| Шүүх | Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Лувсанноровын Угтахбаяр |
| Хэргийн индекс | 2429001700218 |
| Дугаар | 2023/ДШМ/31 |
| Огноо | 2025-04-16 |
| Зүйл хэсэг | 11.3.1., |
| Улсын яллагч | В.Төгсбаяр |
Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 04 сарын 16 өдөр
Дугаар 2023/ДШМ/31
2025 оны 04 сарын 16 өдөр Дугаар 2023/ДШМ/31 Даланзадгад сум
Б.*******д холбогдох
эрүүгийн хэргийн тухай
Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Х.Гэрэлмаа даргалж, шүүгч Т.Дэлгэрмаа, шүүгч Л.Угтахбаяр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд
Прокурор В.Төгсбаяр /цахимаар/,
Шүүгдэгч Б.*******,
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Л.*******,
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч Б.Оюунтунгалаг,
Нарийн бичгийн дарга А.Ариунаа нарыг оролцуулан
Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Баттулга даргалж хийсэн шүүх хуралдааны 2025 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн 2025/ШЦТ/14 дугаартай цагаатгах тогтоолыг эс зөвшөөрч Ерөнхий прокурор Б.Дэлгэрдалайгийн бичсэн эсэргүүцэл болон хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Л.Болор-Эрдэнийн гаргасан гомдлыг үндэслэн шүүгдэгч Б.*******д холбогдох 2429001700218 дугаартай эрүүгийн хэргийг 2025 оны 03 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч, шүүгч Л.Угтахбаярын илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүгдэгч Б.******* нь Өмнөговь аймгийн *******ын *******ийн багшаар ажиллаж байхдаа 2024 оны 05 дугаар сарын 15-ны өдөр Хүний эрүүл мэндийн халдашгүй байдал гэдгийг, Хүний Эрхийн Түгээмэл Тунхаглалын 3 дугаар зүйлд “Хүн бүр амьд явах, эрх чөлөөтэй байх, халдашгүй дархан байх эрхтэй.”, Монгол Улсын Үндсэн хуулийн Арван хоёрдугаар зүйлийн 13 дахь хэсэгт “Халдашгүй, чөлөөтэй байх эрхтэй.”, Сургуулийн өмнөх боловсролын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1.2 “цэцэрлэг, ерөнхий боловсролын сургууль, дотуур байрны сургалт, үйл ажиллагааны орчинд суралцагчийн аюулгүй байдлыг хангах, хамгаалах, хариу арга хэмжээ авахтай холбоотой бусад хууль тогтоомжид заасан чиг үүргийг хэрэгжүүлэх”, Хүүхдийн эрхийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн “5.2.Хүүхэд эрүүл өсч бойжих, аюулгүй орчинд амьдрах, аливаа хүчирхийллээс ангид байх эрхтэй, 10 дугаар зүйлийн 10.1.3.хүүхдийн хөгжил, эрүүл мэндэд сөрөг нөлөө үзүүлж болзошгүй эрсдэлт нөхцөлөөс урьдчилан сэргийлэх, хамгаалах”; Бүлгийн багшийн албан тушаалын тодорхойлолт, Байгууллагын дотоод журам гэсэн хууль, захиргааны хэм хэмжээний актын заалтуудыг зөрчсөний улмаас насанд хүрээгүй хохирогч А.******* нь ангидаа тоглох явцдаа ширээн доогуур мөлхөж, түүний баруун талын хөхний доод хэсэгт зүү орсны улмаас элэг хатгагдсан шарх, плеврийн хөндийн шингэн гэмтэл үүсч, хүний эрүүл мэндэд болгоомжгүйгээр хүнд гэмтэл учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын прокурорын газрын хяналтын прокурор Т.Солонго нь Б.*******гийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлжээ.
Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын шүүх:
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т зааснаар Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.*******д холбогдох эрүүгийн 2429001700218 хэргийг хэрэгсэхгүй болгож, шүүгдэгч Б.*******г цагаатгаж,
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 3-т зааснаар эрүүгийн 2429001700218 дугаартай хэргийг хэрэг бүртгэлтэд буцааж,
Б.*******д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг цагаатгах тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлж,
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгчээс гаргуулбал зохих эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчийн иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэжээ.
Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын прокурорын газрын Ерөнхий прокурор Б.Дэлгэрдалай давж заалдах шатны шүүхэд бичсэн эсэргүүцэлдээ:
1. Шүүх цагаатгах тогтоолдоо шүүгдэгч Б.******* нь ямар хуульд түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актад заасан үүргээ зохих ёсоор биелүүлээгүй нь тухайн гэмт хэргийн шинжид хамаарч байгаа нь хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдохгүй, нотлогдохгүй байна...Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг бүрэн гүйцэт шалгаж тогтоогоогүй байна... Тухайн гэмт хэрэг гарсан гэх цэцэрлэгийн ангид хэргийн газрын үзлэгийг нарийвчлан хийгээгүй, насанд хүрээгүй хохирогч А.******* нь 2 өдөр цэцэрлэгтээ ирээгүй байж байгаад ирсэн өдрөө дээрх үйл баримт болсон гэж байхад хохирогчийн гэрт нь үзлэг хийж тодруулаагүй байна. Мөн дээрх нотлох баримтууд өөр хоорондоо зөрүүтэй, нэг нь нэгийгээ үгүйсгэсэн байхад мэдүүлгийн зөрүүг арилгах талаар мөрдөн шалгах ажиллагаа явуулаагүй байна. Тодруулбал, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 1-д зааснаар тухайн хэрэгт мөрдөгч, прокурор нь нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шалгаж хянаагүй, тогтоогоогүй байна гэсэн үндэслэлээр шүүгдэгч Б.*******д холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, түүнийг цагаатган шийдвэрлэжээ. Шүүх дээрх дүгнэлтэд хүрч Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг бүрэн шалгаж нотлоогүй, хэрэгт мөрдөгч, прокурор нь нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шалгаж хянаагүй, тогтоогоогүй байна гэж үзсэн атлаа хэргийг эцэслэн шийдвэрлэсэн нь буруу байх ба энэ нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Шүүх, прокурор, мөрдөгч эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулахдаа Монгол Улсын Үндсэн хууль, энэ хууль, бусад хуулийн заалтыг чанд сахина”, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлийн 13 дахь хэсэгт заасан “Шүүх, прокурор, мөрдөгч тухайн хэрэгт хамааралтай энэ хуульд заасны дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтыг хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай эсэхийг бүхэлд нь үнэлнэ” гэсэн хуулийн шаардлагад нийцээгүй байна.
