| Шүүх | Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Цэрэнчимэд Мөнхтулга |
| Хэргийн индекс | 2305014322077 |
| Дугаар | 2025/ДШМ/445 |
| Огноо | 2025-04-15 |
| Зүйл хэсэг | 17.3.1., |
| Улсын яллагч | 2305014322077 |
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 04 сарын 15 өдөр
Дугаар 2025/ДШМ/445
2025 04 15 2025/ДШМ/445
Б.Дд холбогдох
эрүүгийн хэргийн тухай
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Л.Дарьсүрэн даргалж, шүүгч С.Болортуяа, шүүгч Ц.Мөнхтулга нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
прокурор Т.Баянмөнх,
шүүгдэгч Б.Д, түүний өмгөөлөгч Ж.Ганболд,
нарийн бичгийн дарга Т.Мөнхтуяа нарыг оролцуулан,
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Т.Алтантуяа даргалж хийсэн шүүх хуралдааны 2025 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн 2025/ШЦТ/370 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Б.Д, түүний өмгөөлөгч Ж.Ганболд нарын гаргасан давж заалдах гомдлуудаар Б.Дд холбогдох 2305014322077 дугаартай эрүүгийн хэргийг 2025 оны 03 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч, шүүгч Ц.Мөнхтулгын илтгэснээр хянан хэлэлцэв.
Цагаангэр овгийн Б.Д, 1995 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр Завхан аймгийн Тосонцэнгэл суманд төрсөн, 29 настай, эрэгтэй, дээд боловсролтой, эрх зүйч мэргэжилтэй, Сүхбаатар дүүргийн Цагдаагийн газрын нэгдүгээр хэлтсийн нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах тасагт эргүүлийн офицер ажилтай, ам бүл 3, эх, дүүгийн хамт Баянзүрх дүүргийн 42 дугаар хороо, Нарт хотхоны 95-5 дугаар байрны 114 тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, /РД:ИЦ95040319/;
Шүүгдэгч Б.Д нь Дотоод хэргийн Их сургуулийн ахлагчийн курст оруулж өгөх нэрийдлээр, иргэн Н.Ныг хуурч, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, Н.Нын дээрх итгэлийн дагуу Баянгол дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэр 50 дугаар байрны 182 тоот гэртээ байхдаа буюу цагдаагийн сургуульд орох зорилгоор 2022 оны 06 дугаар сарын 30-ны өдөр 2.000.000 төгрөг, 2022 оны 08 дугаар сарын 22-ны өдөр 1.000.000 төгрөг тус тус шилжүүлснийг өөрийн эзэмшлийн Голомт банкны ............. тоот дансаар шилжүүлэн авсан гэмт хэрэгт холбогджээ.
Баянгол дүүргийн прокурорын газраас: Б.Дгийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх: Шүүгдэгч Б.Дг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хуурч, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Дг 6 сарын хугацаагаар хорих ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Дд оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Дгийн 2025 оны 01 дүгээр сарын 30-ны өдрөөс 2025 оны 02 дугаар сарын 04-ний өдрийг хүртэл цагдан хоригдсон 5 хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцож шийдвэрлэжээ.
Шүүгдэгч Б.Д давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Анхан шатны шүүх хууль зүйн дүгнэлт өгөхдөө дараах зүйлийг харгалзан үзэлгүй шийдвэрлэсэн хэмээн шүүгдэгч миний зүгээс үзэж байна. Шүүх эрүүгийн хариуцлагын талаар үнэлэлт дүгнэлт өгөхөд 2022-2025 оны хооронд хохирогчийн хохирлыг нөхөн төлөх талаар санаачилга гаргаагүй, анх удаа гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хувийн байдлыг харгалзан үзэж нээлттэй хорих ангид ял эдлүүлэхээр шийдвэрлэсэн. Угтаа миний зүгээс гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа мөрдөн шалгах ажиллагаа эхлэх үед л анхнаасаа хүлээн зөвшөөрч, мөрдөн шалгах ажиллагааг шуурхай явуулсан. Хохирогчид төлөх хохирол төлбөрийг өөрийн бололцоогоор