| Шүүх | Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Мөнхбаярын Алдар |
| Хэргийн индекс | 2302007830000 |
| Дугаар | 2025/ДШМ/318 |
| Огноо | 2025-03-12 |
| Зүйл хэсэг | 20.7.1., 20.7.2., 20.7.3.3., |
| Улсын яллагч | Р.Энх-Оюун |
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 03 сарын 12 өдөр
Дугаар 2025/ДШМ/318
2025 03 12 2025/ДШМ/318
А.Н, Б.Д, А.Н, А.М, М.М нарт
холбогдох эрүүгийн хэргийн тухай
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Мөнхтулга даргалж, шүүгч Т.Өсөхбаяр, шүүгч М.Алдар нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
прокурор Р.Энх-Оюун,
яллагдагч Б.Д өмгөөлөгч Г.Б,
нарийн бичгийн дарга Э.Бүрэнбэх нарыг оролцуулан,
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн 2025/ШЗ/000 дугаар шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч прокурор Р.Энх-Оюуны бичсэн 2025 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 11 дүгээр эсэргүүцлээр А.А.Н, Б.Д, А.Н, А.М, М.М нарт холбогдох 2302 00783 0000 дугаар эрүүгийн хэргийг 2025 оны 02 дугаар сарын 11-ний өдөр хүлээн авч, шүүгч М.Алдарын илтгэснээр хянан хэлэлцэв.
1..Н,
урьд Баянзүрх дүүргийн шүүхийн 2012 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хорих ялаар шийтгүүлж, уг ялыг тэнсэж, 1 жилийн хугацаагаар хянан харгалзсан,
Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн 2014 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1 дэх хэсэгт зааснаар 350 цагийн нийтэд тустай ажил хийх ялаар,
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500.000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгүүлсэн,
2. Б.Д,
Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн 2015 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.2 дахь хэсэгт зааснаар 251 цагийн нийтэд тустай ажил хийх ялаар шийтгүүлсэн,
3.А.Н, , ял шийтгэлгүй,
4. А.М,
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнссэн;
5.М.М,
Сүхбаатар дүүргийн шүүхийн 2008 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн 31 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 146 дугаар зүйлийн 146.2 дахь хэсэгт зааснаар 4 сарын баривчлах ялаар,
Баянзүрх дүүргийн шүүхийн 2013 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт зааснаар 3 жил 6 сарын хорих ялаар тус тус шийтгүүлсэн;
1. Яллагдагч А.Н нь Бүгд Найрамдах Унгар улсад амьдарч байгаа танил Э.М холбогдож, түүний ажил санал болгосны дагуу 2024 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр Баянзүрх дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Баганат өргөө хорооллын орчим модны сүүдрэвчний дор байсан НҮБ-ын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай” конвенцын хоёрдугаар жагсаалтад багтсан метамфетамины агууламжтай, цэвэр жин нь 4,4762 грамм, “мөс” гэх нэршилтэй хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг, делта-9 тетрагидроканнабинол /Delta-9 tetrahydrocannabinol/-ын агууламжтай, цэвэр жин нь 23,7565 грамм, олсны ургамал бүхий хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг тус бүр худалдаалах зорилгоор, хууль бусаар олж авсан, 2024 оны 01 дүгээр сарын 29-ний өдрөөс 2024 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийг хүртэл хугацаанд өөрийн биедээ болон унаж явсан 00-00 УЕА улсын дугаартай цагаан өнгийн “Тоёота приус 41” загварын тээврийн хэрэгсэлдээ хадгалсан,
мөн үргэлжилсэн үйлдлээр 2024 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 9 дүгээр хороо, Баянхошууны автобусны буудал орчим Нэгдсэн Үндэстний Байгууллагын 1971 оны “сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенц”-ын хоёрдугаар жагсаалтад багтсан метамфетамины агууламжтай, цэвэр жин нь 0,5310 грамм, “мөс” гэх нэршилтэй хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг А.Н, А.М нарт 600.000 төгрөгөөр хууль бусаар худалдсан гэмт хэрэгт,
