2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр

2025 оны 09 сарын 24 өдөр

Дугаар 192/шш2025/07496

 

 

 

 

 

 

 

 

 

 

2025 09 24 192/ШШ2025/07496

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Э.Оюун-Эрдэнэ даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: *******,*******,*******,*******,*******-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: *******,*******,*******,*******,, Монгол овгийн Лхагважавын Тамир /РД:НЫ79022671/-т холбогдох,

 

Зээлийн гэрээний үүрэгт 86,975,180 төгрөг гаргуулж, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 06 дугаар сарын 09-ний өдөр хүлээн авч, 2025 оны 6 дугаар сарын 16-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Бадрах, А.Цолмон, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Анхзаяа, нарийн бичгийн дарга Х.Нямгэрэл нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч Ориент Инвест ББСБ ХХК нь хариуцагч Л.Тамирт холбогдуулан үндсэн зээл 46,322,000 төгрөг, зээлийн хүү 39,387,706 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 1,253,474 төгрөг, нотариатын зардал 12,000 төгрөг нийт 86,975,180 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна.

 

2. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Цолмон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Л.Тамир нь тус ББСБ-д хандан 2023 оны 06-р сарын 02-ны өдөр өөрийн өмчлөлийн Баянгол дүүргийн*******, 2 дугаар хороололны, тоот гэрчилгээтэй, 40 м.кв бүхий 3 өрөө орон сууцыг барьцаалан 50,000,000 төгрөгийг 24 сарын хугацаатай 3.3%-н хүүтэйгээр зээл олгохыг хүссэн өргөдөл гаргасан. Өргөдөл болон бусад холбогдох баримтыг тус ББСБ хянан үзээд иргэн Л.Тамирт 24 сарын хугацаатай, 3.3 хувийн хүүтэйгээр 50,000,000 төгрөгийг 23/2064 тоот Зээлийн гэрээ болон 23/4064 тоот Хөрөнгө барьцаалах гэрээг байгуулан нотариат болон УБЕГ-ын ЭХЭБГ-р баталгаажуулж, 2023 оны 06 дугаар сарын 06-ны өдөр Л.Тамирын 5019182971 тоот Хаан банкны дансанд зээл олгосон. Л.Тамир нь тус ББСБ-тай байгуулсан 23/2064 тоот зээлийн гэрээний хугацаа 2025 оны 06 дугаар сарын 06-ны өдөр дуусгавар болсон ч зээл болон зээлийн хүүгээ төлөхгүй тус ББСБ-д хүндрэл учруулж байна. Иймд зээлийн гэрээний үүрэгт 86,975,180 төгрөг гаргуулж, Баянгол дүүргийн 2 дугаар хороо,,,, тоот гэрчилгээтэй, 40 м.кв бүхий 3 өрөө орон суунаас үүргийн гүйцэтгэлийг хангуулж өгнө үү гэв.

   

 

3. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Бадрах шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна гэв.

 

4. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Анхзаяа шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Зээл авсан нь үнэн. Зээлээ сар болгон 5 сая төгрөгийг төлөх хүсэлттэй байна гэв.

 

5. Нэхэмжлэгч талаас: итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Бадрах, А.Цолмон нарт олгосон итгэмжлэл, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, хариуцагчийн иргэний үнэмлэхний лавлагаа, Зээлийн гэрээний хуулбар, Хөрөнгө барьцаалах гэрээний хуулбар, зээл төлөлтийн хуваарийн хуулбар, Барьцаалбар, Хаан банкны мөнгөн шилжүүлгийн баримтын хуулбар, Үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, тусгай зөвшөөрлийн гэрчилгээний хуулбар, төлбөрийн баримтын хуулбар, зээл төлөлтийн дэлгэрэнгүй хүснэгт, шаардлага хүргүүлсэн тухай баримт, Хаан банкны дансны дэлгэрэнгүй хуулга зэргийг нотлох баримтаар ирүүлсэн.

 

6. Хариуцагч талаас: итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Анхзаяад олгосон итгэмжлэл, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан хариу тайлбар зэргийг нотлох баримтаар гаргаж ирүүлсэн.

 

Шүүх хуралдаанаар нэхэмжлэгчийн нэхэмжлэл, хариуцагчийн хариу тайлбар, хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Нэхэмжлэгч Ард кредит ББСБ ХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь үндэслэлтэй байна гэж дүгнэлээ.

