Дорнод аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 07 сарын 16 өдөр

Дугаар 2018/ШЦТ/200

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

            Дорнод аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ү.Одгэрэл даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны "А" танхимд нээлттэй явуулсан эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:

 

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга *******г суулган,

Улсын яллагч *******

Шүүгдэгч ******* нарыг оролцуулан

 

Дорнод аймгийн Прокурорын газраас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.11 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* овогт *******-нд холбогдох 1821002530219 дугаартай хэргийг 2018 оны 07 сарын 05-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч ******* овогт *******, Улаанбаатар хотод ...... оны ..... сарын .....-ны өдөр төрсөн, 37 настай, эрэгтэй, Монгол Улсын иргэн /РД: ......../, бүрэн бус дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, “Нар Энержи Селикон Металл” ХХК-д жолооч ажилтай, ам бүл 4, эхнэр, хүүхдүүдийн хамт Улаанбаатар хотын Сүхбаатар дүүрэг, 2 дугаар хороо, Орбитын ........ тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, Сонгино Хайрхан дүүргийн 2009 оны 07 сарын 20-ны өдрийн 320 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 126 дугаар зүйлийн 126.3 дахь хэсэгт зааснаар 20 жилийн хорих ялаар шийтгүүлж, Нийслэлийн давж заалдах шатны шүүхийн 2009 оны 08 сарын 31-ний өдрийн 758 дугаар магадлалаар 20 жил хорих ял гэснийг 10 жил 01 сар хорих ял болгож өөрчилсөн, Сэлэнгэ аймгийн Мандал сумын сум дундын шүүхийн 2017 оны 10 сарын 12-ны өдрийн 86 дугаар шүүгчийн захирамжаар эдлээгүй үлдсэн 01 жил 10 сар 28 хоногийн хорих ялыг хугацааны өмнө тэнсэн сулласан, бие эрүүл гэх.

Шүүгдэгч ******* нь 2017 оны 10 дугаар сарын 12-ны өдөр 01 жил 10 сар 28 хоногийн хорих ялыг хугацааны өмнө тэнсэн суллагдсан хугацаандаа 2018 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр Дорнод аймгийн Булган сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэр “Өндөр Хошуу” гэх газарт Норд бенз маркийн 63-06 УБС дугаартай автомашиныг жолоодон явахад уг тээврийн хэрэгсэлийн дугуй шатсаны улмаас тухайн авто машин болон ачиж явсан бараа, материал шатаж “Номин Тав Трейд” ХХК-д 117.653.487 төгрөгийн, “Нар Энержи Селикон Метал” ХХК-д 20.000.000 төгрөгийн хохирол нийт 137.653.487 төгрөгийн буюу бусдад их хэмжээний хохирол болгоомжгүйгээр учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

ТОДОРХОЙЛОХ нь:

            Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон хөнгөрүүлэх цагаатгах талын дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

          Шүүгдэгч ******* шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг үнэн зөв, нэмж хэлэх зүйлгүй. Үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна гэв.

            Шүүгдэгч ******* мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн мэдүүлэгтээ: “...Би “Нар энержи селикон металл” ХХК-д жолоочоор 2017 оны 10 дугаар сард ажилд орсон бөгөөд Улаанбаатар хотоос Дорнод аймагт байрлах “Хэрлэн номин бизнес төв” хүний бараа, материалыг 63-06 УБС улсын дугаартай тээврийн хэрэгслээр тээвэрлэсэн юм. Ингээд 2018 оны 04 дүгээр сарын 03-ны орой Улаанбаатар хотоос Дорнод аймаг руу бараа ачаад гарсан бөгөөд 04 дүгээр сарын 04-ний өдрийн 13 цагийн орчимд Дорнод аймгийн Булган сумын төвөөс баруун зүгт явж байхад буруу талын арын гадна дугуй буудаж, гал авалцаж дугуй шатаж эхлэхээр нь машинаа зогсоогоод галын хороор унтраах гэсэн боловч унтрахгүй байсан учраас машинаа асаагаад замаас гарч шороон дээр зогссон юм. Тэр хавиар явж байсан хүмүүс ус авчирч унтраах гэсэн боловч унтрахгүй байсан болохоор аймгийн Онцгой байдлын газарт дуудлага өгсөн юм. 40-50 минут болсны дараа Онцгой байдлын газрын гал сөнөөгч нар ирж галыг бүрэн унтраасан юм. Ингээд машинаа Булган суман дээр авчираад Улаанбаатар хот руу авч явсан юм...” гэжээ. /хх 41-42/

