Дорнод аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 07 сарын 25 өдөр

Дугаар 2018/ШЦТ/210

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

     Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ү.Одгэрэл даргалж,

 

     Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга *******г суулган,

                        Улсын яллагч *******

                        Шүүгдэгч Ши.Ши /*******/-н өмгөөлөгч *******

                        Орчуулагч *******

                       Шүүгдэгч, хохирогч *******,

             Шүүгдэгч, хохирогч Ши.Ши /*******/ нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны "А" танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар:

 

Дорнод аймгийн Прокурорын газраас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн .......... овогт *******, Ши.Ши /*******/ нарт холбогдох эрүүгийн 1821003380236 дугаартай хэргийг 2018 оны 07 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч, хохирогч: ......... овогт *******, Дорнод аймгийн Дашбалбар суманд ...... оны ...... дүгээр сарын .......-ны өдөр төрсөн, 29 настай, эрэгтэй, Монгол Улсын иргэн /РД: ......./, тусгай дунд боловсролтой, гүүрэн краны оператор мэргэжилтэй, .................ХХК-д гагнуурчин ажилтай, ам бүл 3, эцэг, эхийн хамт Дорнод аймгийн Хэрлэн сумын 10 дугаар баг, .............. тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгүүлж байгаагүй, бие эрүүл гэх.

Шүүгдэгч, хохирогч: Ши Шиахуа /*******/, Бүгд Найрамдах Хятад Ард Улсад ..... оны .... дугаар сарын .....-ний өдөр төрсөн, 28 настай, эрэгтэй, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын иргэн /360428199003144933/,  тусгай дунд боловсролтой, цахилгаанчин мэргэжилтэй, ............ ХХК-д цахилгаанчин ажилтай, Бүгд Найрамдах Хятад Ард Улсад оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгүүлж байгаагүй, бие эрүүл гэх.

   Яллагдагч Ши Шиахуа /*******/ нь 2018 оны 05 дугаар сарын 12-ны өдөр Дорнод аймгийн Дашбалбар сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах “Шинь Шинь” ХХК-ийн уурхай дээр хохирогч *******-г зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан,

Яллагдагч ******* нь 2018 оны 05 дугаар сарын 12-ны өдөр Дорнод аймгийн Дашбалбар сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах “Шинь Шинь” ХХК-ийн уурхай дээр хохирогч БНХАУ-ын иргэн Ши.Ши /*******/-г зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ. /Яллах дүгнэлтэнд бичигдснээр/

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах цагаатгах, хөнгөрүүлэх талын дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч ******* шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг үнэн зөв тул нэмж хэлэх зүйл байхгүй. Хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна гэв.

Шүүгдэгч Ши Шиахуа/*******/ шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг үнэн зөв тул нэмж хэлэх зүйл байхгүй. Хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна гэв.

Шүүгдэгч Ши Шиахуа/*******/ мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ: “...Авто засварын газарт байж байхад гаднаас монгол хүмүүс орж ирээд ойлгогдохгүйгээр зандарч, хүмүүсийг татаж, түлхээд гаргасан. Мөн намайг түлхэж чангаахаар нь би эсэргүүцэл үзүүлж биеэ хамгаалах зорилгоор харилцан ноцолдсон. Тэр явцад ******* гэх хүний биед гэмтэл учирсан байхыг үгүйсгэхгүй. Тухайн хүн намайг мөн цохиж зодсон. Өөр хэдэн хүн яаж маргалдаж, зодолдсоныг анзаараагүй, мэдэхгүй. Миний хувьд гартаа өөр ямар нэг эд зүйл лоом, жоотуу бариагүй. Би өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрч байна...” гэжээ. /хх 135/

Шүүгдэгч ******* мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ: “...Намайг засварын бааз арын өрөө рүү ороход хятад ажилчид сууж байсан. Тэгэхээр нь би “гар” гэж гараараа зааж хувцаснаас нь татахад нэг нэгээрээ гарцгаасан. Гэтэл Ши Шиахуа /*******/ өөдөөс эсэргүүцэл үзүүлсэн улмаар барьцалдаж зууралдах явцдаа түүний биед гэмтэл учруулсан. Санаатайгаар цохисон зүйл байхгүй. Би өөрийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Хэргийг хялбаршуулсан журмаар түргэн шуурхай шийдвэрлүүлэх хүсэлтэй байна...” гэжээ. /хх 139/

