Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 04 сарын 17 өдөр

Дугаар 2025/ДШМ/450

 

 

    2025            04            17                                         2025/ДШМ/450

 

О.О-д холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн ерөнхий шүүгч Б.Зориг даргалж, шүүгч М.Алдар, шүүгч Д.Мөнхөө нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Г.Бат-Оргил,

шүүгдэгч О.О, түүний өмгөөлөгч Д.Очирваань, М.Батбаатар,

нарийн бичгийн дарга Б.Эрхэс нарыг оролцуулан,

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 2025/ШЦТ/231 дүгээр шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч О.О-ын өмгөөлөгч Д.Очирваань М.Батбаатар нарын хамтран гаргасан давж заалдах гомдлоор О.О-д холбогдох 2309000002222 дугаартай эрүүгийн хэргийг 2025 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр хүлээн авч, шүүгч Д.Мөнхөөгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүгдэгч О.О нь 2023 оны 09 дүгээр сарын 02-ны өдрөөс 03-нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Хаан” гэх караокены гадна хохирогч Х.Л-ыг тодорхой шалтгаангүйгээр түүний нүүрэн тус газарт нь гараа цохиж зодсоны улмаас эрүүл мэндэд нь зүүн хоншоорын урд хана, зүүн ухархайн доод ирмэг, хана дайрсан хугарал, хоншоорын хөндийн цус хуралт, хамар яс, хамрын таславчийн хугарал, мурийлт, зүүн нүдний дотор буланд цус хуралт бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Сүхбаатар дүүргийн прокурорын газраас: О.О-ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх: “...Шүүгдэгч О.О-ыг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.О-ыг 800 /найман зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800.000 /найман зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэж, оногдуулсан торгох ялыг хуульд заасан 3 /гурав/ сарын хугацаанд төлүүлэхээр тогтоож, хуульд заасан хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1-т зааснаар шүүгдэгч О.Ооос 6.964.176 /зургаан сая есөн зуун жаран дөрвөн мянга нэг зуун далан зургаа/ төгрөгийг гаргуулж хохирогч Х.Л-т олгож, хохирогч Х.Л нь тус гэмт хэргийн улмаас өөрт учирсан хохирол, хор уршигтай холбоотой нотлох баримтыг бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэжээ.

            Шүүгдэгч О.Оын өмгөөлөгч Д.Очирваань, М.Батбаатар нар хамтран гаргасан давж заалдах гомдолдоо: “...О.О-ын хэрэг үйлдсэн гэх нөхцөл байдал хэрэгт авагдсан баримтаар хэрхэн үгүйсгэгдэж байгаа буюу шүүхийн дүгнэлт хэргийн бодит байдалтай нийцээгүй талаар: Хохирогч Х.Л гэмт хэргийг хэн, хэрхэн үйлдсэн талаар мэдүүлсэн байдал “ Миний араас цагаан цамцтай залуу ирээд намайг татаж байгаад миний хамар луу нэг удаа цохисон.Тэр залуу гартаа чулуу барьсан байсан. Намайг яг ямар хүн цохисон талаар би сайн мэдэхгүй байна гэх мэдүүлэг /хх 24-25/, 2 дахь удаа мэдүүлэг өгөхдөө “...Цагаан фудволктой, шорттой, халимагдуу үстэй нэг эрэгтэй миний бие гараараа миний нүүр рүү нэг удаа цохиж гэмтэл учруулсан, 170 см өндөртэй туранхайвтар гэх шинж тэмдгээр нь таньж байна. Өөр ямар нэгэн шинж тэмдгээр нь танихгүй гэх мэдүүлэг /хх 26/,  “...4 гэж дугаарласан залуу миний биед шинжээчийн дүгнэлтэд заасан гэмтлийг учруулсан. Тэр залуу зүүн гараараа миний баруун гарнаас доош татаад баруун гартаа атгасан чулууг гараараа атган заамдаж байгаад 1 удаа цохиж гэмтэл учруулсан гэх мэдүүлэг /хх 30/-ээр хохирогч нь болсон үйл явдлын талаар араас цохисон, гараараа цохисон, чулуугаар цохисон, өмсөж явсан хувцсыг О.Ооос өөрөөр заасан зэргээр зөрүүтэй байдлаар мэдүүлдэг, хэнд цохиулснаа өөрөө ч мэддэггүй.

