Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 09 сарын 04 өдөр

Дугаар 210/МА2019/01618

 

 

 

 

 

2019 оны 09 сарын 04 өдөр

Дугаар 210/МА2019/01618

 

 

Г.Б-ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Н.Батзориг даргалж, шүүгч Т.Туяа, Ч.Цэнд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2019 оны 7 дугаар сарын 05-ны өдрийн 102/ШШ2019/01973 дугаар шийдвэртэй

 

Нэхэмжлэгч Г.Б-ХХК-ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч Д.А-, Н.М-нарт холбогдох

 

Зээлийн гэрээний үүрэгт 83 216 575.60 төгрөг гаргуулж, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Хариуцагч Д.А-, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Ч.Цэндийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Оюун-Эрдэнэ

Хариуцагч Д.А-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Сүхбаатар

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Энхнаран нар оролцов.

 

Нэхэмжлэгч Г.Б-ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Д.А-, Н.М-нартай 2017 оны 6 дугаар сарын 08-ны өдөр ЗГ2705112273 дугаартай зээлийн гэрээ байгуулж 98 000 000 төгрөгийг жилийн 35.4 хувийн хүүтэйгээр 12 сарын хугацаатай зээлж авсан. Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар 2017 оны 6 дугаар сарын 08-ны өдөр БГ2705112273 дугаарт ипотекийн гэрээг байгуулж Хан-Уул дүүрэг 1 дүгээр хороо Жаргалан 5-28 тоот 107 м.кв улсын бүртгэлийн Ү-2206006046 дугаар бүхий 4 өрөө орон сууцыг барьцаалсан. Зээлийн гэрээний хугацаа дууссан тухай мэдэгдсэн боловч зээлээ төлөхгүй байсаар 2019 оны 4 дүгээр сарын 09-ний өдрийн байдлаар зээл, зээлийн хүүний төлбөрийг 456 хоног хугацаа хэтрүүлсэн. Иймд хариуцагч Д.А-, Н.М-нараас зээл, хүү, нэмэгдүүлсэн хүү нийт 83 216 575.60 төгрөг гаргуулж, барьцаа хөрөнгө Хан-Уул дүүрэг 1 дүгээр хороо Жаргалан 5-28 тоот 107 мкв улсын бүртгэлийн Ү-2206006046 дугаар бүхий 4 өрөө орон сууцаар үүргийн гүйцэтгэлийг хангуулж өгнө үү гэв.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Сүхбаатар шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Зээл авсан нь үнэн. Үнийн дүнд маргахгүй. Зээлийг 35.4 хувийн хүүтэй зээлж авсан. Зээлийг сунжирсан байдалтай төлж байсан. Банк зээлийг нэхэмжлэхгүй хугацаа алдсан явдал бий. Хариуцагч зээлийг аваад маргааш нь түүний данснаас 97 000 000 төгрөгийг Н.Баттуул шилжүүлж авсан. Энэ нь дансны баримтаар тогтоогдоно. Хариуцагч мөнгийг хэрэглээгүй. Зээлийг төлөх талаар харилцан ярилцаж байгаа гэжээ.

Хариуцагч Н.М-шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Г.Б-ХХК-ийн нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Уг зээл болон мөнгийг аваагүй, авч хэрэглээгүй тул тухайн зээлийг авсан хүнтэй нь учраа олно уу гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлйин 453.1-д зааснаар хариуцагч Д.А-, Н.М-нараас 83.216.575.60 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Г.Б-ХХК-нд олгож, Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1-д зааснаар хариуцагч Д.А-, Н.М-нарын өмчлөлийн Хан-Уул дүүрэг 1 дүгээр хороо Жаргалан 5-28 тоот 107 мкв улсын бүртгэлийн Ү-2206006046 дугаар бүхий 4 өрөө орон сууцаар үүргийн гүйцэтгэлийг хангаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 574.032.88 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагч Д.А-, Н.М-нараас тус бүр 287.016.44 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Г.Б-ХХК-д олгон шийдвэрлэжээ.

 

Хариуцагч Д.А-, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах гомдолдоо: Шүүх уг шийдвэрийг гаргахдаа хэт нэг талыг баримтлан гаргасан. Г.Б-ХХК нь Их дэлгүүр салбарын захирал н.Бат-Уул хууль бусаар Д.А-аар ажлын цаг дууссаны дараа зээл авахуулж өөрийн данс руугаа хийлгэж авсныг мэдсээр байж, н.Бат-Уулыг ажлаас халж, нийт 456 хоног зээл төлүүлэх ямар ч ажиллагаа хийлгүй зөвхөн хэт өндөр хүүгээ авахаар чимээгүй байсан. Нийт 98 000 000 төгрөгийн зээл авсан. 8 удаагийн төлөлтөөр 72 700 000 төгрөгийн зээл, зээлийн хүү төлсөн болно. Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.4 дэх хэсэгт заасныг ноцтойгоор зөрчиж, уг зээлийг олгосон болно. Тус хуулийн 26 дугаар зүйлд заасныг зөрчиж өөрийн захирлын хууль бус үйл ажиллагааг нуун дарагдуулахын тулд 456 хоног хүлээн дээрх хуулийн заалтыг ноцтойгоор зөрчсөн байх тул шийдвэрийг хэрэгсэхгүй болгож, дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүх рүү буцааж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулав.

