Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 05 сарын 10 өдөр

Дугаар 221/МА2018/0275

 

 

2018 оны 05 сарын 10 өдөр

Дугаар 221/МА2018/0275

Улаанбаатар хот

 

 

Д.У-гийн нэхэмжлэлтэй

   захиргааны хэргийн тухай

 

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Батбаатар даргалж, шүүгч Г.Билгүүн, Ц.Сайхантуяа нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Өнө-Эрдэнэ, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Я.Д, нэхэмжлэгчийн өмгөөлөгч В.Э нарыг оролцуулан, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн 128/ШШ2018/0127 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдлоор, Д.У-гийн нэхэмжлэлтэй, Нийслэлийн Засаг дарга, Нийслэлийн Газрын албанд холбогдох захиргааны хэргийг шүүгч Ц.Сайхантуяагийн илтгэснээр хянан хэлэлцээд

ТОДОРХОЙЛОХ нь:

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн 128/ШШ2018/0127 дугаар шийдвэрээр: “...Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1, 27.4-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Д.У-гийн “Нийслэлийн Засаг даргын 2011 оны 6 дугаар сарын 21-ний өдрийн 494 дүгээр захирамжийн иргэн Б.Э-т холбогдох хэсгээс 170 м.кв газар эзэмших эрхийг шилжүүлэхтэй холбогдох захиргааны актын 62 м.кв-д хамаарах хэсгийг хүчингүй болгуулах, Нийслэлийн Газрын албанаас иргэн н.Д-н эзэмшил газрын хэмжээг тодорхойлох болон түүний газар эзэмших эрхийг иргэн Д.О-д шилжүүлэхдээ уг газарт 1 газарт нэгж талбарын 2 өөр дугаар давхардуулан олгосон, н.Далайн эзэмшлийн газрын кадастрын зургийг үйлдэхдээ уг нэгж талбар 6 эргэлтийн цэгтэй 170 м.кв газар мэтээр худлаа буюу алдаатай зурагласан, нэг эдлэн газарт 2-3 хэмжээ, дүрслэл бүхий кадастрын зураг үйлдсэн, захиргааны акт буюу үйлдэлүүд хууль бус болохыг тогтоолгох” тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож” шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Я.Д, өмгөөлөгч В.Э нар давж заалдах гомдолдоо: “...Хайнгадуу хандлагын илрэл нь шүүхийн шийдвэрт хүний нэрийг буруу бичсэнээр илрэх бөгөөд уг алдааг ойлголцож болох, залруулж болох ташаарал гэж харж байна. Шүүхийн шийдвэрт Нийслэлийн Засаг даргын 2004 оны 4 дүгээр сарын 26-ны өдрийн 185 дугаар захирамжаар иргэн Б.Д-н нэр дээр маргаж буй 170 м.кв талбай бүр эхнээсээ олгогдсон байна гэдгийг хөдлөшгүй үнэн болгож цааш цаашдын үндэслэгээгээ гаргасан. Гэвч энэ шийдвэрийн үндэслэгээг үгүйсгэсэн олон баримт байгаа. Тухайлбал, Б.Д-н өөрийн гараар бичиж хотын захиргаанд өгсөн өргөдөл, 9*12 м.кв талбай бүхий кадастрын зураг, газрын кадастрын мэдээллийн сангийн 2006 оны зураг, оффисын барилгын зураг, 2004 оны Д.У-гийн үйлчилгээтэй орон сууцны тохижилтын хэсэгчилсэн төлөвлөлтийн зураг, Б.Далайн 2004 оны 185 дугаар захирамжийн хувийн хэрэг зэргээс Б.Д-д олгогдсон газрын хэмжээ яагаад ч 170 м.кв биш харин 108 м.кв байхаар харагдаж байна.

Нэхэмжлэгч тал орц, гарц хийж нийтийн зориулалтаар бидний 62 м.кв талбай иргэн Б.Д-гаас эхтэй одоо Б.Э гэгчийн 170 м.кв талбайтай давхцаж байна гэж маргаж байгаа. Монгол Улсын Үндсэн хуульд заасанчлан эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрх нь хангагдахад ядаж шаардлага хангасан орц, гарцын замтай, шаардлагатай үед гал команд, түргэн тусламжийн зэрэг тусгай үйлчилгээний машин, техник саадгүй нэвтрэх боломжтой, мод сөөг  тарьсан тохилог орчинтой байгаасай гэсэндээ хэсэгчлэн төлөвлөлтийн зураг хийлгэн батлуулж, хэрэгжүүлсэн. Гэтэл энэ орчны талбайгаас хэсэгчлэн өөр хүнд эзэмшүүлэхээр Д.Ун болон холбогдох бусад хүмүүсийн хууль ёсны эрх, ашиг олон талаар хөндөгдөж байгааг шүүгч шийдвэртээ нэхэмжлэгчийн эрх зөрчигдөөгүй байна гэж дүгнэсэнд харамсаж байна.