Өөрөөр хэлбэл шүүх хэргийн талаар нотолбол зохих байдлыг бүрэн шалгаж тогтоогоогүй гэж дүгнэсэн атлаа шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд эргэлзээ бүхий байна гэсэн хоорондоо зөрчилтэй эрх зүйн дүгнэлт хийжээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хэрэгт хамааралтай бүхий л нотлох баримтыг шалгасан боловч сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд эргэлзээ гарвал түүнийг сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч, ялтанд ашигтайгаар шийдвэрлэнэ.” гэж зохицуулсан. Энэ нь тухайн хэрэгт хамааралтай бүхий л нотлох баримтыг шалгасан байхыг шаардах ба шалгасны эцэст шүүгдэгч гэм буруутай эсэх нь эргэлзээтэй бол шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэнэ гэсэн ойлголт. Гэтэл шүүхийн цагаатгах тогтоолд шүүгдэгч Б.******* нь ямар хуульд түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актад заасан үүргээ зохих ёсоор биелүүлээгүй нь тухайн гэмт хэргийн шинжид хамаарч байгаа нь хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдохгүй, нотлогдохгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг бүрэн шалгаж нотлоогүй, хэрэгт мөрдөгч, прокурор нь нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шалгаж хянаагүй, тогтоогоогүй гэсэн дүгнэлтийг шүүх хийснээс бус насанд хүрээгүй хохирогч А.*******гийн ангидаа тоглох явцдаа ширээн доогуур мөлхөж, түүний баруун талын хөхний доод хэсэгт зүү орсны улмаас биедээ хүнд гэмтэл авсан гэх үйл баримтыг ямар нотлох баримтаар үгүйсгэсэн, ямар нотлох баримтад үндэслэн хэргийг хэрэгсэхгүй болгосон талаарх шүүхийн хууль зүйн үндэслэл тодорхой биш байна. Энэ нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.9 дүгээр зүйлийн 1.2 дахь хэсэгт заасан “шүүгдэгчийг цагаатгах үндэслэл болсон нотлох баримтын агуулга, шүүх тухайн нотлох баримтыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны гэж үзсэн, эсхүл улсын яллагчийн дүгнэлтийг няцаан үгүйсгэсэн үндэслэлийг тогтоолд заана” гэсэн хуулийн шаардлагыг хангаагүй гэж үзэх үндэслэлтэй байна.
2. Шүүхээс Б.*******д холбогдох эрүүгийн хэрэгт “мөрдөгч, прокурор нь нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шалгаж хянаагүй, тогтоогоогүй” гэсэн дүгнэлтийг хийсэн атлаа цагаатгах тогтоолын тогтоох хэсгийн 1 дэх заалтад шүүх Эрүүгийн хэрэгт хамааралтай бүхий л нотлох баримтыг шалгасан боловч сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд, түүнчлэн эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Эрүүгийн хууль, энэ хуулийг тайлбарлах хэрэглэхэд “эргэлзээ гарвал” түүнийг сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэх талаарх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн заалтыг журамласан, мөн тус заалтаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан буюу “гэмт хэргийн шинжгүй” үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгож шүүгдэгчийг цагаатгасан. Шүүх ийнхүү Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн өөр өөр зохицуулалтыг нэгэн зэрэг баримталж, хэргийг хэрэгсэхгүй болгон, шүүгдэгчийг цагаатгасан нь шүүхийн шийдвэр тодорхойгүй, эргэлзээтэй гарсан, хохирогчийн зөрчигдсөн эрхийг нөхөн сэргээх ажиллагааг орхигдуулсан гэж үзэх үндэслэлтэй ба энэ нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т заасан: “Дүгнэлт нь шүүгдэгчийн гэм буруугийн асуудлыг шийдвэрлэх, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэх, ял оногдуулахад нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болох ноцтой зөрүүтэй байвал” гэх үндэслэлд хамаарч байна.
Иймд цагаатгах тогтоолд заасан үндэслэл нь хэргийн бодит байдалтай нийцээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль ноцтой зөрчсөн үндэслэлээр Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын шүүхийн 2025 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн 2025/ШЦТ/14 дугаартай цагаатгах тогтоолыг хүчингүй болгуулж, эрүүгийн 2429001700218 дугаартай Б.*******д холбогдох эрүүгийн хэргийг дахин хэлэлцүүлэхээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан дээд шатны прокурорын эсэргүүцэл бичив гэжээ.
