| Шүүх | Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Лхамсүрэнгийн Алтан |
| Хэргийн индекс | 2435000000302 |
| Дугаар | 2025/ДШМ/17 |
| Огноо | 2025-04-04 |
| Зүйл хэсэг | 24.6.2.3., |
| Улсын яллагч | А.Анхбаяр |
Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 04 сарын 04 өдөр
Дугаар 2025/ДШМ/17
Б.Н-д холбогдох
эрүүгийн хэргийн тухай
Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Н.Мөнхжаргал даргалж, ерөнхий шүүгч Л.Алтан, Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ж.Отгонхишиг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд явуулсан шүүх хуралдаанд:
прокурор А.Анхбаяр, шүүгдэгч Б.Н, түүний өмгөөлөгч Б.Цагцалмаа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Мөнх-Эрдэнэ нарыг оролцуулан,
Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Б.Гансүх даргалж явуулсан шүүх хуралдааны 2025 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 2025/ШЦТ/10 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Б.Н, түүний өмгөөлөгч Б.Цагцалмаа нарын давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн, Б.Н-д холбогдох, 2435000000302 дугаартай, 1 хавтас эрүүгийн хэргийг 2025 оны 02 дугаар сарын 14-ний өдөр хүлээн авч, ерөнхий шүүгч Л.Алтангийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, Х овогт Б-ын Н,
1. Холбогдсон хэргийн талаар: Шүүгдэгч Б.Н нь Увс аймгийн х сумын Улсын тусгай хамгаалалттай газар нутгийн ойгоос 2024 оны 10 дугаар сарын 31-ний өдөр 6.0718 м.куб хэрэглээний хуурай шинэс мод бэлтгэж, тээвэрлэсэн гэмт хэрэгт холбогджээ.
2. Увс аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор А.Анхбаяраас шүүгдэгч Б.Н-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж, эрүүгийн хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлсэн байна.
- шүүгдэгч Х овогт Б-ын Н-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-д заасан “Улсын тусгай хамгаалалттай газар нутгийн ойд зөвшөөрөлгүйгээр, хууль бусаар мод бэлтгэж, тээвэрлэсэн” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,
- Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-д зааснаар шүүгдэгч Б.Н-д 2 /хоёр/ жил зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэж,
- Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1-т зааснаар ялтан Б.Н-д зорчих эрх хязгаарлах ялын хугацаанд өөрийн оршин суух Увс аймгийн х сумын нутаг дэвсгэрээс гарахыг хориглох хязгаарлалт тогтоож,
- Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3-т зааснаар ялтан Б.Н нь зорчих эрхийг хязгаарлах ялын хязгаарлалтыг эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүйгээр зөрчсөн бол ялтны зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн ялын нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдаж,
- шүүгдэгч Б.Н нь хохиролд 5,000,000 /таван сая/ төгрөг төлснийг дурдаж, Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 1, 4-д зааснаар шүүгдэгч Б.Н-с гэмт хэргийн улмаас ойн санд учирсан бодит хохирол 13,696,081 /арван гурван сая зургаан зуун ерэн зургаан мянга наян нэг/ төгрөгийг 3 /гурав/ жилийн хугацаанд нөхөн төлөхөө илэрхийлж гэрээ байгуулсан болохыг тус тус дурдаж, энэхүү үүргээ биелүүлэхгүй бол шүүхийн шийдвэр гүйцэтгэх журмаар албадан гүйцэтгэхийг мэдэгдэж,
- шүүгдэгч Б.Н нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн х дугаартай мод бэлтгэх эрхийн бичгийг хэрэгт хавсаргасан үлдээж,
- Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 2, 3 дахь хэсгүүдэд зааснаар шүүгдэгч Б.Н-ийн хууль бусаар бэлтгэсэн 6,232,027 төгрөгийн үнэ бүхий 6.0718 м.куб, 181 ширхэг шинэс мод, гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан Зил-131 маркийн х улсын дугаартай, 1,500,000 төгрөгийн үнэ бүхий автомашин, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 75,000 төгрөгийн үнэ бүхий дружба /цахилгаан/ хөрөөг тус тус хурааж ойн санд учруулсан хохирол нөхөн төлөхөд зарцуулахыг Увс аймаг дахь шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, улсын орлогод оруулж, Зил-131 маркийн х улсын дугаартай автомашин, 6.0718 м.куб мод битүүмжилсэн тогтоолуудыг шийдвэр гүйцэтгэх ажиллагаа эхлэх хүртэл хэвээр үлдээж,
- Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Н-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр хэрэглэж шийдвэрлэжээ.
