| Шүүх | Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Үржинбадамын Одгэрэл |
| Хэргийн индекс | 168/2018/0427/э |
| Дугаар | 2018/ШЦТ/203 |
| Огноо | 2018-07-22 |
| Зүйл хэсэг | 20.16.1., |
| Улсын яллагч | Л.Мөнхбаяр |
Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2018 оны 07 сарын 22 өдөр
Дугаар 2018/ШЦТ/203
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дорнод аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ү.Одгэрэл даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны "А" танхимд нээлттэй явуулсан эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Хэрлэнг суулган,
Улсын яллагч Л.Мөнхбаяр
Шүүгдэгчийн өмгөөлөгч Ө.Батболд
Шүүгдэгч М.Г нарыг оролцуулан,
Дорнод аймгийн Прокурорын газраас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, мөн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан гэмт хэрэгт тус тус холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржгон овогт М.Г-д холбогдох 1821000000015 дугаартай хэргийг 2018 оны 07 сарын 02-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Боржгон овогт М.Г, Дорнод аймгийн Баян-Уул суманд ..... оны .... сарын .....-ны өдөр төрсөн, 31 настай, эрэгтэй, Монгол Улсын иргэн /РД: ......./, боловсролгүй, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 1, Дорнод аймгийн Баян-Уул сумын 3 дугаар баг ......... газар оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, Сум дундын 10 дугаар шүүхийн 2014 оны 03 сарын 04-ний өдрийн 51 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2, мөн хуулийн 261 дүгээр зүйлийн 261.1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хорих ял шийтгүүлж 2014 оны 10 сарын 03-ны өдөр ялын хугацаа дуусч суллагдсан, бие эрүүл гэх.
Шүүгдэгч М.Г нь 2016 оны 05 дугаар сарын 08-ны өдөр Дорнод аймгийн Баян-Уул сумын 6 дугаар багийн нутаг “Дархинт” гэх газраас хохирогч Г.Эрдэнэбаатарын нэг тооны бяруу хулгайлж бусдад 400000 төгрөгийн хохирол учруулсан,
Мөн Ц.Хүрэлчулуунтай 2016 оны 11 сарын 27-ны өдрөөс 2016 оны 11 сарын 28-нд шилжих шөнө 03 цагийн орчим нийтийн хэв журмыг бүлэглэн зөрчиж Дорнод аймгийн Баян-Уул сумын 6 дугаар багийн нутагт тус сумын иргэн Т.Осоржав, Б.Мөнх-Эрдэнэ нарт хүч хэрэглэж зодож автомашины засварын түлхүүр, хутга, буу зэргийг зэвсгийн чанартай хэрэглэн олон нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулсан гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон цагаатгах, хөнгөрүүлэх талын дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч М.Г шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: 2018 оны 05 дугаар сарын 08-ны өдөр хот руу явах гээд мөнгө хэрэгтэй болоод эгчийнхээсээ бяруу хэлэхгүйгээр авсан чинь тэр нь өөр хүнд зарсан бяруу байсан. Тэгээд тэр авсан хүн нь бяруугаа алдсан гээд цагдаад хэлчихсэн. Хүний бярууг хулгайлсан гэдгээ хүлээн зөвшөөрч байна. Харин хөдөө ан хийгээд явж байгаад сүлжээтэй газар очиж утсаар яриад Хүрэлчулууны хамтаар Мөнх-Эрдэнэ, Осоржав нар дээр очсон. Тэгээд уулзаад хамт ууж байгаад бид хоорондоо муудсан. Би Мөнх-Эрдэнийг машины түлхүүрээр толгойн тус газар цохисон нь үнэн. Би буу, хутга хэрэглээгүй Хүрэлчулуун гаргасан байсан юм гэв.
Шүүгдэгч М.Г мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн мэдүүлэгтээ: “...Өдрийг нь сайн санахгүй байна, сумын төвд явж байгаад Гантулгатай таарч “би Одхүү ахынхаас тавьсан бяруугаа авчирах гэсэн юм цуг яваад өгөөч” гээд түүнийг авч эгч Ундрал, түүний нөхөр хүргэн Одхүүгийн үхэр Баян-Уул сумын нутаг “Дархинт” гэх газар бэлчиж байхад нь тэндээс ухаа халзан бярууг мотоцикл дээрээ дундаа хийж ачаад сумын төвд Баяр гэх бяруу авч байсан хүнд 190000 төгрөгөөр зарсан...”