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Л.******* давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо:
Учир нь миний хүү ******* нь 2025.05.15-ний өглөө ямар нэг зовуурьгүйгээр цэцэрлэгтээ явсан бөгөөд багшийгаа хоолондоо яваад ирсний дараагаас зовуурилж зүү хатгагдсан болох нь хэрэгт авагдсан нотлох баримтаар хангалттай нотлогдон тогтоогддог. Гэтэл шүүх хэргийн бодит байдалд үндэслэл бүхий дүгнэлт хийлгүй хэргийг хэрэгсэхгүй болгож Б.*******г цагаатгадаг бөгөөд цагаатгах тогтоолынхоо хууль зүйн дүгнэлт хэсэгт “...Б.******* нь ямар хуульд туунд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актад заасан үүргээ зохих ёсоор биелүүлээгүй нь тухайн гэмт хэргийн шинжид хамаарч байгаа нь хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдохгүй, нотлогдохгүй байна гэсэн заалтуудыг тус тус хэрэгжүүлж ажиллаагүйн улмаас хунд гэмтэл авсан нь хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт, хэлцлээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй эс үйлдэхүйн улмаас хуний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэргийн шинжийг хангахаар байна...” гэсэн ойлгомжгүй дүгнэлт хийж хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг “Шүүхийн шийдвэр нь тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн байна”, 36.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүхийн цагаатгах тогтоолын тодорхойлох хэсэгт дараах зүйлийг тусгана”, 1.2-т “шүүгдэгчийг цагаатгах үндэслэл болсон нотлох баримтын агуулга, шүүх тухайн нотлох баримтыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны гэж үзсэн, эсхүл улсын яллагчийн дүгнэлт, өмгөөлөгч, иргэдийн төлөөлөгчийн саналыг няцаан үгүйсгэсэн үндэслэл” гэж тус тус заасанд үл нийцэх төдийгүй тогтоолд заасан дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцэхгүй байна.
Өөрөөр хэлбэл Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлд заасан Хүний эрүүл мэндэд хүнд хохирол болгоомжгүйгээр учруулах гэмт хэргийн шинжийг хуульд “Хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт, хэлцлээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй, эсхүл бусад болгоомжгүй үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хуний эрүүл мэндэд хунд хохирол учруулсан бол" гэж тодорхойлсон бөгөөд *******ын 6-р цэцэрлэгийн эрхлэгч болон багш Б.******* нь Сургуулийн өмнөх болон ерөнхий боловсролын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1 дэх хэсэг “Цэцэрлэг, ерөнхий боловсролын сургуулийн багш нь Боловсролын ерөнхий хуульд зааснаас гадна дараах ажил үүргийг гүйцэтгэнэ”, 15.1.2 “цэцэрлэг, ерөнхий боловсролын сургууль, дотуур байрны сургалт, үйл ажиллагааны орчинд суралцагчийн аюулгүй байдлыг хангах, хамгаалах,...”, 17 дугаар зүйлийн 17.1 дэх хэсэг “Цэцэрлэгийн эрхлэгч, ерөнхий боловсролын сургуулийн захирал нь дараах чиг үүргийг хэрэгжүүлнэ”, 17.1.5 “цэцэрлэг, ерөнхий боловсролын сургууль, дотуур байрны орчинд суралцагчийн хөгжих, оролцох, хамгаалуулах эрхийг хангах үйл ажиллагааг зохион байгуулах, эрсдэлд өртөхөөс урьдчилан сэргийлэх, тэдний эрүүл мэнд, аюулгүй байдлыг хангах, хяналт тавих”, Боловсрол, шинжлэх ухааны сайдын 2023 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн А/569 тушаалын хавсралтаар батлагдсан Хүүхдийн цэцэрлэгийн үлгэрчилсэн дүрмийн 7 дугаар зүйлийн 7.11 дэх хэсгийн 7.11.3 “цэцэрлэгийн нийт багш, ажилтнууд хүүхэд хамгааллын сургалтад заавал хамрагдаж, цэцэрлэгийн орчинд хүүхдийн аюулгүй байдлыг хангана.” гэж тус тус заасан үүргээ үл биелүүлж, цэцэрлэгийн хүүхдүүдийнхээ аюулгүй байдлыг хангаж ажиллаагүйн улмаас хүүгийн маань эрүүл мэндэд хүнд хохирол учирсан нөхцөл байдал тогтоогдож байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж өгнө үү гэжээ.
Прокурор В.Төгсбаяр давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбар, дүгнэлтдээ:
Нэгдүгээрт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг бүрэн шалгаж нотлоогүй бол хэрвээ шүүхээс нотолбол зохих байдлыг бүрэн шалгаж нотлоогоогүй, прокурор хяналт тавьж чадаагүй гэж үзэж байгаа бол шүүхээс урьдчилсан хэлэлцүүлэг зарлаад хэргийг прокурорт буцаагаад ийм ийм ажиллагааг хийх шаардлагатай гэх боломж шүүхэд байсан. Гэтэл тэгээгүй. Яллагдагчийг шүүхэд шилжүүлээд гарч байгаа цагаатгах тогтоолд энэ прокурорын яллах дүгнэлтэд үйлдсэн нотлох баримтуудын ийм ийм нотлох баримт үүсгэгдэж байна. Үүгээр няцаагдаж байна. Ийм учраас энэ нь гэмт хэргийн шинжгүй учраас цагаатгалаа гэж цагаатгах тогтоол гарах болов уу гэж би ойлгоно. Гурван өөр агуулга бүхий цагаатгах тогтоол гараад байгаа учраас Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан тухайн шүүхийн шийдвэр нь ойлгомжтой, эргэлзээ төрөхөөргүй, нэг мөр хэрэгжүүлэх боломжтой цагаатгах тогтоол гарна гэсэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн заалтыг зөрчсөн байна. Тийм учраас цагаатгах тогтоолыг хүчингүй болгож, анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлж өгнө үү гэв.
