Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 11 сарын 22 өдөр

Дугаар 210/МА2021/01679

 

 

 

 

 

2021 оны 11 сарын 22 өдөр

Дугаар 210/МА2021/01679

 

 

 

В ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Цогтсайхан даргалж, шүүгч Э.Золзаяа, Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 08 дугаар сарын 24-ний өдрийн 183/ШШ2021/01797 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч В ХХК-ийн хариуцагч Я.Мд холбогдуулан гаргасан зээлийн гэрээний үүрэгт 195 845 322 төгрөг гаргуулах үндсэн, 2014 оны 09 дүгээр сарын 24-ний өдрийн зээлийн гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулж, 43 965 600 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг зохигчийн гаргасан гомдлыг үндэслэн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Б, Н.А, хариуцагчийн өмгөөлөгч Д.Д, нарийн бичгийн дарга Т.Болдсайхан нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартЯ.Мтой 2014 оны 09 дүгээр сарын 24-ний өдөр зээлийн болон барьцааны гэрээ байгуулан 100 000 000 төгрөгийг 4 хувийн хүүтэй, 3 сарын хугацаатай зээлдүүлсэн. Зээлийн гэрээний 4.4-т зааснаар гэрээний үндсэн хугацаа дууссан тохиолдолд гэрээ хугацаагүйгээр сунгагдсан гэж үзэх тул үндсэн болон нэмэгдүүлсэн хүүг нэхэмжлэл гаргасан өдрийг хүртэл тооцсон. Зээлийн гэрээнд заасны дагуу төлөгдөөгүй хүү 142 065 600 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 28 413 120 төгрөг, үндсэн зээл 100 000 000 төгрөг, нийт 270 478 720 төгрөг гаргуулахаар нэхэмжилсэн боловч нэхэмжлэлийн шаардлагаа багасгаж, үндсэн зээл 99 036 076 төгрөг, хүү 80 674 372 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 16 134 874 төгрөг, нийт 195 845 322 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилж байна. Барьцааны гэрээг улсын бүртгэлд бүртгүүлээгүй. Хариуцагч тал зээлийн гэрээний үүрэгт 143 098 300 төгрөг төлсөн гэв.

