| Шүүх | Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дашдорж Мөнхөө |
| Хэргийн индекс | 2406015933451 |
| Дугаар | 2025/ДШМ/448 |
| Огноо | 2025-04-17 |
| Зүйл хэсэг | 17.2.2., |
| Улсын яллагч | Г.Манилцэцэг |
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 04 сарын 17 өдөр
Дугаар 2025/ДШМ/448
2025 04 17 2025/ДШМ/448
У.Д, Б.О, Б.У
нарт холбогдох эрүүгийн хэргийн тухай
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн ерөнхий шүүгч Б.Зориг даргалж, шүүгч М.Алдар, шүүгч Д.Мөнхөө нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
прокурор Г.Манилцэцэг,
яллагдагч У.Д,
яллагдагч Б.У,
яллагдагч Б.О, түүний өмгөөлөгч Н.Нарантуяа
нарийн бичгийн дарга Б.Эрхэс нарыг оролцуулан,
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн 2025/ШЗ/1827 дугаар шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч прокурор Г.Манилцэцэгийн бичсэн 2025 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн 13 дугаартай эсэргүүцлээр У.Д, Б.У, Б.О нарт холбогдох эрүүгийн 2406015933451 дугаартай хэргийг 2025 оны 03 дугаар сарын 31-ний өдөр хүлээн авч, шүүгч Д.Мөнхөөгийн илтгэснээр хянан хэлэлцэв.
1. Б.О, 2002 оны 12 дугаар сарын 23-ны өдөр, Улаанбаатар хотод төрсөн, 22 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, авто механикч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 7, эх, ах, эгч, дүү нарын хамт 00 дүүргийн 00 дугаар хороо 0 тоотод оршин суух бүртгэлтэй /РД:00000000/,
2. Б.У, 2004 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр, Улаанбаатар хотод төрсөн, 20 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, 00 оюутан, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эмэг эх, ахын хамт 00 тоотод оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй, /РД:0000000/,
3. У.Д, 2004 оны 06 дугаар сарын 01-ний өдөр, Улаанбаатар хотод төрсөн, 20 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, засварчин мэргэжилтэй, “00” ХХК-д засварчин ажилтай, ам бүл 5, эмэг эх, ээж, эгч, дүүгийн хамт 00 тоотод оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй, /РД:00000000/,
Яллагдагч Б.О, Б.У, У.Д нар нь бүлэглэн, урьдчилан тохиролцож 2024 оны 03 дугаар сарын 10-ны өдөр Баянзүрх дүүргийн 29 дүгээр хорооны нутаг дэвсгэрт хохирогч С.Э-ийн амыг дарж унагаан, хохирогчийн биед баруун тохойд цус хуралт гэмтэл учруулж, хүч хэрэглэн, түүний эзэмшлийн Самсунг А34 5-Жи маркийн гар утсыг хууль бусаар авч, хохирогчид 739.960 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.
Баянзүрх дүүргийн прокурорын газраас: Б.О, Б.У нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар, У.Д-ий үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт тус тус зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх: Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1.4 дэх хэсэгт заасан “Эрүүгийн хуульд заасан яллагдагчид оногдуулах ялыг хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдал” нотолбол зохих байдлыг хуульчлан заасан ба тэдгээрийг зөвхөн хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, шүүх хуралдааны явцад нотолдог хэдий ч шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй тохиолдолд хэргийг прокурорт буцаах үндэслэл болдог. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлийн 8 дахь хэсэгт “шүүхийн хэлэлцүүлэг, шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримт шүүхийн шийдвэрийн үндэслэл болно” гэж заажээ. Шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгийн шүүх хуралдаанаар яллагдагч Б.О-ын мэдүүлэг, түүний өмгөөлөгч Н.Нарантуяагийн тайлбар, прокурорын тайлбар зэрэгт үндэслэвэл Б.О нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт тус тус заасан гэмт хэрэгт холбогдож эрүүгийн хэрэг нь 2024 оны 10 дугаар сарын 04-ний өдөр Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжиж ирсэн талаар мэдүүлсэн ба хэрхэн яаж шийдэгдсэн талаарх баримт хэрэгт авагдаагүй байна.
