Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2018 оны 08 сарын 06 өдөр

Дугаар 2018/ШЦТ/216

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

            Дорнод аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ү.Одгэрэл даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны "А" танхимд нээлттэй явуулсан эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга *******г суулган,

            Улсын яллагч *******

            Шүүгдэгчийн өмгөөлөгч *******

            Хохирогч *******

            Шүүгдэгч ******* нарыг оролцуулан,

 

Дорнод аймгийн Прокурорын газраас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн *******-т холбогдох 1821003370216 дугаартай хэргийг 2018 оны 07 сарын 19-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч *******, Дорнод аймгийн Хэрлэн суманд .............. оны ............. сарын ..............-ны өдөр төрсөн, 35 настай, эрэгтэй, Монгол Улсын иргэн /РД: .................../, бага боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, эцгийн хамт Дорнод аймгийн Хэрлэн сумын 8 дугаар баг, ................ тоотод оршин суух хаягтай, одоо Хэрлэн сумын 6 дугаар баг, .................. подвалд түр оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэл эдэлж байгаагүй, хөдөлмөрийн чадвар 70 % алдсан гэх.

Шүүгдэгч ******* нь 2018 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн 17 цагийн орчимд Дорнод аймгийн Хэрлэн сумын 9 дүгээр баг, 1 дүгээр байрны орцны үүдэнд *******тэй маргалдан улмаар таягаар толгойн тус газарт нь цохиж эрүүл мэндэд нь “зулайн язарсан шарх” бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон цагаатгах, хөнгөрүүлэх талын дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч ******* шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Намайг тухайн айлд ороход “******* ахын төрсөн өдрийг тэмдэглэж байна” гээд тэд нар архи ууж байсан. Тэгсэн над руу “чи ******* дүү нь гэсэн үү” гээд гараа савчаад дайраад байсан. Тэгэхээр нь би таягаараа нэг цохисон. Өөр нэмж хэлэх зүйл байхгүй гэв.

Хохирогч ******* шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: ******* төрсөн өдөр болоод бид нар нэг шил архи авч уугаад сууж байтал Г гаднаас орж ирсэн. ******* эхнэр Г-г “яв” гэж хэлсэн. Гэтэл Г гарахгүй байхаар нь би гаргах гээд явж байтал миний араас таягаараа цохисон байсан. Би хэн цохисныг тухайн үед мэдээгүй. ******* эхнэр надад “Г чиний араас таягаараа цохисон, та хоёр гар утаснаас болж маргасан байх” гэж хэлж байсан. Би гомдолтой байна. Г-с эмчилгээний зардалд 300000 төгрөг нэхэмжилж байна гэв.

Шүүгдэгч ******* мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн мэдүүлэгтээ:...Тэгээд нэг мэдэхэд гэх эмэгтэй эгч, ******* ах хоёртой маргалдаж байсан. гэх эмэгтэй бас архиндаа нэлээд согтсон байсан. Тухайн үед ******* ахын эхнэр намайг “битгий архи уугаад бай, гэр рүүгээ харь” гээд загнаж байсан. Тэгээд би гарах гээд тэднийхээс гараад шатаар өгсөх гэж байтал гэх эмэгтэй агсам тавиад “Чи ******* дүү нь мөн үү хөөе” гээд хашгираад гараараа чичээд миний тэнцвэрийг алдагдуулж намайг ойчуулах гээд байсан. Тэгээд шатан дээрээс холдохгүй урд тээглээд намайг ойчуулах гээд байхаар нь би уурлаад суга таягаараа нэг удаа ийн толгойд нь цохисон юм. Таягаар цохисны дараа ийн толгойноос нь цус гарч байсан...би өөрийн хийсэн хэрэгтээ харамсаж байна...” гэжээ. /хх 30-31/

Хохирогч ******* мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ: “...2018 оны 05 дугаар сарын 26-ны өдөр 17 цагийн орчимд би Хэрлэн сумын 9 дүгээр баг, 1 дүгээр байрны 4 дэх орцны подвалд өөрийн найз хүүхэн болох ийн гэрт нөхөр хамт очсон юм...тэгээд архи ууж байгаад би утасны мөнгөн дээрээс болж тэй маргалдсан. Тэгээд орцны гадаа маргалдаж байгаад буцаад орох гэж байтал таяг тулсан залуу таягаараа миний толгой руу хоёр удаа цохисон. Тэгэхэд миний ухаан балартаж би доошоо суусан ба тэр үед миний толгойноос цус гарч байсан...” гэжээ. /хх 16/