...Осоржав намайг машинд байхад “Гөөк” гэж дуудсан. Осоржав надаас 6-7 насаар дүү байж үеийн юм шиг харьцаж намайг шоглож дуудахаар нь миний уур хүрээд маргасан. Би болон Хүрэлчулуун, Бямба-Эрдэнийг цохиж зодоогүй. Мөнх-Эрдэнэ надтай зодолдсон. Би Мөнх-Эрдэнийг түлхүүрээр 4 удаа цохисон. ...Хүрэлчулуун ямар учраас буудах болсон талаар мэдэхгүй байна. ...буу дуугарахад нь харахад Хүрэлчулуун миний бууг барьчихсан морьтой зогсож байсан...” гэжээ. /хх 204-205/
Хохирогч Б.Мөнх-Эрдэнэ мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ: “...Эрээн багаас хойш 1 км хүрэхгүй газар яваад машин цасанд суучихсан. Тэгээд байж байхад Гөлгөн, Хүрэлчулуун нар бор зүсмийн морь, бараан зүсмийн адуу уначихсан Гөлгөн нь буу үүрчихсэн ирсэн. Ингээд бид машинд суугаад архи уугаад сууж байсан чинь Осоржав Гөлгөн ахыг “Гөөк” гэж дуудсан, тэгсэн чинь Гөлгөн ах уурлаад Осоржавд “чи ингэж ярих болоогүй шүү надтай үеийн юм шиг харьцлаа” гэж уурлахад Осоржав Гөлгөн ахаас уучлалт гуйсан...тэгээд үргэлжлүүлээд архи уусан тэгээд л би бүр тасарчихсан юу болсон талаар санахгүй болсон. Ингээд шөнийн 02 цагийн орчим сэрээд харсан чинь гэртээ орчихсон толгойгоо угааж байсан. Манай гэрт дүү Мөнхболд, Осоржав нар байсан. Тухайн үед миний толгойн дух хэсэг, дагз хэсэгт цус гарсан зүүн нүд хөхөрсөн гэмтэлтэй болсон байсан. Ингээд дүү багийн эмч Гантулгыг дуудаж үзүүлэхэд Гантулга эмч духанд 3 оёдол, дагз хэсэгт 1 оёдол тавьсан. ...Осоржав надад “Гөлгөн ах машины багажаар толгой руу чинь цохиод толгойг чинь хагалсан” гэж хэлсэн...миний хувьд Гөлгөн, Хүрэлчулуун нарыг зүгээр л танина түүнээс биш дотно найз нөхөд, ах дүүгийн харилцаа байхгүй. Би энэ хоёртой маргаж муудсан өс хонзон санаж явдаг зүйл байхгүй...Миний хувьд Гөлгөн, Хүрэлчулуун нартай холбоотой гаргах гомдол санал болон нэхэмжлэх зүйл байхгүй...” гэжээ. /хх 40-42, 52/
Хохирогч Т.Осоржав мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ: “...цасанд суугаад байж байхад Гөлгөн, Хүрэлчулуун нар морьтой ирсэн ингээд бид нар нэг шил архи задлаад хуваагаад сууж байгаад хэсэг хугацааны дараа би Гөлгөнийг “Гөөк” гээд хэлсэн чинь над руу “чи намайг арай Гөөк гэж дуудах болоогүй шүү” гээд уурлаад байсан тэгэхээр нь би “уучлаарай” гээд арай гайгүй болсон. Ингээд Гөлгөн архи уугаад нэлээн халамцуу болоод дахин над руу хандаж “чи намайг арай ингэж дуудах болоогүй” гээд над руу дайрч давшлаад байсан тэр үед Гөлгөнтэй хамт ирсэн Хүрэлчулуун нь гутлынхаа түрийнээс хутга гаргаж ирээд миний биед тулгаад “та нарыг бүгдийг чинь ална шүү” гэж хэлсэн. Тэгээд би сандраад Хүрэлчулууны хутгыг булааж авах гэж ноцолдож байгаад гараа эсгэсэн...ингээд би Хүрэлчулуун, Гөлгөн хоёроос айгаад тэр хоёрын арга эвийг харж ярьж эхэлсэн тэгээд хэсэг хугацаанд арай гайгүй болоод байж байтал Гөлгөн ах дахин уурлаж эргэж хараад миний дух руу гараараа цохисон тэр үед манай найз Мөнх-Эрдэнэ нь Гөлгөн ахад хандаж “та одоо болилдоо хүн цохих хэрэггүй” гэж хэлсэн чинь Гөлгөн ах Мөнх-Эрдэнэ рүү уурлаж машинаас буугаад дугуйн хажууд байсан багажнаас нэг түлхүүр аваад Мөнх-Эрдэнийн толгой руу хэд хэдэн удаа цохиод авсан. Тэгсэн чинь Мөнх-Эрдэнэ толгойгоо бариад газарт хэвтээд өгсөн ...