Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 11 сарын 16 өдөр

Дугаар 927

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Сарангэрэл даргалж, 2016 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр тус шүүхийн шүүх хуралдааны 5 дугаар танхимд хийсэн шүүх хуралдаанаар нэхэмжлэгч Т.Содбаярын нэхэмжлэлтэй, Нийслэлийн ерөнхий төлөвлөгөөний газарт холбогдох захиргааны хэргийг хянан хэлэлцэж энэхүү шүүхийн шийдвэрийг гаргав.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Т.Содбаяр, нэхэмжлэгчийн өмгөөлөгч П.Амгаланбаатар, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Цогтжаргал, гуравдагч этгээд Г.Жавхлантөгс, түүний өмгөөлөгч Р.Мэндсайхан, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Орхонтамир нар оролцов. 

ТОДОРХОЙЛОХ нь:

 1.Нэхэмжлэлийн шаардлагын агуулга: “Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлаж буй иргэн Г.Жавхлантөгсийн барилгад олгогдсон 2014 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн 467 дугаар “Архитектур төлөвлөлтийн даалгавар”, 2014 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн 400/2014 дугаар “Барилгын ажлыг эхлүүлэх, үргэлжлүүлэх зөвшөөрөл”-ийг хүчингүй болгож, орон сууцны 50 дугаар байрны ашиглалтын хэвийн байдлыг эргүүлэн оруулж, хангуулах шийдвэр гаргуулах” гэжээ.

Нэхэмжлэгч Нийслэлийн ерөнхий төлөвлөгөөний газарт холбогдуулан гаргасан нэхэмжлэлдээ: “... иргэн Г.Жавхлантөгс нь өөрийн хатгасан хашаа ч үгүй байтлаа 2014 оны 04 дүгээр сарын 24-ний өдрөөс барилгын ажлыг эхлүүлэхэд бидний, оршин суугчдын эрх ашиг зөрчигдөж эхэлсэн. Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас удаа дараа шалгалт хийж, улсын байцаагчийн эрх зүйн акт, бичгийг гаргаж, хүргүүлсэн юм. Үүнд: 

а. “Г.Жавхлантөгсийн барьж буй 15.0x31.0 метр хэмжээтэй, 12 давхар барилгын зүүн талд байрлах 50 дугаар байрны байршил нь баригдаж байгаа орон сууцнаас 17 метр зайтай байгаа нь БНбД 31-01-10-ын 1.6-г, НИТХ-ын 2014 оны 04 дүгээр сарын 10-ны 5/14 тогтоолын нэгдүгээр хавсралтын 8.1.16-г зөрчсөн байна” гээд “барилгын ажлыг түр зогсоох тухай” Мэргэжлийн хяналтын улсын байцаагчийн 2014 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн 02-07-84/178 дугаартай акт, 

б.Нийслэлийн ерөнхий төлөвлөгөөний газарт “57/2014 архитектур төлөвлөлтийн даалгаврыг хүчингүй болгох” 2014 оны 05 дугаар сарын 14-нд 02-07/1451 албан тоот, 

в. НЕТГ-т “24.0x12.8 метр хэмжээтэй орон сууцны 15 давхар Г.Жавхлантөгсийн барилга нь 50 дугаар байрнаас 15.2 метр зайтай, “Өгөөж хишиг” ХХК-ийн 63 айлын орон сууцны барилгаас 26.3 метр зайтай байгаа нь БНбД 31-01-10-ын 1.6, 1.7-д заасныг, НИТХ-ын 2014 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн 5/14 тогтоолын нэгдүгээр хавсралтын 8.1.16-д заасныг тус тус зөрчсөн, барилга хоорондын зай хэмжээний зөрчилтэй, “Хот тосгон төлөвлөлт, барилгажилтын норм ба дүрэм” БНбД 30.01.03-ын 2.8-т “Орон сууцны хорооллын эдэлбэр газарт хоёр зурвастай зам төлөвлөнө. Барилгын орцын орчинд замын өргөн 5.5 метрээс багагүй байна” гэсэн заалтуудыг тус тус зөрчсөн байна.

Иймд зураг төслийг дахин хянаж, зөрчлийг арилган 2014 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн 400/2014 дугаартай барилгын ажлыг эхлүүлэх, үргэлжлүүлэх зөвшөөрлийг хүчингүй болгож, 2014 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн 02-07-84/178 дугаартай Улсын байцаагчийн актын биелэлтийг хангуулж, 2014 оны 10 дугаар сарын 31-ний өдөр манай байгууллагад хариуг ирүүлэх" гэсэн 2014 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 02-07/3344 албан тоот,

г. НМХГ-аас “УБЦТС” ХК-д “...барилгын угсралтын жил үргэлжлэн явагдсаар байгаа тул барилгын цахилгаан эрчим хүчний хангамжийг, зөрчлийг арилгах хүртэл хугацаагаар хязгаарлахыг мэдэгдье”, 2014 оны 11 дүгээр сарын 20-ны 02-03/3616 албан тоот,

 д. Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын дарга Ш.Раднаасэдээс Нийслэлийн засаг дарга Э.Бат-Үүлд хүргүүлсэн “Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны Г.Жавхлантөгсийн барилгын газрын захирамж, барилгын ажил эхлүүлэх зөвшөөрлийг хүчингүй болгох” шийдвэрийг 2015 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн 1/1152 албан тоот зэрэг байна.

Бид НЕТГ-ыг Мэргэжлийн хяналтын байгууллагын акт, актны биелэлтийг хангаж, барилгын ажлыг зогсооно гэж итгэн, “Арай ч айлын орон сууцны цонхыг нь таглуулан барилга бариулахгүй, зогсоож, шийдвэрлэнэ” гэж хүлээсээр өнөөдрийг хүрлээ. Г.Жавхлантөгсийг барилгын ажлаа үргэлжлүүлж эхлэнгүүт нь 2015 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр НЕТГ-ын хяналтын албаны дарга Т.Эрдэнэтуяад хандан гомдол гаргасан. Үүнд:

 “Сүхбаатар дүүргийн 50 дугаар байрны баруун талд иргэн Г.Жавхлантөгсийн барьж буй 15 давхар орон сууцны барилга нь 15.2 метрийн зайтай айлуудын цонх таглан барилга баригдаж, 2 дугаар давхрын каркас хийгдэж байгааг хянаж, зогсоож өгөөч” гэсэн 31 айлын (88%) оршин суугчдын гарын үсэг бүхий гомдлыг 2015 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр гаргасан бөгөөд 2015 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр “цонх таглаж барилга бариад байна гээд очиж уулзахад архитектор Ц.Эрдэнэцэцэг нь “...нэг ч цонх таглах ёсгүй” гэсэн мөртлөө бичиг дээрээ уг тайлбараа дурдаагүй байна, арга хэмжээ авч өгөөч” гэж гомдол гаргасны хариуг 29 хоногийн дараа өгөхдөө арга хэмжээ авч өгсөнгүй.

НЕТГ-ын хот төлөвлөлтийн архитектор Д.Хан-Уултай уулзахад “...цонх таглагдахгүй, танай байрны ирмэг дээрээс төлөвлөсөн” гээд, ирж үзнэ гэсэн ч ирсэнгүй. Иргэн Г.Жавхлантөгсийн инженер, менежертэй уулзаж “...цонх таглаж барилга барьж байгаа” талаар ярилцах гэхэд хүлээн авдаггүй, харин ч бүлэг этгээдүүдийг авчирч бөөгнөрүүлэн, хүчээр түрэмгийлж ноцтой байдал үүсгэж байна.

Нийслэлийн ерөнхий төлөвлөгөөний газраас иргэн Г.Жавхлантөгсийн орон сууцны 15 давхар барилгыг төлөвлөхдөө: 

а. Орон сууцны 50 дугаар байрнаас 15.2 метр зайтай, “Өгөөж хишиг” ХХК-ийн 63 айлын орон сууцны /Юнайтед апартмент/ барилгаас 26.З метр зайтай байгаа нь 15 давхар барилга барихад барилгын тууш талуудын хооронд 40-45 метр зайтай байх шаардлага, орон сууцны барилга төлөвлөлтийн норм БНбД 31-01-10-ын заавал мөрдөх 4 дүгээр хавсралтыг, НИТХ-ын 2014 оны 5/14 тогтоолыг зөрчсөн.