Хохирогч ******* мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ: “...Тэгэхэд Цээгий ах намайг “тэр хэдийг гаргаад ир” гээд дуудчих гэж хэлэхээр нь би тэр өрөө рүү ороод дотор байсан хятад хүмүүсийг “гар” гэж хэлсэн боловч ойлгохгүй байхаар нь хувцаснаас нь татаад гаргаад мөн сууж байсан нэг хятад ажилчныг татахад босч ирээд надад юм хэлэлгүйгээр миний цээж рүү гараараа цохиод намайг бооход араас шилэн хүзүү рүү цохих шиг болсон. Тэгээд би хальт манараад сэрэхэд намайг анх цохисон хятад үснээс зулгаахаар нь тонгойход миний ар талд байсан хятад хүн жоотуу гартаа барьчихсан далайхад Цээгий ах ирээд тэрийг тэврээд болиулсан...” гэжээ. /хх 19-20/

Хохирогч БНХАУ-ын иргэн Ши Шиахуа /*******/-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ: “...Би сүүлд өрөөний хаалгаар гарах гэхэд надаас арай өндөр биетэй туранхай хар өнгийн саравчтай малгай өмсөж үснийхээ хоёр талыг цахалж зассан хүн миний толгой руу цохихоор нь би эргээд харахад тэр хүн миний зүүн нүд рүү гараараа цохиход хөмсөг сэтэрч цус гарч хавдсан...” гэжээ. /хх 21-22/

Гэрч БНХАУ-ын иргэнSun Haifeng /Сун Хайпен/ мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Бид хэдийг татаад “гар” гэхээр нь босоод өрөөний хаалгаар гарч байхад тэр монгол залуу Ши Шиахуа /*******/-гийн толгой руу гараараа цохиод эргээд харахад нүүр рүү нь нэг удаа гараараа цохисон...” гэжээ. /хх 31/

Гэрч ******* мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Гэтэл урд талын хаалтны цаана түс тас хийх чимээ гарахаар нь би араас нь ороход миний өөдөөс нүдний шилтэй хятад залуу шүргээд гараад хүрз жоотуу тавьдаг тавиураас жоотуу аваад буцаад нөгөө өрөө рүү зөрөөд орсон ...Тэр үед нөгөө өрөөнд Дорнод аймгийн Босоо хөх монголд элссэн залууг нэг хятад боочихсон зогсож байхад нөгөө жоотуу барьсан монгол залуу руу жоотуугаараа цохих гэж далайгаад савахад нь би жоотуунаас нь бариад хойш татсан...” гэжээ. /хх 70/

          Дорнод аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2018 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн 366 тоот дүгнэлтэд: “1.*******-ийн биед хуйханд дагзны зөөлөн эдийн няцрал, зулгаралт, хүзүүний цус хуралтууд, зулгаралт, цээжний урд болон ар талын цус хуралтууд, баруун шилбэний цус хуралт, зулгаралт гэмтэл тогтоогдлоо. 2.Дээрх гэмтэл нь мохоо бүхий зүйлийн олон удаагийн үйлчиллээр үүссэн байх боломжтой. 3.Дээрхи гэмтэл нь бүрдэл байдлаараа Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 4.Дээрхи гэмтэл нь тухайн цаг хугацаанд үүссэн байх боломжтой шинэ гэмтэл болно. 5.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй” гэжээ. /хх 110/

