Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 03 сарын 19 өдөр

Дугаар  2025/ДШМ/348

 


   2025            03            19                                        2025/ДШМ/348
                            Н.З, Э.Бнарт холбогдох
                                              эрүүгийн хэргийн тухай
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч М.Алдар даргалж, шүүгч Л.Дарьсүрэн, шүүгч Ц.Мөнхтулга нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
прокурор Ш.Анужин, 
шүүгдэгч Н.З, түүний өмгөөлөгч Ю.Сэвлэгмаа, 
шүүгдэгч  Э.Б, түүний өмгөөлөгч Б.Цолмон-Эрдэнэ, 
шүүгдэгч Н.З, Э.Бнарын өмгөөлөгч Э.Батбаяр, 
нарийн бичгийн дарга П.Мөнхчимэг нарыг оролцуулан,
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Ц.Амар даргалж хийсэн шүүх хуралдааны 2025 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн 148 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Н.З, Э.Б, шүүгдэгч Н.З, Э.Бнарын өмгөөлөгч Э.Батбаяр, К.Манлай, шүүгдэгч Э.Бы өмгөөлөгч Б.Цолмон-Эрдэнэ нарын гаргасан заалдах гомдлуудаар шүүгдэгч Н.З, Э.Бнарт холбогдох эрүүгийн 2402006600420 дугаартай хэргийг 2025 оны 02 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч, шүүгч Ц.Мөнхтулгын илтгэснээр хянан хэлэлцэв. 
1. Оон бичээч овгийн Н.З, 1991 оны 12 дугаар сарын 02-ны өдөр Баянхонгор аймагт төрсөн, 33 настай, эрэгтэй, дээд боловсролтой, эрх зүйч мэргэжилтэй, “Төгс зуурмаг” ХХК-д менежер ажилтай, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт ........................ тоотод түр оршин суух, /РД:......................./;
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн 179 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох ялаар шийтгэгдэж, тус эрүүгийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг 2019 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр дуусгавар болгосон.
2. Монгол овгийн Э.Б, 1992 оны 04 дүгээр сарын 19-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 32 настай, эрэгтэй дээд боловсролтой, эрх зүйч мэргэжилтэй, “Төгс зуурмаг” ХХК-д менежер ажилтай, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт ...................тоотод түр оршин суух, /РД:УУ92041954/;
Хан-Уул дүүргийн шүүхийн 2009 оны 07 дугаар сарын 24-ний өдрийн 235 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, 2009 оны 7 дугаар сарын 09-ний өдрийн “Өршөөл үзүүлэх тухай” хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.5, 4.4 дэх хэсэг, 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт зааснаар түүнд оногдуулсан 2 жилийн хугацаагаар хорих ялыг өршөөн хэлтрүүлсэн.
Шүүгдэгч Н.З, Э.Бнар нь урьдчилан үгсэн тохиролцож, хамтран 2024 оны 9 дүгээр сарын 12-ны өдөр Төв аймгийн Жаргалант сумын нутаг дэвсгэрт байрлах тариалангийн талбай орчмоос Нэгдсэн Үндэстний байгууллагын 1971 оны “сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай” конвенцын хоёрдугаар жагсаалтад багтсан дельта 9 тетрагидроканнабинол /delta-9 tetrahydrocannabinol/-ын агууламжтай “өвс” гэх нэршилтэй, нийт 16755,5 грамм цэвэр жинтэй, хориглосон сэтгэцэд нөлөөт олсны ургамлыг худалдаалах зорилгогүйгээр, хууль бусаар түүж олж авсан, 
Улмаар тус 16755,5 грамм цэвэр жинтэй хориглосон сэтгэцэд нөлөөт олсны ургамлыг 2024 оны 9 дүгээр сарын 12-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хороо, Эмээлтийн шалган нэвтрүүлэх цэгт Э.Бы эзэмшлийн 47-49 УБЦ улсын дугаартай, “Лексус Эйч Эс 250” /Lexus HS 250/ загварын тээврийн хэрэгсэлд худалдаалах зорилгогүйгээр, хууль бусаар хадгалсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.
Нийслэлийн прокурорын газраас: Н.З, Э.Бнарын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 3, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн  20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх:  Шүүгдэгч Н.З, Э.Бнарыг урьдчилан үгсэн тохиролцож бүлэглэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаадах зорилгогүйгээр хууль бусаар олж авсан, хадгалсан” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Зд 2 (хоёр) жилийн хугацаагаар хорих ял, шүүгдэгч Э.Бд 2 (хоёр) жил 3 (гурав) сарын хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.З, Э.Бнарт оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.З, Э.Бнарын гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан тээврийн хэрэгслийн үнэ болох 20.335.000 төгрөгийг шүүгдэгч нараас хувь тэнцүүлэн, тус бүрээс 10.167.500 төгрөгийг албадан гаргуулж улсын төсөвт шилжүүлж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан Цагдаагийн ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсийн эд мөрийн баримт хадгалах өрөөнд хадгалж байгаа гэх “1” гэсэн хаягтай гялгар уутанд хийсэн 3982,9 грамм цэвэр жинтэй ногоон өнгийн ургамал мэт зүйл, “2” гэсэн хаягтай гялгар уутанд хийсэн 2820,9 грамм цэвэр жинтэй ногоон өнгийн ургамал мэт зүйл, “3" гэсэн хаягтай гялгар уутанд хийсэн 5037,0 грамм цэвэр жинтэй ногоон өнгийн ургамал мэт зүйл, “4” гэсэн хаягтай гялгар уутанд хийсэн 2690,3 грамм цэвэр жинтэй ногоон өнгийн ургамал мэт зүйл, “5” гэсэн хаягтай гялгар уутанд хийсэн 2224,4 грамм цэвэр жинтэй ногоон өнгийн ургамал мэт зүйл буюу нийт 16755,5 грамм цэвэр жинтэй, хориглосон сэтгэцэд нөлөөт олсны ургамлыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг Цагдаагийн ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх газар, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт тус тус даалгаж, энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Н.З, Э.Бнар нь баривчлагдсан болон цагдан хоригдсон хоноггүй, энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, тэдний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, мөн шүүгдэгч нараас гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдаж, шүүгдэгч Н.З, Э.Бнарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн цагдан хорьж, тэдгээрийн эдлэх хорих ялын хугацааг энэ өдрөөс эхлэн тоолохоор шийдвэрлэжээ. 
Шүүгдэгч Н.З, Э.Бнарын өмгөөлөгч К.Манлай давж заалдах гомдолдоо: “шүүгдэгч Н.З, Э.Бнарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлд заасан 1 жилээс 5 жил хүртэлх хугацаагаар хорих ялын хамгийн доод хэмжээгээр буюу 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулах, мөн шүүгдэгч нар нь гэмт хэргийн улмаас бусдад хохирол, хор уршиг учруулаагүй бөгөөд үйлдсэн гэмт хэрэгтээ үнэн санаанаасаа гэмшиж гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн. Мөн энэ төрлийн гэмт хэрэгт ял шийтгэл эдэлж байгаагүй зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх боломжтой байсан. Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, мөрдөн шалгах ажиллагааг шуурхай явуулж гэмт хэргийг нотлоход дэмжлэг үзүүлсэн байдлыг харгалзан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлж болно” гэж заасан. Шүүгдэгч нар нь өвс мэт зүйлийг хаанаас түүсэн гэдгээ үнэн зөвөөр зааж өгч, мөрдөн шалгах ажиллагааг шуурхай явуулж гэмт хэргийг нотлоход дэмжлэг үзүүлсэн нь мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл /1хх- ийн 65-71 тал/ нотлогддог. Иймд хэргийн зүйлчлэл, ялыг хүндрүүлэхгүйгээр шийтгэх тогтоолыг өөрчлөлт оруулж өгнө үү.” гэжээ. 