б. НМХГ-аас “барилга хоорондын зай хэмжээний зөрчилтэй” гэж дүгнэсэн байтал 12 давхар байсныг 15 давхар болгон нэмэгдүүлсэн. Орон сууцны барилга төлөвлөлтийн норм БНбД 31-01-10-ын заавал мөрдөх 4 дүгээр хавсралтын 13 дугаар хүснэгт “Орон сууцны хотхон хорооллын төлөвлөлтөд шаардагдах авто зогсоолын нормчлол”-ыг хангаагүй, “Хот тосгон төлөвлөлт, барилгажилтын норм ба дүрэм” БНбД 30.01.03-ын 2.8-т “Орон сууцны хорооллын эдэлбэр газарт хоёр зурвастай зам төлөвлөнө, барилгын орцын орчинд замын өргөн 5,5 метрээс багагүй байна” гэсэн заалтыг хангаагүй.

в.“Орон сууц, олон нийт, иргэний барилга байгууламжийн цонхоор хавар зун, намрын улирлын нэг өдөрт тусах нарны тусгалын үргэлжлэх бага хугацааны нийлбэр нь II бүсэд буюу Улаанбаатар хотод 3 цаг байна” гэсэн БНбД 30-01-04-ийн “Бичил уур амьсгал төлөвлөлт 9.19” болон Барилгын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.4-д заасан “Зэргэлдээ барилга байгууламжийн ашиглалтын хэвийн нөхцөл байдлыг алдагдуулаагүй” гэснийг зөрчсөн,

г. Баригдаж буй барилга нь 50 дугаар байрны эзэмшил газрын хилийг агаараар зөрчиж, газар эзэмших эрхийг зөрчсөн.

НЕТГ-аас барилгын ажил эхлүүлэх зөвшөөрлийг олгохдоо:

НИТХ-ын 2014 оны 5/14 тогтоолын нэгдүгээр хавсралт журмын 4.1, 4.2, 4.3, 4.4, 4.12 дэх заалтуудыг зөрчсөн. 4.3.1.5-д (15 давхар барих тохиолдолд) “нэгж

талбарын хил хязгаарыг тогтоосон эргэлтийн цэгүүдээс 45 метр зайд байрлах үл хөдлөх хөрөнгийн өмчлөгчөөс санал авна” гэснийг 2 удаа зөрчсөн, нэг ч санал аваагүй, танилцуулга хийгээгүй байхад зөвшөөрлийг олгож, уг журмын 4.1-ийн “Нийслэлийн нутаг дэвсгэрт барилга барих үйл ажиллагаанд иргэн, хуулийн этгээдийн оролцоог хангана” гэснийг болон улмаар оршин суугчдын үл хөдлөх хөрөнгө эзэмших эрхийг зөрчсөн.

Барилгын сууриудын хооронд хэмжихэд 15.2 метр зайтай байгаа ч Г.Жавхлантөгсийн барилга нь консольтой учраас манай цонхноос 12 метр зайтай болж, улам ойртсон. 467/2014 дугаартай “Архитектур төлөвлөлтийн даалгавар”-ын 3 дугаарт “Барилгын гадна ханын хэмжээ” гэсэнд 24.8x15.8 метр, консольгүй гэж заагдсаныг зөрчсөн ажлын зурагтай байхад иргэн Г.Жавхлантөгсөд 400/2014 дугаар барилгын ажил эхлүүлэх зөвшөөрлийг 2014 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр “Газар шороо, суурийн ажилд” гэж олгосон байдаг. 

НИТХ-ын 5/14 тогтоолын нэгдүгээр хавсралт дахь журмын 6.1-д “Монгол Улсын Засгийн газрын 2012 оны 151 дүгээр тогтоолоор батлагдсан “Барилгын ажил эхлүүлэх үргэлжлүүлэх зөвшөөрөл олгох, ашиглалтад оруулах дүрмийг баримталж зөвшөөрөл олгоно” гэсэн байдаг. 

Гэтэл Г.Жавхлантөгсийн барилгын магадлалын дүгнэлт нь 2014 оны 10 дугаар сарын 20-ны өдөр “Эм Си Си Си Корпоршейн” ХХК-ийн 175/2014 дугаартай, “зөвхөн суурь каркас угсралт” гэсэн ажлаар гарчээ. 400/2014 дугаар барилгын эхлүүлэх зөвшөөрлийн ажлын зураг нь магадлалаар баталгаажихаас 45 хоногийн өмнө олгосон байгаа нь Монгол Улсын Засгийн газрын 151 дүгээр тогтоолоор батлагдсан дүрмийн 2.4-ийг буюу дөрөв дүгээр хавсралтын “А” хэсгийн 3 дахь “магадлал хийгдсэн тухайн барилга байгууламжийн иж бүрэн зураг төсөл”-ийг бүрдүүлсэн байхыг зөрчсөн. Мөн дүрмийн 1.2.1 дэх заалтыг болон Барилгын тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.2 дахь заалтад “...газар хөдлөлтийн 6-гаас дээш баллын бүсэд баригдах барилга байгууламжийн зураг төсөл, инженерийн геологийн төвөгшилтэй нөхцлийн судалгааны дүгнэлт, техник эдийн засгийн үндэслэлд магадлал заавал хийлгэнэ” гэснийг зөрчсөн.

Нийслэлийн ерөнхий төлөвлөгөөний газар нь НИТХ-ын 5/14 тогтоолоор батлагдсан журмын 8.1 дэх “Нийслэлийн нутаг дэвсгэрт барилга барих үйл ажиллагааг хэрэгжүүлэхэд дараах зүйлийг хориглоно” гэсний 8.1.3 “Бусдын газар эзэмшихтэй холбогдсон эрх хууль ёсны эрх ашиг сонирхлыг зөрчих”, 8.1.6 “Барилгын ажлыг магадлал хийгдсэн ажлын зураг төсөлгүйгээр гүйцэтгэх” 8.1.16 “Хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөө болон барилгын норм нормативыг зөрчин барилгын эх зураг батлах” 8.1.17-д ”Барилга угсралтын ажлыг эхлүүлэх үргэлжлүүлэх зөвшөөрөл олгох, барилга байгууламжийг байнгын ашиглалтад оруулах ажлыг хууль бусаар хийж гүйцэтгэх” гэсэн хориглох үйлдлүүдийг гаргасан байна.

Мэргэжлийн хяналтын байгууллагын акт, шаардлагыг үл тоон, нэг талын эрх ашгийг хамгаалан, Г.Жавхлантөгсөд барилгаа барих боломж, хугацаа олгосноос 50 дугаар байрны нийт оршин суугчдын эрх ашиг зөрчигдсөн. Түүнчлэн 6 айлын 12 цонхыг тагласан, байрны ашиглалтын хэвийн байдлыг алдагдуулсан, Монгол Улсын иргэн бидний аюулгүй орчинд амьдрах эрхийг зөрчин, амьдрах нөхцөлийг минь дордуулж, нар, байгалийн гэрэл гэгээг хязгаарлаж, бидний үл хөдлөх хөрөнгийг үнэгүйдүүлэн, өмчлөх эрхийг зөрчиж, оршин суугчдыг хохироож байна. 

Г.Жавхлантөгсийн барилгаа хурдан барихыг зорилгоо болгон 4-5 хоногт нэг давхрыг нэмэн барьж байгаа нь чанар, стандартыг баримтлахгүй, бетоныг бүрэн бэхжүүлдэггүй. Мөн эдэлбэр газар нь хангалтгүй, кран ашиглах боломжгүйгээс зөвхөн өргүүрээр материалаа зөөж, доод давхраасаа дээш гараараа татах, барилга дээрээс фанер, төмөр, труба доош унах зэргээр хөдөлмөр хамгааллын дүрмийг баримтлахгүй байгаа нь оршин суугчдын амь насанд ч аюул учруулж болзошгүй, айдаст автуулж байна. 

Иймд Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутагт дэвсгэрт баригдаж буй Г.Жавхлантөгсийн барилгад олгогдсон 2014 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн 467/2014 дугаартай “Архитектур төлөвлөлтийн даалгавар”, 2014 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн 400/2014 дугаартай “Барилгын ажлыг эхлүүлэх, үргэлжлүүлэх зөвшөөрөл”-ийг хүчингүй болгож, орон сууцны 50 дугаар байрны ашиглалтын хэвийн байдлыг эргүүлэн оруулж, хангуулах шийдвэрийг гаргаж өгнө үү” гэжээ.