Мөн гэрч О.Б “...хүмүүсийг хооронд нь салгах гээд явж байсан тул Л-г хэн цохисныг хараагүй, гэрч С.Ж“...Л-г хэн цохисон талаар өөрөөс нь асуухад нэг нь намайг цохисон хэн цохисныг нь мэдэхгүй байна гэж хэлсэн. Би Л-г хэн цохисныг мэдэхгүй гэх мэдүүлэг /хх 34-35/, гэрч Н.Ц “...Л-с хэн цохисон талаар өөрөөс нь асуухад би тодорхой сайн хараагүй. Нэг нь татаж ирээд намайг цохичихсон гэж байсан гэх мэдүүлэг /хх 36-37/,

Сэжигтэн О.Г-нмэдүүлэг “...намайг хавирч унагахаар нь би тэр залуу руу газраас тоосго аваад шидтэл оноогүй, намайг цохисон залууг тоосгодох гэж байгаад чадаагүй гэх мэдүүлэг /хх 43/,

Гэрч Л.М-ийн мэдүүлэгт “Г” гартаа тоосго барьчихсан хоорондоо нэгнээ дайраад байсан, тэгээд тэр хоёр буудлаас ертөнцийн зүгээр баруун тийшээ хойшоо тойроод явсан ба араас нь нөхөр бид 2 очсон. Би ганцаараа эрүүл байсан. “Г” руу залгаад үнэнг хэлье гэсэн чинь “Г” яах юм бэ ороод мэдэхгүй гээд хэлчих, цагдаа нар ч мэдэхгүй байхад та 2 орж үнэнг хэлж яах юм гэсэн. Манай нөхөр намайг өдсөн залуутай л ноцолдоод байсан гэх мэдүүлэг /хх 117-118/,

Дууны бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэлд Г нь О.О-той видео дуудлага хийхдээ “ Нөгөөх намайг цохисон гээд хэлцэн, одоо хэн цохисныгоо хэл мэл гээд, Би тэр Г-ыг цохисон, цохисныг хараагүй мэдээгүй.  Наа хүн чинь цаанаа зодуулаад ирсэн үү яасан уу би мэдэхгүй гэж хэл, хэргийн 72 дугаар талд

В: Одоо чамайг гээд хэлчихээр яг яагаад байгаа билээ?

Б: За болохгүй бол тэгээд хэлээч дээ гэх баримт, /хх 68-73/, /хх 76/ “Г” О.О фэйсбүүк чатаар харилцсан зурвасаар “Г” нь шийтгэлээс зугтахын тулд О.О-д мэдүүлэг зааж өгч байгаа байдал О.О яллагдагчаар өгсөн мэдүүлэгтээ “гэмт хэрэг үйлдсэн этгээдийг заасан байдал” зэрэг хууль заасан үндэслэл журмын дагуу цугларсан баримтаар О.О тухайн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал үгүйсгэгдэж байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай 32.3 дугаар зүйлийн 1.7-т зааснаар яллагдагчаар татагдвал зохих этгээдийг зөв тогтоож чадаагүй, мөн хуулийн 16.2 дугаар зүйлийн 1,2-т заасантай шүүхийн дүгнэлт үл нийцэж байна. ЭХХШТХ-ийн 1.15 дугаар зүйлийн 2-т Эрүүгийн хэрэгт хамааралтай бүхий л нотлох баримтыг шалгасан боловч сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд.... эргэлзээ гарвал түүнийг шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэх зарчим үйлчлэх учиртай.

Мөн түүнчлэн анхан шатны шүүх шүүгдэгчийн гэм буруутай гэж үзэхдээ хохирогчийн мэдүүлэг, сиди-нд үзлэг хийсэн тэмдэглэл зэрэг хэргийн үйл баримтын талаар эргэлзээгүй тогтоож чадаагүй нотлох баримтыг үндэслэж байгаа ба шүүгдэгчийн цагаатгах талын хэрэгт ач холбогдолтой нотлох баримтыг анхаараагүй, түүнийг үгүйсгэж байгаа үндэслэлээ тусгаагүй байгаа нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлийн 2.3-д “... шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн, гэм буруутайд тооцсон шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон нотлох баримтын агуулга шүүх тухайн нотлох баримтыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны гэж үзсэн улсын яллагчийн дүгнэлт, өмгөөлөгчийн саналын үндэслэл болгосон баримт, иргэдийн төлөөлөгчийн дүгнэлтийг няцаан үгүйсгэсэн үндэслэл” гэж заасантай нийцэхгүй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2- т заасны дагуу Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 2025/ШЦТ/231 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, О.О-д холбогдох үйлдлийг хэрэгсэхгүй болгон цагаатгаж өгнө үү. ..” гэв.

Шүүгдэгч О.О-ын өмгөөлөгч П.Очирваань тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...О.О-ын хэрэг үйлдсэн гэх нөхцөл байдал хэрэгт авагдсан баримтаар хэрхэн үгүйсгэгдэж байгаа буюу шүүхийн дүгнэлт хэргийн бодит байдалтай нийцээгүй талаар:

