Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 03 сарын 13 өдөр

Дугаар 2025/ДШМ/323

 

   2025           03            13                                         2025/ДШМ/323

 

Х.М-д холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Л.Дарьсүрэн даргалж, шүүгч Ц.Мөнхтулга, шүүгч М.Алдар нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор С.Энхням,

хохирогч Д.И, түүний өмгөөлөгч Б.Д,  

шүүгдэгч Х.М өмгөөлөгч Г.С, Н.Н,

нарийн бичгийн дарга Б.Эрхэс нарыг оролцуулан,

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүх хуралдааны 2025 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн 2025/ШЦТ/000 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Х.М, түүний өмгөөлөгч Г.Сэ, Н.Н нарын хамтран гаргасан давж заалдах гомдлуудаар Х.М холбогдох 2408 00141 0556 дугаартай эрүүгийн хэргийг 2025 оны 02 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч, шүүгч М.Алдарын илтгэснээр хянан хэлэлцэв.      

Х.М,

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн 000 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500.000 төгрөгийн торгох ялаар шийтгүүлж, 2021 оны 5 дугаар сарын 28-ны өдөр эрүүгийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дуусгавар болсон;

Шүүгдэгч Х.М нь согтуурсан үедээ 2023 оны 12 дугаар сарын 14-ний өглөө 09 цагийн орчим К дүүргийн 18 дугаар хороо, З зочид буудлын 000 тоот өрөөнд хохирогч Д.И баруун хөхөн доод хэсэгт хутгаар хатгаж хэвлийн өмнөд хана, их сэмж, элэг гэмтээсэн шарх, хэвлийн хөндийд цус хуралдал бүхий хүнд хохирол санаатай учруулах хэргийг зэвсэг хэрэглэж үйлдсэн гэмт хэрэгт холбогджээ.

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас: Х.Мн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Баянгол, Сонгинохайрхан, Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх: Шүүгдэгч Х.М хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэргийг зэвсэг хэрэглэж үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад зааснаар 7 жилийн хугацаагаар хорих ял шийтгэж, уг хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад зааснаар эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг хутгыг тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг эд мөрийн баримт устгах комисст даалгаж, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, түүний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдаж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1, 511 дүгээр зүйлийн 511.3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч шүүгдэгч Х.Мс 45.144.500 төгрөгийг гаргуулан хохирогч Д.Ит олгож, хохирогч нь цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар шүүгдэгч Х.Мс нэхэмжлэх эрхтэйг дурдаж, Иргэний хуулийн 513 дугаар зүйлийн 513.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Мөнгөншагайгаас 1.789.000 төгрөгийг гаргуулж, Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын Төрийн санд олгож шийдвэрлэжээ.

Шүүгдэгч Х.М тус шүүхэд гаргасан давж заалдах гомдолдоо: “... Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь, хохирогч Д.И биед анхаарал болгоомжгүй байдлаасаа болж хохирол учруулсан хэрэгтээ үнэхээр их гэмшиж гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Анхан шатны шүүх хурал болоход ар гэрийн гачигдал байсан учир хохирол барагдуулаагүй байсан. Энэ байдлыг харгалзан үзэж, шүүх надад 7 жилийн хорих ял өгсөн. Шүүх хурлын дараа манай ээж, эгч нар сэтгэл санааны хор уршгийн мөнгө бүрэн өгсөн байна. Цаашид ажилгүй байсан хугацааны цалин болох нэхэмжилсэн мөнгийг өгөх болно. Ээж маань өндөр настай, асаргаанд байдаг. Миний бие байрны лизингтэй, байрны урьдчилгаа хийх гэж өөрт хураасан хэдэн төгрөг дээр зээлийн аппликэйшнээс 13.200.000 төгрөгийн зээл авч байрны урьдчилгаанд өгсөн, сар сард нь төлдөг. Энэ хэрэгт холбогдсоноор ажил орлогогүй болсон учраас тухайн үед хохирогчийн бодит хохирол болох эмчилгээний зардал 5.800.000 төгрөгийг ээжийнхээ тэтгэврийг 1 жилээр авахуулж төлсөн. Х.М миний бие энэ хийсэн зүйлдээ маш их харамсаж, гэм буруугаа ухамсарлаж ойлгож байгаа тул оногдуулсан ялыг хамгийн багаар шийдвэрлэж, өөрчлөлт оруулж өгнө үү. ...” гэжээ.