тэгээд би Эрээн баг ойрхон харагдаад байхаар нь хүн дуудаж ирэх санаатай явсан чинь миний толгой руу Гөлгөн ах хатуу зүйлээр цохисон. Ингээд би газарт унахад Гөлгөн ах дахиад намайг цохих гээд дайрсан. Тэгээд би босоод зугтаж байхад Хүрэлчулуун нь Мөнх-Эрдэнийг босгож ирээд буцааж дугтарч унагаад ганц хоёр удаа өшиглөж цохиж байгаа харагдсан. Тэгээд би тэр чигээрээ гүйсээр байгаад яг Эрээн баг руу орж нэг айлын гадаа ирсэн чинь ар талд буун дуу гарсан. Тэгээд эргээд харахад Хүрэлчулуун морьтой буу барьчихсан над дээр ирээд над руу буугаа чиглүүлээд “буцаад явахгүй бол буудна шүү” гэж хэлж айлгаж сүрдүүлсэн. Ингээд би Хүрэлчулуун намайг буудаж магадгүй гэж бодоод буцаад нөгөө газартаа гүйж очсон...би Гөлгөн, Хүрэлчулуун нартай огт маргаж байгаагүй. Би ер нь тэр хоёртой уулзаж байгаагүй...Надад гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй...” гэжээ. /хх 44-51/
Хохирогч Г.Эрдэнэбаатар мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ: “...2018 оны 05 сарын 13-ны өдөр манай малыг хардаг Одхүү над руу яриад “танай нэг бяруу алга болчихлоо” гэж хэлсэн....эрэл сурал хийж яваад Баян-Уул сумын 2-р багийн “Номгон” гэх газар руу Балжин гэх хүн бяруу ачаад явсан сураг гарсан. Тэгээд Балжинтай очиж уулзахад манай хойд айл болох “Алтанцоожийнд авчирсан бяруу байгаа, тэр бярууг Гөлгөн гэх хүн Баярд зарсан байсан” гэж хэлсэн. Тэгэхээр нь Алтанцоожийнд очоод авчирсан гэх бярууг нь харсан чинь манай ухаа зүсмийн бяруу мөн байсан...Би өөрийн алдсан нүүр эрээн ухаа зүсмийн эр бяруугаа зүсээр нь Баяр гэх хүнээс хүлээж авсан. Иймд миний хувьд гомдол санал болон нэхэмжлэх зүйл байхгүй...” гэжээ. /хх 55-58/
Иргэний нэхэмжлэгч Т.Баяр мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ: “...2016 оны 05 сарын дунд үеэр Отгонжаргал над руу залгаад “Гөлгөн бяруу зарна гэж байна” гэхэд нь би, “үзэж хараад гайгүй бол худалдаж ав” гэж хэлсэн. Тухайн үед би аймагт байсан юм. Тэгээд Отгонжаргал Гөлгөнөөс бяруу худалдаж аваад Балжин гэх хүний малд тавьсан байгаа би зүсийг нь хараагүй...” гэжээ. /хх 62-63/
Гэрч Б.Мөнхболд мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ: “...2016 оны 11 сарын 27-28-нд шилжих шөнө шөнийн 03 цагийн үед Осоржав, Мөнх-Эрдэнэ ах нар гэрт цус нөж болсон бага зэрэг халамцуу орж ирсэн. Тухайн үед Мөнх-Эрдэнэ ахын хөмсөгний дээд хэсэгт язарсан, дагз хэсэгт язарсан шархтай байсан. Тэр үед Осоржав Гөлгөн ах Мөнх-Эрдэнийн толгой руу төмрөөр 5-6 удаа цохисон гэж хэлсэн. Ингээд би багийн эмч Гантулга руу ярьж дуудлага өгсөн, удалгүй эмч ирээд Мөнх-Эрдэнэ ахыг үзээд толгойд нь 4 оёдол тавиад явсан. Харин Осоржав цагдаад дуудлага өгч шөнийн 04 цагийн үед цагдаа нар ирсэн...Осоржавын дагзанд язарсан байсан тэгээд бас оёдол тавиулсан...” гэжээ. /хх 83-84/
Гэрч Б.Бямба-Эрдэнэ мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ: “...Осоржав, Мөнх-Эрдэнэ бид гурав миний машинтай Эрээн багаас хойшоо гараад 100-200 метрийн орчим зайд явж байтал миний машин цасанд суугаад бид нар зогсож байтал Гөлгөн, Хүрэлчулуун нар морьтой ирсэн. Ингээд миний машинд суугаад хамт архи ууж байхдаа Осоржав, Мөнх-Эрдэнэ бид нар Гөлгөний нэрийг товчлоод “Гөөгий” гэж яриад сууж байтал Гөлгөн гэнэт Мөнх-Эрдэнэ рүү хандаж “та нар намайг Гөөгий гэж дуудах болоогүй шүү” гээд уурласан. Тэгэхээр нь “таныг хүмүүс тэгж дууддаг биз дээ, таныг Гөөгий гэж дуудаж болохгүй юу” гэхэд Гөлгөн эргэж хараад гараараа Мөнх-Эрдэнийн толгой руу нэг удаа цохисон...ингээд архи уугаад сууж байтал Гөлгөн гэнэт Осоржав руу хандаж “чамайг ч гэсэн ална шүү та нар муусайн тэгэх болоогүй” гэсэн чинь Осоржав юу ч дуугараагүй. Энэ үед Мөнх-Эрдэнэ босож ирээд Гөлгөний мөр хэсэг рүү нэг удаа гараараа цохисон. Тэгэхэд Гөлгөн уурлаад машины голын хайрцаг дотор байсан 3 ширхэг боолт тайлдаг түлхүүрийг аваад эргэж Мөнх-Эрдэнийн толгой руу 2-3 удаа цохисон. Тэгэхэд Мөнх-Эрдэнийн толгой хагарч цус гарсан. Тэгээд би Гөлгөнд хандаж “яаж байгаа юм бэ хүүхэд аллаа” гэж хэлсэн чинь Гөлгөн “чи муу ч гэсэн” гээд Осоржавын толгой руу нөгөө 3 ширхэг түлхүүрээр цохисон тэгэхэд Осоржавын толгой хагарсан....