            Хохирогч ******* мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ: “...Би “Номин тав трейд” ХХК-ийн Дорнод аймаг дахь салбар буюу Хэрлэн номин бизнес төвд няраваар ажилладаг юм... “Номин тав трейд” ХХК-ийн зүгээс гаргах гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй...” гэжээ. /хх 25/

            Иргэний нэхэмжлэгч Б.Ганболд мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ: “... “Нар Энержи силекон метал” ХХК-ийн зүгээс гаргах гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй...” гэжээ. /хх 28/

            Гал түймрийн улсын байцаагчийн 2018 оны 04 сарын 30-ны өдрийн 045/09 тоот шинжээчийн дүгнэлтэд: “1.Норд Бенз” маркийн 6306 УБС улсын дугаартай тээврийн хэрэгслийн зүүн гар талын дунд тэнхлэгийн захад байрлах дугуй хагарч, хийгүй явсны улмаас халалт үүсч, дугуй шатаж, улмаар тээврийн хэрэгслийн шатах материалаар дамжин гал тархсан байх магадлалтай байна” гэжээ. /хх 36/

Хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтанд: Дээрх дурдсан нотлох баримтууд болон гэрч Т.Мягмаржав /хх 33/ болон шүүгдэгч ******* /хх 29-31/ нарын мөрдөн шалгах ажиллагаанд гэрчээр өгсөн мэдүүлгүүд, Гэмт хэргийн талаархи гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх 7/, Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх 8-9,  10-12/, Эд зүйлийн үнэлгээ /хх 13, 15/, Шатсан барааны нэгтгэл /хх 16-22/, Хохирогч байгууллагуудын хохирол нэхэмжлэхгүй гэх тодорхойлолт /хх 43-44/, Тээврийн хэрэгслийн гэрчилгээ /хх 45/, Жолоочийн үнэмлэх /хх 46/, Шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагаа /хх 47/, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх 43/ зэрэг болон хуулийн  дагуу  цуглуулж, бэхжүүлж авсан, тухайн хэрэгт хамааралтай хэрэгт цугларсан бусад нотлох баримтуудыг шинжлэн судаллаа.

Шүүгдэгч ******* нь 2017 оны 10 дугаар сарын 12-ны өдөр 01 жил 10 сар 28 хоногийн хорих ялыг хугацааны өмнө тэнсэн суллагдсан хугацаандаа 2018 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр Дорнод аймгийн Булган сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэр “Өндөр Хошуу” гэх газарт “North Benz” маркийн 63-06 УБС улсын дугаартай автомашиныг жолоодон явахдаа уг тээврийн хэрэгсэлийн дугуй шатсаны улмаас тухайн автомашин болон ачиж явсан бараа, материал шатаж “Номин Тав Трейд” ХХК-д 117.653.487 төгрөгийн, “Нар Энержи Селикон Метал” ХХК-д 20.000.000 төгрөгийн хохирол нийт 137.653.487 төгрөгийн буюу бусдад их хэмжээний хохирол болгоомжгүйгээр учруулсан гэмт хэрэгт гэм буруутай болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан, шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа өөрөө хүлээн зөвшөөрч үйлдсэн мэдүүлгийг давхар нотолсон дараах:

Болсон үйл баримт /факт/-ыг нүдээр үзсэн гэрч Т.Мягмаржавын “...Булган сумын нутагт 13 цагийн үед орж ирсэн. Тус сумын баруун талд явж байхад дугуй буудаж хагарсан. ... Жолооч толиндоо хараад “өө, дугуй буудчихлаа” гэж хэлээд зогсоод бид хоёр бууж харахад дугуй шатаж байсан...” /хх 33/ гэх мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг, дугуй хагарч, хийгүй явсны улмаас халалт үүсч, дугуй шатсан талаар дүгнэсэн гал түймрийн улсын байцаагчийн 2018 оны 04 сарын 30-ны өдрийн 045/09 тоот шинжээчийн дүгнэл, Гэмт хэрэг үйлдэгдсэнийг мэдсэн даруйд гэмт хэргийн талаар мэдээлснийг хүлээж авсан гэмт хэргийн гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх 7/, Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх 8-9,  10-12/, Эд зүйлийн үнэлгээ /хх 13, 15/, шатсан барааны нэгтгэл /хх 16-22/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна гэж шүүх дүгнэлээ.