Нэхэмжлэгч Т.Содбаяр шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Барилга бол анхнаасаа газрын зөрчилтэй байхад баригдсан бөгөөд оршин суугчдын цонхыг таглаж барьсан. Уг барилгыг 1 давхар байхад нэхэмжлэгчийн зүгээс шүүхэд өгсөн. Одоо бол барилга баригдаж дууссан байгаа ба хүч түрэмгийлэн, хүчээр барьж дуусгасан. Нэхэмжлэл дээр тухайн үеийн байдлыг тодорхой бичсэн. Нэхэмжлэл өгөх үед Ш.Раднаасэд даргын уг барилгыг зогсоох тухай шийдвэр гарсан боловч Нийслэлийн ерөнхий төлөвлөгөөний газраас уг шийдвэрийг хэрэгжүүлээгүй бөгөөд энэ талаар нэхэмжлэл дээр тодорхой дурдсан. 

Уг барилгын хэмжээ анх олгосноос уртаар баригдсан. Архитектур төлөвлөлтийн даалгаврыг биелүүлээгүй баригдсан. Урт нь 24.18х15.8 метр хэмжээтэй консольгүй байр байх ёстой байсан боловч тэр нь 27х15.8 метр хэмжээтэйгээр баригдсан. Гуравдагч этгээдийн зүгээс 30 м.кв хэмжээтэй байхад тодорхой хэмжээний метр квадратаар багасгаж барьсан гэдэг тайлбарыг хэлдэг. Уг барилгыг өндөр болох тусам метр квадратын хэмжээ ихсэж, гуравдагч этгээд нарт ашигтайгаар туссан.

 Архитектур төлөвлөлтийн даалгаврын хувьд барилга барих дараалал гэж байдаг. Хөрш, зэргэлдээ оршин суугчдын зөвшөөрлийг авах талаар холбогдох журмыг хэрэгжүүлээгүй бөгөөд 45 айл өрхийн нэг ч айлаас зөвшөөрөл авсан зүйл байхгүй.

 Ус сувгийн удирдах газар, Цахилгаан түгээх газар, Цахилгаан холбоо гэх мэт газруудаас геологийн судалгаа, дүгнэлт гаргуулах, хийлгэх ёстой байдаг. Гэтэл барилгын ажлыг эхлүүлчхээд зөвшөөрөл авсан. Барилга баригдаж дууссаны дараа дээрх судалгаа, дүгнэлт, зөвшөөрлүүд гарсан” гэжээ.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч П.Амгаланбаатар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн гол шаардлага бол архитектур төлөвлөлтийн даалгаврыг хүчингүй болгуулах. Учир нь барилгын норм дүрэмд заасан ямар дараалалтайгаар барилгын ажлыг явуулах талаар зохицуулсан дүрэм журам гэж байдаг.

Гуравдагч этгээдийн барилга барих зөвшөөрөл нь 2014 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр барилгын суурь ажилаар хийгдсэн. Энэ ажлаас эхлээд Ус сувгийн удирдах газраас техникийн нөхцөл, Улаанбаатар цахилгаан түгээх станцаас техникийн нөхцөл, барилгын зураг, бүтэц, халаалт, цэвэр болон бохир усны суваг, цахилгаан, холбоо дохиолол гэх мэт холбогдох зөвшөөрлүүдийг түрүүлж авах ёстой байсан. Гэтэл эдгээр нэр бүхий зөвшөөрлүүдийг 2015 оны 03 дугаар сарын 12-ны өдөр 2015 оны 08 дугаар сар, 2015 оны 01 дүгээр сард зэрэг сүүлд эдгээр зөвшөөрлүүдийг авсан байдаг.

Анх уг барилга нь 12 давхрын суурь зургаар төлөвлөгдсөн. Гэтэл 12 давхрын суурь зургаар 15 давхар барилга барьж, архитектур төлөвлөлтийн даалгавар дээр консольгүй барилга барих ёстой гэсэн байтал консольтай барилга болгож барьсан.  12 давхар барилга байхдаа хэмжээ нь 31.0х15.0 метр байсан бол 15 давхар болсноороо 6279.6 м.кв хэмжээтэй болж өмнөх хэмжээнээс хэтэрсэн. Архитектур төлөвлөлтийн даалгавраар газрын хэмжээ, барилгын давхрыг тодорхой зааж, консольгүй барилга баригдахаар тооцсон байдаг. Мөн гудамж талбайн тохижилт, зам талбай, гэрэлтүүлэг, онцгой нөхцөлд орж гарах гарц төлөвлөх гэх мэт ажлууд гүйцэтгэхийг даалгасан боловч эсрэгээрээ хийлгүй гуравдагч этгээд барилгаа барьсан. Тийм учраас нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна. Нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү” гэжээ.

Хариуцагч Нийслэлийн ерөнхий төлөвлөгөөний газрын орлогч дарга шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “...Иргэн Т.Содбаяраас Нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газарт холбогдуулан гаргасан “Сүхбаатар дүүрэг, 1 дүгээр хороо 50 дугаар байрны баруун талд болон “Өгөөж хишиг” ХХК-ийн зүүн талд баригдаж буй иргэн Г.Жавхлантөгсийн барилгад олгогдсон 2014 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн 467/2014 дугаартай “Архитектур төлөвлөлтийн даалгавар”, 2014 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн 400/2014 дугаартай барилгын ажил эхлүүлэх, үргэлжлүүлэх зөвшөөрлийг хүчингүй болгож, оршин суугчдын зөрчигдсөн эрх ашгийг сэргээлгэж, хэвийн нөхцөл байдалд нь оруулах, барилгын ажпыг зогсоолгох” нэхэмжлэлийн шаардлагатай танилцаад дор дурдсан тайлбарыг гаргаж байна.

Иргэн Г.Жавхлантөгс нь иргэн Ш.Нансалмаагийн өмчлөлийн Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороонд байрлах №000130051 дугаартай 581 м.кв, 000130052 дугаартай 617 м.кв өмчлөх эрхийн гэрчилгээтэй газар худалдан авсан. Тус газар дээр 31.0х15.0 метр хэмжээтэй, 12 давхар үйлчилгээтэй, орон сууцны барилга барих зөвшөөрөл авсан байсан. Иргэн Г.Жавхлантөгс барилга барих хүсэлт гаргасны дагуу 2014 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн 57/2014 дугаартай “Барилгын ажлыг эхлүүлэх, үргэлжлүүлэх зөвшөөрөл"-ийг олгосон. Барилга угсралтын ажлын явцад “Өгөөж хишиг” ХХК-иас иргэн Г.Жавхлантөгсийн барилга нь тухайн компанийн эзэмшлийн газарт нэвтэрсэн гэх гомдол гаргасны дагуу шалгаж, 57/2014 дугаартай барилгын ажил эхлүүлэх, үргэлжлүүлэх зөвшөөрлийг хүчингүй болгосон.

Иргэн Г. Жавхлантөгс нь тус газарт барилга барих хүсэлтийг дахин гаргаж, 2015 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн Газар барилгажилтын зөвлөлийн хурлаар барилгын асуудлыг хэлэлцэж, барилгын хэмжээг багасган 24.0х12.8 метр хэмжээтэй 15 давхар байхаар архитектур төлөвлөлтийн даалгаврыг шинэчлэн баталсан. Уг барилгад Засгийн газрын 2012 оны 151 дүгээр тогтоолоор батлагдсан “Барилгын ажлыг эхлүүлэх, үргэлжлүүлэх, ашиглалтад оруулах дүрэм”-ийн дагуу барилгын бичиг баримтын бүрдлийг шалган, 2014 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн 400/2014 дугаартай барилгын ажил эхлүүлэх үргэлжлүүлэх зөвшөөрлийг олгосон байна.

Нэхэмжлэгч Т.Содбаяр нь нэхэмжлэлдээ “Г.Жавхлантөгсийн барьж буй 15.0х31.0 метр хэмжээтэй, 12 давхар барилгын зүүн талд байрлах 50 дугаар байрны байршил нь баригдаж байгаа орон сууцнаас 17 метр зайтай байгаа нь БНбД 31-01-10-ын 1.6-г зөрчсөн, НИТХ-ын 2014 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн 5/14 тогтоолын 8.1.16 зөрчсөн байна” гэж бичсэн байна. Иргэн Г.Жавхлантөгсийн барьж буй барилга нь 50 дугаар байрны барилгаас зай хэмжээний хувьд Хот, тосгоны төлөвлөлт барилгажилтын /БНбД 30-01-04/ болон нарны тусгалын /ээвэрлэлтийн/ хангамжийн /БНбД 23-04-07/ норм дүрмийн шаардлагыг хангаж байна.

