| Шүүх | Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Цэрэнчимэд Мөнхтулга |
| Хэргийн индекс | 2308031041253 |
| Дугаар | 2025/ДШМ/307 |
| Огноо | 2025-03-11 |
| Зүйл хэсэг | 24.6.1., |
| Улсын яллагч | Н.Анхбаяр |
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 03 сарын 11 өдөр
Дугаар 2025/ДШМ/307
2025 03 11 2025/ДШМ/307
Т.Над холбогдох
эрүүгийн хэргийн тухай
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Г.Есөн-Эрдэнэ даргалж, шүүгч Д.Очмандах, шүүгч Ц.Мөнхтулга нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
прокурор Н.Анхбаяр,
яллагдагч Т.Н, түүний өмгөөлөгч Н.Дэмбэрэлдагва,
нарийн бичгийн дарга Т.Мөнхтуяа нарыг оролцуулан,
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Алтантуяа даргалж хийсэн шүүх хуралдааны 2024 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 2024/ШЗ/46 дугаар шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч прокурор Б.Энхбаярын бичсэн 2025 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 7 дугаартай эсэргүүцлээр Т.Над холбогдох эрүүгийн 2308031041253 дугаартай хэргийг 2025 оны 02 дугаар сарын 11-ний өдөр хүлээн авч, шүүгч Ц.Мөнхтулгын илтгэснээр хянан хэлэлцэв.
Дариу Хөөрхийхөн овгийн Т.Н, 1979 оны 01 дүгээр сарын 25-нд Хөвсгөл аймгийн Жаргалант суманд төрсөн, 45 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, “Тээл дайрагт” ХХК-нд захирал ажилтай, ам бүл 4, эхнэр, хүүхдийн хамт ................................ багт оршин суух хаягтай бүртгэлтэй, /РД:................./;
Хөвсгөл аймаг дахь Сум дундын шүүхийн ....................дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 260 дугаар зүйлийн 260.1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, мөн хугацаагаар тэнсэж хянан харгалзсан.
Хөвсгөл аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн ............................. дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялаар,
Хөвсгөл аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн ....................... дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2.800.000 төгрөгөөр торгох ялаар,
Хөвсгөл аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн ...................... дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлж, 2021 оны 8 дугаар сарын 19-ний өдрийн 221 дүгээр тогтоолоор шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дуусгавар болсон.
Хөвсгөл аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн .................... дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800.000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлж, 2022 оны 5 дугаар сарын 27-ны өдрийн 122 дугаар тогтоолоор шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дуусгавар болсон.
Хөвсгөл аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн ................... дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.700.000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлж, 2024 оны 5 дугаар сарын 15-ны өдрийн 164 дүгээр тогтоолоор шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дуусгавар болсон.
Яллагдагч Т.Н нь 2023 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр Хөвсгөл аймгийн Жаргалант сумаас Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хорооны нутаг дэвсгэр Эмээлтийн шалган нэвтрүүлэх пост хүртэл 82-59 УАВ улсын дугаартай North benz маркийн тээврийн хэрэгслээр Н.Цгийн тээвэрлэсэн 74.88мЗ экологи эдийн засгийн 36,082,260 төгрөгийн үнэлгээ бүхий мод, модон материалыг гарал үүслийн гэрчилгээгүйгээр иргэн З.Сд худалдсан гэмт хэрэгт холбогджээ.
Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас: Т.Нын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: “...1. Эрүүгийн хуулийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт Зөвшөөрөлгүйгээр ойд мод бэлтгэсэн, гарал үүслийн гэрчилгээгүйгээр мод, модон материалыг бэлтгэсэн, тээвэрлэсэн, худалдсан, худалдан авсан бол гэж гэмт хэргийн шинжийг тодорхойлсон байх бөгөөд прокуророос яллагдагч Т.Ныг мод, модон материалыг гарал үүслийн гэрчилгээгүйгээр худалдсан гэсэн шинжээр яллажээ. Хэргийн материалтай танилцахад яллагдагч Т.Н нь Хөвсгөл аймгийн Жаргалант сумаас Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хорооны нутаг дэвсгэр, Эмээлтийн шалган нэвтрүүлэх пост хүртэл мод, модон гэх материалыг гэрч Н.Цгийн 82-59 УАВ улсын дугаартай North benz маркийн, мөн 13-05 АЧ дугаартай тээврийн хэрэгслийг амаар хэлцэл хийж хөлслөн тээвэрлүүлсэн нөхцөл байдал хэргийн баримтад байх бөгөөд уг асуудалд хууль зүйн дүгнэлт хийхгүйгээр буюу мод, модон гэх материал нь орон нутгаас Улаанбаатар хотын Сонгинохайрхан дүүрэгт ямар байдлаар хүргэгдэж ирснийг дүгнэлгүйгээр, тээвэрлэсэн үйлдэлд мөрдөн шалгах ажиллагаа явуулалгүй, хэргийн шинжийг шалгалгүй орхигдуулсан байх бөгөөд энэ нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан гэмт хэрэг гарсан байдал /гэмт хэргийг хэзээ, хаана, яаж үйлдсэн болон Эрүүгийн хуульд заасан бусад байдал/-ыг нотолбол зохих ажиллагаагүй хийгээгүй байна.
2. 2024 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн 01 дугаартай мөрдөгчийн магадалгаанд Хөвсгөл аймгийн Жаргалант суманд ойн мэргэжлийн байгууллагын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг “Тээл дайргат” ХХК нь 64.88 мЗ шинэс модон гуалинг бэлтгэхийн тулд уулнаас 116.78мЗ шинэс модыг тайрч бэлтгэсэн байна. “Тээл дайргат” ХХК-ийн 2023 онд зохих зөвшөөрөлтэй талбайгаас бэлтгэсэн модны хэмжээг тогтоосон Эрчим идэр ойн ангийн шинжээч Тайвансайханы 2024 оны 4 дүгээр сарын 22-ны өдөр гаргасан дүгнэлтэд тусгасан 24.112м3 шинэс гэж үзвэл 64.88м3 шинэс модон гуалинг бэлтгэхийн тулд уулнаас 116.78 м3 шинэс модыг тайрч бэлтгэсэн модноос зөвшөөрөлтэй талбайгаас бэлтгэсэн 24.113м3 шинэс модыг хасаж тооцвол 116.78м3-24.113м”=92.667м3 хууль бусаар бэлтгэсэн гэж тогтоох нь зүйтэй байна гэж дүгнэжээ.
