Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 04 сарын 17 өдөр

Дугаар 2025/ДШМ/449

 

 

  2025             04             17                                       2025/ДШМ/449

 

Т.Б, Н.Н

нарт холбогдох эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн ерөнхий шүүгч Б.Зориг даргалж, шүүгч М.Алдар, шүүгч Д.Мөнхөө нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Б.Энэрэл,

шүүгдэгч Т.Б-гийн өмгөөлөгч А.Очбадрал,

цагаатгагдсан этгээд Н.Н, түүний өмгөөлөгч Б.Түвшинтөгс,

нарийн бичгийн дарга Б.Эрхэс нарыг оролцуулан,

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн 2025/ШЦТ/383 дугаар шийтгэх тогтоолыг  эс зөвшөөрч  шүүгдэгч Т.Бгийн гаргасан давж заалдах гомдол, прокурор Б.Энэрэлийн бичсэн 2025 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн 16 дугаартай эсэргүүцлээр Т.Б, Н.Н нарт холбогдох эрүүгийн 2308000001478 дугаартай хэргийг 2025 оны 04 дүгээр сарын 02-ны өдөр хүлээн авч, шүүгч Д.Мөнхөөгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

1. Т.Б,

Сум дундын 27 дугаар шүүхийн 2014 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн 171 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145.1, 261.1-д зааснаар 2 жилийн хорих ял шийтгүүлж, уг ялыг тэнсэж 1 жилийн хугацаагаар хянан харгалзсан,

Булган аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн 32 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91.2.2-т зааснаар 17 жилийн хорих ял шийтгүүлж, Дархан аймгийн сум дундын шүүхийн 3002 дугаартай ялыг нийцүүлэх хасах захирамжаар ялын хэмжээг 9 жил 4 cap 26 хоногийн хорих ял болгож, 2022 оны 07 дугаар сарын 29-ний өдрийн шүүгчийн захирамжаар 8 cap 18 хоногийн хугацааны өмнө тэнсэн суллагдаж, 2023 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн 23/116 дугаар тогтоолоор эрүүгийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дууссан хувийн байдалтай.

2. Н.Н,

Шүүгдэгч Т.Б нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2023 оны 08 дугаар сарын 29-нөөс 30-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Орбит” гэх газарт иргэн С.Б-ийн эд хөрөнгийг авах зорилгоор нүүрэн тус газар гараараа цохиж, хана мөргүүлж өөртөө эдийн ашигтай байдал бий болгох зорилгоор хүнийг алсан гэмт хэрэгт,

шүүгдэгч Н.Н нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Т.Б-тэй бүлэглэж 2023 оны 08 дугаар сарын 29-нөөс 30-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Орбит” гэх газарт амь хохирогч С.Б-ийн газарт унагаасны дараа нь хохирогчийн өмдний халааснаас нь гар утас, түрийвч зэрэг эд зүйлсийг авч дээрэмдсэн гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас: Т.Б-гийн үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дахь заалтад зааснаар, Н.Н-ын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 3, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт тус тус зааснаар  зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх: Прокуророос шүүгдэгч Н.Н-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар зүйлчилж ирүүлснийг гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, түүнийг цагаатгаж, шүүгдэгч Т.Б-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дахь заалтад зааснаар өөртөө эдийн ашигтай байдал бий болгох зорилгоор хүнийг алах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, 17 /арван долоо/ жилийн хугацаагаар хорих ял шийтгэж, оногдуулсан ялыг хаалттай хорих байгууллагад ялыг эдлүүлэхээр тогтоож, цагдан хоригдсон нийт 523 /таван зуун хорин тав/ хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцож, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 508 дугаар зүйлийн 508.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Б-гөөс 2,109,490 /хоёр сая, нэг зуун есөн мянга, дөрвөн зуун ер/ төгрөг гаргуулж, хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид олгож, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нь гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг болон хохирогчийн гэр бүлийн хүмүүс сэтгэцэд учирсан хохирлоо нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдаж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн камерын бичлэг бүхий 3 ширхэг дискийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргаж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан самсунг бичиглэл бүхий асдаггүй хар өнгийн болон самсунг бичиглэл бүхий эвдэрхий цагаан өнгийн 2 ширхэг гар утас, айфон маркийн гадуураа хүрэн өнгийн гэр бүхий 1 ширхэг гар утсыг эзэмшигчид буцаан олгож, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нарын иргэний бичиг баримт шилжиж ирээгүй, шүүгдэгч нараас гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч Н.Н нь цагдан хоригдсон хоноггүй, энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэжээ.