Тэгээд Гөлгөн бид нарт хандаж “та нар зугтаад үзээрэй, хэрэв зугтах юм бол бүгдийг чинь ална шүү, гэж хэлсэн. Тэгээд Гөлгөө Мөнх-Эрдэнэ рүү хандаж “чамайг гүйцээгээд ална шүү” гээд гүйж очоод тэр хоёр барьцалдаад авахаар нь би салгах гэж ноцолдож байтал хажууд буун дуу гарсан. Харсан чинь Хүрэлчулуун бууныхаа амыг дээш нь харуулаад барьчихсан зогсож байсан. Ингээд Хүрэлчулуун морь унаж яваад Осоржавыг хөөгөөд аваад ирсэн...” гэжээ. /хх 85-87/
Дорнод аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2016 оны 12 сарын 02-ны өдрийн 889 тоот дүгнэлтэд: “1.Б.Мөнх-Эрдэнийн биед дух, дагзны шарх, зөөлөн эдийн няцрал, зүүн нүдний дээд доод зовхины цус хуралт, зөөлөн эдрийн няцрал, дух, баруун нүдний гадна доод хэсэг, зүүн нүдний гадна доод хэсгийн зулгаралт бүхий гэмтэл тогтоогдлоо. 2.Дээрх гэмтэл нь хатуу, мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. 3.Дээрх гэмтлүүд нь тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд нэг дор үүсгэгдсэн байх боломжтой шинэ гэмтлүүд байна. 4.Дээрх дух, дагзны шарх, зөөлөн удийн няцрал, зүүн нүдний дээд доод зовхины цус хуралт, зөөлөн эдийн няцрал бүхий гэмтлүүд нь тус бүртээ Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Дух, баруун болон зүүн нүдний гадна доод хэсгийн зулгаралт бүхий гэмтлүүд нь тус бүртээ Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй. 5.Цаашид гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй” гэжээ. /хх 92/
Дорнод аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2016 оны 12 сарын 02-ны өдрийн 890 тоот дүгнэлтэд: “1.Т.Осоржавын биед дагзны шарх, зөөлийн эдийн няцрал, зүүн гарын алганы шарх бүхий гэмтэл тогтоогдлоо. 2.Дээрх гэмтэл нь хатуу, мохоо болон хурц иртэй зүйлийн 2-оос доошгүй удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. 3.Дээрх гэмтлүүд нь тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд нэг дор үүсгэгдсэн байх боломжтой шинэ гэмтлүүд байна. 4.Дээрх дагзны шарх, зөөлөн эдийн няцрал болон зүүн гарын алганы шарх бүхий гэмтэл нь тус бүртээ Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 5.Цаашид гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй” гэжээ. /хх 96/
Хэрэгт цугларсан дээрх нотлох баримт болон мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Т.Осоржав /хх 13/, Б.Мөнх-Эрдэнэ /хх 14-15/, гэрч Б.Бямба-Эрдэнэ /хх 16-17, 53/, Ц.Хүрэлчулуун /хх 88/, Б.Отгонжаргал /хх 19, 75-76/, Б.Гантулга /хх 22/, Б.Ганболд /хх 23-24/, Б.Балжин /хх 77-78/ нарын өгсөн мэдүүлгүүд, Гэмт хэргийн талаархи гомдол, мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /хх 12, 18/ Эд мөрийн баримт хураан авах тогтоол, тэмдэглэл /хх 25-26/, Үхэр хураан авах тухай тогтоол, тэмдэглэл /хх 29-30/, Эд зүйл хүлээлгэж өгсөн тухай тэмдэглэл, гэрэл зураг /хх 31-32/, Эд мөрийн баримт хураан авах тухай Прокурорын тогтоол, тэмдэглэл /хх 33, 35, 36/, Эд зүйлийн үнэлгээ /хх 59-60/, Эмчийн үзлэгийн тодорхойлолт /хх 93, 97, 101-102/, Шинжээчийн дүгнэлт танилцуулсан тэмдэглэл /хх 94, 90, 103/, Урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх 135/ Шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбар /хх 136/ зэрэг болон хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлж авсан, тухайн хэрэгт хамааралтай хэрэгт цугларсан бусад нотлох баримтуудыг шинжлэн судаллаа.
