Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 12 сарын 19 өдөр

Дугаар 210/МА2018/02515

 

2018 оны 12 сарын 19 өдөр

Дугаар 210/МА2018/02515

 

 

У.Бат-Эрдэнийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч А.Мөнхзул даргалж, шүүгч Ч.Цэнд, Э.Золзаяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2018 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн 102/ШШ2018/02963 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч: У.Бат-Эрдэнийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Э.Маргадад холбогдох,

 

Эрүүл мэндэд учирсан гэм хорын хохиролд 3 550 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Э.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Ч.Ундармаа

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Р.Янжинлхам нар оролцов.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгчсэн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэлээ дэмжиж шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Э.Маргад нь 2017 оны 02 дугаар сарын 04ий өдөр тээврийн хэрэгсэл жолоодон явахдаа Замын хөдөлгөөний дүрмийн 2.1, 2.7-д заасныг тус тус зөрчиж, Б.Жамц, Б.Өрнүүнбилэгийн жолоодон явсан тээврийн хэрэгслийг мөргөн У.Бат-Эрдэнийн биед хөнгөн гэмтэл учруулсан.

Үзлэгийн үнэ 50 000 төгрөг, хагалгаанд орох зайлшгүй шаардлагатай ба хагалгааны үнэ 3 500 000 төгрөг болох тул нийт 3 550 000 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч шүүхэд гаргасан тайлбар болон итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй. Хамрын хагалгаанд заавал орох шаардлагатай эсэх нь нотлох баримтаар авагдаагүй байна. Мөн хамрын яг юуных нь хагалгаа вэ гэдэг баримт байхгүй.

Урьд цагдаагийн байгууллагад очихдоо 50 000 төгрөг төлөөд энэ хохирлыг барагдуулсан. Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Э.Маргадаас эрүүл мэндэд учруулсан гэм хорын хохирол төлбөрт 50 000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч У.Бат-Эрдэнэд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 3 500 000 төгрөг холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 72 000 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Э.Маргадаас улсын тэмдэгтийн хураамжид 4 550 төгрөг гаргуулан нэхэмжлэгч У.Бат-Эрдэнэд буцаан олгож шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч байна.

Нэхэмжлэгч хуульд заасан үүргээ биелүүлээгүй, өөрөөр хэлбэл, нэхэмжлэгчийн биед учирсан хохирлыг хамрын таславч мурийлт, тархи доргилт, гэмтлийг эмчлэхэд хагалгаанд орох зайлшгүй шаардлагатай эсэх, эмч эмнэлгийн байгууллагад үзүүлсэн эсэх өвчтний түүх бусад эмнэлгийн шаардлагатай бичиг баримтыг шүүхэд ирүүлж өөрийн тайлбар үндэслэлээ нотлоогүй, хэргийн 5 дугаар талд авагдсан нэхэмжлэх баримтад хамрын хагалгааны төлбөр 3 500 000 төгрөг гэсэн байх боловч нэхэмжлэгчийн биед хамрын таславч мурийлт гэмтэл учирсан бөгөөд энэ талаар тодорхой тусгагдсан баримт хэрэгт авагдаагүй гэж дүгнэснийг зөвшөөрөхгүй.

Хэрэгт пркурорын тогтоол, шинжээчийн дүгнэлт, Сонгдо эмнэлгийн хагалгааны нэхэмжлэх зэргийг нотлох баримтаар өгсөн. Үүнээс гадна Э.Маргад 1 500 000 төгрөгийг төлнө гэж бичиж өгсөн бичиг хүртэл хэрэгт авагдсан байхад үнэлэхгүйгээр шийдсэнд гомдолтой байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийг хангаж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

 

Анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан байна.

 

Нэхэмжлэгч У.Бат-Эрдэнэ нь хариуцагч Э.Маргадад холбогдуулж эрүүл мэндэд учруулсан гэм хорын хохиролд 3 550 000 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

Хариуцагч Э.Маргад нь 2017 оны 02 дугаар сарын 04-ний өдөр Сүхбаатар дүүргийн 1 хорооны нутаг дэвсгэр Багшийн хөгжлийн ордоны урдах замд Хондо пит маркийн 67-63 ДАХ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 2.7, 2.1 дэх заалтуудыг зөрчиж, Б.Өрнүүнбилэгийн жолоодож явсан Тоёото карина маркийн 25-71 УНН улсын дугаартай тээврийн хэрэгслийг мөргөж зорчигч буюу нэхэмжлэгч У.Бат-Эрдэнийн биед хамрын таславч мурийлт, тархи доргилт гэмтэл учруулсан үйл баримтын талаар талууд маргаагүй. Иймд Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч өөрт учирсан хохирлоо хариуцагчаас шаардах эрхтэй гэж анхан шатны шүүх зөв дүгнэжээ.

 

Нэхэмжлэгч нь үзлэгийн үнэ 50 000 төгрөг, хагалгаанд орх зайлшгүй шаардлагатай зардалд 3 500 000 төгрөг, нийт 3 550 000 төгрөг гаргуулахаар нэхэмжилсэн боловч хамрын таславч мурийлт, тархи доргилт гэмтлийг эмчлэхэд хагалгаанд орох зайлшгүй шаардлагатай эсэх нь тодорхойгүй. Өөрөөр хэлбэл эмч эмнэлгийн байгуулагад үзүүлсэн эсэх, өвчтөний түүх бусад эмнэлгийн шаардлагатай бичиг баримтыг шүүхэд ирүүлж өөрийн тайлбар үндэслэлээ нотлоогүй, хэргийн 5 дахь талд авагдсан нэхэмжлэх баримтад хамрын хагалгааны төлбөрийн дүн 3 500 000 төгрөгийг тусгасан боловч нэхэмжлэгчийн биед гэмтлийн улмаас хамрын таславч мурийлт үүссэнтэй холбоотой энэ талаар тодорхой тусгагдсан эсэх нь тодорхойгүй тул уг баримтыг эргэлзээгүй, үнэн зөв гэж дүгнэх боломжгүй гэсэн анхан шатны шүүх дүгнэлтийг буруутгах үндэслэлгүй.

 

Түүнчлэн хариуцагч нь 1 500 000 төгрөгийг нэхэмжлэгчид төлөх талаар баримт үйлдэж өгсөн боловч уг төлбөрт холбогдох бодит хохирол учирсан гэдэг нь тогтоогдохгүй байх тул нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг үндэслэн шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах боломжгүй байна.

 

Иймд анхан шатны шүүх хэрэгт авагдсан баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйллийн 40.1, 40.2 дахь хэсэгт зааснаар үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж, хариуцагчаас 50 000 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 3 500 000 төгрөгийг гаргуулах хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь зөв болжээ.

 

Дээрх үндэслэлээр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн 102/ШШ2018/02963 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 72 000 төгрөг төлснийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж, магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ А.МӨНХЗУЛ

 

ШҮҮГЧИД Ч.ЦЭНД

 

Э.ЗОЛЗАЯА