4. Шүүгдэгч Б.Н, түүний өмгөөлөгч Б.Цагцалмаа нар давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: “Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 2025/ШЦТ/10 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч дараах гомдлыг гаргаж байна.
Миний бие х сумын х газраас зөвшөөрөлгүйгээр мод бэлтгэж өөрийн автомашинаар тээвэрлэн, байгаль экологид 6,232,027 төгрөгийн хохирол учруулж, гэмт хэрэг үйлдсэнээ хүлээн зөвшөөрч маш их гэмшиж байгаа.
Шүүхээс ойн санд учирсан хохиролд 13,696,081 төгрөг 3 хувааж гурван жилийн хугацаанд төлүүлэхээр шийдвэрлэж, надад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-д зааснаар 2 жил зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэсэн. Би ам бүл 8, эхнэр хүүхдүүдийн хамт амьдардаг, эрхэлсэн ажилгүй, улсад учруулсан хохирлоо төлөхөд ял хүнд байх тул 2 жил зорчих эрхийг хязгаарлах ялыг хасаж, 1 жил зорчих эрх хязгаарлах ял болгон хөнгөрүүлэн өөрчилж өгнө үү. Миний амьдралын байдал, хохирол төлөх байдлыг харгалзан үзнэ үү” гэжээ.
5. Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Цагцалмаа давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбар, саналдаа: “Шүүгдэгч нь үйлдсэн гэмт хэргээ хүлээн зөвшөөрч байгаа. Харин анхан шатны шүүхээс оногдуулсан зорчих эрх хязгаарлах ялын хэмжээг хөнгөрүүлэн өөрчилж өгнө үү гэх үндэслэлээр гомдол гаргасан.
Б.Н 2021 оны 12 дугаар сарын 20-ны өдөр Эрүүгийн хуулийн 24.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 1 жил 5 сарын тэнсэх ял авч байсан ба энэ ялаа эдэлж дууссан тул түүнийг анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэж өмгөөлөгчийн хувьд үзэж байгаа. Шүүхээс ойн санд учирсан хохирлыг ойн экологи-эдийн засгийн үнэлгээг гурав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр тооцож, 18,696,081 төгрөгийг төлж барагдуулахаар тогтоосон.
Анхан шатны шүүх хуралдааны явцад шүүгдэгч Б.Н 5,000,000 төгрөгийг төлж, үлдэх 13,696,081 төгрөгийг 3 жилийн хугацаанд төлж барагдуулахаар гэрээ байгуулсан бөгөөд хохирлоо төлж барагдуулахад хүндрэлтэй нөхцөл байдал үүсэж байгаа.
Шүүгдэгч Б.Н нь хувийн 300 гаруй мал маллаж амьдардаг, 6 хүүхэдтэй, 2 том хүүхэд нь оюутан, 5-12 насны 3 хүүхэд нь х сумын ерөнхий боловсролын сургуульд сурдаг, нэг хүүхэд нь цэцэрлэгт явдаг, эхнэр нь эрхэлсэн ажилгүй, хүүхдүүдээ сургахын тулд сумын төвд амьдардаг. Өөрөө сумын төвөөс 70 км зайд сүлжээгүй газар малаа маллаж амьдардаг учраас 2 жилийн эрх хязгаарлах ял эдлэхэд хүндрэлтэй нөхцөл байдал үүсэж байна.
Б.Н анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлж, зохих хэмжээний хохирлыг төлж барагдуулсан, бага насны хүүхдүүдтэй, хөдөө орон нутагт сумын төвөөс хол мал маллаж амьдардаг нөхцөл байдлуудыг харгалзан үзэж зорчих эрх хязгаарлах ялын хэмжээг багасгаж, хөнгөрүүлж өгнө үү гэж хүсэж байгаа тул шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж өгнө үү” гэв.
