Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 07 сарын 10 өдөр

Дугаар 210/МА2020/01559

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Ж.Н , Б.Б нарын

нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

 

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ш.Оюунханд даргалж, шүүгч С.Энхтөр, шүүгч Д.Нямбазар нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийж,

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 04 сарын 14-ний өдрийн 102/ШШ2020/01168 дугаар шийдвэртэй, Ж.Н , Б.Б нарын хариуцагч Ш.П д холбогдуулан гаргасан гэм хорын хохирол 4 340 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагч талаас гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Д.Нямбазарын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Э, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.М, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Болдсайхан нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч тал нэхэмжлэлийн шаардлага, тайлбартаа: 2019 оны 07 сарын 30-ны өдөр 01 цаг 05 минутын үед Баянзүрх дүүргийн 11-р хороо, Хонхорын замд Ш.П нь Ландкруйзер маркийн 4330 УБР улсын дугаартай автомашиныг согтуугаар жолоодож явах үедээ Б.Б ын эзэмшлийн Тоёота Хариер маркийн 5220 УНХ улсын дугаартай автомашиныг Ж.Н унаж явах үед мөргөсөн. Уг автомашинд учирсан сэлбэг, засварын төлбөрийн үнэ болох хохиролд нийт 4 340 000 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч тал тайлбартаа: Миний бие 2019 оны 07 сарын 29-ний өдрөөс 30-нд шилжих шөнө Хонхорын замд зам тээврийн осол гаргасан. Тухайн үед жолооч Ж.Н , хүргэн гэх н.Эрхэмбаяр нар нийлж намайг зодож, миний үүдэн шүдийг булга цохисон. Маргааш нь жолооч Ж.Н тэй Баянзүрх дүүргийн Замын цагдаагийн тасаг дээр уулзахад машины эвдрэлийг засахад 2 000 000 төгрөг хэрэгтэй гэж тохиролцоод салсан. Машины үнэлгээний дүнг хүлээн зөвшөөрөхгүй. Эрүүгийн хэрэгт би хохирол нэхэмжлэхгүй, Б.Б , н.Эрхэмбаяр нар надаас гэм хорын хохирол нэхэмжлэхгүй гэснээр тус эрүүгийн хэрэг шийдвэрлэгдсэн. Гэтэл машины хохирол нэхэмжилж байгааг хүлээн зөвшөөрөхгүй. Миний хувьд энэ хүмүүст боломж олгож эрүүгийн хэрэг нь нааштайгаар шийдэгдсэн учир би Б.Б од төлөх төлбөргүй гэж үзэж байгаа тул нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

 

Анхан шатны шүүх: Иргэний хуулийн 499 дүгээр зүйлийн 499.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Ш.П гээс 4 340 000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Б.Б од олгож, Ж.Н гийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч нараас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 84 390 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагч Ш.П гээс улсын тэмдэгтийн хураамжид 84 390 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Б.Б од олгож шийдвэрлэжээ.

 

Хариуцагч тал давж заалдах гомдолдоо: Осол гаргасан гэх шалтгаанаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Эрхэмбаяр болон Ж.Н нар Ш.П г бүлэглэн зодож танхайрсан байдаг. Хариуцагчийн биед халдсанаас үүдэн тархи доргилт, дээд уруулд зөөлөн эдийн няцрал, дотор салстад шарх, доод уруулын дотор салстад язрал, зүүн хацарт цус хуралт, зулгаралт, зүүн нүдний алимны салстад цус хуралт, хуйх, баруун хацар, баруун сарвууны 1 дүгээр хуруунд зөөлөн эдийн няцрал үүсч хөнгөн гэмтэл учирч, 2 шүд нь булгарч унасан байдаг бөгөөд тус санаатай үйлдлийг Баянзүрх дүүргийн Цагдаагийн 1 дүгээр хэлтсийн цагдаа болоод Ш.П гийн найз н.Энх-Амгалан, эхнэр н.Амаржаргал нар харсан байгаа юм. 2019 оны 09 сарын 16-ны өдрийн шүүхийн шийдвэрт хариуцагчийг өөрийн эрүүл мэндэд учирсан хохирлоо нэхэмжилж болно гэж тусгасан байх бөгөөд талууд харилцан зөвшилцөж хэн аль нь өөрсдийн учирсан хохирлыг нэхэмжлэхгүй байхаар тохиролцсон тул хариуцагч нь өөрийн эрүүл мэндэд учирсан хохирлоо нэхэмжлээгүй билээ.

Түүнчлэн хариуцагч Ш.П нь хууль, эрх зүйн зохих мэдлэггүйн улмаас шүүх хуралдаанд өөрийн хөндөгдөж буй эрх, хууль ёсны эрх ашгаа хамгаалж чадаагүй, тайлбар, татгалзал, нотлох баримтуудаа зохих ёсоор буюу хангалттай бүрдүүлж чадаагүй байхад зарлагдсан хамгийн эхний хуралдаанаар өмгөөлөгчтэй оролцох эрхийг нь эдлүүлэхгүйгээр шүүх хуралдааныг үргэлжлүүлэн хариуцагчийн хувьд хохиролтой байдал үүсгэсэн бөгөөд тийм мэтгэлцэх зарчим алдагдсан байхад шүүх хуралдааныг хийж шийдвэрлэсэн нь өөрөө хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг ноцтой зөрчсөн гэж үзэхээр байна. Мөн Ш.П гийн зам тээврийн осол болоод Э.Эрхэмбаяр, Ж.Н нарын хариуцагчийн санаатайгаар бүлэглэн зодож эрүүл мэндэд нь учруулсан хохирол хоёрын шалтгаант холбоог үл тоон нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэнд гомдолтой байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хээсгт заасан шаардлагыг хангасан байна.