Мөн ”Орон сууцны барилгын зураг төсөл төлөвлөлт” 31-01-10-н 1.6-ын 4 дүгээр хавсралтад /орон сууцны цонхгүй хөндлөн хануудын хооронд/ заасан зай хэмжээг мөрдөнө. Г.Жавхлантөгсийн өмчлөлийн нийт 1198 м.кв газрын 391 буюу 32,6% барилгажиж үлдсэн газрыг зогсоол, ногоон байгууламжаар төлөвлөсөн нь холбогдох хууль тогтоомж, норм дүрэм, журмыг зөрчөөгүй болно.

Төлөвлөж байгаа барилга нь орон сууцны 50 дугаар байрны баруун хойд талд байрлалтай нь нарны шууд ээвэрлэлтэд нөлөөлөхгүй бөгөөд баруун урд талд баригдаж буй “Өгөөж хишиг” ХХК-ийн одоо баригдаж байгаа барилгаас нарны ээвэрлэлтийг тооцно. Дээрх үндэслэлээс харахад иргэн Г.Жавхлантөгсийн барилгын ажлыг зогсоох хууль зүйн үндэслэлгүй байна.

Иймд Нийслэлийн ерөнхий төлөвлөгөөний газраас баталсан 2014 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн 467 дугаартай “Архитектур төлөвлөлтийн даалгавар”, 2014 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн 400/2014 дугаартай “Барилгын ажлыг эхлүүлэх, үргэлжлүүлэх зөвшөөрөл” олгосон нь иргэн Т.Содбаяр болон бусад оршин суугч, иргэдийн эрх ашгийг хохироосон асуудал байхгүй тул гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Цогтжаргал шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Иргэн Г.Жавхлантөгс нь иргэн Ш.Нансалмаагийн өмчлөлийн Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах 581 м.кв газар болон 000130052 дугаартай 617 м.кв өмчлөх эрхийн гэрчилгээтэй газрыг худалдан авсан. Уг газар дээр 31.0х15.0 метрийн хэмжээтэй, 12 давхар үйлчилгээтэй, орон сууц барих хүсэлтийг 2014 оны 04 дүгээр сарын 24-ний өдөр манай байгууллагад ирүүлснийг газар барилгажилтын зөвлөлийн хурлаар хэлэлцүүлээд 57/2014 архитектур төлөвлөлтийн даалгавар гарсан бөгөөд холбогдох иргэдээс гомдол ирүүлсны дагуу 57/2014 дугаар бүхий зөвшөөрлийг хүчингүй болгосон.

 Улмаар иргэн Г.Жавхлантөгс нь 2014 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн газар барилгажилтын зөвлөлийн хурлаар хүсэлт өгсний дагуу зөвлөлийн хурлаар хэлэлцүүлээд 24.8х15.8 метр хэмжээтэй 15 давхар барилга барихаар архитектур төлөвлөлтийн даалгаврыг шинэчлэн баталсан. Уг барилгад Засгийн газрын 2012 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 151 дүгээр тогтоолоор батлагдсан барилгын ажил эхлүүлэх, үргэлжлүүлэх, ашиглалтад оруулах дүрмийн дагуу барилгын бичиг баримтын бүрдлийг шалгаж, 2014 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн 400/2014 дугаартай зөвшөөрлийг олгосон байдаг.

Нэхэмжлэгч нь нэхэмжлэлдээ иргэн Г.Жавхлантөгсийн барьж буй барилга нь 15.8х31.0 метр хэмжээтэй, 12 давхар барилгын зүүн талд байрлах 50 дугаар байрны байршил нь баригдаж буй барилгаас 17 метр зайтай байгаа нь барилгын норм ба дүрмийн 31-01-10-ын 1.6, Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын 2014 оны 05/14 тогтоолоор батлагдсан журмын 8 дугаар зүйлийн 8.1.16 зөрчсөн гэж нэхэмжлэл дээрээ бичсэн. 

Иргэн Г.Жавхлантөгсийн барьж буй барилга нь 50 дугаар байрнаас зай хэмжээний хувьд зохих журамд заасан нарны тусгалын ээвэрлэлтийг хангаж байна. Уг барилга суурийн хэмжээгээрээ 24.8х14.8 метр, консольгүй гэж архитектур төлөвлөлтийн даалгаварын 3 дээр бичсэн нь суурийг хэлж байгаа юм. Газар дээрээ байгаа барилга нь консольгүй байх ёстой гэсэн үг. Энэ талаар архитектур  төлөвлөлтийн даалгаврын 9 дүгээр зүйл дээр тодорхой заасан. Энэ талаар бол шинжээчийн дүгнэлт гарсан бөгөөд уг дүгнэлтээр батлагдсан байдаг.

Гуравдагч этгээд нь барилгын ажил эхлүүлэх, үргэлжлүүлэх зөвшөөрлийг олгох холбогдох бичиг баримтуудыг бүрэн цуглуулж, шаардлага хангасан учраас тухайн зөвшөөрлийг олгосон. Нэхэмжлэгч талаас шүүх хуралдааны явцад актын биелэлтийг түдгэлзүүлэх тухай хүсэлтийг гаргасан ба уг хүсэлтийг хэрэгсэхгүй болгосон. 2015 оны 07 дугаар сарын 24-ний өдрийн 360 дугаартай давж заалдах шатны шүүхээс магадлал гарсан ба уг магадлал дээр актын биелэлтийг түдгэлзүүлснээр гуравдагч этгээдэд хохиролтой байна гэсэн учраас Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн захирамж хэвээр үлдээсэн.

Уг газрын хэмжээ нь 1198 м.кв талбай бүхий эдэлбэр газар байгаа ба барилгажих талбайн 391.1 м.кв газар буюу 40 хувьд нь барилга босохоор байгаа нь Хот байгуулалтын тухай хуулийн 12 дугаар зүйлд заасан норм, дүрмийг хангаж байна. 

Тиймээс шинжээчийн дүгнэлт, архитектур төлөвлөлтийн даалгавар, барилгын ажил эхлүүлэх, үргэлжлүүлэх зөвшөөрөл нь холбогдох дүрэм журамд нийцсэн захиргааны акт учраас нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

Гуравдагч этгээд Г.Жавхлантөгс шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “ Иргэн Т.Содбаяр нь Нийслэлийн ерөнхий төлөвлөгөөний газрын 467/2014 дугаартай “Архитектур төлөвлөлтийн даалгавар”, 2014 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн 400/2014 дугаартай “Барилгын ажлыг эхлүүлэх, үргэлжлүүлэх зөвшөөрөл”-ийг хүчингүй болгуулж улмаар миний бариулж байгаа барилгын ажлыг зогсоолгох тухай нэхэмжлэл гаргасны үндсэн дээр захиргааны хэрэг үүсгэж, намайг гуравдагч этгээдээр татан миний барьж байгаа барилгыг зогсоолгох тухай хүсэлтийг нь хэлэлцэх гэж байгаа юм байна.

 Би өөрийн өмчлөлийн газар дээр 12 давхар 31.0x15.0 метр хэмжээтэй үйлчилгээтэй, орон сууцны барилгын зураг хийлгэж улмаар барилгын эскиз зураг, ерөнхий төлөвлөгөө, архитектур төлөвлөлтийн даалгавар батлуулж, "Барилгын ажил эхлүүлэх, үргэлжлүүлэх, ашиглалтад оруулах дүрэм”-ийн дагуу баримт бичгийг бүрдүүлэн зохих газар байгууллагуудаар шалгуулж, 2014 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн 57/2014 тоот барилгын ажил эхлүүлэх, үргэлжлүүлэх зөвшөөрлөөр барилга барьж эхэлсэн. Гэтэл баруун талд зөвшөөрөлгүй барилга барьж байгаа “Өгөөж хишиг” ХХК, зүүн талд оршин байдаг 50 дугаар байрны зарим оршин суугчидтай хамтран тэднийг зохион байгуулж эсэргүүцэл үзүүлсээр ирсэн. 