Шүүгдэгч Т.Б давж заалдах гомдолдоо: “...Миний бие 202 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн 383 дугаартай шийтгэх тогтоолоор 17 жил хаалттай дэглэмтэй хорих ял шийтгүүлсэн. Би өөрийн болчимгүй зан байдал, амьдралд хандах буруу хандлага, гэмт үйлдлээсээ болж архи дарс хэрэглэн согтуурч, улмаар хүний алтан амь биеийг хохироосондоо харамсаж байна. Хэдийгээр надад амь хохирогчийг дээрэмдэх, цаашлаад амь насыг нь бүрэлгэх санаа зорилго байгаагүй ч гэлээ өөрийн хийсэн гэм буруугаа өмгөөлөн хэлэх үг байхгүй. Бүх зүйл миний өөрийн буруугаас болсон. Амь хохирогчийн ар гэрээс уучлал хүсэж байна. Одоо би 39 настай. Угтаа бол амьдралд зөв зохистой зам мөрөө олж нийгэмд иргэнд эерэг иргэн байж бусадтай зүй зохистой харилцан алдаа, оноог ойлгодог хүн бол төлөвших ёстой атал хормын төдийн уур бухимдалд биеэ хянаж чадалгүй, зугаа цэнгэлд автан хүний алтан амийг хохироож, өөрийнхөө амьдралыг засаж залруулалшгүйгээр бусниулан хүнд гэмт хэрэгтэн болж 17 жилийн хорих ял эдлэхээр болсонд сэтгэл зүйд минь хүнд тусаж, харамсаж байна. Болж өнгөрсөн бүхнийг буцаан засаж залруулах хүний үнэт амь бие хохирсноос үүдсэн гэм, хор уршгийг хэзээ ч нөхөж баршгүй гэдгийн ойлгож байна. Хорих ангид ял эдлэх хугацаандаа ажил хөдөлмөр эрхэлж амь хохирогчийн гэр бүлийн гишүүдийн сэтгэл санаанд учирсан нөхөн төлбөрийн төлж барагдуулах, хойшид өөртөө дүгнэлт хийж, алхам бүрээ хянаж дахин алдаа дутагдал гаргахгүй гэдгээ амлаж байна. Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн хэргийн үйл баримтыг дахин нягталж, эрх зүйн байдлыг дээрдүүлсэн ял шийтгэл оногдуулж, Эрүүгийн хуулийн энэрэнгүй зарчмыг баримтлан оногдуулсан хорих ялыг хөнгөрүүлж өгнө үү. ...” гэжээ.

