Говь-Алтай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 08 сарын 03 өдөр

Дугаар 74

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Говь-Алтай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Сарантуяа даргалж, шүүгч Ж.Отгонхишиг, З.Нандинцэцэг нарын бүрэлдэхүүнтэй,

Иргэдийн төлөөлөгч С.Батбаяр,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ө.Халиунаа,

Улсын яллагч Ц.Сайнхүү,

Шүүгдэгч Т.П-ийн өмгөөлөгч Д.Ариун-Эрдэнэ,

Шүүгдэгч Э.Б-ын өмгөөлөгч Ж.Мөнхнасан,

Хохирогч Л.Ц ,

Шүүгдэгч Т.П , Э.Б  нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Говь-Алтай аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн 11.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч  Адуучин овогт Т-ын П , мөн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч  Бэсүд овогт Э-ы Б  нарт холбогдох 17160006800031 дугаартай эрүүгийн хэргийг 2018 оны 04 дүгээр сарын 09-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

 

1. Монгол Улсын иргэн, халх, Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын харьяат, 1991 оны 02 дугаар сарын 14-ний өдөр төрсөн, 27 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ажилгүй, ам бүл 3, эхнэр хүүхдийн хамт Говь-Алтай аймгийн .............сумын .... багийн 6-7 тоотод оршин суух хаягтай, төрөөс авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгүүлж байгаагүй, ............... регистрийн дугаартай, Адуучин овгийн Т-ын П .

 

2. Монгол Улсын иргэн, халх, Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын харьяат, 1990 оны 02 дугаар сарын 20-ны өдөр төрсөн, 27 настай, эрэгтэй, дээд боловсролтой, барилгын инженер мэргэжилтэй, “Мөрөн Алтай” ХХК-д ерөнхий инженер ажилтай, ам бүл 4, эхнэр 2 хүүхдийн хамт Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын ............баг 24-р байр, 05 тоотод оршин суух, төрөөс авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгүүлж байгаагүй, ........... регистрийн дугаартай, Бэсүд овгийн Э-ны Б .

 

Холбогдсон хэргийн талаар:

 

Шүүгдэгч Т.П  нь 2017 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр Говь-Алтай аймгийн Цээл суманд Л.Ц , Э.Б  нарыг “та хоёр намайг гар утас хулгайлсан гэлээ” гэх шалтгаанаар зодож, Л.Ц , Э.Б  нарын эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсан, шүүгдэгч Э.Б  нь 2017 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр Говь-Алтай аймгийн Цээл суманд Т.П-той зодолдож, Т.П-ийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг тус тус үйлджээ. /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч Т.П , Э.Б , хохирогч Л.Ц  нар  2017 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр Говь-Алтай аймгийн Алтай сумруу чулуунд явж байх замдаа Цээл сумын төвд архи ууж улмаар шүүгдэгч Т.П   Л.Ц-ыг “та хоёр намайг гар утас хулгайлсан гэлээ” гэх шалтгаанаар зодсон мөн тус сумын цагдаагийн хэсгийн байранд Б-тай маргалдаж түүнтэй харилцан зодолдсон хэргийн үйл баримт нь хэрэгт авагдсан

 