Хариуцагчийн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: В ХХК-тай 2014 оны 09 дүгээр сарын 24-ний өдөр зээлийн болон барьцааны гэрээ байгуулсан. Зээлийг дансаар хүлээн авах хуулийн зохицуулалтын дагуу дансаар авах хүсэлтэй байсан боловч банк бусын нэр дээр гэрээ байгуулж байгаа боловч данс тооцоонд орохгүй, хувиараа өгч байгаа гээд 100 000 000 төгрөгийг бэлнээр өгсөн. Хариуцагч тал зээл, зээлийн хүүд нийт 143 965 600 төгрөг төлсөн. Тодруулбал, Хаан банкны 5084291370 тоот дансанд 2014 оны 10 сарын 24-ний өдөр 4 000 000 төгрөг, 2014 оны 11 сарын 24-ний өдөр 4 000 000 төгрөг, 2014 оны 12 сарын 30-ны өдөр 4 000 000 төгрөг, 2015 оны 03 сарын 07-ны өдөр 3 000 000 төгрөг, 2015 оны 3 сарын 07-ны өдөр 2 000 000 төгрөг, 2015 оны 3 сарын 24-ний өдөр 4 000 000 төгрөг, 2015 оны 4 сарын 30-ны өдөр 4 933 300 төгрөг, 2015 оны 6 сарын 02-ны өдөр 4 000 000 төгрөг, 2015 оны 7 сарын 01-ний өдөр 4 133 000 төгрөг, 2015 оны 7 сарын 31-ний өдөр 4 000 000 төгрөг, 2015 оны 8 сарын 31-ний өдөр 4 133 000 төгрөг, 2015 оны 9 сарын 30-ны өдөр 4 133 000 төгрөг, 2015 оны 10 сарын 30-ны өдөр 4 000 000 төгрөг, 2015 оны 11 сарын 10-ны өдөр 500 000 төгрөг, 2015 оны 12 сарын 02-ны өдөр 3 133 300 төгрөг, 2015 оны 12 сарын 07-ны өдөр 1 000 000 төгрөг, 2018 оны 6 сарын 26-ны өдөр 50 000 000 төгрөг, 2018 оны 7 сарын 24-ний өдөр 10 000 000 төгрөг, 2018 оны 8 сарын 22-ны өдөр 10 000 000 төгрөг, 2019 оны 6 сарын 26-ны өдөр 10 000 000 төгрөг, 2019 оны 8 сарын 22-ны өдөр 5 000 000 төгрөг төлсөн. 2015 оны 01 сарын 24-ний өдөр 4 000 000 төгрөгийг бэлнээр төлсөн. Зээлийн гэрээ нь анхнаасаа дүр үзүүлэн, өөр хэлцлийг халхавчлах зорилгоор, хууль бус аргаар хийсэн хүчин төгөлдөр бус хэлцэл байсан бөгөөд банк бус санхүүгийн байгууллагаас зээл олгож байгаа мэтээр хувь хүн зээл олгож, ашиг олсон байдаг. Зээлийн гэрээний 6 дугаар зүйлийн 6.2.4-т зааснаар зээлийн төлбөрийг гүйцэтгэж байсан данс нь Л.Эрдэнэбилэг гэж хүний данс юм. Зээлийн гэрээг 2015 оны сүүлээр дуусгавар болгож, зөвхөн үндсэн зээлийг төлөхөөр харилцан тохиролцсоны дагуу 2018-2019 онуудад зээлийн үндсэн төлбөрөөс 15 000 000 төгрөгийн үлдэгдэлтэй гэж тооцсон. Банк бус санхүүгийн байгууллагын нэр дээр зээл олгосон гэж үзвэл гэрээний хугацаа 2015 онд дуусгавар болсон нь санхүүгийн тайлангаар нотлогдоно. 15 000 000 төгрөгийн үлдэгдэлтэй. Зээлийн гэрээний дагуу 2016 он хүртэл хүү төлж байгаад 2018-2019 онуудад үндсэн зээлийн 100 000 000 төгрөгөөс 85 000 000 төгрөгийг төлсөн гэжээ.

 