Анхан шатны шүүхийн зүгээс иргэн Б.Д-н хүсэлт, газрын агентлагийн газрын хэмжээг 108 м.кв гэж улсын бүртгэлд бүртгүүлсэн нотлох баримтуудтай зөрчилдөөн бүхий нөхцөл байдалд байгаа санаатайгаар удаа дараа засварласан дээрх кадастрын зургуудтай холбогдох хууль бус байдлыг “Б.Э-ийн эзэмшил газар нь иргэн Д.У-гийн эзэмшил газартай давхцаагүй тул нэхэмжлэгчийн эрх зөрчигдөөгүй” гэж дүгнэсэн нь алдаатай болсон.

Иймд Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, Д.У-гийн 2013 гаргасан нэхэмжлэл, 2017 онд нэмэгдүүлсэн шаардлагыг тус тус хангаж өгнө үү” гэв.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ нэхэмжлэлийн шаардлагыг гүйцэд тодруулаагүй, түүний зарим хэсэгт дүгнэлт өгөөгүйгээс шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болж чадаагүй байна.

Д.У Нийслэлийн Засаг даргад холбогдуулан “Нийслэлийн Засаг даргын 2008 оны 295 дугаар захирамжаар Н.О-д 170 м.кв талбай бүхий газар эзэмшүүлсэн заалтыг хүчингүй болгуулах” тухай нэхэмжлэлийг анхан шатны шүүхэд гаргасан бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа “1. Нийслэлийн Засаг даргын 2011 оны 6 дугаар сарын 21-ний өдрийн 494 дүгээр захирамжийн иргэн Б.Э-т холбогдох хэсгийн 62 м.кв талбайд хамаарах хэсгийг хүчингүйд тооцуулах, 2. Нийслэлийн Газрын албанаас Б.Д-н эзэмшил газрын хэмжээг тодорхойлох болон түүний газар эзэмших эрхийг иргэн Д.О-д шилжүүлэхдээ уг газарт А. 1 газарт нэгж талбарын 2 өөр дугаар давхардуулан олгосон, Б. Б.Д-н эзэмшлийн газрын Кадастрын зургийг үйлдэхдээ уг нэгж талбар нь 6 эргэлтийн цэгтэй 170 м.кв мэтээр худлаа буюу алдаатай зурагласан, В. Нэг эдлэн газарт 2-3 хэмжээ, дүрслэл бүхий кадастрын зураг үйлдсэн тул уг акт буюу үйлдэл нь хууль бус болохыг тогтоолгох” гэж нэмэгдүүлжээ.

Ийнхүү нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлэхдээ анх гаргасан нэхэмжлэлээ “Нийслэлийн Засаг даргын 2008 оны 295 дугаар захирамжаар Н.О-д 170 м.кв талбай бүхий газар эзэмшүүлсэн заалтын 62 м.кв талбайд холбогдох хэсгийг хууль бус болохыг тогтоолгох” гэж тодруулсан /багасгасан/ бөгөөд уг захиргааны хэргийг хянан шийдвэрлэсэн шүүх хуралдааны тэмдэглэлд даргалагчаас “нэмэгдүүлсэн шаардлагын хүрээнд биш эцсийн байдлаар нэхэмжлэлийн шаардлага тодруулна уу” гэж асуухад нэхэмжлэгчийн өмгөөлөгч “Б.Э холбогдох хэсгээс 170 м.кв газар эзэмших эрхийг шилжүүлэхтэй холбогдох захиргааны актын 62 м.кв газарт хамаарах хэсгийг хүчингүйд тооцуулах, Д.О-д газар шилжүүлсэн үйлдлийн мөн 62 м.кв талбайг нэмж шилжүүлсэн үйлдлийг хууль бус болохыг тогтоолгох, кадастрын зураг худлаа буюу алдаатай үйлдсэн захиргааны байгууллагын хууль бус үйлдлийг тогтоолгох” гэж хариулсан байна.

Гэтэл анхан шатны шүүх Д.У-гийн “Нийслэлийн Засаг даргын 2008 оны 295 дугаар захирамжаар Н.О-д 170 м.кв талбай бүхий газар эзэмшүүлсэн заалтын 62 м.кв талбайд холбогдох хэсгийг хууль бус болохыг тогтоолгох” гэж тодруулсан шаардлагад огт дүгнэлт хийлгүй, орхигдуулсны улмаас Нийслэлийн Засаг даргын 2008 оны 295 дугаар захирамжаар 170 м.кв газрын холбогдох хэсэг буюу 62 м.кв газрыг Н.Одхүүд эзэмшүүлсэн нь үндэслэлтэй эсэх нь тодорхойгүй үлджээ. 