Шүүгдэгч Т.П-ийн шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэг өгөхийг зөвшөөрч байна гээд мэдүүлсэн:  “...Бид 3 Цээл рүү явсан. ...Би гэмтэл учруулсан гэдгээ хүлээн зөвшөөрч байгаа. Гэм буруугаа ойлгож байна... Бид гурав замдаа ирж байгаад хоорондоо ярилцаад энэ хоёр чи намайг ингэж зодсон, чи намайг тэгж зодсон гээд тэгээд би өөрөө зүгээр болохоор энэ хоёрыг зодсон юм байна гээд цагдаа дээр тэгж мэдүүлэг өгсөн... Өөрийнхөө хийсэн үйлдлээ сайн ойлгож байгаа. Энэ хоёр хүнд хүнд гэмтэл учруулаад ийм зүйл болж байгаа гэдгийг сайн ойлгож байгаа... Э.Б-тай цагдаагийн байранд зодолдсон тэрнээс үүссэн... Э.Б бид хоёр цагдаагийн байранд гутлаа тайлсан байж байсан. Э.Б  би чамд хүрэхгүй ч гэсэн миний үр хүүхэд чамд хүрнэ гээд намайг учир зүггүй нүдсэн. Би тэвэрч аваад хоёр цохисон... Би зодолдоод Э.Б-т гэмтэл учруулсан болохоор гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа, миний буруу... Хүлээн зөвшөөрч байгаа... Шууд ирээд эмнэлэгт хэвтүүлээд хоолыг нь зөөгөөд эмнэлгийн төлбөрийг нь төлөөд эм тариаг нь авч өгсөн... Эмнэлгийн төлбөр төлсөн, тусдаа эхлээд 500.000 төгрөг дараа нь 1.500.000, 1.500.000 төгрөг өгсөн. Дараа нь Л.Ц-т 800.000 төгрөг өгсөн...” гэсэн мэдүүлэг,  

 

Шүүгдэгч Э.Б-ын шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэг өгөхийг зөвшөөрч байна гээд мэдүүлсэн:  “...Бид нар 9 сард явж байгаад Цээлд архи дарс ууснаас болж ийм асуудал үүссэн. Тухайн үед архи ууссан байхад Л.Ц  бид хоёрын согтолтын хэмжээ их байсан. Энэ хоёр эхэлж зодолдоод салгах гэсэн болохгүй байхаар нь цагдаад очиж хэлье гээд ганцаараа цагдаа дээр очсон. Тэгээд очиход цагдаа нь байхгүй байж байгаад хэсэг хугацааны дараа ирээд урд хамар дээр машинаа тавьсан ингэсэн гээд хэлсэн чинь цагдаа нь очиход энэ хоёр байхгүй өөрсдөө алхаж ирсэн. Тэгээд Т.П  бид хоёрыг үлдээгээд явсан. Тэгээд босч ирээд намайг цохиод авсан тэрнээс хойшихыг сайн санахгүй байгаа. Цагдаад мэдүүлгээ өгсөн байгаа, ер нь болсон зүйлийг бараг мартаж байна... Т.П  эхлээд та хоёр хоёулаа нийлээд ч наад гарч чинь хүрч чадахгүй шүү хоёр банди минь гээд байсан. Би ямар ч гэсэн заамдаж авсан миний хажуу тал руу цохиод би тонгойгоод унасан тэгээд дээрээс нүдсэн. Тэгээд сумаас аваад аймаг явья гэсэн жоохон явж байгаад амьсгалж чадахаа болиод эмнэлэг дээр нь очиж тариа хийлгээд наашаа ар гэр рүүгээ яриад эндээс хүмүүс дуудаад энд ирж эмнэлэгт хэвтсэн... ямар ч гэсэн та хоёр хүрэхгүй шүү гэж хэлснийг санаж байна... Эмчилгээний зардал өгсөн, Т.П-ийн хэлсэн мөнгө өгсөн... Ер нь согтолттой байсан... Замдаа нээх юм яриагүй. Эндээс орой гарсан Т.П  унтаад өгсөн байсан. Цээлийн наана очоод дугуй хагараад тэндээ хоночихоод дугуйгаа янзлаад цаашаа гарсан... Бүрэн авсан нэхэмжлэх зүйл байхгүй... Миний биед өвдөж байгаа асуудал байхгүй, ажлаа хийж байгаа. Л.Ц  мөн ажлаа хийж байгаа. Тийм учраас Т.П-д бага ял оногдуулж өгнө үү гэж хүсэж байна... Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Миний ялыг хамгийн доод хэмжээгээр оногдуулж өгнө үү...” гэсэн мэдүүлэг,

 

