| Шүүх | Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Цэрэнчимэд Мөнхтулга |
| Хэргийн индекс | 2403003610525 |
| Дугаар | 2025/ДШМ/280 |
| Огноо | 2025-02-27 |
| Зүйл хэсэг | 27.10.2.3., |
| Улсын яллагч | Б.Одонтуяа |
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 02 сарын 27 өдөр
Дугаар 2025/ДШМ/280
2025 02 27 2025/ДШМ/280
Э.Дод холбогдох
эрүүгийн хэргийн тухай
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Т.Өсөхбаяр даргалж, шүүгч М.Алдар, шүүгч Ц.Мөнхтулга нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
прокурор Б.Одонтуяа,
хохирогч Х.М өмгөөлөгч Ц.Эрдэмбилэг,
шүүгдэгч Э.Д, түүний өмгөөлөгч Д.Баасансүрэн,
нарийн бичгийн дарга Э.Хишигтөмөр нарыг оролцуулан,
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч З.Болдбаатар даргалж хийсэн шүүх хуралдааны 2024 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 2024/ШЦТ/1029 дүгээр шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Баасансүрэнгийн гаргасан заалдах гомдлоор Э.Дод холбогдох эрүүгийн 2403003610525 дугаартай хэргийг 2025 оны 02 дугаар сарын 11-ний өдөр хүлээн авч, шүүгч Ц.Мөнхтулгын илтгэснээр хянан хэлэлцэв.
Их мэргэд овгийн Э.Д, 1994 оны 10 дугаар сарын 17-ны өдөр Хөвсгөл аймгийн Мөрөн суманд төрсөн, 30 настай, эрэгтэй, дээд боловсролтой, программист мэргэжилтэй, "Максимус" ХХК-д худалдааны төлөөлөгч ажилтай, ам бүл 1, ............................тоотод оршин суух хаягийн бүртгэлтэй, ял шийтгэлгүй, /РД:РЛ 94101731/;
Шүүгдэгч Э.Д нь 2024 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн 23 цаг 15 минутын орчимд Сүхбаатар дүүргийн 06 дугаар хорооны нутаг, Энхтайваны өргөн чөлөө, Арслантай гүүрний баруун замд “Hundai sonata” маркийн 26-87 УНҮ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож замын хөдөлгөөнд оролцохдоо Авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.3. “Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино.” 3.4 “Жолооч дараах үүргийг хүлээнэ: а/ энэ дүрмийн 4 дүгээр хавсралтад заасан эвдрэл гэмтэл, техникийн зөрчилгүй байхаар тээврийн хэрэгслийнхээ бүрэн бүтэн байдлыг хангах;” 12.2. “Харанхуй үед болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд жолооч өөрийн үзэгдэх хүрээн дотор тээврийн хэрэгслээ зогсоох боломжтой хурдыг сонгож явна.” 15.1 “Явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж, уг гарцаар гарч байгаа болон гарахаар завдаж байгаа явган зорчигчид зогсож зам тавьж өгнө” гэсэн заалтыг зөрчиж зам хөндлөн гарч байсан явган зорчигч Х.М мөргөж, эрүүл мэндэд нь хүнд хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Тээврийн прокурорын газраас: Э.Дын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Э.Дыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад заасан буюу автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад зааснаар шүүгдэгч Э.Дыг тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 /гурав/ жилийн хугацаагаар хасаж, 1 /нэг/ жилийн хугацаагаар эрх бүхий байгууллагын хяналтад өөрийн оршин суугаа дүүрэг болох Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрээс өөр газар зорчихыг болон ажиллаж хөдөлмөрлөх, зайлшгүй эмнэлгийн тусламж, үйлчилгээ авахаас бусад тохиолдолд зорчихыг хориглож хяналт тавихыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх Ерөнхий газарт даалгаж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Д нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрх хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож солихыг түүнд тайлбарлаж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3-т зааснаар шүүгдэгч Э.Дод оногдуулсан 3 жилийн хугацаагаар тээврийн хэрэгсэл жолоодох эрх хассан нэмэгдэл ялыг ял оногдуулсан үеэс эхлэн тоолж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-т зааснаар шүүгдэгч Э.Доос 14.500.000 төгрөг гаргуулж хохирогч Х.Мд олгож, хохирогч нь цаашид гарах эмчилгээний зардал болон бусад хохирлоо иргэний журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдаж, шүүгдэгч Э.Д нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэжээ.
Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Баасансүрэн давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...1.Шийтгэх тогтоолын тодорхойлох хэсэгт “...хохирогч Х.М нь эмчилгээний зардалд 1.800.000 төгрөг, сэтгэл санааны санааны хохирол 16.500.000 төгрөг, нийт 18.300.000 төгрөг нэхэмжилсэн бөгөөд шүүгдэгч Э.Д нь шүүхийн шатанд хохирогч Х.Мд 1.800.000, завсарлага авсан хугацаанд 2.000.000 төгрөгийг тус тус төлж барагдуулсан байна. Иймд шүүгдэгч Э.Доос нийт 14.500.000 төгрөг гаргуулж хохирогч Х.Мд олгож шийдвэрлэлээ” гэжээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүх эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулахдаа Монгол Улсын Үндсэн хууль, энэ хууль, бусад хуулийг чанд сахина. Гэвч анхан шатны шүүх шүүгдэгч Э.Дод холбогдох хэргийг шийдвэрлэхдээ хохирогчийн сэтгэцэд учирсан хохирлын талаар ямар нэгэн хууль зүйн дүгнэлт хийгээгүй нь эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа хууль ёсны байх шаардлагыг хангаагүй юм. Монгол Улсад гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хохирлыг нөхөн төлүүлэх эрх зүйн зохицуулалт нь 2023 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс хүчин төгөлдөр үйлчилж, дагаж мөрдөж байна. Иргэний хуулийн 230 дугаар зүйлийн 230.2-т “Сэтгэцэд учирсан хор уршгийг мөнгөн хэлбэрээр арилгах бөгөөд бусад эдийн бус гэм хорыг гагцхүү хуульд тусгайлан заасан тохиолдолд мөнгөн хэлбэрээр арилгана” гэсэн өөрчлөлт орж, энэ хуулийн заалтыг 2023 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс хүчин төгөлдөр дагаж мөрдөж байна.
Мөн Шүүх шинжилгээний тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэгт “Шинжилгээний байгууллага Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйл /Автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих/-д заасан гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоож, дүгнэлт гаргана.” гэж, мөн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2.3-т “хохирогчийн сэтгэцэд учирсан хямрал, эмгэгийг сэтгэцийн шинжилгээгээр тогтоосон байхаар”, 39 дүгээр зүйлийн 39.1 дэх хэсэгт “сэтгэцийн шинжилгээг дараах тохиолдолд хийнэ”, 39.1.8-д “энэ хуулийн 40.1-д заасан сэтгэцэд учирсан хор уршиг” гэж сэтгэцийн шинжилгээнд тавигдах тусгай шаардлагын талаар хуульчилжээ.
Монгол Улсын Дээд шүүхийн нийт шүүгчдийн хуралдааны 2023 оны 7 дугаар сарын 03-ны өдрийн тогтоолоор “Хүний сэтгэцэд учирсан хор уршгийг арилгах, нөхөн төлүүлэх төлбөрийн жишиг аргачлал”, Хууль зүй, дотоод хэргийн сайд, Эрүүл мэндийн сайдын 2023 оны 7 дугаар сарын 31-ний өдрийн А/268, А/275 дугаар хамтарсан тушаалаар “Гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоож, дүгнэлт гаргах журам, хүснэгт”-ийг тус тус баталжээ. Мөн дээрх хуулийн 40 дүгээр зүйлийн 40.3 дахь хэсэгт хуульд заасан тодорхой төрлийн гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоож, дүгнэлт гаргах журмыг Хууль зүй, дотоод хэргийн сайд, Эрүүл мэндийн сайдын 2023 оны 7 дугаар сарын 31-ний өдрийн А/268, А/275 дугаар хамтарсан тушаалаар баталсан бөгөөд энэхүү тушаалын 1 дүгээр хавсралтад: “1.3. Гэмт хэргийн улмаас хуний сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоож, дүгнэлт гаргахад Шүүх шинжилгээний тухай хуулийн 5 дугаар зүйлд заасан зарчмыг баримтална.”, “2.2. ...бусад Шүүх шинжилгээний тухай хуулийн 40 дүгээр зүйлд заасан гэмт хэргийн хохирогчийн сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг шүүх шинжилгээний байгууллага тогтооно.” гэж тус тус заажээ.
