Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 02 сарын 13 өдөр

Дугаар 210/МА2017/00446

 

2017 оны 02 сарын 13 өдөр

Дугаар 210/МА2017/00446

 

 

 

Алексей Корчановын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ш.Оюунханд даргалж, шүүгч Г.Даваадорж, Н.Батзориг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2016 оны 12 дугаар сарын 13ы өдрийн 101/ШШ2016/07025 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч Алексей Корчановын нэхэмжлэлтэй,

Хариуцагч " Аюулгүй зам" ХХК-д холбогдох

 

Тэтгэмж болон цалинд 10 475 258 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлыг үндэслэн, шүүгч Н.Батзоригийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Энхтүвшин

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Цогтсайхан

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Шинэцэцэг нар оролцов.

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: А.Корчанов миний бие "Евробитум" ХХК /одоо уг хуулийн этгээд нь Аюулгүй зам ХХК болсон/ 2015 оны 5 дугаар сарын 01-ний өдрөөс хөдөлмөрийн гэрээ байгуулж гүйцэтгэх захирлын албан тушаалыг хашиж эхэлсэн. Аюулгүй зам ХХК-ийн ерөнхий захирал B.C.Демешкогийн орон тоо цомхтгосонтой холбогдуулан гүйцэтгэх захирлын албан тушаалаас чөлөөлсөн мэдэгдлийг 2016 оны 06 дугаар сарын 16-ны өдөр авсан. Аюулгүй зам ХХК нь хөдөлмөрийн гэрээг Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1-д зааснаар 2016 оны 07 дугаар сарын 18-ны өдрөөр тасалбар болгож, хөдөлмөрийн гэрээг цуцалж, цалин хөлс тэтгэмжийг олгохоор болсон. Миний бие өнөөдрийг хүртэл цалин хөлсөө авч чадаагүй Хөдөлмөрийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.2, Эрүүл мэндийн сайдын 2000 оны 166 тоот тушаалын 15 дахь хэсэгт "Ажилтан ажлаас халагдах үед ажил олгогч нь түүнтэй ээлжийн амралтын тооцоог заавал хийнэ" ээлжийн амралтын мөнгийг олгох, Хөдөлмөрийн тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1 дэх хэсэгт заасны дагуу ажил олгогчтой тооцоо нийлсэн бөгөөд уг тооцооны дагуу 10 472 258 төгрөгийг надад төлөх ёстой. Иймд 2016 оны 5, 6 сарын цалин 5 000 000 төгрөг, ээлжийн амралтын мөнгө болон тэтгэмж 5 472 257 төгрөгийг тус тус гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй. "Аюулгүй зам" ХХК нь Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.1 дэх хэсэгт заасны дагуу А.Корчановтой байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцлах талаар 2016 оны 6 дугаар сарын 16-ны өдөр мэдэгдэж, 2016 оны 6 дугаар сарын 17-ны өдөр гардуулан өгч 2016 оны 7 дугаар сарын 18-ны өдөр ажлаа хүлээлгэн өгөх хугацаа тогтоож өгсөн. А.Корчанов 2016 оны 7 дугаар сарын 18-ны өдрөөс ажлаа хожимдуулахгүйгээр ажлаа хүлээлгэн өгч, 2015 онд Тэгш Плант ХХК-ийн ажилтнаас хувийн хэрэгцээндээ зориулан худалдаж авсан Nissan Patrol автомашины тооцоо төлбөр Аюулгүй зам ХХК-д байхгүй гэдэг бичгийг Тэгш Плант ХХК-аас гаргуулж өгөх байсан. Гэтэл уг албан бичгийг гаргаж өгөөгүй. Дээрх машин нь манай Аюулгүй зам ХХК-нд баримт бичгийн хувьд харьяалагдаагүй, А.Корчанов хувийн хэрэгцээндээ унаж байсан бөгөөд автомашиныхаа төлбөрийг Тэгш Плант ХХК-д төлөөгүй. Гэтэл Тэгш Плант ХХК нь манай компаниас дээрх автомашины үнэ 90 000 000 төгрөгийг нөхөн төлүүлэхээр шаардаж эхэлсэн. Ажиллаж байгаад гарсан хүний өрийг манай компани хариуцахаас татгалзаж байгаа Тэгш Плант ХХК-ийн шаардлага нь манай компанийн эрх ашгийг хөндөж байгаа А.Корчановын хувийн өрийг манай компаниас шаардахаа зогсоосны дараа Хөдөлмөрийн хуулийн дагуу А.Корчановт олгох цалин хөлсний асуудлыг шийднэ гэжээ.

