Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 11 сарын 29 өдөр

Дугаар 215/МА2019/00030

 

Говь-Алтай аймгийн П-ын газрын

нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

 

 

Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн ерөнхий шүүгч Ш.Б даргалж, шүүгч Ч.Э, Т.Ж нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Говь-Алтай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 133/ШШ2019/00324 дугаар шийдвэртэй,

 

Говь-Алтай аймгийн П-ын газрын нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Говь-Алтай аймаг, Шарга сум, 4 дүгээр баг, Улаан туг гэх газарт үйл ажиллагаа явуулдаг Т Р ХХК-д холбогдох, сум хөгжүүлэх сангаас олгосон зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцалж, зээл, зээлийн хүү, алдангид, нийт 25.535.100 төгрөг гаргуулах иргэний хэргийг шүүгч Т.Ж-ы илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн төлөөлөгч Б.О, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.О, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ө.Х нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгчийн төлөөлөгч Б.О нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: "Т Р" ХХК-ий захирал Г.С нь Говь-Алтай аймгийн Шарга сумын Засаг дарга М.Т-тай 2018 оны 03 дугаар сарын 12-ны өдөр "Сум хөгжүүлэх сангаас олгох зээлийн гэрээ" сарын 0.25 хувийн хүүтэй, 15.000.000 төгрөгний гэрээ байгуулж, 2019 оны 7 дугаар сарын 22-ны өдрийн байдлаар үндсэн зээл 7.000.000 төгрөг, хүү 497.000 төгрөг, алданги 2.819.700 төгрөг нийт 10.316.700 төгрөг байна. Т Р компани нь зээлийн гэрээ байгуулснаас хойш зээл эргэн төлөх хуваарийг зөрчиж 2018 оны 12 дугаар сарын 13-ны өдөр төлөх үндсэн зээлийн 3.000.000 төгрөгийг 2019 оны 8 дугаар сарын 10-ны өдөр төлсөн, 2019 оны 4 дүгээр сарын 13-ны өдөр төлөх үндсэн зээл 2.000.000 төгрөг, 2019 оны 7 дугаар сарын 13-ны өдөр төлөх үндсэн зээл 2.000.000 төгрөгийг хугацаандаа төлөөгүй, зээл төлөх боломжгүй байгаа талаарх тайлбарыг шүүхэд бичгээр гаргасан тул нэхэмжлэлийн шаардлагыг 2019 ны 9 дүгээр сарын 26-ны өдөр өөрчилж Т Р компанитай байгуулсан сум хөгжүүлэх сангаас олгох зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцлаж, зээлийн үндсэн төлбөрт 12.000.000 төгрөг, төлөөгүй зээлийн хүүд 35.100 төгрөг, алданги 13.500.000 төгрөг, нийт 25.353.100 төгрөгийг нэхэмжилж байна.

 

Засгийн газрын 2016 оны 153 дугаар тогтоолоор батлагдсан сум хөгжүүлэх сангийн хөрөнгийг бүрдүүлэх, зарцуулах, тайлагнах, хяналт тавихтай холбоотой харилцааг зохицуулсан журам байгаа. Энэ журмын 6.3-т тухайн санд учирсан хохирлыг хууль тогтоомжийн дагуу гэм буруутай этгээд хариуцан барагдуулна гэж заасны дагуу хариуцагч компаний захирал Г.С нь зээл эргэн төлөх хуваарийн дагуу 3 удаагийн төлөлт хийгээгүй, зээлийн хүүг цаг хугацаанд нь төлөөгүй, үүргээ хугацаандаа биелүүлээгүй учраас Иргэний хуулийн 225.1-т зааснаар гэрээг цуцлах шаардах эрх нэхэмжлэгч талд байгаа. Анх шүүхэд нэхэмжлэл гаргасны дараа шаардлагаа өөрчлөхийн өмнө буюу 2019 оны 08 дугаар сарын 10-ны өдөр 3.000.000 төгрөг төлсөн. Эхний зээлийн төлөлтийн хувиараар бол 2018 оны 12-р сарын 13-нд төлөхөөр байхад 3.000.000 төгрөгийг 2019 оны 08 дугаар сарын 10-ны өдөр төлсөн учир гүйцэтгээгүй үүргээс алданги тооцохдоо эхний үлдэгдэл 15.000.000 төгрөгөөс, шүүхэд нэхэмжлэл гаргасны дараа 3.000.000 төгрөгийг төлсөн тул үлдэгдэл 12.000.00 төгрөгөөс тус тус тооцсон. Учир нь эхний төлөлт хийгдээгүй байсан төлбөр хийгдсэн учраас үндсэн зээлийн 12.000.000 төгрөгөөс бас тооцож байгаа. 2018 оны 12 дугаар сарын 13-нд төлөх байсан үндсэн зээлийн төлбөрийг 2019 оны 8 сард төлсөн гэж тооцохоор алданги нь 15.000.000 төгрөгөөс их гараад Иргэний хуульд заасны дагуу 50 хувиас хэтрэхгүй гэхээр 7.500.000 төгрөг болж байгаа. Дараагийн алдангийг 2019 оны 4 дүгээр сарын 13-ны өдрөөс 9 дүгээр сарын 26-ны өдөр хүртэлх 166 хоногоор тооцож иргэний хуульд заасны дагуу алданги нь 50 хувиас хэтрэхгүй гэхээр 6.000.000 төгрөг байгаа тул нийтдээ 13.500.000 төгрөгийг алдангид нэхэмжилж байгаа. Хуулинд зааснаар зээлдэгч зохих ёсоор үүргээ биелүүлээгүй гэжээ.