Үүнд: Намайг зөвшөөрөлгүй барилга эхлүүлсэн, бичиг баримтын зөрчилтэй холбогдох хууль тогтоомж зөрчсөн гэх гомдлыг Барилга хот байгуулалтын яам, Газрын алба, Мэргэжлийн хяналтын газар, Нийслэлийн ерөнхий төлөвлөгөөний газар гэх мэт олон байгууллагад гомдол гарган шалгуулж, улмаар барилгын ажил эхлүүлэх үргэлжлүүлэх 57/2014 тоот зөвшөөрлийг хүчингүй болгуулсан.

Баригдах гэж байгаа танай барилга цонх хаах юм байна, мөн барилга хоорондын зай алдагдаж байгаа гэсэн гомдлыг гаргаж, барилгын талбайд улаан шугам болон цутгасан суурийг урт өргөнөөс нь хасуулж, 24.0х12.8 метр хэмжээтэй болгон багасгуулсан. “Өгөөж хишиг” ХХК болон орон сууцны зарим иргэд нь барилгын талбай руу орох машин замыг хаах нийтийн эзэмшлийн талбайг хаших, хэрүүл тэмцэл хийх зэргээр саад тотгор учруулж, 2014 онд огт ажил хийлгээгүй.

Ийнхүү төрөл бүрийн эсэргүүцэл, дарамт шахалт үзүүлж байсан тул барилгын ажил гүйцэтгүүлэх гэрээ болон бусад гэрээнүүд тасалдаж эдийн засгийн ноцтой хохирол хүлээсний дээр шинээр барилгын эскиз зураг хийлгэх зэрэг олон зуун сая төгрөгийн хохирол хүлээлгээд байна. Энэ асуудал шийдэгдсэний дараа хохиролын тухай нэхэмжлэл гарган буруутай этгээдээс хохиролоо гаргуулах болно.

Бид тавьсан шаардлага, мэргэжлийн байгууллагуудаас өгсөн зөвлөмжүүдийг бүгдийг нь биелүүлсний үндсэн дээр 2014 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр “Барилгын ажил эхлүүлэх, үргэлжлүүлэх” 400/2014 тоот зөвшөөрлийг дахин авсан. Түүнчлэн 2014 оны 10 сарын 24-нд сунгуулж, 2015 оны 04 дүгээр сард барилгынхаа карказыг цутгуулах ажлыг эхлүүлээд байгаа. Гэтэл “Өгөөж хишиг” ХХК нь 2015 оны 04 дүгээр сард Г.Жавхлантөгсийн газар манай газартай давхцаж олгогдсон тул давхацсан хэсгийг хүчингүй болгохыг Газрын харилцаа, геодези зураг зүйн газарт даалгах гэсэн шаардлага бүхий нэхэмжлэл гаргаснаар С.Төмөрбат шүүгч захиргааны хэрэг үүсгэж, улмаар намайг гуравдагч этгээдээр татаж тайлбар авсны дээр миний барилгын ажлыг зогсоолгох тухай хүсэлтийг нь хянан хэлэлцэж, 2015 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн 3862 дугаар шүүгчийн захирамжаар хүсэлтийг нь хэрэгсэхгүй болгон

шийдвэрлэсэн юм. Үндсэн нэхэмжлэл нь одоо хүртэл шийдвэрлэгдээгүй байгаа.

Мөн иргэн Т.Содбаяр Нийслэлийн ерөнхий төлөвлөгөөний газарт холбогдуулж

2015 оны 05 дугаар сарын 27-ны өдөр тус шүүхэд нэхэмжлэл гаргаснаар А.Сарангэрэл шүүгч захиргааны хэрэг үүсгэж, намайг мөн л гуравдагч этгээдээр татаж, манай барилгын ажлыг зогсоолгох тухай түүний хүсэлтийг дахин хэлэлцэх гэж байна. Болж байгаа үйл ажиллагаанаас үзэхэд “Өгөөж хишиг” ХХК нь 50 дугаар байрны зарим оршин суугчдыг өдөөн турхирч өөрийн зөвшөөрөлгүй барилгыг барьж борлуулж дуустлаа манай барилгыг зогсоолгож намайг зогсоох гэсэн зорилготой болов уу гэсэн дүгнэлтэд хүрч байна.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 46 дугаар зүйл буюу захиргааны актын биелэлтийг түдгэлзүүлж болохгүй нөхцөлийн 46.1.1-дэх хэсэгт “Захиргааны актын биелэлтийг түдгэлзүүлэх нь бусдын эд хөрөнгөнд ноцтой хохирол учруулахаар бол түүнийг түдгэлзүүлж болохгүй” гэж заасныг иш үндэс болгож, зохиомол маргаан дарамт шахалтын улмаас өөрийн өмчлөлийн газар дээр барилга бариулах гээд чадахгүй бүтэн 2 жил олон зуун сая төгрөгөөр хохирч байгааг харгалзан үзэж миний эхлүүлсэн барилгын ажлыг уг маргааны эцэслэн хянан шийдвэрлэх хүртэл зогсоохүй байхыг хүсэж байна. Барилгын ажил нь зөвхөн зуны хэдхэн сард баригддаг онцлогтой болохыг анхааран үзнэ үү. Манай барилга одоогийн байдлаар бичиг баримтын зөрчилтэй баригдаж байгаа гэдэг нь нотлогдоогүйн дээр Т.Содбаяр нь зургаан айлыг төлөөлөх эрхтэй гэдэг нь нэхэмжлэл түүнд хавсаргасан материалаас харагдахгүй байна.

Барилга хот байгуулалтын яам 2015 оны 03 дугаар сарын 08-ны өдрийн 8/965 тоотоор манай барилгын бичиг баримт зөрчилгүй хууль зүйн дагуу бүрдүүлсэн болохыг нотолж хариу ирүүлсэн болно. Нөгөө талаар манай барилгын ажлыг зогсоолгох тухай үйл баримтад үнэлэлт дүгнэлт өгсөн шүүхийн хүчин төгөлдөр шийдвэр буюу өмнө 2015 оны 06 дугаар сарын 03-ны өдөр гарсан шүүгчийн 3862 дугаар захирамж хүчин төгөлдөр болсон байгааг анхааран үзнэ гэдэгт итгэлтэй байна” гэжээ.

Гуравдагч этгээдийн өмгөөлөгч Р.Мэндсайхан шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Нэхэмжлэгч талаас барилгын ажил нь газрын зөрчилтэй байсан гэж хэлж байна. Яг ямар үндэслэлээр зөрчилтэй эсэх талаар хавтаст хэрэгт нотлох баримтаар аваад тогтоосон зүйл байхгүй. Тиймээс газрын зөрчлийн талаар өнөөдөр яригдахгүй. Иргэн Ш.Нансалмаагаас уг газрын өмчлөлийг шилжүүлж авахдаа барилгын ажил эхлүүлэх, үргэлжлүүлэх зөвшөөрөл, архитектур төлөвлөлтийн даалгавартай нь хамт худалдаж авсан.

Оршин суугчдаас зөвшөөрөл авах ёстой байсан гэдэг тайлбар нь өмнөх зөвшөөрөлтэй холбоотой зүйл. Мөн нэхэмжлэгчийн цонх хааж барилга барьсан гэж хэлж байна. Энэ талаар шинжээчийн дүгнэлтээр нотлогдсон байгаа. Нэхэмжлэгч хүч түрэмгийлж барилга барьсан гэдэг тайлбар хэлж байна. Архитектур төлөвлөлтийн даалгавар, барилгын ажил эхлүүлэх, үргэлжлүүлэх зөвшөөрлүүдийн дагуу ажил эхлэхэд 50 дугаар байрны оршин суугчдаас саад учруулсан. Барилгын ажил гэдэг өөрөө цаг хугацаатай. Цаг агаар дулаахан байх үед ажлыг хурдан түргэн хийхгүй бол болдоггүй онцлогтой. Тиймээс хүч түрэмгийлж барилга барьсан гэдэг тайлбарыг хүлээн зөвшөөрөхгүй байна. 

Мөн нэхэмжлэгчээс уг барилга нь консольгүй гэдэг тайлбарыг хэлж байна. Энэ талаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч тайлбар хийсэн. “Архитектур төлөвлөлтийн даалгавар”-ын 9 дүгээр зүйл дээр энэ талаар тодорхой байгаа. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагыг хууль зүйн үндэслэлийг тайлбарлах ёстой. Нэхэмжлэгчийг эрх, хууль ёсны эрх ашиг нь хэрхэн хөндөгдөж байгаа талаар үндэслэлтэй тайлбар хийх ёстой. 