            Хохирогч Х.Л гэмт хэргийг хэн, хэрхэн үйлдсэн талаар мэдүүлсэн байдал " Миний араас цагаан цамцтай залуу ирээд намайг татаж байгаад миний хамар луу нэг удаа цохисон.Тэр залуу гартаа чулуу барьсан байсан. Намайг яг ямар хүн цохисон талаар би сайн мэдэхгүй байна гэх мэдүүлэг /хх 24-25/, 2 дахь удаа мэдүүлэг өгөхдөө “...Цагаан фудволктой, шорттой, халимагдуу үстэй нэг эрэгтэй миний нүүр рүү нэг удаа цохиж гэмтэл учруулсан. 170 см өндөртэй туранхайвтар гэх шинж тэмдгээр нь таньж байна. Өөр ямар нэгэн шинж тэмдгээр нь танихгүй гэх мэдүүлэг /хх 26/,  “...4 гэж дугаарласан залуу миний биед шинжээчийн дүгнэлтэд заасан гэмтлийг учруулсан. Тэр залуу зүүн гараараа миний баруун гарнаас доош татаад баруун гартаа атгасан чулууг гараараа атган заамдаж байгаад 1 удаа цохиж гэмтэл учруулсан гэх мэдүүлэг /хх 30/-ээр хохирогч нь болсон үйл явдлын талаар араас цохисон, гараараа цохисон, чулуугаар цохисон, өмсөж явсан хувцсыг О.О-ос өөрөөр заасан зэргээр зөрүүтэй байдлаар мэдүүлдэг, хэнд цохиулснаа өөрөө ч мэддэггүй.

Мөн гэрч О.Б “...хүмүүсийг хооронд нь салгах гээд явж байсан тул Л-г хэн цохисныг хараагүй, гэрч С.Ж “...Л-г хэн цохисон талаар өөрөөс нь асуухад нэг нь намайг цохисон хэн цохисныг нь мэдэхгүй байна гэж хэлсэн. Би Л-г хэн цохисныг мэдэхгүй” гэх мэдүүлэг /хх 34-35/, гэрч Н.Ц “...Л-аас хэн цохисон талаар өөрөөс нь асуухад би тодорхой сайн хараагүй. Нэг нь татаж ирээд намайг цохичихсон гэж байсан” гэх мэдүүлэг /хх 36-37/,

Сэжигтэн О.Г-ын мэдүүлэг “...намайг хавирч унагахаар нь би тэр залуу руу газраас тоосго аваад шидтэл оноогүй, намайг цохисон залууг тоосгодох гэж байгаад чадаагүй” гэх мэдүүлэг /хх 43/,

Тэгэхээр хохирогч Х.Л нь өөрөө хэн цохисон болохыг мэдэхгүй явж байгаад сүүлд таньж олуулах ажиллагаагаар хэн нэгэн этгээдийг заах шаардлагатай болохоор О.О-ыг заасан харагдаж байна. Хохирогчийн биед гэмтэл учирсан. Учруулсан этгээдийг нь бид Г гээд зааж өгсөн. Г нь “олон хүн хамарсан зодоон болсон тул Х.Л-ын биед хэн гэмтэл учруулсан болохыг тогтоох боломжгүй,  чи хэлэхгүй байхад болно” гэж О.О-д сүүлдээ дарамтлах байдлаар хэлсэн байдаг. Энэ талаар хавтаст хэрэгт бичгийн нотлох баримтууд авагдсан байдаг. О.О нь яллагдагчаар татагдаад ирэхээрээ өөрийгөө уг үйлдлийг хийгээгүй гэдгийг нотлох зорилгоор Г-той фэйсбүүк чатаар видеогоор нь залгаж ярьсан байдаг. О.Оын эхнэр нь хажууд нь бичлэг хийсэн байдаг. Г-ын зүгээс “хэн цохисон болохыг мэдээгүй, цаанаа зодуулаад ирсэн үү, үгүй юу гэдгийг мэдэхгүй байна гэж хэл” гэж О.О-д хэлсэн байдаг. /хх72/ О.О-ын эхнэр нь “чамайг цохисон гэж хэлэхэд юу нь болохгүй байгаа юм бэ гэхэд, Г-ын зүгээс “за болохгүй бол хэлээч дээ” гэсэн байдаг. /хх73/ “Г” гэмтлийг учруулсан байх боломжтой гэдэг нөхцөл байдлыг ямар байдлаар харж болох вэ гэхээр гэрч Ц-ын мэдүүлэг, Б-ын мэдүүлэг, гэрч Л.М-ийн мэдүүлэгт Г гартаа тоосго барьчихсан хоорондоо нэгнээ дайраад байсан, тэгээд тэр хоёр буудлаас ертөнцийн зүгээр баруун тийшээ хойшоо тойроод явсан ба араас нь нөхөр бид 2 очсон. Би ганцаараа эрүүл байсан. Г руу залгаад үнэнг хэлье гэсэн чинь Г  яах юм бэ ороод мэдэхгүй гээд хэлчих, цагдаа нар ч мэдэхгүй байхад та 2 орж үнэнг хэлж яах юм гэсэн. Манай нөхөр намайг өдсөн залуутай л ноцолдоод байсан гэх мэдүүлэг /хх 117-118/, О.О яллагдагчаар өгсөн мэдүүлэгтээ “гэмт хэрэг үйлдсэн этгээдийг заасан байдал” зэрэг хууль заасан үндэслэл журмын дагуу цугларсан баримтаар О.О тухайн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал үгүйсгэгдэж байна. Хэрвээ үнэхээр О.О-ыг буруутай гэж үзээд байгаа бол Г-ыг яллагдагчаар татаж оруулж ирээд мэтгэлцээний үндсэн дээр хэргийг шийдвэрлүүлэх саналтай байна.  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай 32.3 дугаар зүйлийн 1.7-т зааснаар яллагдагчаар татагдвал зохих этгээдийг зөв тогтоож чадаагүй, мөн хуулийн 16.2 дугаар зүйлийн 1,2-т заасантай шүүхийн дүгнэлт үл нийцэж байна. О.О нь Г-той фэйсбүүк чатаар харьцсан байдаг. Фэйсбүүк чатаар харьцаж байх үед О.О-ыг мэдүүлгээ хэрхэн өгөх талаар болон гэмт хэрэг үйлдээгүй нөхцөл байдлыг харуулах зорилготой мэдүүлэг өгөхийг зааж, чиглүүлж байсан нөхцөл байдал харагддаг. Мөн “Г” анх болсон шүүх хуралдаанд цахимаар оролцоод О.О-той мэдүүлэг өгөх талаар ярилцаж уулзаж байсан нөхцөл байдлаа үгүйсгээгүй. Үүнийг гэрч “М” гэрчилж мэдүүлдэг. Тэгэхээр өөрийн үйлдсэн гэмт хэргийг нуух зорилгоор О.О-оос гуйгаад О.О нь хэн цохисон болохыг мэдэхгүй гэдэг агуулгаар явсанаас үүдэлтэйгээр хэлмэгдэх магадлал үүссэн.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2- т заасны дагуу Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 01 сарын 20-ний өдрийн 2025/ШЦТ/231 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, Б.О.Оод холбогдох үйлдлийг хэрэгсэхгүй болгон цагаатгаж өгнө үү. ...” гэв.

