эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ авагдаж байсан, төрөөс авсан гавьяа шагналгүй, ....., *** овогт У-гийн Б
Холбогдсон хэргийн талаар: Шүүгдэгч У.Б нь 2018 оны 03 сарын 27-ноос 2018 оны 04 сарын 03-ны өдрийн хооронд *** аймгийн*** сумын *** багийн *** дугаар цэцэрлэгийн байранд байсан монгол гэрийн туурга 5 ширхэг, дээвэр 1 ширхэг, гэрийн бүс 1 ширхэг зэргийг хулгайлж, хохирогч Ж.Г-т 294.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ./Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
Шүүх хуралдаанаар тогтоогдсон шүүгдэгч У.Б 2018 оны 03 сарын 27-ноос 2018 оны 04 сарын 03-ны өдрийн хооронд *** аймгийн *** сумын *** багийн *** дугаар цэцэрлэгийн байранд хураасан байсан хохирогч ***-ийн монгол гэрийн туурга 5 ширхэг, дээвэр 1 ширхэг, гэрийн бүс 1 ширхэг зэргийг хулгайлж 294000 төгрөгийн буюу бага хэмжээний хохирол учруулсан нөхцөл байдал нь хохирлын хэмжээгээр гэмт хэрэг үйлдсэнд тооцохгүй боловч бусдын эд хөрөнгийг агуулах савд нэвтэрч хулгайлсан шинжээрээ Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг мөн байна гэж шүүх дүгнэлээ.
Тухайн гэмт хэрэгт шүүгдэгч У.Б гэм буруутай болох нь хохирогч Ж.Г-ийн мэдүүлэг/хх 11-12-рт/, гэрч Д.Э-ны мэдүүлэг/хх 13-рт/, гэрч Ж.Б-гийн мэдүүлэг/хх 14-рт/, гэрч С.Э-гийн мэдүүлэг/хх 16-рт/, гэрч Х.Б-ийн мэдүүлэг/хх 17-рт/, гэрч Д.О-гийн мэдүүлэг/хх 19-рт/, гэрч З.О-гийн мэдүүлэг/хх 20-рт/, гутлын улны мөрөнд хийсэн шинжээчийн дүгнэлт, фото зургийн үзүүлэлт/хх 24-28-рт/, эд зүйлийн үнэлгээ/хх 34-рт/, иргэний нэхэмжлэгч С.Э-гийн мэдүүлэг/хх 93-рт/ зэрэг хавтаст хэрэгт авагдсан бусад нотлох баримтууд болон эд мөрийн баримтаар тогтоогдож байна гэж үзлээ.
Шүүгдэгч У.Б нь сэтгэц мэдрэлийн өвчин болох унаж татах, зан төрхийн өөрчлөлт өвчтэй, өөрийгөө удирдаж хянах, хэрэг хариуцах чадваргүй байх үедээ гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүх сэтгэц эмгэг судлалын магадлагааны акт /хх-37-39/-аар болон шинжээч эмч Ш.Ю-агийн мөрдөн байцаалтад мэдүүлсэн: “...У.Б нь миний хяналтанд байдаг. Сэтгэцийн өвчний учир хяналтанд байгаа ба өвчний онош нь тархины гэмтэл, үйлийн шалтгаант зан төрхийн өөрчлөлт, уналт таталт, харааны хий үзэгдэл, дэмийрэл, хулгайн дон гэсэн хавсарсан өвчнүүд дагалдана... У.Б нь хэрэг хариуцах чадваргүй өвчний гүнзгий хэлбэрт шилжиж байгаа өмнө нь шүүхээр 2 удаа хулгайн хэргийн улмаас албадан эмчилгээ хийлгэх ял шийтгэл авч Улаанбаатар хот СЭМҮТ-ийн хуулийн тасагт албадан эмчилгээнд 2 удаа хамрагдаж байгаад сүүлд 2017 онд ирсэн...” гэсэн мэдүүлэг/хх 22-рт/, мөрдөн байцаалтад дахин мэдүүлсэн: “... У.Б нь сэтгэц мэдрэлийн өвчин болох тархиний гэмтлийн дараах зан төрхийн өөрчлөлт, уналт, таталт гэсэн өвчтэй сэтгэцийн эмчийн байнгын хяналтанд байдаг өвчтэй юм. Эн өвчин нийгэм болон өөртөө болон бусдад аюултай үйлдэл хийх эрсдэлтэй өвчин юм. У.Б нь хулгай хийх хулгайн донтой хүнд өвчтэй байгаа юм. У.Б унаад босож ирээд юу хийснээ мэддэггүй, өөрийгөө хянах чадваргүй...Ядарсүн үед их өвчин нь илрэх шинжтэй. Зан төрхийн өөрчлөлт илэрдэг. Өвчний шинж чанараас шалтгаалж сэтгэцийн өөрчлөлтүүд дагаж хасарч явдаг. Энэ хүний өвчин нь эдгэрэх боломжгүй. Цаашид улам гүнзгийрч өвчин даамжирна...” гэсэн мэдүүлэг/хх 95-рт/ зэргээр нотлогдож байх тул шүүгдэгч У.Б нь өөрийн үйлдлийнхээ нийгмийн аюулын шинж чанарыг ухамсарлах буюу үйл ажиллагаагаа удирдан жолоодох чадваргүй болох нь тогтоогдож байна гэж шүүх дүгнэлээ.