Шүүгдэгч М.Г нь 2016 оны 05 дугаар сарын 08-ны өдөр Дорнод аймгийн Баян-Уул сумын 6 дугаар багийн нутаг “Дархинт” гэх газраас хохирогч Г.Эрдэнэбаатарын нэг бярууг бэлчээрээс хулгайлж бусдад 400000 төгрөгийн хохирол учруулсан,
Мөн 2016 оны 11 сарын 27-ны өдрөөс 2016 оны 11 сарын 28-нд шилжих шөнө 03 цагийн орчим Ц.Хүрэлчулуунтай нийтийн хэв журмыг бүлэглэн зөрчиж Дорнод аймгийн Баян-Уул сумын 6 дугаар багийн нутагт тус сумын иргэн Т.Осоржав, Б.Мөнх-Эрдэнэ нарыг автомашины засварын түлхүүрээр цохиж хүч хэрэглэн зодож олон нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулсан гэмт хэрэгт тус тус гэм буруутай болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан, шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа өөрөө хүлээн зөвшөөрч мэдүүлсэн мэдүүлгийг давхар нотолсон дараах:
Нийтийн хэв журмыг бүлэглэн зөрчиж, бусдад хүч хэрэглэж олон нийтийн амгалан тайван байдал алдагдуулсан гэмт хэргийн талаар мэдүүлгийн эх сурвалжаа зааж, тогтвортой мэдүүлсэн хохирогч Б.Мөнх-Эрдэнийн “...Бид машинд архи уугаад сууж байсан чинь Осоржав Гөлгөө ахыг “Гөөк” гэж дуудсан. Тэгсэн чинь Г ах Осоржавт “чи ингэж ярих болоогүй шүү надтай үеийн юм шиг харьцлаа” гэж уурлахад, Осоржав Гөлгөө ахаас уучлалт гуйсан...тэгээд үргэлжлүүлээд архи уусан би бүр тасарчихсан юу болсон талаар санахгүй болсон....Осоржав надад “Гөлгөн ах машины багажаар толгой руу чинь цохиод толгойг чинь хагалсан” гэж хэлсэн...” /хх 40-42, 52/ гэх,
Хохирогч Т.Осоржавын: “...Би Гөлгөөг “Гөөк” гээд хэлсэн чинь над руу “чи намайг арай Гөөк гэж дуудах болоогүй шүү” гээд уурлаад байсан тэгэхээр нь би “уучлаарай” гээд арай гайгүй болсон. Ингээд Гөлгөө архи уугаад нэлээн халамцуу болоод дахин над руу хандаж “чи намайг арай ингэж дуудах болоогүй” гээд над руу дайрч давшлаад байсан...Гөлгөө ах дахин уурлаж эргэж хараад миний дух руу гараараа цохисон тэр үед манай найз Мөнх-Эрдэнэ нь Гөлгөө ахад хандаж “та одоо боль доо, хүн цохих хэрэггүй” гэж хэлсэн чинь Гөлгөө ах Мөнх-Эрдэнэ рүү уурлаж машинаас буугаад дугуйн хажууд байсан түлхүүр багажнаас нэг түлхүүр аваад Мөнх-Эрдэнийн толгой руу хэд хэдэн удаа цохиод авсан...Миний толгой руу Гөлгөө ах хатуу зүйлээр цохисон...” /хх 44-51/ гэх,
Үйл баримт /факт/-ыг нүдээр үзсэн гэрч Б.Бямба-Эрдэнийн “...Осоржав, Мөнх-Эрдэнэ бид гурав миний машинтай Эрээн багаас хойшоо гараад 100-200 метрийн орчим зайд явж байтал миний машин цасанд суугаад бид нар зогсож байтал Гөлгөө, Хүрэлчулуун нар морьтой ирсэн. Ингээд миний машинд суугаад хамт архи ууж байхдаа Осоржав, Мөнх-Эрдэнэ бид нар Гөлгөөгийн нэрийг товчлоод “Гөөгий” гэж яриад сууж байтал Гөлгөө гэнэт Мөнх-Эрдэнэ рүү хандаж “та нар намайг Гөөгий гэж дуудах болоогүй шүү” гээд уурласан...Мөнх-Эрдэнэ босож ирээд Гөлгөөгийн мөр хэсэг рүү нэг удаа гараараа цохисон. Тэгэхэд Гөлгөө уурлаад машины голын хайрцаг дотор байсан 3 ширхэг боолт тайлдаг түлхүүрийг аваад эргэж Мөнх-Эрдэнийн толгой руу 2-3 удаа цохисон. Тэгэхэд Мөнх-Эрдэнийн толгой хагарч цус гарсан... Осоржавын толгой руу нөгөө 3 ширхэг түлхүүрээр цохисон, тэгэхэд Осоржавын толгой хагарсан...Тэгээд Гөлгөө бид нарт хандаж “та нар зугтаад үзээрэй, хэрэв зугтах юм бол бүгдийг чинь ална шүү” гэж хэлсэн...” /хх 85-87/ гэх,
