Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 03 сарын 13 өдөр

Дугаар 2025/ДШМ/319

 

   2025            03           13                                        2025/ДШМ/319
                              Б.Д, Г.Гнарт холбогдох
                                            эрүүгийн хэргийн тухай
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч М.Алдар даргалж, шүүгч Л.Дарьсүрэн, шүүгч Ц.Мөнхтулга нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
прокурор Н.Халиунаа, 
шүүгдэгч, хохирогч Г.Г өмгөөлөгч О.Цэрэнпунцаг, 
нарийн бичгийн дарга П.Мөнхчимэг нарыг оролцуулан,
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Т.Алтантуяа даргалж хийсэн шүүх хуралдааны 2025 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн 2025/ШЦТ/61 дүгээр шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Г.Г өмгөөлөгч О.Цэрэнпунцагийн гаргасан заалдах гомдлоор Б.Д, Г.Гнарт холбогдох эрүүгийн 2408011381300 дугаартай хэргийг 2025 оны 02 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч, шүүгч Ц.Мөнхтулгын илтгэснээр хянан хэлэлцэв. 
1. Дамжинаахан овгийн Б.Д, 1998 оны 4 дүгээр сарын 25-нд Ховд аймгийн Алтай суманд төрсөн, 26 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, барилгын өрлөгчин мэргэжилтэй, хувиараа барилгын бригад ажиллуулдаг гэх, ам бүл 4, эхнэр, хоёр хүүхдийн хамт ................ түр оршин суух, ял шийтгэлгүй, /РД:................/;
2. Сартуул овгийн Г.Г, 1988 оны 06 дугаар сарын 07-нд Улаанбаатар хотод төрсөн, 36 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, гагнуурчин мэргэжилтэй, эрхэлсэн ажилгүй, ам бүл 6, эхнэр, дөрвөн хүүхдийн хамт ...................... тоотод оршин суух хаягийн бүртгэлтэй, /РД:............................./;
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн 641 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлж, 2023 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн 23/600 дугаар тогтоолоор шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дуусгавар болсон. 
Шүүгдэгч Б.Д нь 2024 оны 03 дугаар сарын 05-ны шөнө Сонгинохайрхан дүүргийн 40 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Билгүүн-Од” караокены гадаа иргэн Г.Гтухайн үед үүссэн үл ялих зүйлээс маргалдан нүүр хэсэгт гараараа 1 удаа цохисон, Сонгинохайрхан дүүргийн 9 дүгээр хороонд байрлах Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн газрын хоёрдугаар хэлтсийн байран дотор дахин маргалдаж толгой хэсэгт гараараа 2 удаа цохисны улмаас эрүүл мэндэд нь баруун нүдний ухархайн дотор хана, хамар яс, хамрын таславчийн хугарал, хамрын таславчийн мурийлт, завжинд шарх, баруун хөмсөгт цус хуралт, хамрын нуруунд зөөлөн эдийн няцрал гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан, 
шүүгдэгч Г.Гнь 2024 оны 03 дугаар сарын 05-ны шөнө Сонгинохайрхан дүүргийн 40 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Билгүүн-Од” караокены гадаа иргэн Б.Дтай тухайн үед үүссэн үл ялих зүйлээс маргалдан хамар хэсэгт гараараа нэг удаа цохисон, Сонгинохайрхан дүүргийн 9 дүгээр хороонд байрлах Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн газрын хоёрдугаар хэлтсийн байран дотор дахин маргалдаж нүүрэн тус газар толгойгоороо мөргөсний улмаас эрүүл мэндэд нь хамар ясны хугарал, хамрын таславчийн мурийлт, баруун нүдний дээд, доод зовхи, хамарт зөөлөн эдийн няцрал гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.
Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас: Б.Д, Г.Гнарын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх: Шүүгдэгч Б.Д, Г.Гнарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Дыг 240 (хоёр зуун дөч) цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял; Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Гыг 400 (дөрвөн зуу) цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Д, Г.Гнарт оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт наймаас дээшгүй цагаар хийлгэхээр тогтоож, шүүхээс оногдуулсан ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал, төлбөргүй, шүүгдэгч нар баривчлагдсан, цагдан хоригдсон хоноггүй, тэдний бичиг баримт шүүхэд ирээгүйг дурдаж,  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар ирүүлсэн “Билгүүн Од” караокены хяналтын камерын бичлэг бүхий хоёр ширхэг компакт дискийг хэргийг хадгалагдах хүртэл хугацаанд хэрэгт хавсаргаж үлдээж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Даас 351,000 (гурван зуун тавин нэгэн мянга) төгрөгийг гаргуулж хохирогч Г.Г олгож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогч Б.Д, Г.Гнар нь гэмт хэргийн улмаас өөрт учирсан эрүүл мэндийн болон сэтгэцийн хор уршгийн нөхөн төлбөр, ажилгүй байсан хугацааны цалин хөлс, цаашид гарах гэм хорын зардлыг нотлох баримтыг бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлүүлэх журмаар гэм буруутай этгээдээс нэхэмжлэх эрхтэйг дурдаж шийдвэрлэжээ. 
Шүүгдэгч Г.Г өмгөөлөгч О.Цэрэнпунцаг давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолоор Г.Г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 400 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэжээ. Шүүхийн хэлэлцүүлгийн явцад эрүүгийн хариуцлагын талаар улсын яллагч миний үйлчлүүлэгч Г.Г 800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800.000 төгрөгөөр торгох хэмжээний саналыг оруулсан байхад шүүхээс урьд хүний эрүүл мэндийн эсрэг гэмт хэрэгт эрүүгийн хариуцлага хүлээж байсан боловч энэ төрлийн гэмт хэрэг үйлдэж байсныг харгалзан шүүх улсын яллагчийн саналаас дээгүүр буюу хүндрүүлж ял шийтгэл оногдуулсан нь миний үйлчлүүлэгчийн эрх зүйн байдлыг дордуулсан шийдвэр гаргасан байна. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан “гэмт хэрэг үйлдсэн этгээдийн хувийн байдал гэдэгт тухайн оролцогч урьд нэг төрлийн гэмт хэрэг дахин үйлдсэн болохыг хамааруулж ойлгохгүй бөгөөд эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх үндэслэл болохгүй байхаас гадна мөн хуулийн 4 дахь хэсэгт “эрүүгийн хариуцлага хүлээж дуусгавар болсон нь хуулиар хязгаарлалт тогтоосноос бусад тохиолдолд хүний эрх зүйн байдлыг дордуулах үндэслэл болохгүй” гэж заажээ. Энэ нь урьд ял шийтгэл эдэлж дуусгавар болсон тухайн гэмт хэрэг үйлдсэн этгээдэд урьд үйлдсэн гэмт хэрэгт нь холбогдуулан давхар ял шийтгэл оногдуулахгүй гэсэн ойлголт юм. Иймд шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж, Г.Г оногдуулсан эрүүгийн хариуцлагыг анхан шатны шүүх хуралд оролцсон улсын яллагчийн саналын хүрээнд ял шийтгэлийг оногдуулж хөнгөрүүлж өгнө үү.” гэв. 
Прокурор Н.Халиунаа тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “Прокурорын зүгээс гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800,000 төгрөгийг хуульд заасан хугацаагаар хэсэгчлэн төлүүлэх ялын саналыг гаргасан. Шүүгдэгч Г.Г өмгөөлөгч О.Цэрэнпунцагийн гаргасан гомдолтой танилцсан. Анхан шатны шүүх хуралдаанд гаргаж байсан торгох ялын саналыг дэмжиж байна. Шүүгдэгчид торгох ял оногдуулахад татгалзах зүйлгүй.” гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
    Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан шийдвэрлэхдээ хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, анхан шатны шүүхийн бүх ажиллагаа, шийдвэрийг хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэн давж заалдах гомдолд дурдсан асуудлаар хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянаж үзэв.
    Хэргийн бүх ажиллагааг хянахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж, тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн ноцтой зөрчил тогтоогдсонгүй.
Хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг харьцуулан шинжлэн судлахад:
Г.Г хохирогчоор өгсөн: “Баатарсүх бид хоёр уг караокед унтчихсан байсан ба сэрээд харсан чинь Г байхгүй байсан. Тэгээд караокеноос гараад харсан чинь Б.Д манай найзыг доороо унагаачихсан байсан. Би очоод Б.Дыг баруун шанаа руу 1-2 удаа гараараа цохиод уг залуу бас миний баруун шанаа руу гараараа цохисон, тэгээд ноцолдоод байж байхад караокены эмэгтэй бид нарыг салгасан. /хх 11-12/, 
Б.Дын хохирогчоор өгсөн: “Тухайн караокены булангийн ширээнд нөгөө үл таних ахтайгаа юм яриад сууж байхад текний урд талын ширээнд сууж байсан цагаан цамцтай залуу манай ширээн дээр хүрч ирснээ хэрүүл өдөөд хэл амаар доромжлоод  байсан. Тэгэхээр нь би ууж идсэнээ зөв шингээ ах, битгий хэрүүл маргаан хийгээд бай гээд эвээр хэлэхэд намайг заамдсан. ...цагаан цамцтай залуу гарч ирээд хэрүүл өдөөд намайг нэг удаа түлхсэн. ...караоке руу ороход араас дуудсанаа цээж рүү түлхэхээр нь би нэг удаа нүүр хэсэгт мангасдаж хөлөөрөө хавсарч газарт унагаасан.” /хх 20-21/, 
гэрч М.Б“Б.Г сэрээрэй гээд намайг дуудаж байгаад гараад явсан ба Г.Гзөрж орж ирээд Г зодуулчихсан байна гэж хэлсэн. Гараад харахад Гийн нүүр болон хувцас нь цус болчихсон байсан. ...нэг танихгүй залуу хүрч ирээд миний утсыг яагаад аваад байгаа юм гээд намайг баруун хөлөөрөө хавирч унагаасан. ...нөгөө үл таних залуу сууж байсан буйдангаасаа босож ирээд Г.Г хамар хэсэгт нэг удаа цохисон ба Г.Г хамраас цус гарсан.” /хх 26/, 
гэрч Б.Г“25 орчим насны залуу миний өмссөн байсан  малгайтай цамцны малгайнаас татахад нь эргээд хартал миний хамар хэсэгт цохиод намайг хөлөөрөө хавирч унагаад нүүр рүү хоёр, гурван удаа цохисон ба цохиж байх үед нь Г.Ггарч ирээд нөгөө залууг хойноос татаад надаас салгасан. Миний хамар хавдаж, хоёр нүд хөхөрсөн байсан.” /хх 28/, 
гэрч А.С“1 дүгээр ширээнд сууж байсан залуу гурван залуу 5 дугаар ширээнд сууж байсан залуутай муудалцаад байсан. 1 дүгээр ширээний туранхай, бор өндөр залуу 5 дугаар ширээнд очиж хэрүүл өдөж байгаад хоёулаа хамт эвлэрээд гарсан.  Тэр 3 гадаа байж байгаад орж ирэхдээ зодолдсон байдалтай орж ирсэн.  ...5 дугаар ширээний залуу 1 дүгээр ширээнд сууж байгаад 4 дүгээр ширээнд суучихсан байсан, утсаа алдсан гэж орж ирдэг ахын хамарт нэг удаа цохиод хамраас нь цус гарсан.  5 дугаар ширээний залууг нэг удаа цээж рүү нь цохисон санагдаж байна.” /хх 32-33/,
Шүүгдэгч Б.Дын яллагдагчаар өгсөн: “Тухайн караокены булангийн ширээнд нөгөө үл таних ахтай юм яриад сууж байхад текний урд талын ширээнд ирснээ хэрүүл өдөөд хэл амаар доромжлоод байсан.Би битгий хэрүүл маргаан хийгээд бай гээд эвээр хэлэхэд намайг Б.Г заамдсан. ...Тамхи татаад зогсож байхад араас нөгөө хэрүүл өдөөд байсан цагаан цамцтай Б.Г гэх эрэгтэй гарч ирээд хэрүүл өдөөд намайг нэг удаа түлхсэн.Тэгэхээр нь би нөгөө хүнээс зугтаад булан тойроод зогсоход араас хүрч ирснээ надад тамхи өгдөө гэхээр нь тамхийг нь асааж өгөөд караоке руу орох гэхэд намайг араас дуудсанаа миний цээж рүү нэг удаа түлхэхээр нь би нэг удаа нүүр хэсэгт нь гараараа мангастаад хөлөөрөө хавсарч газарт унагаасан. Би Гийг хавсарч унагачхаад караоке руу буцаад орох гэж байтал өөдөөс цагаан цамцтай залуутай хамт явж байсан махлах залуу буюу Г гарч ирснээ шууд миний хамар хэсэгт нэг удаа цохиход миний хамраас цус гарсан. Тэгээд би хамраа цохиулчхаад шаралхсандаа Гыг цохих гэхэд хий цохичихсон. Тэгтэл газарт унасан байсан Г босож ирээд Гтой нийлээд намайг зодсон. Г миний толгой хэсэгт өшиглөсөн бас Билгүүн-Од караокены мод тарьсан байсан хайс хэсэг рүү унагах гээд байсан ба би төмрөөс нь зуурчихсан байсан.Тухайн үед надтай хамт ширээнд сууж байсан ах болон уг караокены эрэгтэй зөөгч караокеноос гарч ирж бид хоёрыг салгасан. /хх 150-151/, 