 Хариуцагч Я.Мын шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэл болон тайлбарт: 2014 оны 9 дүгээр сарын 24-ний өдрийн зээлийн болон барьцааны гэрээгээр 100 000 000 төгрөгийг 3 сарын хугацаатай, сарын 4 хувийн хүүтэй гэж тохиролцсон. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 20 дугаар зүйлийн 1-т заасан журмын дагуу зээл олгогдоогүй. Тодруулбал, олгогдсон зээл нь зээлдүүлэгчид хадгалуулсан бусдын мөнгөн хөрөнгө биш, нэхэмжлэгчийн тайлан тооцоонд ороогүй мөнгөн хөрөнгө юм. Мөн Банк, Эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 2, 4 дэх хэсэгт зааснаар зээлийн дансанд гүйлгээ хийгдээгүй. Зээлийн данс нээгдээгүй, зээл хуульд заасан журмын дагуу олгогдоогүй болох нь зээлийн төлбөр төлөх данс нь байгууллагын болон захирлын данс биш байснаар нотлогдоно. Нэгэнт хуульд зааснаар зээл олгогдоогүй тул хүү төлөх үүрэг хүлээхгүй. Зээлийн гэрээний дагуу 43 965 600 төгрөгийг илүү төлсөн гэж үзэж байна. Иймд хуульд заасан журмыг зөрчиж дүр үзүүлэн байгуулагдсан зээлийн гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцож, илүү төлсөн 43 965 600 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 Нэхэмжлэгч В ХХК-ийн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: Л.Эрдэнэбилэгийн дансаар мөнгөө аваагүй. Уг дансыг захирал Эрдэнэчимэг хамтран эзэмшдэг. 143 098 300 төгрөгийг дансаар буцаан төлсөн нь харагдана, зээлийн мөнгийг бэлнээр олгосон баримт хэрэгт байгаа. Иргэний хуулийн 221 дүгээр зүйлийн 221 дүгээр зүйлийн 221.2 дахь хэсэгт зааснаар өөр этгээдэд мөнгө шилжүүлснийг манайх хүлээн зөвшөөрч төлсөн төлөлтийг хассан. Иймээс сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 Шүүх: Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт зааснаар Я.Моос 27 440 000 төгрөг гаргуулан В ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 168 405 322 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагчийн 2014 оны 9 дүгээр сарын 24-ний өдрийн зээлийн гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулж, 43 965 600 төгрөг буцаан гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1 510 343 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 295 150 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож, сөрөг нэхэмжлэлийн шаардлагад хариуцагчийн төлсөн 1 035 729 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдолд: Хариуцагчтай зөвхөн үндсэн зээлийг төлөх талаар харилцан тохиролцоогүй. 2016 оноос хойш зээл төлж барагдуулахыг удаа дараа шаардаж байсан бөгөөд зээлийг төлж барагдуулах нөхцөл боломжоор хангасан. Хариуцагч тал зээлийн гэрээг 2015 оны эцсээр дуусгавар болгож зөвхөн үндсэн зээлийг төлөхөөр харилцан тохиролцсоны дагуу 2018-2019 онд зээлийн үндсэн төлбөрийг төлж байсан гэж тайлбарладаг нь баримтгүй. 2019 оны 06 дугаар сарын 26-ны өдрөөс 2020 оны 08 дугаар сарын 27-ны өдрийг хүртэлх хугацаанд өндөр дүнгээр зээлийн хуримтлагдсан хүүг төлснийг өөрт ашигтай байдлаар тайлбарласан. Шүүхээс өндөр дүнгээр төлсөн гэж үзэж байгаа цаг хугацаанд үндсэн зээл 99 038 076 төгрөг, хүү, нэмэгдүүлсэн хүүд нийт 145 986 225 төгрөг хуримтлагдсан. Нэхэмжлэгч тухайн үед удаа дараа зээлийг төлөхийг шахаж шаардсаны үндсэн дээр зээлийн хүүг төлж барагдуулсныг анхан шатны шүүх анхаараагүй.

Анхан шатны шүүх хариуцагч зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүйгээс шалтгаалан хүү болон нэмэгдүүлсэн хүү хуримтлагдсан байхад зээлдэгчийн төлсөн төлбөрөөс хариуцагчийн өмгөөлөгчийн нотлох баримтгүй, аман тайлбарыг үндэслэж зарим хэсгийг үндсэн зээлээс хасаж зарим хэсгийг хуримтлагдсан хүүгээс хасаж тооцон, хамгийн сүүлд төлөлт хийгдсэн 2019 оны 06 дугаар сарын 26-ны өдрөөс нэхэмжлэл гаргах 2020 оны 08 дугаар сарын 27-ны өдрийг хүртэлх хугацааны 14 сарын хүүг хуулийн ямар үндэслэлийг баримтлан тооцоолсныг тайлбарлаагүй. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ.