Шүүгдэгч О.О-ын өмгөөлөгч М.Батбаатар тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...О.О-д холбогдох хэрэг дээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан эргэлзээтэй нөхцөл байдал үүссэн гэж үзэж байна. Анхан шатны шүүх эргэлзээтэй нотлох баримтыг үгүйсгэсэн, няцаасан үндэслэлээ дурдалгүй О.О-ыг гэм буруутай гэж үзэж шийтгэл оногдуулсан нь үндэслэлгүй байна. Тодруулах юм бол анхан шатны шүүх эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад заасныг зөрчсөн гэж үзэж байна. Анхан шатны шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өмгөөлөгч нарын зүгээс дээрх дурдсан нотлох баримтуудыг дурдаж эргэлзээтэй нөхцөл байдал үүссэн гэж тайлбарлаж мэтгэлцсэн боловч анхан шатны шүүх яаж үгүйсгэсэн талаараа дурдалгүй гэм буруутайд тооцсон. Хохирогч эхнээсээ “мэдэхгүй байна, санахгүй байна” гэж мэдүүлсэн байхад үүнийг нь яаж үгүйсгээд байгаа юм бэ. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. ...” гэв.

Прокурор Г.Бат-Оргил тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Хохирогч Х.Л-ын мэдүүлэг үнэн бодитой эсэх нь эргэлзээтэй гэж байна. Хэрэг болох үед хэргийн газарт байсан гэрч нараас мэдүүлэг авах ажиллагаа хийгдсэн. Хохирогч Х.Л-ыг хэн цохисон болохыг харсан гэрч байдаггүй. Хохирогч Х.Л-оос мөрдөн шалгах ажиллагааны явцад 6 удаа мэдүүлэг авч, мөн таньж олуулах ажиллагаа хийсэн. Таньж олуулах ажиллагаагаар хохирогчоос шүүгдэгч О.О-ыг шууд заасан. Хохирогч Х.Л “дээгүүрээ хувцастай хүн цохисон” гэж тогтвортой мэдүүлж ирсэн. Мөн анхан шатны шүүх хуралдаанд хохирогч Х.Л оролцоод “дээгүүрээ хувцастай хүн намайг цохисон. Гараараа цохисон уу, чулуугаар цохисон уу гэдгийг мэдэх боломжгүй байсан. Мөн намайг цохисон хүн халимаг үстэй хүн байсан. Намайг цохих үед “Г” нь надаас зайтай цаана харагдаж байсан” гэж мэдүүлсэн байдаг. Тухайн үед “Г” нь үсгүй, халзан байсан байдаг. О.О нь халимаг үстэй байсан. Мөн гэрч нар Г-ыг тухайн үед дээгүүрээ хувцасгүй шалдан явж байсан гэж мэдүүлсэн. Хохирогч Х.Л “намайг дээгүүрээ хувцастай, халимаг үстэй хүн цохисон. Би тухайн үед машин барьж явсан тул архи согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй, эрүүл байсан” гэдэг. Гэрч М-гын мэдүүлгээр О.О нь гэмт хэрэг үйлдээгүй болох нь нотлогдож байна гэж маргасан. Анхан шатны шүүхээс гэрч М, шүүгдэгч О.О нарыг гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүмүүс, мөн М нь анх өгсөн мэдүүлэгтээ Г хохирогч Х.Л-ыг цохисон талаар мэдүүлээгүй гэх нөхцөл байдлыг үндэслээд М-ын мэдүүлгийг нотлох баримтаар тооцоогүй. Энэ нь хууль зүйн үндэслэлтэй. Г, О.О нарын харилцан ярианы бичлэг байдаг. Тухайн харилцан ярианд Г-ын зүгээс “хэргийн талаар мэдэхгүй гэж хэл” гэдгээс харахад зааварчилгаа өгөөд байдаг. Түүнээс биш би цохисон гэдэг асуудлыг дурдаагүй. О.О нь Г-с “би юу гэж хэлэх юм” гээд үгээ заалгуулдаг, Мөнхтуяа нь мөн би ямар мэдүүлэг өгөх вэ гээд хуйвалдаж байгаа нөхцөл байдал харагддаг. Эдгээр байдлаас харахад нотлох баримтад үнэлэлт дүгнэлт өгөхөд учир дутагдалтай гэж үзээд нотлох баримтаар тооцож үнэлээгүй. Шүүхийн шийдвэрийн үндэслэл болгоогүй нь хууль ёсны байна. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна. ...” гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хянаж үзэв.