Прокурор Б.Энэрэл эсэргүүцэл болон дүгнэлтдээ: “...Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хэргийг 2025 оны 02 дугаар сарын 05-ны өдөр хянан хэлэлцээд 2025/ШЦТ/383 дугаартай шийтгэх тогтоолоор шүүгдэгч Н.Нын үйлдлийг “гэмт хэргийн шинжгүй” үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, шүүгдэгчийг цагаатгаж шийдвэрлэсэн. Шийтгэх тогтоолыг 2025 оны 02 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч танилцаад, шүүхийн шийдвэр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан “дүгнэлт нь шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтаар нотлогдохгүй байвал”, мөн 1.4 дэх заалтад заасан “дүгнэлт нь шүүгдэгчийн гэм буруугийн асуудлыг шийдвэрлэхэд нөлөөлсөн” буюу шүүхийн тогтоолд заасан дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцээгүй гэж үзэж дараах үндэслэлээр эс зөвшөөрч, прокурорын эсэргүүцэл бичиж байна. Хэргийн тухайд, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудаар шүүгдэгч Т.Б-гийн амь хохирогчийг хана мөргүүлж унагаасны дараа шүүгдэгч Н.Н нь хохирогчийн хувцасны халаасыг нь ухаж, гар утас, түрийвч зэрэг эд зүйлсийг авч, хэргийн газраас Т.Б-тэй хамт зугтаан, такси барьж явсан үйл баримт тогтоогддог тул прокуророос шүүгдэгч Н.Н-ыг шүүгдэгч Т.Б-тэй бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж, хууль бусаар авсан дээрэмдэх гэмт хэрэг үйлдсэн гэж, шүүгдэгч Т.Б-г шунахайн сэдэлтээр, өөртөө болон бусдад эдийн ашигтай байдал бий болгох зорилгоор хүнийг алсан гэж тус тус зүйлчилж, яллах дүгнэлт үйлдсэн болно. Шүүгдэгч Н.Н, Т.Б нарын хэн аль нь тухайн хэрэг явдал болох өдөр бааранд танилцаж, хамт нэг ширээнд сууж архи уусан, баарнаас гарч яваад үүдэнд шүүгдэгч Т.Б амь хохирогчтой хувийн таарамжгүй харилцаанаас үүдэн маргалддаг, уг маргаанд шүүгдэгч Н.Н оролцдоггүй боловч Т.Б-гийн хамт байсан бөгөөд шүүгдэгч Т.Б тэр цаг үеэс эхлээд амь хохирогчийг нэг удаа нүүрэн тус газар нь цохиж, зодсон ба амь хохирогчийн араас дагаж, хөөж гүйцэн, чирээд барилгын араар орох үед шүүгдэгч Н.Н нь Т.Б-гөөс огт салаагүй, хамт дагаад яваад байсан дүрслэл тогтоогддог. Дээрх дүрслэгдэн тогтоогдсон үйл баримт нь шүүгдэгч нарын хэн алины мэдүүлэг болон хэрэгт ач холбогдол бүхий хэргийн газрын байдлыг харуулсан дүрс бичлэгүүдээр маргаангүй нотлогддог. Өөрөөр хэлбэл шүүгдэгч Н.Н нь амь хохирогчтой таарахаас өмнө тухайн өдөр шүүгдэгч Т.Б-тэй танилцсан байсан, хамт баарнаас гарсан үеэс эхлээд гэмт хэрэг үйлдэгдэж эхэлсэн, төгссөн үе, шүүгдэгч нар гэмт хэрэг үйлдээд хэргийн газраас зугтсан боловч шүүгдэгч нар хамт дахин бааранд орж архи ууж байгаад салсан байдаг. Хяналтын камерын бичлэгүүдээс үзэхэд гэмт хэрэг 2023 оны 08 дугаар сарын 29-нөөс 30-нд шилжих шөнийн 01 цагаас эхэлсэн бол 03 цагт гэмт хэрэг төгссөн, шүүгдэгч нар хэргийн газраас зугтаад үүр цайтал хамт бааранд архи уугаад нэг нэгээрээ баарнаас гараад явсан хугацаа буюу тэр шөнөжин хамт байсан ба шүүгдэгч Н.Н нь бүтэн 4-5 цагийн хугацаанд шүүгдэгч Т.Б-тэй хамт байх үедээ түүний ямар нэгэн дарамт шахалтад автсан, заналхийлэлд өртсөн, шүүгдэгч Т.Б нь шүүгдэгч Н.