 

2. Нэхэмжлэгч Ориент Инвест ББСБ ХХК нь хариуцагч Л.Тамирт холбогдуулан үндсэн зээл 46,322,000 төгрөг, зээлийн хүү 39,387,706 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 1,253,474 төгрөг, нотариатын зардал 12,000 төгрөг нийт 86,975,180 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

 

3. Нэхэмжлэгч Ориент Инвест ББСБ ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ: ... Л.Тамир нь манай банк бус санхүүгийн байгууллагатай 2023 оны 06 дугаар сарын 02-ны өдөр 23/2064 тоот зээлийн гэрээ байгуулан 50,000,000 төгрөгийн зээлийг 24 сарын хугацаатай, 3,3 хувийн хүүтэй авсан зээлийн барьцаанд Баянгол дүүргийн******* 2 дугаар хороолол төмөр замын 52 дугаар байрны 12 тоот орон сууыг барьцаалан Хөрөнгө барьцаалах гэрээг 2023 оны 06 дугаар сарын 02-ны өдөр байгуулсан ээлийн гэрээний үүргээ биелүүлээгүйн улмаас хугацаа хэтэрсэн удаа дараа зээлийн төлбөрийг хуваарийн дагуу төлөхийг шаардаж байгаа боловч зээлээ төлөөгүй зээлийн төлбөрийг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулна гэж тайлбарласан,

хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нэхэмжлэлийн шаардлагын талаар хариу тайлбартаа: ... зээл авснаа хүлээн зөвшөөрч байгаа гэхдээ төлөх боломжгүй тул сар бүр 5,000,000 төгрөгийг төлнө ... гэж маргасан.

 

4. Хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар болон талуудын тайлбараар дараах үйл баримт тогтоогдож байна.

 

4.1. Нэхэмжлэгч Ориент Инвест ББСБ ХХК, хариуцагч Л.Тамир нар нь 2023 оны 6 дугаар сарын 02-ны өдөр №23/2064 дугаартай Зээлийн гэрээ байгуулан 50,000,000 төгрөгийг 24 сарын хугацаатай, 3,3 хувийн хүүтэй зээлдүүлэхээр харилцаж тохиролцож, зээлийн гэрээ, 2023 оны 6 дугаар сарын 02-ний өдөр Хөрөнгө барьцаалах гэрээ-г тус тус байгуулсан болох нь Зээлийн гэрээний хуулбар, Хөрөнгө барьцаалах гэрээний хуулбар, талуудын тайлбар зэргээр нотлогдож байна. /хх-ийн 19-10/

 

4.2. Нэхэмжлэгч Ориент Инвест ББСБ ХХК, хариуцагч Л.Тамир нарын хооронд байгуулсан Зээлийн гэрээ, Хөрөнгө барьцаалах гэрээ нь талуудын хүсэл зоригийг илэрхийлсэн, зээлийн гэрээний шаардлагыг хангаж бичгээр байгуулсан, агуулга хэлбэрийн хувьд хуульд нийцсэн хүчин төгөлдөр гэрээ байна.

 

4.3. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээгээр банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх, эрх бүхий хуулийн этгээд нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээнэ гэж заасны дагуу талуудын хооронд зээлийн гэрээний харилцаа үүссэн байна.

 

4.4. Энэхүү зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээдэг. 

 

4.5. Нэхэмжлэгч Ориент Инвест ББСБ ХХК зээлийн мөнгөн хөрөнгө болох 50,000,000 төгрөгийг зээлдэгч Л.Тамирын өмчлөлд шилжүүлсэн болох нь зээл төлөлтийн хуваарь, зээл төлөлтийн дэлгэрэнгүй хүснэгт, талууды тайлбараар нотлогдож байна. /хх-ийн 11/

 

4.6. Иргэний хуулийн 206 дугаар зүйлийн 206.1-д Үүргийг тогтоосон газар, хугацаанд нь, зохих ёсоор, шударгаар гүйцэтгэнэ гэж, мөн хуулийн 208 дугаар зүйлийн 208.1-д Үүргийг хууль буюу гэрээнд заасан хугацаанд гүйцэтгэнэ гэж үүрэг гүйцэтгэх газар, хугацааг зохицуулсан байна.

 

4.7. Нэхэмжлэгч Ориент Инвест ББСБ ХХК нь 2023 оны 6 дугаар сарын 06-ны өдөр 50,000,000 төгрөгийг Л.Тамирын өмчлөлд шилжүүлснээр гэрээнд заасан үүргээ зохих ёсоор, шударгаар гүйцэтгэсэн байна гэж үзнэ.

 

4.8. Харин хариуцагч Л.Тамир нь зээлийн гэрээний үүрэгт нийт 2 удаагийн шилжүүлгээр 7,430,700 төгрөг төлсөн байх боловч ийнхүү зээлийн төлбөрийг төлөхдөө зээлийн гэрээнд заасан зээлийн төлбөр төлөх үүргээ хугацаандаа биелүүлэхгүй удаа дараа зөрчиж, сар бүр гэрээнд заасан зээлийн хүү болон үндсэн зээлийн зохих хувийг тогтоосон журмын дагуу хугацаандаа төлөөгүй хугацаа хэтрүүлэхийн зэрэгцээ бүрэн бус төлж байсан болох нь: зээл төлөлтийн дэлгэрэнгүй хүснэгт, талуудын тайлбараар нотлогдож байна.

 

4.9. Нэхэмжлэгч Ориент Инвест ББСБ ХХК нь тухай бүр хариуцагч Л.Тамираас зээлийн төлбөр төлөхийг шаардаж байсан болох нь талуудын тайлбараар мөн нотлогдож байна.