Хэргийн бүх ажиллагааг хянахад, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн зөрчил тогтоогдсонгүй.

1. Хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг харьцуулан шинжлэн судлахад:

Шүүгдэгч О.О нь 2023 оны 09 дүгээр сарын 02-ны өдрөөс 03-нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Хаан” гэх караокены гадна хохирогч Х.Л-ыг тодорхой шалтгаангүйгээр түүний нүүрэн тус газарт нь гараараа цохиж зодсоны улмаас эрүүл мэндэд нь зүүн хоншоорын урд хана, зүүн ухархайн доод ирмэг, хана дайрсан хугарал, хоншоорын хөндийн цус хуралт, хамар яс, хамрын таславчийн хугарал, мурийлт, зүүн нүдний дотор буланд цус хуралт бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:

Хохирогч Х.Л мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...Тухайн үед цагаан өнгийн футболктой, шорттой хүн байсан байх гэдэг утгаар цагаан өнгийн футболктой, шорттой хүн байсан байх гэж хэлсэн. ...Миний биед миний өмнө таньж олуулах ажиллагаагаар зургийг нь заасан эрэгтэй миний нүүр, хамар хэсэг рүү баруун гараараа 1 удаа цохиж гэмтэл учруулсан. ...Миний таньж олуулах ажиллагаан дээр заасан хүн нь тус бичлэг нь дээр гарч байсан цагаан өнгийн малгайтай, хар өнгийн өмдтэй, улаан хар өнгийн пүүзтэй хүн байсан. ...Өөр хэн нэгэн намайг цохиж гэмтээгээгүй. ...” гэх мэдүүлэг /1хх 28/,

хохирогч Х.Л дахин: “...4 гэж дугаарласан залуу миний биед шинжээчийн дүгнэлтэд заасан гэмтлийг учруулсан. ... Тэр залуу баруун гараараа миний баруун гарнаас доош татаад баруун гартаа атгасан чулууг гартаа атгаж далайж байгаад 1 удаа цохиж гэмтэл учруулсан. ...4 гэж дугаарласан залуугаас өөр хүн намайг зодож цохиогүй. 5 гэж дугаарласан /гэрч О.Гэрэлт-Од/ залуу намайг гэмтэл авах үед надаас зайтай хойно байсан. ...” гэх мэдүүлэг /1хх 30/,

хохирогч Х.Л дахин: “... №4 гэж дугаарласан залуу миний биед гэмтэл учруулсан. ... Тухайн хүн цагаан өнгийн малгайтай, хар өнгийн цамцтай, саарал өнгийн өмдтэй, хар улаан өнгийн пүүзтэй хүн намайг гартаа чулуу барьж байгаад гараараа 1 удаа миний хамар руу цохиж миний биед гэмтэл үүсгэсэн. ...Энэ хүн намайг цохих үедээ дээгүүрх хар өнгийн цамцаа тайлсан, цагаан өнгийн футболктой байсан. ...Миний зааснаас өөр хүн миний биед гэмтэл учруулаагүй. ...№5 гэж дугаарласан хүн тухайн үед байсан ч миний биед халдаж, гэмтэл учруулаагүй. №4 гэж дугаарласан залуу миний биед гэмтэл учруулсан. ...” гэх мэдүүлэг /1хх 109/,