Н-ыг өөрөөсөө салгахгүй байхаар ямар нэгэн хүч хэрэглэсэн, хүч хэрэглэхээр заналхийлж, дарамтад оруулсан нөхцөл байдал тогтоогдоогүй. Шүүгдэгч Н.Н нь мөрдөн шалгах ажиллагаа болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлгээрээ би дээрэмдээгүй, бусдын албадлага эрхшээлд орсон, айсан учраас хохирогчийн эд зүйлийг авсан гэж мэдүүлэх боловч түүнийг бодитой дарамталсан, сүрдүүлсэн үйл баримт тогтоогдохгүйн зэрэгцээ хэрэгт авагдсан хяналтын камерын бичлэгүүдээр шүүгдэгч Т.Б амь хохирогчийг анх баарны гадаа 1 удаа нүүрэн тус газар нь цохиж унагаах үед, амь хохирогч босож ирээд салаад явахад нь Т.Б нь хохирогчийн араас элдэж, хөөн амь хохирогчтой зууралдаж явах зэрэг цаг хугацаанд шүүгдэгч Н.Н нь Т.Б-гийн үйлдэл, тухайн нөхцөл байдлаас үнэхээр айсан бол зугтаах, орхиж явах бүрэн боломжтой байсан, мөн Т.Б нь замын нэг талаас нөгөө талд дагаад явж байгаа Н.Ныг дуудахад түүнд тодорхой орон зайд зугтах боломж байсан зэргээр үгүйсгэгдэж байна. Прокуророос шүүгдэгч нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлаж гэмт хэргийг бүлэглэж гүйцэтгэсэн гэж дүгнэсэн ба уг хэргийн хувьд шүүгдэгч Н.Н, Т.Б нар нь гэмт хэрэг үйлдэх талаар урьдчилан үгсэн тохиролцсон эсэхээс үл хамаарч, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн ганцаараа явж байсан ахимаг насны /65 настай/ амь хохирогчтой маргалдаж эхлээд л өөрсдөдөө эдийн ашигтай байдал бий болгох буюу эд зүйлийг нь авах зорилгоор шунахайн сэдэлт төрж, шүүгдэгч Т.Б нь цохиж унагаан, унаад хөдөлгөөнгүй болсны дараа Н.Н нь халаасыг нь ухаж, утас, түрийвч авч хэн аль нь хууль бус үйлдлээрээ нэгдэж, хохирогчид хохирол, хор уршиг бий болгосныг бүлэглэн гүйцэтгэх гэж үзнэ. Гэтэл шүүгдэгчийн өмгөөлөгч болон анхан шатны шүүхээс шүүгдэгч нарын биеийн харьцааны ялгаатай байдлаар дүгнэлт хийж, шүүгдэгч нарын гэмт хэрэгт оролцсон байдал, сэдэлт, зорилгыг тодорхойлж байгаа нь үндэслэлгүй дүгнэлт бөгөөд, шүүгдэгч Н.Н-ын хувьд амь хохирогчийг хөдөлгөөнгүй болсны дараа хувцасны халаасыг нь ухаж, эд зүйлсийг авсан буюу гардан үйлдсэн шүүгдэгчийн идэвхтэй үйлдлийг гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, шүүгдэгчийг цагаатгасан нь үндэслэлгүй байна. Мөн шүүгдэгч Н.Н-ын өмгөөлөгч үйлчлүүлэгчээ сэтгэл санааны болон бие махбодын хувьд дарамтад орж, шүүгдэгч Т.Б-гөөс айж, эмээсэндээ салж чадахгүй хамт яваад байсан тул бусдын албадлага, эрхшээлээр гэмт хэрэгт оролцсон гэж маргах боловч энэ нөхцөл байдал нь мөрдөн шалгах ажиллагааны явцад тогтоогдоогүйгээс гадна, шүүхээс нотлох баримтад үндэслээгүй өмгөөлөгчийн дүгнэлт болон хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдоогүй шүүгдэгч Н.Н-ын дан ганц мэдүүлэгт үндэслэж дүгнэлт хийж байгаа нь хэргийн бодит байдалтай нийцээгүй, хэт нэг талыг харж, хэргийг шийдвэрлэсэн гэж үзэхээр байна. Анхан шатны шүүхээс шүүгдэгч Н.Н-ыг эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 4.4 дүгээр зүйлд заасан “Албадлага, эрхшээлд автах” нөхцөл байдлын улмаас гэмт хэрэгт оролцсон гэж дүгнэх боловч уг үндэслэлээ ямар нотлох баримтад үндэслэж тайлбарлаж байгаа нь ойлгомжгүй, тодорхойгүй байна.