6. Прокурор А.Анхбаяр давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан санал, дүгнэлтдээ: “Шүүгдэгч Б.Н нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т заасан гэмт хэрэг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдсон, шүүхээс Б.Н-ийн үйлдсэн гэмт хэргийн талаар үндэслэл бүхий дүгнэлт хийсэн. Мөн эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, ял хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан шүүгдэгч Б.Н-д 2 жил зорчих эрх хязгаарлах ял оногдуулсан нь хууль ёсны ба үндэслэлтэй, зорчих эрхийг хязгаарлах ялын хэмжээ тохирсон гэж үзэж байна. Давж заалдах шатны шүүхээс анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулах үндэслэл тогтоогдохгүй байгаа тул шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгчийн давж заалдсан гомдлыг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.
7. Шүүгдэгч Б.Н давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “хоёр жил зорчих эрхийг хязгаарлах ялын хэмжээг хөнгөрүүлж нэг жил зорчих эрх хязгаарлах ял болгож өгнө үү” гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 2025/ШЦТ/10 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Б.Н, түүний өмгөөлөгч Б.Цагцалмаа нарын давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн Б.Н-д холбогдох, 2435000000302 дугаартай эрүүгийн хэргийг давж заалдах шатны шүүх хуралдаанаар хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1-т заасны дагуу хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзээд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх үндэслэлтэй гэж дүгнэв.
2. Хэргийг мөрдөн шалгах явцад хэргийн бодит байдлыг тогтоох зорилгоор хуульд заасан бүх арга хэмжээг авч, хийгдвэл зохих ажиллагааг бүрэн хийж гүйцэтгэсэн байх ба мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, энэ нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал бүхий зөрчил тогтоогдсонгүй.
3. Шүүгдэгч Б.Н нь Увс аймгийн х сумын Улсын тусгай хамгаалалттай газар нутгийн ойгоос 2024 оны 10 дугаар сарын 31-ний өдөр 6.0718 м.куб хуурай шинэс мод бэлтгэж, улмаар өөрийн эзэмшлийн х улсын дугаартай Зил-131 загварын автомашинаар тээвэрлэж, байгаль экологид 6,232,027 төгрөгийн хохирол учруулсан болох нь:
- хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.А-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “х сумын х нэртэй газарт 2024 оны 9 дүгээр сарын 03-ны өдрөөс 2024 оны 9 дүгээр сарын 20-ны өдрийн хооронд хэрэгцээний түлшний мод бэлтгэх эрхийн бичиг иргэдэд олгосон. Тухайн х нэртэй газраас мод бэлтгэх эрхийг 2024 оны 10 дугаар сарын 13-ны өдрөөс 18-ны өдөр хүртэл 5 хоногоор сунгасан. Мод бэлтгэх эрхийн бичиг дээрх хугацаа дууссан тохиолдолд мод бэлтгэх эрхийн бичиг хүчингүй болдог ба хүчингүй болсон мод бэлтгэх эрхийн бичгээр мод бэлтгэсэн, тээвэрлэсэн бол хууль бусаар мод бэлтгэсэн гэж үзнэ. Б.Н нь Увс аймгийн х сумын х нэртэй газраас түлшний зориулалтай модыг 2024 он оны 10 дугаар сарын 17-ны өдрөөс 18-ны хооронд бэлтгэж, 2024 оны 10 дугаар сарын 18-ны өдрөөс 19-ний өдрийн хооронд тээвэрлэж авахаар мод бэлтгэх эрхийн бичиг авсан боловч 2024 оны 10 дугаар сарын 31-ний өдөр мод бэлтгэж, тээвэрлэж хууль зөрчсөн үйлдэл гаргасан” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 51, 53 дахь тал/,
