Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2018 оны 08 сарын 13 өдөр

Дугаар 2018/ШЦТ/77

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС 

 

Говь-Алтай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Мөнхтулга даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Л.Баасансүрэн,

Улсын яллагч Н.Мөнхбат,

Шүүгдэгч С.Б нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Говь-Алтай аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Н.Мөнхбатын яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн С.Б-д холбогдох 1816001140067 дугаартай эрүүгийн хэргийг 2018 оны 08 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, халх, Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын харьяат, 1985 оны 05 дугаар сарын 26-ны өдөр төрсөн, 32 настай, эмэгтэй, дээд боловсролтой, программист, мэдээлэл зүйн багш мэргэжилтэй, Говь-Алтай аймгийн Засаг даргын Тамгын газарт архивч ажилтай, ам бүл 3, нөхөр, охины хамт Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын ....... багийн .......... тоотод оршин суух, урьд ял шийтгэгдэж байгаагүй, төрөөс авсан гавьяа шагналгүй, ....... регистрийн дугаартай, Ж овогт С-ийн Б .

Холбогдсон хэргийн талаар: Шүүгдэгч С.Б-ийн 2018 оны 05 дугаар сарын 07-ны орой 22 цагийн орчимд Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын нутаг дэвсгэрт байрлах 4 дүгээр байрны арын засмал зам дээр ***** ГАҮ улсын дугаартай “Эстима” маркын автомашиныг жолоодон замын хөдөлгөөнд оролцож байхдаа явган зорчигч Г.Ц-ыг мөргөж биед нь хүндэвтэр зэргийн гэмтэл учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “ Авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас осол гаргаж хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулах” гэмт хэрэгт хамаарна.

ТОДОРХОЙЛОХ нь:

  1. Шүүгдэгчийг гэм буруутайд тооцох:

Шүүгдэгч С.Б-гийн шүүхийн хэлэлцүүлэгт  мэдүүлэг өгөхийг зөвшөөрч байна гээд мэдүүлсэн “...Би 2018 оны 05 дугаар сарын 07-ны орой 20 цаг 20 минутын орчим сумын урд талын засмал уруудаж яваад Ц  гэдэг хүнийг мөргөн хүндэвтэр гэмтэл учруулсан байгаа... нөхөр маань энэ үед Солонгос улс руу эмчилгээнд явсан хойгуур нь би унаж явж байгаад энэ хүнийг мөргөсөн байгаа... Эмнэлэгт хэвтэхэд нь  гурван зуун дөчин есөн мянга хэдэн зуун төгрөг төлсөн, мөн хонь 50.000 төгрөгөөр авч өгсөн. 7 дугаар сарын 9-ний өдөр 500.000 төгрөг өгсөн байгаа, ирж очих бензинийг нь 3 удаа төлсөн, эм авсан баримтууд нь  бас байгаа... Эмнэлэгт төлсөн, хонь авч өгсөн баримтуудаа өөрөө авч үлдээгүй. Эмийн сангаас эм авсан баримтууд нь надад байгаа...хохирогч гомдол санал байхгүй, шүүх хуралдаанд оролцохгүй гээд явсан... Тэр орой цасаар шуураад юм харагдахгүй байсан. Гэхдээ хоёр хүн зам хөндлөн явж байхыг хараад зам тавьж өгөөд бусад нь гараад явчихлаа гэж бодсон чинь Ц  сүүлийн хөлөө засмалаас татаж аваагүй байхад нь баруун талаараа би шүргээд унагаасан. Эсрэг талаас ирж байгаа машины гэрэлд харсан... Ц  хөгшин хүн замын боржуур дагаж явж байгаад гарсныг нь би хараагүй... торгуулийг тодорхой цаг хугацаанд бөөнд нь төлье... 9 дүгээр сарын 1-ний өдөр гэхэд төлж чадна... Ээж С маань нас бараад өнөөдөр 21 дэх хоног нь болж байгаа. Намайг хамгийн багаар нь шийтгэж өгнө үү ...”  гэх мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэлээс/,

Хохирогч Г.Ц-ын мөрдөн байцаалтад мэдүүлсэн: “...2018 оны 05 сарын 07-ны орой би Алтай сүмийн чуулганд ороод 22 цагийн орчимд гадагш гараад зам хөндлөн гарах үед нэг автомашин  ирээд намайг мөргөөд унагаасан  юм...  Би Д , А  хоёртой хамт сүмээс гадагш гараад хамт зам хөндлөн  гарахдаа би Д , А  хоёроос жаахан хоцроод гарах үед автомашин мөргөсөн юм... Замаар гараад явж байтал машин намайг дайрсан юм...” гэх мэдүүлэг/хх 15-16-р-т/,