Хохирогч Л.Ц-ын шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн: “...Т.П , Э.Б  хоёрын ярьсан зүйл үнэн. Цээлийн наана нь дугуй хагараад хоночихоод Цээл орж хоол идэхэд Т.П-ийн найз ирсэн. Бид нар архи уугаагүй байсан тэр Г  гэдэг найз нь архи авчирч өгсөн. Тэнд байж байгаад Э.Б  Г  хоёр барилдаж байгаад хэдүүлээ сумын төвөөс холдож архи гаргаж байгаад явъя гээд явсан. Т.П  ард талын суудал дээр суугаад явж байсан, буухаар нь бие засах гэж байгаа юм байлгүй гэж бодсон чинь миний талын хаалга онгойгоод хөлнөөс татаж унагаасан. Унагаагаад дээрээс дэвсээд би чамтай зодолдохгүй гэсэн чинь та хоёрын гар утсыг би хулгайлаагүй. Та хоёр намайг гар утас хулгайлсан гэж бодож байгаа юм уу гэхээр нь юу гэж чамайг гар утас хулгайлсан гэж бодож байсан бол юу гэж дагуулж цуг явж байдаг юм гэж хэлсэн. Тэгээд тэрнээс хойших зүйлийг ер нь санахгүй байгаа... Эхлээд 500.000 төгрөг, дараа нь 1.500.000 төгрөг дараа нь 800.000 төгрөг өгсөн... Би багаасаа тамхи татсан уушги жоохон цэртэй байж магадгүй... Би аймгийн 60 жилээр аваарт орсон. Тэгэхдээ тэр үед хавирга хугарсан эсэхийг нь мэдээгүй. Морьтой явж байгаад машинд мөргүүлсэн... Нугаснаасаа ус авахуулж байсан... Би унагаснаас өмнөхийг бүгдийг нь санаж байгаа. Тэрнээс хойшихыг санахгүй байгаа... нэхэмжлэх зүйл байхгүй ... Т.П-ийн ялыг 3 жилээр хамгийн доод хэмжээгээр шийдэж өнгө үү...” гэсэн мэдүүлэг,

 

Хохирогч Л.Ц-ын мөрдөн байцаалтад мэдүүлсэн: “...П  нь машинд 5-10 минут унтсан. Тэгж байгаад босоод машинаас буугаад явсан. Би тухайн үед П-ийг бие засах гэж байгаа юм байх гэж бодож байтал П  нь машин тойрч ирээд миний сууж байсан хэсгийн хаалгыг нээгээд намайг хөлнөөс татаж унагаасан. Тэгээд миний цээжин дээр 2-3 удаа дэвссэн…” гэсэн мэдүүлэг /1-р хх 19-20-рт/,

 

Шүүгдэгч Э.Б-ын мөрдөн байцаалтын шатанд хохирогчоор өгсөн "...П машинаас буугаад Ц-ыг татаж буулгаад газарт унагаагаад дээр нь дэвссэн. Би машины урд хэсэгт сууж байгаад машинаас буугаад очиж салгах хооронд П  нь Ц-ын дээр нь гараад суусан нүүрэнд нь цохиж байсан. Ц  би чамтай зодолдохгүй гээд доор нь байж байсан. Би П-ийг чи болиоч хол явж байж хоорондоо зодолдоод гэж хэлсэн чинь та нийлээд намайг пойлдож зодох гэж байна уу гээд надруу дайраад миний нүдрүү цохиод авсан...би П-д хол явж байж наад утасны асуудлаа болиоч гэж хэлсэн чинь миний цээжинд өшиглөсөн, тэгээд намайг доошоо унасан чинь миний дээр суучихаад намайг зодоод эхэлсэн юм...” гэсэн мэдүүлэг /1-р хх 27-28-рт/,

Гэрч Т.С-ийн мөрдөн байцаалтад мэдүүлсэн: “...Би Ц-ыг сугадаж өргөөд эмнэлэг рүү авч явсан, тэгэхдээ Г , Б , П  гурвыг саатуулах байранд хийсэн. Би Ц-ыг эмчид үзүүлсэн чинь 4-р хавирга нь хугарсан байна, дотуур цус алдаж байна, яаралтай аймаг руу авч яв гэж хэлээд эм тариа хийсэн, би эм тарианы мөнгийг өөрөөсөө гаргаж өгөөд Ц-той хамт цагдаагийн байран дээр ирсэн, тэгэхэд Б  нь миний цээжээр хатгаад би босч чадахгүй байна гэж хэлээд сууж байсан. Би Б-ыг Г-тэй авч яваад эмчид үзүүлсэн чинь хавирга нь хугарсан байх магадлалтай, яаралтай аймаг авч яв гэж хэлсэн...” гэсэн мэдүүлэг/1-р хх 49-50-рт/,