Өөрөөр хэлбэл тухайн гэмт хэрэг үйлдэгдэх нөхцөл байдалд шүүгдэгч Т.Б нь шүүгдэгч Н.Н-т хүч хэрэглэж, түүний эрх, хууль ёсны ашиг сонирхолд нь хохирол, хор уршиг учруулахаар бодитой заналхийлэл бий болсон, үүний улмаас Н.Н бусдын эрхшээлд гарцаагүй автаж амь хохирогчийн эд зүйлийг гардаж авсан гэх нөхцөл байдал баримтаар тогтоогдоогүй, мөн энэ нөхцөл байдлыг шүүгдэгч Т.Б үгүйсгэж мэдүүлсээр байхад анхан шатны шүүхээс харилцан эсрэг сонирхолтой шүүгдэгч нарын нэг талын өмгөөлөгч, шүүгдэгчийн нотолгоогүй хэлсэн, ярьсан үгээр дүгнэлт хийсэн бөгөөд шүүгдэгч Т.Б-г шүүгдэгч Н.Н-аас биеэр илтэд том учраас дарамталсан, заналхийлсэн, эрхшээлд автуулж гэмт хэрэгт оролцуулсан байхыг үгүйсгэхгүй гэх зэргээр таамаглаж, шийдвэр гаргасан нь хууль зүйн үндэслэлгүй байна. Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан үндэслэлээр Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн 383 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгуулахаар прокурорын эсэргүүцэл бичсэн. ...” гэв.