Гэрч Б.Мөнхболдын: “...2016 оны 11 сарын 27-28-нд шилжих шөнө шөнийн 03 цагийн үед Осоржав, Мөнх-Эрдэнэ ах нар гэрт цус нөж болсон бага зэрэг халамцуу орж ирсэн. Тухайн үед Мөнх-Эрдэнэ ахын хөмсөгний дээд хэсэгт язарсан, дагз хэсэгт язарсан шархтай байсан. Тэр үед Осоржав “Гөлгөө ах Мөнх-Эрдэнийн толгой руу төмрөөр 5-6 удаа цохисон” гэж хэлсэн...” /хх 83-84/ гэх,
Бяруу хулгайлсан гэмт хэргийн талаар хохирогч Г.Эрдэнэбаатарын: “...2018 оны 05 сарын 13-ны өдөр манай малыг хардаг Одхүү над руу яриад “танай нэг бяруу алга болчихлоо” гэж хэлсэн... Алтанцоожийнд очоод авчирсан гэх бярууг нь харсан чинь манай ухаа зүсмийн бяруу мөн байсан...Би өөрийн алдсан нүүр эрээн ухаа зүсмийн эр бяруугаа зүсээр нь Баяр гэх хүнээс хүлээж авсан...” /хх 55-58/ гэх,
Иргэний нэхэмжлэгч Т.Баярын: “...2016 оны 05 сарын дунд үеэр Отгонжаргал над руу залгаад “Гөлгөө бяруу зарна гэж байна” гэхэд нь би “үзэж хараад гайгүй бол худалдаж ав” гэж хэлсэн. Тэгээд Отгонжаргал Гөлгөөгөөс бяруу худалдаж аваад Балжин гэх хүний малд тавьсан байгаа, би зүсийг нь хараагүй...” /хх 62-63/ гэх,
Гэрч Ц.Одхүүгийн: “...2016 оны 05 сарын 12-ны өдөр шиг санаж байна үхрээ бүртгэж үзэхэд Эрдэнэбаатарын 1 тооны эр бяруу байхгүй байсан...Алтанцоожийнд очиж бяруунуудыг харсан чинь Эрдэнэбаатар ахын ухаа зүсмийн бяруу яг зүсээрээ байж байсан. Тэгээд хэнээс худалдаж авсан талаар асуухад, манай хадам дүү Гөлгөө зарсан байсан...Манай малд Гөлгөөгийн мал огт байхгүй, миний хувьд Гөлгөөд өглөг, авлага гэх зүйл байхгүй...” /хх 79-80/ гэх мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлгүүд,
Хохирогч Б.Мөнх-Эрдэнэ, Т.Осоржав нарын эрүүл мэндэд хөнгөн хохирол үүссэн талаар дүгнэсэн шинжээчийн дүгнэлт /хх 92, 96/-үүд, Гэмт хэргийн талаархи гомдол, мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /хх 12, 18/, Эд мөрийн баримт хураан авах тогтоол, тэмдэглэл /хх 25-26/, Үхэр хураан авах тухай тогтоол, тэмдэглэл /хх 29-30/, Эд зүйл хүлээлгэж өгсөн тухай тэмдэглэл, гэрэл зураг /хх 31-32/, Эд мөрийн баримт хураан авах тухай Прокурорын тогтоол, тэмдэглэл /хх 33, 35, 36/, Эд зүйлийн үнэлгээ /хх 59-60/, Эмчийн үзлэгийн тодорхойлолт /хх 93, 97, 101-102/, Шинжээчийн дүгнэлт танилцуулсан тэмдэглэл /хх 94, 90, 103/ зэрэг болон хавтаст хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогдож байна гэж шүүх дүгнэлээ.
Шүүгдэгч М.Г-н үйлдсэн гэмт хэргийг шийдвэрлэхэд шаардлагатай нотлох баримт цугларч бүрдэл хангагдсан, мөрдөн шалгах ажиллагаа бүрэн хийгдсэн, тогтоол гаргахад ач холбогдолтой байж болох бүхий л байдлыг шалгаж тогтоожээ.