Шүүгдэгч Х.М өмгөөлөгч Г.С, Н.Н нар хамтран гаргасан давж заалдах гомдолдоо: “... Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг эс хүлээн зөвшөөрч Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг үндэслэн дараах гомдлыг гаргаж байна. Үүнд: Анхан шатны шүүх хуралдааны үед өмгөөлөгч миний зүгээс болон шүүгдэгчийн зүгээс гэм буруугийн асуудал дээр маргаагүй бөгөөд шүүгдэгч Х.М ар гэрийн гачигдалтай байдал, мөнгө төгрөгийн боломж муу байснаас шалтгаалж хохирогчид тухайн үед 5.800.000 төгрөгийн хохирлыг эмчилгээний зардалд зориулан гаргаж өгсөн байна. Шүүгдэгч Х.М нь “хохирогчид гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн зардлыг бүрэн гаргаж өгнө” гэж мөрдөн байцаалтын шат болон шүүхийн шатанд байнга илэрхийлж ирсэн. Анхан шатны шүүх хурлаас шүүгдэгч Х.М 45.144.500 төгрөгийг гаргуулж хохирогч Д.И олгуулах шийдвэр гарсан. Х.М гэр бүл нь хохирогч Д.И ажилгүй байсан хугацааны болон сэтгэл санааны хохирлын мөнгийг төлсөн байх тул уг байдлыг харгалзан үзэж, давж заалдах шатны шүүх нь өөрийн эрх хэмжээнийхээ хүрээнд Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 01-р сарын 14-ний өдрийн 2025/ШЦТ/000 дугаар шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлж өгнө үү. ...” гэжээ.

 Шүүгдэгч Х.М өмгөөлөгч Г.С тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Давж заалдах гомдлоо дэмжиж байна. Хохирлыг бүрэн төлж чадаагүй, гэхдээ 1.000.000 төгрөг төлсөн. ...” гэв.  

Шүүгдэгч Х.М өмгөөлөгч Н.Н тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Шүүгдэгч Х.М болон түүний эгчтэй “давж заалдах шүүх хуралдаанаас өмнө шийтгэх тогтоолоор гаргуулахаар шийдвэрлэсэн 45.000.000 төгрөгийг төлье” гэж ярьж тохирон, шийтгэх тогтоолоо гардаж аваад гомдол гаргасан. Эгч нь “хашаа, байшингаа зарж, мөнгө өгнө” гэсэн боловч зарагдаагүй, хохирлын мөнгийг бүрэн төлж чадаагүй. Шүүх эрх хэмжээнийхээ хүрээнд эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлж өгнө үү. ...” гэв.

Хохирогч Д.И тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Шүүхээс тогтоосон хохирлыг барагдуулбал ял шийтгэл дээр надад хэлэх санал байхгүй. Ял эдлүүллээ гээд миний бие эрүүл болохгүй. Хамгийн гол нь хохирлыг барагдуулж өгнө үү. Би жил гаруй хугацаанд ажилгүй байсан. Өнөөдөр хохиролд 1.000.000 төгрөг авсан. Хурдан эмчилгээ хийлгэх шаардлагатай байна. ...” гэв.

Хохирогч Д.И өмгөөлөгч Б.Д тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Шүүгдэгч нарын өмгөөлөгч давж заалдах гомдолдоо анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолоор гаргуулахаар заасан 45.144.500 төгрөгийг төлсөн мэтээр бичсэн боловч ар гэрийн гачигдлаар төлж чадаагүй болохоо тайлбарлаж байна. Давж заалдах гомдолтой холбоотой тусгайлан гаргах тайлбар, санал байхгүй. ...” гэв.