            Дорнод аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2018 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн 366 тоот дүгнэлтэд: “1. Ши Ши /*******/-н биед хөмсөгний зулгаралт, зүүн нүдний дээд зовхины зөөлөн эдийн няцрал, цус хуралт, эрүүний цус хуралт, хүзүүний цус хуралт, зүүн тохойн хонхорын цус хуралт гэмтэл тогтоогдлоо. 2.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчиллээр үүссэн байх боломжтой. 3.Дээрхи гэмтлийн зүүн хөмсөгний зулгаралт, зүүн нүдний дээд зовхины зөөлөн эдийн няцрал, цус хуралт нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна, эрүүний цус хуралт, хүзүүний цус хуралт, зүүн тохойн хонхорын цус хуралт нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй. Дээрхи гэмтэл нь шинэ гэмтэл болно. 4.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй” гэжээ. /хх 123/

Хэрэгт цугларсан дээрх нотлох баримтууд болон мөрдөн шалгах ажиллагаанд Гэрч Li Zheng /хх 23-24/, Sun Haifeng /хх 29-32/, Шүй Линха /хх 33-34/, Wang Liang /хх 36-37/, Ши Ан Пин /хх 39-40/, Ву Чинг Шинг /хх 42-44/, Xu Qianjin /хх 46-47/, Д.Энхбат /хх 49-50/, Ж.Энхжаргал /хх 51-53/, Н.Шинэжил /хх 54-55/, Б.Анхбаяр /хх 56-57/, Д.Отгонтэнгэр /хх 58/, ******* /хх 59/, Ч.Даваахүү /хх 60-62/, Н.Насанбат /хх 63-65/, Н.Баттулга /хх 66-68/, П.Шинжээравдан /хх 69/, ******* /хх 70/, Д.Чойпүрэв /хх 74-75/, Н.Мөнх-Оргил /хх 76-77/, Э.Энхбаатар /хх 79/, Д.Адъяабаатар /хх 80-81/, М.Лхагвадорж /хх 82-83/, Э.Төмөрхуяг /хх 84-85/, Ш.Ёндонсүрэн /хх 86-87/, О.Насанбуян /хх 88/, Г.Батбаяр /хх 89/, Х.Буянтогтох /хх 90-92/, Э.Мөнх-Амгалан /хх 93-95/, О.Ганбаатар /хх 96-97/, Д.Эрдэнэбаяр /хх 98-100/, Р.Эрдэнэтөгс /хх 101-102/, Д.Гантулга /хх 103-104/, О.Мөнх-Од /хх 105-106/, хохирогч, шүүгдэгч Ши Ши /хх 26-27/, хохирогч, шүүгдэгч ******* /хх 71-73/ нарын мөрдөн шалгах ажиллагаанд гэрчээр өгсөн мэдүүлгүүд, Гэмт хэргийн талаархи гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх 12/, Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх 13-14/, Таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх 15-16, 17/, Амбулаториор эмчлүүлэгсдийн карт /хх 111-113/, Яаралтай тусламжийн хуудас /хх 117/, “Шинь шинь” ХХК Улааны уурхайд үзлэг хийсэн тухай эмчийн тэмдэглэл /хх 119/, БНХАУ-ын иргэний биед үзлэг хийсэн тэмдэглэл, үзлэгийн тэмдэглэлд хавсаргах гэрэл зургийн үзүүлэлт /хх 120/, Яаралтай тусламжийн хуудас /хх 124/, Амбулаториор эмчлүүлэгсдийн карт /хх 125-126/, Шинь шинь” ХХК Улааны уурхайд үзлэг хийсэн тухай эмчийн тэмдэглэл /хх 127/, БНХАУ-ын иргэний биед үзлэг хийсэн тэмдэглэл, үзлэгийн тэмдэглэлд хавсаргах гэрэл зургийн үзүүлэлт /хх 128/, Шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагааны хуудас /хх 166/, Шүүгдэгч нарын урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх 167-168/, Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай шүүгдэгч, хохирогч нарын хүсэлт /хх 175-176/, Прокурорын ялын санал /хх 188/ зэрэг болон тухайн хэрэгт хамааралтай, хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авсан бусад нотлох баримтуудыг шинжлэн судаллаа.

