2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр

2025 оны 09 сарын 17 өдөр

Дугаар 192/ШШ2025/07314

 

 

 

 

 

 

 

 

 

2025 09 1*******

192/ШШ2025/0**************4

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Д.Уранзул даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, ******* дугаар хороо, ******* дугаар хороолол, *******0 айл гудамж, ******* байр, ******* тоот хаягт оршин суух, ******* овогт ******* ******* /рд:УХ90*******14*******/-ы нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, дугаар хороо, байр, тоот хаягт оршин суух, овогт /рд:РЭ9*******406/-д холбогдох,

 

Эд хөрөнгийн доголдлыг арилгахад гаргасан зардал 40,990,050 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч , нэхэмжлэгчийн өмгөөлөгч , хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч , хариуцагчийн өмгөөлөгч , шинжээч , шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Амартуяа нар оролцов

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Х.******* нь ажлын хэрэгцээнд зориулж автомашин худалдан авахаар unegui.mn сайтаас 2024 оны 4 сарын 4-ний өдөр зарын дагуу хариуцагч Н.тай уулзаж 2013 онд үйлдвэрлэгдсэн, 2014 онд Монгол улсад орж ирсэн Ланд круйзер 200 маркийн автомашиныг 115,000,000 төгрөгөөр худалдан авсан. Н. хэлэхдээ би машинаа Хэт моторс авто сервист үзлэг оношилгоо, засварыг цаг тухайд нь хийлгэдэг гэж хэлсэнд нь итгээд авсан. Худалдан авсан өдөр Н. машиныг оношилгоонд оруулсан байсан бөгөөд үзлэгийн төлбөрийг нь нэхэмжлэгч төлсөн. Ингээд 2024 оны 4 сарын 5-ны өдөр Улаанбаатараас Сайншанд руу ажлаар явж, буцаад Улаанбаатар хот руу явах замд машин унтарсан. Ямар нэгэн анхааруулах тэмдэг, хянах гэрэл юу ч асаагүй, дахин асаах гэж оролдсон боловч асаагүй тул Улаанбаатар хотоос ачилтын машин дуудаж 850,000 төгрөгөөр ачуулж хотод ирсэн. Н.ад энэ байдлыг хэлэхэд машин зүгээр асуудалгүй, Хэт дээр үзлэг оношилгоог байнга хийлгэдэг байсан учраас ерөнхий инженер болон механик нарт хэлье, машинаа аваачаад үлдээчих гэснээр хэлснийх нь дагуу аваачсан. Засварчид нь мотор задалж үзээд маслоны касчерийн доод талын тагийг авахад шүршигч хошуу буюу нозел нь хугарсан байсан. Бид анх 48,900,050 төгрөгийг гаргуулах нэхэмжлэл гаргаснаа өөрчилж, үнийн дүнг багасгасан.

Хариуцагч Н. нь 2023 оны ******* сарын 21-ний өдрөөс 2023 оны 11 сарын 06-ны өдрийн хооронд тухайн автомашины хөдөлгүүрийг авч задалж, угсарч тавих ажлыг Хэт моторс-ын инженер Х.Бахытбек болон үйлчилгээ үзүүлсэн баримт зэргээс мэдсэн ба энэ бүгдээс үзэхэд худалдагч Н. нь тухайн автомашины моторыг доголдолтой гэдгийг мэдэж байсан ба худалдан авагч талд мэдэгдэх үүргээ биелүүлээгүй буюу доголдолтой эд хөрөнгө гэдгийг мэдсээр байж нуун дарагдуулах байдлаар худалдсан гэж ойлгож байна. Машин худалдан авах үед худалдагч Н. нь моторыг өмнө нь задлуулж янзалж байсан талаараа тодорхой үнэн зөв мэдээллийг бидэнд өгсөн бол бид тухайн тээврийн хэрэгслийг худалдан авахгүй байсан болно. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад ашиглагдах цаг хугацаанд шахагдаж, мөн яаралтай ажлын зайлшгүй шаардлагын улмаас тээврийн хэрэгслийг ашиглах шаардлага тулгарсан тул доголдолтой моторыг өөр доголдолгүй мотороор сольж засварлан нийт 40,990,050 төгрөгийн зардал гарсан. Үүнд: моторын үнэ 3*******,500,000 төгрөг, мотор угсарсан зардал 2,500,000 төгрөг, ачилтын зардал 940,000 төгрөг, моторын тос шинжилгээнд өгсөн зардал 50,050 төгрөг болсон. Иргэний хуулийн 254 дүгээр зүйлийн 254.1-т зааснаар доголдлыг арилгахад гаргасан зардалд нийт 40,990,050 төгрөгийг хариуцагч Н.аас гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа багасгасан гэв.