 

Хариуцагч шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Говь-Аптай аймгийн прокурорын газрын 2019 онь 7 дугаар сарын 31-ний өдрийн Сум хөгжүүлэх сангаас олгох зээлийн гэрээний дагуу нэхэмжилсэн 10.316.700 төгрөгний нэхэмжлэлийн шаардлагатай танилцаад дараах тайлбарыг гаргаж байна. "Т Р" ХХК нь 2018 оны 03 дугаар сарын 12-нд Шарга сумын Засаг дарга М.Т-тай Сум хөгжүүлэх сангаас олгох зээлийн гэрээ байгуулж сарын 0,25 хувийн хүүтэй 15.000.000 төгрөгийн гэрээ байгуулж улмаар зээлийг зориулалтын дагуу ашиглаж байна. Зээлийг графикийн дагуу төлөлт хийгдэж байсан ба ажил үйлчилгээ явуулж байгаа охин Д.Б нь төрөхийн хүндрэлийн улмаас Улаанбаатар хотод төрөөд төрсөний дараа хүүхэд нь эмчилгээ хийлгэх шаардлага гарч үйл ажиллагаа нь хэсэг завсардаж орлого багассаны улмаас төлелтийг хугацаа хэтрүүлсэн тал бий гэхдээ энэ хугацаанд 2018 оны 03 дугаар сарын 12-ны өдрөөс өнөөг хүртэл зээлийн хүүнд 18 сарын хүү болох 675.000 мянган төгрөг, үндсэн зээлээс 3.000.000 төгрөгийг хийсэн. Гэтэл сум хөгжүүлэх сангаас олгох зээлийн гэрээний эцсийн төлөлтийн хуваарь 2021 оны 02 дугаар сарын 13-ны өдөр төлж дуусахаар байна. Иймд зээлийн гэрээний хугацаа дуусаагүй байхад хуулийн үндэслэлгүйгээр иргэний хуулийн 284 дүгээр зүйлийг зөрчиж нэхэмжлэлийн шаардлага гаргаж байгааг хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь манай компани зээлийг буцаан төлөх чадваргүй болох нөхцөл байдалд тоггоогдоогүй мөн энэ талаарх баримт хэргийн материалд тусгагдаагүй байхад нэхэмжлэлийн шаардлага гаргасан нь ойлгомжгүй байна. Иймд Сум хөгжүүлэх сангаас олгосон зээлийн гэрээний хугацаа дуусаагүй мөн үндсэн зээлээс 2019 оны 7 дугаар сарын 9-нд 3.000.000 төгрөгийг хийсэн цаашид 2021 оны 02 дугаар сарын 13-г хүртэлх хугацаанд зээлийн төлөлтийг хуваарийн дагуу хийх тул нэхэмжлэлийн шаардлага болох 10.316.700 төгрөгийн нэхэмжлэлийн хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Анхан шатны шүүх: Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1, 225.2, 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1, 232 дугаар зүйлийн 232.4-т заасныг тус тус баримтлан Говь-Алтай аймгийн Шарга сумын Засаг дарга, Т Р ХХК нарын хооронд байгуулагдсан 2018 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн 01/2018 тоот сум хөгжүүлэх сангаас олгох зээлийн гэрээг цуцлаж, хариуцагч Т Р ХХК-иас зээлийн гэрээний үүрэгт, нийт 18.035.100 /арван найман сая гучин таван мянга нэг зуун/ төгрөгийг гаргуулж, Говь-Алтай аймгийн Шарга сумын сум хөгжүүлэх санд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 7.500.000 төгрөгт ногдох хэсгийг хэрэгсэхгүй болгож. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар нэхэмжлэгч байгууллага нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгддөг болохыг дурдаж, мөн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-д заасныг баримтлан хариуцагч Т Р ХХК-иас 248.125 /хоёр зуун дөчин найман мянга нэг зуун хорин таван/ төгрөгийг гаргуулж улсын орлогод оруулж. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шийдвэрийг эс зөвшөөрвөл мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар нэхэмжлэгч, хариуцагч, түүний төлөөлөгч, өмгөөлөгч нар шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдлыг Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах эрхтэйг дурдаж. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор нэхэмжлэгч, хариуцагч, түүний төлөөлөгч, өмгөөлөгч нар шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг тус тус дурдаж шийдвэрлэжээ.