Прокурор С.Э тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “... Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны бөгөөд үндэслэлтэй гарсан. Шүүгдэгч Х.М нь мөрдөн шалгах ажиллагаа болон шүүхийн хэлэлцүүлгийн үед гэм буруугийн талаар маргаж байсан. Хохирол төлбөрийг төлж барагдуулаагүй, анхан шатны шүүхээс хүлээлгэсэн эрүүгийн хариуцлага тохирсон тул шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна. ...” гэв.

                                                 ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан шийдвэрлэхдээ шүүгдэгч Х.М, түүний өмгөөлөгч Г.С, Н.Н нарын гаргасан давж заалдах гомдлуудад заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хянаж үзлээ.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудыг хангалттай шалгаж тодруулсан, хэргийн үйл баримт, гэм бурууг тогтооход үндэслэл болсон нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх, үнэлэх шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчөөгүй байна.

Шүүгдэгч Х.М нь согтуурсан үедээ 2023 оны 12 дугаар сарын 14-ний өглөө 09 цагийн орчим К дүүргийн 00 дугаар хороо, З зочид буудлын 000 тоот өрөөнд хохирогч Д.И баруун хөхөн доод хэсэгт хутгаар хатгаж хэвлийн өмнөд хана, их сэмж, элэг гэмтээсэн шарх, хэвлийн хөндийд цус хуралдал бүхий хүнд хохирол санаатай учруулах гэмт хэргийг зэвсэг хэрэглэж үйлдсэн болох нь:

хохирогч Д.И “....Би утсаар дүүтэйгээ “цүнхтэй хувцас, хутга аваад ир” гээд ярьтал тэр өрөөнд сүүлд ирсэн Х.М гэх залуу “таны хутгыг үзье” гээд байхаар нь би өрөөнөөс гарч өөрийнхөө өрөөнд ирээд дүү Б авчирч өгсөн костюм пиджак, миний хоол хийдэг хүрэн иштэй хутга зэрэг цүнхтэй эд зүйлийг аваад дүүгээ үлдээгээд 000 тоот өрөөнд орсон. Х.М миний цүнхнээс хар өнгийн хуйтай хүрэн өнгийн хутгыг өөрөө аваад хуйнаас нь гаргаж үзэж байснаас ямар ч шалтгаангүй миний баруун хөхний доод хэсэгт нэг удаа хутгалсан. Би “хутгалчихлаа шүү дээ” гээд орилсон, энэ үед М гэх залуу өрөөнөөс гараад явсан, намайг босож ирэх үед хутга газар унасан. Бид хоёрт маргалдсан, маргалдах хэмжээний их зүйл ч яриагүй. Намайг яагаад хутгалах болсныг мэдэхгүй байна, миний дүү Б тэр хутгыг авсан. ... Миний цус тогтохгүй байсан тул би тухайн буудлыг дэрийг авч шарх дээрээ дарсан. Түргэн тусламж ирэх хүртлээ их удсан бөгөөд түргэний эмч ирээд “яагаад түргэн дуудалгүй удсан бэ, энэ хүн чинь эмнэлэг хүрч чадахгүй” гэж хэлсэн. ... Яагаад түргэн тусламж дуудаагүйг гайхаж байна. Би бүх зүйлийг сайн санахгүй байгаа, гэхдээ би цагдаа дууд гэж хэлэхэд өрөөнд байсан 3 хүний нэг нь бүр ам дараад байсан. ...” /1 хх 24-26, 28-29/,