 

2.Хариуцагч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: ...Автомашин худалдах, худалдан авах гэрээ байгуулсан болон машин өгсөн, авсанд маргаан байхгүй. Машины засвар үйлчилгээг удаа дараа хийлгүүлж байснаа хариуцагч зөвшөөрдөг. Манай зүгээс доголдол биш гэж үзэж байгааг анхан болон давж заалдах шатны шүүх дээр илэрхийлсэн бөгөөд өнөөдөр ч гэсэн энэхүү байр сууриа илэрхийлж оролцож байна. Х.******* ирж, шууд машиныг аваагүй, хэдэн хоногийн дараагаар худалдаж авсан. Мөн авахдаа авто тээврийн газарт оношилгоонд оруулж, төлбөр төлсөн. Мөн нэхэмжлэл дээрээ дурдсанаар ажлын шаардлагаар хөдөө орон нутаг руу явсан байна. Нэхэмжлэгчийн зүгээс машины масло нь дундуур байна, ямар масло хийх вэ гэсэн хоорондын харилцаа байдаг. Харилцсан зурвасуудад хийсэн үзлэгийн тэмдэглэл хэрэгт авагдсан байгаа. Би одоо мотороор шатаад өнгөрье гэсэн хоорондын харилцааны зурвас ч байдаг. Үүнийг доголдол гэж үзэхгүй, Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-т зааснаар худалдаж авсан байна. Өөрөөр хэлбэл, Х.******* ланд 200 маркийн автомашиныг хуучин гэдгийг нь мэдэж байсан. Доголдолтой талаар бид хоорондоо ярилцаж тохиролцсон зүйл байхгүй. Магадгүй Н.ын хувьд Хэт моторс дээр бол байнгын засвар үйлчилгээ хийлгүүлдэг байсан байж болно. Энд засварын үйлчилгээ хийлгүүлдэг баримт чамд хэрэгтэй юу гэхэд хэрэггүй гэх харилцаа явагдсан байдаг. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. Доголдол биш, Иргэний хуулийн 255 дугаар зүйлийн 255.1.3-т заасан өөрөө жолоочийн хариуцлагагүй үйлдлээс болж бий болсон эвдрэл гэмтэл гэж манай зүгээс үзэж байна гэв.

 

3.Нэхэмжлэгчийн шүүхэд гаргаж өгсөн нотлох баримтуудыг дурдвал: Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, иргэний үнэмлэхийн лавлагаа, улсын дугаартай автомашины гэрчилгээний хуулбар, Худалдаа хөгжлийн банкны дансны хуулга, 2024 оны 5 дугаар сарын *******-ны өдрийн тайлбар, Хаан банкны дансны хуулга, Дайчин зам ХХК-ийн захирлын тодорхойлолт, Таван богд ХХК, Мөнххада ХХК, Top motors ХХК-н үнийн санал, зарлагын баримт, Хэт моторс ХХК-ийн автомашины засвар үйлчилгээний тодорхойлолт, фото зураг, Б.Уламбаярын гар бичмэл, дансны хуулга, Текеномикс Монгол ХХК-ийн сорилтын үр дүнгийн тайлангийн хуулбар, 2024 оны 4 дүгээр сарын *******-ны өдрийн Шатахууны картын үйлчилгээ үзүүлэх гэрээ, Авто тээврийн хэрэгсэл эзэмших, өмчлөх эрхийн лавлагаа, гар бичмэлүүд,

 

Хариуцагчаас шүүхэд баримт ирүүлээгүй байна.

 

Шүүхийн журмаар бүрдүүлсэн баримтуудыг дурдвал: 2024 оны 06 сарын 19-ны өдрийн үзлэгийн хийсэн тэмдэглэлүүд, Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2025 оны 05 сарын 0*******-ны өдрийн ЕГ0225/44******* дугаар Шинжээчийн дүгнэлт,

 

Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн зохигчдын тайлбар болон хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1.Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй.

 

 

2.Нэхэмжлэгч Х.******* нь хариуцагч Н.ад холбогдуулан эд хөрөнгийн доголдлыг арилгуулах буюу доголдолгүй тухайн төрлийн эд хөрөнгөөр солиулах, бусад зардалд 48,900,950 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргасан ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шаардлагаа өөрчлөн, багасгаж автомашины доголдлыг арилгахад гарсан зардалд 40,990,050 төгрөг гаргуулахаар шаардав.

 

Нэхэмжлэгч шаардлагын үндэслэлээ ...доголдолтой моторыг өөр доголдолгүй мотороор сольж засварлан моторын үнэд 3*******,500,000 төгрөг, мотор угсарсан зардал 2,500,000 төгрөг, ачилтын зардал 940,000 төгрөг, моторын тос шинжилгээнд өгсөн зардалд 50,050 төгрөг, нийт 40,990,050 төгрөгийн зардал гарсныг худалдагчаас гаргуулна хэмээн тайлбарлав.