Гэрч ******* мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ: “...Тамхи татаад байж байтал орцны подваль руу буудаг шатан дээр манай эхнэрийн маань “Яая” гэж хашгирах чимээ гарсан. Тэгээд би доошоо буугаад хартал манай эхнэрийн толгойноос нь цус гарч байсан ба цаана нь Г гэх хөл муутай залуу манай эхнэрийг суга таягаараа цохих гээд далайж байсан. Тэгэхээр нь эхнэрийнхээ урдуур нь ороод тэр суга таягтай залууг цааш нь түлхээд тэр чигт нь унагаасан...Манай эхнэрийн маань толгойг Г төмөр таягаараа цохиж хагалсан...” гэжээ. /хх 19/

Дорнод аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2018 оны 05 сарын 28-ны өдрийн 395 тоот дүгнэлтэд: “1.*******ийн биед зулайд язарсан шарх гэмтэл тогтоогдлоо. 2.Дээрх тогтоогдсон гэмтэл нь мохоо зүйлийн 1-2 удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн шинэ гэмтлүүд байна. 3.Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар тогтоогдсон гэмтлүүд нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 4.Цаашид эрүүл мэнд энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй” гэжээ. /хх 23/

Хэрэгт цугларсан дээрх нотлох баримтанд: Дээрх болон гэрч /хх 20/-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг, Зөрчлийн талаар амаар болон холбоо, мэдээллийн хэрэгслээр гаргасан гомдол, мэдээллийг хүлээн авсан тухай тэмдэглэл /хх 5/, Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх 9-10, 11-12/, Яаралтай тусламжийн хуудас /хх 24/, Урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх 33/, Шүүгдэгчийн ам бүлийн тодорхойлолт /хх 34/, Хөгжлийн бэрхшээлтэй хүний үнэмлэхийн хуулбар /хх 35/, Хөдөлмөрийн чадвар алдалтын хувь, хугацаа тогтоосон акт, комиссын шийдвэр /хх 36/ зэрэг болон хуулийн  дагуу  цуглуулж,  бэхжүүлж  авсан, тухайн хэрэгт хамааралтай хэрэгт цугларсан бусад нотлох баримтуудыг шинжлэн судаллаа.

Шүүгдэгч ******* нь 2018 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн 17 цагийн орчимд Дорнод аймгийн Хэрлэн сумын 9 дүгээр баг, 1 дүгээр байрны орцны үүдэнд *******тэй маргалдан улмаар таягаар толгойн тус газарт нь цохиж эрүүл мэндэд нь “зулайн язарсан шарх” бүхий хөнгөн хохирол /гэмтэл/ учруулсан гэмт хэрэгт гэм буруутай болох нь, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан шүүгдэгч өөрөө гэм буруугаа хүлээн мэдүүлсэн мэдүүлгийг давхар нотолсон дараах:

Мэдүүлгийн эх сурвалжаа зааж, тогтвортой мэдүүлсэн хохирогч *******ийн “...2018 оны 05 дугаар сарын 26-ны өдөр 17 цагийн орчимд би Хэрлэн сумын 9 дүгээр баг, 1 дүгээр байрны 4 дэх орцны подвалд өөрийн найз хүүхэн болох ийн гэрт нөхөр хамт очсон юм...тэгээд архи ууж байгаад би утасны мөнгөн дээрээс болж тэй маргалдсан. Тэгээд орцны гадаа маргалдаж байгаад буцаад орох гэж байтал таяг тулсан залуу таягаараа миний толгой руу хоёр удаа цохисон. Тэгэхэд миний ухаан балартаж би доошоо суусан ба тэр үед миний толгойноос цус гарч байсан...” /хх 16/ гэх,

