| Шүүх | Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Цэрэнчимэд Мөнхтулга |
| Хэргийн индекс | 2406 00000 4034 |
| Дугаар | 2025/ДШМ/320 |
| Огноо | 2025-03-13 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Л.Наранхүү |
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 03 сарын 13 өдөр
Дугаар 2025/ДШМ/320
2025 03 13 2025/ДШМ/320
Ч.Тд холбогдох
эрүүгийн хэргийн тухай
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч М.Алдар даргалж, шүүгч Л.Дарьсүрэн, шүүгч Ц.Мөнхтулга нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
прокурор Л.Наранхүү,
шүүгдэгч Ч.Тын өмгөөлөгч А.Содхүү,
нарийн бичгийн дарга Б.Мөнхчимэг нарыг оролцуулан,
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч М.Солонгоо даргалж хийсэн шүүх хуралдааны 2025 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 2025/ШЦТ/225 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Ч.Тын өмгөөлөгч А.Содхүүгийн гаргасан заалдах гомдлоор шүүгдэгч Ч.Тд холбогдох эрүүгийн 2406 00000 4034 дугаартай хэргийг 2025 оны 02 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч, шүүгч Ц.Мөнхтулгын илтгэснээр хянан хэлэлцэв.
Бэсүд овгийн Ч.Т, 1964 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр Говь-Алтай аймгийн Чандмань суманд төрсөн, 60 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, НаранТ Олон улсын худалдааны төвд лангуу түрээсэлдэг, ам бүл 2, нөхрийн хамт .................тоотод оршин суух хаягийн бүртгэлтэй, ял шийтгэлгүй, /РД:............................/;
Шүүгдэгч Ч.Т нь 2024 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр 13 цагийн үед Баянзүрх дүүргийн 42 дугаар хороо, НаранТ Олон улсын худалдааны төвийн авдар зардаг хэсэг хохирогч Т.Этай “чи миний авдрыг сайн муу гэж хэллээ” гэж шалтаглан маргалдаж, улмаар түүний нүүрэн тус газар жижиг авдраар цохиж эрүүл мэндэд нь зүүн хөмсөгт шарх, зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Баянзүрх дүүргийн прокурорын газраас: Ч.Тын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх: Шүүгдэгч Ч.Тыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Тд 800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800.000 төгрөгөөр торгох ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Тд оногдуулсан 800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800.000 төгрөгөөр торгох ялыг 90 хоногийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй тохиолдолд биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгчид мэдэгдэж, хохирогч Т.Э нь сэтгэцэд учирсан хор уршиг болон гэм хорын хохиролтой холбоотой нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу гэм буруутай этгээд болох шүүгдэгч Ч.Таас жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Ч.Т нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэжээ.
Шүүгдэгч Ч.Тын өмгөөлөгч А.Содхүү давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Шүүгдэгч Ч.Т нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хөнгөн гэмт хэрэг, мөн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, 1.2-т заасан “учирсан хохирлыг төлсөн”, 1.4-д заасан “хохирогчийг зүй бус үйлдлээс шалтгаалан гэмт хэрэг үйлдсэн”, мөн зүйлийн 3 дахь хэсэгт заасан “...Шүүх энэ зүйлд заагаагүй онцгой нөхцөл байдлыг харгалзан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлж болно." гэж заасныг баримталж түүнд оногдуулсан 800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800.000 төгрөгөөр торгох ялыг хөнгөрүүлж өгнө үү. Учир нь шүүгдэгч Ч.Т нь одоо 61 настай, өндөр насны тэтгэвэрт байдаг төдийгүй тэтгэврийн мөнгөөр амьдардаг бөгөөд хүүхдийнхээ хийсэн модон эдлэл болох авдар, сандал ширээг НаранТ зах дээр зогсож борлуулж амьдралд нь тус нэмэр болдог юм. Иймд түүнд оногдуулсан торгуулийн хэмжээг багасгаж доод хэмжээгээр тооцож ялыг хөнгөрүүлж өгнө үү.” гэв.
Прокурор Л.Наранхүү тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “Шүүгдэгч Ч.Тыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаагаа гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлыг нөхөн төлсөн эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал, Эрүүгийн хэргийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, шүүгдэгчийн хувийн байдал, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн хэмжээ, шинж чанар, эрүүгийн хариуцлагын зорилго, шүүгдэгч ажил хөдөлмөр эрхэлж, орлого олдог зэрэг нөхцөл байдлыг харгалзан 800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800.000 төгрөгөөр торгох ялыг оногдуулж шийдвэрлэсэн нь шударга ёсны зарчим, эрүүгийн хариуцлагын зорилгод нийцэж байна. Иймд шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, өмгөөлөгчийн гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянав.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудыг хангалттай шалгаж тодруулсан, хэргийн үйл баримт, гэм бурууг тогтооход үндэслэл болсон нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх, үнэлэх шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчөөгүй байна.