Шүүгдэгч Т.Б-гийн өмгөөлөгч А.Очбадрал тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Уг хэрэг 2 дахь удаагаа давж заалдах шатны шүүхээр орж байна. Үүнийг яагаад хэлээд байна гэхээр өмнөх шийтгэх тогтоолоор шүүгдэгч Т.Б-д 14 жилийн хугацаагаар хорих ял оногдуулсан. Хоёр дахь удаагаа анхан шатны шүүх хуралдаанаар ороход 17 жилийн хорих ял оногдуулж эрх зүйн байдлыг нь дордуулсан шийдвэр гаргасан. Шүүгдэгч Т.Б нь гэм буруу болон зүйлчлэл дээр маргаагүй. Зөвхөн эрх зүйн байдлыг дээрдүүлж эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлж өгнө үү гэж давж заалдах гомдол гаргасан. Өмнөх шийтгэх тогтоолоор 14 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж байсантай уялдуулаад эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлж өгнө үү. ...” гэв.

Цагаатгагдсан этгээд Н.Н-ын өмгөөлөгч Б.Түвшинтөгс тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны бөгөөд үндэслэлтэй гарсан гэж үзэж байна. Прокурорын эсэргүүцэлтэй холбоотой дараах тайлбарыг хэлье. Прокуророос Н.Н-ыг гэмт хэрэг үйлдэх санаа сэдэлттэй, үйлдлээрээ нэгдэж амь хохирогчийн утас, түрийвчийг дээрэмдсэн гэдэг байдлаар буруутгасан. Үүн дээр анхан шатны шүүх үндэслэлтэй дүгнэлт хийсэн байна. Н.Н-ын үйлдэл гэвэл утас, түрийвч хоёрыг л авч өгсөн үйлдэл байдаг. Өөрөөр хэлбэл, амь хохирогч нас барахаас өмнөх цаг хугацаанд түүнийг зодоод байгаа, эрүүл мэндэд нь халдаад байгаа, ямар нэгэн байдлаар биед нь хүрээд байгаа процесст оролцсон асуудал байхгүй. Зөвхөн амь хохирогчийг хана мөргүүлээд унагаасны дараа Т.Б-гийн зүгээс “утас, түрийвчийг нь аваад өг” гэхээр нь аваад өгсөн асуудал байдаг. Энэ үйлдлээрээ дээрэмдэх гэмт хэрэгт нэгдсэн гэх байдлаар прокурорын зүгээс буруутгаж байгаа. Тухайн үед болсон асуудлыг дүрслээд ярих нэг өөр, бодит байдал дээр нэг өөр санагддаг. Эхлээд амь хохирогчийн биед Т.Б халдахад Н.Н хараад айсан. Тэгээд Н.Н-ыг Т.Б нь “дагаад яв” гэж хэлсэн байдаг. Н.Н орхиод явах гэхээр Т.Б нь явуулдаггүй. Тухайн үйл явдлыг дүрслээд үзэхээр харанхуй шөнө, байрны булан эргээд явсан байдаг. Т.Б амь хохирогчийг хана мөргүүлээд унагаачихаад “утас, түрийвчийг нь аваад өг” гэхэд нь Н.Н-ын зүгээс “үгүй, чадахгүй” гэсэн бол Н.Н руу Т.Б нь дайрах магадлалтай байсан. Прокуророос зутаах боломжтой байсан гэж тайлбарлаж байна. Гэвч Н.Н нь “зугтаах юм бол Т.Б намайг барих магадлалтай” гэсэн айдастай байсан. Нэг хүнийг нүдэн дээр нь зодож унагаачихаад “чи тэгээдэх” гэх юм бол “үгүй” гэвэл над руу ч бас дайрна гэсэн айдас төрнө. Хяналтын камерын бичлэгт утас, түрийвчийг нь авч өгч байгаа дүрс бичлэг байхгүй. Зөвхөн гарч ирээд такси барьж байгаа. Үргэлжлүүлээд дараагийн газар очсон асуудал л байдаг. Н.Н-ын хувьд дараагийн газар очсон цаг хугацаанд Т.Б-гөөс салж явах гэж хоёр, гурван удаа оролдсон байдаг. Тамхи татаад ирье гэж гарч явах гэхээр Т.Б нь дагаж гарч ирээд буцаагаад дагуулаад орчихдог. Н.Ныг “пиво аваад өг” гэдэг. Ийм нөхцөл байдалтай байсан байдаг. Утас нь Т.Б-гөөс олдсон. Түрийвч нь олдоогүй. Анхан шатны шүүх санаа сэдэлт, оролцсон оролцоо, тухайн үед үүссэн нөхцөл байдалтай холбогдуулаад үндэслэл бүхий дүгнэлтийг хийсэн. Н.Н-ын хувьд “зугтаад явах юм бол барьчих байх” гэсэн айдастай байсан гэдгээ мэдүүлсэн. Айдас, түгшүүр мэдэрсэн түвшинийг нь тогтоож өгнө үү. Хувь хүний сэтгэл санаа нь тухайн үед ямар байсан. Мөн Н.Н-ын зан төлөвийг нь мэргэжлийн шинжээч нарыг томилоод тогтоож өгнө үү. “Чадахгүй, үгүй” гээд өөрийн үзэл бодлоо илэрхийлэх чадвар нь ердийн хүмүүстэй харьцуулахад харьцангуй сул хүн харагддаг гэдэг байдлаар хүсэлт гаргасан боловч уг хүсэлтийг хангаж шийдвэрлээгүй байж зугтаад явах боломжтой байсан гэж байгаа нь үндэслэлгүй. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна. ...” гэв.   

Цагаатгагдсан этгээд Н.Н тус шүүх хуралдаанд “Хэлэх тайлбаргүй” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Б, Н.Н нарт холбогдох эрүүгийн хэргийг хянан хэлэлцэхдээ хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэж, прокурорын эсэргүүцэл, шүүгдэгчийн гаргасан давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянав.

1. Хэргийн бүх ажиллагааг хянахад, анхан шатны шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэргийн хамтран оролцооны талаар үндэслэл бүхий дүгнэлт хийлгүйгээр Н.Н-т холбогдох хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар “гэмт хэргийн шинжгүй” үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, түүнийг цагаатгасан нь үндэслэлгүй бөгөөд цагаатгах талаар хийсэн дүгнэлт нь хэргийн жинхэнэ байдалд нийцээгүй байна.

Шүүгдэгч нарын гэмт хэрэгт оролцсон үйлдэл, оролцоог нарийвчлан тодорхойлж, тогтоосон байх нь тэдгээрийн гэм буруу, оногдуулах ял шийтгэлийн зүй зохистой харьцаанд нөлөөлөх бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангид заасан шударга ёсны зарчимд нийцэх юм.

Шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн нотлох баримтуудаас үзэхэд;

Н.Н сэжигтнээр:...... “...Тэр том биетэй ах /шүүгдэгч Т.Б/ нөгөө хөгшин хүнийг /амь хохирогч/ чирээд алхаад намайг араас хүрээд ир гэхээр нь би дагаад алхаж байтал тэр хөгшин хүн /амь хохирогч/ зугтаасан чинь араас нь очоод нэг барилгын хажуугийн булан руу дагуулж ороод хувцаснаас нь чирч байсан гараараа тэр ахыг барилгын хана мөргүүлээд унагаасан чинь нөгөө ах газар унаад босохгүй байхаар нь би тэр ахыг босгох гэтэл тэр ах ямар ч хөдөлгөөнгүй байсан. ...Нөгөө хана мөргүүлсэн ах /шүүгдэгч Т.Б/ намайг “чи наад хүнийхээ халаасыг ухаад гар утас, мөнгийг нь аваадах” гэхээр нь халаасыг нь ухаад гар утас, түрийвчийг гаргаж ирээд том биетэй ахад өгсөн /шүүгдэгч Т.Б/. ...Том биетэй залуу /шүүгдэгч Т.Б/ намайг дарамтлаагүй. ...Надад тулгасан асуудал байхгүй. ... Тухайн үед тэр ах /шүүгдэгч Т.Б/ буудал дээр байгаа ахыг /амь хохирогчийг/ энэ хүн мөнгөтэй юм шиг байна гэж ярьж байсан.   Тухайн үед намайг тэр залуу /шүүгдэгч Т.Б/ дагаад яв гэхээр нь би шалтгаангүй дагаад явсан. ...” /1хх 149-151, 2хх 49-50/,

Шүүгдэгч Т.Б яллагдагчаар: “...Анх караоке руу ороход надтай муудалцдаг залуу /амь хохирогч/ “чи муу наанаа хүлээж бай” гээд орилоод хараагаад байхаар нь би араас нь яваад очтол зугатаасан. ...Тэгэхээр нь би гүйж очоод барилгын хана руу хүчтэй түлхэж унагаасан. ...Тэгээд миний араас гүйж ирсэн цагаан футболктой /цагаатгагдсан этгээд Н.Н/ ирээд “ахаа боль боль явья” гэснээ өөрөө тэр ах дээр унасан байхад нь очоод дээрээс нь тонгойгоод энгэрээс нь татаж үзэж байгаад миний араас хүрч ирээд  намайг аваад такси бариад бид 2 явсан. ...Тэгээд бид 2 өөр бааранд ороод хамт уусан. ...” /2хх 07-08/ гэх мэдүүлгүүд авагджээ.

Гэтэл анхан шатны шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэргийн хамтран оролцооны хэлбэрийн талаар дүгнэлт хийхдээ хэрэгт авагдсан баримтуудтай харьцуулан уялдуулж үндэслэл бүхий дүгнэлт хийж чадалгүйгээр, Н.Н-ын амь хохирогчийн халааснаас утас, бусад эд зүйл авсан үйлдэлд бусдын заавраар оролцсон гэж дүгнэн цагаатгасан нь хууль зүйн үндэслэлгүй байна гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв. 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт гэмт хэрэгт хамтран оролцох ойлголт, мөн зүйлийн 2 дахь хэсэгт хамтран оролцогчдын төрөл, энэ зүйлийн 3 дахь хэсэгт хамтран оролцох хэлбэрийн талаар тус тус тодорхой заажээ. 

Гэмт хэрэгт хамтран оролцох нь үүргээ хуваарилах ба хуваарилахгүйгээр урьдчилан үгсэн тохиролцсоноос үл хамаарч нэг гэмт хэргийг хамтран үйлдэх зорилгоор санаа бодол, үйл хөдөлгөөнөө нэгтгэсэн, зөвхөн өөрсдийн хүсэл зоригоор гэмт үйлдлийг гүйцэтгэж байгаа, эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, хэрэг хариуцах чадвартай хоёр болон түүнээс дээш хүний үйл ажиллагааны нэгдэл бөгөөд энэ нь эрүүгийн эрх зүйн онол, хууль хэрэглээний жишигт тогтсон ойлголт юм.

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан тодорхой гэмт хэргийг хоёр болон түүнээс дээш хүн санаатай нэгдэж үйлдсэн тохиолдолд хамтран оролцсон хэлбэрийг зайлшгүй тогтоох шаардлагатай бөгөөд энэ нь оролцогч тус бүрийн гүйцэтгэсэн үүрэг, түүний шинж чанарыг үндэслэлтэй тодорхойлох, хэргийг зөв зүйлчлэх, ялыг ялгамжтай оногдуулахад чухал ач холбогдолтой.