Шүүгдэгч Н.З давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Миний бие эхнэр З.Болор-Эрдэнэтэй 2016 оноос хойш хамтран амьдарч 2024 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр миний хүү З.Солмүүн мэндэлж одоо нэг настай эхийн асрамжид байгаа. Эхнэр одоогоор бага насны хүүхдээ харж ажил хийх боломжгүй байгаа бөгөөд гэр бүлийн эдийн засгийн байдал тун хэцүү байгаа юм. Би 2021 онд “Төгс зуурмаг” ХХК-тай байр захиалах гэрээ хийсэн боловч тус байр нь заагдсан хугацаандаа ашиглалтад ороогүй байгаа тул эхнэр хүүхдийн хамт байр түрээслэн амьдардаг байсан. Мөн 3 жилийн хугацаатай цалингийн зээлтэй. Хоригдох хугацаанд гэр бүлийн эдийн засаг хүнд байдалд орж эхнэр болон бага насны хүүхэд минь байрны түрээс төлөх боломжгүй болж амьдрах байр болон бусад зүйлээр гачигдалд орсон.  Мөн бага насны хүүхэд минь эцгээ санан бэтгэрч шөнө унтахгүй уйлагнан биеийн байдал нь таагүй өвчлөмтгий байгаа юм. Иймд дээрх байдлыг харгалзан үзэж анхан шатны шүүхээс оногдуулсан 2 жилийн хорих ялыг зорчих эрхийг хязгаарлах ялаар өөрчилж өгнө үү. Хэрвээ хүсэлтийг минь хүлээн авбал дахин ямар нэгэн хэрэг зөрчилд холбогдохгүйгээр эцгийн үүргээ биелүүлж гэртээ бага насны хүүхдээ харж, эхнэрээ ажил хийлгэх боломж олгон гэр бүлийн эдийн засаг болон бусад байдлыг дэмжин дээрдүүлэх юм. Иймд хүсэлтийг минь харгалзан үзэж  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан хорих ялыг зорчих эрхийг хязгаарлах ял болгон өөрчилж өгнө үү.” гэв. 
Шүүгдэгч Э.Бдавж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Миний төрсөн эгч Э.Болор-Эрдэнэ 2022 оны 8 дугаар сард умайн хүзүүний хорт хавдрын 2 дугаар шаттай оношлогдоод гадуур болон дотуур туяа эмчилгээ, химийн эмчилгээ 1 жил гарна хугацаанд эрчимтэй хийлгэсэн боловч 2023 оны сүүлээр илүү хүнд 3 дугаар үе шаттайгаар дахин оношлогдож тэр цагаас байнгын асаргаа шаардлагатай болсон. 2024 онд мөн эмчилгээний үр дүн ахицгүй тул “хавдар судлалын үндэсний төвөөс” цаашид өөрсдийн зүгээс эмчилгээ хэцүү гэдгийг хэлснээр 2024 оны Хятад улсын Хөх хотод оношилгоо, эмчилгээ хийлгэхээр болж миний сахиураар хэд хоног хамт байсан.  Эгч минь энэ муухай өвчнөөс болж элэг, цөс, ходоод, бүдүүн гэдэс, улаан хоолой гээд хүндээр өвчлөөгүй эрхтэн байхгүй. Хавдрын 4 дүгээр үе шат буюу эмчлэгдэх боломжгүй гэсэн онош тавигдаж, өвдөлт намдаах маш хүчтэй тариа байнгын хийлгэсээр байгаад гэртээ ирсэн. Тэр цагаас эмнэлгийн  эмчилгээнд итгэл алдарч, хорт хавдрыг удаашруулах, хүчтэй өвдөлтийг нь намдаадаг өөр арга чарга юу байна гэж судалж эхлэх болсон. Тэгэх явцдаа энэ төрлийн бодис хавдрыг удаашруулдаг талаар олон хүнээс сонсож, интернетээр хайж давтамжит мэдээллүүдийг олж уншсан. Тэгээд эмнэлгийн эмчилгээ 2 жилийн турш байнгын хийлгээд байхад улам дордоод байгаа юм чинь үзээд алдсан нь  дээр, нэмэр болох ч юм билүү гэж бодсон. Удалгүй фейсбүүкээр тавигдсан бичлэгүүдээр Төв, Булган аймгуудын нутгаар ургадаг гэж сонсоод олж авах талаар шийдвэр гаргасан.  Ингээд интернэтээр гарч ирсэн ижил төстэй ургамал хайж, Төв аймгаас олсон. Олдсон дээр нь чадахаараа түүгээд авъя гэж бодож түүгээд ирж байхдаа баригдсан. Энэхүү шалтгаанаа хэрэг бүртгэлт, мөрдөн шалгах ажиллагааны бүх үе шатуудад нууж, ар гэрийнхэндээ ч хэргийн талаар огт хэлээгүй.  Учир нь өвчин зовлонтой эгчийгээ мэдүүлэг өгүүлэх болно, санаа сэтгэлийг нь хүчтэй цочроож өвчнийг нь бүр дордуулна, олж авч хадгалсан нь өөрөө гэмт хэргийн шинжийг агуулж байгаа тул хэлсэн хэлээгүй ялгаагүй байх, хэлэхгүй байсан нь дээр гэж бодсон. Гэтэл анхан шатны шүүхээс 2 жил 3 сарын хорих ял авч өөрийн гэм буруу, нийгмийн хор аюулыг бүрэн ухамсарлахгүйгээр хөнгөмсгөөр хандсан үйлдэлдээ, ар гэрээ гэнэтийн маш хүнд нөхцөл байдалд үлдээгээд эгчийгээ таамагласнаасаа илүү цочроогоод ингээд сууж байгаадаа үнэхээр харамсаж байна. Миний бие эцэг эхээс хоёулаа бөгөөд өөр төрсөн ах, дүү байхгүй. Эцэг, эх хоёр минь тэтгэврийн насных бөгөөд нэг нь тэтгэврийн зээл авч эгчийн эм тарианд нэмэр болж, нэгнийхээ тэтгэврээр өрхийн хэрэглээгээ зохицуулж, эгчийг асарч түүний гурван хүүхдийг сургууль, цэцэрлэгт нь хүргэж асарч тойглодог. Миний бие эцэг, эхийнхээ амьдардаг байрны ипотекийн зээлийн 520.000 төгрөгийг банканд сар бүр тогтмол төлж, эгчийнхээ эмчилгээний төлбөрт чадахаараа тусалдаг. Мөн өөрийн гэр бүлийн байрны зээлийг Голомт банканд 2.300.000 төгрөгийг сар бүр төлдөг. Сар бүрийн энэ их өрийг эхнэр, эцэг, эх маань яаж төлөх, цаана нь амьжиргаагаа яаж залгуулах талаар миний үйлдсэн гэм буруугийн ял шийтгэлийг надаас болж гэр бүл минь илүү хүндээр үүрэх болж байгааг бодохоос дотор харанхуйлж байна. Миний бие баригдсан цаг хугацаандаа эхлээд гэм буруугаа бүрэн хүлээж, мөрдөн шалгах ажиллагааны үед дуудсан цаг бүрт очиж, өөрийн зүгээс боломжтой бүх ажиллагаанд тусалж байсан. Би хийсэн үйлдэлдээ үнэхээр их харамсаж байна. Мөн амь нас нь цаг минутаар хэмжигдэж байгаа эгчийгээ нас барах хүртэл нь асарч хамтдаа байх чин хүсэлтэй байна. Эрхэм шүүгчид та бүхэн миний дээр дурдсан хувийн хүнд нөхцөл байдлуудыг минь харгалзан үзэж хуулиар олгосон боломжоор нэг удаа хангаж, анхан шатны шүүхээс оногдуулсан 2 жилийн хорих ялыг зорчих эрхийг хязгаарлах ялаар сольж, шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж өгнө үү хэмээн хичээнгүйлэн хүсэж байна. Зорчих эрхийг хязгаарлах ялын хугацаанд миний бие үр хүүхдээ асран хамгаалж, эгчийнхээ сэтгэлийг хямраасан буруу тэнэг үйлдэл хийж нэрмээс болох бус бодитойгоор хамт байж асарч, ажил төрөл эрхэлж зээлээ төлж,  амьдрал ахуйдаа нэмэр болох хариуцлагатай хүү, дүү, хань, иргэн байх үүргээ биелүүлж үйлдсэн гэм буруугаа байнга санаж, хичээж амьдрахаа гэр бүлийнхээ өмнө болон шүүхийн өмнө амлаж байна.” гэв. 