Гэрч Ч.Г-гийн мөрдөн байцаалтад мэдүүлсэн: “...Голын урд талын дэнж дээр машин зогсож байсан, би машин дээр нь яваад очиход Б  нь тэнд байгаагүй, харин тэнд сахалтай, гэзэгтэй залуу/Ц /, П  хоёр байсан бөгөөд П  нь Цэрэндолгорыг зодож байсан, би П-ийг салгаад тэр хоёрыг аваад явган Цээл сумын Цагдаагийн хэсгийн байран дээр очсон, тэгэхэд Б нь Цагдаагийн газарт очсон байсан юм...Б , Пүрэвдорж бид гурав эрүүлжүүлэх байранд хамт үлдсэн байхад Б , П  нар хоорондоо зодолдсон... эрүүлжүүлэх байранд тэр хоёр маргалдаж байгаад шууд л зодолдоод эхэлсэн юм. Уг нь Болдбаатарыг анх эрүүлжүүлэхэд хийж байхад түүний биед учирсан гэмтэл нь гайгүй байсан байх, харин П нь эрүүлжүүлэх байранд байхдаа Б-ыг унагааж байгаад дээр нь дэвссэн юм... машин дээр явган яваад очиход Б  тэнд байгаагүй, харин П  нь Ц-ыг газарт унагаасан, цээжин дээр нь нэг удаа дэвсээд нүүрэнд нь гараараа нэг удаа цохиж байсан, түүнээс өмнө яаж зодсон гэдгийг би мэдэхгүй байна...” гэсэн мэдүүлэг/1-р хх 51-52-рт/,

Гэрч Т.Б-гийн мөрдөн байцаалтад мэдүүлсэн: “...П  нь та хоёр намайг гар утас авсан гэж бодож байгаа юм байна гээд зодсон гэсэн. П  нь эхлээд Ц-ыг цохиж зодсон гэсэн. Тэгэхэд манай нөхөр Болдбаатар салгаж болиулах гээд очсон чинь П  манай нөхрийг зодсон гэж хэлж байсан. Мөн цагдаагийн газарт П , Б  нарыг үлдээгээд Ц-ыг аваад эмнэлэг явсан байхад П  нь Б-ыг нэмж зодсон гэсэн...” гэх мэдүүлэг /1-р хх 44-рт/...” гэсэн мэдүүлэг зэргээр тогтоогдож байна.

 

Шүүгдэгч П-ийн Л.Ц-ыг зодсон үйлдлийн улмаас Л.Ц-ын биед 2, 3, 4 ,5-р хавирганы хугарал, цээжний хөндийн хий, шингэн хурагдалт, зүүн уушигны авчилт гэмтэл, мөн Э.Б-тай харилцан зодолдсон үйлдлийн улмаас Э.Б-ын биед зүүн 4 ба 9-р хавирганы хугарал, цээжний хөндийн хий, шингэн хурагдалт, зүүн уушгины авчийлт гэмтэл буюу Л.Ц , Э.Б  нарын эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсан учирсан нь  шинжээч эмч Т.А-ын шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн: “...Л.Ц-ын биед цээжний хөндийн хий хуралт, зүүн уушигны шалчийлт, зүүн уушигны няцрал цээж хүзүүний арьсан доогуур хий хуралдалт гэсэн гэмтэл байгаа. Хамгийн гол нь цээжний хөндийн хий, шингэн хуралт нь амь насанд аюултай гэмтэл байсан учраас гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.12-т цээж болон үнхэлцэг хэвлийн хөндийд хий шингэн агаар хуралдах юм бол хүнд гэмтэлд хамаарна гэж заасан байгаа. Хавирга ясанд гэмтэл учруулахгүйгээр эдгээр гэмтэл учрах боломжтой. Л.Ц-ын биед хөл хэвлий орчим гэмтэл байгаагүй. Мотоциклиор мөргөхөд хөлний мөч орчим гэмтэл үүснэ гэтэл хөлний орчим гэмтэл үүсээгүй байгаа учраас мотоциклиор мөргүүлсэний улмаас эдгээр гэмтлүүд үүсээгүй... Хохирогч Э.Б-ын биед дүгнэлт гаргахдаа Э.Б-ын биеийг үзсэн мөн эмнэлгийн бичиг баримтыг үндэслэн дүгнэлт гаргасан. Цээжний хөндий шингэн хуралт, уушиг шалчийлт гэмтэл үүссэн учир гэмтлийн хүнд зэрэгт хамаарсан байгаа. Хохирогч нарын биед үүссэн гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр цохилт доргилтод үүсэх боломжтой..." гэсэн мэдүүлэг/хх 55-57-рт/,