 

Нэхэмжлэгч Г.Б-ХХК нь хариуцагч Д.А-, Н.М-нарт холбогдуулан зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 83 216 575.60 төгрөг гаргуулж, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулахаар нэхэмжилснийг хариуцагч нар эс зөвшөөрч, маргажээ.

Г.Б-ХХК нь Д.А-тай байгуулсан 2017 оны 6 дугаар сарын 08-ны өдрийн зээлийн гэрээгээр түүнд 98 000 000 төгрөгийг жилийн 35.4 хувийн хүүтэй, 12 сарын хугацаатай зээлдүүлэх, зээлдэгч Д.А- нь зээлийн гэрээний хугацаанд мөнгийг тохиролцсон хүүгийн хамт тогтоосон хуваарийн дагуу төлөх үүрэг тус тус хүлээж, зээлдэгч мөнгийг шилжүүлэн авсан болох нь талуудын тайлбар, зээлийн дансны хуулга зэрэг баримтаар тогтоогджээ. /хх-8-10,15/ Энэ үйл баримт болон гэрээний хүчин төгөлдөр байдлын тухайд талууд маргаагүй, тэдгээрийн хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт заасан зээлийн гэрээний харилцаа үүссэн гэж үзнэ. Иймд гэрээний нэг тал нөгөө талаасаа гэрээний үүргээ биелүүлэхийг шаардах эрхтэй.

Хариуцагч нар ... зээлийн мөнгийг хэрэглээгүй, тус банкны салбарын эрхлэгч Н.Баттуулд зээл авч өгсөн, ...банк зээлийг нэхэмжлэхгүй хугацаа алдсан ... гэж маргасан байна.

Зээлийн гэрээний дагуу Г.Б-ХХК-иас хариуцагч Д.А-ийн дансанд 98 000 000 төгрөгийг 2017 оны 6 дугаар сарын 08-ны өдөр шилжүүлсэн байхаас гадна хариуцагч тал нь Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1 дэх хэсэгт заасан гэрээний талуудын чөлөөт байдлын зарчим алдагдаж, нэг талын хүсэл зоригийн үндсэн дээр зээлийн гэрээ байгуулсан гэх татгалзлын үндэслэлээ баримтаар нотлоогүй байна. Иймд Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай 21 дүгээр зүйлийн 21.4 дэх хэсэгт зааснаар хариуцагч Д.А-т зээл олгогдсонд тооцох тул энэ талаар гаргасан хариуцагч Д.А-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн нэхэмжлэгч журмаа зөрчсөн, зээлийг өөр этгээдийн хүсэлтээр авсан гэх тайлбар, давж заалдах гомдол үндэслэлгүй.

Хариуцагч Д.А- авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй болох нь хэрэгт авагдсан зээлийн эргэн төлөлтийн тооцоолол, зээлийн дансны хуулга зэрэг баримтаар нотлогдсон, /хх-10,13-16/ хариуцагч үүнийг үгүйсгэж маргаагүй учир нэхэмжлэгч тал хариуцагчаас шүүхэд нэхэмжлэл гаргах хүртэл хугацааны зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү тооцон шаардсан нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт заасанд нийцнэ. Анхан шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт заасан журмын дагуу хэрэг авагдсан бөгөөд шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг харьцуулан үнэлэхдээ зээлийн гэрээний харилцаанд оролцоогүй этгээд болох хариуцагч Н.Мөнгөншагайгаас зээлийн үүргийг гаргуулахаар шийдвэрлэсэн нь буруу байх тул давж заалдах шатны шүүхээс зөвтгөн өөрчлөх нь зүйтэй гэж үзлээ.

Үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах шаардлагын тухайд:

Нэхэмжлэгч Г.Б-ХХК, зээлийн гэрээний үүргийг хангах зорилгоор хариуцагч Д.А-, Н.М-нартай 2017 оны 6 дугаар сарын 08-ны өдөр ипотекийн гэрээ байгуулж, хариуцагч нарын өмчлөлийн Хан-Уул дүүрэг, 1 дүгээр хороо, Жаргалан 5 дугаар байрны 28 тоот хаягт байршилтай 107 м.кв талбай бүхий 4 өрөө орон сууцыг барьцаалан гэрээг улсын бүртгэлд бүртгүүлжээ. /хх 11-14 дэх тал/ Уг гэрээ нь Иргэний хуулийн 165 дугаар зүйлийн 165.1, 166 дугаар зүйлийн 166.1, 166.2 дахь хэсэгт заасан шаардлагыг хангасан хүчин төгөлдөр гэрээ байх ба энэ талаар зохигчид маргаангүй. Анхан шатны шүүх дээрх нэхэмжлэлийн шаардлагын хувьд хариуцагч нарын өмчлөлийн эд хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт нийцэж байна.

Дээрх үндэслэлээр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулахаар шүүх бүрэлдэхүүн тогтов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 7 дугаар сарын 05-ны өдрийн 102/ШШ2019/01973 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын Д.А- гэснийг Д.А-аас 83 216 575.60 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Г.Б-ХХК-д олгож, хариуцагч Н.Мөнгөншагайд холбогдох зээлийн гэрээний үүрэг гаргуулах тухай шаардлагад холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай гэж өөрчлөн, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт заасны дагуу хариуцагч Д.А-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 574 033 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгомогц хүчинтэй, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацаа тоолохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Н.БАТЗОРИГ

ШҮҮГЧИД Т.ТУЯА

Ч.ЦЭНД