 

4.10. Хариуцагч Л.Тамир нь гэрээний үүргээ биелүүлэхгүй, зээлийн эргэн төлөх хуваарийг удаа дараа зөрчсөн, зээлийн гэрээний хугацаа дууссан байх тул нэхэмжлэгч нь хариуцагчаас зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү шаардах эрхтэй байна.

 

4.11. Түүнчлэн нэхэмжлэгч нэмэгдүүлсэн хүү шаардаж байгаа нь Иргэний хуулийн 452 дугаар зүйлийн 452.2-т Зээлдэгч гэрээнд заасан хугацаанд авсан зээлээ эргүүлэн төлөөгүй бол гэрээнд заасны дагуу зээлдүүлэгчийн үндсэн хүүгийн хорин хувиас хэтрэхгүй хэмжээний нэмэгдүүлсэн хүү төлөхөөр гэрээнд зааж болно гэж заасантай нийцэж байна.

4.12. Зээлдэгч гэрээнд заасан ерөнхий хугацаанд зээлийн эргэн төлөлтийн хуваарийн дагуу зээлийг хүүгийн хамт бүрэн төлж дуусгах үүргээ биелүүлээгүй бол тухайн биелэгдээгүй үүргийг, түүнчлэн хэтэрсэн хугацааны хүүг үндсэн зээлийн үлдэгдлээс тооцон төлөх үүргийг хариуцагч нь хууль болон гэрээгээр хүлээдэг.  

 

4.13. Мөн нэхэмжлэгч нь шүүхэд нэхэмжлэл гаргахдаа төлсөн нотариатын зардлыг нэхэмжилж байгаа нь Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1-т заасантай нийцэж байх тул нотариатын зардалд төлсөн 12,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулах нь зүйтэй байна гэж үзлээ.

 

4.14. Иймд хариуцагч Л.Тамираас 86,975,180 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Ориент Инвест ББСБ ХХК-нд олгож шийдвэрлэлээ.

 

5. Нэхэмжлэгч Ориент Инвест ББСБ ХХК нь хариуцагч Л.Тамирыг зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор хугацаандаа биелүүлээгүй, үндсэн зээл болон зээлийн хүүг төлөөгүй тул барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

 

5.1. Иргэний хуулийн 175 дугаар зүйлд үүрэг гүйцэтгэгч үүрэг гүйцэтгэх хугацааг хэртүүлсэн бөгөөд үүрэг гүйцэтгүүлэгч энэ талаар шаардлага тавихад үл биелүүлсэн тохиолдолд түүний хүсэлтээр шүүхийн шийдвэрээр барьцааны зүйлийг албадан худалдахаар тус тус зохицуулсан.

 

5.2. Талуудын хооронд байгуулсан Хөрөнгө барьцаалах гэрээний 6.1.1-т Л.Тамир нь гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй зөрчсөн, зээлийн гэрээний үндсэн хуваарьт хугацаанд үндсэн зээл, зээлийн хүүг төлөөгүй тохиолдолд барьцааны зүйлийг гэрээнд заасан журмын дагуу худалдан борлуулж зээлийн төлбөр, бусад зээл төлүүлэхтэй холбоотой гарсан зардлыг төлүүлэх гэж заажээ.

 

5.3. Иймд Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1-д зааснаар хариуцагч Л.Тамир нь үүргээ гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй бол Хөрөнгө барьцаалах гэрээ-ний барьцаа хөрөнгө болох:

Баянгол дүүргийн*******, 2 дугаар хороолол,,,, тоот гэрчилгээтэй, 40 м.кв бүхий орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн үнийн дүнгээр үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгаж шийдвэрлэх нь зүйтэй байна.

 

6. Хэрэгт авагдсан дээрхи баримтууд нь шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн, бичмэл нотлох баримтын шаардлага хангасан, тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв баримт гэж үнэлсэн болно.

 

7. Нэхэмжлэгч Ориент Инвест ББСБ ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 663,026 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Л.Тамираас улсын тэмдэгтийн хураамж 663,026 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгох нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1. 116, 118, 119 дүгээр зүйлүүдийг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2, 453 дугаар зүйлийн 453.1, 219 дүгээр зүйлийн 219.1-т тус тус зааснаар хариуцагч Лхагважавын Тамираас 86,975,180 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Ориент Инвест ББСБ ХХК-нд олгосугай.

 

2. Иргэний хуулийн 158 дугаар зүйлийн 158.1, 175 дугаар зүйлийн 175.1-т тус тус зааснаар хариуцагч Л.Тамир нь үүргээ гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй бол Хөрөнгө барьцаалах гэрээний барьцаа хөрөнгө болох:

Баянгол дүүргийн*******, 2 дугаар хороолол,,,, тоот гэрчилгээтэй, 40 м.кв бүхий орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн үнийн дүнгээр үүргийн гүйцэтгэлийг шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн журмаар албадан дуудлага худалдаагаар хангуулсуай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар Ориент Инвест ББСБ ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 663,026 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Л.Тамираас улсын тэмдэгтийн хураамж 663,026 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т тус тус зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор тус шүүхээр дамжуулан Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Э.ОЮУН-ЭРДЭНЭ