Бичгээр гаргасан нэхэмжлэлийг харахад цонх хааж, нарны ээвэрэлэлтийг норм дүрмийг зөрчсөн, барилга хоорондын зай гэсэн 2 асуудлын талаар дурдсан байсан. Гуравдагч этгээдийн хүсэлтээр шинжээч томилуулж, энэ талаар дүгнэлт гаргуулсан ба уг дүгнэлт нь дээр талуудаас гомдол гаргаагүй. Тиймээс хүлээн зөвшөөрөгдсөн дүгнэлт гэж ойлгож байна. Маргаан бүхий газрын яг хажуу талд байдаг “Өгөөж хишиг” ХХК-тай холбоотой маргаан бас шүүхээр хэлэлцүүлээд явж байгаа. Энэ маргаан дээр “Өгөөж хишиг” ХХК нь барилга хоорондын асуудлаар шинжээч томилуулж. дүгнэлт гаргуулсан. Уг дүгнэлт нь дээр Г.Жавхлантөгсийн барилга нь 1 орцтой, цамхаг, босоо хэлбэрийн барилга. Барилгын хөндлөн болон тууш гэсэн ойлголт хуулиар зохицуулагдаагүй учраас зай талбайн талаар яригдахгүй гэсэн агуулгатай шинжээчийн дүгнэлт гарсан. Тиймээс уг шинжээчийн дүгнэлтийг нотлох баримтыг шүүх анхаарч нотлох баримтаар дүгнэх боломжтой. Дээрхийг дүгнэж хэлэхэд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Т.Содбаяраас “Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлаж буй иргэн Г.Жавхлантөгсийн барилгад олгогдсон Архитектур төлөвлөлтийн 2014 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн 467 дугаар даалгавар, Барилгын ажлыг эхлүүлэх, үргэлжлүүлэх 2014 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн 400/2014 дугаар зөвшөөрлийг хүчингүй болгож, орон сууцны 50 дугаар байрны ашиглалтын хэвийн байдлыг эргүүлэн оруулж, хангуулах шийдвэр гаргуулах” гэсэн шаардлага бүхий нэхэмжлэлийг гаргажээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1-д “Энэ хуулийн зорилт нь хүн, хуулийн этгээдээс захиргааны байгууллагын хууль бус үйл ажиллагааны улмаас зөрчигдсөн, эсхүл зөрчигдөж болзошгүй эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулахаар, ... гаргасан нэхэмжлэлийн дагуу захиргааны хэргийг шүүхэд хянан шийдвэрлэхтэй холбогдсон харилцааг зохицуулахад оршино.”, мөн хуулийн 3 дугаар зүйлийн  3.1.3-д “нэхэмжлэл” гэж хүн, хуулийн этгээдээс захиргааны хууль бус үйл ажиллагааны улмаас зөрчигдсөн, эсхүл зөрчигдөж болзошгүй эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулахаар... үүссэн маргааныг шийдвэрлүүлэхээр захиргааны хэргийн шүүхэд гаргасан өргөдлийг хэлэхээр заажээ. 

Үүнээс үзэхэд захиргааны хэргийн шүүх нь захиргааны байгууллагын хууль бус үйл ажиллагаатай холбоотой нэхэмжлэлийг хянан шийдвэрлэдэг учир нэхэмжлэгчийн “орон сууцны 50 дугаар байрны ашиглалтын хэвийн байдлыг эргүүлэн оруулж, хангуулах”-тай холбоотой нэхэмжлэлийн шаардлагыг захиргааны хэргийн шүүх хянан шийдвэрлэхээргүй байна. 

Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.1-д заасны дагуу захиргааны хэргийн шүүхийн харьяаллын бус тохиолдолд шүүгч нэхэмжлэл хүлээн авахаас татгалзана. Мөн хуулийн 109 дүгээр зүйлийн 109.2-д Энэ хуулийн 54.1-д заасан үндэслэл хэргийг хянан шийдвэрлэх явцад, эсхүл шүүх хуралдааны үед тогтоогдвол шүүгч, шүүх бүрэлдэхүүн хэргийг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзахаар заасны дагуу нэхэмжлэгчийн “орон сууцны 50 дугаар байрны ашиглалтын хэвийн байдлыг эргүүлэн оруулж, хангуулах”-тай холбоотой нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн авахаас татгалзахаар шийдвэрлэв. 

Иймээс нэхэмжлэгчийн  “Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлаж буй иргэн Г.Жавхлантөгсийн барилгад олгогдсон Архитектур төлөвлөлтийн 2014 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн 467 дугаар даалгавар, Барилгын ажлыг эхлүүлэх, үргэлжлүүлэх 2014 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн 400/2014 дугаар зөвшөөрлийг хүчингүй болгож,” гэсэн нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд шүүхээс хэргийг хянан шийдвэрлэв.  

Нэхэмжлэгч талаас “архитектур төлөвлөлтийн даалгавар, барилгын ажил эхлүүлэх, үргэжлүүлэх зөвшөөрөл олгохдоо авто зогсоол, зам талбайн хилийн зааг, норм дүрмийг зөрчсөн, иргэдийн саналыг аваагүй, барилга хоорондын зай хэмжээ барилгын норм дүрэмд нийцээгүйн улмаас цонх таглаж, нар, байгалийн гэрэл гэгээг хаасан” гэж маргажээ. 

1.Архитектур төлөвлөлтийн даалгаврын талаар:

Архитектур төлөвлөлтийн 2013 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн 2013/47 дугаар даалгавар /хх-ийн 1-р хавтас 238/-аар  гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар олгосон газар өмчлөх эрхийн 2012 оны 000085793, 000085792 дугаар гэрчилгээг үндэслэн иргэн Ш.Нансалмаад үйлчилгээний болон орон сууцны зориулалтаар 15.0х31.0 метр, 12 давхар, 1198 м.кв эдэлбэр газартай, 465 м.кв барилгажих талбайтай барилга барих зөвшөөрлийг олгожээ. 

Гуравдагч этгээд Г.Жавхлантөгс нь Ш.Намсалмаагаас тухайн газрыг худалдан авсан нь хариуцагчийн “Иргэн Г.Жавхлантөгс нь иргэн Ш.Нансалмаагийн өмчлөлийн Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороонд байрлах  000130051 дугаартай 581 м.кв, 000130052 дугаартай 617 м.кв өмчлөх эрхийн гэрчилгээтэй газар худалдан авсан” /хх-1-р хавтас, 139/ гэсэн тайлбар болон “Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ”-ний 2015 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 0075/2015 дугаар Техникийн нөхцөл /хх-1-р хавтас, 115/, Улаанбаатар хотын ус сувгийн удирдах газраас Г.Жавхлантөгсөд ирүүлсэн 2014 оны 2/2092 тоот албан бичиг /хх-119-р/ зэрэг баримтуудаар тогтоогдож байна. 

Гуравдагч этгээд Г.Жавхлантөгс барилга барих хүсэлт гаргасны дагуу Барилгын ажлыг эхлүүлэх, үргэлжлүүлэх 2014 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн 57/2014 дугаартай зөвшөөрлийг олгосон байна. Барилга угсралтын ажлын явцад “Өгөөж хишиг” ХХК-иас иргэн Г.Жавхлантөгсийн барилга нь тухайн компанийн эзэмшлийн газарт нэвтэрсэн гэх гомдлын дагуу 57/2014 дугаартай барилгын ажил эхлүүлэх, үргэлжлүүлэх зөвшөөрлийг хүчингүй болгосон нь хариуцагчийн тайлбар /хх-1-р хавтас 139/, Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын 2014 оны 02-07/1451 дугаар албан бичиг /хх-1-р хавтас 6/ болон Улсын байцаагчийн 2014 оны 02-07-84/178 тоот акт /хх-1-р хавтас 7/-аар тус тус тогтоогдож байна. 

Гуравдагч этгээд Г.Жавхлантөгсөөс дахин барилга барих хүсэлт гаргасны дагуу Газар барилгажилтын зөвлөлийн 2015 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн хурлаар барилгын хэмжээг багасган Архитектур төлөвлөлтийн 2014 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн 467 дугаар даалгавраар /хх-1-р хавтас 142-146/ 24.8х15.8 метр консолгүй, тагт, довжоо 1,8 метрээс илүүгүй, 15 давхар, 1198 м.кв эдэлбэр газрын 391.8 м,кв барилгажих талбайтай байхаар заажээ. Мөн даалгаврын 6 дахь хэсэгт ногоон байгууламж, гадна тохижилт, автозогсоол, гараж нь Хот байгуулалтын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.3.6-д заасан шаардлагад нийцсэн байх, 7 дахь хэсэгт “гудамж замын улаан шугам, талбайн тохижилт, зам талбайн гэрэлтүүлэг хийж төлөвлөх, явган хүний хөдөлгөөнд саад учруулахгүй,...”, 9 дэх хэсэгт “Хөрш газар эзэмшигчтэй зөвшилцсөн байх...”гэж заажээ.