Тиймээс яллагдагч Б.О нарт холбогдох хэргийг хэрэв шүүх хянан шийдвэрлэвэл шүүхээс оногдуулсан ялуудыг хэрхэн нэмж нэгтгэх талаар ойлгомжгүй байдал үүсэхээр байна. Иймд яллагдагч Б.О, Б.У, У.Д нарт холбогдох хэрэгт нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа явуулж, яллагдагч Б.Оын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1,2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг нь шийдвэрлэгдсэн эсэх, шийдвэрлэсэн бол шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон эсэхийг тодруулах буюу хувийн байдлыг нь тогтоох ажиллагааг хийх нь зүйтэй” гэж дүгнэн хэргийг Баянзүрх дүүргийн прокурорын газарт буцааж, Б.О, Б.У, У.Д нарт урьд авсан таслан сэргийлэх арга хэмжээг хэргийг прокурорт очтол хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэжээ.
Прокурор Г.Манилцэцэг эсэргүүцэл болон дүгнэлтдээ: Эрүүгийн хуулийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “...Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ...” гэж заасан бөгөөд мөрдөн байцаалтын явцад яллагдагч Б.О, Б.У, У.Д нарын хувийг байдлыг тогтоох зорилгоор эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгахад эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй болох нь эрх бүхий байгууллагаас авсан лавлагаагаар тогтоогдсон байна.
Гэтэл шүүхийн шатанд яллагдагч Б.О болон түүний өмгөөлөгч нараас шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэгт гаргасан “ . Б.О нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдож эрүүгийн хэрэг нь 2024 оны 10 дугаар сарын 04-ний өдөр Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатын шүүхэд шилжсэн, тухайн хэргийн шүүх хуралдаан болоогүй байгаа” гэх тайлбарыг үндэслэн хэргийг прокурорт буцаасан нь хэргийн бодит байдалтай нийцээгүй буюу дүгнэлт нь шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтаар нотлогдоогүй гэж үзнэ. Учир нь мөрдөн байцаалтын явцад яллагдагч Б.О нь өөрт холбогдох бусад хэрэг байгаа талаар огт мэдүүлж байгаагүй, мөн яллагдагч Б.О-т холбогдуулан эрүүгийн хэрэг үүсгэсэн гэх нотлох баримт хэрэгт байхгүй болно.
Түүнчлэн яллагдагч Б.О-т холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1,2 дахь хэсэгт заасан гэмт хэргийг шүүхэд шилжүүлсэн, шүүхээс тухайн хэргийг эцэслэн шийдвэрлэсэн эсэх нь тодорхой бус байхад тухайн хэрэгт эрүүгийн хариуцлага хүлээсэн эсэх талаарх лавлагааг дахин гаргуулан авах мөрдөн шалгах ажиллагааг хийж гүйцэтгүүлэх үндэслэлээр хэргийг прокурорт буцаасан нь шүүхийн шийдвэр хууль ёсны үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 6 дахь хэсэг, 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар анхан шатны шүүхэд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь прокурорын яллах дүгнэлтэд заасан гэмт хэргийн хүрээнд явагдах хуулийн заалтыг зөрчиж, хэрэг хянан хэлэлцэх хэмжээ хязгаарыг хэтрүүлсэн гэж үзнэ. Прокурорын яллах дүгнэлтэд заасан гэмт хэргийн хувьд нотолбол зохих байдлыг шалгаж тогтоосон, яллагдагчийн хувийн байдлыг тогтоохтой холбоотой хуульд заасан ажиллагааг гүйцэтгэсэн, хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд гэм буруугийн асуудлыг шийдвэрлэх боломжтой, яллагдагчид холбогдох өөр хэргийг шүүх хянан шийдвэрлэсэн гэж үзэх нөхцөл байдал тогтоогдоогүй байхад “...хэрэг шийдвэрлэгдсэн эсэх, шийдвэрлэсэн бол шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон эсэхийг тодруулах” гэж таамаглал төдий үндэслэл зааж нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийлгэх үндэслэлээр хэргийг хэргийг прокурорт буцаасныг хүлээн авах хууль зүйн үндэслэлгүй юм.