 

Хариуцагч ...Х.******* ланд 200 маркийн автомашиныг хуучин гэдгийг нь мэдэж байсан. Доголдолтой талаар бид хоорондоо ярилцаж тохиролцсон зүйл байхгүй. Өөрийн буруугаас моторын масло тосыг шалгаагүйгээс машин эвдэрсэн гэж маргав.

 

3.2024 оны 04 сарын 3-ны өдөр Х.******* нь Н.тай харилцан тохиролцон 2013 онд үйлдвэрлэгдэж, 2014 онд Монгол улсад орж ирсэн, Toyota, Land маркийн, арлын J дугаартай, УЕО улсын дугаартай, автомашиныг 115,000,000 төгрөгөөр худалдан авсан байна.

 

Худалдан авагч машины үнэд 115,000,000 шилжүүлсэн, худалдагч мөнгийг хүлээн авч, автомашиныг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлсэн үйл баримтын талаар талууд маргаагүй болно.

 

Харин доголдолгүй автомашин хүлээлгэн өгсөн, автомашины моторт учирсан гэмтэл нь нэхэмжлэгчийн буруугаас буюу тос багатай удаан явснаас шалтгаалсан гэж маргадаг.

 

Иргэний хуулийн 43 дугаар зүйлийн 43.1.1-т хэлцлийн гол нөхцөлийн талаар талууд хэлэлцэн тохиролцсон бол хэлцлийг хийсэн гэж үзнэ гэж заасан ба талууд бичгээр гэрээ байгуулаагүй хэдий боловч худалдагч Н. нь автомашин худалдах, худалдан авагч Х.******* нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлөхөөр гэрээний гол нөхцөлийн талаар харилцан тохиролцсон тул талуудын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-т зааснаар худалдах, худалдан авах гэрээ байгуулагдсан гэж үзнэ.

 

4.Зохигчдын хооронд байгуулагдсан гэрээ хүчин төгөлдөр тул гэрээнд заасан үүргээ талууд биелүүлэх, зохих ёсоор биелүүлээгүй тохиолдолд гэрээнээс татгалзах, гэрээг цуцлах, үр дагавар, хохирлыг шаардах эрхтэй.

 

Худалдан авагч автомашиныг худалдан авснаас хойш 3 хоногийн дараа буюу 2024 оны 04 сарын 06-ны өдөр машины тос багассан талаар хариуцагчид мэдэгдсэн байх ба Сайншанд сумаас Улаанбаатар хот руу буцах замд автомашин унтарч дахин асаагүй тул 04 сарын 13-ны өдөр ачигч тээврийн хэрэгсэл хөлслөн ачуулж Улаанбаатар хотод авчран  Хэт моторс ХХК-ийн хашаанд хариуцагчийн зөвлөн буулгасан байдаг.

 

Хэрэгт авагдсан Хэт моторс ХХК-ийн инженерийн 2024 оны 04 сарын 1*******-ны өдрийн тодорхойлолтоос үзэхэд ...2024 оны 04-р сарын 14-ний өдөр Х.*******ы эзэмшлийн 98-63 УЕО улсын дугаартай, ТLC 200 маркийн автомашин хөдөлгүүр зуурсан байдалтай орж ирсэн, ...№1, №2, №8 дугаар цилиндрийн форсунк ажиллагаагүй, №4, №5 , №******* дугаар цилиндрийн форсунк урагшаа цацалт ихтэй зааж байсан, 4-р сарын 25-ны өдөр хөдөлгүүр задалж үзэхэд цилиндр зуурсан, гилз ухагдсан, №8 дугаар цилиндрийн шатун савлагаа орсны улмаас маслын нэг суваг буюу 8-р суваг хугарсан байдалтай байсан. Иймд хөдөлгүүрийн тос багатай явж байсны улмаас хөдөлгүүр зуурсан гэж дүгнэжээ.

 

 

Шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад тээврийн хэрэгслийн хөдөлгүүрт үүссэн эвдрэл, гэмтлийн шалтгааныг тогтоолгохоор Шүүх шинжилгээний ерөнхий газрыг шинжээчээр томилсон боловч шинжээчийн 2025 оны 05 сарын 0*******-ны өдрийн ЕГ0225/44******* дугаар дүгнэлтээс үзэхэд ...шинжилгээнд ирүүлсэн дэлгэж тавьсан хөдөлгүүр нь анхны байдлаа алдсан, тухайн тээврийн хэрэгсэлд байсан гэх нотломж байхгүй тул шинжилгээ хийж шалтгаан нөхцөлийг тогтоох боломжгүй болох нь тогтоогдов.