3. Гэрч Н.Цгаас тээврийн хэрэгсэлд Гантулга надад мод бэлтгэх эрхийн бичиг болон мод модон материалын гарал үүслийн гэрчилгээ өгөөгүй, Гантулгын надад ачуулсан мод нь 3см зузаантай, 4 метр урттай зарим хэсгээрээ холтостой зах ирмэг өөлөөгүй байсан гэж мэдүүлсэн, мөн мөрдөгчийн 2024 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн 01 дугаартай магадалгаанд мод нь нийт 74.88 м3хэмжээтэй байна гэсэн хэмжээнээс Гантулгын 10м3 модыг хасахад 74.88-10=64.88м3 мод үлдэж байна гэжээ. Гэтэл прокуророос яллагдагч Т.Ныг 74.88м3 мод, модон материалыг гарал үүслийн гэрчилгээгүйгээр худалдсан гэж яллах дүгнэлт үйлдсэн байх бөгөөд хэмжээг үндэслэл бүхий тогтоогоогүй байх тул хэмжээг бодитой тогтоох шаардлагатай. Түүнчлэн мод, модон материал гэж яллах дүгнэлтдээ бичих ба мод эсхүл модон материалын алинд хамаарахыг ч мөн тогтоож гэмт хэргийн аль шинжид хамааруулж байгаагаа тодорхой, ойлгомжтой болговол зохино.
4. Мөрдөгчийн магадалгаанд “Тээл дайргат” ХХК нь 2023 онд зохих зөвшөөрөлтэй талбайгаас мод гуалин бэлтгэсэн тоо хэмжээний талаар магадалгаа гаргасан байх ба тус компани нь мод, модон эдлэлийн худалдаа эрхэлдэг үйл ажиллагааны чиглэлтэй байх бөгөөд хуулийн этгээд нь нэг гишүүнтэй. гүйцэтгэх захирал нь Т.Н бүртгэлтэй тухай лавлагаа авагджээ. /Зхх98/ Тиймээс Т.Нын гарал үүслийн гэрчилгээгүй мод модон материалыг худалдсан гэх болон бусад үйлдэл нь хуулийн этгээдийн нэрийн өмнөөс, хуулийн этгээдийн ашиг сонирхлын төлөө үйлдсэн эсэхэд мөрдөн шалгах ажиллагаа явуулах шаардлагатай бөгөөд энэ нь хэргийн зүйлчлэлд шууд хамааралтай байна.
5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 9.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт Прокурор, мөрдөгч нь өөрийн санаачилгаар, эсхүл оролцогчийн хүсэлтийг үндэслэлтэй гэж үзвэл эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэхэд тусгай мэдлэг зайлшгүй шаардагдах асуудлыг тодруулахаар, эсхүл эд зүйл, хөрөнгийн үнэлгээ, хүрээлэн байгаа орчны хохирлын үнэлгээ тогтоолгохоор шинжилгээ хийлгэх шийдвэр гаргаж, шинжээч томилно.гэж хуульчилжээ.
Шүүх шинжилгээний тухай хуулийн 8.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт шинжилгээг шинжилгээний байгууллагаар, эсхүл шинжилгээ хийх эрх бүхий бусад этгээдээр хийлгэнэ., 2 дахь хэсэгт шинжилгээ хийх эрх бүхий бусад этгээдэд дараах этгээд хамаарна: тухайн хэрэгт хувийн сонирхолгүй тусгай мэдлэг бүхий хүн, шинжилгээ хийх эрх авсан шинжээч, төрийн байгууллагад ажиллаж байгаа тусгай мэдлэг бүхий хүн, мэргэжлийн байгууллага гэж заажээ. Мөн хуулийн 10 дугаар зүйлд шинжилгээг шинжилгээ хийх эрх бүхий этгээдээр хийлгэнэ., 10.2 дахь хэсэгт Шинжилгээ хийлгэх эрх бүхий этгээд энэ хуулийн 8.2-т заасан этгээдэд шинжилгээ хийлгэх санал тавьж, хувийн баримт бичиг, тусгай мэдлэг, мэргэжил, чадварыг нотолсон баримт бичиг, шинжилгээ хийж, дүгнэлт гаргахаас татгалзах үндэслэл, шинжээчээр ажиллахыг зөвшөөрч байгаа эсэхийг урьдчилан тодруулж, баримтжуулна., 10.3 дах хэсэгт энэ хуулийн 10.2-т заасан үйл ажиллагааг явуулсны дараа шинжилгээ хийлгэх шийдвэр гаргаж, энэ хуулийн 8.2.1, 8.2.2, 8.2.3-т заасан этгээдэд. мэргэжлийн байгууллагын удирдлага, эсхүл төлөөлөх эрх бүхий этгээдэд шинжилгээ хийлгэх шийдвэрийг гардуулан өгч, эрх, үүрэг, хариуцлагыг урьдчилан сануулж, гарын үсэг зуруулна. 10.4 дэх хэсэгт Энэ хуулийн 10.3-т заасны дагуу шинжээчээр томилогдсон этгээд энэ хуульд заасан журмын дагуу шинжилгээ хийж, дүгнэлт гаргана.гэж тус тус заажээ.
