Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 09 сарын 26 өдөр

Дугаар 317/ШШ2025/01355

 

 

 

 

 

2025 09 26 317/ШШ2025/01355

 

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг

хүлээн зөвшөөрснийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Б.Түмэнцэцэг би,

Нэхэмжлэгч: ********** хаягт оршин байрлах, Х  ХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: **************хаягт оршин суух, Б овогт Ш  Бд холбогдох,

Нэхэмжлэлийн шаардлага: Гэрээний үүрэгт 10,126,546.19 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 09 дүгээр сарын 11-ний өдөр хүлээн авч, мөн оны 09 дүгээр сарын 16-ны өдөр иргэний хэрэг үүсгэснийг хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

1.Нэхэмжлэгч Х  ХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Б овогтой Б нь 2025 оны 02 дугаар сарын 11-ний өдөр тус банктай 1300095315 дугаартай зээлийн гэрээ байгуулж 9,645,000 (Есөн сая зургаан зуун дөчин таван мянган) төгрөгийн зээлийг 30 сарын хугацаатай, 365 хоногт 18.00 хувийн хүүтэй цалингийн зээл авсан. Ш.Б нь 1300095315 дугаартай зээлийн гэрээнд заасан төлбөрийн үүргээ 2025 оны 04 дүгээр сарын 15-ны өдрөөс эхлэн зөрчиж эхэлсэн. Х ны зүгээс зээлдэгчийг зээл төлөх боломжоор хангаж, зээлийн төлбөрийг эргэн төлөлтийн хуваарийн дагуу төлөхийг мэдэгдэж, холбогдож байсан боловч 2025 оны 04 дүгээр сарын 15-ны өдрөөс эхлэн зээлийг эргэн төлөх хугацааг хэтрүүлж, гэрээний үүргээ зөрчсөн бөгөөд нэхэмжлэл гаргах өдрийн байдлаар 148 хоног хугацаа хэтрүүлээд байна. Зээлийн гэрээний үүрэгт 10,126546.19 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

2.Хариуцагч Ш.Б шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Миний бие Б овогтой Б Х ны нэхэмжлэл болох 10,126,546 төгрөгийг өөрийн боломжоор 2026 оны 12 дугаар сар хүртэл төлж барагдуулна гэжээ.

Хэрэгт цугларсан нотлох баримтуудыг судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Х  ХК нь хариуцагч Ш.Бд холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 10,126,546.19 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг гаргажээ.

1.Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг явуулахад, хариуцагч Ш.Б нь нэхэмжлэгчийн шаардсан 10,126,546.19 төгрөгийг бүхэлд нь хүлээн зөвшөөрч, 10,126,546 төгрөгийг өөрийн боломжоор 2026 оны 12 дугаар сар хүртэл төлж барагдуулахаа илэрхийлсэн хариу тайлбарыг бичгээр гаргасныг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч хүлээн зөвшөөрсөн байх тул шүүх хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй гэж үзэв.

Учир нь: Нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Ш.Б бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн нь гуравдагч этгээдийн эрх ашгийг хөндөөгүй, хууль зөрчөөгүй байна гэж үзэж, хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэнэ.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэсэн тохиолдолд улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг тал хувиар бууруулан тогтоодог тул нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 176,975 төгрөгийн тал хувь 88,487.5 төгрөгийг улсын орлого болгож, 88,487.5 төгрөгийг улсын орлогоос, хариуцагчаас 88,487.5 төгрөгийг тус тус гаргуулж, нэхэмжлэгчид олгох нь хуульд нийцнэ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 75 дугаар зүйл, 758 дугаар зүйлийн 758.1, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1.Х  ХК-ийн нэхэмжлэлтэй, Ш.Бд холбогдох иргэний хэргийн нэхэмжлэлийн шаардлага 10,126,546.19 төгрөгийг хариуцагч бүхэлд нь хүлээн зөвшөөрч 2026 оны 12 дугаар сар хүртэл хугацаанд төлж барагдуулахаа илэрхийлсэн хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгч Х  ХК-иас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 176,975 төгрөгийн тал хувь болох 88,487.5 төгрөгийг улсын орлого болгож, 88,487.5 төгрөгийг улсын орлогоос, 88,487.5 төгрөгийг хариуцагч Ш.Бгаас тус тус гаргуулж, нэхэмжлэгч Х  ХК-д олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч Ш.Б сайн дураар биелүүлэхгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

ШҮҮГЧ Б.ТҮМЭНЦЭЦЭГ