Шүүгдэгч Т.П-ийн мөрдөн байцаалтад хохирогчоор мэдүүлсэн: “...Тухайн үед Б  бид хоёр хоёулаа гутлаа тайлсан байсан ба би эрүүлжүүлэх байранд хана налсан сууж байхад Б  нь босож ирээд үгийн зөрүүгүй миний үр хүүхэд чамд хүрнэ за юу гэж хэлээд гараа савчаад намайг цохиод дайрсан юм, тэгэхээр нь би босч ирээд Б-ыг зодсон юм...” гэсэн мэдүүлэг/1-р хх 37-38-рт/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шүүх эмнэлгийн үзлэг хийсэн 283, 284, 285 дугаартай акт, өвчний түүхүүд/1-р хх 62-68, 82-98, 102-103-рт/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч С.О , Ц.Б , Н.Э  нарын бүрэлдэхүүнтэйгээр 2018 оны 05 дугаар сарын 09-ны өдрийн Хэргийн материалаар хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээ №529 дугаартай “...1. Л.Ц , Э.Б  нарын хэвтэж эмчлүүлсэн гэх өвчний түүхтэй танилцаж рентген зургууд болон хяналтын зураг авч дахин уншуулахад цээжний хөндийд хий, шингэн хурагдалт, хий, шингэнийг соруулах мэс ажилбар хийгдэж гуурс тавигдсан зэрэг гэмтэл тогтоогдлоо.

2. Дүгнэлт гаргуулахаар ирүүлсэн рентген зураг, CD-г дахин уншуулахад цээжний хөндийн хий шингэн хурсан, уушиг авчийсан зэрэг гэмтлүүд батлагдаж байна.

3. Дахин авсан хяналтын зургаар Л.Ц-ын биед 2, 3, 4-р хавирга эгэмний дунд шугамаар, Э.Б-ын биед суганы шугамаар зүүн 4-р хавирганы бороолж эдгэсэн хуучин хугарал гэмтлүүд тогтоогдлоо.

4. Л.Ц , Э.Б  нарын биед тогтоогдсон шүүх эмнэлгийн 283, 285 тоот дүгнэлтүүд үндэслэлтэй байна.

5. Л.Ц , Э.Б  нарын биед тогтоогдсон уушиг авчийсан гэмтэл нь тухайн үед эмчлэгдсэн өвчний түүх, рентген зургуудаар батлагдаж байна.

6. Тухайн үед хэвтэж эмчлүүлсэн гэх өвчний түүхэнд гэмтлийн гаралтай уушиг авчийсан гэх онош тавигдаж эмчлэгдсэн байна...” гэсэн шинжээчийн дүгнэлт/2-р хх 121-123-рт/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч Б.А , Б.Г , Б.Д , М.А , О.Б нарын бүрэлдэхүүнтэйгээр 2018 оны 07 дугаар сарын 18-ны өдрийн Хэргийн материалаар хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээ №828 дугаартай “...Ц-ын биед зүүн 2-3-4-5-р хавирганы хугарал, цээжний хөндийд хий, шингэн хуралдалт, зүүн уушгины авчилт, Э.Б-ын зүүн 4 ба 9-р хавирганы хугарал, цээжний хөндийн хий, шингэн хуралдалт, зүүн уушгины авчилт гэмтэл тогтоогдлоо.