шүүх хурал болохоос өмнө төлж барагдуулсан болно. Анхан шатны шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “шүүх гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хувийн байдал, хохирол хор уршиг төлсөн байдал, мөрдөн шалгах ажиллагааг шуурхай явуулсан байдлыг харгалзан үзэж эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх эсхүл чөлөөлөх” гэсэн хуулийн заалтыг хэрэглээгүй. Миний хувьд дээрх хөнгөрүүлэх нөхцөл байдлыг бүрэн хангасан бөгөөд ар гэрийн байдал /ээж, эмээ/ нарын хамт амьдардаг бөгөөд ар гэрээ ажил төрөл хийж авч явдаг хүн билээ. Дээрх гэмт хэрэгт холбогдсондоо маш ихээр гэмшиж, харамсаж байгаа бөгөөд гэмт хэргийн нөхцөл байдал, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирол төлбөрийг шүүх хурлаас өмнө төлж барагдуулсан нөхцөл байдлыг минь харгалзан үзэж хорих ялыг хөнгөрүүлж, хохироос өөр төрлийн ялаар сольж өгнө үү.” гэв
Шүүгдэгчийн өмгөөлөгч Ж.Ганболд давж заалдах шатны гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Шүүхээс Б.Дд хохирол төлөх санаачилга гаргаагүй, зөрчигдсөн эрхийг сэргээхэд анхаараагүй зэргийг харгалзан хорих ял оногдуулсан нь хэргийн бодит байдалд нийцээгүй байгаа тул Б.Дгийн үйлдэл нь нийгмийн хор аюулын шинж чанар бага, хохирогчид учирсан хохирлыг төлсөн, Б.Дгийн хувийн байдлыг харгалзан хорихоос өөр төрлийн ял оногдуулах боломжтой гэж үзэж байна. Иймд шийтгэх тогтоод өөрчлөлт оруулж өгнө үү.” гэв.
Прокурор Т.Баянмөнх тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “Анхан шатны шүүхээс Б.Дд хорих ял оногдуулахдаа түүний хувийн байдал, гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдлыг харгалзан үзсэн. Анхан шатны шүүх хуралдааны хэлэлцүүлгийн явцад түүнд хохирол төлбөр төлөх хуульд заасан боломжийг олгосон. Шүүгдэгчийн тухайд хууль сахиулах эрх бүхий албан тушаалтан байсан. Дээрх нөхцөл байдлуудыг харгалзан шүүхээс дуудсан хугацаанд ирээгүй, шүүх хуралдааны товыг мэдэгдсэн боловч эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулахуйц нөхцөл байдлууд тогтоогдсон зэргийг улсын яллагчийн зүгээс санал гаргахдаа энэ талаар тайлбартаа дурдсан байгаа. Тиймээс гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, түүний хувийн байдал зэргийг харгалзан түүнд 6 сарын хугацаагаар хорих ялыг сонгон оногдуулсан нь үндэслэлтэй. Улсын яллагчийн зүгээс хорих ял оногдуулъя гэж улайрсан, субъектийн хувьд санаа зорилго гаргасан асуудал байхгүй. Мөрдөн шалгах ажиллагааны шатанд болон эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад ийм нөхцөл байдлууд үүссэн. Түүнийг өмгөөлөгч харгалзан үзэх ёстой. Шүүгдэгчийн тухайд анхан шатны шүүх хуралдаан болоод цагдан хоригдох хүртэлх хугацаанд Сүхбаатар дүүргийн цагдаагийн газрын нийтийн хэв журам хамгаалах тасагт эрх бүхий албан тушаалтнаар ажиллаж байсан нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдсон. Иймд шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч, түүний өмгөөлөгчийн гаргасан гомдлуудыг хэрэгсэхгүй болгох саналтай байна.” гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан шийдвэрлэхдээ хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, анхан шатны шүүхийн бүх ажиллагаа, шийдвэрийг хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэн давж заалдсан гомдлуудад дурдсан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийг бүхэлд нь хянаж үзэв.
Хэргийн бүх ажиллагааг хянахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж, тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн ноцтой зөрчил тогтоогдсонгүй.
Хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг харьцуулан шинжлэн судлахад, Б.Д нь Дотоод хэргийн Их сургуулийн ахлагчийн курст оруулж өгөх нэрийдлээр, иргэн Н.Ныг хуурч, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, улмаар Баянгол дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэр 50 дугаар байрны 182 тоот гэртээ байхдаа 2022 оны 06 дугаар сарын 30-ны өдөр 2.000.000 төгрөг, 2022 оны 08 дугаар сарын 22-ны өдөр 1.000.000 төгрөг тус тус шилжүүлснийг өөрийн эзэмшлийн Голомт банкны 3455143759 тоот дансаар шилжүүлэн авч залилсан болох нь:
хохирогч Н.Нын “Тухайн үед цагдаа болох гээд сургуульд нь бүртгүүлэх гээд хүргэн ах С.Бтанил Б.Д гэдэг хүн намайг Дотоод хэргийн их сургуулийн ахлагчийн сургуульд оруулаад өгье гэж хэлсэн. Би Б.Дгийн Голомт банкны 3455143759 дугаарын данс руу 2022 оны 06 дугаар сард 2.000.000 төгрөгийг өөрийн нэрийг бичиж шилжүүлсэн. 08 дугаар сард Б.Д рүү мөн 1.000.000 төгрөгийг тус тус шилжүүлж байсан. Би тухайн хүнийг танихгүй нэг удаа уулзаж байсан. ...Б.Д надаас авсан 3.000.000 төгрөгөөс 1.500.000 төгрөгийг төлсөн. 2022 оны 9 дүгээр сард миний Хаан банкны данс руу 300.000 төгрөг, 2023 оны 12 дугаар сард 400.000 төгрөг, 2024 оны 01 дүгээр сард 200.000 төгрөг, 2 дугаар сард 400.000 төгрөг, 03 дугаар сард 200.000 төгрөг нийт 4 удаагийн гүйлгээгээр манай эгч Мөнхзулын данс руу 1.200.000 төгрөгийг шилжүүлсэн байсан.” /1хх 33/,
гэрч М.Б“Би Баянгол дүүргийн Цагдаагийн газрын хүний нөөцийн ахлах мэргэжилтнээр ажилладаг. Цагдаагийн ерөнхий газраас Дотоод хэргийн их сургуулийн ахлагчийн сургуулийн сонгон шалгаруулалтыг зарласны дагуу Дүүргийн Цагдаагийн газрын хүний нөөцөөс цэргийн алба хаасан эсвэл дээд боловсролтой, ял шийтгэлгүй, ил харагдах шарх, сорви, шивээсгүй иргэнийг сонгон шалгаруулалтын бүртгэлд авч судалгааг хийдэг. Дээрх шаардлагыг хангасан иргэнийг шалгалтад хамруулж цагдаагийн ерөнхий газрын дэргэдэх салбар зөвлөлийн нөөцийн тогтоолд бүртгэгдсэн иргэн Дотоод хэргийн их сургуулийн ахлагчийн сургуульд ордог. Цагдаагийн сургуулийн ахлагчийн сургуулиас шууд иргэнийг элсүүлэх боломжгүй. Дотоод хэргийн их сургуулийн Цагдаагийн сургуулийн ахлагчийн сургуульд хувь хүн мөнгө өгөөд орох боломжгүй.” /1хх 38/,
гэрч С.Б“Манай дүү Н.Н нь цагдаа болмоор байна, танд таньж мэдэх хүн байна уу гэхээр нь 2021 оны 06 дугаар сарын үед байх гэж бодож байна. Б.Дтэй холбогдоход Дотоод хэргийн их сургуульд миний таньдаг хүн байгаа, хамгийн гол нь мөнгө нь бэлэн бол ямар ч асуудалгүй гэсэн. Тэгэхээр нь хэдэн төгрөг өгөөд ордог юм бол гэхэд 2.500.000 төгрөг байхад болно гэж хэлсэн. 2021 оны 07 дугаар сард байх Б.Дтэй Улаанбаатар хотод уулзаад цагдаагийн ахлагчийн сургуульд орохоор болж түүний Голомт банкны данс руу нь шилжүүлсэн гэсэн. 8 дугаар сард нь Б.Д над руу залгаад өнгөрсөн жил 2.500.000 төгрөгөөр ордог байсан гэтэл энэ жил 3.000.000 төгрөг болсон байна. Мөнгө дутаад байна дахиад 500.000 төгрөг байвал болох гээд байна гэхээр нь би тухайн үед хадам дүү рүү залгаад Б.Дгийн надад хэлснийг хэлсэн. Тэгтэл хадам дүү шилжүүлсэн. Манай дүү Б.Д рүү 2 удаагийн гүйлгээгээр нийт 3.000.000 төгрөг шилжүүлсэн. Удалгүй 09 дүгээр сар болоод хичээл эхэлсэн. Б.Д ч чимээгүй байсан. Тэгэхээр нь Б.Д рүү залгаад юу болсон талаар асуухад болж байгаа, хувцасныхаа мөнгөө бэлдээд байж бай гэсэн. 12 дугаар сар хүртэл хараад ямар ч сураггүй байхаар нь Б.Д рүү залгаад тухайн үед бүртгүүлсэн хүүхдүүд нь төгсөх болж байна, манай дүү яах билээ гэхэд Дотоод хэргийн их сургуулиас ахлагчийн сургууль төгссөн гэсэн үнэмлэхийг нь шууд аваад өгнө гэхээр нь за за чи ер нь худлаа яриад байх шиг байна, мөнгөө авъя гэхэд мөнгийг чинь өгнө гэж хэлээд тэр чигтэй таг болж миний утасны дугаар фейсбүүк хаягийг хүртэл блок хийгээд холбогдох ямар ч боломжгүй, хаана байгаа нь мэдэгдэхгүй байсан.” /1хх 66-67/,
Шүүгдэгч Б.Дгийн яллагдагчаар өгсөн: “Би өөрийн үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна.” /1хх 50-51/ гэх мэдүүлгүүд,
Н.Нын Хаан банк дахь .................. дугаарын, Б.Дгийн Голомт банкны .................... дугаарын дансны дэлгэрэнгүй хуулгууд /1хх 27-28,70-117/,
Цагдаагийн ерөнхий газрын даргын 2021 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн Б/279 дугаар, 2021 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн Б/850 дугаар “ажлаас чөлөөлж, томилох цагдаагийн цол олгох тухай тушаал /1хх 125, 127/ зэрэг хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн, шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогджээ.