Хэд хэдэн гэмт хэрэг үйлдсэн этгээд шүүхээр ял шийтгүүлэхийн өмнө өөр гэмт хэрэг үйлдсэн нь шүүхийн шийтгэх тогтоол гарсны дараа тогтоогдвол Эрүүгийн хуулийн 6.9 дүгээр зүйлд заасны дагуу хэд хэдэн шийтгэх тогтоолоор ял оногдуулах бөгөөд ял нэгтгэх ердийн журмыг хэрэгжүүлсэнд тооцогдох учиртай. Яллагдагчид холбогдох өөр хэрэг адил шатны шүүхэд хянагдаж байгаа бол хэргийг шүүх хянан шийдвэрлэхгүй байх зохицуулалт хуульд тусгагдаагүй болохыг дурдах нь зүйтэй байна. Иймд Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн 2025/ШЗ/1827 дугаартай шүүгчийн захирамжийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.3 дах заалтад заасан үндэслэлээр хүчингүй болгуулахаар эсэргүүцэл бичсэн. Эсэргүүцлээ дэмжиж байна. ...” гэв.
Яллагдагч У.Д, Б.У, Б.О нар тус шүүх хуралдаанд “Хэлэх тайлбаргүй” гэв.
Яллагдагч Б.Оын өмгөөлөгч Н.Нарантуяа тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Миний бие яллагдагч Б.О-ын өмгөөлөгчөөр ажиллаж байхдаа Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлд заасан гэмт хэрэгт холбогдсон талаар сүүлд мэдсэн. Шүүхийн шатанд өөр хэрэгт холбогдсон болох нь тогтоогдсон тул эрх зүйн байдлыг нь дордуулахгүй байх үүднээс хоёр хэргийг нь нэгтгүүлэх саналтай байна. Иймд шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж өгнө үү. ...” гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар прокурорын эсэргүүцэлд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хянаж үзэв.
Прокуророос Б.О, Б.У, У.Д нарыг бүлэглэн, урьдчилан тохиролцож 2024 оны 03 дугаар сарын 10-ны өдөр Баянзүрх дүүргийн 29 дүгээр хорооны нутаг дэвсгэрт хохирогч С.Э-ийн амыг дарж унагаан, хохирогчийн биед баруун тохойд цус хуралт гэмтэл учруулж, хүч хэрэглэн, түүний эзэмшлийн Самсунг А34 5-Жи маркийн гар утсыг хууль бусаар авч, хохирогчид 739.960 төгрөгийн хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэн эсэхийг тогтоолгож, эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр Б.О, Б.У нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар, У.Д-ий үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт тус тус зааснаар яллагдагчаар татан яллах дүгнэлт үйлдаж хэргийн шүүхэд шилжүүлжээ.
Шүүх хэргийг хүлээн авч шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд “....яллагдагч Б.О нарт холбогдох хэргийг хэрэв шүүх хянан шийдвэрлэвэл шүүхээс оногдуулсан ялуудыг хэрхэн нэмж нэгтгэх талаар ойлгомжгүй байдал үүсэхээр байна. Иймд хэрэгт нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа явуулж, яллагдагч Б.О-ын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг нь шийдвэрлэгдсэн эсэх, шийдвэрлэсэн бол шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон эсэхийг тодруулах буюу хувийн байдлыг нь тогтоох ажиллагааг хийх нь зүйтэй” гэсэн агуулга бүхий дүгнэлт хийж, нэмэлт ажиллагаа хийлгэхээр прокурорт буцаажээ.
