Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2018 оны 07 сарын 16 өдөр

Дугаар 2018/ШЦТ/199

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

            Дорнод аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ү.Одгэрэл даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны "А" танхимд нээлттэй явуулсан эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:

 

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга *******г суулган,

Улсын яллагч *******

Шүүгдэгч ******* нарыг оролцуулан

 

Дорнод аймгийн Прокурорын газраас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* овогт *******-т холбогдох 1821000000209 дугаартай хэргийг 2018 оны 07 сарын 05-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч ******* овогт *******, Дорнод аймгийн Хэрлэн суманд ...... оны ...... сарын ......-ний өдөр төрсөн, 36 настай, эрэгтэй, Монгол Улсын иргэн /РД:*******/, бага боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эхнэр, хүүхдүүдийн хамт Дорнод аймгийн Хэрлэн сумын 1 дүгээр баг, ******* тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэл эдэлж байгаагүй, бие эрүүл, хэрэг хариуцах чадвартай.

Шүүгдэгч ******* нь 2018 оны 05 дугаар сарын 31-нээс 06 дугаар сарын 01-нд шилжих шөнө Дорнод аймгийн Хэрлэн сумын 6 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах “” ХХК-ийн хашаанд *******анхуягийн нүүрэн тус газар гараараа цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч *******анзориг шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Өмнө нь мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг үнэн зөв учир нэмж хэлэх зүйл байхгүй гэв.

Шүүгдэгч *******анзориг мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн мэдүүлэгтээ:...Тэгээд би хашааны хаалгаа нээгээд хашаа руу орж байтал хашааны манаач ах надад “чи орж гарахдаа хаалгаа хааж бай л даа дандаа онгорхой орхиж байх юм” гэж хэлсэн. Тэгэхээр нь би тэр манаач ахад “яаралтай ажил гараад эмнэлэг ороод ирлээ та түрүүн гарахад байхгүй байсан биз дээ юун сүртэй юм” гэж хэлсэн. Тэгээд бид хоёр муудалцаж маргалдсан ба тэр манаач ах удалгүй вагончикруугаа ороод буцаж гарч ирэхдээ лапатаг аваад над руу ирсэн. Тэгэхээр нь би тэр ахыг намайг цохих гэж байна гэж бодоод хөлд нь сууж хөлнөөс нь өргөөд манаач ахыг бетон хавтан дээр ойчуулсан. Тэгээд би тэр манаач ахын дээр нь гараад энгэрээс нь заамдсан ба тэр манаач ах ч бас намайг өөдөөс маань заамдаж бие биенээ тавиулах гэж ноцолдсон. Тэгээд бид хоёр барьцалдаж өнхрөлдөж байх явцдаа би санамсаргүйгээр нүүрийг нь тохойгоороо цохьчихсон юм. Тэгж ноцолдож байгаад бид хоёр газар унасан ба хоёр, гурав өнхрөлдөж хөрвөөж байгаад салцгаасан. Тэгээд дараа нь би машин руугаа очиж машины урд талын хайрцганд байсан монгол хэт хутганы хуйг бариад гарч очсон. Хутгаа гаргаж ирээд “та дүүгээ ингэж болохгүй” гэж хэлсэн чинь тэр ах өөрөө миний хутганы хуйн дээрээс нь татаад авсан. Тэр үед миний гарт хутга нь үлдсэн ба тэр ах хутга хараад надаас зугтаасан. Би тэр үед хутгаа аваад машиныхаа урд талын хайрцаг руу хийсэн...” гэжээ. /хх 33-34/

