Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 12 сарын 17 өдөр

Дугаар 210/МА2018/02498

 

2018 оны 12 сарын 17 өдөр

Дугаар 210/МА2018/02498

 

 

Номгон ургац ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч М.Наранцэцэг даргалж, шүүгч А.Отгонцэцэг, Э.Золзаяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2018 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 101/ШШ2018/03203 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч: Номгон ургац ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Конкретемашин продакшн ХХК-д холбогдох,

 

Зээлээр худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 117 350 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг

 

Хариуцагчийн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Э.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Манай компани Конкретемашин продакшн ХХК-тай харилцан тохиролцсоны үндсэн дээр 2017 оны 08 дугаар сарын 19-ний өдөр хөдөө аж ахуйн зориулалттай 5 ширхэг трактор, 5 ширхэг хадуурыг нийт 134 400 000 төгрөгөөр худалдахаар тоног төхөөрөмж худалдах, худалдан авах гэрээг, мөн нэг ширхэг преслэгчийг 14 000 000 төгрөгөөр худалдахаар 2017 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр аман хэлбэрээр худалдах, худалдан авах гэрээ байгуулсан.

Эхний гэрээг байгуулахад Конкретемашин продакшн ХХК нь гэрээний урьдчилгаанд 28 000 000 төгрөг төлсөн, үүний дараа 30 000 000 төгрөг төлсөн боловч үлдэгдэл 68 900 000 төгрөгийг нэг ширхэг преслэгчийн үнэ болох 14 000 000 төгрөгийн хамт төлж барагдуулаагүй. Энэ хоёр гэрээний үүрэгт нийт 82 900 000 төгрөгийн төлбөрийн үлдэгдэлтэй байна. Үүнээс бичгийн хэлбэрээр байгуулсан гэрээндээ бид төлбөрийг хугацаандаа төлөхгүй бол алданги төлөхөөр тохиролцсон тул гүйцэтгээгүй үүрэг буюу 68 900 000 төгрөгийн 50 хувьтай тэнцэх алданги 34 450 000 төгрөг болсон.

Иймд хариуцагч Конкретемашин продакшн ХХК-иас нийт 117 350 000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 262 дугаар зүйлийн 262.1, 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч Конкретемашин продакшн ХХК-иас 117 350 000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Номгон ургац ХХК-нд олгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай 56 дугаар зүйлийн 56.1 дахь хэсэг, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 744 700 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Конкретемашин продакшн ХХК-иас 744 700 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Номгон ургац ХХК-нд олгож шийдвэрлэжээ.

 

Хариуцагчийн төлөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч байна.

Хэрэг хянан шийдвэрлэх үйл ажиллагаанд хариуцагч талын хариу тайлбарыг оруулаагүй, нэхэмжлэгч талын гэрээгээр нийлүүлсэн техник хэрэгсэлийн чанар бодит байдлыг магадалж үзээгүй, нэхэмжилсэн үнийн дүн 117 350 000 төгрөгт дүн шинжилгээ хийлгүйгээр нэхэмжлэгч талд шийдвэрлэсэн, өвс хаман боогчын амаар хийсэн тохиролцоо, хүлээн авсан актыг гэрээ гэж үзсэн зэрэг нь уг хэргийг дутуу дулимаг шийдвэрлэн хариуцагч талын эрхийг зөрчсөн гэж үзэж байна.

Гэрээгээр нийлүүлсэн техник нь чанарын шаардлага хангахгүй, зах зээлийн үнээс харьцангуй өндөр, ажлын явцад эвдрэл маш их гарч ажлын бүтээмжид тодорхой хэмжээгээр нөлөөлсөн гэж үзэн алданги болох 34 450 000 төгрөг, аман хэлбэрээр тохирсон, бүрэн бус ажиллагаатай хаман боогчны үнэ болох 14 000 000 төгрөг, нийт 48 450 000 төгрөгийг нэхэмжлэлийн шаардлагаас хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүх зохигчдын хооронд үүссэн маргааны үйл баримтыг хэрэгт цугларсан нотлох баримтад үндэслэн дүгнэж, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байх тул шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан шаардлагыг хангасан байна.