Шүүгдэгч Г.Г яллагдагчаар өгсөн: “Би Билгүүн Од караокеноос гараад харахад найз Г газар уначихсан, нэг үл таних залууд зодуулж байх үед нь би очоод тухайн залуугийн цамцнаас нь татаад эхэлж би зүүн шанаа хэсэгт нь нэг удаа цохиход хамар нь оногдоод хамраас нь цус гарсан. Тухайн залуу миний толгой хэсэгт нэг, хоёр удаа цохиод Гийг тавихгүй болохоор нь зууралдаж байх үед караокеноос зөөгч гарч ирж бид нарыг салгаад тараад явсан. Баатарсүх чиний утас чамайг зоддог залуугийн өмсөж байсан гадуур хувцасны халааснаас гарч ирлээ, халаасанд нь дахиад 2 утас байна гэж хэлж байсан. Цагдаа нар орж ирээд юу болов гээд миний хажууд ирэхэд Гийг зодож байсан, миний утас халааснаас нь гарсан Б.Д гэх залуу гэнэт гарч ирээд миний нүүрэн хэсэгт гараараа нэг удаа цохисон, хамраас цус гарахаар нь ариун цэврийн өрөө явж цусаа тогтоогоод гарч ирэхэд намайг болон Дыг цагдаа нар машиндаа суулгаад цагдаагийн хэлтэст авчирсан. Б.Д над руу орилсон хэвээр байсан, толгойгоороо над руу сэжээд, гараа далайгаад босоод ирэхээр нь би толгойгоороо нэг удаа Б.Дын нүүрэн тус газар нь мөргөхөд Б.Д миний толгойн хэсэгт гараараа 2 удаа цохиод, хөлөөрөө нэг удаа өшиглөсөн. Тухайн үед би цохиход Дын хамраас цус гарсан ба Б.Д ариун цэврийн өрөө явж орж ирчхээд намайг сууж байхад миний хамар хэсэгт гараараа нэг удаа дахиад цохиод миний хамраас дахиад цус гараад ариун цэврийн өрөө ороод толинд харахад миний хамар мурийсан байсан. Миний биед учирсан дээрх гэмтлүүдийг Б.Д гэх хүн миний нүүрэн тус газар гараараа цохиж учруулсан. Тэр үед Г Дын биед ямар нэгэн гэмтэл учруулаагүй. Би Дын нүүрэн тус газарт цохисон ба миний цохилтын улмаас хамраас нь цус гарсан. Би Б.Дын нүүрэн тус газарт гараараа нэг удаа цохисон мөн цагдаагийн хэлтэст ирээд нүүрэн тус газарт нь нэг удаа мөргөсөн. Би Б.Дын нүүрэн тус газарт гараараа нэг удаа цохиж, толгойгоороо нэг удаа мөргөсөн. /хх 153-154/ гэсэн мэдүүлгүүд,
Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2024 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн 3426 дугаар “Г.Г биед баруун нүдний ухархайн дотор хана, хамар яс, хамрын таславчийн хугарал, хамрын таславчийн мурийлт, завжинд шарх, баруун хөмсөгт цус хуралт хамрын нуруунд зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх өдөр үүсгэгдсэн байх боломжтой. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. /хх 35-36/, 
Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2024 оны 3 дугаар сарын 13-ны өдрийн 3447 дугаар “Б.Дын биед баруун нүдний дээд, доод зовхинд цус хуралт, баруун нүдний дээд, доод зовхи, хамарт зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх хугацаанд үүсэх боломжтой. /хх 40-41/,
Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2024 оны 5 дугаар сарын 24-ний өдрийн 575 дугаар “Б.Дын биед баруун хамар ясны хугарал, хамрын таславчийн мурийлт баруун нүдний дээд, доод зовхинд цус хуралт, баруун нүдний дээд, доод зовхи, хамарт зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх хугацаанд үүсэх боломжтой. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. /хх 46-47/ гэсэн дүгнэлтүүд зэргийг харьцуулан шинжлэн судлахад,