2.3. Дээрх гэмтлийн үлдэц тогтоогдсонгүй.

4. Л.Ц , Э.Б  нарын биед уушгины авчилт үүсэх өвчин эмгэг тогтоогдсонгүй.

5. Л.Ц , Э.Б  нарын биед үүссэн гэмтлүүд нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.12-д зааснаар амь биед аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна.

6. Л.Ц , Э.Б  нарын биед учирсан хавирганы хугарал болон бусад гэмтлийг оношилж эмчилсэн байна.

7. Дээрх хавирганы хугарал гэмтэл нь хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой байна.

8. Цээжний рентген болон КТГ-н шинжилгээнээс гадна өвчний түүх, асуумжаар оношийг тогтоох боломжтой.

9. Уушгины авчилтын үед эмнэлэгт эмчилгээ хийлгэж уушги сэргэсэн үед эмнэлгийн хяналтанд байх шаардлагагүй.

10. Агааргүй орчинд ажиллах үед уушгинд авчилт үүсэхгүй...” гэсэн шинжээчийн дүгнэлт/2-р хх 198-201-рт/ зэргээр тогтоогдож байна.

 

Шүүгдэгч Э.Б-ын Т.П-той харилцан зодолдсон үйлдлийн улмаас Т.П-ийн биед баруун бугалага, баруун мөр зүүн эгэм, зүүн бугалаганд зулгаралт, зүүн гуянд цус хуралт, баруун шагайн үений зөөлөн эдийн няцрал гэмтэл буюу эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учирсан нь дүгнэлтээр тогтоогдож байна.

 

Шүүгдэгч Э.П , Э.Б  нарын дээрх үйлдэл нь хүний Эрүүгийн хуулиар хамгаалагдсан халдашгүй байх эрхэд халдсан, мөн эрүүл мэндэд нь хүнд, хөнгөн хохирол учруулсан шинжээрээ Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг мөн байна гэж шүүх дүгнэлээ.

 

Тухайн гэмт хэрэгт шүүгдэгч Т.П , Э.Б нар гэм буруутай болох нь:

 

Шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдлыг дүгнэхэд  шүүгдэгч Т.П-ийг хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэргийг Эрүүгийн хуулийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар  энэ хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн, шүүгдэгч Э.Б-ыг Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан хүний  эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болохыг тус, тус тогтоох  үндэслэлтэй гэж  шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Шүүх бүрэлдэхүүн шүүгдэгч Т.П   өөрийн үйлдлийн хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж, үйлдлийнх нь улмаас хүний эрүүл мэндэд хохирол учирч болохыг урьдчилан мэдэж түүнийг хүсч үйлдсэн учир  шүүгдэгч Т.П-ийн өмгөөлөгч Д.Ариун-Эрдэнийн “...шүүгдэгч Т.П-д  хохирогч нарт хүнд гэмтэл санаатай учруулах санаа зорилго байгаагүй,  болгоомжгүй байдлаар хохирогч нарт хүнд гэмтэл учруулсан учир зүйлчлэлийг өөрчилж шийдвэрлэж өгнө үү...” гэсэн дүгнэлтийг хангах үндэслэлгүй гэж  үзлээ.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  33.1 дүгээр зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар оролцогч нараас шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг явуулах хүсэлт гаргаагүй болно.