Хохирогч Б.Мөнх-Эрдэнийн эрүүл мэндэд учирсан “дух, дагзны шарх, зөөлөн эдийн няцрал, зүүн нүдний дээд доод зовхины цус хуралт, зөөлөн эдрийн няцрал, дух, баруун нүдний гадна доод хэсэг, зүүн нүдний гадна доод хэсгийн зулгаралт” бүхий хөнгөн хохирол, хохирогч Т.Осоржавын эрүүл мэндэд учирсан “дагзны шарх, зөөлийн эдийн няцрал, зүүн гарын алганы шарх” бүхий хөнгөн хохирол нь тус тус тэдгээрийг машины засварын түлхүүрээр цохисон шүүгдэгч М.Г-н үйлдэлтэй шууд шалтгаант холбоотой байна гэж үзлээ.
Энэ талаар дүгнэсэн шинжээчийн дүгнэлт нь хэргийн бодит байдалтай тохирсон, хэрэг явдлын гол үйл баримтыг тогтооход ач холбогдолтой, эргэлзээгүй байна. Мөн хэрэгт цугларсан бусад нотлох баримтуудыг хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлж авсан, тухайн хэрэгт харилцан хамааралтай байна гэж шүүх үнэлэв.
Харин Прокурорын газраас шүүгдэгч М.Г-г Ц.Хүрэлчулуунтай “...нийтийн хэв журмыг бүлэглэн зөрчиж...автомашины засварын түлхүүр, хутга, буу зэргийг зэвсгийн чанартай хэрэглэн” бусдад хүч хэрэглэж олон нийтийн амгалан тайван байдал алдагдуулсан 2016 оны 11 дүгээр сарын 27-ноос 28-нд шилжих шөнө үйлдэгдсэн гэмт хэргийг эрх зүйн байдлыг дээрдүүлсэн 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлээр зүйлчилж ирүүлсэн нь зөв байна.
Харин шүүгдэгч М.Г нь хохирогч Б.Мөнх-Эрдэнэ, Т.Осоржав нарт хүч хэрэглэхэд хэрэглэсэн “автомашины засварын түлхүүр” нь анхнаасаа тээврийн хэрэгслийн засварт зориулагдсан, хүний биед гэмтэл, эд хөрөнгөд хохирол учруулахаар тусгайлан бэлтгээгүй, засаж тохируулаагүй гэж үзэх тул “түлхүүр”-ийг зэвсгийн чанартай хэрэглэсэн гэж үзэх боломжгүй байна.
Түүнчлэн шүүгдэгч М.Г нь Ц.Хүрэлчулуунтай хутга, буу зэргийг зэвсгийн чанартай хэрэглэсэн гэх үйл баримт хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтаар тогтоогдохгүй байна гэж шүүх үзлээ. Тухайлбал, буу, хутгыг анхнаасаа ан гөрөө хийх зорилготой авч явсан талаар шүүгдэгч мэдүүлж байх ба хохирогч Б.Мөнх-Эрдэнийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Тэд нар надад буу, хутга тулгасан зүйл байхгүй...” /хх 40-41/ гэх, хохирогч Т.Осоржавын “...Би тэр чигээрээ гүйсээр Эрээн баг руу орж нэг айлын гадаа ирсэн чинь ар талд буун дуу гарсан. Эргээд харахад Хүрэлчулуун морьтой буу барьчихсан над руу буугаа чиглүүлээд “чи буцаад явахгүй бол буудна шүү” гэж айлгаж сүрдүүлсэн...” /хх 44-45/ гэх,
“...Хүрэлчулуун гэнэт над руу дайрч давшлаад, 10 жилд байхад танай ангийнхан намайг дээрлэхдэг байсан гэх мэтээр яриад гутлынхаа түрийнээс хутга гаргаж ирсэн...” /хх 47-48/ гэх, гэрч Б.Бямба-Эрдэнийн “...Хүрэлчулуун машины хаалгыг нь онгойлгоод гаднаас арын сандал дээр сууж байсан Осоржав руу хутгаа чиглүүлээд зогсож байсан...Тэр үед Гөлгөө Хүрэлчулууныг “боль чи” гээд хутгыг нь далд хийлгэсэн...Тэгтэл Осоржав урагшаа Эрээн рүү зугтаасан. Зугтаавал ална шүү гээд Хүрэлчулуун буу дуугаргасан...Тэгсэн чинь Гөлгөө уурлаад буугаа авсан...” /хх 53/ гэх мэдүүлгүүдээр шүүгдэгч М.Гөлгөөг хутга, буу зэрэг зэвсэг хэрэглэхэд Хүрэлчулуунтай санаа нэгдэж оролцсон гэж үзэх үндэсгүй байна. Өөрөөр хэлбэл, хутга, буу хэрэглэсэн Ц.Хүрэлчулууны үйлдлийг хориглосон үйл баримт хавтаст хэрэгт тогтоогдож байна гэж үзлээ.