 

Шүүх: Хөдөлмөрийн тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1, 47 дугаар зүйлийн 47.1, 55 дугаар зүйлйин 55.1-д зааснаар "Аюулгүй зам" ХХК-аас 10 472 258 төгрөг гаргуулан нэхэмжлэгч А.Корчановт олгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч А.Корчановын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 182,507 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагч Аюулгүй зам" ХХК-аас 182 507 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: ...Шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч гомдол гаргаж байна. ...Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлд "Ажлаас халах, ажил хүлээлцэх" тухай зохицуулсан бөгөөд ажилтан нь ажлаас халагдсан өдрөө ажлаа зохих журмын дагуу хүлээлгэн өгөх үүрэгтэй. Энэ үүргээ А.Корчанов бүрэн биелүүлээгүй. А.Корчанов нь 2016 оны 07 дугаар сарын 18-ны өдөр ажлаа хүлээлгэн өгөх үүргээ биелүүлээгүйн дээр, уг албан бичгийг ч "Аюулгүй зам" ХХК-д гаргаж өгөөгүй болно. А.Корчанов нь өөрийн нэр дээр бүртгэлтэй байгаа автомашинаа "Тэгш Плант" ХХК-ийн төлөөлөгчтэй үгсэн хуйвалдаж манай компанид авсан мэтээр баримт бичгийг нөхөн үйлдсэн нь Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх алба дээр байгаа бөгөөд хариуцагчийн зүгээс Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.6 дугаар заалтыг баримтлан хэргийн материалд хавсаргах хүсэлт гаргасан боловч шүүх үндэслэлгүйгээр хүлээн авсангүй. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаахаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй байна.

 

Нэхэмжлэгч ОХУ-ын иргэн Корчанов Алексей Сергеевич нь Евробитум ХХК-д хөдөлмөрийн гэрээгээр ажиллаж байсан, Евробитум ХХК нь Аюулгүй зам ХХК болж өөрчлөгдсөн гэх үндэслэлээр тус компанид холбогдуулан 2016 оны 5, 6 дугаар сарын цалинд 5 000 000 төгрөг, ээлжийн амралтын олговор болон ажлаас халагдсаны тэтгэмжид 5 472 257 төгрөг буюу нийт 10 472 258 төгрөг гаргуулах шаардлага бүхий нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, маргажээ.

 

Нэхэмжлэгч Корчанов А.С нь Евробитум ХХК-ийн Ерөнхий захирал Демешко В.С-тай Хөдөлмөрийн гэрээ байгуулан 2015 оны 05 дугаар сарын 01-ний өдрөөс тус компанийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан, улмаар Аюулгүй зам ХХК-ийн Ерөнхий захирлын 2016 оны 07 дугаар сарын 18-ны өдрийн тушаалаар түүнтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалсан, хөдөлмөрийн гэрээг цуцлах буюу орон тооны цомхтголоор гүйцэтгэх захирлын орон тоо хасагдах болсон тухай мэдэгдлийг 2016 оны 06 дугаар сарын 16-ны өдөр нэхэмжлэгчид хүргүүлсэн үйл баримт хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдож байх бөгөөд зохигчид энэ талаар маргаагүй байна.

 

Нэхэмжлэгч Корчанов А.С-тэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалсан 2016 оны 07 дугаар сарын 18-ны өдрийн байдлаар Аюулгүй зам ХХК-ийн санхүү түүний цалингийн тооцоог гаргаж, 2016 оны 05, 06 дугаар сарын цалинд тус бүр 2 500 000 төгрөг, нөхөн төлбөрт 2 500 000 төгрөг, ээлжийн амралтын олговорт 2 972 257 000 төгрөг, нийт 10 472 257 төгрөг олгохоор тодорхойлсон /хэргийн 14-15/ байх бөгөөд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч мөн энэ талаар маргаагүй байв.