Шүүгдэгч Б.******* давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
... Хоолоо авах гээд яваад ирэх хооронд хоёр л минут болдог. Тэгээд ирэхэд н.Амартүвшин нь ширээндээ уйлчихсан байж байсан. Бид хоёр аль аль нь камерын бичлэг сэргээд ирчихвэл ширээн доогуур хүүхэд үнэхээр мөлхсөн үү? үгүй юу? гэдэг нь харагдана биз гэж ярьж байсан. Зүү бол үнэхээр байдаггүй. Байх ч ёсгүй. Эмийн сан, зүү хоёр цэцэрлэгт байдаггүй. Би тухайн үедээ хичээл, үйл ажиллагаагаа өдрийн дэглэмийн дагуу явуулсан. Хүүхдээ зовуурилахад явуулсан. Эгч нь ирж авахаар нь гэдсийг нь сөхөж харсан. Гэхдээ нүдэнд үзэгдэх юу ч байгаагүй. Би хүүхдийн үлдээсэн юмыг аваад ажил дээрээсээ шууд аймагт ирсэн. Тэгээд зүүг эмч өгөхдөө хоёр тусдаа юм өгсөн. Зүүний сэвэгч хэсэг байсан. Тэгээд нэг будааны ширхэг шиг тийм хатчихсан харахад зэв шиг тийм хоёр тусдаа юм гарч ирсэн. Энэ хүртэл ингэж явах байсан юм бол шууд шүүх эмнэлэгт нь өгөх ёстой байсан юм болов уу? зүүг шинжлэх ёстой байсан юм болов уу? би тэр талаар үнэхээр мэдэхгүй байна гэв.
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Л.******* давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
...Тухайн зүү орсон өдрийн 20 цагаас өмнөх бичлэг нь устчихсан болохоор би энэ дээр санал нийлэхгүй байна. Дөчин хэдэн цагийн бичлэг байх ёстой учраас тэр 20 цагийн өмнөх бичлэг байх ёстой гэж үзэж байна. Тэгэхээр би үүнийг санаатайгаар устгасан байж магадгүй гэж бодож байна. ... Улаанбаатар хотоос асуусан чинь сэргээх боломжтой гэсэн. Гэтэл бичлэгийг сэргээх гээд байж байтал цэцэрлэгийн эрхлэгч нь буцаж ирээд би байгууллагын дотоод ажлыг гаргаж болохгүй юм байна гээд буцаагаад авснаа, та хэд цагдаагаараа яв гэсэн. Цагдаа дээр очоод Шүүх шинжилгээний ерөнхий газар руу бичлэг сэргээхээр явуулсан боловч 6, 7 сард бичлэг нь ирсэн. Тэгээд ирээд үзсэн чинь бичлэгийг огт сэргээгээгүй. ... ахиад явуулахад техник, тоног төхөөрөмж хангалтгүй учраас сэргээх боломжгүй гээд хүрээд ирсэн. ... Миний эрүүл, саруул өсөж байсан хүүхэд энэ цэцэрлэг дээр зуун хувь эрсэдсэн. Тэгээд энэ зүүний хэрэг илрэхгүй, шүүх дээр ирээд цагаатгагдсан. ...Манай хүүхэд байж байснаа футболкоо бариад л би ингэхгүй, би яагаад ганцаараа ийм байгаа юм гээд уйлаад заримдаа чарлаад уначихдаг. Хүүхдээ бодохоор үнэхээр харамсалтай байна. Энд хүүхэд ямар ч эрхгүй. Хүүхдээ хохироосон дээрээ би давхар хохирчхоод байна. Ийш тийшээ хүүхдээ авч яваад л байна. Эцсийн үр дүнд цагаатгаж байгаад үнэхээр харамсалтай байна. Тэр өдрийн хоёр багш ажил дээрээ байхгүй. Хүүхдүүдээ эзгүй хаяад, гараад явдаг. Ийм хариуцлагагүй үйлдэл дээр ямар ч арга хэмжээ аваагүй. Манай хүүхэд сэтгэл зүйн хувьд нэлээн асуудалтай болсон. Би мөрдөгчид шүүх эмчийн дүгнэлтийг нь гаргуулъя гэдэг хүсэлтийг удаа дараа гаргасан ч гаргаж өгөөгүй. ... Би өглөө хүүхдийнхээ бүх хувцсыг нь индүүдсэн. Тэр өдөр манай хүүхэд дандаа даавуун хувцастай явсан учраас заавал индүүдэх шаардлагатай байсан. ...Одоо манай хүүхдийн хөл, гар дээр хөх толбо гардаг болчихсон. Энэ нь юутай холбоотой юм бэ гэхээр одоогоор элгэнд янз бүрийн юм одоохондоо харагдахгүй байгаа ч гэсэн элгэнд булчирхайн томролт байна. Үүнийг ажиглаж байгаарай. Жил болгон заавал шинжилгээ өгч, үзүүлээрэй гэсэн бичиг өгсөн. Одоогоор үзүүл гэсэн шинжилгээг нь ямар ч өгөх боломжгүй хугацаа давчуу байсан учраас үзүүлээгүй. Багш зүү байхгүй гэж ярьдаг. Гэтэл 03 дугаар сарын 08-ны өдөр хүүхдүүдэд иштэй чихэртэй цэцэг хийчихсэн ээжүүдэд нь өгч явуулсан байдаг. Тэгэхдээ тэрний ишийг нь зүүтэй утсаар оёод тогтоочихсон байсан. Тэгэхээр зүү байхгүй биш байсан.