Шүүгдэгч Н.З, Э.Бнарын өмгөөлөгч Э.Батбаяр давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Шүүх шүүгдэгч нарын өмгөөлөгч нараас гаргасан зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулах саналыг хүлээн аваагүй, тэдгээрт хорих ял оногдуулж шийдвэрлэсэн үндэслэлээ тайлбарлахдаа “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлд заасан гэмт хэрэг нь олон нийтийн аюулгүй байдал, ашиг сонирхлын эсрэг үйлдэгддэг, хувь хүн, нийгэмд үзүүлэх хор нөлөө ихтэй, шүүгдэгч нар нь хориглосон сэтгэцэд нөлөөлөх бодисыг 16.755,5 грамм буюу их хэмжээгээр түүж олж авсан, хадгалсан байх тул зорчих эрх ял оногдуулах боломжгүй” гэжээ. Учир нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь хэлбэрийн бүрэлдэхүүнтэй өөрөөр хэлбэл, хориглосон сэтгэцэд нөлөөлөх бодисыг хууль бусаар бэлтгэсэн, хадгалсан, бусдад өгсөн, олж авсан үйлдэлд эрүүгийн хариуцлага оногдуулахаар заасан байхад анхан шатны шүүхээс шүүгдэгч нарт хорих ял оногдуулж шийдвэрлэхдээ хориглосон сэтгэцэд нөлөөлөх бодисын хэмжээг харгалзсан нь үндэслэл муутай байна. Эрүүгийн хуулийн ерөнхий ангид заасан эрх олгосон хэм, хэмжээг болон мөн хуулийн тусгай ангийн тухайн зүйл, хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний алийг сонгон хэрэглэх нь шүүх, шүүгчид Үндсэн хууль болон Эрүүгийн хууль, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар олгогдсон эрх хэдий ч анхан шатны шүүхээс шүүгдэгч нарт шийтгэлийг сонгон Э.Бд 2 жил 3 сар, Н.Зд 2 жил тус тус хорих ял оногдуулсан нь шүүгдэгч нарын гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, тухайн төрлийн гэмт хэргийг анх удаа үйлдсэн байдал, гэмт үйлдэлдээ хандаж буй хандлага, шүүгдэгчийн гэм буруугийн хэр хэмжээ, хувийн байдалд тохироогүй байна.
Тодруулбал: 1. Шүүгдэгч Э.Бнь хэрэг бүртгэлт, мөрдөн шалгах ажиллагааны үеэс гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хэргийн үйл баримтын талаар үнэн зөв мэдүүлдэг, урьд энэ төрлийн гэмт хэргийг үйлдэж байгаагүй, эрхэлсэн тодорхой ажилтай, гэр бүлийн байдал тогтвортой, эхнэр 2 хүүхдийн хамт амьдардаг, биеэс нь мансууруулах эм сэтгэцэд нөлөөлөх бодисын агууламж илрээгүй, мансууруулах эм сэтгэцэд нөлөөлөх бодисын хамааралтай этгээдийн бүртгэлд авагдаагүй. 2. Шүүгдэгч Н.З нь мөн адил хэрэг бүртгэлт мөрдөн шалгах ажиллагааны үеэс гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хэргийн үйл баримтын талаар үнэн зөв мэдүүлдэг, урьд энэ төрлийн гэмт хэргийг үйлдэж байгаагүй, эрхэлсэн тодорхой ажилтай, ам бүл 3 эхнэр бага насны хүүхдийн хамт тогтвортой ажил хөдөлмөр эрхлэн гэр бүлээ тэжээн тэтгэдэг, мансууруулах эм сэтгэцэд нөлөөлөх бодисын хамааралтай этгээдийн бүртгэлд авагдаагүй байдаг. Түүнчлэн хэрэгт авагдсан нотлох баримтуудаас үзэхэд шүүгдэгч Э.Бнь 2014 онд эхнэр О.Лхам-Янжинтай гэрлэлтээ батлуулж тэдний дундаас 2014 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр охин Б.Тэмүлүн, /2 х-5-р тал/ 2016 оны 9 дүгээр сарын 14- ний өдөр хүү Б.Тэнүүн /2х-6-р тал/ төрсөн, тэрээр “Төгс зуурмаг” ХХК-нд менежерээр ажиллаж өрхийн амьжиргаа нь түүний цалингаас хамаардаг, гэр бүлээ тэжээн тэтгэдэг, Шүүгдэгч Н.Зын хувьд эхнэр З.Болор-Эрдэнэтэй 2016 оноос хойш хамтран амьдарч тэдний дундаас 2024 оны 1 дүгээр сарын 16-ны өдөр хүү З.Солмүүн төрсөн, тэрээр “Төгс зуурмаг” ХХК-нд менежерээр ажиллаж, өрхийн амьжиргаа нь түүний цалингаас бүрддэг, одоогоор эхнэр З.Болор-Эрдэнэ нь бага насны хүүхэдтэй учраас жирэмсний амралттай байх тул шүүгдэгч Н.З нь ажил хөдөлмөр эрхэлж гэр бүлээ тэжээн тэтгэдэг нөхцөл байдал тогтоогдож байна. /1хх-146/ 
Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол гарснаас хойш шүүгдэгч нарын хүүхдүүд тус тусын эхийн асрамжид үлдсэн бөгөөд хүүхдүүд эцгээсээ хагацаж холдсон тул хүүхдийн анхаарал халамжид байх эрх зөрчигдөж шөнө унтахгүй уйлах, сэтгэл санааны хямралд орох, сэтгэл санааны хямралаас болж нийгмийн харилцаанаас өөрийгөө тусгаарлах зэрэг хүүхдийн бие махбод болоод сэтгэл зүйд сөрөг үр дагаврууд бодитой үүсээд байна. Нөгөөтээгүүр, шүүгдэгч Н.Зын эхнэр З.Болор-Эрдэнэ нь бага насны хүүхдээ асарч байгаа тул ажил хөдөлмөр эрхэлж, гэр бүлээ тэжээн тэтгэх боломжгүй болж тухайн гэр бүл эдийн засгийн хувьд хүнд нөхцөл байдалд байна. 