Гэрч Я.С-гийн мөрдөн байцаалтад мэдүүлсэн: “...2018 оны 05 сарын 07-ны орой би Алтай сүмд чуулганд сууж байгаад гадагш гарах үед С.Б  миний гар утас руу залгаж орж ирээд та хаана байгаа юм бэ гэхэд би одоо сүмээс гадагш гарах гэж байна гэхэд С.Б  өө би таныг очоод авна одоо ажлаасаа гарах гэж байна гэхээр нь яахав дээ миний хүү ээж нь алхаад явчихна гэхэд С.Б  гар утсаа салгаад унтраахаар нь би сүмээс гараад ирэхэд С.Б  автомашинтайгаа ирчихсэн зогсож байхаар нь би машинд ороод суугаад доошоогоо замаа уруудаад явж байтал гэнэт хүн мөргөлөө гээд автомашин зогссон юм...” гэх мэдүүлэг/хх 18-рт/,

Гэрч Я.Д-ийн мөрдөн байцаалтад мэдүүлсэн: “...2018 оны 05 сарын 07-ны өдөр би Есүсийн сүм рүү Г.Ц  охин Д.А  нарын хамтаар 18 цагийн орчимд очиж цуглаанд оролцоод байж байгаад явах болоход 22 цаг өнгөрч байх орчимд Есүсийн сүмээс хоноглодог байр луугаа гараад явсан юм. Тэгээд сүмээс гараад урагшаа зам хөндлөн гарах үед би эхлэж яваад миний араас Д.А , Г Ц хоёр явсан юм. Тэгээд би зам хөндлөн гараад явах үед гэнэт машины дуу чимээ гарах үед эргээд харахад цагаан автомашины хажууд Г.Ц  замын боржуур дэрлээд хэвтэж байхаар нь би цагдаа эмнэлэг дууд гэж хэлсэн юм...Тухайн үед Г.Ц  зам хөндлөн гарч амжилгүй машинд шүргүүлсэн юм... Харанхуй болчихсон цас бороо ороод бударч үзэгдэх орчин их муу харагдаж байсан юм. ...Зам   хөндлөн   гарах  үед   гэрэл   байхгүй   машин  тэрэг  ирж  байгаагүй   гэрэл харагдаагүй...гэх мэдүүлэг/хх 21-рт/,

Шинжээч Б.Т-ын мөрдөн байцаалтад мэдүүлсэн: “...жолоочийн буруутай үйлдэл байгаа. Жолооч бусдад  аюул  учруулахгүй,   осолтой  байдал  бий  болгохгүйгээр  зорчих үүргээ биелүүлээгүй улмаас осол үйлдэгдэхэд нөлөөлсөн гэж үзэж байна...” гэх мэдүүлэг/хх 24-рт/,

Шинжээч Б.Т-ын мөрдөн байцаалтад дахин мэдүүлсэн: “...Ойр орчимд явган хүний гарц байхгүй тохиолдолд явган зорчигч зам хөндлөн эгц гарч болно,  гэхдээ явган зорчигч нь зам хөндлөн гарч дуусах үед автомашин мөргөсөн тул явган зорчигчийн буруутай үйлдэл байхгүй, автомашины буруутай үйлдэл байгаа юм...” гэх мэдүүлэг/хх 25-рт/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч ахлах дэслэгч Т.А-рын 2018 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн Шүүх эмнэлгийн үзлэг хийсэн №125 дугаартай “... 1. Г.Ц-ын биед баруун шуу, баруун шилбэний, зүүн шуу ясны далд хугарал, тархи доргилт, баруун хөмсөг духанд шарх, эрүү, баруун өвдөгт зулгаралт, баруун зүүн дээд доод зовхинд цус хуралт гэмтэл  тогтоогдлоо. 

2. Дээрх  гэмтэл  нь  мохоо зүйлийн  үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3.Цаашид энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөх эсэх нь эдгэрэлт   эмчилгээнээс   хамаарна.  

4. Шүүх   эмнэлгийн   гэмтэлийн   зэрэг  тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийн удаан хугацаагаар сарниулах гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна...” гэх шинжээчийн дүгнэлт/хх 27-28-рт/,

Замын цагдаагийн тасгийн шинжээч, цагдаагийн ахмад Б.Т-ын 2018 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн “...Нэг. Istima маркын **** ГАҮ улсын дугаартай автомашины жолооч С.Б нь замын хөдөлгөөнд оролцож явах үедээ: Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 1-р бүлгийн 1.5-д заасан: “Замын хөдөлгөөнд оролцогч нь бусад аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд саад, бэрхшээл, осолтой байдал бий болохгүйгээр зорчино” гэсэн заалтыг зөрчсөн буруутай үйлдэл байна.