...Миний хүүхэд хохирсон дээр үнэхээр гомдолтой байна. Миний хүүхэд гэдсэндээ маш том сорвитой болсон. Хэвлийнээсээ хагалгаанд орсон. Интермед эмнэлэг дээр очоод зургийг нь авхуулахад зүү нь арьсныхаа доор байж байсан. Зураг нь надад байгаа. Эмч нар ярьж, ярьж байснаа зүсэхээр болсон. Би ямар ч хамгаалалтгүй, тухайн үед хүүхдийнхээ зүүг авчихвал болчихно гэж бодоод би хүүхдээ эхлээд мэдээ алдуулагч хийлгээд зүссэн чинь нөгөөдөх нь помбойчихсон. Нэг зүүг нь барьж аваад алдчихсан. Хүүхдийнхээ цээж дээр нь дарж байсныг мэдээгүй зүсүүлчхээд олохоо байгаад аймгийн төв рүү хувийн машинаа дүүгээрээ бариулаад ирж, шөнийн хагалгаанд орсон. ... Цаашид юу болохыг мэдэхгүй. Ямар ч байсан маш олон удаа хэвлийн рентгенд орсон. Эрүүл, саруул хүүхдээ ингэж хохироочхоод цаашид юу болохыг үнэхээр хэлж мэдэхгүй байна. Маш их гомдолтой байна гэв.
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч Б.Оюунтунгалаг давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбар, саналдаа:
Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн цагаатгах тогтоолын дүгнэлт хэсэг хэргийн бодит байдалтай нийцээгүй. Шүүхийн шийдвэр нь тодорхой, ойлгомжтой, уншихад ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн байна гэж заасан хуулийн шаардлагад цагаатгах тогтоол нийцэхгүй байгаа учраас Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн ноцтой зөрчилд хамаарна гэж үзэж байна. Хууль түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт, хэлцлээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй, эс үйлдэхүйн улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэргийн шинжийг хангахаар байна гэсэн дүгнэлт хийчихсэн. Мөн улсын яллагчийн яллах дүгнэлтэд дурдсан нотлох баримтууд буюу хохирогчийн мэдүүлэг, гэрч нарын мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт, эдгээр нотлох баримтуудыг хэрхэн үгүйсгээд, энэ нотлох баримтуудыг хэрхэн эргэлзээтэй гэж үзээд, тухайн Б.*******д холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож цагаатгасан талаараа цагаатгах тогтоолд дурдаагүй.
...Сургуулийн өмнөх болон ерөнхий боловсролын тухай хуулийн 15 дугаар зүйл 15.1.2 дээр цэцэрлэг ерөнхий боловсролын сургууль, дотуур байрны сургалт үйл ажиллагааны орчин, суралцагчийн аюулгүй байдлыг хангах, хамгаалах үүрэг багшид байгаа. 17.1.5 дээр цэцэрлэгийн эрхлэгч, цэцэрлэг ерөнхий боловсролын сургууль дотуур байрны орчинд суралцагчийн хөгжих, оролцох, хамгаалуулах эрхийг хангах үйл ажиллагааг зохион байгуулах, хяналт тавих үүрэгтэй гэж тус тус хуульчилсан. Хүүхдийн цэцэрлэгийн үлгэрчилсэн дүрэм гэж байдаг. ... ажлын байрны тодорхойлолтын хоёрдугаар зорилтын нэгд бага насны хүүхдийн эрүүл мэнд, аюул осолгүй байдлыг тогтмол хангаж ажиллах гээд багшийн үүргийг тодорхой хуульчилчихсан. Гэтэл багшийн зүгээс хүүхдүүдийг хараа хяналтгүй орхисноос болоод хүүхэд тухайн цэцэрлэг дээр байх явцдаа зүү биед нь орж эрүүл мэндэд нь хүнд хохирол учирсан нөхцөл байдал тогтоогдож байгаа. ...Тэгэхээр өглөө хүүхэд зүв зүгээр ирээд, үдийн цай багшийг гараад яваад ирэх хүртэлх хугацаанд зүв зүгээр байсан нөхцөл байдлыг багшийн зүгээс, бусад мэдүүлэг өгсөн хүүхдүүдийн зүгээс мэдүүлдэг. Багш яваад ирсний дараа тоглож байгаад гэнэт уйлаад эхэлсэн. Унтлагын цагаар унтаж чадахгүй болсон. Өөрөөр хэлбэл хууль болон дүрэм журамд заасан үүргээ биелүүлээгүйн улмаас нэг хүний эрүүл мэндэд хохирол учирчхаад байгаа учраас та хариуцлага хүлээх ёстой. Цэцэрлэгийн эрхлэгч, багш хариуцлага хүлээх ёстой. Гэтэл энэ нөхцөл байдал хэргийн хүрээнд авагдсан баримтуудаар тодорхой нотлогдоод байхад шүүх энэ гэмт хэргийн шинжийг хангаж байна, нэг бол хангахгүй байна гэсэн ойлгомжгүй дүгнэлт хийгээд, энэ нотолбол зохих нөхцөл байдлыг нотолж тогтоогоогүй байна гээд ийм сонин байр суурь илэрхийлж цагаатгах тогтоол гаргасан нь хуульд нийцэхгүй байгаа учраас цагаатгах тогтоолыг хүчингүй болгох хууль зүйн үндэслэл бүрдсэн гэж үзэж байна. Иймээс прокурорын эсэргүүцэл болон хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн гомдлыг хангах нь зүйтэй.