Монгол Улсын үндсэн хуулийн Арванзургадугаар зүйлийн 11-д “...Гэр бүл, эх нялхас, хүүхдийн ашиг сонирхлыг төр хамгаална,”, 
Хүүхдийн эрхийн тухай Конвенцын 1 дүгээр зүйлд “....18 наснаас өмнө насанд хүрсэнд тооцогдоогүй бол 18 нас хүрээгүй хүн бүрийг хүүхэд гэнэ” гэж тодорхойлсон бөгөөд уг Конвенцын 3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “....шүүх, захиргааны болон хууль тогтоох байгууллагаас хүүхдийн талаар явуулах аливаа үйл ажиллагаанд юуны өмнө хүүхдийн дээд ашиг сонирхлыг хангахад анхаарлаа хандуулна”, 18 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “...Хүүхдийн хүмүүжил болон хөгжилд эцэг эх буюу тодорхой тохиолдолд хууль ёсны асран хамгаалагчид гол хариуцлагыг хүлээнэ. Хүүхдийн дээд ашиг сонирхол нь тэдний анхаарал чиглэх гол зүйл мөн” Хүүхдийн эрхийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт Хүүхдийн эрхийг хамгаалахад дараах зарчмыг баримтална:, 4.1.2-т “төр, иргэн хуулийн этгээд үйл ажиллагаа явуулахдаа хүүхдийн язгуур эрхийг эн тэргүүнд хангахыг эрхэмлэж, хүүхэд эсэн мэнд амьдрах, хөгжих, хамгаалуулах, нийгмийн амьдралд оролцох эрхийг тэгш хангах:” 5 дугаар зүйлийн 5.3-т “Хүүхэд эцэг эхтэйгээ амьдрах, тэдний анхаарал халамжид байх....эрхтэй” хэмээн гэж тус тус хуульчилжээ. 
Шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага оногдуулахдаа дээрх нөхцөл байдлуудыг харгалзан хорихоос өөр төрлийн ял буюу зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэх боломжтой байна. Иймд нийгмээс бүрэн тусгаарлахгүйгээр засарч хүмүүжих, зан үйлээ засах, зүй зохистой, зөв амьдралд нь туслах, эрүүл мэндийн тусламж үйлчилгээ авах, өөрийгөө хөгжүүлэх, ажил хөдөлмөр эрхэлж гэр бүл, үр хүүхдээ тэжээн тэтгэх, бусдад учруулсан хохирлыг нөхөн төлөх боломжийг олгох, гэмт хэрэг дахин үйлдэхээс урьдчилан сэргийлэх зорилгыг агуулдаг тул шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал гэм буруугийн хэр хэмжээ, хувийн байдалд тохирно гэж үзэж байна. Нөгөөтээгүүр, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт оногдуулах ялын төрөл хэмжээ нь сонгох санкцтай өөрөөр хэлбэл, хорих, зорчих эрхийг хязгаарлах эрүүгийн хариуцлагын аль нэгийг сонгож хэрэглэх боломжтой байх тул давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дээрх нөхцөл байдлуудад хууль зүйн дүгнэлт хийж шүүгдэгч нарт оногдуулсан хорих ялыг зорчих эрх хязгаарлах ялаар сольж анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж өгнө үү. ...” гэв. 
Шүүгдэгч Э.Бы өмгөөлөгч Б.Цолмон-Эрдэнэ давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Өмгөөлөгчийн зүгээс гэмт хэргийн зүйлчлэл болон гэм буруугийн талаар огт маргахгүй боловч мөрдөн шалгах үед болон анхан шатны шүүхийн шатанд хэргийн хянан хэлэлцэх үед тухайн гэмт хэргийг үйлдэх болсон шалтгаан нөхцөлийг бодитоор тогтоож чадаагүй гэж үзэж байна. Хавтаст хэрэгт авагдсанаар Э.Бнь 2024 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр өөрийн өмчлөлийн 4749 УБЦ улсын дугаартай тээврийн хэрэгсэлд нийт 16.775.5 грамм цэвэр жинтэй сэтгэцэд нөлөөт олсны ургамлыг хадгалж байсныг Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хороо, Эмээлт дэх цагдаагийн пост дээр илрүүлж, саатуулсан байна. Гэвч энэхүү хэмжээ бүхий сэтгэцэд нөлөөт бодис бүхий ургамлыг хууль бусаар олж авч хадгалах болсон шалтгаан нөхцөлийг тогтоох ажиллагаа огт хийгдээгүй орхигдуулсан байна. Нөгөө талаас Э.Бч мөн адил хуулиар хориглосон гэдгийг ухамсарлаж байсан хэдий ч тухайн гэмт хэргийг үйлдэхэд хүргэсэн бодит шалтгаан нөхцөлөө үнэн зөвөөр мэдүүлээгүй тухайгаа өмгөөлөгчид хэлсэн болно. Өөрөөр хэлбэл шүүгдэгч нар нь тухайн хураагдсан сэтгэцэд нөлөөт бодисыг өөрсдөө мансуурах зорилгоор бус харин Э.Бы төрсөн эгч Э.Болор-Эрдэнийн амьд байх хугацааг уртасгах гэсэн хийсвэр найдлагын үүднээс хууль бус гэдгийг мэдсээр байж олж авч, хадгалсан талаараа хэлдэг. 