 

Нэхэмжлэгч Номгон ургац ХХК нь хариуцагч Конкретемашин продакшн ХХК-нд холбогдуулан худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 82 900 000 төгрөг, алдангид 34 450 000 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

Талуудын хооронд 2017 оны 08 дугаар сарын 19-ний өдөр байгуулагдсан гэрээгээр Номгон ургац ХХК нь эрхийн зөрчилгүй, биет байдлын доголдолгүй гэрээнд заасан 11 тооны трактор, хадуурыг хариуцагчид шилжүүлэн өгөх, хариуцагч Конкретемашин продакшн ХХК нь хэлэлцэн тохиролцсон хуваарийн дагуу үнэ 134 400 000 төгрөгийг, хүүгийн хамт төлөх үүргийг тус тус хүлээсэн. Талуудын хооронд Иргэний хуулийн 262 дугаар зүйлийн 262.1 дэх хэсэгт заасан зээлээр худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүссэн ба уг гэрээ нь мөн хуулийн 263 дугаар зүйлийн 263.1, 263.2 дахь хэсэгт заасан бичгээр байгуулах, нөхцөл тохирох шаардлагыг хангасан талаар анхан шатны шүүх зөв дүгнэжээ.

 

Нэхэмжлэгч Номгон ургац ХХК нь гэрээний зүйл болох 11 тооны трактор, хадуурыг худалдан авагчийн өмчлөлд бүрэн шилжүүлсэн атал хариуцагч Конкретемашин продакшн ХХК төлбөрийг тохиролцсон хуваарийн дагуу хэсэгчлэн төлөх үүргээ биелүүлэлгүй, гэрээний үлдэгдэл төлбөр 68 900 000 төгрөгийг төлөөгүй талаар хариуцагч маргаагүй.

 

Гэрээний 3.4 дэх хэсэгт зааснаар худалдан авагч гэрээнд заасан хугацаанд үлдэгдэл төлбөрийг төлөөгүй тохиолдолд төлөгдөөгүй үнийн дүнгээс хугацаа хэтэрсэн хоног тутам 0.5 хувийн алданги тооцохоор тохиролцсон нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт заасантай нийцсэн. Иймд нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 262 дугаар зүйлийн 262.1 дэх хэсэгт заасан үлдэх төлбөр болон алдангийг хариуцагчаас шаардах эрхтэй.

 

Гэрээний 1.4, 1.5 дахь хэсэгт зааснаар хариуцагч нь гэрээний зүйлийн үнийг 2017 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр төлж дуусах үүргийг хүлээсэн бөгөөд сүүлд төлөлт хийсэн хугацаа буюу 2018 оны 05 дугаар сарын 29-ний өдрөөс хойш алданги тооцож нэхэмжилснийг анхан шатны шүүх Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4, 232.6 дахь хэсэгт зааснаар хангаж шийдвэрлэснийг буруутгах үндэслэл тогтоогдсонгүй.

 

Хэргийн 12 дугаар талд авагдсан баримтад хариуцагч Конкретемашин продакшн ХХК-ийн захирал Д.Даваасүрэн нь 2017 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр Класс 65 маркийн өвс хаман боогчийг 14 000 000 төгрөгөөр үнэлж, хүлээн авахдаа төлбөр төлөөгүй талаар тэмдэглэсэн байх бөгөөд анхан шатны шүүх талуудын хүсэл зоригийн илэрхийлэл хүчин төгөлдөр, тэдгээрийн хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан худалдах, худалдан авах гэрээ байгуулагдсан гэж зөв тодорхойлж, 14 000 000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй. Өөрөөр хэлбэл, худалдах, худалдан авах гэрээний хувьд худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлснээр гэрээ байгуулагдсан гэж үзэх бөгөөд энэ нь Иргэний хуулийн 196 дугаар зүйлийн 196.1.1 дэх хэсэгт заасантай нийцэж байна.