Хариуцагчийн өмгөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдолд: Анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагаас 27 440 000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгуулахаар шийдвэрлэсэн хэсгийг эс зөвшөөрч байна. Хариуцагч нь анхнаасаа зээлийн үлдэгдэл 15 000 000 төгрөг байгааг хүлээн зөвшөөрч энэхүү дүнг төлөхөд бэлэн байгаагаа байнга илэрхийлдэг боловч нэхэмжлэгч тал хүлээн зөвшөөрдөггүй тул шүүхээр эцэслэн шийдвэрлүүлэх хүсэлтэй байдаг. Анхан шатны шүүхээс "... хэргийн 138 дугаар талд авагдсан баримтаар 2015 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр гэрээг 6 сарын хугацаагаар сунгах хүсэлтийг зээлдэгч бичгээр гаргаж, гэрээний хугацааг 2015 оны 4 дүгээр сарын 30-ны өдөр хүртэл сунгахаар тохиролцсон байна ... гэж дүгнэн сунгагдсан гэрээний хугацаагаар зээлийн хүүг тооцон гаргасныг хүлээн зөвшөөрөхгүй байна. Мөн "... хамгийн сүүлийн төлөлт 2019 оны 06 дугаар сарын 26-ны өдрөөс нэхэмжлэл гаргах 2020 оны 08 дугаар сарын 27-ны өдрийг хүртэлх хугацааны 14 сарын 4 хувийн хүү нь ... гэж дүгнэн хүү тооцоолсныг хүлээн зөвшөөрөхгүй. Хариуцагчаас бичгээр гаргасан тайлбарт нэхэмжлэгчид төлсөн нийт төлбөрийг 143 965 600 төгрөг гэж тооцон гаргасан байдаг ба шүүх хуралдаанд нотлох баримт шинжлэн судлахад 142 965 600 төгрөг болох нь тогтоогдсон ба талууд энэ дүн дээр маргаагүй. Анх зээлийн гэрээг байгуулахдаа 3 сарын хугацаатай, 4 хувийн хүүтэй гэж тохиролцсон ба зээлийн хүүд 1 сарын 4 000 000 төгрөг, нийт 3 сарын 12 000 000 төгрөг, нэмэгдүүлсэн хүүд 2 400 000 төгрөг буюу хүү, нэмэгдүүлсэн хүүд 14 400 000 төгрөг, үндсэн зээл тооцоод нийт 114 400 000 төгрөг төлөхөөр байна. Үүнээс хариуцагчаас нэхэмжлэгчид төлсөн 142 965 600 төгрөгөөс хасахад 28 565 600 төгрөгийн илүү төлөлттэй. Талууд хэтэрсэн хугацааны хүү хэд байх талаар огт тохиролцоогүй, энэ талаар зээлийн гэрээнд тусгаагүй байх тул нэхэмжлэгч нь хэтэрсэн хугацааны хүү, нэмэгдүүлсэн хүү шаардах эрхгүй. Иймд Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 8 дугаар сарын 24-ны өдрийн 01797 дугаартай шийдвэрт нэмэлт, өөрчлөлт оруулж 27 440 000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгон сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас 28 565 600 төгрөгийг ханган шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Шүүх талуудын хоорондын маргааныг шийдвэрлэхдээ хэргийн үйл баримтын талаар үндэслэл бүхий дүгнэлт хийж, нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, үнэн зөв эргэлзээгүй талаас нь үнэлж, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.

Нэхэмжлэгч Ворлд голд ББСБ ХХК нь хариуцагч Я.Мд холбогдуулан 2014 оны 09 дүгээр сарын 24-ний өдрийн зээлийн гэрээний үүрэгт 195 845 322 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, 2014 оны 9 дүгээр сарын 24-ний өдрийн зээлийн гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцож, илүү төлсөн 43 965 600 төгрөгийг буцаан гаргуулах тухай сөрөг нэхэмжлэл гаргаж, маргажээ.

Хариуцагч Я.М нь дээрх гэрээний дагуу нийт 142 965 600 төгрөгийг төлсөн бөгөөд талууд уг үйл баримтын талаар маргаагүй байна. Анхан шатны шүүх хэрэгт авагдсан баримтаас зээл төлөв гэсэн зориулалтаар шилжүүлсэн төлбөрийг хасч хариуцагчийн хүлээн зөвшөөрсөн мөнгөн дүнгийн хэмжээгээр нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2, 37 дугаар зүйлийн 37.1 дэх хэсэгт нийцжээ.