Шүүгдэгч Ши Шиахуа /*******/, ******* нар нь 2018 оны 05 дугаар сарын 12-ны өдөр Дорнод аймгийн Дашбалбар сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах “Шинь Шинь” ХХК-ийн уурхай дээр харилцан бие биенээ зодож *******-ийн эрүүл мэндэд нь “хуйханд дагзны зөөлөн эдийн няцрал, зулгаралт, хүзүүний цус хуралтууд, зулгаралт, цээжний урд болон ар талын цус хуралтууд, баруун шилбэний цус хуралт, зулгаралт” бүхий хөнгөн хохирол, Ши Шиахуа /*******/-н эрүүл мэндэд нь “хөмсөгний зулгаралт, зүүн нүдний дээд зовхины зөөлөн эдийн няцрал, цус хуралт, эрүүний цус хуралт, хүзүүний цус хуралт, зүүн тохойн хонхорын цус хуралт” бүхий хөнгөн хохирол тус тус учруулсан гэмт хэрэгт гэм буруутай болох нь, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан, шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа өөрөө хүлээн зөвшөөрч мэдүүлсэн мэдүүлгийг давхар нотолсон дараах:

Хохирогч *******-ийн эх сурвалжаа зааж, тодорхой мэдүүлсэн “...Тэгэхэд Цээгий ах намайг тэр хэдийг гаргаад “ир” гээд дуудчих гэж хэлэхээр нь би тэр өрөө рүү ороод дотор байсан хятад хүмүүсийг “гар” гэж хэлсэн боловч ойлгохгүй байхаар нь хувцаснаас нь татаад гаргаад, мөн сууж байсан нэг хятад ажилчныг татахад босч ирээд надад юм хэлэлгүйгээр миний цээж рүү гараараа цохиод намайг бооход араас шилэн хүзүү рүү цохих шиг болсон. Тэгээд би хальт манараад сэрэхэд намайг анх цохисон хятад үснээс зулгаахаар нь тонгойход миний ар талд байсан хятад хүн жоотуу гартаа барьчихсан далайхад Цээгий ах ирээд тэрийг тэврээд болиулсан...” /хх 19-20/ гэх,

Хохирогч Ши Шиахуа /*******/-н эх сурвалжаа зааж, тодорхой мэдүүлсэн “...Би сүүлд өрөөний хаалгаар гарах гэхэд надаас арай өндөр биетэй туранхай хар өнгийн саравчтай малгай өмсөж үснийхээ хоёр талыг цахалж зассан хүн миний толгой руу цохихоор нь би эргээд харахад тэр хүн миний зүүн нүд рүү гараараа цохиход хөмсөг сэтэрч цус гарж хавдсан...” /хх 21-22/ гэх,

Үйл баримт /факт/-ыг нүдээр үзсэн гэрч БНХАУ-ын иргэн Sun HAIFENGE-н “...Засварын гражийн ажил гаргадаг өрөөнд сууж байхад “Босоо хөх монгол” бүлгэмийн нэг залуу гаднаас орж ирээд бид хэдийг татаад “гар” гэхээр нь босоод өрөөний хаалгаар гарч байхад тэр монгол залуу Ши Шиахуа /*******/-н толгой руу гараараа цохиод эргээд харахад нь нүүр рүү нь нэг удаа гараараа цохисон...” /хх 31/ гэх мэдүүлгүүд, Гэмт хэргийн талаархи гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх 12/, Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх 13-14/, Таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх 15-16, 17/, Амбулаториор эмчлүүлэгсдийн карт /хх 111-113/, Яаралтай тусламжийн хуудас /хх 117, 127/, Яаралтай тусламжийн хуудас /хх 124/, Амбулаториор эмчлүүлэгсдийн карт /хх 125-126/, БНХАУ-ын иргэний биед үзлэг хийсэн тэмдэглэл, үзлэгийн тэмдэглэлд хавсаргах гэрэл зургийн үзүүлэлт /хх 128/, Дорнод аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2018 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн 366 тоот /хх 110/, 370 тоот дүгнэлт /хх 123/-үүд зэрэг хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна гэж шүүх дүгнэлээ.

Шүүгдэгч *******, Ши Ши /*******/ нарын үйлдсэн гэмт хэрэгт Дорнод аймгийн Прокурорын газраас зүйлчлэн ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон, хэргийг шийдвэрлэхэд шаардлагатай нотлох баримт цугларч бүрдэл хангагдсан, мөрдөн шалгах ажиллагаа бүрэн хийгдсэн, тогтоол гаргахад ач холбогдолтой байж болох бүхий л байдлыг шалгаж тогтоожээ.