 

Шүүгдэгч Т.П-ийн өмгөөлөгч Д.Ариун-Эрдэнэ нь шүүх хуралдааны үед “... Дараах баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмыг зөрчиж бэхжүүлсэн байх тул нотлох баримтаар тооцохгүй байж өгнө үү. 1. Хавтаст хэргийн 61, 81, 101-р хуудсанд байгаа шинжээч томилсон тогтоолууд нь нөхөж хийгдсэн байх үндэслэлтэй. /Шинжээчийн дүгнэлт гарсан шийдвэртэй зөрж байгаа/. ЭХШХШ тухай хуулийн 27.1 дүгээр зүйийн 3-т заасан шаардлага үндэслэлийг хангаагүй. Бүгдийг нөхөж бичсэн.

2. Хавтас хэргийн 62, 82, 102-рт байгаа Шинжээчийн дүгнэлтүүд 27.6-р зүйлийн үндэслэл шаардлагыг зөрчсөн. Ямар нэгэн эрх бүхий этгээдийн шийдвэргүй гарсан. Хавтаст хэрэгт нотлох баримтаар бэхжүүлээгүй мөрдөгчөө шилжүүлээгүй зүйлд зндэслэж дүгнэлт гаргаж ЭХШХШ тухай хууль, Шүүхийн шинжилгээний туахй хууль зөрчсөн...” тул нотлох баримтаар тооцуулахгүй байх тухай хүсэлтийг нь шүүх хянаж үзээд тус хүсэлтийг хангах үндэслэлгүй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

 

Учир нь шүүгдэгч Т.П-ийн өмгөөлөгч Д.Ариун-Эрдэнийн шүүх хуралдааны үед гаргасан нотлох баримтаар тооцохгүй байх хүсэлт нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт хамаарахгүй байна.Мөн мөрдөгч 2017 оны 09 дүгээр сарын 24-ний өдөр Шинжээч томилж, шинжилгээ хийлгэх тухай тогтоол/1-р хх 61, 81, 101-рт/-ыг гаргасан бөгөөд Шүүхийн шинжилгээний алба нь 2017 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн 11 цаг 30 минутад хүлээн авсан дардасыг дарсан байх тул түүнийг нөхөж хийсэн байна гэж үзэх боломжгүй байна.

 

2. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх.

 

Шүүгдэгч Адуучин овгийн Т-ын П-ийг хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэргийг Эрүүгийн хуулийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар энэ хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн, шүүгдэгч Бэсүд овгийн Э-ы Б-ыг Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан хүний  эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болохыг тус тус тогтоож, Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх хэсэгт заасныг баримтлан Эрүүгийн хуулийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар шүүгдэгч Т.П-ийг 03 жил 06 сарын хугацаагаар хорих ялаар, Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Э.Б-ыг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялаар тус,тус шийтгэх үндэслэлтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Шүүгдэгч Т.П , Э.Б р нар нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн,шүүгдэгч Т.П   гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн  зэргийг  Эрүүгийн хуулийн 6.5 дугаар зүйлийн 1.1, 1.2, 3 дахь хэсэгт зааснаар хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож ял оногдуулахдаа харгалзаж үзэв.  Эрүүгийн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал шүүгдэгч нарт тогтоогдоогүй болно.

 

Мөн шүүгдэгч нар  уг хэргийг согтуугаар үйлдсэн ба Эрүүгийн хуулийн 6.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар согтуурсан үедээ гэмт хэрэг үйлдсэн нь эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх үндэслэл болохгүйг дурьдах нь зүйтэй байна.

 

Шүүх бүрэлдэхүүн шүүгдэгч Т.П-ийн өмгөөлөгч Д.Ариун-Эрдэнийн шүүх хуралдаанд гаргасан “...Т.П-ийн тухайд учруулсан хохирлоо төлж барагдуулсан, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байдаг. Тийм учраас 6.7 дугаар зүйлийн 1.4 дэх хэсэгт зааснаар доод хэмжээний гуравны хоёроос багагүйгээр ялыг оногдуулах буюу 3 жил, 3 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэж өгнө үү...” гэсэн хүсэлт, шүүгдэгч Э.Б-ын өмгөөлөгч Ж.Мөнхнасангийн шүүх хуралдаанд гаргасан “...торгуулийн хамгийн доод хэмжээгээр торгуулийн ял оногдуулж өгнө үү...” хүсэлт зэргийг харгалзан шүүгдэгч Т.П-ид Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх хэсэгт заасныг баримтлан хуульд зааснаар оногдуулах хорих ялыг хөнгөрүүлж оногдуулах, шүүгдэгч Э.Б-т  хуульд заасан торгох ялын доод хэмжээний ял оногдуулах нь зүйтэй гэж дүгнэсэн болно.