Хоёр. Жолооч С.Б  нь бусдад аюул, хохирол учруулахгүй, осолтой байдал бий болгохгүйгээр зорчих үүргээ биелүүлээгүйн улмаас осол үйлдэгдэхэд нөлөөлсөн байна.

Гурав. Шинжилгээний явцад шинээр нөхцөл байдал илрээгүй...” гэх ослын шинжээчийн дүгнэлт/хх 32-рт/,

Шүүгдэгч С.Б-гийн мөрдөн байцаалтад яллагдагчаар мэдүүлсэн: “...2018 оны 05 сарын 07-ны орой би 22 цаг 10 минутын орчимд Алтай сүм дээрээс өөрийн Эстима маркийн **** ГАҮ улсын дугаартай автомашинтай очиж ээж Я.С-ийг суулгаад засмал зам уруудаад явж байтал миний автомашины урдуур зам хөндлөн гарч байхаар би автомашинаа тоормозлоод зогсоогоод тэд нарыг зам хөндлөн гарахыг хүлээгээд хоёр хүн гарсны дараа би автомашинаа хөдөлгөөд явтал машины баруун талаараа хүн шүргээд унагаасан юм... Харанхуй болчихсон цас ороод шуурч байсан юм. Үзэгдэх орчин их муу байсан юм...” гэх мэдүүлэг/хх 55-56-рт/ зэрэг хавтаст хэрэгт хуульд заасан журмын дагуу авагдаж шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар шүүгдэгч С.Б  нь 2018 оны 05 дугаар сарын 07-ны орой 22 цагийн орчимд Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын нутаг дэвсгэрт байрлах 4 дүгээр байрны арын засмал зам дээр **** ГАҮ улсын дугаартай “Эстима” маркын автомашиныг жолоодон замын хөдөлгөөнд оролцож байхдаа Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 1 дүгээр бүлгийн 1.5 дахь хэсэгт заасан “Замын хөдөлгөөнд оролцогч нь бусдад аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд саад, бэрхшээл, осолтой байдал бий болгохгүйгээр зорчино” гэсэн заалтыг зөрчсөний улмаас явган зорчигч Г.Ц-ыг мөргөж биед хүндэвтэр зэргийн гэмтэл учруулсан үйлдэл нь хөдөлбөргүй тогтоогдож байх тул түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас осол гаргаж хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн яллагдагч, гэрч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх эдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд хамааралтай ач холбогдолтой талаас нь үнэлж прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийх боломжтой байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар оролцогч нараас шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг явуулах хүсэлт гаргаагүй бөгөөд хэргийг мөн хуулийн 17.5 дугаар зүйлд зааснаар хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн болно.

2. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх:

Шүүхээс торгох ял оногдуулах тухай прокурорын санал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал зэргийг тал бүрээс нь харгалзан үзэж шүүгдэгч С.Б-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулж, Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар оногдуулсан торгох ялыг 2018 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн дотор бүрэн төлж барагдуулахаар хугацаа тогтоон шийдвэрлэлээ.

Шүүхээс шүүгдэгч С.Б  нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлсэний дараа хохирогчид шууд эмнэлгийн тусламж үзүүлсэн, учирсан хохирлыг төлсөн зэрэг байдлыг Эрүүгийн хуулийн 6.5 дугаар зүйлийн 1.1, 1.2 дахь хэсэгт зааснаар хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ харгалзаж үзэв. Харин Эрүүгийн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц ***** ГАҮ улсын дугаартай “Эстима”/Istima/ маркийн автомашинийг битүүмжлэлээс чөлөөлж, хууль ёсны эзэмшигчид нь, шүүгдэгчийн иргэний цахим үнэмлэхийг өөрт нь буцаан олгож энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч цагдан хоригдоогүй, түүнээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурьдах нь зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 8, 9, 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Жалайр овгийн С-ийн Б-г Эрүүгийн хуулийн  27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн  тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Б-г 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн  ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхээс оногдуулсан торгох ялыг 2018 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн дотор бүрэн төлж барагдуулаагүй тохиолдолд биелүүлээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1  хоногоор тооцож хорих ялаар сольж болохыг шүүгдэгч С.Б-д сануулсугай.

4. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц **** ГАҮ улсын дугаартай Эстима/Istima/  маркийн автомашинийг битүүмжлэлээс чөлөөлж, хууль ёсны эзэмшигчид нь буцаан олгосугай.

5. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч С.Б-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

6. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч цагдан хоригдоогүй, түүнээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгчийн иргэний цахим үнэмлэхийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц өөрт нь буцаан олгосугай.

7. Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардаж авсанаас хойш 14 хоногийн дотор  хохирогч, шүүгдэгч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч  давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.

8. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.  

 

 

                ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                          Г.МӨНХТУЛГА