Барилгын тухай хууль /2008/-ийн 5 дугаар зүйлийн 5.1.6-д “Засгийн газар барилгын талаар дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ: барилга байгууламжийн зураг төсөл боловсруулах, зөвшилцөх, магадлал хийх дүрэм батлах” гэж заасны дагуу Засгийн газрын 2009 оны 204 дүгээр тогтоолын хавсралтаар Барилга байгууламжийн зураг төсөл боловсруулах, зөвшилцөх, магадлал хийх дүрмийг баталжээ. 

Уг дүрмийн 3 дугаар зүйлийн 3.3-д зааснаар архитектур төлөвлөлтийн даалгаврыг хот, тосгоны ерөнхий төлөвлөгөөг хэрэгжүүлэх, зураг төсөл боловсруулахад баримталдаг байна. Мөн дүрмийн 3 дугаар зүйлийн 3.3.1, 3.3.2-т зааснаар архитектур төлөвлөлтийн даалгаварт байршил тогтоосон эдэлбэр газарт барих барилгын зориулалт, хүчин чадлыг тухайн хот, тосгоны хөгжлийн хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөний дагуу хот тосгоны нутаг дэвсгэрийн бүсчлэлтэй уялдуулан зааж, барилгажих талбайн болон зам, талбай, ногоон байгууламжийн эзлэх хувь, барилгын давхрын тоог тогтооно, хүрээлэн байгаа орчны байгалийн тогтоц, хийсэн тохижилт, зам, талбай, ногоон байгууламжийг хэвээр хадгалан хамгаалах, нөхөн сэргээх ажил болон инженерийн бэлтгэл арга хэмжээг заадаг байна. 

Барилгын тухай хууль /2008/-ийн 7 дугаар зүйлийн 7.1.2-д “...нийслэлийн ...иргэдийн Төлөөлөгчдийн Хурал барилгын талаар барилга байгууламж барих газрын зөвшөөрөл, техникийн нөхцөл нь хууль тогтоомж, хот, тосгоны хөгжлийн ерөнхий төлөвлөгөө, газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд нийцэж байгаа эсэхийг хянаж... ”, мөн Хот байгуулалтын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.1-д “...нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал нь хот, тосгоны хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөг боловсруулж, ...батлах” гэж заасны дагуу Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2014 оны 5/14 тогтоолын нэгдүгээр хавсралтаар Нийслэлийн нутаг дэвсгэрт барилга барих газрын эрх олгох, барилгын эх загвар зураг батлах, барилга угсралтын ажил эхлүүлэх, ашиглалтад оруулах үйл ажиллагааны журмыг баталжээ.

Энэ журмын 3 дугаар зүйлийн 3.3-д “Иргэн, хуулийн этгээд барилга барих хүсэлтээ ...нийслэлийн барилга, хот байгуулалтын асуудал эрхэлсэн байгууллагад гаргана.” гэжээ. Мөн журмын 3 дугаар зүйлийн 3.6-д “Барилга барих хүсэлтийг хүлээн авснаас хойш ...Архитектур төлөвлөлтийн даалгаврыг ажлын 2 хоногт багтаан Улаанбаатар хотын Ерөнхий архитектороор баталгаажуулж, түүнийг хүсэлт гаргагчид хүлээлгэн өгнө.” гэжээ. 

Уг журмын 4.3.1.4-д орон сууцны хороолол дундах барилгажаагүй талбайд барилга барих тохиолдолд нэгж талбарын хил хязгаарыг тогтоосон эргэлтийн цэгүүдээс 2 давхар барилгад 40 метр зайд байрлах үл хөдлөх хөрөнгийн өмчлөгчөөс саналыг авч болохоор заажээ.

Хот байгуулалтын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.6-д “Хот, тосгоныг хөгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөө нь тухайн хот, тосгоны хөгжлийн ерөнхий төлөвлөгөө, хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөний дагуу боловсруулсан зураг төслийг хэрэгжүүлэх техник, эдийн засгийн үндэслэлийг тооцож, хөрөнгө оруулалтын эх үүсвэрийг тодорхойлсон байх бөгөөд холбогдох норм ба дүрэм, журамд заасны дагуу дараахь асуудлыг тооцон төлөвлөнө: 12.6.1-д гудамж, замын сүлжээг тээврийн хэрэгсэл, дугуйтай ба явган зорчигчийн хөдөлгөөн, нутаг дэвсгэрийн зохион байгуулалт, орон зайн зохиомж, орчны барилга байгууламжийн байршил, уран барилгатай нь уялдуулан, тасралтгүй өсөн хөгжих хөдөлгөөнтэй нэгдсэн систем байх; 12.6.3-д төлөвлөгөөнд хамааруулсан нийт газар нутгийн 30-аас доошгүй хувь нь цэцэрлэг, ногоон байгууламж, автомашины зогсоол байх” гэжээ. Мөн хуулийн 12 дугаар зүйлийн 12.8-д заасан барилгажих талбай нь тухайн газрын 70 хувиас илүүгүй байхаар заажээ.   

Дүгнэхэд гуравдагч этгээдийн барилгад архитектур төлөвлөлтийн даалгавраар 24.8х15.8 метр консолгүй, тагт, довжоо 1.8 метрээс илүүгүй, 15 давхар, 1198 м.кв эдэлбэр газрын 391.8 м.кв буюу 33 хувьд нь барилгажихаар архитектур төлөвлөлтийн даалгавар олгож, гудамж замын улаан шугам, талбайн тохижилт, зам талбайн гэрэлтүүлэг хийж төлөвлөх, явган хүний хөдөлгөөнд саад учруулахгүй, хөрш газар эзэмшигчтэй зөвшилцсөн байх шаардлагуудыг захиргааны актаар тавьсан байна. Иймд  Архитектур төлөвлөлтийн 2013 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн 2013/47 дугаар даалгаврыг олгосон хариуцагчийн үйлдлийг дээр дурдсан хууль, журмын заалтуудад нийцээгүй гэж үзэх үндэслэлгүй байна. 

2.Барилгын ажлыг эхлүүлэх, үргэжлүүлэх зөвшөөрлийн талаар:

Нийслэлийн ерөнхий төлөвлөгөөний газраас 2014 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн 400/2014 дугаар шийдвэрээр иргэн Г.Жавхлантөгсийн захиалгаар 24.0х12.8 метр хэмжээтэй, 50 айлын 15 давхар үйлчилгээтэй орон сууцны барилгыг “Хүчит цамхаг” ХХК-иар гүйцэтгэгчээр ажиллахаар барилгын ажил эхлүүлэх, үргэжлүүлэх зөвшөөрөл (хх-1-р хавтас 141)-ийг олгожээ.

Нийслэлийн ерөнхий төлөвлөгөөний газраас 2014 оны 06 дугаар сарын 09-ний өдөр 467 дугаар архитектур төлөвлөлтийн даалгавар гарч, үүний дараагаар барилгын ажил эхлүүлэх, үргэжлүүлэх зөвшөөрөл авахад шаардагдах зураг төслийг гаргаж, гуравдагч этгээд өөрийн эзэмшил газартаа барилга барих хүсэлт гаргасаны дагуу Барилгын ажил эхлүүлэх, үргэлжлүүлэх 2014 оны 400/2014 дугаар зөвшөөрлийг олгосон байна. Түүнчлэн тус зөвшөөрлийг 2014 оны 10 дугаар сарын 24-ний өдөр 2015 оны 08 дугаар сарын 01-ний өдөр хүртэл сунгасан болох нь (хх-1-р хавтас 114, 143-146-р хуудас) нотлогдож байна. 