2. Яллагдагч Б.Д нь 2023 оны 8 дугаар сарын сүүлээс 2024 оны 02 дугаар сарын 01-ний өдрийг хүртэлх хугацаанд нийт 4 удаагийн үйлдлээр Бүгд Найрамдах Унгар Улсад амьдардаг хүргэн ах Э.М тус улсаас шуудан илгээмжээр Монгол Улсын хилээр нэвтрүүлсэн НҮБ-ын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай” конвенцын хоёрдугаар жагсаалтад багтсан метамфетамины агууламжтай, цэвэр жин нь 162,6812 грамм, “мөс” гэх нэршилтэй хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг, НҮБ-ын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай” конвенцын нэгдүгээр жагсаалтад багтсан цэвэр жин нь 0,8887 грамм “MDMA” гэх нэршилтэй хориглосон сэтгэцэд нөлөөт бодисуудыг тээвэр зуучийн үйл ажиллагаа эрхэлдэг Эйрпасифик /Airpacific/ ХХК-иас өөрөө болон бусдаар дамжуулан хүлээн авч, сэтгэцэд нөлөөт бодисыг улсын хилээр нэвтрүүлсэн гэмт хэрэгт гүйцэтгэгчээр хамтран оролцсон,
мөн 2023 оны 8 дугаар сарын сүүлээс 2024 оны 02 дугаар сарын 01-ний өдрийг хүртэлх хугацаанд НҮБ-ын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай” конвенцын хоёрдугаар жагсаалтад багтсан метамфетамины агууламжтай, цэвэр жин нь 162,6812 грамм, “мөс” гэх нэршилтэй хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг, НҮБ-ын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай” конвенцын нэгдүгээр жагсаалтад багтсан цэвэр жин нь 0,8887 грамм “MDMA” гэх нэршилтэй хориглосон сэтгэцэд нөлөөт бодисуудыг илгээмж нэрийдлээр, худалдаалах зорилгоор хууль бусаар олж авсан, улмаар Бүгд Найрамдах Унгар Улсад амьдардаг хүргэн ах Э.М заавраар гэмт хэрэг үйлдэх аргаа нарийвчлах, бусдад мэдэгдэхгүй байх зорилгоор үгсэн тохиролцож, Баянзүрх дүүргийн 13 дугаар хороо, 40 дүгээр байрны 31 тоот байрыг түрээслэж, тухайн байрандаа сэтгэцэд нөлөөлөх бодисуудыг бусдад худалдаалах хэмжээгээр урьдчилан бэлдэж, савлаж, бэлтгэсэн, хадгалсан, мөн байрныхаа ард саравчинд нууж байршуулан бусдад дамжуулах байдлаар гэмт хэрэгт гүйцэтгэгчээр хамтран оролцсон гэмт хэрэгт,
3. Яллагдагч М.М нь Унгар Улсад ажиллаж амьдардаг найз Э.М хувцас, дугуй хийлэгч зэрэг эд зүйлд нууж, шуудан илгээмжээр Монгол Улсын хилээр нэвтрүүлсэн НҮБ-ын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай” конвенцын хоёрдугаар жагсаалтад багтсан метамфетамины агууламжтай, “мөс” гэх нэршилтэй, НҮБ-ын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай” конвенцын нэгдүгээр жагсаалтад багтсан “MDMA” гэх нэршилтэй хориглосон сэтгэцэд нөлөөт бодисуудыг тээвэр зуучийн үйл ажиллагаа эрхэлдэг Эйрпасифик /Airpacific/ ХХК-иас хүлээн авч, улмаар Э.Мөнхжингийн заавраар илгээмжийг задлан сэтгэцэд нөлөөт бодисуудыг хувцас, дугуй хийлэгч зэргээс гарган, Б.Д 2023 оны 8 дугаар сарын сүүлээс 2024 оны 02 дугаар сарын 01-ний өдрийг хүртэлх хугацаанд 3 удаагийн үйлдлээр дамжуулан өгч, сэтгэцэд нөлөөт бодисыг улсын хилээр нэвтрүүлсэн гэмт хэрэгт гүйцэтгэгчээр хамтран оролцсон гэмт хэрэгт,
4. Яллагдагч А.М, А.Н нар нь хориглосон сэтгэцэд нөлөөт бодис хууль бусаар олж авч, хэрэглэхээр урьдчилан үгсэн тохиролцож бүлэглэн, 2024 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 9 дүгээр хороо, Баянхошууны эцсийн автобусны буудал орчим А.Н уулзаж, түүнээс Нэгдсэн Үндэстний Байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенц”-ын хоёрдугаар жагсаалтад багтсан цэвэр жин нь 0,5310 грамм, метамфетамин /methamphetamine/-ийн агууламжтай “мөс” гэх нэршилтэй хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг өөрсдийн Хаан банкны данснуудаас А.Н Хаан банкны данс руу 600.000 төгрөгийг шилжүүлэн худалдан авч, худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар олж авсан, улмаар Д дүүргийн 1 дугаар хороо, 60-8 дугаар гудамжны 1 тоотод А.Н биед худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.