- гэрч Б.Д-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “Би 2024 оны 10 дугаар сарын 31-ний өдөр Увс аймгийн х сумын х нэртэй газарт очиж мод бэлтгэж, өөрийн эзэмшлийн Зил-131 маркийн х улсын дугаартай автомашинд бэлтгэсэн модоо ачиж, сумын төв рүү явж байх замдаа Б.Н ахтай тааралдсан ба Б.Н ах надтай ижил х нэртэй газраас мод бэлтгэж, өөрийн эзэмшлийн Зил-131 маркийн х улсын дугаартай автомашинд ачиж сумын төв рүү явж байсан. Б.Н ах бид хоёр тус тусын мод ачсан автомашинтай х сумын төвд явж байгаад цагдаагийн алба хаагчтай тааралдаж, мод бэлтгэх эрхийн бичгээ шалгуулсан. Б.Н ах х сумын х нэртэй газраас 2024 оны 10 дугаар сарын 31-ний өдөр хуурай шинэс мод бэлтгэж, өөрийн эзэмшлийн Зил-131 маркийн х улсын дугаартай автомашинаар тээвэрлэсэн” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 55 дахь тал/,
- гэрч Л.Н-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “Ойн тухай хуульд иргэд ойгоос мод бэлтгэхдээ жил бүрийн 6 дугаар сарын 10-ны өдрөөс 9 дүгээр сарын 20-ны өдөр хүртэл зохих зөвшөөрлийн дагуу бэлтгэх ёстой байдаг. Энэ жилийн хувьд зуны улиралд сумын 100 жилийн ой тохиосон мөн орон нутгийн сонгуультай холбоотой иргэд түлшний модоо бэлдэж авч чадаагүй байсан бөгөөд манай сумын иргэд түлшний мод бэлтгэх хүсэлтийг сумын Засаг даргад гаргасан. х сумын Засаг дарга Г.Т захирамж гаргаж 2024 оны 10 дугаар сарын 14-ний өдрөөс 21-ний өдөр хүртэл 7 хоногийн хугацаанд иргэд зөвхөн түлшний зориулалтаар ойгоос мод бэлтгэх захирамж гаргасан. Уг захирамж гарсны дагуу манай сумын иргэд 7 хоногийн хугацаанд түлшний мод бэлтгэж эхэлсэн бөгөөд надаас мод бэлтгэх эрхийн бичиг авч байсан. Би эрхийн бичгийг 2024 оны 10 дугаар сарын 18-ны өдөр хүртэл олгож, 10 дугаар сарын 21-ний өдөр ойгоос мод бэлтгэл зогссон юм. Б.Н нь өмнө нь авсан мод бэлтгэх 24068025 дугаарын эрхийн бичигт ямар нэгэн сунгалт хийлгээгүй, мод бэлтгэх эрхийн хугацаа дууссаны дараа надтай уулзаж “Өмнө нь авсан бичгээрээ мод бэлтгэж болох уу?” гэж асуухаар нь би түүнд хандаж “Болохгүй, мод бэлтгэх хугацаа дууссан шүү” гэж хэлээд явуулсан” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 57-58 дахь тал/,
- гэрч Э.Х-ны мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “Би 2024 оны 10 дугаар сарын 31-ний өдөр Увс аймгийн х сумын төв рүү орох зам буюу зүүн гүүрний орчимд дэд ахлагч А.А-ийн хамт эргүүлийн үүрэг гүйцэтгэж байсан. Тухайн хугацаанд 21:00 цагийн орчимд сумын төвийн ар талын гүүр, ертөнцийн зүгээр хойд зүгээс 3 автомашины гэрэл гарч ирж байсан бөгөөд тухайн автомашинуудыг зогсоож шалгахад Зил-131 загварын автомашинууд түлшний мод ачсан байдалтай сумын төв рүү орж ирж байсан. Тухайн автомашинуудыг манай сумын жолооч Б.Д, Б.Н, Д.Б нар жолоодож явсан. Ингээд дээрх жолооч нараас мод бэлтгэх эрхийн бичгийг асууж, шалгахад Б.Н нь мод бэлтгэх эрхийн бичигтэй байсан боловч мод бэлтгэх эрхийн бичгийн хугацаа нь дуусчихсан байсан. Б.Н Зил-131 маркийн х улсын дугаартай автомашинтай явсан. Ингээд дэд ахлагч А.А бид хоёр тухайн хүмүүсийг цагдаагийн хэсэг дээр авч ирж, жижүүрийн 7045102 дугаарын утсанд дуудлага өгч бүртгэлд оруулсан юм” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 62 дахь тал/,