Давж заалдах шатны шүүх, хэрэгт хамааралтай баримт бүрийг тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар хянах үүрэгтэй бөгөөд тухайн хэргийн хувьд хэргийн нотлох баримтын нотолгооны ач холбогдол, хууль ёсны байдлыг дүгнэн, харьцуулан шинжилж, хохирогч, гэрч нарын мэдүүлэг болон хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудын үнэн зөв байдлын нотломжийн түвшин, агуулга зэргийг эрх зүйн ухамсрыг удирдлага болгож үнэллээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно.” гэж заасны дагуу анхан шатны шүүхийн шүүх хуралдааны мэтгэлцээнд тэгш эрхтэй оролцох эрх бүхий яллах болон өмгөөлөх талуудыг оролцуулан, хуульд заасан үндэслэл журмын дагуу шүүгдэгч Б.Дг “хуурч, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч залилах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон нь хэргийн бодит байдалтай нийцжээ.
Анхан шатны шүүх хэргийг шүүхээр хэлэлцэж шийдвэрлэхэд шаардагдах нотлох баримтын хэмжээ, шүүгдэгчийн гэм бурууг бүрэн баталж чадах нотлох баримтын хүрэлцээтэй байдалд үндэслэж хэргийн нөхцөл байдлыг тал бүрээс нь бүрэн тогтоож хянан шийдвэрлэжээ.
Шүүгдэгч Б.Дгийн үйлдлийг шүүх, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон нь хууль зүйн үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.
Шүүхээс шүүгдэгч Б.Дгийн үйлдсэн гэмт хэрэгт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулсан нь түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн хэмжээ, хувийн байдал, гэм бурууд тохирсон төдийгүй эрүүгийн хариуцлагын зорилгыг хангасан, хууль ёсны бөгөөд шударга ёсны зарчимд нийцсэн байна.
Шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдэж тодорхой хугацаа өнгөрчхөөд байхад хохирлоо бүрэн төлж барагдуулах талаар санаачилга гаргаагүй, хохирол төлөхөөр шүүхээс завсарлага авсан хугацаандаа хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаандаа ирэлгүй шүүх хуралдаан хойшилж, түүнийг албадан ирүүлэх ажиллагаа хийлгэхэд хүргэж шүүн таслах ажиллагаанд санаатай саад учруулсан зэргээр биеэ зохисгүй авч явсан байх тул шүүгдэгч болон түүний өмгөөлөгчийн “ял шийтгэлийг хөнгөрүүлж, хорихоос өөр төрлийн ял оногдуулж өгнө үү” гэсэн гомдлуудыг хүлээн авах боломжгүй гэж үзэв.
Иймд Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн 2025/ШЦТ/370 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч болон түүний өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлуудыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Шүүгдэгч Б.Д нь 2025 оны 02 дугаар сарын 04-ний өдрөөс 2025 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийг хүртэл нийт 70 /дал/ хоног цагдан хоригдсоныг түүний ял эдлэх хугацаанд оруулан тооцов.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн 2025/ШЦТ/370 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч болон түүний өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлуудыг хэрэгсэхгүй болгосугай.
2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар Б.Д нь 2025 оны 02 дугаар сарын 04-ний өдрөөс 2025 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийг хүртэл нийт 70 /дал/ хоног цагдан хоригдсоныг түүний ял эдлэх хугацаанд оруулан тооцсугай.
3. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.
ДАРГАЛАГЧ,
ШҮҮГЧ Л.ДАРЬСҮРЭН
ШҮҮГЧ С.БОЛОРТУЯА
ШҮҮГЧ Ц.МӨНХТУЛГА