Болсон үйл баримт /факт/-ыг нүдээр үзсэн гэрч *******ы “...Тамхи татаад байж байтал орцны подваль руу буудаг шатан дээр манай эхнэрийн маань “Яая” гэж хашгирах чимээ гарсан. Тэгээд би доошоо буугаад хартал манай эхнэрийн толгойноос нь цус гарч байсан ба цаана нь Г гэх хөл муутай залуу манай эхнэрийг суга таягаараа цохих гээд далайж байсан. Тэгэхээр нь эхнэрийнхээ урдуур нь ороод тэр суга таягтай залууг цааш нь түлхээд тэр чигт нь унагаасан...Манай эхнэрийн маань толгойг Г төмөр таягаараа цохиж хагалсан...” /хх 19/ гэх мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлгүүд болон Зөрчлийн талаар амаар болон холбоо, мэдээллийн хэрэгслээр гаргасан гомдол, мэдээллийг хүлээн авсан тухай тэмдэглэл /хх 5/, Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх 9-10, 11-12/, Яаралтай тусламжийн хуудас /хх 24/, мөн гэмт хэрэг үйлдэгдсэн тухайн цаг хугацаанд хохирогчийн биед “зулайд язарсан шарх” бүхий хөнгөн хохирол /гэмтэл/ үүссэн талаар дүгнэсэн шинжээчийн дүгнэлт /хх 23/ болон хавтаст хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Шүүгдэгч *******-н үйлдсэн гэмт хэрэгт Дорнод аймгийн Прокурорын газраас зүйлчлэн ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон, хэргийг шийдвэрлэхэд шаардлагатай нотлох баримт цугларч бүрдэл хангагдсан, мөрдөн шалгах ажиллагаа бүрэн хийгдсэн, тогтоол гаргахад ач холбогдолтой байж болох бүхий л байдлыг шалгаж тогтоожээ.

Хохирогч *******ийн эрүүл мэндэд учирсан “зулайд язарсан шарх” бүхий хөнгөн хохирол /гэмтэл/ нь түүнийг таягаар цохисон шүүгдэгч *******-н үйлдэлтэй шууд шалтгаант холбоотой байна гэж үзлээ.

Энэ талаар дүгнэсэн шинжээчийн дүгнэлт нь хэргийн бодит байдалтай тохирсон, хэрэг явдлын гол үйл баримтыг тогтооход ач холбогдолтой, эргэлзээгүй байна. Мөн хэрэгт цугларсан бусад нотлох баримтуудыг хуулийн  дагуу  цуглуулж,  бэхжүүлж  авсан, тухайн хэрэгт харилцан хамааралтай байна гэж шүүх үнэлэв.

Иймд шүүгдэгч *******-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт гэм буруутайд тооцож, хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ.

Хэрэгт шүүгдэгчид оногдуулах эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

Хохирогч нь гэмт хэргийн улмаас үүссэн хор уршгийн хохиролд 300000 төгрөг нэхэмжилж байгаа боловч нотлох баримтыг мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүхэд ирүүлээгүй байх тул нотлох баримтаа бүрдүүлж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг хохирогчид мэдэгдэх нь зүйтэй.

Энэ хэрэгт шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, эд мөрийн баримт хураагдаж болон эд хөрөнгө битүүмжлэгдэж ирээгүй, энэ тогтоолоор хохирогчид төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж, баримт бичгээр ирүүлсэн шүүгдэгчийн .................... регистрийн дугаартай иргэний үнэмлэхийн лавлагааг тогтоол хүчин төгөлдөр болмогц Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлбэл зохино.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.5, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1. зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******-г 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дах хэсэгт зааснаар шүүгдэгч *******-т оногдуулсан 450000 төгрөгийн торгох ялыг 1 /нэг/ жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч *******-т анхааруулсугай.

4. Эрүүгийн 1821003370216 дугаартай хэрэгт шүүгдэгч ******* нь цагдан хоригдоогүй ба шүүхийн шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл шүүгдэгчид хэрэглэсэн хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

5. Энэ хэрэгт эд мөрийн баримт хураагдаж болон эд хөрөнгө битүүмжлэгдэж ирээгүй, шүүгдэгч нь энэ тогтоолоор хохирогчид төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар гэмт хэргийн улмаас үүссэн хор уршгийн хохиролд нэхэмжилсэн 300000 /гурван зуун мянга/ төгрөгийг нотлох баримтаа бүрдүүлж иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг хохирогч *******т мэдэгдсүгэй.

7. Баримт бичгээр хураагдаж ирсэн шүүгдэгчийн ............... регистрийн дугаартай иргэний үнэмлэхийн лавлагааг хүчин төгөлдөр болмогц Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлсүгэй.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.  

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, түүний өмгөөлөгч, хохирогч нар тогтоолыг гардан авсан буюу энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлсүгэй.     

 

ДАРГАЛАГЧ                         Ү.ОДГЭРЭЛ