гэрч Ц.Б “... Төрсөн ах болох Д.И над руу залгаад “гэрт улаан цүнхтэй хувцас байгаа, түүнийг аваад ир, ... К зочид буудлын 3 давхар 000 тоот өрөөнд байна” гэхээр нь би өглөөний 09-10 цагийн хооронд уг газар очсон. ... Энэ үед ах ажилдаа авч явна гээд хүрэн өнгийн модон иштэй хутга 1 ширхэг, улаан хүрэн өнгийн модон иштэй хутга нэг ширхэг, нийт 2 ширхэг, миний авчирсан цүнхэнд байсныг ах гаргаж ирээд 311 тоот өрөөнд байсан 4 эрэгтэй хүнд “2 ширхэг хутгыг үзүүлээдэхье, тэр хүмүүс хөдөө, гадаа явдаг хүмүүс юм шиг байна, миний хутгыг сонирхоод байна” гэж хэлээд хуйтай нь аваад гарсан. Би өрөөнд үлдсэн. Удалгүй ах 3-5 минутын дараа “ах нь хутгалуулчихлаа” гээд цээж хэсгээс нь цус гарсан байдалтай орж ирсэн. Би ахаас юу болсныг асуухад “хутга сонирхсон залуу ахыг нь хутгалчихаад хутгаа шидээд гараад явчихлаа” гэж хэлсэн. Ахын араас өрөөнд бордуу царайтай намхандуу биетэй бага зэрэг согтуу залуу ирэхээр нь “хэн хутгалчихваа юу болсон бэ” гэж асуухад тэр залуу “юун сүртэй хальт хүргээд авсан ш дээ, эмийн сан ороод бинт, эм аваад боочихъё, хэдүүлээ хоорондоо тохиролцъё” гэж хэлээд орны урд суугаад намайг гадагшаа гаргахгүй гээд байсан. ... Би ахын ажлын хувцастай цүнхийг аваад хутгалуулсан гэх хүрэн өнгийн модон иштэй хар өнгийн хуйтай хутгыг аваад халаасандаа хийсэн. ...” /1 хх 37-40/,

гэрч Т.Ч “... 2023 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 10 цагийн үед санагдаж байна, 305, 311 дугаартай өрөөний хүмүүс хоорондоо маргалдаж нэгнээ хутгалсан байсан. 305, 311 дугаартай өрөөний хүмүүс нь хоорондоо хөзөр тоглож байсан бөгөөд бүгд согтуу байсан, 305 дугаартай өрөөний хүн хутга зардаг хүн байсан, 311 дугаартай өрөө рүү орж хамт байж байхдаа хутгаа танилцуулсан, ингэхдээ хутгалуулсан байсан. ...” /1 хх 42-43/,

гэрч Б.Эн “... Би согтоод орон дээр хэвтэж байтал гэнэт чанга дуу чимээ гарч хүмүүс орилолдоод байсан, би сэхэл аваад хартал манай өрөөгөөр орж гараад байсан согтуу ах “намайг хутгалчихлаа” гээд дугараад байсан. Би хэн хутгалсныг хараагүй, Д ах М хандан “чи хүн хутгачихлаа” гэж яриад байхыг сонссон. Би найз М хэзээ З буудалд ирснийг огт санахгүй байна. ...” /1 хх 46-48/ гэсэн мэдүүлгүүд,

Шүүхийн шинжилгээний ерөнхий газрын шинжээчийн “... Хүрэн өнгийн иштэй хутга дээр хүний цус илэрсэн. ...” гэсэн 2024 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр 518 дугаартай дүгнэлт /1 хх 62-63/,

Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээчийн хэргийн материалаар хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээ “...Д.И биед хэвлийн өмнөд хана, их сэмж, элэг гэмтээсэн шарх, хэвлийн хөндийд цус хуралдалд гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь амь насанд аюултай тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.11-т зааснаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Дээрх гэмтэл нь ир, үзүүр бүхий зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. ...” гэсэн 2024 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн 000 дугаартай дүгнэлт /1 хх 82-84/,  

Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээчийн “...Сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл тогтоох тухай 2024 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн 616 дугаартай дүгнэлт тухайн үед үндэслэлтэй байна. Хохирогч Д.И сэтгэцэд 2023 оны 12 дугаар сарын 14-ний өдөр үйлдэгдсэн гэмт хэргийн улмаас F43.2 Дасан зохицохуйн эмгэг оношлогдож байна. Энэ нь гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн гуравдугаар зэрэглэлд хамаарна. ... Хохирогчийн сэтгэцэд учирсан хор уршгийн өөрчлөлт түр зуурын эсхүл байнгын эсэх, цаашид хэрхэн нөлөөлөх болон үргэлжпэх цаг хугацааг урьдчилан тогтоох боломжгүй. Тухайн хүний сэтгэл зүйн онцлог, дэмжлэг бүхий орчин, цаашдын сэтгэл зүйн тусламж үйлчилгээ авах эсэх зэргээс хамаарна.  ...” гэсэн 2024 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 1449 дугаартай дүгнэлт /2 хх 170-173/,

гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /1 хх 10/, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, уг ажиллагааг бэхжүүлсэн гэрэл зургийн үзүүлэлтүүд /1 хх 12-16/, “Х.М драйгер багаж ашиглан шалгахад 3.02% согтолттой гэж гарч, эрүүлжүүлэх байранд хүлээлгэж өгсөн” гэх мөрдөгчийн тэмдэглэл /1 хх 224/, хохирогч Д.И өвчний түүхийн хуулбар /1 хх 173-209/ зэрэг анхан шатны шүүхийн шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

Хэрэгт авагдсан нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх ба уг нотлох баримтуудыг үндэслэн шүүгдэгч Х.М Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад заасан  хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэргийг зэвсэг хэрэглэж үйлдсэн гэм буруутайд тооцсон анхан шатны шүүхийн дүгнэлт хэргийн бодит байдалтай нийцсэн, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

Анхан шатны шүүхээс шүүгдэгч Х.М гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, хувийн байдал зэргийг  харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад зааснаар зааснаар 7 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн нь түүний гэм бурууд тохирсон төдийгүй эрүүгийн хариуцлагын зорилгыг хангасан, хууль ёсны бөгөөд шударга ёсны зарчимд нийцсэн байна.

Гэвч давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт “...шүүгдэгчид холбогдох хэргийн нөхцөл байдал, зүйлчлэлийг өөрчлөхгүйгээр ялыг хөнгөрүүлж ... болно.” гэж заасан эрх хэмжээний хүрээнд, шүүгдэгч Х.М нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрснийг болон түүний хувийн байдал, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоос 1.000.000 төгрөг төлсөн, цаашид хохирлыг төлөхөө илэрхийлсэн зэргийг харгалзан, анхан шатны шүүхээс түүнд оногдуулсан 7 жилийн хорих ялын хэмжээг 5 жил 6 сарын хугацаагаар хорих ял болгон хөнгөрүүлэн өөрчлөх боломжтой гэж үзэв.

Иймд шүүгдэгч Х.М, түүний өмгөөлөгч Г.С, Н.Н нарын ял шийтгэлийг хөнгөрүүлэх талаар гаргасан давж заалдах гомдлуудыг хүлээн авч, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд зохих өөрчлөлтийг оруулах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.  

Шүүгдэгч Х.М нь хэргийг давж заалдах шатны шүүхээр хянагдах явцад хохирогч Д.И 1.000.000 төгрөгийн хохирол төлснийг дурдаж байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “...Шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээсэн, эсхүл өөрчилсөн тохиолдолд ял шийтгүүлсэн этгээдэд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээний хугацааг ял эдлэх хугацаанд оруулж тооцно...” гэсний дагуу шүүгдэгч Х.М нь анхан шатны шүүхийн шийдвэр гарснаас хойш буюу 2025 оны 01 дүгээр сарын 14-ний өдрөөс энэ өдрийг хүртэл нийт 58 хоног цагдан хоригдсоныг түүний ял эдлэх хугацаанд нь оруулан тооцов.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн 2025/ШЦТ/146 шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 2 дахь заалтын “…шүүгдэгч Х.М 7 /долоо/ жилийн хугацаагаар…” гэснийг “… шүүгдэгч Х.М 5 /тав/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар…” гэж өөрчилж, тогтоох хэсгийн бусад заалтуудыг хэвээр үлдээсүгэй.

 2. Шүүгдэгч Х.М нь гэмт хэргийн улмаас учруулсан хохиролдоо хохирогч Д.И 1.000.000 /нэг сая/ төгрөг төлснийг дурдсугай.

3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Х.М нь 2025 оны 01 дүгээр сарын 14-ний өдрөөс хойш 58 /тавин найм/ хоног цагдан хоригдсоныг түүний ял эдэлсэн хугацаанд оруулан тооцсугай.

 4. Шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ,

ШҮҮГЧ                                                            Л.ДАРЬСҮРЭН  

ШҮҮГЧ                                                            Ц.МӨНХТУЛГА

ШҮҮГЧ                                                            М.АЛДАР