Шүүгдэгч *******, Ши Ш /*******/ нарын бие биедээ хөнгөн хохирол учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байна.

Хохирогч *******-ийн эрүүл мэндэд учирсан “хуйханд дагзны зөөлөн эдийн няцрал, зулгаралт, хүзүүний цус хуралтууд, зулгаралт, цээжний урд болон ар талын цус хуралтууд, баруун шилбэний цус хуралт, зулгаралт” бүхий хөнгөн хохирол, хохирогч БНХАУ-ын иргэн Ши Ши /*******/-н “хөмсөгний зулгаралт, зүүн нүдний дээд зовхины зөөлөн эдийн няцрал, цус хуралт, эрүүний цус хуралт, хүзүүний цус хуралт, зүүн тохойн хонхорын цус хуралт” бүхий хөнгөн хохирол нь тэдгээрийн хоорондоо харилцан зодолдсон шүүгдэгч *******, Ши Ш /*******/ нарын үйлдэлтэй шууд шалтгаант холбоотой байна.

Энэ талаар дүгнэсэн шинжээчийн дүгнэлтүүд нь хэргийн бодит байдалтай тохирсон, хэрэг явдлын гол үйл баримтыг тогтооход ач холбогдолтой, эргэлзээгүй байна. Мөн хэрэгт цугларсан бусад нотлох баримтуудыг хуулийн  дагуу  цуглуулж,  бэхжүүлж  авсан, тухайн хэрэгт харилцан хамааралтай байна гэж үнэлэв.

Мөн Прокурорын газраас шүүгдэгч, хохирогч нарын хүсэлтээр хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн  4 дэх хэсгийн 4.1, 4.5-д заасан нөхцөл байдлыг хангасан, 500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 500000 төгрөгөөр торгох ялын саналыг яллагдагч, хохирогч нар хүлээн зөвшөөрсөн байх тул шүүгдэгч *******, Ши Ши /*******/ нарыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт гэм буруутайд тус тус тооцож, прокурорын саналын хүрээнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Эрүүгийн 1821003380236 дугаартай хэрэгт шүүгдэгч нар нь цагдан хоригдоогүй, эд мөрийн баримт хураагдаагүй, эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, хохирогч нар нь гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хор уршигт “нэхэмжлэх зүйлгүй” гэсэн болохыг тус тус дурдаж, баримт бичгээр хураагдаж ирсэн шүүгдэгч *******-ийн ............... регистрийн дугаартай иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбар, шүүгдэгч Ши Ши /*******/-н ............... дугаартай гадаад паспортны хуулбар зэргийг тогтоол хүчин төгөлдөр болмогц Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлбэл зохино.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4, 5, 36.2 дугаар зүйлийн 1-4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлийн 4, 37.1 дүгээр зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч .............. овогт *******, Ши.Ши /*******/ нарыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус гэм буруутайд тооцсугай.

2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******, Ши.Ш /*******/ нарыг тус бүр 500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 500000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.  

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч нарын орлого олох боломжийг харгалзан торгох ялыг 4 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож, торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч *******, Ши.Ши /*******/ нарт анхааруулсугай.

4. Эрүүгийн 1821003380236 дугаартай хэрэгт шүүгдэгч нар нь цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримт хураагдаагүй, эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, шүүгдэгч нарын хэн аль харилцан төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

5. Баримт бичгээр хураагдаж ирсэн шүүгдэгч *******-н ................. регистрийн дугаартай иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбар, шүүгдэгч Ши.Ши /*******/-н ................ дугаартай гадаад паспортны хуулбар зэргийг тогтоол хүчин төгөлдөр болмогц Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлсүгэй.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үлдээсүгэй.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч нар, шүүгдэгчийн өмгөөлөгч нар тогтоолыг гардан авсан буюу энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

ДАРГАЛАГЧ                         Ү.ОДГЭРЭЛ