| Шүүх | 2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Ц.Оюунбилэг |
| Хэргийн индекс | 183/2024/02803/И |
| Дугаар | 192/ШШ2025/08891 |
| Огноо | 2025-11-03 |
| Маргааны төрөл | Ажил гүйцэтгэх, |
2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шүүгчийн захирамж
2025 оны 11 сарын 03 өдөр
Дугаар 192/ШШ2025/08891
2025 11 03 192/ШШ2025/08891
Зохигчийн эвлэрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Ц.Оюунбилэг би,
Нэхэмжлэгч: Сүхбаатар дүүрэг, 8 дугаар хороо, Сити тауэр, ****давхарт байрлах М******* с******* ХХК /РД:*******/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Хан-Уул дүүрэг, 1 дүгээр хороо, 19 дүгээр хороолол, Чингисийн өргөн чөлөө 34, Мөнх тауэр оффис ****** тоотод байрлах Е******* ХХК /РД:*******/-д холбогдох,
Гэрээний үүрэгт 4,448,664,764 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.О*******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Б*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Сэргэлэн оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “...М******* с******* ХХК нь Е******* ХХК-тай 2023 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр Тэсэлгээний ажил гүйцэтгэх Е*******-23/01/02 тоот гэрээ байгуулан хамтран ажилласан. Гэрээний дагуу М******* с******* ХХК нь өнөөдрийг хүртэл Өмнөговь аймгийн Гурвантэс сумын нутагт орших "Галын овоо-1" уурхайн талбайд Е******* ХХК-иас тухай бүр өгсөн захиалгын дагуу тэсэлгээний ажил үйлчилгээ үзүүлж ирсэн. Гэрээний дагуу захиалагч нь ажлын үр дүнг хүлээн авч гэрээгээр тохирсон ажлын хөлс төлөх үүргийг хүлээсэн байдаг. Талуудын байгуулсан гэрээний 7.1-д ажлын гүйцэтгэлийг дүгнэж захиалагчид хүргүүлэх бөгөөд гэрээний "7.8.2-д Захиалагч нь төлбөрийн нэхэмжлэлүүдийг хүлээн авснаас хойш 30 хоногийн дотор Гүйцэтгэгчийн дансанд шилжүүлнэ гэж заасан байдаг. Гэвч захиалагч талаас цаашдын хамтын ажиллагаа, харилцан итгэлцлийн улмаас төлбөрийг төлөхөө илэрхийлсээр байсан тул бидний зүгээс тэсэлгээний ажил үйлчилгээг тасралтгүй явуулж ирсэн. Мөн талуудын байгуулсан гэрээний 7.4-д зардлыг дараах байдлаар тодорхойлсон болно. Үүнд: Тэсрэх бодисоор тэсэлгээний ажлыг гүйцэтгэх ажлын хөлс, техник, тоног төхөөрөмж, бие бүрэлдэхүүнийг уурхайн талбай руу болон талбайгаас нүүлгэх, татах ажилтай холбоотой зардлууд, бусад бүх төрлийн тээвэрлэлтийн зардлууд, тэсэлгээний аюулгүй байдлыг хангах, тэслэх талбайн аюулгүй байдлын харуул хамгаалалтын зардал, тэсэлгээний ажилд оролцож байгаа ажилтан, албан хаагч, бие бүрэлдэхүүний цалин, хөлс нийгмийн даатгалын шимтгэл, хөдөлмөр хамгаалал аюулгүй ажиллагааны зардал, машин механизм, багаж хэрэгсэл, тоног төхөөрөмж, материал ашиглах зардал, тэсэлгээний цооног түгжих материалын зардал, талбай хүртэлх тээвэрлэлтийн зардал зэрэг хамаарна. Захиалагчийн төлбөрөө төлөх амлалт, цаашдын хамтын ажиллагааны үр дагаврыг харгалзан уг зардлыг ажил гүйцэтгэх хугацаанд М******* с******* ХХК нь өөрийн эх үүсвэрээр санхүүжилсээр ирсэн бөгөөд бидний хувьд ихээхэн хэмжээний хохирол хүлээж байна. Өнөөдрийн байдлаар хариуцагч Е******* ХХК-д үзүүлсэн ажил үйлчилгээний үндсэн төлбөрийн үлдэгдэл 3,622,932,864 төгрөгийн төлбөрийн хугацаа хэтэрсэн байна. Талуудын байгуулсан гэрээний 10.2-т "Захиалагч нь тухайн гүйцэтгэх ажлын хөлсийг гэрээний 7.8-д заасан хугацаанд төлөөгүй бол төлөгдөөгүй хөлсний үнийн дүнгийн 0.1 хувьтай тэнцэх алдангийг хоног тутамд төлнө.” гэж заасан бөгөөд алдангийн хэмжээ нь 803,441,900 төгрөг болж байна. Бид хариуцагчид гэрээний үндсэн төлбөр болон алданги төлөх шаардлагыг удаа дараа хүргүүлэх үед төлөхөө илэрхийлж байсан боловч ямар нэгэн төлөлт хийгээгүй байна. Иймд үндсэн төлбөрийн үлдэгдэл 3,622,932,864 төгрөг, алданги 803,441,900 төгрөг, улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 22,290,000 төгрөг, нийт 4,448,664,764 төгрөгийг хариуцагч Е******* ХХК-иас гаргуулж өгнө үү…” гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь
Нэхэмжлэгч М******* с******* ХХК нь хариуцагч Е******* ХХК-д холбогдуулан гэрээний үүрэгт 4,448,664,764 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч М******* с******* ХХК нь нэхэмжлэлийн шаардлага болох 4,448,664,764 төгрөгийн 424,010,950 төгрөгөөс татгалзаж, үлдэх 4,024,653,814 төгрөгийг хариуцагч Е******* ХХК нь хүлээн зөвшөөрч, төлбөрийг Е******* ХХК нь 2026 оны 3 дугаар сарын 01-ний өдрийн дотор төлж барагдуулахаар харилцан тохиролцож эвлэрсэн нь хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэгт заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. М******* с******* ХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч Е******* ХХК-д холбогдох гэрээний үүрэгт 4,448,664,764 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт нэхэмжлэгч М******* с******* ХХК нь нэхэмжлэлийн шаардлага болох 4,448,664,764 төгрөгийн 424,010,950 төгрөгөөс татгалзаж, үлдэх 4,024,653,814 төгрөгийг хариуцагч Е******* ХХК нь хүлээн зөвшөөрч, төлбөрийг Е******* ХХК нь 2026 оны 3 дугаар сарын 01-ний өдрийн дотор төлж барагдуулахаар харилцан тохиролцож, эвлэрсэн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн төгрөгийг улсын төсөвт үлдээж, хариуцагчаас 282,950 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгүүлсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Ц.ОЮУНБИЛЭГ