Нийслэлийн прокурорын газраас: А.Нн үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар, Б.Дн үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.1 дүгээр зүйлийн 3, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг журамлан тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.3 дахь заалт, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.1 дүгээр зүйлийн 3, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг журамлан тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт тус тус зааснаар, М.Мөнхбаярын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.1 дүгээр зүйлийн 3, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг журамлан тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.3 дахь заалтад зааснаар, А.Н, А.М нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх: Яллагдагч Б.До, А.Н, М.М, А.М, А.Н нарт холбогдох хэрэгт авагдсан нотлох баримтууд болон шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэгт гаргасан талуудын санал, тайлбар зэргийг харгалзан хэргийг нэг мөр, бүрэн бодитойгоор хянан шийдвэрлэх боломжгүй байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 1.2 дахь заалтад заасан шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй дараах мөрдөн шалгах ажиллагааг хийлгэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.
1. Тээвэр зуучийн үйл ажиллагаа эрхэлдэг ЖЖ ХХК-ийн менежер Ё.Ус гарган өгсөн Э.Мн Европын орнуудаас илгээсэн илгээмж, уг илгээмжүүдийг хүлээн авсан хүмүүсийн бүртгэлийн жагсаалт гэх баримт 1 дүгээр хавтаст хэргийн 115 дахь талд авагдсан байх бөгөөд уг баримт нь хуулийн шаардлагыг хангаагүй байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.6 дугаар зүйлийн 1, 3 дахь хэсэгт “Хуулийн этгээд, албан тушаалтан, иргэний баталсан болон бичсэн баримт бичиг, эрүүгийн хэрэгт ач холбогдолтой баримтат мэдээллийг тухайн төрийн байгууллагаас үнэн зөвийг баталгаажуулж ирүүлсэн тохиолдолд нотлох баримт болно. ...Бичмэл нотлох баримтыг эх хувиар нь хэрэв эхийг авах боломжгүй бол прокурор, мөрдөгч тэмдэглэл үйлдэн хуулбарлан авна. ...” гэж заажээ. Тодруулбал, яллагдагч Б.Дг мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар хилээр нэвтрүүлсэн гэмт хэрэгт холбогдуулан ялласан бөгөөд яллагдагчийн мэдүүлгийг тус баримтаар давхар нотолж байгаа буюу хамгийн чухал баримт гэж үзэхээр байна. Гэтэл хуульд заасан дээрх шаардлагыг хангаж ирүүлээгүй нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг тогтоогоогүй байна гэж дүгнэх үндэслэлтэй.
2. Монгол Улсын Дээд шүүхийн 2023 оны 7 дугаар сарын 03-ны өдрийн 31 дугаартай тогтоолд “...Эд мөрийн баримтыг олж илрүүлэх, хураан авах ажиллагаа явуулах үндэслэл нь прокурорын зөвшөөрөл бөгөөд тухайн ажиллагааг явуулах хуульд заасан үндэслэл бүрдсэн эсэх, хувийн халдашгүй байх эрхийн хязгаарлалт нь тухайн нөхцөл байдалд тохирсон эсэхийг прокурор зөвшөөрөл олгохдоо хянан үзэх үүрэгтэй..., Хойшлуулшгүй тохиолдолд прокурорын зөвшөөрөлгүй явуулсан ажиллагаа, түүний үр дүнд цугларсан нотлох баримтыг шалгаж, үнэлэхдээ хэргийн ул мөр, эд мөрийн баримт устах, өөрчлөгдөх, зөөвөрлөх, нуун далдлах, үрэгдэх бодит эрсдэл байсан эсэх, хойшлуулшгүй явуулсан мөрдөн шалгах ажиллагааг хүчинтэйд тооцсон прокурорын тогтоол үндэслэлтэй эсэхэд шүүхээс хууль зүйн дүгнэлт өгнө. ...” гэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.8 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт “...Хавтаст хэрэгт тусгагдаагүй баримт сэлт, мэдээлэл, мөрдөн шалгах нууц ажиллагааны үр дүн, бусад баримт болон гүйцэтгэх ажилтай холбоотой ямар ч баримт мэдээллийг шүүхийн хэлэлцүүлэг, урьдчилсан хэлэлцүүлэг явуулах, хэрэг хянан шийдвэрлэх шүүхэд танилцуулахыг хориглоно. ...” гэж заажээ. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.4 дүгээр зүйлийн 1.10 дахь заалтад “мөрдөн шалгах нууц ажиллагаа” гэж прокурорын зөвшөөрлөөр нууцаар явуулах энэ хуульд заасан ажиллагааг” хэлнэ гэжээ. Гэтэл хавтаст хэрэгт гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан 202 дугаартай тэмдэглэлд “...нууц эх сурвалжаас...” гэж байх бөгөөд хяналтын прокурор нь уг гэмт хэргийн талаар авагдсан дуудлага, мэдээллийг гүйцэтгэх ажлын шугамаар орж ирсэн гэх тайлбар гаргасан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.8 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасныг зөрчжээ. Монгол Улсын Их Хурлаас 2015 оны 5 дугаар сарын 18-ны өдрийн хуулиар хүчингүй болгосон Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 166.1.5 дахь заалтад “...гэмт хэргийн талаар гүйцэтгэх ажлын шугамаар авагдаж, баримтжуулагдсан мэдээ баримт байгаа...” бол эрүүгийн хэрэг үүсгэх үндэслэл болно гэж заасан байсан нь шинэчлэн найруулсан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 30.2, 30.3 дугаар зүйлүүдэд заасан гэмт хэргийн талаар гомдол, мэдээлэл хүлээн авах, гаргах үндэслэлийг шинэчлэн найруулжээ. Өөрөөр хэлбэл, аливаа иргэнд мөрдөн шалгах нууц ажиллагаа явуулах нь зөвхөн прокурорын зөвшөөрлөөр явагдах бөгөөд зөвшөөрөлгүй явуулсан нууц мөрдөн шалгах ажиллагааны үр дүнд олсон баримт мэдээллийг хойшлуулшгүй ажиллагаа нэрийн дор бусдын орон байранд үндэслэлгүй нэгжлэг хийж, улмаар илрүүлсэн үр дүнгээ нотлох баримтыг устгах, зөөвөрлөх, нуух үрэгдүүлэх гэж байсан мэтээр танилцуулдаг мөрдөн шалгах ажиллагааны арга, хэлбэр оршсоор байна. Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 13 дахь хэсэгт “...халдашгүй, чөлөөтэй байх эрхтэй. Хуульд заасан үндэслэл, журмаас гадуур дур мэдэн хэнийг ч нэгжих, баривчлах, хорих, мөрдөн мөшгих, эрх чөлөөг нь хязгаарлахыг хориглоно. Хэнд боловч эрүү шүүлт тулгаж, хүнлэг бус, хэрцгий хандаж, нэр төрийг нь доромжилж болохгүй. Баривчилсан шалтгаан, үндэслэлийг баривчлагдсан хүн, түүний гэр бүлийнхэн, өмгөөлөгчид нь хуульд заасан хугацаанд мэдэгдэнэ. Иргэний хувийн ба гэр бүл, захидал харилцааны нууц, орон байрны халдашгүй байдлыг хуулиар хамгаална...” гэж Монгол Улсын иргэний баталгаатай эдлэх үндсэн эрх, эрх чөлөөг тогтоожээ. Түүнчлэн Монгол Улсын Үндсэн хуулийн 1 дүгээр зүйлийн 1.2 дахь хэсэгт “...хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн...”, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “...Шүүх, прокурор, мөрдөгч эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулахдаа Монгол Улсын Үндсэн хууль, энэ хууль, бусад хуулийн заалтыг чанд сахина...” гэж тус тус хуульчилсан нь эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт явуулах, тэдгээрт хяналт тавих, хэргийг шүүхээр хянан шийдвэрлэх ажиллагааны журам, хэлбэрийг баталгаажуулсан байдаг билээ. Хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, хэлбэрийг сахин биелүүлээгүй тохиолдол бүр нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн зөрчилд тооцогдож, хэргийг хууль ёсны ба үндэслэлтэй шийдвэрлэхэд сөргөөр нөлөөлдөг тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх, прокурор, мөрдөгч эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулахдаа Монгол Улсын Үндсэн хууль, энэ хууль, бусад хуулийн заалтыг чанд сахина”, мөн зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хэрэгжүүлж байгаа этгээд энэ зүйлийн 1 дэх хэсгийг зөрчвөл түүний гаргасан шийдвэрийг энэ хуульд заасан үндэслэл, журмын дагуу хүчингүйд тооцох”-оор тус тус заажээ. Иймд мөрдөн шалгах нууц ажиллагаатай холбоотой баримтыг хэрэгт хавсаргаж ирүүлэх нь зүйтэй байна.