 

Хариуцагч Т Р ХХК-ний захирал Г.С давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: 2019 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 14:30 цагт товлогдсон шүүх хуралдаанд миний бие харицагчаар оролцох ёстой байсан ч манай бэр Улаанбаатар хотод төрхийн хүндрэлийн улмаас хагалгаанд 2019 оны 10 дугаар сарын 15-ны өдөр орсон бөгөөд энэ талаар шүүгчийн туслах Б.Х-ын 9994........ дугаарын утсаар өөрийн 9465............ дугаартай утаснаас холбогдож учир байдлаа хэлж, хүсэлт явуулах гэсэн юм, нэг удаа шүүх хуралдааныг хойшлуулж өгөөч, И-мэйл хаяг, Факсаа явуулаач гэж хэлэхэд хэргийн хугацаа дуусаж байгаа гээд надад шүүхийн И-мэйл хаяг, Факсыг өгөхөөс татгалзсан бөгөөд шүүх намайг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй гэж үзэн хэргийг хянан шийдвэрлсэн байна. Би 2019 оны 10 дугаар сарын 15-ны өдөр Шарга сумын Засаг даргатай ярьж 2019 оны 10 дугаар сарын байдлаар төлөгдөөгүй байгаа төлбөрөө төлчихвөл гэрээг цуцлахгүй, гэрээг цааш нь хэвийн үргэжлүүлэх талаар ярилцсан бөгөөд надад одоо хугацаа хэтрүүлж төлөгдөөгүй үлдсэн зээлийн үлдэгдэл байхгүй. Гэвч анхан шатны шүүхэд нэхэжлэгч тал нь энэ талаар огт дурдаагүй, намайг зээл төлсөн баримтуудыг гаргаж өгөх боломж олголгүйгээр, шүүх хуралдаанд тайлбар, мэдүүлэг гаргах ёстой байсныг тайлбарлаж өгөлгүйгээр, мөн нөгөө талын хүсэлтийг удаа дараа хүлээж авсан мөртлөө миний гаргасан хүсэлтийг хүлээж авалгүйгээр хэргийг намайг эзгүйд хянан шийдвэрлэсэнд гомдолтой байна.

 

Иймд Говь-Алтай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 133/ШШ2019/00324 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, дахин хэлэлцүүлж миний эрхийг хангаж өгнө үү гэжээ

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлага хангаагүй байна.

 

Нэхэмжлэгч Говь-Алтай аймгийн П-ын газар нь Говь-Алтай аймгийн Шарга сумын Засаг даргын гаргасан хүсэлтийн дагуу хариуцагч Т Р ХХК-д холбогдуулан сум хөгжүүлэх сангаас олгох зээлийн гэрээний үүрэгт 10.316.700 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагаа хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад өөрчилж, сум хөгжүүлэх сангаас олгох зээлийн гэрээг цуцалж, зээлийн гэрээний үүрэгт нийт 25.535.100 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

Анхан шатны шүүх: ...хариуцагчийн төлөөлөгч Г.С нь шүүх хуралдааны тов мэдэгдсэн баримтад гарын үсэг зурсан боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т зааснаар хариуцагчийн төлөөлөгчийн эзгүйд түүний шүүхэд гаргасан тайлбар, баримт, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг үндэслэн хэргийг хянан шийдвэрлэлээ... гэжээ.

 

Хариуцагчийн төлөөлөгч Г.С давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: ...2019 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 14:30 цагт товлогдсон шүүх хуралдаанд миний бие оролцох ёстой байсан ч манай бэр Улаанбаатар хотод төрөхийн хүндрэлийн улмаас 2019 оны 10 дугаар сарын 15-ны өдөр хагалгаанд орсон бөгөөд энэ талаар шүүгчийн туслах Б.Х-ын 9994.... дугаарын утас руу өөрийн 9465....... дугаарын утаснаас холбогдож учир байдлаа хэлж, хүсэлт явуулах гэсэн юм, шүүх хуралдааныг нэг удаа хойшлуулж өгөөч, И-мэйл хаяг, факсаа явуулаач гэхэд хэргийн хугацаа дуусч байгаа гээд надад хаяг, факсаа өгөхөөс татгалзсан... гэжээ.

 

 

 

Хэрэгт авагдсан баримтаар анхан шатны шүүх хариуцагчийн төлөөлөгч Г.С-ийн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлд заасан шүүхэд хүсэлт гаргаж, шийдвэрлүүлэх эрхийг нь хангаагүй, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1-д заасан талуудын мэтгэлзэх зарчмыг алдагдуулсан байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.3-т зааснаар зохигчийн эрхийг ноцтой зөрчсөн гэж дүгнэх үндэслэлтэй байна.

 

Иймд дээрх зөрчлийг давж заалдах шатны шүүхээс зөвтгөх боломжгүй тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаах зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Говь-Алтай аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 324 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4, 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар давж заалдах гомдол гаргахад хариуцагчийн төлөөлөгч Г.С-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 248.300 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3.Давж заалдах шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ хууль буруу хэрэглэсэн, хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, эсхүл хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл зохигчид магадлалыг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гмдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ш.Б

ШҮҮГЧИД Ч.Э

Т.Ж