Иймд шүүгдэгч М.Г-д холбогдох олон нийтийн амгалан тайван байдал алдагдуулах гэмт хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар зүйлчлэн ирүүлснийг мөн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэг болгон өөрчилж хөнгөрүүлэн зүйлчлэх нь зүйтэй гэж үзлээ.
Мөн шүүгдэгч М.Г-н бусдын нэг бяруу хулгайлсан хэрэг 2016 оны 05 сарын 08-ны өдөр үйлдэгдсэн байх ба Прокурорын газраас 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж ирүүлсэн нь буруу байна. Учир нь, 2015 оны Эрүүгийн хуульд энэ төрлийн гэмт хэргийн хувьд эрх зүйн байдал дээрдээгүй, мөн шинээр эрүүгийн хуульд тусгасан гэмт хэргээр зүйлчлэл хийгдэхгүй гэж үзнэ.
Нөгөө талаар шүүгдэгч М.Г-н бусдын нэг бяруу хулгайлсан хэргийг 2002 оны эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, гэмт хэрэг үйлдсэнээс хойш 6 сар өнгөрсөн байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 72 дугаар зүйлийн 72.1 дэх хэсгийн 72.1.1-д зааснаар эрүүгийн хариуцлагаас чөлөөлж хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж үзлээ.
Шүүгдэгч М.Г-н бусдын бярууг нууц, далд аргаар, шунахайн сэдэлтээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авч өөрийн өмчийн адил захиран зарцуулсан шууд санаатайгаар 400000 төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол учруулсан нь 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг, мөн нийтийн хэв журмыг Ц.Хүрэлчулуунтай бүлэглэн зөрчиж хохирогч Б.Мөнх-Эрдэнэ, Т.Осоржав нарт хүч хэрэглэж, шөнийн цагаар олон нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулсан нь 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байна.
Иймд шүүгдэгч М.Г-г бусдын эд хөрөнгийг хулгайлсны улмаас бага бус хэмжээний хохирол учруулсан, нийтийн хэв журмыг бүлэглэн зөрчиж бусдад хүч хэрэглэж, олон нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулсан гэмт хэрэгт тус тус гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ.
Хэрэгт шүүгдэгчид оногдуулах эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.
Энэ хэрэгт шүүгдэгч нь 72 /далан хоёр/ хоног цагдан хоригдсон, хохирогч нарт төлөх төлбөргүй, эд хөрөнгө битүүмжлэгдэж ирээгүй болохыг тус тус дурдаж, тогтоол хүчин төгөлдөр болмогц эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн машины засварын 3 ширхэг түлхүүрийг устгаж, баримт бичгээр ирүүлсэн шүүгдэгч М.Г ....................... регистрийн дугаартай иргэний үнэмлэхийн лавлагааг Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын Цагдан хорих байранд нэн даруй хүргүүлбэл зохино.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.2, 36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 37.1 дүгээр зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Дорнод аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Боржгон овогт М.Г-д холбогдох эрүүгийн хэргийг Монгол Улсын 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, мөн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар тус тус зүйлчилж ирүүлснийг, 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.1 дэх хэсэг, 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэг болгон тус тус өөрчилж хөнгөрүүлэн зүйлчилсүгэй.
2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Боржгон овогт М.Г-г бусдын эд хөрөнгийг хулгайлсны улмаас бага бус хэмжээний хохирол учруулсан, нийтийн хэв журмыг бүлэглэн зөрчиж бусдад хүч хэрэглэж, олон нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулсан гэмт хэрэгт тус тус гэм буруутайд тооцсугай.
3. Шүүгдэгч М.Г-д холбогдох 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг мөн хуулийн ерөнхий ангийн 72 дугаар зүйлийн 72.1 дэх хэсгийн 72.1.1-д зааснаар хэрэгсэхгүй болгосугай.
4. 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Г-г 1 /нэг/ жил хорих ялаар шийтгэсүгэй.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Г-д оногдуулсан 1 /нэг/ жил хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Г-н цагдан хоригдсон 72 /далан хоёр/ хоногийг эдлэх ялын хугацаанд оруулан тооцсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-д зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн автомашины засварын 3 ширхэг түлхүүрийг тогтоол хүчин төгөлдөр болмогц устгаж, эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, шүүгдэгч нь хохирогч нарт төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж, баримт бичгээр хураагдаж ирсэн шүүгдэгчийн ............. регистрийн дугаартай иргэний үнэмлэхийн лавлагааг Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын Цагдан хорих байранд нэн дурай хүргүүлсүгэй.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч М.Г-д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг үргэлжлүүлж, түүний эдлэх ялыг 2018 оны 07 сарын 22-ны өдрөөс эхлэн тоолсугай.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, түүний өмгөөлөгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч /иргэний нэхэмжлэгч зөвхөн иргэний нэхэмжлэлтэй хэсэгт/ нар тогтоолыг гардан авсан буюу энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.
10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ Ү.ОДГЭРЭЛ