Мөн цагаатгах тогтоол хэрвээ гаргахаар бол тогтоол заавал тусгавал зохих зүйлүүд байдаг. Өөрөөр хэлбэл сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл гээд тухайн хүүхдэд гэмтэл учирсны улмаас сэтгэл санааны хохирол учирсан. Үүнтэй холбоотой асуудлуудыг хэрхэн шийдвэрлэх талаар тогтоолдоо мөн тусгаагүй. Мөн тухайн цаг хугацаанд цэцэрлэг дээр очсоны дараа тухайн хүүхдийн эрүүл мэндэд хүнд хохирол учирсан нөхцөл байдал тогтоогдоод байхад үүнтэй холбоотой баримтуудыг мөн хэрхэн үгүйсгэсэн талаарх дүгнэлтийг хийгээгүй. Зөвхөн ямар хэм хэмжээний акт зөрчсөн нь тогтоогдоогүй, гэмт хэргийн шинжийг хангахгүй байна гэдэг байдлаар дүгнэлт хийж байгаа нь учир дутагдалтай. Энэ тогтоолоос харахад ямар акт зөрчсөн гэдэг талаараа шүүх дүгнэлт хийсэн харагддаг. Тэгэхээр энэ нөхцөл байдлуудаас харахад цагаатгах тогтоол хууль зүйн үндэслэлгүй гарсан гэж үзэж байгаа учраас гомдол, эсэргүүцлийг хангаж шийдвэрлэж өгнө үү гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Давж заалдах шатны шүүх Ерөнхий прокурор Б.Дэлгэрдалайгийн эсэргүүцэл болон хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Л.Болор-Эрдэнийн гомдлыг хянан хэлэлцэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт заасан эрх хэмжээний хүрээнд эсэргүүцэл болон гомдолд дурдсан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянан үзлээ.
Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын Прокурорын газрын хяналтын прокурор Т.Солонго нь яллагдагч Б.*******гийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлжээ.
Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүх: Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т зааснаар Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.*******д холбогдох эрүүгийн 2429001700218 хэргийг хэрэгсэхгүй болгож, шүүгдэгч Б.*******г цагаатгаж шийдвэрлэснийг ерөнхий прокурор Б.Дэлгэрдалай, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Л.******* нар эс зөвшөөрч цагаатгах тогтоолыг хүчингүй болгох агуулга бүхий давж заалдах гомдол болон эсэргүүцлийг гаргажээ.
Давж заалдах шатны шүүх хэргийг бүхэлд нь хянаж үзэхэд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг мөрдөн байцаалтын явцад бүрэн тогтоогоогүй, хуульд заасан нотлох ажиллагааг хуульд заасан журмын дагуу хийж гүйцэтгээгүй байна гэж дүгнэв.
Өмнөговь аймгийн бүсийн шүүх шинжилгээний төвийн шинжээч эмч Т.Насанжаргалын 2024 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн 325 дугаартай “...А.*******гийн биед элэг хатгагдсан шарх, плеврийн хөндийн шингэн гэмтэл тогтоогдлоо...Дээрх гэмтэл нь үзүүртэй зүйлийн үйлчлэлээр тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой...А.*******гийн биед учирсан гэмтэл нь эрүүл мэндийг удаан хугацаанд сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 4.1.15-т зааснаар хохирлын хүнд зэрэг тогтоогдлоо...Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй...” гэсэн шинжээчийн дүгнэлт /хх-н 36-37-р хуудас/,
Шинжээч эмч Т.Насанжаргалын “...*******гийн биед зүү орж гэмтээсэн байх ба тухайн хэрэг болсон гэх 2024 оны 05 дугаар сарын 15-ны өдөр үүссэн байх боломжтой шинэ гэмтэл....2024 оны 05 дугаар сарын 15-ны Өмнөговь БОЭТ-ийн Гэмтлийн тасгийн №3581 тоот өвчний түүх, мэс заслын тэмдэглэл, хэвлийн эхо зэрэгтэй танилцахад 2024 оны 05 дугаар сарын 15-ны өдөр *******гийн биед зүү орсон байх боломжтой...Тухайн зүү нь хүний биед хэдий хугацаанд байх боломжтой вэ? Хариулт: Дээрх асуултад хариулт өгөх боломжгүй. Зүү нь хүний биед хэр удаан байх боломжтой эсэхийг дотор болон мэс заслын нарийн мэргэжлийн эмч нараас тодруулах боломжтой...Мэс заслын тэмдэглэлтэй танилцахад зүү нь элэгний 6-р сегментэт зүү хатгагдан зоогдсон байсан гэж тэмдэглэсэн байсан...” гэсэн мэдүүлэг /хх-н 119-р хуудас/ тус тус хэрэгт нотлох баримтаар авагдсан байна.
Дээрх нотлох баримтуудаар бага насны хохирогч А.*******гийн биед элэг хатгагдсан шарх, плеврийн хөндийн шингэн гэмтэл тогтоогдож, дээрх гэмтэл нь үзүүртэй зүйлийн үйлчлэлээр тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой, биед учирсан гэмтэл нь эрүүл мэндийг удаан хугацаанд сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 4.1.15-т зааснаар хохирлын хүнд зэрэг тогтоогдсон талаар тусгай мэргэжлийн шинжээч дүгнэлтээ гаргаж, улмаар дүгнэлттэйгээ холбогдуулан шинжээчийн мэдүүлэг өгчээ.