 

Иймд анхан шатны шүүх хариуцагчаас 117 350 000 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 262 дугаар зүйлийн 262.1, 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт заасантай нийцжээ.

 

Анхан шатны шүүх 2018 оны 08 дугаар сарын 28-ны өдөр хариуцагч Конкретемашин продакшн ХХК-ийн гүйцэтгэх захирал Д.Даваасүрэнд нэхэмжлэлийн хувийг гардуулж өгсөн ба тэрээр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөх эсхүл татгалзах тайлбараа шүүхэд ирүүлэх үүрэгтэй.

 

Хариуцагч талаас хуульд заасан хугацаанд тайлбар ирүүлээгүй тул анхан шатны шүүх 2018 оны 09 дүгээр сарын 14-ний өдөр хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээр шийдвэрлэж, хуралдааныг 2018 оны 09 дүгээр сарын 18-ны өдөр товлон зарласан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 76 дугаар зүйлийн 76.1 дэх хэсэгт заасан агуулгад нийцэх боловч захирамж гаргахдаа захирамжийн үндэслэлд хайхрамжгүй хандаж, хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой нотлох баримт хангалттай бүрдсэн гэх буруу дүгнэлт хийсэн боловч энэ нь шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох хэмжээний ноцтой алдаанд тооцохгүй гэж дүгнэлээ.

 

2018 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн шүүх хуралдаанд хариуцагчийн төлөөлөгч Д.Даваасүрэн өөрийн биеэр оролцсон байх боловч уг хуралдаанд нэхэмжлэлтэй холбоотой тайлбар өгөөгүй.

 

2018 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн шүүх хуралдаанд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр Ю.Догмид оролцсон ба нэхэмжлэлтэй холбоотой тайлбарыг гаргаагүй, уг хуралдаанаас хариуцагчийн хэргийн материалтай танилцах эрхийг анхан шатны шүүх хангаж шийдвэрлэжээ.

 

2018 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн шүүх хуралдааныг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч өвчний улмаас шүүх хуралдаанд оролцох боломжгүйг хүндэтгэн үзэх үндэслэлд хамааруулж шүүх хуралдааныг хойшлуулсан байна.

 

2018 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн шүүх хуралдааны товыг хариуцагчид хуульд заасан журмын дагуу хүргүүлэх үндэслэлээр мөн хойшлуулжээ.

 

Хариуцагч тал нэхэмжлэлийг хүлээн авснаас хойш шүүх хуралдаанаар анхан шатны журмаар хэргийг хэлэлцэх хүртэл 1 сар 18 хоногийн хугацаанд тайлбар гаргаагүй, хуулиар тогтоосон тайлбар гаргах үүргээ биелүүлээгүй байна. Иймд тайлбарыг оруулаагүй гэх хариуцагч талын давж заалдах гомдол үндэслэлгүй болжээ.

 

Хариуцагч талаас худалдах, худалдан авах гэрээний зүйлийн доголдлын талаар маргаагүй тохиолдолд анхан шатны шүүх дүгнэлт хийх боломжгүй юм. Иймд гэрээгээр нийлүүлсэн техник хэрэгслийн чанар бодит байдлыг шалгаж үзээгүй, түүнчлэн гэрээний зүйлийн доголдолтой холбоотойгоор алданги төлөхгүй гэх хариуцагчийн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хүлээн авах боломжгүй юм.

 

Дээр дурдсан үндэслэлээр хариуцагчийн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 101/ШШ2018/03203 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчийн төлөөлөгч давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 400 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ М.НАРАНЦЭЦЭГ

 

ШҮҮГЧИД А.ОТГОНЦЭЦЭГ

 

Э.ЗОЛЗАЯА