 

Автомашины моторт учирсан гэмтлийн тухайд талууд маргаагүй ба гэмтэл учирсан шалтгааныг хариуцагч ...нэхэмжлэгч тосгүй, тос нэмэлгүй явснаас болсон гэж, нэхэмжлэгч ...автомашины мотор доголдолтой байснаас тосоо идсэн, мөн анхааруулах гэрэл асаагүй, хариуцагч өмнө нь моторыг авч задалж байснаа нуусан гэж тус тус тайлбарласан.

 

Талуудын тайлбар, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хийсэн үзлэгийн тэмдэглэлээр автомашиныг худалдсан өдрөөс хойш 3 хоногийн дараагаас ...масло үзсэн чинь хар толгой болчихсон байна, ...хар толгой болчихсон байнаа, үгүй л баймаар юм, унтрааж нэлээн байж байгаад үзсэн үү. Саяхан үзэхэд стандарт байсандаа. Масло идэх боломжгүй, Хэт моторт масло солиулсан... гэх талуудын харилцсан мессеж, 2023 оны ******* дугаар сард Хэт моторс ХХК-д автомашинд хийгдсэн засвар үйлчилгээний хуудас, мөн Хэт моторс ХХК-ийн инженер Х.Бахытбекийн 2024 оны 06 сарын 03-ны өдрийн тодорхойлолт зэргээс үзэхэд худалдагчийн худалдсан автомашин биет байдлын хувьд доголдолтой байсан гэж үзэх үндэслэлтэй байна.

 

Өөрөөр хэлбэл автомашинд илэрсэн дээрх гэмтлийг нэхэмжлэгч ердийн байдлаар гаднаас нь хараад мэдэх боломжгүй буюу мэргэжлийн байгууллагын үзлэг оношилгоогоор тогтоох боломжтой юм.

 

5.Иргэний хуулийн 254 дүгээр 254.1-т худалдан авагч нь эд хөрөнгийн доголдлыг арилгуулах буюу доголдолгүй тухайн төрлийн эд хөрөнгөөр солиулах, доголдлыг арилгахад гаргасан зардлаа төлүүлэх, эсхүл гэрээг цуцлах тухай шаардлага гаргах эрхтэй талаар заасан.

 

Нэхэмжлэгч нь хөдөө орон нутагт ажилладаг гэх ба ажлын зайлгүй хэрэгцээ, шаардлагын улмаас өөрийн хөрөнгөөр доголдлыг арилгасан гэж тайлбарлаж, шаардлагаа автомашинд шинээр худалдан авсан моторын үнэ 3*******,500,000 төгрөг, солиулахад гарсан зардал 2,500,000 төгрөг, ачилтын зардал 940,000 төгрөг, тос шинжлүүлэх зардал 50,050 төгрөг, нийт 40,940,000 төгрөг гэж тодорхойлсон.

 

Хариуцагч нь нэхэмжлэгчийн худалдан авсан моторын үнэ, солиулах зардлын хэмжээний тухайд маргаагүй ба нэхэмжлэгч нь Toyota компанийн албан ёсны борлуулагч Мөнххада ХХК, Топ моторс ХХК болон хувь хүнд байгаа мотор зэргээс сонголт хийн иргэн Б.Уламбаяраас 3*******,500,000 төгрөгөөр худалдан авч, ажлын хөлсөнд 2,500,000 төгрөг, нийт 40,000,000 төгрөгийг төлсөн нь зах зээлийн дундаж үнэлгээнээс хэтрээгүй гэж үзэхээр байна.

 

Нэхэмжлэгч нь Б.Уламбаярын Хаан банк дахь тоот дансанд 2024 оны 05 сарын 2*******-ны өдөр land200 motor гэх утгаар 40,000,000 төгрөг шилжүүлсэн, Б.Уламбаяр нь нэхэмжлэгч Х.*******д мотор худалдсан, сольж тавьсан, 6 сарын баталгаат хугацаа өгснөө бичгээр тодорхойлж, нотариатаар гэрчлүүлсэн нь баримтаар нотлогдов.

 

Тиймээс хариуцагч Н.аас худалдах худалдан авах гэрээний зүйлийн доголдлыг арилгахад гаргасан зардалд 40,990,050 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Х.*******д олгох нь зүйтэй гэж үзэв.

 

6.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн ******* дугаар зүйлийн *******.1.1-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 402,450 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Н.аас улсын тэмдэгтийн хураамжид 362,900 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Х.*******д олгох нь зөв байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 1*******, 1 дугаар зүйлд заасныг удирдлага болгон,

 

ТОГТООХ нь:

 

1.Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 254 дүгээр зүйлийн 254.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Н.аас 40,990,050 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Х.*******д олгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн ******* дугаар зүйлийн *******.1.1-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 402,450 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Н.аас улсын тэмдэгтийн хураамжид 362,900 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Х.*******д олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болох ба хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.*******-д зааснаар шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг тайлбарласугай.

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.УРАНЗУЛ