Санаатай гэмт хэрэгт хамтран оролцсон буюу бүлэглэсэн үйлдлийн объектив шинж нь гэмт хэрэг үйлдэхэд оролцсон хоёр буюу түүнээс дээш этгээдийн нэгдсэн (хамтын) оролцоо байх бөгөөд гэмт хэргийн хор уршиг нь хамтран оролцогчдын хамтын үйлдэлтэй шалтгаант холбоотой байх шаардлагатай.

Гэмт хэргийн хамтран оролцогчид хүчин чармайлтаа нэгтгэх явцад тэдний хооронд тодорхой уялдаа холбоо, үйлдэл ба зорилгын дотоод нэгдэл тогтоогддог ба энэ нь хамтран оролцогч бүр гэмт хэрэг үйлдэхэд өөр бусад хүн оролцож байгаа тухай мэдсэн, гэмт хэрэг үйлдэхэд тэдний оролцсон хэр хэмжээг баримжаалсан зэрэг байдлаар илэрч болох бөгөөд хамгийн чухал шинж нь гэмт хэрэг үйлдэхэд “нэгдэн оролцсон” байх явдал юм.

 Өөрөөр хэлбэл, гэмт хэрэгт хамтран оролцогчдын хооронд бодит тохироо буюу нэг зорилгод хамтын хүчин чармайлтаар хүчээ нэгтгэн, үүргээ хуваарилан хүрэх эрмэлзэлтэй байсан эсэх, энэ тухайгаа хоорондоо хэлэлцэн тохиролцсон эсэхийг шүүх хуралдааны явцад зайлшгүй нотолбол зохино.

Тодорхой гэмт хэрэг үйлдэхээс өмнө дээр дурдсан тохиролцоог хийгээгүй боловч гэмт хэрэг үйлдэх явцад үйлдэл төдийгүй үзэл бодол, сэдэлт, зорилгоороо нэгдсэн бол бүлэглэн гүйцэтгэх гэж үздэг бөгөөд энэ нь хамтран оролцохын ердийн хэлбэр билээ. Уг тохиолдолд гэмт хэрэгт хоёр ба түүнээс дээш хүн оролцож, гэмт хэргийн бүрэлдэхүүний объектив талыг хамтран хэрэгжүүлж, хор уршиг учруулсан бол эрүүгийн хариуцлага хүлээлгэх хангалттай үндэслэл болдог.

Иймд шүүхийн шийдвэрт нөлөөлж болох дээрх нөхцөл байдлууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлд заасан “Хэргийн бодит байдлыг тогтоох”-д чухал ач холбогдолтой ба шүүхийн дүгнэлтэд ноцтойгоор нөлөөлж болох нөхцөл байдлыг анхаарч үзэлгүй орхигдуулж, хэргийг эцэслэн шийдвэрлэсэн байх тул шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, энэ талаар бичсэн прокурорын эсэргүүцэл хууль зүйн үндэслэлтэй байна.

Шийтгэх тогтоолыг хүчингүй болгосонтой холбогдуулан шүүгдэгч Т.Б-гийн гаргасан давж заалдах гомдолд хууль зүйн дүгнэлт өгөөгүй бөгөөд шүүгдэгч Т.Б-д урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг, Н.Н-т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг анхан шатны шүүхэд хэрэг очтол тус тус хэвээр үргэлжлүүллээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2 дахь заалт, 39.9 дүгээр зүйлийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Прокурор Б.Энэрэлийн бичсэн 2025 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн 16 дугаартай эсэргүүцлийг бүхэлд нь хангаж, Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн 2025/ШЦТ/383 дугаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгосугай.

2. Шүүгдэгч Т.Б-д урьд авсан “цагдан хорих” таслах сэргийлэх арга хэмжээ, Н.Н-т урьд авсан “хувийн баталгаа гаргах” таслан сэргийлэх арга хэмжээг хэрэг анхан шатны шүүхэд очтол тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.

3. Шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ,

                        ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                                   Б.ЗОРИГ

                       ШҮҮГЧ                                                                       М.АЛДАР

                       ШҮҮГЧ                                                                       Д.МӨНХӨӨ