хохирогч Х.Л дахин: “...Намайг цохисон хүнийг би санаж байгаа бөгөөд тэрийгээ таньж олуулах ажиллагаагаар тэр хүнийг заасан. ...Миний өгсөн хэрэгт эд мөрийн баримтаар тооцсон байсан бичлэгт дүрслэгдсэн байгаа цагаан өнгийн малгайтай, хар өнгийн цамцтай, саарал өнгийн өмдтэй, хар улаан өнгийн пүүзтэй хүн намайг цохиж зодож гэмтэл учруулсныг би сайн мэдэж байна. ..Энэ хүн /сүүлд мэдсэн О.О/ намайг цохихдоо гартаа чулуутай байсан ба яг намайг цохиход гартаа чулуу барьсан байсан чулууг нь харсан уг хүн нь тухайн үйл явдал болохын өмнө цаагуур чулуу хайгаад явж байсан ба би түүнийг нь харчихаад Б-ыг босгочихоод Ж-г хүнтэй зодолдох гэж байхад салгах гэхэд миний араас О.О гэх залуу нь татаж байгаад гартаа барьсан байсан чулуугаараа цохисон. ...Тэгээд би цохиулчаад буудал руу орох явцдаа Г гэх залууг нь харсан ба Г гэх залуу нь дээгүүрх хувцасаа тайлсан шалдан байдалтай байсан. ...Г гэх залуу над руу чулуу тоосго шидээгүй. ...О.О намайг цохиж гэмтээсэн. ...” гэх мэдүүлэг /1хх 111/,

гэрч О.Б: “...Тухайн үед гартаа чулуу барьсан хүн нь цагаан өнгийн малгайтай, хар өнгий цамцтай, саарал өнгийн өмдтэй залуу нь гартаа явган хүний замын жижиг хавтан барьчихсан явж байсан. ...Харин улаан өнгийн цамцтай, нүдний шилтэй залуу нь гартаа пивоны шил барьчихсан явж байсан. ...” гэх мэдүүлэг /1хх 115/,

гэрч С.Ж: “...Х.Лын /хохирогч/ биед хэн гэмтэл учруулсныг хараагүй. ..Ямар ч байсан тухай зодоонд хар өнгийн цамцтай, цагаан өнгийн малгайтай цамцтай залуу нь хүмүүсийг хооронд нь салгаж байхыг нь хараагүй. ..Харин ч намайг явган хүний замын хавтангийн жижиг хэсгээр цохиж зодоонд оролцож байсан. ...” гэх мэдүүлэг /1хх 113/,

гэрч Н.Ц: “...Лхагвааг /хохирогч/ саравчтай хар өнгийн малгайтай, дээгүүрээ хар цамцтай, саарал өмдтэй, 170 см орчим өндөртэй эрэгтэй цохисон байх. ....Учир нь тэр залуу гартаа тоого барьчихсан явж байсан бөгөөд намайг зодооны үеэр өөр хүнтэй маргалдаад байж байтал намайг чулуугаар 1 удаа цохисон. ...” гэх мэдүүлэг /1хх 36/,

гэрч Л.М /Шүүгдэгчийн эхнэр/: “....Бичлэгт дүрслэгдсэн цагаан өнгийн малгайтай, хар өнгийн цамцтай, саарал өнгийн өмдтэй, хар улаан өнгийн пүүзтэй хүн нь манай нөхөр О.О байна. ...” гэх мэдүүлэг /1хх 117-118/,

гэрч О.Гэрэлт-Од сэжигтнээр /шүүгдэгч О.О-ын найз/: “...О.О-ын эхнэр хэдэн хүмүүстэй маргалдаад байсан бөгөөд О.О очиж маргалдаад би тэд нарыг салгах гэтэл О.Оыг /шүүгдэгч/ хэн нэгэн нь цохисон. ..Тэгээд О.О-ыг цохингуут нь би боль гэж байхад намайг нэг том биетэй халзан, баруун шилбэн дээрээ сур шиг юм ороосон байсан эрэгтэй намайг хавирч унагаахаар нь би тэр залуу руу газраас тоосго аваад шидтэл оноогүй хажуугаар нь өнгөрсөн бөгөөд миний шидсэн тоосгыг буцаж шидэнгүүтээ  зүүн шанаа руу 1 удаа гараараа цохиход нь би ухаан алдаад унасан. ...Би тухайн өдөр улаан өнгийн саравчтай малгайтай, цэнхэр өнгийн адидасын цамцтай, цагаан өнгийн Эйр Форс пүүзтэй, хар өнгийн жинсэн өмдтэй явж байсан. Би тухайн үед хэн нэгнийг цохиж зодсон зүйл байхгүй. ...Намайг цохисон залууг /Том биетэй халзан/ тоосгодох гэж байгаад цохиж чадаагүй оноогүй юм. ...” гэх мэдүүлэг /1хх 43/,

гэрч О.Г дахин: “...Тухайн үед О.О-той өндөр нуруутай залуу нь цохилцсон буюу  эхлээд тэр залуу О.О-ын дагз руу цохиход бид дундуур нь орсон. ...Тэгээд тэр залуусын нэг нь намайг тоосгоор цохиод унагаасан. ...Би тухайн үед хэн нэгнийг цохиогүй. ...Би гартаа чулуу барьсан байсан ч миний араас нэг нь цохиод ухаан алдаад унасан. ...Би Х.Л руу тоосго шидсэн үйлдэл хийгээгүй. ...О.О тэр харанхуй хэсэгт нэг хүнтэй зодолдоод байсан. ...” гэх мэдүүлэг /1хх 167-168/,