Тус хэрэгт мөрдөгчийн 2024 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн 180 дугаар тогтоолоор “Сонгомол хүлэг” ХХК-ийг эд зүйлд үнэлгээ хийх шинжээчээр томилсон байхад шинжээчээр томилогдоогүй Г.Лхагвасүрэн шинжээчийн дүгнэлт гаргасан, мөн шинжээчээр томилогдоогүй, шинжээчийн эрх үүрэгтэй танилцаагүй Р.Байгалмаа туслах үнэлгээчнээр оролцож дүгнэлт гаргасан ноцтой зөрчлүүдтэй байна. Түүнчлэн тусгай зөвшөөрлийн гэрчилгээ, тодорхойлолт хэрэгт авагдсан байх ба эдгээр нь Г.Лхамааралтай баримтууд байх бөгөөд Г.Лхагвасүрэн нь “Сонгомол хүлэг” ХХК-тай ямар хамааралтай эсэх, хэрхэн яагаад томилогдоогүй этгээд хэрэгт шинжээчээр оролцсон, эсхүл Сонгомол хүлэг ХХК нь шинжээчээр томилогдсон хэрэгт Г.Лхагвасүрэн, Р.Байгалмаа нарыг шинжээчээр оролцуулахаар томилсон баримтгүй нь шинжээчээр томилогдоогүй этгээд дүгнэлт гаргасан гэж үзэх үндэслэлтэй, нөгөө талаас шинжээчийн эрх үүрэгтэй танилцаагүй субъект шинжээчээр оролцож дүгнэлт гаргах хууль зүйн үндэслэлгүй юм.
Мөн 2024 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн шинжээч томилж шинжилгээ хийлгэх мөрдөгчийн тогтоолоор нэмэлт шинжилгээ хийхийг Шүүхийн шинжилгээний ерөнхий газарт даалгасан, тогтоолын тогтоох хэсгийн 3 дахь заалтад дүгнэлт гаргахыг Шинжлэх ухааны академийн ботаникийн цэцэрлэгт хүрээлэнгийн шинжээч Ө.Балжиннямд даалгажээ. Үүнээс үзвэл Шинжлэх ухааны академийн ботаникийн цэцэрлэгт хүрээлэн нь Шүүхийн шинжилгээний ерөнхий газрын салбар нэгж эсэх, хэрхэн яагаад Шүүх шинжилгээний ерөнхий газарт даалгасан атлаа тухайн тогтоолд өөр байгууллагын ажилтныг буюу Шинжлэх ухааны академийн ботаникийн цэцэрлэгт хүрээлэнгийн шинжээч Ө.Балжиннямд даалгасан нь ойлгомжгүй байна. Түүнчлэн шинжээчээр томилогдоогүй Ж.Түшигмаа шинжээчийн эрх үүрэгтэй танилцаж, Ө.Балжиннямын хамтаар шинжээчийн дүгнэлт гаргасан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль болон Шүүхийн шинжилгээний тухай хуулийн дээрх дурдсан заалтуудыг зөрчсөн гэж үзэх үндэслэлтэй. Эдгээрээс нэгтгэн дүгнэвэл шинжилгээ хийлгэх санал тавьсан, хувийн баримт бичиг, тусгай мэдлэг, мэргэжил, чадварыг нотолсон баримт бичиг, шинжилгээ хийж, дүгнэлт гаргахаас татгалзах үндэслэл, шинжээчээр ажиллахыг зөвшөөрч байгаа эсэхийг урьдчилан тодруулсан зэрэг баримтгүй, шинжилгээ хийлгэх шийдвэрийг гардуулан өгч, эрх, үүрэг, хариуцлагыг урьдчилан сануулж, гарын үсэг зуруулаагүй, шинжилгээ хийх эрх авсан эсэх нь тодорхойгүй Р.Байгалмаа, Ж.Түшигмаа нарыг шинжээчээр оролцуулсан, мөн Сонгомол хүлэг ХХК-ийг шинжээчээр томилсон байхад Г.Лхагвасүрэн туслах үнэлгээчинтэй хамтран дүгнэлт гаргасан зэрэг нь хуулийн заалтыг ноцтой зөрчсөн гэж үзэх үндэслэлтэй.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5 дахь заалтад “гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээг нотлон тогтооно.” гэж хуульчилсан. Прокурор яллах дүгнэлтдээ 74.88м3 экологи эдийн засгийн 36.082.260 төгрөгийн үнэлгээ бүхий мод, модон материалыг гарал үүслийн гэрчилгээгүйгээр иргэн З.Сд худалдсан гэжээ. Мөрдөгчийн 2024 оны 4 дүгээр сарын 29-ний өдрийн магадалгаагаар экологи эдийн засгийн үнэлгээ нь 36.082.260 төгрөг байна гэх дүгнэлтийг үндэслэн ...ойн санд учирсан хохирлыг экологи эдийн засгийн үнэлгээг 3 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр төлбөрийг гаргуулахаар заасан тул 1м3 шинэс мод 267.707 төгрөг, мөрдөгчийн магадалгаагаар тогтоогдсон 92.667м3 модоор үрж үүлэн тооцоход 24.807.604 төгрөгөөр тогтоох нь зүйтэй гэсэн байна. /4хх 55/ Шинжээчээр оролцсон Г.Лхагвасүрэнгийн үнэлгээний тайланд 74.88м3 модны зах зээлийн үнийг 39.200.000 төгрөг гэжээ. Дээрхээс үзвэл прокурорын яллах дүгнэлтэд бичсэн экологи эдийн засгийн үнэлгээ гэсэн дүн нь зах зээлийн үнэлгээний дүн байх ба, 74.88м3 мод, модон материал гэх эд зүйлийн экологи эдийн засгийн үнэлгээ тодорхой бус, нөгөө талаар тус хэрэгт шалгагдаж байгаа хүрээнд хамааралтай мод, модон материалын хэмжээг зөв тогтоосны эцэст зах зээлийн үнэ, экологи эдийн засгийн үнэлгээг хэргийн жинхэнэ байдалд нийцүүлж зөв тогтоох шаардлагатай.
7. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөр тогтоогдож хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцсон Ц.Т нь ажлаасаа чөлөөлөгдсөн талаар шүүхэд мэдэгдсэн тул хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийг тогтоох, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулах арга хэмжээг авах нь зүйтэй. Хэргийг прокурорт очтол яллагдагч Т.Над урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээж, түүний бичиг баримт шүүхэд ирээгүй, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгө үгүй, эд мөрийн баримтаар хураагдсан 74.88м3 модыг Цагдаагийн ерөнхий газрын хангалт үйлчилгээний төвийн хашаанд байрлах Экологийн цагдаагийн албаны хашаанд хадгалагдаж байгаа талаар дурдаж, хэрэгт ирүүлсэн 4 ширхэг сиди, мод, модон материалын гарал үүслийн гэрчилгээний хувь гэх 0219726, 0219724, 0219723, 0219714, 0219706, 00015437, 0219719, 0219618, 0219836, 0219803 дугаартай 10 ширхэг зэргийг хэргийн хамт прокурорт хүргүүлж шийдвэрлэжээ.
Прокурор Б.Энхбаяр бичсэн эсэргүүцэлдээ: “Шүүхээс ...хэргийн материалтай танилцахад яллагдагч Т.Н нь Хөвсгөл аймгийн Жаргалант сумаас Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хорооны нутаг дэвсгэр, Эмээлтийн шалган нэвтрүүлэх пост хүртэл мод, модон материалыг гэрч Н.Цгийн 82-59 УАВ улсын дугаартай North benz маркийн амаар хэлцэл хийж хөлслөн тээвэрлүүлсэн нөхцөл байдал хэргийн баримтад байх бөгөөд уг асуудалд хууль зүйн дүгнэлт хийхгүйгээр мод, модон гэх материал нь орон нутгаас Улаанбаатар хотын Сонгинохайрхан дүүрэгт ямар байдлаар хүргэгдэж ирснийг дүгнэлгүйгээр, тээвэрлэсэн үйлдэлд мөрдөн шалгах ажиллагаа явуулаагүй хэргийн шинжийг шалгаагүй гэжээ... гэх үндэслэлээр хэргийг прокурорт буцаасан байна. Хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу авагдсан нотлох баримтууд болох хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч Ц.Т /4хх 26-29/, гэрч Н.Ц/1хх 68-72/, А.Э /1хх 73-74/, Б.Б /1хх 89-93/, Б.Б /1хх 94-98/, Ж.Ш /1хх 99-102/, З.С /1хх 108-110/, Л.М /1хх 111-114/, Л.П /1хх 115-118, Ч.Б /1хх 124-128/, Б.Б /1хх 129-133/, Б.Б /4хх 11-16/ нарын мэдүүлгүүд, Шүүх шинжилгээний Ерөнхий газрын шинжээчийн 3478 дугаартай дүгнэлт, /1хх 156-159/, зэрэг нотлох баримтууд хэрэгт цугларчээ.
Гэтэл анхан шатны шүүх нь хэргийн бодит байдлыг хэрэгт цугларсан нотлох баримтыг үндэслэн сэргээн тогтоохдоо прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд, хэрэгт хамааралтай бүхий л нөхцөл байдлыг үнэлж, дүгнэдэг бөгөөд нотолгооны ач холбогдолтой, хэрэгт хамааралтай баримт нэг бүрийг тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар нь үнэлэлт дүгнэлт өгөх учиртай. Ийнхүү үнэлж, дүгнэхдээ нотлох баримтуудыг харьцуулах, нотлох баримтын эх сурвалжийг магадлах аргыг ашиглах бөгөөд харьцуулсан, магадалсан үндэслэлээс шалтгаалан няцаасан эсхүл баталсан дүгнэлтийг хийдэг бөгөөд анхан шатны шүүх Т.Над холбогдох хэрэгт прокурорт буцааж шийдвэрлэхдээ үйл баримтыг бодитой, зөв тогтоогоогүйн улмаас эрх зүйн алдаатай дүгнэлт хийсэн гэж үзэж байна.
Яллагдагч Т.Н нь 2023 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр Хөвсгөл аймгийн Жаргалант сумаас Улаанбаатар хот Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хорооны нутаг дэвсгэр Эмээлтийн шалгах нэвтрүүлэх пост хүртэл 82-59 УАВ улсын дугаартай North benz маркийн тээврийн хэрэгслээр Н.Цгийн тээвэрлэсэн 74.88 м3 экологи эдийн засгийн 36.082.260 төгрөгийн үнэлгээ бүхий мод, модон материалыг гарал үүслийн гэрчилгээгүйгээр худалдсан гэмт хэрэгт Т.Н нь хэдэн м3 мод, модон материалыг худалдсан, түүний экологи эдийн засгийн үнэлгээ нь хэдэн төгрөг байгаа эсэхийг мөрдөн шалгах ажиллагаагаар тогтоосон бөгөөд үүнийг үнэлж, дүгнэхдээ нотлох баримтуудыг харьцуулах, нотлох баримтын эх сурвалжийг магадлах аргыг ашиглах бөгөөд харьцуулсан, магадалсан үндэслэлээс шалтгаалан няцаасан эсхүл баталсан дүгнэлтийг хийх учиртай. Дээрх асуудлыг шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгээр хянан хэлэлцэж, зөв буруу гэж тодорхойлох боломжгүй байна.
Эрүүгийн хуульд тодорхойлсон гэмт хэргийн бүх шинжийг агуулж буй үйлдэл хийсэн хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэдэг бөгөөд эрүүгийн эрх зүйн онол болон эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны практикт гэмт хэргийн шинж гэдэгт тодорхой нийгэмд аюултай үйлдлийг гэмт хэрэг гэж тодорхойлж буй Эрүүгийн хуульд заасан объектив болон субъектив шинжүүдийн нэгдлийг ойлгохоор тодорхойлсон байдаг. Шүүх хэргийг прокурорт буцаахдаа хууль зүйн дүгнэлтийг эрх зүйн оновчтой хийгээгүй байна. Өөрөөр хэлбэл: Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт “...шүүхийн шийдвэр нь тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн байна...” гэж заасан зохицуулалтад нийцээгүй гэж үзнэ.