Хохирогч *******анхуяг мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ: “...2018 оны 06 дугаар сарын 01-ний шөнө намайг манаачийн вагончиктоо амарч байтал хашаан дотроос нэг машин гараад явсан ба хашааны хаалгыг түгжилгүй онгорхой орхиод явсан байсан. Тэгээд би дараа нь гарч хашааны хаалгаа хааж түгжээд байж байтал “” маркийн машин дугуйгаа нөхүүлэхээр ирсэн. Тэгээд би дугуйг нь нөхөөд байж байтал хашаанаас гарч явсан машин буцаж ирээд хаалган дээр тулж зогссон. Би машины жолоочид нь “чи гарч явсан юм бол хашааныхаа хаалгыг хаахгүй яасан юм” гэж хэлсэн. Тэр жолооч бол “” компанийн хуучин манаач залуу байсан. Тэгээд хэлтэл уг жолооч залуу машинаасаа бууж ирээд намайг заамдаж аваад миний зүүн чамархайнд 1 удаа зангидсан гараараа цохиж хоолойг маань боосон. Тэр үед би ухаан балартаж бетон хавтан дээр унасан ба намайг унасан байх үед дээрээс маань миний нүүр болон цээж орчимд 5-10 удаа цохисон. Би ч гэсэн тэр үед уг залууд эсэргүүцэл үзүүлж өөдөөс нь 1-2 удаа цохисон...тэгээд би тэр залуугаас зугтаад вагончикруугаа гүйж орсон...би бол яг эмнэлгээр явж эмчилээ хийлгээгүй. Харин бариачид очиж толгойгоо бариулахад толгойг маань хөдөлсөн байна гэж хэлсэн. Түүнээс хойш өөр эмчилгээ хийлгээгүй байна. Би гурван удаа нийт 30000 төгрөгөөр толгойгоо бариулсан. Мөн анхны үзлэгийн тодорхойлолт авсан 10000 төгрөг, шинжээчид үзүүлсэн 8000 төгрөг болсон. Мөн Г-т цохиулсаны улмаас миний хиймэл шүд маань голоороо хугарсан. Уг шүд бол тагнайтай хиймэл шүд байсан. Би цаашид эмнэлэгт хэвтэж биеэ сайн эмчлүүлэх бодолтой байгаа. Би урьд хийлгэсэн эмчилгээ болон цаашид хийлгэх эмчилгээ, хиймэл шүдний зардалдаа нийт 1500000 төгрөгийг Г-с нэхэмжилж байна...” гэжээ. /хх 16-18/

Гэрч ******* мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ: “...“” компанийн манаачийн байрны гадаа хоёр хүн хэрэлдэж байсан. Тэр хоёр хүний нэг нь манаач байсан ба хашааны хаалга хаагаагүй талаар маргалдаад байсан. Тэгж байтал манаачтай хэрэлдэж байсан залуу манаачийг цохих шиг болсон. Би тэр залууг яг хаана нь цохисныг хараагүй тэр залуу манаачийг ойчуулж байгаад дээрээс нь бие болон нүүр рүү нь цохиж байсан...” гэжээ. /хх 20/

Дорнод аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2018 оны 06 сарын 05-ны өдрийн 423 тоот нэмэлт дүгнэлтэд: “1.*******анхуягийн биед зүүн нүдний дээд, доод зовхи, зүүн хацрын зөөлөн эдийн няцрал, зүүн нүдний дээд, доод зовхины цус хуралт, цээжний цус хуралт, зүүн бугалганы цус хуралт, аймхай, зүүн тохой, цээжний ард, цээжний зүүн хажуу гадаргын зулгаралт гэмтэл тогтоогдлоо. 2.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүссэн байх боломжтой. 3.Дээрх гэмтлийн зүүн нүдний дээд, доод зовхи, зүүн хацрын зөөлөн эдийн няцрал, зүүн нүдний дээд, доод зовхины цус хуралт нь бүрдэл байдлаараа, бусад гэмтэл нь бүрдэл байдлаараа Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Дээрх гэмтэл нь нийтдээ гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 4.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй” гэжээ. /хх 26/