Шинжээч дүгнэлтээ гаргахдаа 2024 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн Өмнөговь БОЭТ-ийн Гэмтлийн тасгийн №3581 тоот өвчний түүх, мэс заслын тэмдэглэл, хэвлийн эхо зэрэг эмнэлгийн бичиг баримтыг үндэслэсэн талаараа дүгнэлтдээ тодорхой бичсэн байна.
Хавтаст хэрэгт нотлох баримтаар авагдсан хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Л.Болор-Эрдэнийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгт: ... би хувцсыг нь сөхөөд гэдсийг нь үзсэн чинь баруун талын хөхний доод талд нь жижиг улаан цэг байсан тэгээд хуруугаараа тэмтэрч үзэхэд товойсон жижиг юмс мэдрэгдээд байсан... Тэгээд би сумын эмнэлэг рүү босгоод авч явахад хөдлөхөөр өвдөөд байна гэж хэлсэн тэгээд сумын эмнэлэг дээр очоод хүүхдийн эмчид үзүүлсэн чинь тэмтэрч үзээд та Интермед орчих манай сумын рентген болж өгөхгүй байгаа гэж хэлсэн тэгээд би сумын Интермед эмнэлэг орж хүүхдийнхээ цээжний зургийг авхуулахад баруун талын хавирганы хэсэгт зүү орчихсон байна гээд зургийг нь харуулсан. Тэгээд шууд сумын нэгдсэн эмнэлэг дээр ирж үзүүлсэн эмчид зүү орсон байна гэж хэлсэн тэгээд аймаг явж хагалгаанд орох хэрэгтэй юм байна гэж хэлсэн. Тэгэхээр нь би тэгвэл танайхаас нэг сувилагч юм уу эмч гаргаж өг би шууд хувийн унаагаар аваад явъя гэж хэлсэн. Тэгсэн нөгөө эмч нар нь нээх хөдлөхгүй байсан тэгсэн нэг эрэгтэй эмч нь хүүхдийн биед зүсэлт хийж нөгөө зүүг нь татаж авах гэтэл алдчихсан тэгээд дахиж цээжний зургийг нь авсан. Тэгээд дахиад зүсэлт хийж авах гэсэн боловч авагдахгүй байсан. Тэгээд сүүлдээ олохгүй авч чадахгүй дээрээс нь хүүхэд цусаа харчхаад нүхэлчихсэн байна ш дээ цус байна ш дээ гээд уйлаад байсан. Тэгээд би хүүхдээ аваад дүүгээрээ машин бариулаад шууд аймгийн нэгдсэн эмнэлэг рүү явсан. Аймаг дээр орой 18 цагийн үед очоод яаралтай тусламжийн төвд орж бүртгүүлэн үзүүлсэн. Тэгээд эмч нар хаанаас ирсэн юу болсон юм гэж асууж барьж байсан тэгээд хүү бид хоёрыг гэмтлийн тасагт хэвтүүлээд эмч нь ямар ч байсан өнөөдөртөө багтаад хагалгаанд орно гэж хэлсэн тэгээд орой 22 цагт орно гэсэн чинь эмнэлэг нь ачаалал ихтэй байна гээд байсан. Тэгээд 2024 оны 05 дугаар сарын 15-ны өдрөөс 16-нд шилжих шөнийн 04 цагийн үед хагалгаанд ороод 05 цагт хагалгаа нь дуусаад гарч ирсэн. Тэгсэн хүүгийн биеэс гаднын биет болон ахуйн хэрэглээний зүү гарч ирсэн гэж хэлсэн...” /хх-н 23-24-р тал/
Анхан шатны шүүхийн шүүх хуралдааны хэлэлцүүлгийн шатанд хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Л.******* мэдүүлэхдээ: ...Хэвлийнээсээ зүсэлттэй, эхний ээлжид тэр зүүг авах гээд хөхнийх нь доод талд мэдээ алдуулагч хийж зүсээд мэдээ алдуулагчтай болохоор томбойгоод мэдэгдэхгүй байгаад байсан нэг удаа зүүг нь базаж авсан, нөгөө гартаа эмч юу ч байхгүй тэгээд би тусгай өрөөнд нь хамгаалалт байхгүй шууд орсон, өөрөө би хүүхдээ цээжээрээ нэг талыг нь дарчихсан утсаараа үзүүлж байж зүсүүлсэн. Мэдээ алдуулагчтай нэг барьж аваад алдаад мэдээ алдуулагчтай хийхээр томбойгоод мэдэгдэхгүй байна мэдээ алдуулагчгүй зүсье гээд дахиад би цээжээрээ дарчхаад нэг талдаа утсаа үзүүлж байгаад хүүхдээ нэлээн сайн чарлуулаад зүсүүлсэн тэр үед өөрөө хажууд нь байгаад зүсүүлэхэд надад их аймшигтай байсан миний хүүхэд бол тэрнээс илүүг мэдэрсэн. Тэгээд зүү нь олдоогүй, тэр хоёр эмч тухайн үед очоод үзүүлэхэд рентген байхгүй асуудалтай байгаа интермед яв гэж хэлээд буцаад ирэхэд зөөврийн төхөөрөмжөөр 7-8 удаа манай хүүхдийг энд тэндээс нь аваад зүү олдохгүй болохоор цаг гаран ноцолдсон нэлээн олон удаа авсан....гэжээ.