- шинжээчийн 2024 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 02 дугаартай “х” гэх газар нь улсын тусгай хамгаалалтай газар нутгийн хязгаарлалтын бүсэд хамаарна. Шинэс нэртэй шилмүүст төрлийн 6.0718 м.куб хэрэглээний мод байна. Тухайн модыг бэлтгэж, тээвэрлэх явцад зөрчил илэрсэн бөгөөд мод бэлтгэсэн талбайд үзлэг хийсэн, 2024 оны 10 дугаар сарын 30-ны өдөр бэлтгэсэн байна. Уг мод хуурай мод. Уг 6.0718 м.куб мод нь байгаль орчин аялал жуулчлалын сайдын 2020 оны А/176 тоот тушаалаар баталсан 1 шоо метр модны үнэлгээгээр бодож 6,232,027 төгрөг болно” гэх дүгнэлт /хавтаст хэргийн 75-78 дахь тал/,
- хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хавтаст хэргийн 5-9 дэх тал/,
- модонд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хавтаст хэргийн 10-13 дахь тал/,
- автомашинд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хавтаст хэргийн 16-17 дахь тал/,
- эд хөрөнгө битүүмжилсэн тухай тэмдэглэл, эд хөрөнгө хураан авсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хавтаст хэргийн 18-24 дахь тал/,
- х сумын Засаг даргын 2024 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн А/107 дугаартай Мод бэлтгэх зөвшөөрөл олгох тухай захирамж /ХХ-29-31 хуудас/ зэрэг баримтуудаар нотлогдож тогтоогдсон байна.
3. Шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, шүүхээс үнэлж дүгнэх боломжтой, хоорондоо зөрүүгүй, хэргийн үйл баримтыг нотолж чадсан байх ба анхан шатны шүүх хэрэгт цугларсан нотлох баримтад үндэслэн шүүгдэгч Б.Н-г улсын тусгай хамгаалалттай газар нутгийн ойд зөвшөөрөлгүйгээр, хууль бусаар мод бэлтгэж, тээвэрлэсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэсэн нь Эрүүгийн хуульд заасан хууль ёсны болон гэм буруугийн зарчимд нийцжээ.
4. Ойн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.2-д “Иргэн, ойн нөхөрлөл, аж ахуйн нэгж, байгууллага нь ашиглалтын бүсийн ойгоос мод, ойн дагалт баялгийг зохих төлбөр, хураамжийг төлсний үндсэн дээр ашиглах эрхтэй”, мөн хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1, 34.2, 34.3 дахь хэсгүүдэд “Тухайн сум, дүүргийн ойн анги, эрх бүхий албан тушаалтан нь иргэн, аж ахуйн нэгжид мод бэлтгэх эрхийн бичиг, гарал үүслийн гэрчилгээ олгоно, уг эрхийн бичигт мод бэлтгэх иргэн, аж ахуйн нэгжийн нэр, хаяг, бэлтгэх модны төрөл, хэмжээ, бэлтгэх газрын нэр, бэлтгэх, тээвэрлэж дуусгах хугацаа зэргийг тодорхой заана, эрхийн бичгийг бусдад шилжүүлэхийг хориглоно” гэж тус тус заасны дагуу иргэн, аж ахуйн нэгж, байгууллага нь ашиглалтын бүсийн ойгоос хэрэглээний болон түлшний зориулалтаар мод бэлтгэхдээ зохих төлбөр, хураамжийг төлж эрх бүхий байгууллага, албан тушаалтнаас тусгай зөвшөөрөл буюу мод бэлтгэх эрхийн бичиг, гарал үүслийн гэрчилгээ авсан байхыг хуулиар мод бэлтгэх гэж байгаа иргэн, хуулийн этгээдэд үүрэг болгосон байна.
Шүүгдэгч Б.Н нь дээрх хуулийг зөрчиж, Увс аймгийн х сумын Улсын тусгай хамгаалалтай газар нутгаас зохих зөвшөөрөлгүйгээр 6.0718 м.куб хэрэглээний хуурай шинэс мод бэлтгэж, улмаар өөрийн эзэмшлийн х улсын дугаартай, Зил-131 загварын тээвэрлэсэн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т заасан “Улсын тусгай хамгаалалттай газар нутгийн ойд зөвшөөрөлгүйгээр, хууль бусаар мод бэлтгэж, тээвэрлэсэн” шинжийг хангасан, хэргийг зүйлчилсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон, энэ талаар хийсэн шүүхийн дүгнэлт зөв байна.