Иймд Говь-Алтай аймгийн Прокурорын газраас ирүүлсэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 19.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ хэрэглэх саналыг хүлээн авч, У.Б-ийг сэтгэцийн байдал, үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, түүний хувийн байдал зэргийг харгалзан Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвд донтох зуршлын эсрэг эмчилгээг 01 жилийн хугацаагаар хийлгэх эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ хэрэглэх үндэслэлтэй гэж үзэв.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эсгий 1 ширхэгийг хохирогч Ж.Г-т, гутал 1 ширхэгийг шүүгдэгч У.Б-д буцаан олгож, шүүгдэгч цагдан хоригдоогүй, хөрөнгө битүүмжлээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны шүүгдэгчээс гаргуулах зардалгүй, иргэний цахим үнэмлэхгүй, хохирогч, иргэний нэхэмжлэгч нар хохирол нэхэмжлээгүй зэргийг тус тус дурдах нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 19.3 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Урианхай овогт У-гийн Б-ийг Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг агуулахад нэвтэрч хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болохыг тогтоосугай.
2. Эрүүгийн хуулийн 5.1 дүгээр зүйл, 6.3 дугаар зүйлийн 2, 3, 7.4 дүгээр зүйлийн 7, 9 дэх хэсэгт заасан шүүгдэгч У.Б-д ял оногдуулахгүйгээр Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвийн Шүүх сэтгэц, эмгэг судлалын клиникт 01 жилийн хугацаагаар донтох зуршлын эсрэг эмчилгээ хийлгэх, эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ хэрэглэсүгэй.
3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлд зааснаар эд мөрийн баримтаар хураагдсан эсгий 1 ширхэгийг хохирогч Ж.Г-т, гутал 1 ширхэгийг шүүгдэгч У.Б-д тус тус олгосугай.
4. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 190 дүгээр зүйлийн 190.2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр гармагц У.Б-ийг албадан эмчлэх байгууллагад хүргэхийг Говь-Алтай аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хэлтэст даалгасугай.
5. Шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
6. Энэ хэрэгт шүүгдэгч цагдан хоригдоогүй, хөрөнгө битүүмжлээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны шүүгдэгчээс гаргуулах зардалгүй, иргэний цахим үнэмлэхгүй, хохирогч, иргэний нэхэмжлэгч нар хохирол нэхэмжлээгүй зэргийг тус тус дурдсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 38.1 дүгээр зүйлд зааснаар шүүхийн тогтоолыг зөвшөөрөхгүй байгаа гардуулсан хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, түүний өмгөөлөгч, хохирогч нар Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.
9. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шүүхийн тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Д.САРАНТУЯА