Улсын дээд шүүхийн нийт шүүгчдийн хуралдааны “Хүний сэтгэцэд учирсан хор уршгийг арилгах, нөхөн төлүүлэх төлбөрийн жишиг аргачлал”-ын Гуравдугаар зүйлийн 3.6 дахь заалтад шинжилгээний байгууллага Шүүх шинжилгээний тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дүгээр зүйлд заасан эрүүгийн гэмт хэргээс ...Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлийн гэмт хэргийн хохирогчид учирсан хор уршгийг “тухайлсан гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл”-ийг хүснэгтээр тогтоож, уг хүснэгтийг шинжээчийн дүгнэлттэй адилтган үзэхээр заасан тул холбогдох нөхөн төлбөрийг тухайн зэрэглэлийг харгалзан шийдвэрлэнэ” гэж заасан байна. Дээрх сэтгэцэд учирсан хор уршгийг нөхөн төлөхийг зохицуулсан хууль, журам, аргачлалаас харахад хохирогчийн сэтгэцэд гэм хор учирсан болохыг Шүүх шинжилгээний тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2.3-т “хохирогчийн сэтгэцэд учирсан хямрал, эмгэгийг сэтгэцийн шинжилгээгээр тогтоосон байх” гэж заасны дагуу дагуу хуулийн шаардлага хангасан сэтгэцийн шинжээчийн дүгнэлт гаргуулах замаар тогтоохоор байна.
Өөрөөр хэлбэл, тухайн гэмт хэргийн улмаас хохирогчид “сэтгэцийн эмгэг” үүссэн нөхцөл байдал нь хэрэгт авагдсан баримтуудаар мөрдөн шалгах ажиллагааны явцад тогтоогдсон тохиолдолд Иргэний хуулийн 230 дугаар зүйлд зааснаар хор уршгийг арилгах үндэслэл болно. Гэмт хэргийн улмаас хохирогчийн сэтгэцэд учрах хор уршиг нь гэмтлийн зэрэг, тухайн хүний сэтгэцийн эрүүл мэндийн онцлогоос хамааран тухайн гэмт хэрэг гарсан цаг хугацаанд илрэх, хожим илрэх, урт хугацаанд илрэх боломжтой учраас сэтгэцэд учирсан хохирлыг эрүүгийн хэрэгтэй зайлшгүй хамт хянан шийдвэрлэх нь үр дүнтэй биш тул иргэний журмаар хянан шийдвэрлэх эрхийг нээлттэй үлдээх боломжтой юм. Түүнчлэн дээд шатны шүүхүүд Шүүх шинжилгээний байгууллага Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлд заасан гэмт хэргийн хохирогчийн сэтгэцэд учирсан хор уршгийг тогтоогоогүй байхад түүний эрүүл мэндэд учирсан гэмтлийн зэргээр сэтгэцийн хор уршиг учирсан гэж шууд тогтоосон нь үндэслэлгүй гэж дүгнэлт хийж шийдвэрлэх шүүхийн практик тогтож байна.
2. Шүүх шийтгэх тогтоолд эрүүгийн хариуцлагын дүгнэлтдээ шүүгдэгч Э.Дын дээрх үйлдэлд эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй гэж дүгнэсэн. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад “шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон нотлох баримтын агуулга, хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал, эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээний үндэслэл зэргийг эрүүгийн хариуцлага хүлээлгэх хэсэгт тусгана” гэж заасан ба шүүгдэгчид Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2 дахь хэсэгт заасан хөнгөрүүлэх нөхцөл байдал байсан боловч шийтгэх тогтоолд дурдаагүй байна. Мөн түүнчлэн шүүгдэгч Э.Д нь “Максимус” ХХК-д худалдааны төлөөлөгч ажилтай, ам бүл 1 амьдардаг ба түүнийг ажил хөдөлмөрөө ямар нэгэн хязгаарлалтгүй, чөлөөтэй эрхэлж, өөрөө өөрийнхөө амьдрал ахуйг ганцаараа авч явдаг нөхцөл байдлыг эрүүгийн хариуцлага оногдуулахдаа харгалзан үзээгүйд гомдолтой байна.