Түүнчлэн зөрчигдсөн эрхээ сэргээлгэхийг хүсч шүүхэд хандаж байгаа нэхэмжлэгч нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 52 дугаар зүйлийн 52.2.4-т зааснаар нэхэмжлэлийн үндэслэл, шаардлагаа ямар нэгэн эргэлзээгүйгээр, биелэгдэх боломжтойгоор тодорхойлох учиртай, нэхэмжлэлийн шаардлага тодорхой бус байгаа тохиолдолд үүнийг тодруулах нь шүүхийн үүрэг бөгөөд нэхэмжлэгч анхан шатны шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ “...иргэн Б.Д-д 2004 оны 185 дугаар захирамжаар 108 м.кв газар олгохын оронд 170 м.кв олгосон бол уг захирамжийн холбогдох хэсгийг хүчингүй болгуулах” гэж дурдсан, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах шатны шүүх хуралдаанд “...нэхэмжлэгч үндсэн нэхэмжлэлдээ Б.Д-д 108 м.кв газрыг эзэмшүүлсэн болохыг тогтоолгох агуулгыг бичсэн байдаг...” гэж тайлбарлаж байгаа зэргээс үзвэл нэхэмжлэгч Нийслэлийн Засаг дарга 2004 оны 4 дүгээр сарын 26-ны өдөр Б.Д-д 170 м.кв газрыг үйлчилгээний зориулалтаар 5 жилийн хугацаатай эзэмшүүлэхээр шийдвэрлэсэн 185 дугаар захирамжийн холбогдох хэсэгтэй маргаж байгаа эсэхийг тодруулж, хэргийг нэг мөр шийдвэрлэх шаардлагатай байжээ.

Мөн хариуцагч Нийслэлийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс “нэхэмжлэгч шүүхэд нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацааг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хэтрүүлсэн” гэж маргаж байхад анхан шатны шүүх энэ талаар огт дүгнэлт өгөхгүйгээр хэргийг шийдвэрлэсэн нь учир дутагдалтай болсон байна.

Өөрөөр хэлбэл, Д.У анхан шатны шүүхэд 2013 оны 02 дугаар сарын 01-ний өдөр гаргасан нэхэмжлэлдээ “хотын захиргаанд энэ талаар гомдол гаргахад ... 2010 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 5/2994 дүгээр албан бичгээр хариу өгсөн боловч одоог хүртэл шийдсэнгүй” гэж дурдсан бөгөөд Нийслэлийн Газрын албаны 2010 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 5/2994 дүгээр албан бичигт “...Нийслэлийн Засаг даргын 2008 оны 295 дугаар захирамжаар Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт иргэн Н.О-д 170 м.кв газрыг үйлчилгээний зориулалтаар эзэмшүүлсэн. ...Харин таны эзэмшил газрыг хэмжээг нэмж баталгаажуулах, иргэн Н.О-гийн газар эзэмших эрхийг хүчингүй болгох асуудлыг Нийслэлийн Газрын алба, Барилга хот байгуулалт, төлөвлөлтийн газрын хамтарсан техникийн зөвлөлийн хурлаар хэлэлцүүлэн шийдвэрлэх болно” гэж дурдсаны дагуу гуравдагч этгээд Н.О-гийн газар эзэмших эрхийг хүчингүй болгуулах асуудлыг Нийслэлийн Газрын алба, Барилга хот байгуулалт, төлөвлөлтийн газрын хамтарсан техникийн зөвлөлийн хурлаар хэлэлцүүлсэн эсэх, нэхэмжлэгч уг асуудлаар хэзээ, хэрхэн хандаж байсан талаарх баримтыг цуглуулсны үндсэн дээр нэхэмжлэгч шүүхэд нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн эсэх талаар дүгнэлт өгөх шаардлагатай.

Дээрх үндэслэлүүдээр давж заалдах шатны шүүхээс хэрэгт авагдсан баримтын хүрээнд нэхэмжлэлийн үндэслэл, шаардлага, хэргийн нөхцөл байдалд дүгнэлт өгч, хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжгүй байх тул шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцааж шийдвэрлэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 121 дүгээр зүйлийн 121.1.4, 121.3.4, 121.3.7 дахь хэсгийг удирдлага болгон

ТОГТООХ нь:

  1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн 128/ШШ2018/0127 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцаасугай. 
  2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.3-д заасны дагуу нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж, нэхэмжлэгч Д.У-д олгосугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                             Д.БАТБААТАР

ШҮҮГЧ                                                                   Г.БИЛГҮҮН

ШҮҮГЧ                                                                   Ц.САЙХАНТУЯА