хохирогч Х.Л-ын биед хийсэн шинжээчийн дүгнэлт: “..зүүн хоншоорын урд хана, зүүн ухархайн доод ирмэг, хана дайрсан хугарал, хоншоорын хөндийн цус хуралт, хамар яс, хамрын таславчийн хугарал, мурийлт, зүүн нүдний дотор буланд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн 1 удаагийн үйлчлэлээр цохих үйлдлээр үүсгэгдэнэ. Гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. ...” /1хх 49-50/,

Камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /1хх 58-65/, хохирогчоос гаргаж өгсөн эм, эмчилгээ хийлгэсэн холбоотой баримт /1хх 83-84/, шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой баримтууд /1хх 87-96/ болон мөрдөн шалгах ажиллагааны явцад хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, анхан шатны шүүхийн шүүх хуралдааны хэлэлцүүлгийн явцад хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогджээ.

2. Прокуророос шүүгдэгч О.О-ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлсэн нь үндэслэлтэй байх төдийгүй анхан шатны шүүх прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэж заасны дагуу шүүх хуралдаанд тэгш эрхтэй оролцох эрх бүхий субъектүүдийг оролцуулан, тэдний гаргасан тайлбар, дүгнэлт, шинжлэн судалсан бичгийн нотлох баримтуудыг харьцуулан судалж, шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн үйл баримтыг үндэслэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.О-ыг “Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн” гэм буруутайд тооцсон нь хэргийн бодит байдалтай нийцжээ.

3. Анхан шатны шүүхээс шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, анх удаа гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хувийн байдал зэргийг харгалзан үзэж, шүүгдэгч О.О-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 800 /найман зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800,000 /найман зуун мянган/ төгрөгийн торгох ял оногдуулж шийдвэрлэсэн нь түүний гэм бурууд тохирсон төдийгүй, эрүүгийн хариуцлагын зорилгыг хангасан, хууль ёсны бөгөөд шударга ёсны зарчимд нийцсэн байна.

4. Шүүгдэгч О.О-ын өмгөөлөгч Д.Очирваань, М.Батбаатар нараас: “...хохирогчийн мэдүүлэг тогтворгүй. ...хэнд цохиулснаа мэддэггүй. ...О.Оын хувцасыг өөр мэдүүлсэн. ... О.Оод холбогдох үйлдлийг хэрэгсэхгүй болгож, цагаатгаж өгнө үү. ...” гэх агуулга бүхий давж заалдах гомдлыг хамтран гаргасан.

Хэрэгт авагдсан баримтаас үзэхэд; хохирогч Х.Л, гэрч О.Б, Н.Ц, С.Ж, О.Г нараас хууль сануулж мэдүүлэг авсан зэргээс дүгнэхэд анхан шатны шүүх хэргийн үйл баримтын талаар хийсэн дүгнэлт үндэслэлтэй байх бөгөөд хохирогч нь нийт 6 удаагийн мэдүүлэг өгснөөс эхний 2 удаагийн мэдүүлэгтээ “...цагаан цамцтай залуу цохисон, цагаан фудболктой, шортой халимагдуу үстэй эрэгтэй цохисон. ...” гэж хоёр өөр утгаар мэдүүлэх хэдий ч дараа нь өгсөн 4 удаагийн мэдүүлэгтээ: “...Бичлэг дээр гарч байгаа цагаан малгайтай улаан пүүзтэй хүн намайг цохиж гэмтээсэн, №4 гэж дугаарласан цагаан өнгийн малгайтай, хар цамцтай, саарал өмдтэй, улаан пүүзтэй хүн намайг гартаа чулуу барьж байгаад гараараа 1 удаа цохисон, цагаан өнгийн малгайтай, хар цамцтай, саарал өмдтэй, улаан пүүзтэй хүн намайг цохисон. .... №4 гэж дугаарласан залуу л намайг цохиж миний биед халдсан” гэж тодорхой мэдүүлсэн, шүүгдэгч О.О-ыг дүрсэлж, түүний өмсөж байсан хувцасаар таньж шүүгдэгчийг шууд нэрлэн заасан таньж олуулах ажиллагаа хийсэн тэмдэглэл. ...” мөн тухай хэрэг учралыг шууд харсан гэрч О.Б, Н.Ц, С.Ж, О.Г нар “...саарал өмдтэй 170 см өндөртэй эрэгтэй хүн цохисон. ... гартаа чулуу барьсан хүн нь цагаан өнгийн малгайтай, хар өнгийн цамцтай, саарал өнгийн өмдтэй залуу нь гартаа явган хүний жижиг хавтан барьчихсан байсан. ...” гэж шүүгдэгчийг хувцасаар нь таньж байгаа зэрэг мэдүүлэг болон бусад баримтуудаар шүүгдэгч нь хохирогчийг зодоогүй гэх үйл баримт тогтоогдоогүй, мөн хохирогчийн биед халдсан хүн нь шүүгдэгч О.О бөгөөд өөр этгээд цохисон гэх ямар нэгэн эргэлзээ бүхий түүнийг үгүйсгэсэн баримт байхгүй байх тул шүүгдэгчийн өмгөөлөгч нарын гаргасан давж заалдсан гомдлыг хүлээн авах боломжгүй байна.