Шүүгдэгч Э.Бнь эцэг эхээс хоёулаа бөгөөд түүний төрсөн эгч Э.Болор-Эрдэнэ нь 2022 оноос эхлэн умайн хүзүүний хорт хавдар өвчнөөр өвдөж, улмаар гэмт хэрэг үйлдэгдэх үед эцсийн 4-р үе шат буюу эмчлэгдэх боломжгүй гэсэн оноштойгоор хэвтрийн дэглэмд Э.Бы асаргаанд гэрээр байсан байна. Умайн хүзүүний хорт хавдар өвчин нь бусад эрхтний /элэг,уушги, зүрх гэх мэт/ хорт хавдар өвчнөөс ялгаатай зүйл нь донорын тусламж авах боломжгүй байдаг. Мөн Э.Бнь эхнэр хоёр хүүхдийн хамт ам бүл 4-лээ гэх боловч гэмт хэрэгт холбогдон хоригдох хүртлээ тэтгэврийн насны эцэг эх, хүнд өвчтэй эгч Э.Болор-Эрдэнэ болон түүний гурван хүүхэд гэх мэт бүгдийг асран хамгаалж, ганцаараа ажиллаж хөдөлмөрлөдөг байсан байна. Дээрх бүгдийг дүгнэн үзвэл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.6 дахь заалтад заасан “Гэмт хэрэг үйлдэхэд нөлөөлсөн шалтгаан нөхцөл”-ийг заавал тогтоохоор хуульчилсан байдаг. Гэмт хэрэг үйлдэхэд хүргэсэн буюу нөлөөлсөн бодит шалтгаан нөхцөлийг заавал тогтоосноор тухайн гэмт хэргийн зүйлчлэл болон эрүүгийн хариуцлага оногдуулахад хүндрүүлэх, хөнгөрүүлэхэд чухал нөлөө бүхий хүчин зүйлийн нэг юм. Гэтэл мөрдөн шалгах ажиллагааны явцад энэ талаар ажиллагаа хийгдээгүй бөгөөд анхан шатны шүүх үүнд дүгнэлт хийлгүй орхигдуулсан байна. Бодит байдал дээр Э.Бнь анагаахын шинжлэх ухааны зүгээс эмчилгээгүй гэгдэх болсон төрсөн эгчийнхээ амьдрах хугацааг багахан ч гэсэн уртасгах зорилгоор бодит бус мэдээллүүдэд тулгуурлан хавдар өвчний хурдыг сааруулах гэсэн сэдлээр энэхүү гэмт хэргийг үйлдсэн болох нь түүний эгч Э.Болор-Эрдэнийн эрүүл мэндийн холбогдох баримтуудаар нотлогдож байна. Мөн түүнээс авсан биологийн дээж /шээс/, болон цуснаас ямар нэгэн сэтгэцэд нөлөөт бодис илрээгүй бөгөөд хураагдсан 16.775.5 грамм бодисыг бүгдийг мансууруулах зорилгоор хэрэглэх зорилготой, улмаар мансуурагч мэтээр дүгнэх нь үндэслэлгүй байна. Иймд шүүгдэгч Э.Бнь гэмт хэргийг үйлдэх болсон бодит шалтгаан нөхцөл буюу нөхцөл байдлыг буруугаар төсөөлж андуурсны улмаас, анх удаа гэм хэрэг үйлдсэн, мөн цагдаагийн байгууллагад саатуулагдах үеэс гэм буруугаа хүлээн зөвшөөрч, мөрдөн шалгах ажиллагаанд дэмжлэгийг үзүүлж байсан, болон түүний хувийн байдал зэргийг харгалзан үзэж анхан шатны шүүхээс оногдуулсан 2 жил 3 сарын хорих ялыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Зорчих эрх хязгаарлах ял” болгон хөнгөрүүлж өгнө үү. ...” гэв. 
Шүүгдэгч Н.Зын өмгөөлөгч Ю.Сэвлэгмаа давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Гэмт хэрэг гарах болсон шалтгаан нөхцөлийг дутуу тодруулсан гэж үзэж байна. Шүүгдэгч гэм буруу дээр маргаагүй. Анхан шатны шүүхээс ял оногдуулахдаа бүлэглэсэн гэж хүндрүүлж, хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна гэж дүгнэсэн. Хэрэгт авагдсан шүүгдэгч нарын мэдүүлэг, нотлох баримтаас харахад анхан шатны шүүх хөнгөрүүлэх нөхцөл байдлыг зөв дүгнээгүй гэж үзэж байна. Шүүгдэгч Н.З нь Э.Бы хүсэлтээр найздаа тусалж, өвс түүхээр явсан. Шүүгдэгч сонирхох журмаар 1-2 удаа сорсон гэдгээ хэлж, мансууруулах бодис шээс, цусны шинжилгээгээр илэрсэн гэдэг дээр маргахгүй. Шүүгдэгч Н.З хар тамхи, мансуурах бодисыг байнга хэрэглэдэг мансуурагч, донтогч биш. Хууль хяналтын байгууллагад шүүгдэгч нар өвс сорсоноо хэлсэн. Шүүгдэгч нар энэ талаараа хэлээгүй, илт мансуурсан байсан бол цусны шинжилгээ авахгүй байсан. Өвс 1-2 удаа сорсон учраас цусны шинжилгээгээр илэрсэн. Төв аймгийн Жаргалант сумаас өвс түүсэн болохоо мэдүүлж, гэмт хэргийг илрүүлэхэд тодорхой хэмжээнд туслалцаа үзүүлж, мөрдөн шалгах ажиллагаанд саад учруулахгүйгээр өөрсдийн гэм буруугаа хүлээсэн. Мөн шүүгдэгч нарын хувийн байдлыг зөвхөн эхнэрүүдийнх нь мэдүүлгээр тогтоож, өөр бусад хувийн байдлыг тодруулаагүй. Гэмт хэрэг үйлдэхэд хэрэглэсэн тээврийн хэрэгслийн төлбөр 20.335.000 төгрөгийг шүүгдэгч нараас хувь тэнцүүлэн гаргуулж, улсын орлого болгохоор шийдвэрлэсэн атлаа ямар дансанд мөнгө тушаахыг заагаагүй учраас хохирлыг төлөх боломжгүй байсан. Шүүгдэгч Н.Зын ээж Я.Отгонсүрэнгийн 5059588316 тоот дансанд 10.240.215 төгрөгийг байршуулж, гэмт хэргээс учирсан хохирлыг нөхөн төлөхөө илэрхийлж байна. Анх удаа тохиолдлын шинж чанартай гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлөхөө илэрхийлсэн байдлыг харгалзан үзэхгүйгээр хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй гэж дүгнэсэн. Хавтаст хэргийн 158 дугаар хуудаст авагдсан шинжээчийн дүгнэлтээр түүсэн өвс нь “зэрлэг олс” байсан бөгөөд ховор, нэн ховор эмийн жагсаалтад хамаарахгүй гэж дүгнэсэн. Гэмт хэрэг илрүүлэхэд тусалсан болохыг харгалзан үзэж зорчих эрх хязгаарлах ял оногдуулж өгнө үү.” гэв. 