Шүүгдэгч Ч.Т нь 2024 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр 13 цагийн үед Баянзүрх дүүргийн 42 дугаар хороо, НаранТ Олон улсын худалдааны төвийн авдар зардаг хэсэг хохирогч Т.Этай “чи миний авдрыг сайн муу гэж хэллээ” гэж шалтаглан маргалдаж, улмаар түүний нүүрэн тус газар жижиг авдраар цохиж эрүүл мэндэд нь зүүн хөмсөгт шарх, зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь:
хохирогч Т.Эын “Би 2024 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр 13 цагийн үед НаранТ дээр өөрийн ажлын байран дээрээ байж байтал хажуу лангууны хүн дээр нэг хүн авдар авах гэж ирээд тэр хүний авдрыг үзчихээд миний лангуун дээр ирж авдар үзэж байгаад энэ авдарнаас 2 ширхэг байгаа юу гэж асуусан. Тэгээд би байхгүй гэж хэлсэн. Тэгсэн чинь Т эгчийн лангуун дээр авдар нь 2 ширхэг байсан. Тэгээд тэрнээс 2 ширхэгийг тэр хүн авсан. Тэгээд Т эгч хойшоо авдар боох цаасанд явсан. Худалдан авагч нь миний авдар дээр буцаж ирээд энэ юу вэ гэж углуурга руу заагаад асуухаар нь би углуурга гэж хэлсэн. Тэгээд хэсэг хугацааны дараа Т эгч ирээд “чи миний авдрыг сайн муу гэж хэллээ” гэж надад хэлсэн. Тэгэхээр нь би “тэгж хэлээгүй саяны авсан хүн тэгж хэлсэн. Та дандаа намайг тэгж хэлдэг шүү дээ” гэж хэлсэн. Тэгээд би надаас юм авч байсан хүний барааг боож байсан чинь Т эгч миний жижиг авдрыг барьж байгаад нүүр рүү цохисон.., Т гэх эмэгтэй миний зүүн талын хөмсгийг авдраар цохиод сэтэлсэн. Би сэтгэл санааны хохирол гаргуулахгүй.” /хх 5, 8-9/,
шүүгдэгч Ч.Тын яллагдагчаар өгсөн: “Би хүлээн зөвшөөрч байна. Би Т.Эыг цохисон нь үнэн. Өөрөө л олон удаа хүний дургүйг хүргэж намайг ийм байдалд хүргэлээ. 2024 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр манай лангуун дээр 2 эмэгтэй ирээд миний авдраас 2 ширхгийг авахаар болсон юм. Наймаагаа тохирчихоод би хойшоо агуулах руугаа яваад ирсэн. Яваад ирэх үед надтай наймаагаа тохирсон байсан 2 эмэгтэй надаас таны углуурга яагаад ийм байгаа юм, энэ яагаад ийм байгаа юм гэх зэрэг элдвийн юм асуугаад эхэлсэн. Тэгэхээр нь би байнгын олон юм ярьж байдаг хажуу лангууны Э л олон юм ярьсан юм байх гэж бодоод чимээгүй наймаагаа хийчхээд Эт хандан “чи хүн наймаа хийж байх үед битгий олон юм ярьж бай, дандаа ингэж хүний наймаанд орж байх юм” гэтэл өөдөөс би тэгээгүй ш дээ гэсэн. Тэр угаасаа байнга тэгж худлаа ярьдаг залуу байгаа юм. Тэгэхээр нь би “би битгий худлаа яриад бай” гэж хэлээд жижиг авдраар цохисон. Тэгтэл зүүн хөмсөгнөөс нь цус гараад эхэлсэн. Тэгэхээр нь би авдарных нь ирмэг нь таарсан юм байна гэж бодсон. Тухайн авдар миний санаж байгаагаар 20*18см байсан. /хх 31-32/ гэсэн мэдүүлгүүд,
Шүүх Шинжилгээний Ерөнхий газрын 2024 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 14728 дугаар “Т.Эын биед зүүн хөмсөгт шарх, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтосгдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-т зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх хугацаанд үүсэх боломжтой.”/хх 16-17/ гэсэн дүгнэлтүүд зэрэг анхан шатны шүүхийн шүүх хуралдаанаар хянан хэлэлцсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.
Шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон дээрх нотлох баримтуудыг хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх ба хэрэгт хамааралтай, ач холбогдолтой талаас нь шалгаж, үнэлэх боломжтой гэж үзэв.
Анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана.” гэж заасны дагуу хуульд зааснаар шүүх хуралдаанд оролцвол зохих оролцогч нарыг оролцуулж, тэдний дүгнэлт, тайлбар, шинжлэн судалсан бичгийн нотлох баримтуудад хууль зүйн дүгнэлт хийж, шүүгдэгч Ч.Тыг “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэж дүгнэсэн нь хэргийн бодит байдалтай нийцжээ.
Шүүгдэгч Ч.Тыг хохирогч Т.Эын “нүүрэн тус газар жижиг авдраар цохиж эрүүл мэндэд “зүүн хөмсөгт шарх, зөөлөн эдийн няцрал” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.
Анхан шатны шүүхээс шүүгдэгч Ч.Тд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800.000 төгрөгөөр торгох ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Тд оногдуулсан торгох ялыг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 90 хоногийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож шийдвэрлэсэн нь түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдалд тохирсон, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан Эрүүгийн хуулийн шударга ёсны зарчим, мөн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлагын зорилгод нийцжээ.
Шүүгдэгч Ч.Тын өмгөөлөгч А.Содхүүгийн “торгуулийн хэмжээг багасгаж доод хэмжээгээр тооцож ялыг хөнгөрүүлж өгнө үү.” гэх агуулга бүхий давж заалдах гомдол гаргасныг хүлээн авах үндэслэлгүй байна.
Учир нь, хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтууд нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлэгдсэн, хоорондоо зөрүүгүй, гэмт хэргийн үйл баримтыг нотолж чадсан байх ба анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэж заасны дагуу шүүх хуралдааны мэтгэлцээнд тэгш эрхтэй оролцох эрх бүхий яллах болон өмгөөлөх талуудыг оролцуулан, тэдний тайлбар, дүгнэлт, шинжлэн судалсан бичгийн нотлох баримтуудад үндэслэн хууль зүйн дүгнэлт хийсэн байна.
Тодруулбал, хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтууд нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлэгдсэн, хоорондоо зөрүүгүй, гэмт хэргийн үйл баримтыг нотолж чадсан, хэргийн оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хязгаарласан зөрчил тогтоогдохгүй байна.
Шүүгдэгч Ч.Тыг хохирогч Т.Эын “нүүрэн тус газар жижиг авдраар цохиж эрүүл мэндэд нь зүүн хөмсөгт шарх, зөөлөн эдийн няцрал” гэсэн Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журамд заасан хөнгөн зэргийн гэмтэл учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэх гэмт хэргийн шинжийг агуулсан байна.
Өөрөөр хэлбэл, анхан шатны шүүх хэрэг бүртгэлт, мөрдөн шалгах ажиллагааны үед Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг бүрэн гүйцэд шалгаж тогтоосон бол хэрэгт цугларсан нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн дүүрэн бодитойгоор шинжлэн судалсны эцэст гэмт хэрэг үйлдсэн, гэм буруутай нь тогтоогдсон шүүгдэгчид Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлд заасан эрүүгийн хариуцлагын зорилгыг хангахуйц, мөн хуулиар тогтоосон төрөл, хэмжээний ялыг оногдуулах нь шүүхийн бүрэн эрхийн асуудал юм.
Шүүхээс ял оногдуулахдаа Эрүүгийн хуулиар тодорхойлсон эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэл, журам, зарчмуудыг удирдлага болгодгоос гадна мөн хуулийн ерөнхий ангид заасан шүүхэд үүрэг болгосон хэм хэмжээг заавал хэрэглэдэг бол эрх олгосон хэм хэмжээг хэрэглэх эсэхээ энэ хуулийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан “гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал” зэргийг харгалзан шийдвэрлэдэг.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт нь дөрвөн зуун тавин нэгжээс нэг мянга гурван зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас гурван сар хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялтай бөгөөд анхан шатны шүүхээс шүүгдэгч Ч.Тд торгох ялыг сонгож оногдуулсан нь үндэслэлтэй байх ба ял тохирсон байна гэж давж заалдах шатны шүүх үзэв.
Иймд Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 2025/ШЦТ/225 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгчийн өмгөөлөгч А.Содхүүгийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4 дэх заалтыг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 2025/ШЦТ/225 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгчийн өмгөөлөгч А.Содхүүгийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.
2. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ,
ШҮҮГЧ М.АЛДАР
ШҮҮГЧ Л.ДАРЬСҮРЭН
ШҮҮГЧ Ц.МӨНХТУЛГА