Тодруулбал шүүх хуралдаанаар нөхөн хийж болохгүй бүрэн биш ажиллагаанд мөрдөн шалгах тодорхой ажиллагаа явуулж байж, нотлох баримт шинээр цуглуулах гэмт хэрэгт сэрдэгдсэн бусад этгээдийг олох, эсхүл мөрдөн шалгах ажиллагаа өөр газарт буюу явуулах шаардлагатай байхыг ойлгоно. Иймд дээрх үндэслэлээр нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийлгэхээр хэргийг прокурорт буцаасан нь үндэслэлгүй болжээ.
Учир нь хэрэгт цугларсан нотлох баримтуудаас үзэхэд, мөрдөн шалгах ажиллагаагаар нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэхдээ шүүхээс хууль ёсны үндэслэлтэй шийдвэр гаргахад сөргөөр нөлөөлөхүйц эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуулийн ноцтой зөрчсөн зөрчил гараагүй байх тул шүүхээс нотлох баримтуудыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж, харьцуулан дүгнэх байдлаар хянан шийдвэрлэх боломжтой байна. Энэ нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн “ анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд, прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэж заасантай нийцэхээр байна.
Шүүхээс шийдвэр гаргах боломжгүй мөрдөн шалгах ажиллагааг хийлгэх, процесс ажиллагааны засах боломжгүй зөрчил, эсхүл хэргийн зүйлчлэлийг хүндрүүлэн өөрчлөх шалтгаантай бол хэргийг прокурорт буцаах бөгөөд бусад асуудлыг шүүх хэргийн оролцогчдын мэтгэлцээг ханган хэлэлцүүлж, хөндлөнгийн байр сууринаас хандаж, эрүүгийн хэргийн хүрээнд цугларсан нотлох баримтыг харьцуулан шинжлэн судлах замаар үнэлэлт дүгнэлт өгөн шийдвэрлэх боломжтой.
Хэрэгт гэрч Н.Цмэдүүлэхдээ... “би хувьдаа Шалаанз маркийн автомашинтай юм аа хот хооронд ачаа зөөдөг 2023 оны 09 дүгээр сарын 22-ны өдөр үл таних хүн хэрэглээний мод ачих уу гэхээр нь би бичиг баримт нь бүрэн биз дээ асуудалгүй бол ачъя гээд Хөвсгөл аймгийн Жаргал сумаас модыг нь ачаад Улаанбаатар хот руу хөдөлсөн. Замдаа машин эвдрээд 2023 оны 09 дүгээр сарын 27-ны 00 цаг өнгөрч байхад 22-ын товчоон дээр явж байхад цагдаа зогсоосон...” гэжээ. Дээрх мэдүүлгээр тэрээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан зөвшөөрөлгүй ойд мод гарал үүслийн гэрчилгээгүйгээр мод, модон материалыг бэлтгэсэн, тээвэрлэсэн гэмт хэргийн шинж үгүйсгэгдэж байна.
Өөрөөр хэлбэл яллагдагч Т.Н нь модны гарал үүсэл болон бичиг баримт нь бүрэн гэж итгүүлэн Н.Цгэгчид Улаанбаатар хот руу бусдад зарж худалдах зорилгоор тээвэрлүүлсэн үйл баримт авагджээ. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлд заасан гэмт хэрэг нь зөвшөөрөлгүйгээр ойд мод бэлтгэсэн, гарал үүслийн гэрчилгээгүйгээр мод, модон материалыг бэлтгэсэн, тээвэрлэсэн, худалдсан, худалдан авсан бол дөрвөн зуун тавин нэгжээс таван мянга дөрвөн зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас нэг жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэнэ...гэж хуульчилсан бөгөөд энэ нь Гэмт хэрэг үйлдсэнээс хойш дараах хугацаа өнгөрсөн нь тогтоогдвол яллагдагчаар татаж болохгүй...1.1.энэ хуулийн тусгай ангид хорих ялын дээд хэмжээг нэг жил, түүнээс бага хугацаагаар тогтоосон, эсхүл зорчих эрхийг хязгаарлах ялын дээд хэмжээг нэг жил, түүнээс бага хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэнээс хойш нэг жил өнгөрсөн... гэж хуульчилсан тул дээрх агуулгаар хэрэгт яллагдагчаар татаж болохгүй хууль зүйн үндэслэлд хамаарна.
Байгаль орчин, ногоон хөгжлийн сайдын 2013 оны 5 дугаар сарын 15-ны өдрийн А-153 тоот тушаалын 2 дугаар хавсралт ...Гарал үүслийн гэрчилгээгүй. Мод, модон материалыг зөвшөөрөлгүй бэлтгэсэн, тээвэрлэсэн гэж үзнэ. Т.Н нь 2023 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр Хөвсгөл аймгийн Жаргалант сумаас Улаанбаатар хот Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хорооны нутаг дэвсгэр Эмээлтийн шалгах нэвтрүүлэх пост хүртэл 82-59 УАВ улсын дугаартай North benz маркийн тээврийн хэрэгслээр Н.Цгийн тээвэрлэсэн мод модон материалыг гарал үүслийн гэрчилгээгүйгээр бусдад худалдсан үйлдэл нь гэмт хэргийн шинжийг хангаж байна. Шинжээч гэж хэрэгт ач холбогдолтой баримтын талаар нарийн мэргэжлийн буюу тусгай мэдлэг шаардсан дүгнэлт гаргуулж, шинжлүүлэхээр эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хэрэгжүүлэгчээс томилсон этгээд бөгөөд хэнээс ч хараад бус бие дааж ажиллах үүрэг хүлээдэг өөрийн гаргасан дүгнэлтийг үнэн бодитойг шүүхийн өмнө бие даан хариуцах, худал дүгнэлт гаргах, шинжлэхээс татгалзсан нөхцөл үүссэн бол хуульд заасан хариуцлага хүлээх учиртай.