Шүүгдэгч *******-н үйлдсэн гэмт хэрэгт Прокурорын газраас зүйлчлэн ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон, хэргийг шийдвэрлэхэд шаардлагатай нотлох баримт цугларч бүрдэл хангагдсан, мөрдөн шалгах ажиллагаа бүрэн хийгдсэн, тогтоол гаргахад ач холбогдолтой байж болох бүхий л байдлыг шалгаж тогтоожээ.

******* нь автомашин жолоодохдоо техникийн бүрэн бүтэн байдлыг хангах үүргээ биелүүлээгүй гэм буруутай үйлдлийн улмаас бараа ачиж явсан автомашины дугуй шатаж “Номин Тав Трейд” ХХК-д 117.653.487 төгрөгийн, “Нар Энержи Селикон Метал” ХХК-д 20.000.000 төгрөгийн, нийт 137.653.487 төгрөгийн их хэмжээний хохирол болгоомжгүйгээр бусдын эд хөрөнгийг устгасан үйлдэл нь  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.11 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байна гэж үзлээ.

Иймд шүүгдэгч *******-г бусдын эд хөрөнгөд болгоомжгүйгээр их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт гэм буруутайд тооцож, хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Шүүгдэгч гэм буруутай үйлдлээрээ хохирогч байгууллага болох “Номин Тав Трейд” ХХК-д 117.653.487 төгрөгийн, иргэний нэхэмжлэгч байгууллага болох “Нар Энержи Селикон Метал” ХХК-д 20.000.000 төгрөгийн, нийт 137.653.487 төгрөгийн хохирол тус тус учруулсан болох нь эд зүйлийн үнэлгээ /хх 13, 15/, шатсан барааны нэгтгэл /хх16-22/ зэргээр, харин иргэний нэхэмжлэгч байгууллагууд нь шүүгдэгчээс “нэхэмжлэх зүйлгүй” болохыг мэдүүлсэн /хх 25, 28/ байх тул шүүгдэгчийг энэ тогтоолоор иргэний нэхэмжлэгч нарт төлөх төлбөргүй гэж дүгнэх үндэстэй байна.

Хэрэгт шүүгдэгчид оногдуулах эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна гэж үзлээ.

Шүүгдэгч ******* нь өмнө нь гэмт хэрэг үйлдэж 2017 оны 10 сарын 12-ны өдөр эдлээгүй үлдсэн 01 жил 10 сар 28 хонгийн хорих ялаас хугацааны өмнө тэнсэн суллагджээ. Харин түүний одоогийн үйлдсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг болгоомжгүй үйлдсэн гэж үзэх ба Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.12 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт “Хорих ялаас хугацаанаас өмнө суллагдсан хүн хяналтын хугацаанд болгоомжгүй гэмт хэрэг үйлдсэн бол энэ хуулийн 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулах эсэхийг шүүх шийдвэрлэнэ” гэжээ. Иймд шүүгдэгч *******-н гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийг хэрэглэх шаардлагагүй гэж шүүх үзлээ.

Энэ хэрэгт шүүгдэгч ******* цагдан хоригдоогүй, эд мөрийн баримт хураагдаж ирээгүй, эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, иргэний нэхэмжлэгч нарт төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж, баримт бичгээр хураагдаж ирсэн шүүгдэгчийн иргэний үнэмлэхийг тогтоол хүчин төгөлдөр болмогц Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлбэл зохино.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.5, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ******* овогт *******-г бусдын эд хөрөнгөд болгоомжгүйгээр их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.11 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******-г 750 /долоон зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 750000 /долоон зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******-д оногдуулсан 750000 төгрөгийн торгох ялыг 4 /дөрөв/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч *******-д анхааруулсугай.

5. Эрүүгийн 1821002530219 дугаартай хэрэгт шүүгдэгч ******* нь цагдан хоригдоогүй ба шүүхийн шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл шүүгдэгчид хэрэглэсэн хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

6. Эд мөрийн баримт хураагдаагүй, эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, энэ тогтоолоор иргэний нэхэмжлэгч нарт төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

7. Баримт бичгээр ирүүлсэн шүүгдэгчийн ................. регистрийн дугаартай иргэний үнэмлэхийг тогтоол хүчин төгөлдөр болмогц Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлсүгэй.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, иргэний нэхэмжлэгч нар /иргэний нэхэмжлэгч зөвхөн иргэний нэхэмжлэлтэй хэсэгт/ тогтоолыг гардан авсан буюу энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлсүгэй.     

 

 

 

ДАРГАЛАГЧ                         Ү.ОДГЭРЭЛ