| Шүүх | Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Үржинбадамын Одгэрэл |
| Хэргийн индекс | 168/2018/0435/э |
| Дугаар | 2018/ШЦТ/214 |
| Огноо | 2018-08-03 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Ч.Мөнхзул |
Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2018 оны 08 сарын 03 өдөр
Дугаар 2018/ШЦТ/214
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ү.Одгэрэл даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Оюунсүрэнг суулган,
Улсын яллагч Ч.Мөнхзул
Шүүгдэгч Ш.П нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны "А" танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар;
Дорнод аймгийн Прокурорын газраас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ш.П-д холбогдох эрүүгийн 1821003700246 дугаартай хэргийг 2018 оны 08 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авч хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Ш.П, Дорнод аймгийн Баян-Уул сумын “Эрээн хороонд” ...... оны...... сарын .....-ны өдөр төрсөн, 53 настай, эрэгтэй, Монгол Улсын иргэн /РД: ................/, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, Дорнод аймгийн Баян-Уул сумын Эрээн багт үйл ажиллагаа явуулах “Өвөр-Эрээн” ХХК-д туслах ажилтан /орон тооны бус/ ажилтай, ам бүл 2, хүүхдийн хамт Дорнод аймгийн Баян-Уул сумын . .................оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, Дорнод аймгийн Сум дундын шүүхийн 2010 оны 05 сарын 11-ний өдрийн 22 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.3 дахь хэсэгт зааснаар 3 жил 4 сар хорих ялаар шийтгүүлж, ялыг эдэлж дууссан, бие эрүүл гэх.
Шүүгдэгч Ш.П нь 2018 оны 06 сарын 10-ны өдөр Дорнод аймгийн Баян-Уул сумын 6 дугаар багт гэртээ хохирогч М.Энхбаяртай маргалдан улмаар түлээний модоор толгойн тус газарт нь цохиж биед нь “духанд зүсэгдсэн шарх, нуруу, баруун өгзөгт зөөлөн эдийн няцрал, баруун зүүн нүдний зовхинд цус хуралт” бүхий гэмтэл буюу эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэнд бичигдснээр/
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон цагаатгах, хөнгөрүүлэх талын дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч Ш.П шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг үнэн зөв тул нэмж хэлэх зүйл байхгүй. Хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна гэв.
Шүүгдэгч Ш.П мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн мэдүүлэгтээ: “...Би согтуудаа М.Энхбаяртай маргалдаж байгаад л цохичихсон юм. М.Энхбаярын хувьд архи уухаараа их хорон үгтэй намайг элдвээр хэлээд “банди, хошного” гээд байхаар нь уурандаа түлээний мод аваад толгой руу нь нэг удаа цохичихсон юм. Тэрнээс өөрөөр надад М.Энхбаярыг цохих шалтгаан байхгүй...” гэжээ. /хх 24-25/
Хохирогч М.Энхбаяр мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ: “...Би 2018 оны 06 сарын 10-ны өдөр П ахын гэрээр ороход П ах гэртээ ганцаараа байсан ба намайг” ганц юм уух уу” гэхэд нь би, “тэгье” гээд бид хоёр “Түмний хишиг” гэх 0,75 граммын шилтэй архи гаргаж хувааж уусан. Тэгээд нэлээд согтоод хоорондоо маргалдаж П ах намайг орон дээр сууж байхад духны зүүн хэсэгт түлээний модоор цохиж толгой хагалж гэмтэл учруулсан...” гэжээ. /хх 8-10/
Гэрч Л.Намжилмаа мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ: “...2018 оны 06 сарын 10-ны өдөр 16 цагийн орчим С.Энхбаяр гэх залуу ирээд “танай хүү М.Энхбаяр хүнд зодуулаад 10-ын байрны гадаа хэвтэж байна” гээд намайг мотоциклд суулгаад уг байрны гадаа очиход манай хүү Энхбаярын духнаас нь цус гарсан байдалтай хэвтэж байсан. Тэгээд би багийн эмч дуудаж Энхбаярын духыг боолгоод Баян-Уул сумын эмнэлэг авч явсан...” гэжээ. /хх 15-16/
Дорнод аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2018 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн 445 тоот дүгнэлтэд: “1. М.Энхбаярын биед духанд зүсэгдсэн шарх, нуруу, баруун өгзөгт зөөлөн эдийн няцрал, баруун зүүн нүдний зовхинд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх тогтоогдсон гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн шинэ гэмтлүүд байна. 3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар тогтоогдсон гэмтлүүд нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 4. Цаашид эрүүл мэнд энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй” гэжээ. /хх 19/
Хэрэгт цугларсан нотлох баримтанд: Дээрх болон Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч М.Энхбаяр /хх 11-12/, шүүгдэгч Ш.П /хх 13-14/ гэрчээр өгсөн мэдүүлгүүд, Гэмт хэргийн талаархи гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх 4/, хохирогч М.Энхбаярын Цагдаагийн газарт гаргасан өргөдөл /хх 5/, Анхны үзлэгийн тодорхойлолт /хх 18/, Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай шүүгдэгч, хохирогч нарын хүсэлт /хх 38-39/, Прокурорын ялын санал /хх 45/, Шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбар /хх 37/, Урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх 26/ зэрэг болон тухайн хэрэгт хамааралтай, хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авсан бусад нотлох баримтуудыг шинжлэн судаллаа.