3. Анхан шатны шүүх хуралдаанд шүүгдэгчийн өмгөөлөгчийн зүгээс дээрх хөнгөрүүлэх нөхцөл байдлуудыг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх хэсэгт зааснаар гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн тул мөн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийдвэрлүүлэх санал гаргасан юм. Энэ талаар шүүх дүгнэлт хийгээгүй орхигдуулсан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлийн 2.3 дахь хэсэгт заасан “шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн, гэм буруутайд тооцсон шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон нотлох баримтын агуулга, шүүх тухайн нотлох баримтыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны гэж үзсэн улсын яллагчийн дүгнэлт, өмгөөлөгчийн саналын үндэслэл болгосон баримт, иргэдийн төлөөлөгчийн дүгнэлтийг няцаан үгүйсгэсэн үндэслэлээр шийтгэх тогтоолд дүгнэлт хийгээгүй орхигдуулсан нь мөн хуулийн 39.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.6 дахь заалтыг зөрчсөн байна. Дээр дурдсан нөхцөлүүд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлд заасан шаардлагыг хангаагүй нь мөн хуулийн 39.8 дугаар зүйлийн 1.6 дахь хэсэгт заасныг ноцтой зөрчиж, 39.5 дугаар зүйлийн 1.3 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн тогтоолыг хүчингүй болгох, эсхүл өөрчлөх үндэслэл болж байна. Иймд дээрх нөхцөл байдлуудыг харгалзан үзэж шүүх эрх хэмжээнийхээ хүрээнд хэргийн бодит нөхцөл байдлыг тал бүрээс нь хянан үзэж хуульд заасан журмын дагуу шийдвэрлэж өгнө үү. ...” гэв.
Шүүгдэгч Д.Давааболд тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Санамсаргүй байдлаас болж гэмт хэрэгт холбогдсондоо харамсаж байна. Хохирогчоос дахин уучлалт хүсэж байна. Борлуулалтын газар ажилладаг учраас зорчих эрхийг хязгаарлах ял эдлэхэд хүндрэлтэй байна. Өмгөөлөгчийн гаргасан гомдлыг дэмжиж байна. ...” гэв.
Хохирогч Х.М өмгөөлөгч Ц.Эрдэнэбилэг тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Шүүгдэгчийн өмгөөлөгчийн гомдолд дараах тайлбар хэлье. Анхан шатны шүүх сэтгэцэд учирсан хохирлыг хүснэгтийг баримталж шийдвэрлэсэн үндэслэлгүй талаар дурдаж байна. Хүснэгтээр шийдвэрлэсэн шийдлийг хүлээн зөвшөөрөхгүй тохиолдолд, заавал шүүх шинжилгээний байгууллагаар дахиж дүгнэлт гаргах талаар тодорхой заасан. Анхан шатны шүүхийн шатанд шүүгдэгч Э.Д, түүний өмгөөлөгч Д.Баасансүрэн нар дүгнэлтэй холбоотой маргаан үүсгээгүй байдаг. Анхан шатны шүүхийн шийдвэр гарснаас хойш энэ асуудал яригдаж эхэлсэн. Давж заалдах шатны шүүхэд энэ асуудлаар маргах нь үндэслэлгүй байна. Анхан шатны шүүхээс эхлэн шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Баасансүрэн өмгөөлөгчөөр оролцсон. Ял хөнгөрүүлэх талаар гомдолдоо дурдаж байна. Анхан шатны шүүх хурал болохын өмнө хохирол, төлбөртэй холбоотой 2.000.000 төгрөг шилжүүлсэн. Түүнээс өмнө хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад 1.800.000 төгрөг мөн төлсөн. Шүүгдэгч Э.Д сайн дураараа хохирол төлбөр төлсөн талаар дурдаж байна. Хохирогчоос хохирол төлбөр төлүүлэх талаар удаа дараа хүсэлт гаргаж байсан учраас тодорхой хэмжээний хохирол төлсөн. Өнөөдрийг хүртэл шүүгдэгч Э.Д хохирогчоос уучлалт гуйж, биеийн эрүүл мэндийн талаар асуусан зүйл байхгүй. Анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх саналтай байна. ...” гэв.