5. Шүүгдэгч Б.Н нь зохих зөвшөөрөлгүйгээр, хууль бусаар мод бэлтгэж, тээвэрлэх гэмт хэрэг үйлдэхдээ өөрийн эзэмшлийн 1,500,000 төгрөгийн үнэ бүхий Зил-131 маркийн, х улсны дугаартай автомашин, 75,000 төгрөгийн үнэ бүхий дружба /цахилгаан/ хөрөөг тус тус ашигласан, 6,232,027 төгрөгийн үнэ бүхий 6.0718 м.куб, 181 ширхэг шинэс мод олсон зэрэг нь хэрэгт авагдсан баримтуудаар нотлогдсон тул гэмт хэрэг үйлдэж олсон эд зүйл болон гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан тээврийн хэрэгсэл, цахилгаан хөрөөний үнийг тус тус албадан хурааж, ойн санд учруулсан хохирол нөхөн төлөхөд зарцуулахаар шийдвэрлэсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлд заасан хөрөнгө, орлого хураах албадлагын арга хэмжээний зохицуулалтад нийцсэн байна. Мөн түүнчлэн хууль бусаар 6.0718 м.куб, хуурай шинэс мод бэлтгэсэн гэмт хэргийн улмаас байгаль экологид учирсан хохирол, хор уршгийн хэмжээг шүүх зөв тодорхойлжээ.
6. Шүүгдэгч Б.Н, түүний өмгөөлөгч Б.Цагцалмаа нарын давж заалдах шатны шүүхэд гаргасан: “шүүгдэгчид оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялын хэмжээг багасгаж өгнө үү” гэх агуулга бүхий давж заалдах гомдлыг хангах үндэслэлгүй гэж дүгнэв.
6.1. Анхан шатны шүүхээс шүүгдэгч Б.Н-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангид заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэл, журмыг зөрчөөгүй байна.
6.2. Гэмт хэрэг үйлдсэн хүнд оногдуулах эрүүгийн хариуцлага нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн хэм хэмжээнд нийцсэн, мөн хуулийн тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор багтсан байх хууль ёсны зарчмыг хангахын зэрэгцээ тухайлан сонгон оногдуулж буй ялын төрөл, түүний хэмжээ нь тухайн гэмт хэргийн шинж чанар, хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал болон шүүгдэгчийн хувийн байдалд тохирсон байх нь Эрүүгийн хуулийн шударга ёсны зарчимд нийцнэ.
Шүүгдэгч Б.Н-ийн үйлдсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т заасан гэмт хэрэгт нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэхээр хуульчилсан.
Анхан шатны шүүхээс шүүгдэгч Б.Н-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй байдал, хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн, хувийн байдал зэргийг харгалзан тухайн зүйл хэсэгт заасан ялын төрлөөс зорчих эрхийг хязгаарлах ялыг сонгож, түүний хэмжээг хоёр жилийн хугацаагаар тогтоож шийдвэрлэсэн нь эрүүгийн хариуцлагын зорилгод нийцсэн, шүүхээс оногдуулсан ял нь түүний гэм буруу, хувийн байдалд тохирсон гэж дүгнэв.
7. Шүүгдэгч Б.Н-д оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялын хэмжээг хөнгөрүүлэн өөрчлөх хууль зүйн үндэслэл бүхий нөхцөл байдал хэрэгт тогтоогдохгүй байх тул шүүгдэгч, түүний өмгөөлөгч Б.Цагцалмаа нарын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 2025/ШЦТ/10 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж шийдвэрлэлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасныг удирдлага болгон,
ТОГТООХ нь:
1. Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 2025/ШЦТ/10 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Б.Н, түүний өмгөөлөгч Б.Цагцалмаа нарын давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.
2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.МӨНХЖАРГАЛ
ШҮҮГЧ Ж.ОТГОНХИШИГ
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Л.АЛТАН