Дээрх хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн мэдүүлгүүдээр болон шинжээчийн дүгнэлт, мэдүүлгүүдээр дараах үйл баримтууд тогтоогдож байгааг мөрдөн байцаагч, прокурор, анхан шатны шүүх анхаарч үзэлгүй хэргийг шийдвэрлэсэн байна гэж давж заалдах шатны шүүх дүгнэв. Үүнд:
1. ...би сумын Интермед эмнэлэг орж хүүхдийнхээ цээжний зургийг авхуулахад баруун талын хавирганы хэсэгт зүү орчихсон байна гээд зургийг нь харуулсан...гэх мэдүүлэг өгсөн ба анхны рентген зургаар бага насны хохирогчийн “баруун талын хавирганы хэсэгт зүү орчихсон” байсан талаар мэдүүлсэн байх боловч энэхүү мэдүүлгийн эх сурвалж болох Интермед эмнэлэгт авхуулсан рентген зургийг хэрэгт нотлох баримтаар аваагүй, улмаар шинжээч эмчийн мэдэлд шилжүүлээгүй үйл баримт тогтоогдож байх бөгөөд энэхүү рентген зураг нь хохирогчийн эрүүл мэндэд учирсан хохирлыг хэзээ, хаана, хэн, хэрхэн яаж учруулсныг тогтооход чухал ач холбогдол бүхий эмнэлгийн бичиг баримтад хамаарна гэж үзэв.
2. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн шүүх хуралдаанд мэдүүлсэн ...нэг удаа зүүг нь базаж авсан, мэдээ алдуулагчтай нэг барьж аваад алдаад мэдээ алдуулагчтай хийхээр томбойгоод мэдэгдэхгүй байна мэдээ алдуулагчгүй зүсье гээд дахиад би цээжээрээ дарчхаад нэг талдаа утсаа үзүүлж байгаад хүүхдээ нэлээн сайн чарлуулаад зүсүүлсэн ...Тэгээд зүү нь олдоогүй, ...зүү олдохгүй болохоор цаг гаран ноцолдсон нэлээн олон удаа авсан...гэх мэдүүлэгтэй холбогдуулан шалгах ажиллагаа явуулах, улмаар “хүүхдийн элгэнд зүү хатгагдсан” цаг хугацааг эмнэлгийн рентген зургуудыг үндэслэн тусгай мэдлэгийн шинжээчийн тусламжтайгаар зөв тогтоож, гэмт хэргийн шинж болох гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүй, хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, шалтгаан нөхцөл, гэм буруугийн хэлбэр, гэмт хэргийн сэдэлт зорилго, гэмт хэргийг хэн үйлдсэн зэргийг шалган тогтоох шаардлагатай байна. /Тухайлбал: ...”баруун талын хавирганы хэсэгт зүү орчихсон” байсан гэх мэдүүлэгтэй холбогдуулан энэ нөхцөл байдал эмнэлгийн бичиг баримтаар тогтоогдвол тусгай мэдлэгийн шинжээчийг томилж, гэмтлийн зэрэг тогтоолгох шаардлагатай./
3. Хэргийн үйл баримт Өмнөговь аймгийн Цогт-Цэций сумын 6-р цэцэрлэгийн анги танхимд ажлын цагаар болсон байх бөгөөд ажлын байранд Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн шаардлага, стандарт, дүрэм журам зөрчигдсөн эсэх талаар хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны мэргэшсэн албан хаагчид болон тусгай мэдлэгийн шинжээчдийг томилон ажиллуулснаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлд заасан хууль, захиргааны хэм хэмжээний акт, хэлцлээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй нөхцөл байдал байсан эсэхийг тогтоох шаардлагатай бөгөөд энэ талаар ажиллагааг хийгээгүй орхигдуулсан байна.
4. Нөгөөтээгүүр Иргэний хуулийн 498 дугаар зүйлд “ажиллагсад хөдөлмөрийн гэрээ буюу албан тушаалын дагуу хүлээсэн үүргээ гүйцэтгэх явцад гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйгээрээ бусдад учруулсан гэм хорын хариуцлагыг түүнийг ажиллуулж, байгаа ажил олгогч хүлээнэ” гэж хуульчилсантай холбогдуулан энэхүү хэрэгт иргэний хариуцагчаар татан оролцуулах байгууллагууд бий эсэхийг шалгах, зайлшгүй тохиолдолд иргэний хариуцагчаар татан оролцуулах нь хуульд нийцнэ.
Иймд хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, шүүх хуралдааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг нотлоогүй байх ба анхан шатны шүүхийн гаргасан шийдвэр мөн хуулийн 39.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.6-д заасан шаардлагыг хангаагүй нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн гэж үзэх үндэслэлтэй тул давж заалдах шатны шүүх цагаатгах тогтоолыг хүчингүй болгож шийдвэрлэв.
Давж заалдах шатны шүүх Ерөнхий прокурорын эсэргүүцэл, хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хүлээн авч, цагаатгах тогтоолыг хүчингүй болгосон тул Б.*******д холбогдох эрүүгийн хэргийг анхан шатны шүүхэд хүргүүлэхээр тогтов.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3, 39.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Ерөнхий прокурор Б.Дэлгэрдалайгийн бичсэн эсэргүүцэл, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Л.Болор-Эрдэнийн гаргасан давж заалдах гомдлыг хүлээн авч, Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн 2025 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн 2025/ШЦТ/14 дугаартай цагаатгах тогтоолыг хүчингүй болгосугай.
2. Б.*******д холбогдох 2429001700218 дугаартай эрүүгийн хэргийг Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын анхан шатны шүүхэд хүргүүлсүгэй.
3. Цагаатгагдсан этгээдэд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосон даруй хуулийн хүчин төгөлдөр болохыг дурдсугай.
5. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Монгол Улсын дээд шүүхэд гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргаж болохыг мэдэгдсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Х.ГЭРЭЛМАА
ШҮҮГЧИД Т.ДЭЛГЭРМАА
Л.