Прокурор Б.Одонтуяа тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Шүүгдэгч Э.Д, түүний өмгөөлөгч Д.Баасанжаргал нарын гаргасан гомдолтой танилцлаа. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий гарсан. Сэтгэцэд учирсан гэм хорын хохирлыг маягтаар зэрэглэл тогтоосон. 4 дүгээр зэрэглэл гэдгийг мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогчоос хүлээн зөвшөөрч байсан. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шинжээч томилуулах талаар хүсэлт гаргаж байгаагүй. Шүүхийн практикт өөр, өөрөөр шийдвэрлэж байна. Иймд шинжээч томилуулах талаар хүсэлт гаргаж байгаа нь үндэслэлгүй. Улсын дээд шүүхээс сэтгэцийн гэм хорын хохирлын журамд өөрчлөлт ороогүй. Журамд тодорхой төрлийн хэрэг хүснэгтэд хэд дүгээр зэрэглэлд хамаарч байгааг хүлээн зөвшөөрсөн нөхцөлд заавал шинжээч томилох шаардлага байхгүй. Сэтгэцэд гэм хорын хохирол тогтоох боломжтой. Хэрэв хохирогч талаас хүсэлт гаргасан нөхцөлд шинжээч томилж болох талаар тайлбарласан. Өнөөдрийн байдлаар журамд өөрчлөлт орсон зүйл байхгүй. Сэтгэцэд учирсан хохирлыг заавал шинжээч томилуулах шаардлага байхгүй. Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий гарсан. Хавтаст хэрэгт авагдсан үйл баримт шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтаар тогтоогдсон. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү. ...” гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хянаж үзэхэд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол нь хууль ёсны ба үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй байна.
Тодруулбал, прокурорын газраас шүүгдэгч Э.Д нь 2024 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн 23 цаг 15 минутын орчимд Сүхбаатар дүүргийн 06 дугаар хорооны нутаг, Энхтайваны өргөн чөлөө, Арслантай гүүрний баруун замд “Hundai sonata” маркийн 26-87 УНҮ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож замын хөдөлгөөнд оролцохдоо Авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.3. “Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино.” 3.4 “Жолооч дараах үүргийг хүлээнэ: а/ энэ дүрмийн 4 дүгээр хавсралтад заасан эвдрэл гэмтэл, техникийн зөрчилгүй байхаар тээврийн хэрэгслийнхээ бүрэн бүтэн байдлыг хангах;” 12.2. “Харанхуй үед болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд жолооч өөрийн үзэгдэх хүрээн дотор тээврийн хэрэгслээ зогсоох боломжтой хурдыг сонгож явна.” 15.1. “Явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж, уг гарцаар гарч байгаа болон гарахаар завдаж байгаа явган зорчигчид зогсож зам тавьж өгнө” гэсэн заалтыг зөрчиж зам хөндлөн гарч байсан явган зорчигч Х.М мөргөж, эрүүл мэндэд нь хүнд хохирол учруулсан хэмээн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд шилжүүлжээ.
Анхан шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ шүүгдэгч Э.Дод тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хасаж, 1 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэжээ.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад “тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг гурван жилээс дээш таван жил хүртэл хугацаагаар хасаж нэг жилээс гурван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл нэг жилээс гурван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.” гэж заасан байхад анхан шатны шүүхээс Э.Дод оногдуулсан нэмэгдэл ял болох тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хасч шийдвэрлэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1, 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан шаардлагад нийцэхгүй, энэ нь мөн хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасан “Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн” гэх үндэслэлд хамаарч байна.
Үүнээс гадна, хохирогч Х.М сэтгэцэд учирсан хор уршгийг арилгах, нөхөн төлүүлэх, төлбөрийн хэмжээг хэрхэн тогтоосон талаар дүгнэлт хийлгүй тодорхой мөнгөн дүнг шүүгдэгчээс гаргуулахаар шийдвэрлэсэн нь үндэслэлгүй болжээ.
Иймд дээр дурдсан нөхцөл байдлууд нь анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох үндэслэлд хамаарах ба давж заалдах шатны шүүх өөрийн эрх хэмжээний хүрээнд эдгээр асуудлыг нөхөн гүйцэтгэж, зөвтгөн шийдвэрлэх боломжгүй тул шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Баасансүрэнгийн гаргасан давж заалдах гомдлыг хүлээн авч, Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 2024/ШЦТ/1029 дүгээр шийтгэх тогтоолыг хүчингүй болгох нь зүйтэй гэж үзлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2, 1.3 дахь заалтуудыг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 2024/ШЦТ/1029 дүгээр шийтгэх тогтоолыг хүчингүй болгосугай.
2. Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Баасансүрэнгийн гаргасан давж заалдах гомдлыг хүлээн авч, шүүгдэгч Э.Дод урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.
3. Шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ,
ШҮҮГЧ Т.ӨСӨХБАЯР
ШҮҮГЧ М.АЛДАР
ШҮҮГЧ Ц.МӨНХТУЛГА