Шүүхээс шинжээчийн дүгнэлтэд дурдсан зөрчилд хууль зүйн ач холбогдолтой болон тухайн нотлох баримтыг хэрхэн үнэлэх эсэхийг шинжлэн судлах явцад шийдвэрлэх боломжтой гэж үзэж байна. Учир нь прокуророос дээрх нотлох баримтуудыг яллах баримт гэж үзээгүй бөгөөд энэ талаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухайн хуулийн 16.11 дүгээр зүйлд заасан хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн нотлох баримтыг эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зорилтод нийцэж байгаа эсэхийг харгалзан бүхэлд нь. хэсэгчлэн заримыг нотлох баримтад тооцохгүй байх саналыг шүүхэд гаргах замаар хууль зүйн дүгнэлт хийж шийдвэрлэх боломжтой байна. Хэргийг мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нөхцөл байдлуудыг шалгаж тодруулсан, оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуулийг ноцтой зөрчсөн зөрчил үүсээгүй бөгөөд хэрэгт цугларсан нотлох баримтуудад тулгуурлан хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэж, талуудын мэтгэлцээний үндсэн дээр бодит үнэнийг тогтоох боломжтой тул шүүгчийн захирамжид заасан асуудлаар дахин мөрдөн шалгах ажиллагаа явуулах шаардлагагүй гэж үзэж байна.
Өөрөөр хэлбэл Т.Над холбогдох хэрэгт мөрдөн шалгах ажиллагааны үед цуглуулж бэхжүүлсэн гэрч, яллагдагч нарын мэдүүлэг болон бусад бичгийн нотлох баримтуудын эх сурвалжийг магадлах аргаар шалган үнэлэлт дүгнэлт өгч, тэдгээрийн агуулгын хувьд хооронд нь харьцуулан дүгнэлт хийж, эргэлзээ бүхий зарим асуудлыг тодруулахаар шаардлагатай гэрч, шинжээчийг талуудын хүсэлтээр оролцуулан яллагдагчийн гэм буруугийн асуудлыг прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд талуудын мэтгэлцээнд үндэслэн хэлэлцэн шийдвэрлэх боломжтой байна. Нотлох баримт шинжлэн судлах процесс хийгдээгүй байхад яллагдагч Т.Ныг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт буруутгаж, яллах дүгнэлт үйлдсэн хэрэгт Т.Нын гарал үүслийн гэрчилгээгүй мод, модон материалыг худалдсан гэх үйлдэл нь хуулийн этгээдийн нэрийн өмнөөс хуулийн этгээдийн ашиг сонирхлын төлөө үйлдсэн эсэхэд мөрдөн шалгах ажиллагаа явуулаагүй талаар дурдаж хэргийн зүйлчлэлд шууд хамааралтай гэж үзсэн нь прокуророос ирүүлсэн хэргийн зүйлчлэлийг үгүйсгэх баримтыг дурдаагүй буюу авагдаагүй байхад хийсвэр дүгнэлт хийсэн гэж үзнэ.
Түүнчлэн шүүх хуралдааны явцад нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал үндэслэн шүүгдэгчид холбогдох хэргийн зүйлчлэлийг хүндрүүлэхээр бол, эсхүл эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх зорилгоор шүүх хэргийг хянан хэлэлцэхийг нэг удаа 60 хүртэл хоногоор хойшлуулж, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулахыг прокурорт даалгах нь гагцхүү анхан шатны шүүхэд олгогдсон эрх хэмжээ болохыг тэмдэглэх нь зүйтэй.
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөр тогтоогдож хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцсон Ц.Тэнгис нь ажлаасаа чөлөөлөгдсөн талаар шүүхэд мэдэгдсэн тул хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийг тогтоох гэжээ... гэтэл шүүх хуралдаанаар нөхөн хийж болохгүй бүрэн биш ажиллагаанд мөрдөн шалгах тодорхой ажиллагаа явуулж байж, нотлох баримт шинээр цуглуулах гэмт хэрэгт сэрдэгдсэн бусад этгээдийг олох, эсхүл мөрдөн шалгах ажиллагаа өөр газарт буюу явуулах шаардлагатай байхыг ойлгоно... дээрх агуулга нь шүүхээс нөхөн хийж болохгүй ажиллагаанд хамаарахгүй бөгөөд шүүхэд мэдэгдсэн гэсэн нь ямар хэлбэрээр мэдэгдсэн болох хүсэлт гаргасан, эсхүл зохих байгууллага нь албан бичиг ирүүлж хууль ёсны төлөөлөгч өөрчлүүлэх эсэх зэргээр хандаагүй байхад дээрх агуулгаар дурдсан нь үндэслэлгүй байна. Иймд шүүгчийн захирамжийг хүчингүй болгож өгнө үү. ...” гэжээ.