Прокурор Ш.Анужин тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “Шүүгдэгч, түүний өмгөөлөгч нарын гаргасан гомдолтой танилцаад дараах тайлбарыг гаргаж байна. Прокурорын яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэсэн. Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг бүрэн шалгаж, тогтоосон гэж үзэж байна. Мөрдөн шалгах ажиллагаа, шүүхийн хэлэлцүүлгийн шатанд шүүгдэгч нар гэмт хэрэг үйлдэх болсон шалтгаан нөхцөлөө тууштайгаар мэдүүлдэг. Урьд энэ төрлийн бодисыг гадаад улсад хэрэглэж байсан. Төв аймагт тухайн өвс ургадаг болохыг мэдэж, түүхээр ярьж тохиролцсон талаараа мэдүүлсэн. Мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүгдэгч нарын эрхийг ямар нэг байдлаар зөрчөөгүй. Өмгөөлөгч Б.Цолмон-Эрдэнэ гэмт хэрэг үйлдэх болсон ийм шалтгаан нөхцөл байсан гэж баримт гаргаж өгч байна. Шүүгдэгч нар хэрэг хариуцах чадвартай, насанд хүрсэн, эрх зүйч мэргэжилтэй, өөрсдийн хийж байгаа үйлдэл нь хууль бус болохыг бүрэн ухамсарлан, ойлгож, санаатайгаар гэмт хэрэг үйлдсэн гэж үзэж байна. Өмгөөлөгч К.Манлай Эрүүгийн хуулийн ерөнхий ангид заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг харгалзан үзэхгүйгээр хэргийг шийдвэрлэсэн гэж гомдолдоо дурдсан байна. Эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх эсэх нь анхан шатны шүүхийн эрх хэмжээний асуудал болохоос заавал хэрэглэхээр хуульчилсан, үүрэг хүлээлгэсэн заалт биш. Шүүх өөрийн эрх хэмжээний хүрээнд эрүүгийн хариуцлага хүлээлгэсэн гэж үзэж байна. Өмгөөлөгч Б.Цолмон-Эрдэнэ шүүгдэгч Э.Бы эгчийн эмчилгээний бичгийг гаргаж өгсөн ч өвчтэй эгчдээ туслах зорилгоор хориглосон өвсийг түүж, бэлтгэн, олж авч, хадгалсан гэж үзэх нотлох баримт болохгүй байна. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлд заасан гэмт хэргийн шинжид хориглосон сэтгэцэд нөлөөт бодисын хэмжээг хуульчлаагүй хэдий ч үйлдсэн гэмт хэргийн шинж, сэтгэцэд нөлөөт бодисын төрөл, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан үзэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийг үндэслэж, шүүгдэгч нарт оногдуулах ялын төрөл, хэмжээг хуульчилсан. Анхан шатны шүүх шүүгдэгч нарын хувийн байдал, гэмт хэрэг үйлдэх болсон шалтгаан нөхцөлийг харгалзан үзэж хорих ял оногдуулсан нь үндэслэлтэй гэж үзэж байна. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна.” гэв. 
ТОДОРХОЙЛОХ нь:
Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар Н.З, Э.Бнарт холбогдох хэргийг хянан шийдвэрлэхдээ шүүгдэгч болон тэдгээрийн өмгөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдлуудад заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хянаж үзэв.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудыг  шалгаж тодруулсан, хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд хэргийг анхан шатны журмаар эцэслэн шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байна.
Хэргийн үйл баримтыг тогтооход үндэслэл болсон баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх, үнэлэх шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчөөгүй байна. 
Шүүгдэгч Н.З, Э.Бнар нь урьдчилан үгсэн тохиролцож, хамтран 2024 оны 9 дүгээр сарын 12-ны өдөр Төв аймгийн Жаргалант сумын нутаг дэвсгэрт байрлах тариалангийн талбай орчмоос Нэгдсэн Үндэстний байгууллагын 1971 оны “сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай” конвенцын хоёрдугаар жагсаалтад багтсан дельта 9 тетрагидроканнабинол /delta-9 tetrahydrocannabinol/-ын агууламжтай “өвс” гэх нэршилтэй, нийт 16755,5 грамм цэвэр жинтэй, хориглосон сэтгэцэд нөлөөт олсны ургамлыг худалдаалах зорилгогүйгээр, хууль бусаар түүж олж авсан, 
Улмаар тус 16755, 5 грамм цэвэр жинтэй хориглосон сэтгэцэд нөлөөт олсны ургамлыг 2024 оны 9 дүгээр сарын 12-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хороо, Эмээлтийн шалган нэвтрүүлэх цэгт Э.Бы эзэмшлийн 47-49 УБЦ улсын дугаартай, “Лексус Эйч Эс 250” /Lexus HS 250/ загварын тээврийн хэрэгсэлд худалдаалах зорилгогүйгээр, хууль бусаар хадгалсан болох нь: 
шүүгдэгч Э.Бы яллагдагчаар өгсөн “Би өөрийн сайн найз З руу залгаж “Төв аймгийн Жаргалант сум руу явж өвс түүж үзэх үү” гэж асуусан ба найз маань зөвшөөрсөн. Тэнд нэлээн өвс ургачихсан байхаар нь түүж аваад хар торонд хийгээд жаахныг татаж үзчихээд буцаад Улаанбаатар хот руу явсан. Жаргалантаас буцаад явж байхад 61-ийн гарам дээр цагдаа нар бид хоёрыг зогсоож тээшийг маань онгойлгоход өвс тээвэрлэж явсан тул саатуулсан юм. Би өвсний талаар Тайланд улсад явж байхдаа мэддэг болсон, түүнээс биш нэг их хэрэглээд байдаггүй, сорж үзэж байснаас хэтрэхгүй. Харин Монгол улсад ургадаг гэдгийг нь сонсоод түүж үзэхээр шийдсэн. Бид хоёр хэрэглэх  зорилгоор өвс түүсэн ба анх удаа түүгээд л баригдсан юм. Өөр ямар нэг санаа зорилго байгаагүй. Би бусдад мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодис зарж борлуулсан асуудал байхгүй. /1хх 233-234/, 
шүүгдэгч Н.Зын яллагдагчаар өгсөн “Манай найз Э.Бзалгаж Төв аймгийн Жаргалант сум руу гарч өвс түүж үзэх үү, тэнд ургадаг юм байна гэж асуухаар нь би за гэж хэлсэн. Ингээд бид хоёр 22 товчооны Петровис дээр уулзаад би тэнд машинаа орхиод түүний унаж явсан 47-49 УБЦ улсын дугаартай цэнхэр өнгийн Lexus hs 250  маркийн тээврийн хэрэгслээр Төв аймгийн Жаргалант сум руу явсан. Тэгээд тухайн сумын төвийн хажуугийн тариалангийн талбайн хажууд очиж ургачихсан байсан өвснөөс нь түүж аваад хар торонд хийсэн. Тэгээд буцаад Улаанбаатар хот руу явж байгаад 61-ийн гармын постын цагдаад өвсөө хураалгасан. Би өвсний талаар Испани улсад 6 жил амьдрахдаа мэдсэн. Өвс түүх талаар Э.Б санаачилсан. Бид хоёр хэрэглэх л зорилгоор сонирхож түүсэн. Бусад ямар нэг санаа зорилго байхгүй.” /1хх 242-243/ гэсэн мэдүүлгүүд, 
Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2024 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 5599 дүгээр “1.2.3.4.Шинжилгээнд ирүүлсэн “цусны дээж нь шинжилгээнд тэнцэнэ. “Н.З РД:ВЮ91120212 цусны дээж” гэж хаягласан тариуртай цуснаас Тетрагидроканнабинол (delta-9 tetrahydrocannabinol) илэрсэн. Илэрсэн бодис нь НҮБ-ын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенц”-ын II жагсаалтад хамаарна.” /1хх 157-159/, 
Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2024 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн 2871 дүгээр “.Шинжилгээнд ирүүлсэн 5 ширхэг ууттай ургамал мэт зүйл нь шинжилгээнд тэнцэж байна. Уг ургамал нь Cannabacese-Олсны овгийн Cannabis L-Олс төрлийн Ruderalis-зэрлэг олс болох нь тогтоогдож байна. Уг шинжлэгдсэн ургамал нь голын эргийн сөөгөн шугуй, хавцал, сайрын зах, дэрсэн шугуй, хад чулуурхаг газрын хажуу, мөн хагалсан газар орчимд тархан ургадаг. Монгол орны Хэнтий, Хангай, Монгол-Дагуур, Ховд, Дорнод-Монгол, Их нуруудын хотгороор тархацтай. Дээрх ургамал нь юунд ашигладаг хүний биед ямар нөлөөтэй нь шинжээчийн тусгай мэдлэгт хамаарахгүй. Шинжилгээнд ирүүлсэн                                       1-5 дугаартай ургамлын нийт цэвэр жин нь 16,768 гр байна. Байгаль орчин аялал жуулчлалын сайдын 2022 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн А/603 дугаар тушаалын хавсралтаар “Нэн ховор, ховор, зарим элбэг ургамлын экологи-эдийн засгийн үнэлгээ”-ний хавсралтын дагуу үзэхэд Ruderalis-Зэрлэг олс ургамал нь экологи- эдийн засгийн үнэлгээ нь тогтоодоггүй байна.”  /1хх 172-178/, 
Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2024 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 5303 дугаар “1.2. Ирүүлсэн дээжүүд нь шинжилгээ хийхэд тэнцэж байна. “СХД-н 32-р хорооны нутаг дэвсгэр Эмээлтийн пост дээр 2024.09.12-ны өдөр 47-49 УБЦ улсын дугаартай тээврийн хэрэгсэлд мансууруулах төрлийн ургамал тээвэрлэж явсан гэх хэрэгт хураан авсан эд мөрийн баримт 1” гэсэн хаягтай гялгар уутанд хийсэн ногоон өнгийн ургамал мэт зүйл, “2” гэсэн хаягтай гялгар уутанд хийсэн ногоон өнгийн ургамал мэт зүйл, “3” гэсэн хаягтай гялгар уутанд хийсэн ногоон өнгийн ургамал мэт зүйл, “4” гэсэн хаягтай гялгар уутанд хийсэн ногоон өнгийн ургамал мэт зүйл, “5” гэсэн хаягтай гялгар уутанд хийсэн ногоон өнгийн ургамал мэт зүйл зэргээс дельта 9 тетрагидроканнабинол /delta-9 tetrahydrocannabinol/ илэрсэн. Илэрсэн бодис нь НҮБ-ын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай” конвенцын 2 дугаар жагсаалтад багтдаг болно. 3.”СХД-н 32-р хорооны нутаг дэвсгэр Эмээлтийн пост дээр 2024.09.12-ны өдөр 47-49 УБЦ улсын дугаартай тээврийн хэрэгсэлд мансууруулах төрлийн ургамал тээвэрлэж явсан гэх хэрэгт хураан авсан эд мөрийн баримт “1” гэсэн хаягтай гялгар уутанд хийсэн ногоон өнгийн ургамал мэт зүйлийн гялгар ууттай үеийн жин 4076,4 г, цэвэр жин 3982,9 г, “2” гэсэн хаягтай гялгар уутанд хийсэн ногоон өнгийн ургамал мэт зүйлийн гялгар ууттай үеийн жин 2931,8 г, цэвэр жин 2820,9 г, “3” гэсэн хаягтай гялгар уутанд хийсэн ногоон өнгийн ургамал мэт зүйлийн гялгар ууттай үеийн жин 5104,2 г, цэвэр жин 5037,0 г, 4 гэсэн хаягтай гялгар уутанд хийсэн ногоон өнгийн ургамал мэт зүйлийн гялгар ууттай үеийн жин 2794,1 г, цэвэр жин 2690,3 г, “5” гэсэн хаягтай гялгар уутанд хийсэн ногоон өнгийн ургамал мэт зүйлийн гялгар ууттай үеийн жин 2306,0 г, цэвэр жин 2224,4 г байна.” /1хх 182 186/,
Шүүх сэтгэц эмгэг судлалын 985 дугаар “...1.Э.Бнь одоо сэтгэцийн ямар нэгэн өвчингүй байна. Э.Бнь хэрэг үйлдэгдэх 2024 оны 9 дүгээр сарын 12-ны өдөр сэтгэцийн ямар нэгэн өвчнөөр өвчилж байсан гэх баримт мэдээлэл үгүй байна. Э.Бнь хэргийн талаар үнэн зөв мэдүүлэг өгөх чадвартай байна. Э.Бнь хэрэг хариуцах чадвартай байна." /1хх 198-199/,
Шүүх сэтгэц эмгэг судлалын 987 дугаар “Н.З нь одоо сэтгэцийн ямар нэгэн өвчингүй байна. Н.З нь хэрэг үйлдэгдэх 2024 оны 9 дүгээр сарын 12-ны өдөр сэтгэцийн ямар нэгэн өвчнөөр өвчилж байсан гэх баримт мэдээлэл үгүй байна. З.Н.З нь хэргийн талаар үнэн зөв мэдүүлэг өгөх чадвартай байна. Н.З нь хэрэг хариуцах чадвартай байна.” /1хх 202-203/ гэсэн дүгнэлтүүд, 
Дамно үнэлгээ ХХК-ийн №24-404 дүгээр “... Дүгнэлт: Шинжилгээний обьект /47-49 УБЦ улсын дугаартай цайвар цэнхэр өнгийн Lexus hs 250 маркийн тээврийн хэрэгсэл/-ын 2024 оны 11 сарын 20-ны өдрийн зах зээлийн үнэлгээ нийт 20.335.000 төгрөгөөр үнэлэв." /1хх 206-212/ гэсэн хөрөнгийн үнэлгээний тайлан, 
гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх 2/, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1хх 17-22/, хүний биед үзлэг хийж биологийн дээж авсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтийн хамт /1хх 55-56, 59-60, 61-64/, мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл /1хх 65-71/ зэрэг хэрэгт цуглуулж, бэхжүүлэн, анхан шатны шүүх хуралдааны хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогджээ.
Анхан шатны шүүхээс гэмт хэргийг хэн, хэзээ, хаана, яаж үйлдсэн, үүнд шүүгдэгч Н.З, Э.Бнар нь ямар гэм буруутай болох, тэдгээрийн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн тухайн зүйл, хэсэгт заасан гэмт хэргийн шинжтэй хэрхэн тохирч байгаа талаар шийтгэх тогтоолд тодорхой зааж, хэргийн бодит байдалтай нийцсэн хууль ёсны ба үндэслэлтэй дүгнэлт хийсэн байна.
Шүүгдэгч Н.З, Э.Бнь  “өвс” гэх нэршилтэй хориглосон сэтгэцэд нөлөөт олсныг ургамлыг худалдаалах зорилгогүйгээр, хууль бусаар түүж олж авсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.
Шүүгдэгч нарын өмгөөлөгч К.Манлай “хорих ялын доод хэмжээг оногдуулахаар шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж өгнө үү.”, 
шүүгдэгч нарын өмгөөлөгч Э.Батбаяр “хорих ялыг зорчих эрх хязгаарлах ялаар сольж анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж өгнө үү.”
шүүгдэгч Н.З “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан хорих ялыг зорчих эрхийг хязгаарлах ял болгон өөрчилж өгнө үү.”, 
шүүгдэгч Э.Б“хорих ялыг зорчих эрхийг хязгаарлах ялаар сольж, шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж өгнө үү.”, 
шүүгдэгч Э.Бы өмгөөлөгч Б.Цолмон-Эрдэнэ “хорих ялыг зорчих эрх хязгаарлах ял болгон хөнгөрүүлж өгнө үү.” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдлууд гаргажээ.