 

Мөн шүүх бүрэлдэхүүн шүүгдэгч Т.П-д оногдуулсан03 жил 06 сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх, шүүгдэгч Э.Б-т оногдуулсан 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялыг түүний хувийн байдал харгалзан шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш сар бүр 225.000 төгрөгөөр 2 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоохоор тус,тус шийдвэрлэв.

 

Энэ хэрэгт шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн нотлох баримт нь шүүх хуралдааны тэмдэглэлд тусгагдсан, хэрэгт талуудын хэлэлцүүлсэн нотлох баримтуудын жагсаалт хавсаргагдсан болон эд мөрийн баримтаар хураагдсан болон шинжилгээ хийлгэсэн 3 ширхэг CD, Э.Б-ын амбулаторын карт, рентген зурагнуудыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хохирогч Л.Ц , шүүгдэгч Э.Б  нарт буцаан олгох нь зүйтэй гэж шүүх үзлээ.

 

Энэ хэрэгт шүүгдэгч Э.Б  нь цагдан хоригдоогүй, шүүгдэгч нарын хөрөнгө битүүмжлэгдээгүй, шүүгдэгч Т.П хохирогч нарт хохирлыг төлсөн, шүүгдэгч нарын цахим үнэмлэх шүүхэд ирээгүй, шүүгдэгч нараас гаргуулах Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй зэргийг тус тус дурдах нь зүйтэй байна.                                                                                                                                                                                                                                                                                                 

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

  1. Шүүгдэгч Адуучин овгийн Т-ын П-ийг хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэргийг Эрүүгийн хуулийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар  энэ хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн, шүүгдэгч Бэсүд овгийн Э-ны Б-ыг Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан хүний  эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болохыг тус тус тогтоосугай.

2. Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх хэсэгт заасныг баримтлан Эрүүгийн хуулийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар шүүгдэгч Т.П-ийг 03 жил 06 сарын хугацаагаар хорих ялаар, Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Э.Б-ыг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Т.П-д оногдуулсан03 жил 06 сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

4. Эрүүгийн хуулийн 6.10 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Т.П-ийн цагдан хоригдсон 43 хоногийг ял эдэлсэн хугацаанд оруулан тооцсугай.

5. Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Б-т оногдуулсан 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш сар бүр 225.000 төгрөгөөр 2 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

6.Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч Э.Б-т танилцуулсугай.

7. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Э.Б-т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, шүүгдэгч Т.П-ийг цагдан хорьж, ял эдлэх хугацааг энэ өдрөөс эхлэн тоолсугай.

8. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц эд мөрийн баримтаар хураагдсан болон шинжилгээ хийлгэсэн 3 ширхэг CD, Э.Б-ын амбулаторын карт, рентген зурагнуудыг хохирогч Л.Ц , шүүгдэгч Э.Б  нарт буцаан олгосугай.

9. Энэ хэрэгт шүүгдэгч Э.Б  нь цагдан хоригдоогүй, шүүгдэгч нарын хөрөнгө битүүмжлэгдээгүй, шүүгдэгч Т.П  хохирогч нарт хохирлыг төлсөн, шүүгдэгч нарын цахим үнэмлэх шүүхэд ирээгүй, шүүгдэгч нараас гаргуулах Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй зэргийг  дурдсугай.

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

11. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгүүдэд зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч нар, тэдгээрийн өмгөөлөгч шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.

12. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Э.Б-т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ, шүүгдэгч Т.П-д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

 ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                             Д.САРАНТУЯА

                                            

                                      ШҮҮГЧИД                            Ж.ОТГОНХИШИГ

 

                                                                                    З.НАНДИНЦЭЦЭГ