Шүүгчийн захирамжид дурдсан үндэслэлээр мөрдөн шалгах ажиллагаа зайлшгүй хийх үндэслэл тогтоогдсонгүй.
Тодруулбал, яллагдагч Б.О-ын энэ хэргээс тусдаа үйлдсэн гэх Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн мөрдөн шалгалтын үе шат хэрхэн явагдаж байгаа эсэх, эсхүл шүүх тухайн хэргийг эцэслэн шийдвэрлэсэн эсэхийг дүгнэх боломжгүй, энэ талаар дүгнэлт хийхэд ач холбогдолтой, хамааралтай ямар нэгэн баримт хэрэгт авагдаагүй байна.
Өөрөөр хэлбэл, яллагдагч Б.О-ын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн талаарх баримтат мэдээллийг цуглуулах, шалгах, үнэлж үзсэний дараагаар яллагдагчийн хувьд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлд заасны журмыг хэрэглэх үндэслэл байгаа эсэхэд эрх зүйн дүгнэлт өгч хэргийн талаар хууль ёсны шийдвэр гаргах нөхцөл бүрдэнэ.
Түүнчлэн, яллагдагч Б.О-т холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн өөр бүлэг, зүйлд заасан гэмт хэргийг тус тусад нь хянан шийдвэрлэхэд яллагдагч, шүүгдэгчийн эрх зүйн байдал дордох, шүүхийн шийдвэр биелэгдэхгүй орхигдох үр дагавар үүсэх хууль зүйн үндэслэлгүй тул яллагдагч Б.О-ын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт хэргийг энэ хэрэгт нэгтгэж шалгуулах шаардлагагүй бөгөөд хэрэв шүүгдэгч оногдуулсан ялыг эдэлж дуусахаас өмнө эсхүл шүүхээр ял шийтгүүлэхийн өмнө өөр гэмт хэрэг үйлдсэн нь шүүхийн шийтгэх тогтоол гарсны дараа тогтоогдвол Эрүүгийн хуулийн 6.9 дүгээр зүйлд заасны дагуу оногдуулсан ялуудыг нэгтгэж, нийт эдлэх ялын төрөл, хэмжээг тогтооно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэж зааснаар анхан шатны шүүх прокурорын үйлдсэн яллах дүгнэлт болон хавтаст хэрэгт бүрдсэн хэргийн хэмжээнд үйл баримтыг дүгнэж, яллагдагч У.Д, Б.О, Б.У нарын гэм буруутай эсэхийг хэрэгт авагдсан нотлох баримтуудыг харьцуулан шинжлэн судлах, бусад нотлох баримттай харьцуулах, шүүх хуралдаанд хэрэгт хамааралтай, шаардлагатай оролцогч нарыг оролцуулах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэж зааснаар шийдвэрлэх нь зүйтэй байна.
Хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлахад, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан нөхцөл байдал тогтоогдохгүй байна.
Иймд дээрх үндэслэлийн хүрээнд яллагдагч У.Д, Б.О, Б.У нарт холбогдох хэргийг прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд хэлэлцэн шийдвэрлэх боломжтой гэж давж заалдах шатны шүүх дүгнээд прокурорын эсэргүүцлийг хүлээн авч, шүүгчийн захирамжийг хүчингүй болгож шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн 2025/ШЗ/1827 дугаар шүүгчийн захирамжийг хүчингүй болгосугай.
2. Прокурор Г.Манилцэцэгийн бичсэн 2025 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн 13 дугаар эсэргүүцлийг бүхэлд нь хангаж, яллагдагч У.Д, Б.О, Б.У нарт урьд авсан “хувийн баталгаа гаргах” таслан сэргийлэх арга хэмжээг анхан шатны шүүхэд хэрэг очтол хэвээр үргэлжлүүлсүгэй.
3. Шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар оролцогч гомдол гаргах, прокурор эсхүл дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ,
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.ЗОРИГ
ШҮҮГЧ М.АЛДАР
ШҮҮГЧ Д.МӨНХӨӨ