3. Яллагдагч Б.Д, М.М нарыг мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар хилээр нэвтрүүлсэн гэмт хэрэгт холбогдуулан мөрдөн шалгах ажиллагааг явуулахдаа олон улсын шуудан илгээмжээр Монгол Улсын хилээр нэвтрүүлсэн гэж яллажээ. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 29.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “...Гэмт хэрэг гарахад нөлөөлсөн шалтгаан, нөхцөлийг тогтоомогц мөрдөгч, прокурор нь зохих хуулийн этгээдэд тэрхүү шалтгаан, нөхцөлийг арилгах арга хэмжээ авхуулахаар мэдэгдэл бичиж хуулбарыг хэрэгт нь хавсаргана...” гэж үүрэг болгосон хэм хэмжээ байх бөгөөд энэ талаарх баримтыг хэрэгт хавсаргаагүй байгаа нь цаашид тухайн төрлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх хуулийн зорилтыг хэрэгжүүлээгүй байна гэж үзэх үндэслэлтэй байна. Иймд олон улсын шуудан илгээмжээр мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар хилээр нэвтрүүлж байгаатай холбоотойгоор гэмт хэргийн шалтгаан, нөхцөлийг арилгах арга хэмжээ авхуулахаар мэдэгдлийг Гаалийн ерөнхий газарт хүргүүлэх шаардлагатай. Харин яллагдагчийн өмгөөлөгчөөс гаргасан яллагдагч Б.Дс гадна өөр 9 иргэн олон улсын шуудан илгээмжээр илгээмж хүлээн авсныг нэмж шалгах шаардлагатай гэсэн хүсэлтийг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэлээ. Учир нь, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хэмжээ хязгаарыг тогтоосон. Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 1.2 дахь заалтад зааснаар яллагдагч Б.Д, А.Н, М.М, А.Ма, А.Н нарт холбогдох эрүүгийн хэргийг мөрдөн шалгах ажиллагаа хийлгүүлэхээр Нийслэлийн прокурорын газарт буцааж, яллагдагч А.Н, Б.Д нарт урьд авсан Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээ, хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ, яллагдагч А.Н, А.М, М.М нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлж, хэрэгт хавсаргагдсан мөрдөн шалгах ажиллагааг бэхжүүлсэн талаарх 3 ширхэг сидиг хэргийн хамт хүргүүлж, яллагдагч А.Н бие болон тээврийн хэрэгслээс хураан авсан, яллагдагч Б.До биед болон орон байранд нэгжлэг хийж хураан авсан хориглосон сэтгэцэд нөлөөт бодис зэрэг нь Цагдаагийн ерөнхий газрын хар тамхитай тэмцэх газрын мөрдөн шалгах хэлтсийн эд мөрийн баримт хадгалах өрөөнд хадгалагдаж байгааг дурдаж шийдвэрлэжээ.
Прокурор Р.Энх-Оюун бичсэн эсэргүүцэл болон тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Шүүгчийн захирамж нь хууль ёсны ба үндэслэлтэй байх хуулийн шаардлагад нийцээгүй гэж дүгнэж, дараах үндэслэлээр эс зөвшөөрч байна.
1. Бүртгэлийн жагсаалтыг тээвэр зуучийн үйл ажиллагаа эрхэлдэг ХХК-иудын ашигладаг нэгдсэн программаас гаргаж өгсөн. Гэрч Ё.Уг шүүх хуралдаанд биечлэн оролцуулж, тус ХХК-ийн үйл ажиллагаа хэрхэн яаж явагддаг болох, тухайн бүртгэл хэрхэн хийгдсэн эсэх зэргийг тодруулах бүрэн боломжтой. Яллагдагч Б.Д үйлдэл нь шүүгчийн захирамжид дурдсан, илгээмж авсан гэх ганц баримтаар нотлоогүй бөгөөд бусад нотлох баримтуудаар давхар нотлогддог. Эдгээр баримтуудыг гэм буруугийн шүүхийн хуралдааны шүүхийн хэлэлцүүлгийн нотлох баримтыг шинжлэн судлах үе шатанд судлах боломжтой. Нөгөөтээгүүр шүүх дээрх нотлох баримтуудыг хууль зөрчин цуглуулсан, нотлох баримтаар үнэлэх боломжгүй гэж үзвэл нотлох баримтаас хасах бүрэн эрх нь хуулиар олгогдсон.