2021 оны 09 дүгээр сарын 24-ний өдөр талуудын хооронд байгуулагдсан зээлийн гэрээ 3 сарын хугацаатай байгуулжээ. Хэргийн 138 дугаар талд хариуцагч Я.Мын бичсэн ...2014 оны 09 дүгээр сарын 24-ний өдөр авсан зээлийн хугацааг 2015 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр хүртэл 6 сарын хугацаагаар сунгаж өгнө үү гэсэн агуулга бүхий хүсэлт, уг баримтад зээлдүүлэгчийн төлөөлөгчийн зүгээс зээлийн гэрээний хугацааг хугацаагүйгээр сунгахыг зөвшөөрөв гэх бичилт бүхий баримт авагджээ.

Зээлдэгчийн зүгээс гэрээний хугацааг 6 сараар сунгах хүсэлт буюу Иргэний хуулийн 195 дугаар зүйлийн 195.1 дэх хэсэгт зааснаар өөрчлөлт оруулах санал гаргасан боловч нэхэмжлэгч буюу зээлдүүлэгчийн зүгээс хугацаагүйгээр сунгах гэж бичсэн байна. Энэ тохиолдолд адил нөхцөлөөр зөвшөөрсөн хариу бус харин Иргэний хуулийн 195 дугаар зүйлийн 195.6 дахь хэсэгт заасны дагуу шинэ санал юм. Уг хүсэл зоригийн илэрхийлэл болох санал зээлдэгчид хүргэгдсэн, нөгөө тал буюу зээлдэгч зөвшөөрсөн гэх баримт хэрэгт байхгүй байна.

Иргэний хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.1-т талууд хүсэл зоригоо илэрхийлсэн баримт бичиг үйлдэж, гарын үсэг зурснаар бичгээр хэлцэл хийсэн гэж үзнэ гэж заасан. Гэтэл дээр дурьдсан гэрээг хугацаагүйгээр сунгах талаар талууд хүсэл зориг нийлж, хэлцэл хийгдсэн гэх үйл баримт тогтоогдоогүй тул гэрээний хугацааг анх байгуулагдсан хугацаагаар тооцсон анхан шатны шүүхийн дүгнэлт зөв байна.

Хариуцагч Я.М нь 2021 оны 09 дүгээр сарын 24-ний өдөр байгуулагдсан зээлийн гэрээг хүчин төгөлдөр буст тооцуулах тухай сөрөг нэхэмжлэл гаргасан бөгөөд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт заасныг баримталж гэрээг хүчин төгөлдөр бус гэж үзэх үндэслэлгүй байна. Хариуцагч Я.М нь уг мөнгөн хөрөнгийг хүлээн авсан үйл баримт түүний тайлбараар тогтоогдсон бөгөөд дансаар шилжүүлээгүй нь гэрээг хүчин төгөлдөр бус гэж үзэж Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 56.1.2-т заасан үндэслэлд хамаарахгүй.

Анхан шатны шүүх үндсэн зээлийн үлдэгдэлд 20 000 000 төгрөг, зээлийн хүүд 6 200 000 төгрөг, нэмэгдүүлсэн хүүд 1 240 000 төгрөг, нийт 27 440 000 төгрөгийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэсэн нь үндэслэлтэй. Иймд хариуцагчийн зүгээс зээлийн гэрээний үүргийг хүлээн зөвшөөрч төлсөн мөнгөөр нэхэмжлэгчийг үндэслэлгүй хөрөнгөжсөн гэж үзэхгүй.

Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, зохигчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн үзэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 08 дугаар сарын 24-ний өдрийн 183/ШШ2021/01797 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, зохигчдын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчийн төлсөн 1 000 000 төгрөг, хариуцагчийн төлсөн 599 000 төгрөгийг тус тус улсын орлогод үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дах хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.ЦОГТСАЙХАН

ШҮҮГЧ Э.ЗОЛЗАЯА

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ж.ОЮУНТУНГАЛАГ