 

Иймд анхан шатны шүүх хариуцагч Аюулгүй зам ХХК-иас нийт 10 472 257 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэсэн нь Хөдөлмөрийн тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1 дэх хэсэгт Ажил олгогч нь энэ хуулийн ...40.1.1-т заасан үндэслэлээр ажлаас халагдсан ажилтанд нэг сар, түүнээс дээш хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх тэтгэмж олгоно 49 дүгээр зүйлийн 49.1 дэх хэсэгт ажилтны цалин хөлсийг хийснээр, цагаар, бусад хэлбэрээр хөдөлмөрийн үр дүнд нь тохируулан олгоно, 55 дугаар зүйлийн 55.1 дэх хэсэгт ажилтанд ээлжийн амралтын хугацаанд ээлжийн амралтын олговор олгоно гэж заасантай тус тус нийцжээ.

 

Хариуцагч Аюулгүй зам ХХК нь нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрсөн татгалзлын үндэслэлээ Алексей Корчанов нь Тэгш плант ХХК-иас худалдан авсан Ниссан патрол маркийн автомашины төлбөрийг төлөөгүйгээс дээрх автомашины үнийг Аюулгүй зам ХХК-иас шаардаж байгаа, Тэгш плант ХХК нь шаардахаа зогсоосны дараа Алексей Корчановд олгох цалин хөлсний асуудлыг шийдвэрлэнэ гэж тайлбарлаж байгаа боловч энэ хэрэгт хамааралгүй, цалин хөлсийг барьцаалах, саатуулан барих эрх байхгүй тул хариуцагчийн гаргасан шүүхийн журмаар нотлох баримт бүрдүүлэх тухай хүсэлтийг хангахгүй орхиж шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.6 дах хэсэгт нийцсэн байна. Иймд энэ талаар гаргасан хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангах үндэслэлгүй.

 

Хариуцагч Аюулгүй зам ХХК нь ажилтны буруутай үйл ажиллагаанаас өөрт хохирол учирсан гэж үзвэл тусдаа нэхэмжлэл гарган шаардахад энэ магадлал саад болохгүйг дурдах нь зүйтэй.

 

Харин анхан шатны шүүх шийдвэрийнхээ тогтоох хэсэгт баримталвал зохих хуулийг баримтлаагүй, нэхэмжлэгчийн овог, нэрийг гүйцэд бичээгүйгээс гадна шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болохыг дурдаж шийдвэрлэсэн нь буруу байх тул зөвтгөж өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн үзэв. Учир нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т заасан шийдвэр хүчинтэй болох, мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.1-д заасан шийдвэр хүчин төгөлдөр болох нь хоёр өөр агуулга, үр дагавартай ойлголт юм.

 

Анхан шатны шүүх хуралдааны тэмдэглэлд шүүх хуралдаан даргалагчийн нэрийг орхигдуулсан байх боловч уг тэмдэглэлд даргалагч шүүгч А.Мөнхзул гарын үсэг зурсан, шүүгчийн захирамж, шүүхийн шийдвэр зэрэгт даргалагч шүүгчийн нэр бичигдсэн байгаа тул уг алдааг техникийн шинжтэй алдаа, шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох үндэслэлд хамаарахгүй гэж үзэж, дахин энэ төрлийн алдаа гаргахгүй байх талаар анхан шатны шүүхэд анхааруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 13ы өдрийн 101/ШШ2016/07025 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн

1 дэх заалтад 47 дугаар зүйлийн 47.1 гэснийг 49 дүгээр зүйлийн 49.1 гэж, А.Корчановт гэснийг Корчанов С.А" гэж, 3 дах заалтын хүчин төгөлдөр гэснийг хүчинтэй гэж тус тус өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид хариуцагч Аюулгүй зам ХХК-ийн төлсөн 182 507 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ш.ОЮУНХАНД

 

ШҮҮГЧИД Г.ДАВААДОРЖ

 

Н.БАТЗОРИГ