Шүүгдэгч Ш.П нь 2018 оны 06 сарын 10-ны өдөр Дорнод аймгийн Баян-Уул сумын 6 дугаар багт гэртээ хохирогч М.Энхбаяртай маргалдан улмаар түлээний модоор толгойн тус газарт нь цохиж эрүүл мэндэд нь “духанд зүсэгдсэн шарх, нуруу, баруун өгзөгт зөөлөн эдийн няцрал, баруун зүүн нүдний зовхинд цус хуралт” гэмтэл бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт гэм буруутай болох нь, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан, шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа өөрөө хүлээн зөвшөөрч мэдүүлсэн мэдүүлгийг давхар нотолсон дараах:
Гэмт хэргийн эх сурвалжаа зааж, тодорхой мэдүүлсэн хохирогч М.Энхбаярын “..Би 2018 оны 06 сарын 10-ны өдөр П ахын гэрээр ороход П ах гэртээ ганцаараа байсан ба намайг “ганц юм уух уу” гэхэд нь би, “тэгье” гээд бид хоёр “Түмний хишиг” гэх 0,75 граммын шилтэй архи гаргаж бид хоёр хувааж уусан. Тэгээд нэлээд согтоод хоорондоо маргалдаж П ах намайг орон дээр сууж байхад духны зүүн хэсэгт түлээний модоор цохиж толгой хагалж гэмтэл учруулсан...” /хх 8-10/ гэх,
Үйл баримт /факт/-ыг нүдээр үзсэн гэрч Л.Намжилмаагийн “...2018 оны 06 сарын 10-ны өдөр 16 цагийн орчим С.Энхбаяр гэх залуу ирээд “танай хүү М.Энхбаяр хүнд зодуулаад 10-ын байрны гадаа хэвтэж байна” гээд намайг мотоциклд суулгаад уг байрны гадаа очиход манай хүү Энхбаярын духнаас нь цус гарсан байдалтай хэвтэж байсан. Тэгээд би багийн эмч дуудаж Энхбаярын духыг боолгоод Баян-Уул сумын эмнэлэг авч явсан...” /хх 15-16/ гэх мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлгүүд, Гэмт хэргийн талаархи гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх 4/, хохирогч М.Энхбаярын Цагдаагийн газарт гаргасан өргөдөл /хх 5/, Анхны үзлэгийн тодорхойлолт /хх 18/, Дорнод аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2018 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн 445 тоот дүгнэлт зэргээр нотлогдон тогтоогдож байна гэж шүүх дүгнэлээ.
Шүүгдэгч Ш.П-н үйлдсэн гэмт хэрэгт Дорнод аймгийн Прокурорын газраас зүйлчлэн ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон, хэргийг шийдвэрлэхэд шаардлагатай нотлох баримт цугларч бүрдэл хангагдсан, мөрдөн шалгах ажиллагаа бүрэн хийгдсэн, тогтоол гаргахад ач холбогдолтой байж болох бүхий л байдлыг шалгаж тогтоожээ.
Шүүгдэгч Ш.П-н хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байна.
Хохирогч М.Энхбаярын эрүүл мэндэд учирсан “духанд зүсэгдсэн шарх, нуруу, баруун өгзөгт зөөлөн эдийн няцрал, баруун зүүн нүдний зовхинд цус хуралт” бүхий хөнгөн хохирол нь түүний толгойн тус газар түлээний модоор цохисон шүүгдэгч Ш.П-н үйлдэлтэй шууд шалтгаант холбоотой байна.
Энэ талаар дүгнэсэн шинжээчийн дүгнэлт нь хэргийн бодит байдалтай тохирсон, хэрэг явдлын гол үйл баримтыг тогтооход ач холбогдолтой, эргэлзээгүй байна. Мөн хэрэгт цугларсан бусад нотлох баримтуудыг хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлж авсан, тухайн хэрэгт харилцан хамааралтай байна гэж үнэлэв.
Мөн Прокурорын газраас шүүгдэгч, хохирогч нарын хүсэлтээр хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 4.1, 4.5-д заасан нөхцөл байдлыг хангасан, 450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 450000 төгрөгөөр торгох ялын саналыг яллагдагч, хохирогч нар хүлээн зөвшөөрсөн байх тул шүүгдэгч Ш.П-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт гэм буруутайд тооцож, прокурорын саналын хүрээнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Эрүүгийн 1821003700246 дугаартай хэрэгт шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, эд мөрийн баримт хураагдаагүй, эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, хохирогч нь гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хор уршигт “нэхэмжлэх зүйлгүй” гэсэн болохыг тус тус дурдаж, баримт бичгээр хураагдаж ирсэн шүүгдэгчийн .................... регистрийн дугаартай иргэний үнэмлэхийг тогтоол хүчин төгөлдөр болмогц Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлбэл зохино.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4, 5, 36.2 дугаар зүйлийн 1-4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлийн 4, 37.1 дүгээр зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ш.П-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт гэм буруутайд тооцсугай.
2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ш.П-г 450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 450000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчийн орлого олох боломжийг харгалзан торгох ялыг 4 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож, торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч Ш.П-д анхааруулсугай.
4. Эрүүгийн 1821003700246 дугаартай хэрэгт шүүгдэгч нь цагдан хоригдоогүй ба шүүхийн шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл шүүгдэгчид хэрэглэсэн хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
5. Энэ хэрэгт эд мөрийн баримт хураагдаагүй, эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, шүүгдэгч нь хохирогчид төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.
6. Баримт бичгээр ирсэн шүүгдэгчийн ............... регистрийн дугаартай иргэний үнэмлэхийг тогтоол хүчин төгөлдөр болмогц Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлсүгэй.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч нар тогтоолыг гардан авсан буюу энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ Ү.ОДГЭРЭЛ