Хэрэгт цугларсан дээрх нотлох баримтууд болон гэрч *******анбаяр /хх 21-22/, *******анхуяг /хх 23-24/ нарын болон хохирогч *******анхуягийн мөрдөн шалгах ажиллагаанд гэрч, хохирогчоор /хх 5-6, 16-19/, шүүгдэгч ******* мөрдөн шалгах ажиллагаанд гэрчээр өгсөн /хх 7-8/ мэдүүлгүүд, Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх 4/, Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл /хх 9-10/, Хэргийн газарт нөхөн үзлэг хийсэн гэрэл зургийн үзүүлэлт /хх 11-13/, Яаралтай тусламжийн хуудас /хх 27/, Урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх 37/, Шүүгдэгчийн ам бүлийн тодорхойлолт /хх 40/ зэрэг болон хуулийн  дагуу  цуглуулж,  бэхжүүлж  авсан, тухайн хэрэгт хамааралтай хэрэгт цугларсан бусад нотлох баримтуудыг шинжлэн судаллаа.

Шүүгдэгч ******* нь 2018 оны 05 дугаар сарын 31-нээс 06 дугаар сарын 01-нд шилжих шөнө Дорнод аймгийн Хэрлэн сумын 6 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах “” ХХК-ийн хашаанд *******анхуягийн нүүрэн тус газар гараараа цохиж эрүүл мэндэд нь “*******анхуягийн биед зүүн нүдний дээд, доод зовхи, зүүн хацрын зөөлөн эдийн няцрал, зүүн нүдний дээд, доод зовхины цус хуралт, цээжний цус хуралт, зүүн бугалганы цус хуралт, аймхай, зүүн тохой, цээжний ард, цээжний зүүн хажуу гадаргын зулгаралт” бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт гэм буруутай болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дараах:

Шүүгдэгч *******-н мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүхийн хэлэлцүүлэгт гэм буруутай үйлдлээ хүлээн мэдүүлсэн “...Тэгээд би тэр манаач ахын дээр нь гараад энгэрээс нь заамдсан ба тэр манаач ах ч бас намайг өөдөөс маань заамдаж бие биенээ тавиулах гэж ноцолдсон. Тэгээд бид хоёр барьцалдаж өнхрөлдөж байх явцдаа би санамсаргүйгээр нүүрийг нь тохойгоороо цохьчихсон юм. Тэгж ноцолдож байгаад бид хоёр газар унасан ба хоёр, гурав өнхрөлдөж хөрвөөж байгаад салцгаасан...” /хх 33-34, шүүх хуралдааны тэмдэглэлээс/ гэх мэдүүлгийг давхар нотолсон:

Мэдүүлгийн эх сурвалжаа зааж, тогтвортой мэдүүлсэн хохирогч *******анхуягийн “...Тэгээд хэлтэл уг жолооч залуу машинаасаа бууж ирээд намайг заамдаж аваад миний зүүн чамархайнд маань 1 удаа зангидсан гараараа цохиж хоолойг маань боосон. Тэр үед би ухаан балартаж бетон хавтан дээр унасан ба намайг унасан байх үед дээрээс маань миний нүүр болон цээж орчимд 5-10 удаа цохисон. Би ч гэсэн тэр үед уг залууд эсэргүүцэл үзүүлж өөдөөс 1-2 удаа цохисон...тэгээд би тэр залуугаас зугтаад вагончикруугаа гүйж орсон...” /хх 16-18/ гэх,