Прокурор Б.Анхбаяр тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар мод, модон материалыг гарал үүслийн гэрчилгээгүйгээр бусдад худалдсан үндэслэлээр Т.Ныг яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдэн хэргийг шүүхэд шилжүүлсэн. Анхан шатны шүүхээс тодорхой зүйл, заалтаар хэргийг прокурорт буцаасан. Өөрөөр хэлбэл, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан гэмт хэрэг гарсан байдал тогтоогдоогүй, шалгах нь зүйтэй гэсэн агуулгаар хэргийг прокурорт буцаасан. Энэ хэргийг 1 жилийн хугацаанд бүхэлд нь шалгасан. Яллагдагч Т.Н нь гарал үүслийн гэрчилгээг өөр газраас гаргуулсан үйл баримт тогтоогдсон. Үүнтэй холбоотойгоор байгаль орчны байцаагч нарыг албан тушаалын байдлаа ашигласан эсэх асуудлыг шалгуулахаар Авлигатай тэмцэх газарт албан тоотоор шилжүүлэн шалгалтын ажиллагаа явагдаж байгаа. Эрхийн бичиг нөхөж гаргаж өгсөн асуудлыг Засаг даргын захирамжаар хүчингүй болгосон. Худалдах, борлуулах, тээвэрлэх тохиолдолд гарал үүслийн гэрчилгээ олгогдож байж дараагийн хүнд шилжүүлэх асуудал үүснэ. Ийм нөхцөл байдал байхгүй гэсэн агуулгаар эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан. Мөн Н.Цгийн тээвэрлэсэн үйлдэлд хууль зүйн дүгнэлт хийгээгүй гэж шүүгчийн захирамжид дурдсан. Энэ гэмт хэрэг 2023 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр илэрсэн. Үүнээс хойш хуульд заасан хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн. Уг үйлдэлд тухайн этгээдийг буруутгах гэдэг юм уу, эсхүл нотлох баримтаар прокуророос эрүүгийн гэмт хэргийн шинжтэй гэж үзээгүй. Хөөн хэлэлцэх хугацаа дууссан асуудалд хууль зүйн дүгнэлт хийж, гэм буруугийн асуудлыг шалга гэсэн нь хуульд нийцэхгүй. Т.Нын тухайд эрхийн бичигт зааснаас илүү мод бэлтгэсэн асуудлыг хуульд заасан хүрээнд шалгаж, прокуророос хууль бусаар бэлтгэсэн асуудал нь эрүүгийн гэмт хэргийн шинжийг хангахгүй байна гэж үзэж эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татаагүй. Анхан шатны шүүхээс энэ асуудлыг шалга гэсэн нь мөн дээрх зүйл, ангитай нийцэж байгаа. Нэгдүгээрт, хөөн хэлэлцэх хугацааны асуудал яригдана. Хоёрдугаарт, шалгах шаардлагагүй гэж үзсэн. Гарал үүслийн гэрчилгээгүй модыг бусдад худалдсан 74.88 м3 модны экологи эдийн засгийн үнэлгээ нь 36.082.260 төгрөг гэсэн 2023 оны 7468 дугаартай шинжээчийн дүгнэлт гарсан. Уг шинжээчийн дүгнэлтийг үндэслэж модыг бусдад худалдсан гэж яллах дүгнэлтэд дурдсан. Шүүгчийн захирамжид зөрүүтэй байдлаар тухайн шинжээчийн дүгнэлтээс өөрөөр дурдсан асуудлууд хэргийн үйл баримтад тохирохгүй гэж үзэж байна. Нөгөөтэйгөөр, хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөр тогтоогдож хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцсон Ц.Тэнгис нь ажлаасаа чөлөөлөгдсөн талаар шүүхэд мэдэгдсэн тул хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийг тогтоох асуудлыг шүүгчийн захирамжид дурдсан. Энэ асуудлыг шүүхийн шатанд нөхөн гүйцэтгэх боломжтой гэж үзэж байгаа. Хэргийн үйл баримтын тухайд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг шүүхээр хэлэлцэж, гэм буруугийн асуудлыг шийдвэрлэх боломжтой. Мөн шүүгчийн захирамжид дурдсан шинжээчийн дүгнэлтэд туслах шинжээч гарын үсэг зурсан зэрэг баримтыг прокуророос яллах дүгнэлтэд оруулаагүй. Эдгээр баримтуудыг шүүхийн хэлэлцүүлгийн шатанд, эсхүл шүүх хуульд нийцээгүй гэж үзвэл хасуулах, үнэлэхгүй байх хуулийн зохицуулалтыг хэрэглэж шийдвэрлэх боломжтой. Тэгэхээр шүүгчийн захирамжид дурдсан ажиллагааг мөрдөн шалгах ажиллагааны шатанд биш, шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцсэний үндсэн дээр шийдвэрлэх бүрэн боломжтой гэж үзэж байна. ...” гэв.
Яллагдагч Т.Нын өмгөөлөгч Н.Дэмбэрэлдагва тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “5 хавтаст хэрэг болтол нь ажиллагаа хийж их баримт цуглуулсан байна. Хэргийн материалтай танилцахад зарим баримтууд нь төдийлөн ач холбогдолгүй баримтууд байсан. Гэхдээ анхан шатны шүүх хэрэгт авагдсан баримтуудыг сайн судалсан, хийсэн дүгнэлт нь үндэслэлтэй. Тиймээс бидний зүгээс шүүгчийн захирамжийг үндэслэлтэй гэсэн байр суурьтай байгаа. Тухайлбал, шинжээч томилсонтой холбоотой асуудлыг прокуророос илтгэгч шүүгч асуугаад их зүйл тодорхой боллоо. Үнэхээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль зөрчигдсөн зүйл харагдаж байсан. Эцсийн эцэст оролцогчийн эрхийг хязгаарласан, зөрчсөн гэх асуудал яригдана. Шинжээчийн дүгнэлт, шинжээчийн мэдүүлгийг танилцуулсан, танилцуулаагүй яригддаг. Хоёрдугаарт, мөрдөн шалгах ажиллагааг нэг талыг барьж явуулсан харагдаж байна. Миний бие давж заалдах шатны шүүхийн шатнаас хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцож байна. Т.Н модыг зөвшөөрөлтэй бэлтгэсэн. Нийт 309 м3 мод бэлтгэх зөвшөөрөл авсан бөгөөд худалдсан гэх мод нь үүнд багтаж байгаа. Гарал үүслийн гэрчилгээ авсан асуудлын тухайд жолооч нь Завхан аймгийн нутагт засмал зам руу орчихсон учраас аргагүйдээд Завхан аймгийн Их сумын байгаль хамгаалагчдаас гарал үүслийн гэрчилгээгээ авчихсан юм байна. Нээх хатуурхаад байх зүйл байхгүй харагдаж байгаа. Нөгөөтэйгөөр, гарал үүслийн гэрчилгээ, эрхийг бичгийн журам баталсан сайдын тушаал нь хүчингүй болсон. Дээрх нөхцөл байдлыг үндэслэн шүүгчийн захирамжид заасан зүйлүүд үндэслэлтэй байгаа тул захирамжийг хэвээр үлдээж өгнө үү.” гэв.