Хэрэгт авагдаж, шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн гэм бурууг тогтоосон шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон дээрх нотлох баримтууд нь хоорондоо зөрүүгүй, эргэлзээ үүсгээгүй гэж үзэв.

Шүүхээр хэлэлцэгдсэн нотлох баримтууд нь дангаар бус гэрчүүдийн мэдүүлгүүд зэрэг баримтуудын нэг нь нөгөөгөө нөхсөн, уялдан холбогдсон байдлаар гэмт хэргийн үйл баримтыг тогтоож байх бөгөөд хэргийн жинхэнэ байдалд нийцсэн шүүхийн шийдвэрийн үндэслэл болоход зөвшөөрөгдөхүйц байх шаардлагыг хангажээ.

Түүнчлэн шүүгдэгч нь хохирогчийг тодорхой шалтгаангүйгээр цохиж, түүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан үйлдлийг зөвтгөх, энэхүү хууль бус үйлдлийн нийгмийн хор аюул, шинж чанарыг үгүйсгэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

5. Хэрэгт хамааралтай байж болзошгүй, ял шийтгэлээс зугтсан хэмээн шүүгдэгчийн өмгөөлөгч нарын давж заалдах гомдолдоо дурдсан хүн болох О.Г нь мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрчээр өгсөн мэдүүлэгтээ: “...Намайг нэг том биетэй халзан, баруун шилбэн дээрээ сур шиг юм ороосон байсан эрэгтэй намайг хавирч унагаахаар нь би тэр залуу руу газраас тоосго аваад шидтэл оноогүй хажуугаар нь өнгөрсөн бөгөөд миний шидсэн тоосгыг буцаж шидэнгүүтээ  зүүн шанаа руу 1 удаа гараараа цохиход нь би ухаан алдаад унасан. ...Би тухайн өдөр улаан өнгийн саравчтай малгайтай, цэнхэр өнгийн адидасын цамцтай, цагаан өнгийн Эйр Форс пүүзтэй, хар өнгийн жинсэн өмдтэй явж байсан. ...” /1хх 43/, дахин өгсөн: “...тухайн үед О.О-той өндөр нуруутай залуу нь цохилцсон буюу  эхлээд тэр залуу О.О-ын дагз руу цохиход бид дундуур нь орсон. ...Тэгээд тэр залуусын нэг нь намайг тоосгоор цохиход би ухаан алдаад унасан. ...О.О тэр харанхуй хэсэгт нэг хүнтэй зодолдоод байсан. ...” /1хх 167-168/ хохирогчийг цохиогүй талаар мэдүүлсэн нь гэрч О.Б-ын: “...Тухайн үед гартаа чулуу барьсан хүн нь цагаан өнгийн малгайтай, хар өнгийн цамцтай, саарал өнгийн өмдтэй залуу нь гартаа явган хүний замын жижиг хавтан барьчихсан явж байсан. ...Харин улаан өнгийн цамцтай, нүдний шилтэй залуу нь гартаа пивоны шил барьчихсан явж байсан. ...” /1хх 115/, гэрч С.Ж: “...тухай зодоонд хар өнгийн цамцтай, цагаан өнгийн малгайтай цамцтай залуу нь зодоонд оролцож байсан. ...” /1хх 113/, гэрч Н.Ц: “...Л-г/хохирогч/ саравчтай хар өнгийн малгайтай, дээгүүрээ хар цамцтай, саарал өмдтэй, 170 см орчим өндөртэй эрэгтэй цохисон байх. ...Учир нь тэр залуу гартаа тоосго барьчихсан явж байсан бөгөөд намайг зодооны үеэр өөр хүнтэй маргалдаад байж байтал намайг чулуугаар 1 удаа цохисон. ...” /1хх 36/ гэсэн мэдүүлгүүдээр давхар нотлогдож байх тул өмгөөлөгч нарын гомдолд дурдасан нөхцөл байдал үгүйсгэгдэж байна.

Хэрэгт авагдсан гэрчүүдийн мэдүүлгийг судлахад тэдгээрийг хуульд заасан үндэслэл, журмыг зөрчиж авсан, хууль бус арга хэрэгслээр цуглуулсан, гэрчүүд нь тодорхой үйл баримтыг нуун дарагдуулсан гэж үзэх, тэдгээрийн мэдүүлгийг үнэлэхгүй байх үндэслэл, эргэлзээ бүхий нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Иймд дээрх үндэслэлийн хүрээнд шүүгдэгч О.О-ын өмгөөлөгч Д.Очирваань, М.Батбаатар нарын хамтран гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 2025/ШЦТ/231 дүгээр шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч О.О-ын өмгөөлөгч Д.Очирваань, М.Батбаатар нарын хамтран гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар оролцогч гомдол гаргах, прокурор эсхүл дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ,

                        ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                               Б.ЗОРИГ

                       ШҮҮГЧ                                                                   М.АЛДАР

                       ШҮҮГЧ                                                                   Д.МӨНХӨӨ