Болсон үйл баримт /факт/-ыг нүдээр үзсэн гэрч *******ын “...“” компанийн манаачийн байрны гадаа хоёр хүн хэрэлдэж байсан. Тэр хоёр хүний нэг нь манаач байсан ба хашааны хаалга хаагаагүй талаар маргалдаад байсан. Тэгж байтал манаачтай хэрэлдэж байсан залуу манаачийг цохих шиг болсон. Би тэр залууг яг хаана нь цохисныг хараагүй тэр залуу манаачийг ойчуулж байгаад дээрээс нь бие болон нүүр рүү нь цохиж байсан...” /хх 20/ гэх мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлгүүд болон Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх 4/, Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл /хх 9-10/, Хэргийн газарт нөхөн үзлэг хийсэн гэрэл зургийн үзүүлэлт /хх 11-13/, Яаралтай тусламжийн хуудас /хх 27/, мөн гэмт хэрэг үйлдэгдсэн тухайн цаг хугацаанд хохирогчийн биед “*******анхуягийн биед зүүн нүдний дээд, доод зовхи, зүүн хацрын зөөлөн эдийн няцрал, зүүн нүдний дээд, доод зовхины цус хуралт, цээжний цус хуралт, зүүн бугалганы цус хуралт, аймхай, зүүн тохой, цээжний ард, цээжний зүүн хажуу гадаргын зулгаралт” бүхий хөнгөн гэмтэл үүссэн талаар дүгнэсэн шинжээчийн дүгнэлт /хх 26/ болон хавтаст хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Шүүгдэгч *******-н үйлдсэн гэмт хэрэгт Дорнод аймгийн Прокурорын газраас зүйлчлэн ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон, хэргийг шийдвэрлэхэд шаардлагатай нотлох баримт цугларч бүрдэл хангагдсан, мөрдөн шалгах ажиллагаа бүрэн хийгдсэн, тогтоол гаргахад ач холбогдолтой байж болох бүхий л байдлыг шалгаж тогтоожээ.

Хохирогч *******анхуягийн эрүүл мэндэд учирсан “*******анхуягийн биед зүүн нүдний дээд, доод зовхи, зүүн хацрын зөөлөн эдийн няцрал, зүүн нүдний дээд, доод зовхины цус хуралт, цээжний цус хуралт, зүүн бугалганы цус хуралт, аймхай, зүүн тохой, цээжний ард, цээжний зүүн хажуу гадаргын зулгаралт” бүхий хөнгөн хохирол нь түүнийг гараар цохисон шүүгдэгч *******-н үйлдэлтэй шууд шалтгаант холбоотой байна гэж үзлээ.

Энэ талаар дүгнэсэн шинжээчийн дүгнэлт нь хэргийн бодит байдалтай тохирсон, хэрэг явдлын гол үйл баримтыг тогтооход ач холбогдолтой, эргэлзээгүй байна. Мөн хэрэгт цугларсан бусад нотлох баримтуудыг хуулийн  дагуу  цуглуулж,  бэхжүүлж  авсан, тухайн хэрэгт харилцан хамааралтай байна гэж шүүх үнэлэв.

Иймд шүүгдэгч *******-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт гэм буруутайд тооцож, хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ.

Шүүгдэгч нь гэмт хэргийн улмаас учирсан эрүүл мэндийн хохиролд хохирогч *******анхуягт 1000000 төгрөг төлсөн болох нь хэрэгт цугларсан нотлох баримт /хх 48/-аар нотлогдож байна.

Хохирогчид учруулсан хохирлыг төлсөн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал болох ба хэрэгт эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна гэж үзлээ.

Энэ хэрэгт шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, эд мөрийн баримт хураагдаж болон эд хөрөнгө битүүмжлэгдэж ирээгүй, энэ тогтоолоор хохирогчид төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж, баримт бичгээр ирүүлсэн шүүгдэгчийн *******.. регистрийн дугаартай иргэний үнэмлэхийг тогтоол хүчин төгөлдөр болмогц Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлбэл зохино.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.5, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******. овогт *******-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******-г 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******-т оногдуулсан 500000 төгрөгийн торгох ялыг 5 /тав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч *******-т анхааруулсугай.

5. Эрүүгийн 1821000000209 дугаартай хэрэгт шүүгдэгч ******* нь цагдан хоригдоогүй ба шүүхийн шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл шүүгдэгчид хэрэглэсэн хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

6. Энэ хэрэгт эд мөрийн баримт хураагдаж болон эд хөрөнгө битүүмжлэгдэж ирээгүй, шүүгдэгч нь энэ тогтоолоор хохирогчид төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

7. Баримт бичгээр хураагдаж ирсэн шүүгдэгчийн *******....... регистрийн дугаартай иргэний үнэмлэхийг тогтоол хүчин төгөлдөр болмогц Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлсүгэй.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.  

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч нар тогтоолыг гардан авсан буюу энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлсүгэй.     

 

 

 

ДАРГАЛАГЧ                         Ү.ОДГЭРЭЛ