Яллагдагч Т.Н тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Прокурор, шүүх гарал үүслийн гэрчилгээгүйгээр мод, модон материалыг бэлтгэсэн гээд байх юм. Гарал үүслийн гэрчилгээ гэдэг энэ хавтас нь мод бэлтгэх эрхийн бичиг биш юм. Мод бэлтгэх эрхийн бичиг гэдэг нь мод тусгаарлах талбай буюу ойн менежментийн төлөвлөгөө гаргаж нийт 16 хуудас бүхий материалыг бүрдүүлж, гоожин гэх эрхийн бичгийн төлбөрийг төрийн сангийн тодорхой данс руу тушаасны дараа би мод руугаа ордог. Би зөвшөөрөлгүй хууль бус мод бэлтгэсэн биш, нийт 20 га талбайгаас 309 м3 мод бэлтгэх эрхийн бичигтэй байсаар байхад намайг 90 м3 мод илүү бэлтгэсэн гэж буруутгасан. Энэ талаарх баримт хэрэгт авагдсан байгаа. Би илүү мод бэлтгээгүй. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гарал үүслийн бичиг баримтгүйгээр бусдад худалдсан гэдгийг хүлээн зөвшөөрнө. Экологийн хохирол гэдэг нь талбайн бус буюу гоожин эрхийн бичиггүйгээр бусад талбайгаас мод бэлтгэсэн нөхцөл байдлыг нотлох баримтаар тогтоогдсоны дагуу экологийн хохирол тогтоогдох ёстой. Би экологид ямар нэгэн хохирол учруулаагүй учраас экологийн эдийн засгийн үнэлгээ тогтоогдохгүй гэж үзэж байгаа. Би зохих зөвшөөрлийн дагуу энэ эрхүүдийн дагуу өөрийн өмч болгож бэлтгэсэн учраас хууль бус мод бэлтгээгүй.” гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт тус тус зааснаар хэргийг хянан шийдвэрлэхдээ прокурорын бичсэн эсэргүүцэлд дурдсан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хянаж үзэхэд яллагдагч Т.Над холбогдох хэргийг прокурорт буцаасан анхан шатны шүүхийн шүүгчийн захирамж хууль зүйн үндэслэлтэй болжээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Мөрдөгч, прокурор нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шалгаж хянасны үндсэн дээр хэргийн бодит байдлыг тогтоох үүрэгтэй.” гэж, мөн зүйлийн 2 дахь хэсэгт “Хэргийн бодит байдлыг нотлохын тулд мөрдөгч, прокурор хуульд заасан бүх арга хэмжээг авч яллагдагч, шүүгдэгчийг яллах, цагаатгах, ял хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдлыг эргэлзээгүй тогтооно.” гэж тус тус заасан зохицуулалтын хүрээнд мөрдөгч, прокурор хэргийн бодит байдлыг тогтоох үүрэгтэй.
Анхан шатны шүүхээс мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн нотолбол зохих байдлыг нотолж тогтоогоогүй тул хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжгүй гэж дүгнэсэн нь зөв байна.
Эрүүгийн хуульд заасан гэмт хэргийн талаар заавал нотолбол зохих нөхцөл байдлуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт нэрлэн заасан бөгөөд нотолгооны зүйлд хамаарах эдгээр нөхцөл байдлыг эргэлзээгүй, хөдөлбөргүй тогтоох нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.1 дүгээр зүйлд заасан зорилт болон Эрүүгийн хуулийн 5.1 дүгээр зүйлд тодорхойлсон эрүүгийн хариуцлагын зорилгыг хангахад ач холбогдолтой гэж үзнэ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан “гэмт хэрэг гарсан байдал /гэмт хэргийг хэзээ, хаана, яаж үйлдсэн болон Эрүүгийн хуульд заасан бусад байдал/”, хэн үйлдсэн, “гэмт хэргийн сэдэлт, зорилго, гэм буруугийн хэлбэр”, “гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ”, “гэмт хэрэг үйлдэхэд нөлөөлсөн шалтгаан, нөхцөл” зэрэг нотолбол зохих байдлын хүрээнд яллагдагч Т.Н нь эмээлтийн шалган нэвтрүүлэх пост хүртэл 82-59 УАВ улсын дугаартай Nord benz маркийн тээврийн хэрэгслээр Н.Цгийн тээвэрлэсэн 74.88 м3, экологи эдийн засгийн 36.082.260 төгрөгийн үнэлгээ бүхий мод, модон материалыг гарал үүслийн гэрчилгээгүйгээр З.Сд худалдсан гэх үйл баримтыг тодруулан бүрэн шалгах шаардлагатай гэж үзлээ.
Анхан шатны шүүхээс “нотолбол зохих байдал нотлогдоогүй, хэргийн үйл баримтыг нотолж тогтоогоогүй, хохирлын хэмжээг тогтоогоогүй” зэрэг үндэслэлээр хэргийг прокурорт буцаасан нь үндэслэлтэй байх бөгөөд шүүгчийн захирамжид заасан ажиллагааг шүүхийн шатанд нөхөн гүйцэтгэх боломжгүйгээс гадна энэхүү зөрчлийг арилгасны эцэст хэргийг эцэслэн шийдвэрлэх нь зүйтэй.
Иймд прокурор Б.Энхбаярын бичсэн “...анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хүчингүй болгуулах. ...” тухай эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгож, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 2025/ШЗ/46 дугаар шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж шийдвэрлэлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 12 дугаар сарын 27-ны өдрийн 2025/ШЗ/46 дугаар шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж, прокурор Б.Энхбаярын бичсэн 2025 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 7 дугаартай эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Яллагдагч Т.Над урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
3. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.
ДАРГАЛАГЧ,
ШҮҮГЧ Г.ЕСӨН-ЭРДЭНЭ
ШҮҮГЧ Д.ОЧМАНДАХ
ШҮҮГЧ Ц.МӨНХТУЛГА