2. Урьдчилсан хэлэлцүүлгийн шүүх хуралдааны явцад шүүгч тухайн төрлийн гэмт хэрэг хэрхэн яаж илэрдэг, мөрдөгч бусдын үүргэвч болон орон байранд сэтгэцэд нөлөөт бодис байгааг хэрхэн яаж мэддэг, илрүүлдэг талаар прокуророос асуусан. Прокурор тухайн төрлийн гэмт хэрэг үйлддэг этгээдүүд нь сэтгэцэд нөлөөт бодис хадгалж, худалдан авах гэж байгаа талаар огт хэлдэггүй, энэ төрлийн гэмт хэрэг нь онцлог гэмт хэрэг байдаг бөгөөд мэдээллээр болон гүйцэтгэх ажлын шугамаар илэрдэг талаар тайлбарлаж хэлсэн. Гэтэл шүүгч энэ гэмт хэргийг гүйцэтгэх ажлын шугамаар илэрсэн гэж ташаа ойлгож, захирамждаа дурджээ. Хавтаст хэрэгт гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэлд “...нууц эх сурвалжаас...” гэж тусган бүртгэлд авч мөрдөн шалгах ажиллагааг явуулсан. Гүйцэтгэх ажлын тухай хуулийн 2 дугаар зүйлд: Гүйцэтгэх ажил гэж “Үндэсний аюулгүй байдал, хүний эрх, эрх чөлөөг гэмт халдлагаас хамгаалах зорилгоор төрийн эрх бүхий байгууллагаас ердийн ба тусгай, нууц арга, хэрэгсэл ашиглан явуулж байгаа мэдээ, мэдээлэл, баримт бичиг, нотолгоо эрж олох, цуглуулах, шалгах үйл ажиллагааг хэлнэ.” гэж хуульчилсан. Мөн хуулийн 6 дугаар зүйлийн 6.1 дэх хэсэгт “... “туслагч”, “туслах ажилтан” гэсэн нэр томъёог Тагнуулын байгууллагын тухай хуулийн 3 дугаар зүйлд заасан утгаар ойлгоно. Тагнуулын байгууллагын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсгийн 3.1.9 дэх заалтад “туслагч” гэж гүйцэтгэх ажил явуулах эрх бүхий байгууллагатай нууцаар хамтран ажиллаж байгаа хүнийг, 3.1.10 дахь заалтад “туслах ажилтан” гэж гүйцэтгэх ажил явуулах эрх бүхий байгууллагатай тодорхой гэрээ, урамшууллын үндсэн дээр нууцаар хамтран ажиллаж байгаа хүнийг” гэж хуульчилсан, Гүйцэтгэх ажлын тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.3 дахь хэсгийн 13.3.4 дэх заалтад “тус байгууллагын ажилтан өөрийн болон гүйцэтгэх, туслах ажилтны аюулгүй байдлыг хангах, хууль тогтоомжоор хүлээсэн бүрэн эрхээ хэрэгжүүлэхтэй нь холбогдуулж тэдгээрт учирч болох халдлагаас урьдчилан сэргийлэх”, мөн зүйлийн 13.3 дахь хэсгийн 13.3.6 дахь заалтад “гүйцэтгэх ажлын холбогдолтой төрийн болон албаны нууцыг чанд хамгаалах. нууцлалыг сахих;” гэж хуульчилсан. Тиймээс энэ төрлийн гэмт хэрэг нь Үндэсний аюулгүй байдал, хүн амын эрүүл мэнд, иргэдийн хэвийн амьдралд хор хохирол учруулдаг олон нийтийн аюулгүй байдал, ашиг сонирхлын эсрэг гэмт хэргийн онцлогоос шалтгаалж, мөрдөн шалгах ажиллагаа нь өөрийн гэсэн онцлогтой. /гэмт хэргийн талаарх мэдээллээр илэрдэг/ Түүнчлэн гүйцэтгэх байгууллагын ажилтан өөрийн болон хамтран ажиллаж байгаа “туслагч”, “туслах ажилтан”-д учирч болох халдлагаас урьдчилан сэргийлэх үүрэгтэй, үүний улмаас тэдгээрт учирсан хохирлыг төр хариуцахаар хуульчилсан байдаг тул гэмт хэргийг хэрхэн илрүүлсэн мэдээллийг хэрэгт ил болгох хууль зүйн боломжгүй юм. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “...Мөрдөн шалгах нууц ажиллагааны үр дүнг нотлох баримтаар тооцох...” гэж хуульчилсан ба үүний үр дүн нь гэмт хэрэг үйлдсэн болох нь тогтоогдсон хэрэгт авагдсан нотлох баримтууд юм. Мөн тухайн гэмт хэрэг нь онцлог гэмт хэрэг бөгөөд эд мөрийн баримт болох сэтгэцэд нөлөөд бодисыг устах, өөрчлөх, зөөвөрлөх, нуун далдлах, үрэгдүүлэх зэрэг эрсдэл үүсдэг тул мөрдөгч хойшлуулшгүй ажиллагааны хүрээнд харилцаа холбооны хэрэгсэл ашиглаж прокурорт урьдчилан мэдэгдэж, хүний бие, орон байранд үзлэг хийн, эд мөрийн баримтуудыг хураан авах мөрдөн шалгах ажиллагааг хийж, хуульд заасан хугацаанд тухайн мөрдөн шалгах ажиллагаануудыг хүчинтэйд тооцуулах саналаа гаргаж прокуророор хүчинтэйд тооцуулдаг. Энэ нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль болон хүний эрхийг зөрчсөн гэж үзэх үндэслэлгүй юм. Яллагдагч Б.Д, М.М нарыг мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар хилээр нэвтрүүлсэн, худалдаалах зорилгоор олж авсан гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 3 дахь хэсгийн 3.3 дахь заалтад зааснаар тус бүр эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдсэн. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд “...Гэмт хэрэг гарахад нөлөөлсөн шалтгаан, нөхцөлийг тогтоомогц мөрдөгч, прокурор нь зохих хуулийн этгээдэд тэрхүү шалтгаан, нөхцөлийг арилгах арга хэмжээ авхуулахаар мэдэгдэл бичиж хуулбарыг хэрэгт нь хавсаргана.” гэж хуульчилсан хэдий ч прокурор мэдэгдлийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч үед бичих боломжтой. Хэрэг анхан шатны шүүхээр хэлэлцэгдэж, гэм буруутайд тооцогдсоны дараа ч бичих боломжтой бөгөөд энэ нь хуулийн практикт тогтсон болно. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “...Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана...” гэж хуульчилсан. Гэмт хэрэг гарахад нөлөөлсөн шалтгаан, нөхцөлийг арилгуулахаар мэдэгдэл бичиж, хэрэгт хавсаргаагүй нь шүүх хуралдааны явцад хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судалж, үнэлж хэрэг шийдвэрлэхэд төдийлөн ач холбогдолгүй. Мөн Тээвэр зуучийн үйл ажиллагаа эрхэлдэг Эйрпасифик /Airpacific/ ХХК-ийн менежер Ё.У гарган өгсөн Э.М европын орнуудаас илгээсэн илгээмж, уг илгээмжүүдийг хүлээн авсан хүмүүсийн бүртгэлийн жагсаалтад дурдагдсан яллагдагч Б.Д, М.М нараас гадна нэр нь дурдагдсан нэр бүхий иргэдийг нэмж шалгах шаардлагагүй гэж дүгнэж байна. Учир нь, энэ хэрэг яллагдагч А.Н, Б.Д, А.М, А.Н, М.М нарт холбогдох хэрэг, тиймээс илгээмжийг хүлээн авсан Б.Д, М.М нарын үйлдэлд тус нотлох баримт дурдагдсан. Харин сэтгэцэд нөлөөт бодисыг гадаад улсаас илгээж байгаа гэх Мөнхжин гэгчид холбогдох хэргийг энэ хэргээс тусгаарлаж мөрдөн шалгах ажиллагаа явуулж байгаа тус хэрэгт Мөнхжингөөс илгээмж авсан гэх Б.Д, М.М нараас бусад нэр бүхий этгээдүүдийг шалгах ажиллагаа хийгдэж байгаа болно. Иймд Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн 2025/ШЗ/000 дугаартай шүүгчийн захирамжийг хүчингүй болгуулахаар прокурорын эсэргүүцэл бичсэн. ...” гэв.