Шүүхээс томилогдсон шинжээчийн дүгнэлтийн үзлэг ба шинжилгээ хэсгийн 1-д “...Иргэн Г.Жавхлантөгсийн барилга нь 50 дугаар байрны үндсэн хананаас консолийн хана хүртлээ 13.82 метр зайтай, мөн уг хоёр барилга нь өөд өөдөөсөө харсан ханаараа 4.67 метр зөрсөн байрлалтай, ...Нэхэмжлэгчийн оршин суух 32 тоот орон сууц нь 3 өрөөтэй, үүнээс унтлагын өрөө, хүүхдийн өрөө нь зүүн зүг рүү харсан цонхтой, харин зочны өрөө/ гал тогтоотой хамт/ -ний цонх нь баруун зүг рүү буюу Г.Жавхлантөгсийн барилга руу харсан байрлалтай байна. Зүүн зүгрүү харсан цонхтой хоёр өрөөний цонхоор нарны ээвэрлэлтийн шаардлага хангагдахуйц байна” гэжээ /хх-2-р  хавтас 46/.

Мөн тус дүгнэлтэд “...Т.Содбаярын оршин суух 50 дугаар байрны баруун талын хананд тооцоот хугацаанд 12:50 цагт нар тусаж эхлэх тул тооцоог 12:50-иас 17:20 цагийн хооронд 30 минутын нарийвчлалтайгаар гүйцэтгэн шинжлэхэд: 50 дугаар байрны баруун талын хананд тооцоот хугацаанд 12:50 цагаас эхлэн нар тусах боловч тагтны хашлаганы сүүдэрлэлтийн улмаас 14:50 цагаас эхлэн Т.Содбаярын орон сууцны баруун тийш харсан хоёр цонхоор БНбД 23-04-07-ын 4.5-д заасан шаардлагыг хангахуйц нар шууд тусаж эхэлнэ. ... Тооцоот хугацаа дуусахад буюу 17:20 цаг гэхэд Г.Жавхлантөгсийн орон сууц нь 50 дугаар байрыг сүүдэрлэхгүй байна” гэжээ.

Энэхүү шинжээчийн дүгнэлтэд “СБД-ийн 1 дүгээр хороо, 50 дугаар байрны 32 тоот хаягт орших иргэн Т.Содбаярын орон сууцны зочны өрөөний баруун тийш харсан хоёр цонхоор тооцоот минутын туршид БНбД 23-04-07-д заасан шаардлагыг хангахуйц нарны ээвэрлэлт явагдана. Энэ хугацаанд иргэн Г.Жавхлантөгсийн барилга нөлөөлөхгүй. Дээрхи нарны ээвэрлэлтийн хугацаа нь уг орон сууцны баруун тийш харсан хоёр цонхны хувьд БНбД 23-04-07-ийн 3.6-д заасан шаардлагыг хангахгүй боловч уг нормын 3.5-д заасан шаардлага ёсоор зүүн тийш харсан цонхтой хоёр өрөөний нарны ээвэрлэлтээр тухайн орон сууц нь нарны ээвэрлэлтийн шаардлага бүрэн хангагдаж байна” гэж дүгнэжээ. 

Түүнчлэн шинжээчийн дүгнэлт /хх 2-р хавтас 76-77/-д “...Г.Жавхлантөгсийн 15 давхар орон сууцны барилга нь шулуун тэнхлэгийн дагуу байрласан цамхаг хэлбэрт  барилга тул Орон сууцны барилгын зураг төсөл төлөвлөлт /БНбД 31-01-10/ Барилгын норм ба дүрмийн заавал мөрдөх 4 дүгээр хавсралтын 12 дугаар хүснэгтэд Цамхаг хэлбэрт барилга болон тууш /урт/  хэлбэртэй барилга хоорондын зайг тогтоогоогүй. Иргэн Г.Жавхлантөгсийн 15 давхар орон сууцны барилгыг “Хөндлөн” барилга гэж үзэхгүй. Шулуун тэнхлэгийн дагуу байрласан орон сууцны цамхаг хэлбэрт барилга гэж үзнэ. Тайлбар: Орон сууцны цамхагт барилга гэдэг нь төвлөрсөн нэг орцтой цамхаг хэлбэрийн босоо барилга юм...” гэжээ. 

Үүнээс дүгнэхэд гуравдагч этгээдийн барилга нэхэмжлэгчийн амьдарч байгаа барилга хоорондын зайн улмаас нарны тусгал тусахгүй, байгалийн гэрэл гэгээгүй болсон, нарны тусгалаас үүсэх дулааны эрүүл мэндийн үр ашигтай нөлөөлөл багасаж эрүүл мэндэд нь сөргөөр нөлөөлөхүйц нөхцөл байдал бий болсон гэж үзэж байгаа нэхэмжлэгчийн маргаж байгаа үндэслэл тогтоогдохгүй байна. Тодруулбал, нэхэмжлэгчийн эрүүл аюулгүй орчинд амьдрах субъектив эрх гуравдагч этгээдэд барилга барихаар төлөвлөсөн болон тусгай зөвшөөрөл олгосон хариуцагчийн үйлдэлтэй холбоотойгоор зөрчигдөөгүй байна.

Барилгын тухай хууль /2008/-ийн 6 дугаар зүйлийн 6.2.7-д “барилгын ажлыг эхлүүлэх, үргэлжлүүлэх зөвшөөрөл олгох, барилга байгууламжийг ашиглалтад оруулах үйл ажиллагааг зохион байгуулах” бүрэн эрхийг барилгын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага эдлэхээр заасан ба үүний дагуу Нийслэлийн засаг даргын дэргэдэх төрийн захиргааны байгууллага болох Нийслэлийн ерөнхий төлөвлөгөөний газар гуравдагч этгээд Г.Жавхлантөгсөд барилгын ажлыг эхлүүлэх, үргэлжлүүлэх зөвшөөрлийг олгожээ. 

Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2014 оны 5/14 тогтоолын нэгдүгээр хавсралтаар баталсан Нийслэлийн нутаг дэвсгэрт барилга барих газрын эрх олгох, барилгын эх загвар зураг батлах, барилга угсралтын ажил эхлүүлэх, ашиглалтад оруулах үйл ажиллагааны журмын 8 дугаар зүйлийн 8.1.3-д “Бусдын газар эзэмшихтэй холбогдсон эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих, 8.1.6-д “Барилгын ажлыг магадлал хийгдсэн ажлын зураг төсөлгүйгээр гүйцэтгэх” 8.1.16-д “Хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөө болон барилгын норм нормативыг зөрчин барилгын эх зураг батлах” 8.1.17-д ”Барилга угсралтын ажлыг эхлүүлэх үргэлжлүүлэх зөвшөөрөл олгох, барилга байгууламжийг байнгын ашиглалтад оруулах ажлыг хууль бусаар хийж гүйцэтгэх, Барилгын тухай хууль /2008 он/-ийн 9 дүгээр зүйлийн 9.1.5-д “зэргэлдээ барилга байгууламжийн ашиглалтын хэвийн нөхцөл байдлыг алдагдуулахгүй байх барилга байгууламжийн шаардлагыг хангаагүй.” гэсэн заалтуудыг зөрчсөн гэж нэхэмжлэгч талаас хариуцагчийг буруутгаж байгаа үндэслэл тогтоогдсонгүй.

Иймд нэхэмжлэгч Т.Содбаярын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэв. 

 

          3ахиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 109 дүгээр зүйлийн 109.2, 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.14-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь: 

 

1.Хот байгуулалтын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.6.1, 12.8, Барилгын тухай хууль /2008/-ийн 6 дугаар зүйлийн 6.2.7, 9.1.5-д заасныг баримтлан нэхэмжлэгч Т.Содбаярын “Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлаж буй иргэн Г.Жавхлантөгсийн барилгад олгогдсон 2014 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн 467 дугаар “Архитектур төлөвлөлтийн даалгавар”, 2014 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн 400/2014 дүгээр “Барилгын ажлыг эхлүүлэх, үргэлжлүүлэх зөвшөөрөл”-ийг хүчингүй болгож,...” гэсэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай. 

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч Т.Содбаярын “...орон сууцны 50 дугаар байрны ашиглалтын хэвийн байдлыг эргүүлэн оруулж, хангуулах” гэсэн шаардлага бүхий нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсугай.

3.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.1, 47 дугаар зүйлийн 47.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасны дагуу улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчээс төлсөн 70.200 (далан мянга хоёр зуун) төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй. 

4.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.2-т заасны дагуу шүүхийн энэ шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д заасны дагуу хэргийн оролцогчид тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нь энэхүү шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг мэдэгдсүгэй. 

 

 

ШҮҮГЧ                           А.САРАНГЭРЭЛ