Шүүх ял оногдуулахдаа Эрүүгийн хуулиар тодорхойлсон эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэл, журам, зарчмуудыг удирдлага болгодгоос гадна мөн хуулийн ерөнхий ангид заасан шүүхэд үүрэг болгосон хэм хэмжээг заавал хэрэглэдэг бол эрх олгосон хэм хэмжээг хэрэглэх эсэхээ энэ хуулийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан “гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал” зэргийг харгалзан шийдвэрлэдэг болно.
Учир нь, Эрүүгийн хуулийн ерөнхий ангид заасан эрх олгосон хэм хэмжээг болон мөн хуулийн тусгай ангийн тухайн зүйл, хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний алийг хэрхэн сонгон хэрэглэх нь шүүх, шүүгчид Үндсэн хууль болон Эрүүгийн хууль, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиудаар олгосон онцгой бүрэн эрх юм.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.1 дүгээр зүйлд “Энэ хуулийн зорилго нь Монгол Улсын Үндсэн хуулиар баталгаажуулсан хүний эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, Үндсэн хуулийн байгуулал, үндэсний болон хүн төрөлхтний аюулгүй байдлыг гэмт халдлагаас хамгаалах, гэмт хэргээс урьдчилан сэргийлэхэд оршино.” гэж хуулийн зорилгыг тодорхойлсон бол мөн хуулийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг,  гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх”-аар тус тус хуульчилсан байна.
Мансууруулах болон сэтгэцэд нөлөөлөх бодис нь хүний төв мэдрэлийн системд өвөрмөц нөлөөлөл үзүүлж, улмаар өөрийгөө удирдан жолоодох чадвар муудаж, уураг тархи, төв мэдрэлийн системд хүчтэй давамгайлал үйлчилж, мансууруулах сэтгэцийн өвчин үүсгэдэг нөлөөлөл бүхий бодис юм.
Хүн амын эрүүл мэндийг богино хугацаанд өргөн хүрээнд хамран сарниулдаг, дахин хэрэглэх зуршлыг бий болгодог, ойр дотны хүмүүсээ хэрэглээндээ татан оролцуулдаг, тухайн хууль бусаар ашиглахыг хориглосон бодисыг худалдаалж байгаа этгээдүүдэд санхүүгийн дэмжлэг үзүүлэх байдлаар худалдааг нь өргөжүүлэн тэлдэг зэрэг нийгмийн хор аюулын уршиг ихтэй учраас нийгэмд учирч болох хор аюул, үр дагавраас урьдчилан сэргийлэх зорилгоор Эрүүгийн хуулиар мансууруулах болон сэтгэцэд нөлөөлөх эм, бэлдмэл, бодисыг хууль бусаар бэлтгэх, хадгалах, бусдад өгсөн, олж авсан, мөн мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын түүхий эдийг хууль бусаар тариалсан, ургуулсан үйлдлийг гэмт хэрэгт тооцсон.
    Анхан шатны шүүхээс шүүгдэгч Н.З, Э.Бнарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хэргийн нийгмийн аюулын шинж чанар, түүний хувийн байдал, хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг харгалзан Н.Зд 2 (хоёр) жилийн хугацаагаар хорих ял, шүүгдэгч Э.Бд 2 (хоёр) жил 3 (гурав) сарын хугацаагаар хорих ялыг тус тус сонгон оногдуулж, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн нь тэдгээрийн гэм бурууд тохирсон төдийгүй эрүүгийн хариуцлагын зорилгыг хангасан, хууль ёсны бөгөөд шударга ёсны зарчимд нийцсэн байх хэдий ч шүүгдэгч нарын энэ төрлийн гэмт хэргийг анх удаа үйлдсэн хувийн байдлыг харгалзан үзэж тэдэнд оногдуулсан хорих ялыг хөнгөрүүлэн өөрчлөх нь зүйтэй гэж үзээд шүүгдэгч нарын өмгөөлөгч К.Манлайгийн “хорих ялыг хөнгөрүүлэх” агуулга бүхий давж заалдах гомдлыг хүлээн авлаа. Харин шүүгдэгч Н.З, Э.Б, өмгөөлөгч Э.Батбаяр, Б.Цолмон-Эрдэнэ нарын “хорихоос өөр төрлийн ял оногдуулах” талаар гаргасан давж заалдах гомдлуудыг хүлээн авах хууль зүйн үндэслэлгүй байна.
Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд зохих өөрчлөлтийг оруулж, бусад хэсгийг хэвээр үлдээж шийдвэрлэв.
Харин яллах дүгнэлт болон шийтгэх тогтоолд “өвс” гэх нэршилтэй нийт 16755,5 грамм сэтгэцэд нөлөөт олсны ургамал гэж бичсэнийг килограммд шилжүүлэн 16755,5÷1000=16кг 755 гр гэж бичих нь зүйтэй бөгөөд уг ургамалыг устгахыг Цагдаагийн ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх газарт даалгах нь зохисгүй, зөвхөн Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгах нь зөв гэж үзлээ.
Шүүгдэгч Н.З, Э.Бнар нь 2025 оны 01 дүгээр сарын 14-ний өдрөөс 3 дугаар сарын 19-ний өдрийг хүртэл цагдан хоригдсон нийт 64 /жаран дөрөв/ хоног цагдан хоригдсоныг тэдгээрийн ял эдлэх хугацаанд оруулан тооцох нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:
    1. Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн 148 дугаар шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн:
2 дахь заалтын “шүүгдэгч Н.Зд 02 жилийн хугацаагаар хорих ял, шүүгдэгч Э.Бд 02 жил 03 сарын хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэсүгэй.” гэснийг “шүүгдэгч Н.Зд 01 жил 02 сарын хугацаагаар хорих ял, шүүгдэгч Э.Бд 01 жил 05 сарын хугацаагаар хорих ял тус тус шийтгэсүгэй.” гэж, 
5 дахь заалтын “нийт 16755,5 грамм цэвэр жинтэй, хориглосон сэтгэцэд нөлөөт олсны ургамлыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг Цагдаагийн ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх газар, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт тус тус даалгасугай.” гэснийг “нийт 16 кг 755 гр цэвэр жинтэй, хориглосон сэтгэцэд нөлөөт олсны ургамлыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.” гэж тус тус өөрчилж, тогтоох хэсгийн бусад заалтуудыг хэвээр үлдээж, шүүгдэгч нарын өмгөөлөгч К.Манлайгийн “хорих ялыг хөнгөрүүлж” өгөх талаар гаргасан давж заалдах гомдлыг хүлээн авч, шүүгдэгч Н.З, Э.Б, өмгөөлөгч Э.Батбаяр, Б.Цолмон-Эрдэнэ нарын “хорихоос өөр төрлийн ял оногдуулах” талаар гаргасан давж заалдах гомдлуудыг хэрэгсэхгүй болгосугай. 
2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Н.З, Э.Бнар нь 2025 оны 01 дүгээр сарын              14-ний өдрөөс 3 дугаар сарын 19-ний өдрийг хүртэл цагдан хоригдсон нийт 64 /жаран дөрөв/ хоногийг тэдгээрийн эдлэх ялд  оруулан тооцсугай.
3. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.
    
    
            ДАРГАЛАГЧ, 
ШҮҮГЧ                        М.АЛДАР
            ШҮҮГЧ                     Л.ДАРЬСҮРЭН
            ШҮҮГЧ                        Ц.МӨНХТУЛГА