Шүүгдэгч Б.Д нь 2024 оны 03 дугаар сарын 05-ны шөнө Сонгинохайрхан дүүргийн 40 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Билгүүн-Од” караокены гадаа иргэн Г.Гтухайн үед үүссэн үл ялих зүйлээс маргалдан нүүр хэсэгт гараараа 1 удаа цохисон, Сонгинохайрхан дүүргийн 9 дүгээр хороонд байрлах Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн газрын хоёрдугаар хэлтсийн байран дотор дахин маргалдаж толгой хэсэгт гараараа 2 удаа цохисны улмаас эрүүл мэндэд нь баруун нүдний ухархайн дотор хана, хамар яс, хамрын таславчийн хугарал, хамрын таславчийн мурийлт, завжинд шарх, баруун хөмсөгт цус хуралт, хамрын нуруунд зөөлөн эдийн няцрал гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан, 
Шүүгдэгч Г.Гнь 2024 оны 03 дугаар сарын 05-ны шөнө Сонгинохайрхан дүүргийн 40 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Билгүүн-Од” караокены гадаа иргэн Б.Дтай тухайн үед үүссэн үл ялих зүйлээс маргалдан хамар хэсэгт гараараа нэг удаа цохисон, Сонгинохайрхан дүүргийн 9 дүгээр хороонд байрлах Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн газрын хоёрдугаар хэлтсийн байран дотор дахин маргалдаж нүүрэн тус газар толгойгоороо мөргөсний улмаас эрүүл мэндэд нь хамар ясны хугарал, хамрын таславчийн мурийлт, баруун нүдний дээд, доод зовхи, хамарт зөөлөн эдийн няцрал гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийн үйл баримт тогтоогдсон байна.
Хэрэгт нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээрийг үндэслэн шүүгдэгч Б.Д, Г.Гнарыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсон анхан шатны шүүхийн дүгнэлт хэргийн бодит байдалтай нийцжээ. 
Шүүгдэгч Б.Д, Г.Гнарын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн тохиолдолд дөрвөн зуун тавин нэгжээс нэг мянга гурван зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас гурван сар хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэхээр зохицуулсан.
Шүүхээс Б.Дт 240 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял, шүүгдэгч Г.Г 400 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж шийдвэрлэсэн нь тухайн хүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан шударга ёсны зарчимд нийцсэн төдийгүй мөн хуулийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлагын зорилгыг хангасан,  мөн хуулийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал,              ... , гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, ... -ыг тал бүрээс нь харгалзан үзэх шаардлагад тус тус нийцсэн буюу шүүгдэгч нар нь караокены гадаа тухайн үед үүссэн үл ялих зүйлээс маргалдан зодолдсон, улмаар дуудлагаар хүргэгдэж очоод байхдаа дүүргийн цагдаагийн хэлтсийн байран дотор дахин маргалдаж харилцан зодолдсоны улмаас тус тусын эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан нөхцөл байдал, шүүгдэгч Г.Гнь нэг жил гаруйн өмнө тухайн төрлийн гэмт хэрэг үйлдэн торгох ял шийтгүүлж байсан хувийн байдал зэргийг тус тус харгалзан үзэж ял оногдуулсан нь зүйтэй болжээ.
Иймд шүүгдэгч Г.Г өмгөөлөгч О.Цэрэнпунцагийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн 2025/ШЦТ/61 дүгээр шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Г.Г өмгөөлөгч О.Цэрэнпунцагийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.
2. Анхан болон давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

ДАРГАЛАГЧ,
ШҮҮГЧ                                 М.АЛДАР
ШҮҮГЧ                                 Л.ДАРЬСҮРЭН
ШҮҮГЧ                                 Ц.МӨНХТУЛГА