 

Нэхэмжлэгч Ж.Н , Б.Б нар нь хариуцагч Ш.П д холбогдуулан гэм хорын хохиролд нийт 4 340 000 төгрөг гаргуулахаар шаардсаныг хариуцагч бүхэлд нь эс зөвшөөрч маргажээ. /хх 1-2, 27/

 

Хэрэгт авагдсан зам тээврийн осол, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл /хх 11/, зам тээврийн осол, хэргийн үзлэгээр тогтоосон байдал /хх 12/, осол, хэрэг гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч /хх 13/, хялбаршуулсан журмаар зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны тэмдэглэл /хх 14/, автомашин техникийн үнэлгээний тайлан /хх 15/, автомашины эвдрэл, гэмтлийг харуулсан фото зургийн хуулбар /хх 8/ зэргээр 2019 оны 07 сарын 30-ны 01 цаг 05 минутын үед Баянзүрх дүүргийн 11-р хороо, Хонхорын замд Ш.П нь Тоёота Ландкрузер маркийн 4330 УБР улсын дугаартай автомашиныг жолоодон явах үедээ Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 11.3, 3.7.а-д заасныг зөрчин Ж.Н гийн жолоодож явсан Тоёота Хариер маркийн 5220 УНХ улсын дугаартай автомашиныг мөргөж, бусдын эд хөрөнгөд нийт 4 340 000 төгрөгийн хохирол учруулсан болох нь тогтоогдож байх ба зохигчид уг үйл баримтын талаар маргаагүй.

 

Өөрөөр хэлбэл хариуцагчийн үйлдэл болон бусдын эд хөрөнгөд учирсан хохирлын хооронд шалтгаант холбоо тогтоогдож байх тул холбогдох гэм хорын хохирлыг хариуцагч Ш.П гээс гаргуулан автомашины эзэмшигч Б.Б од олгохоор шүүх шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 499 дүгээр зүйлийн 499.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт заасан зохицуулалтад нийцнэ. /хх 15/

 

Түүнчлэн хариуцагч Ш.П нь хөрөнгө, даатгалын хохирлын үнэлгээний Ашид билгүүн ХХК-ийн гаргасан хохирлын үнэлгээг өндөр байна хэмээн маргасан боловч энэхүү тайлбараа баримтаар нотлоогүй буюу Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д заасан өөрийн татгалзлын үндэс болж байгаа байдлын талаарх нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх цуглуулах үүргээ биелүүлээгүй байгааг дурдах нь зүйтэй.

 

Хариуцагч Ш.П д шүүхийн зүгээс 2020 оны 02 сарын 25-ны өдөр болон 2020 оны 04 сарын 14-ний өдөр эдлэх эрх, хүлээх үүргийг нь тайлбарлаж өгчээ. /хх 23, 64/ Мөн шүүх хуралдаан даргалагчийн зүгээс шүүх хуралдаанд шинээр гаргаж өгөх нотлох баримт, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбоотой хүсэлт байгаа эсэхийг тодруулахад хариуцагч шинээр гаргаж өгөх нотлох баримт болон хүсэлт байхгүй гэж хариулсан нь шүүх хуралдааны тэмдэглэлд тусгагдсан байна. /хх 64/

 

Мөн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 73 дугаар зүйлийн 73.1 дэх хэсэгт зааснаар сөрөг нэхэмжлэл гаргах нь хариуцагчийн эрх буюу Ш.П гийн хүсэл зоригоос хамаарах асуудал юм. Иймд анхан шатны шүүх хэргийн оролцогчийн өмгөөлөгчтэй оролцох, мэтгэлцэх, сөрөг нэхэмжлэл гаргах боломж олгоогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэх агуулгаар гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй.

 

Иргэний хуулийн 238 дугаар зүйлийн 238.8.3-т хүний эрүүл мэндийг хохироосон гэм хорыг арилгахтай холбоотой үүргийг бусад үүрэгтэй харилцан тооцохыг хориглосон байх тул шүүх Ш.П гийн эрүүл мэндэд учирсан хохирлыг үл тооцон нэхэмжлэлийн шаардлагыг хангасан гэх агуулгаар гаргасан хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдол хууль зүйн үндэслэлгүй байна.

 

Хариуцагч Ш.П нь өөрийн эрүүл мэндэд учирсан хохирлыг буруутай этгээдээс шаардах эрх нь нээлттэй болохыг тайлбарлах нь зүйтэй.

 

Дээр дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхин шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.      Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 04 сарын 14-ний өдрийн 102/ШШ2020/01168 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

 

2.      Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагч талаас давж заалдах журмаар гомдол гаргахдаа 2020 оны 05 сарын 28-ны өдөр улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 84 390 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.

 

3.      Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4.      Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дэх хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ш.ОЮУНХАНД

ШҮҮГЧИД С.ЭНХТӨР

 

Д.НЯМБАЗАР