Яллагдагч Б.Д өмгөөлөгч Г.Б тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Шүүгчийн захирамж хууль ёсны бөгөөд үндэслэлтэй гарсан гэж үзэж байна. Мэдэгдэлтэй холбоотой асуудалд өмгөөлөгчийн зүгээс илэрхийлэх байр суурь байхгүй. Хавтаст хэрэгт авагдсан ДД ХХК буюу Монгол Улсын хуулийн этгээдийн цахим системээс гаргаж өгсөн баримт байгаа. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасан хуулийн зохицуулалт зөрчигдсөн гэж шүүхээс дүгнэсэн нь үндэслэлтэй. Тухайн баримтыг үзэхэд 2023-2024 онд Э.М нь нийт 19 удаа илгээмж илгээсэн. Илгээмжийг хүлээж авах хүний нэр байдаг. Түүнээс хэн хүлээж авсан нь байдаггүй. Хүлээж авсан этгээдийн хувийн мэдээллийг шалгаж тогтооно. ... Тухайн баримтад хүлээн авах этгээдийн нэр цахим системд бүртгэгдсэн боловч хэн хүлээн авсан нь байхгүй. Тухайлбал хүлээн авагч нарын нэрсийн жагсаалтад тусгагдсан нэг этгээд нь Монгол Улсад 2023-2024 онуудад байгаагүй. Тэгэхээр өөр хэн нэгэн этгээд ачааг хүлээн авсан нөхцөл байдал тогтоогдоно. Мөрдөн шалгах нууц ажиллагааны магадлагаа прокурорын зөвшөөрлийн дагуу олж авсан эсэх асуудал байгаа. ... Үзлэг нь тодорхой ач холбогдолтой үйл баримтыг тогтооход зорилготой. Гэтэл үзлэгийн шатандаа нэгжлэгийн ажиллагаа явуулсан. Эд мөрийн баримтыг хураан авч, хүний биед давхар үзлэг хийж, биологийн дээж авч байгаа процесс нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн. Ё.У гэх хүнээс шүүх хуралдаан дээр мэдүүлэг авсан ч ДД ХХК-г төлөөлөх эрхтэй эсэх нь тодорхойгүй байна. Анхан шатны шүүхийн шүүгчийн захирамж хууль ёсны бөгөөд үндэслэлтэй гарсан гэж үзэж байна. ...” гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт тус тус зааснаар хэргийг хянан шийдвэрлэхдээ эсэргүүцэлд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хянаж үзэхэд яллагдагч А.А.Н, Б.Д, А.Н, А.М, М.М нарт холбогдох хэргийг прокурорт буцаасан анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийн зарим заалтууд үндэслэлтэй болжээ.
Анхан шатны шүүхээс тээвэр зуучийн үйл ажиллагаа эрхэлдэг ДД/ ХХК-ийн менежер Ё.Ус гарган өгсөн Э.М Европын орнуудаас илгээсэн илгээмж, уг илгээмжүүдийг хүлээн авсан хүмүүсийн бүртгэлийн жагсаалт гэх баримт /1 хх 115/ нь хуулийн шаардлагыг хангаагүй, мөрдөн шалгах нууц ажиллагаатай холбоотой баримтыг хэрэгт хавсаргаж ирүүлэх нь зүйтэй гэсэн үндэслэлүүдээр хэргийг прокурорт буцаасан шүүгчийн захирамжийн 1, 2 дахь заалтууд үндэслэлтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “...Мөрдөгч, прокурор нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шалгаж хянасны үндсэн дээр хэргийн бодит байдлыг тогтоох үүрэгтэй.” гэж, мөн зүйлийн 2 дахь хэсэгт “Хэргийн бодит байдлыг нотлохын тулд мөрдөгч, прокурор хуульд заасан бүх арга хэмжээг авч яллагдагч, шүүгдэгчийг яллах, цагаатгах, ял хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдлыг эргэлзээгүй тогтооно. ...” гэж тус тус заасан зохицуулалтын хүрээнд мөрдөгч, прокурор хэргийн бодит байдлыг тогтоох үүрэгтэй.
Тиймээс дээрх баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар нотлох баримтын шаардлага хангаж, хэрэгт хавсаргах нь зүйтэй.
Харин шүүгчийн захирамжийн 3 дахь заалт буюу олон улсын шуудан илгээмжээр мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар хилээр нэвтрүүлж байгаатай холбоотойгоор гэмт хэргийн шалтгаан, нөхцөлийг арилгах арга хэмжээ авахуулахаар Гаалийн ерөнхий газарт мэдэгдэл хүргүүлэх ажиллагааг хийх шаардлагагүй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэж энэ талаарх бичсэн прокурорын эсэргүүцэл үндэслэлтэй гэж үзлээ.
Иймд дээр дурдсан үндэслэлээр прокурорын эсэргүүцлийн зарим хэсгийг хүлээн авч, шүүгчийн захирамжид заасан 1, 2 дахь үндэслэлүүдээр мөрдөн шалгах ажиллагааг хийх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнээд шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж шийдвэрлэлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн 2025/ШЗ/000 дугаар шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж, прокурор Р.Энх-Оюуны бичсэн 2025 оны 01 дүгээр сарын 00-ны өдрийн 11 дүгээр эсэргүүцлийн зарим хэргийг хүлээн авч, зарим хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Яллагдагч А.Н, Б.Д нарт урьд авсан Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээ, хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ, яллагдагч А.Н, А.Ма, М.Мө нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.
3. Шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ,
ШҮҮГЧ Ц.МӨНХТУЛГА
ШҮҮГЧ Т.ӨСӨХБАЯР
ШҮҮГЧ М.АЛДАР