Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 03 сарын 13 өдөр

Дугаар 2025/ДШМ/324

 

  2025            03           13                                          2025/ДШМ/324

 

Г.Б холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Л.Дарьсүрэн даргалж, шүүгч Ц.Мөнхтулга, шүүгч М.Алдар нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Н.Мөнхцэцэг,

шүүгдэгч Г.Б, түүний өмгөөлөгч Б.Б,

нарийн бичгийн дарга Б.Эрхэс нарыг оролцуулан,

Багахангай, Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн ерөнхий шүүгч Х.Ганболд даргалж хийсэн шүүх хуралдааны 2025 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 2025/ШЦТ/00 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Г.Б өмгөөлөгч Б.Б гаргасан давж заалдах гомдлоор Г.Б холбогдох 2407 00408 0303 дугаартай эрүүгийн хэргийг 2025 оны 02 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авч, шүүгч М.Алдарын илтгэснээр хянан хэлэлцэв.      

Г.Б,

Шүүгдэгч Г.Б нь согтуурсан үедээ Н дүүргийн 0  дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Биг Скай” амралтын газарт 2024 оны 10 дугаар сарын 11-ний өдөр хувийн таарамжгүй харилцааны улмаас хохирогч Ц.О хэрүүл маргаан үүсгэж, нүүр хэсэгт нь цохиж, зодон эрүүл мэндэд нь “баруун хацрын дотор салстад шарх, буйланд цус хуралт, хүзүүнд зулгаралт” гэмтэл бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Налайх, Багахангай дүүргийн прокурорын газраас: Г.Б үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Багахангай, Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх: Шүүгдэгч Г.Б “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Б оногдуулсан торгох ялыг Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт заасан хугацаанд биелүүлэхийг даалгаж, уг хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж, шүүгдэгч нь урьд цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэжээ.

Шүүгдэгч Г.Б өмгөөлөгч Б.Б давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Анхан шатны шүүхээс шүүгдэгч Г.Б хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгж буюу 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулсан. Шүүгдэгч Г.Б нь Самсунг электрониксын Монгол дахь салбарын даргаар ажиллаж байхдаа 2024 оны 10 дугаар сарын 11-ний өдөр гэм буруугийн болгоомжгүй хэлбэрээр тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн бөгөөд өөрийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хохирол төлбөрийг бүрэн төлж барагдуулсан. Мөн хохирогч Ц.О 2025 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр тус шүүхэд бичгээр гаргасан хүсэлтдээ хохирол төлбөр бүрэн төлөгдсөн, гомдол саналгүй талаар илэрхийлсэн байна. Гэтэл анхан шатны шүүх шийдвэртээ “...эрүүгийн хариуцлагын талаар гаргасан талуудын дүгнэлтийг хянаад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлагын зорилгод нийцүүлэн шүүгдэгч нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хохирол төлбөрийг нөхөн төлсөн байдлыг эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөлд тооцож, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй...” гэж дүгнэсэн боловч шүүгдэгчид ял оногдуулахдаа тухайн хэргийн бодит байдал, нийгмийн аюулын шинж чанар, нотолбол зохих байдал буюу яллагдагчид оногдуулах ялыг хөнгөрүүлэх нөхцөл байдлыг бүрэн тогтоогоогүй гэж үзэж байна. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх ... эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлж, эсхүл эрүүгийн хариуцлагаас чөлөөлж болно” гэж заасан байна. Мөн ... шүүгдэгч Г.Б зүгээс гэмт хэргийн зүйлчлэл болон гэм буруугийн талаар маргаагүй, анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо бүрэн төлсөн, хохирогчоос гомдол саналгүй талаар гаргасан тайлбар, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал зэргийг харгалзан үзэж, шүүгдэгч Г.Б ялаас чөлөөлж шийдвэрлэх боломжтой байсан. Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасныг журамлан Г.Б Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялаас чөлөөлж, Багахангай, Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 2025/ШЦТ/00 дугаар шийтгэх тогтоолын холбогдох хэсгийг хүчингүй болгож, хэргийн зүйлчлэл, ялыг хүндрүүлэхгүйгээр анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж өгнө үү. ...” гэв.

Шүүгдэгч Г.Б тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Миний хувьд амьдралдаа анх удаа гэмт хэрэгт холбогдож байна. Би тухайн үед гаргасан буруу үйлдэл, түргэн зангаа хүлээн зөвшөөрч хамт ажиллаж байсан Ц.О гэдэг хүнээс уучлалт гуйсан. Одоо бид хэвийн харилцаатай байгаа. Уг гэмт хэргийг үйлдсэн болохоо хүлээн зөвшөөрч байгааг харгалзан үзэхийг шүүхээс хүсэж байна. ...” гэв.

Прокурор Н.Мөнхцэцэг тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “... Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль зүйн үндэслэлтэй гарсан. Шүүгдэгч Г.Б оногдуулсан ял шийтгэл тохирсон гэж үзэж байна. Учир нь, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “согтуурсан, мансуурсан үедээ гэмт хэрэг үйлдсэн нь эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх үндэслэл болохгүй” гэж заасан. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлж, чөлөөлж болохоор хуульчилсан болохоос шүүх заавал хэрэглэхээр үүрэг болгосон заалт биш юм. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлд заасан гэмт хэрэгт оногдуулах ял шийтгэлээс хамгийн хөнгөн буюу торгох ял оногдуулсныг ял шийтгэлийг хөнгөрүүлсэн гэж үзэхээр байна. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү. ...” гэв.

                                                 ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянав.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудыг хангалттай шалгаж тодруулсан, хэргийн үйл баримт, гэм бурууг тогтооход үндэслэл болсон нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх, үнэлэх шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчөөгүй байна.

Шүүгдэгч Г.Б нь согтуурсан үедээ Налайх дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Биг Скай” амралтын газарт 2024 оны 10 дугаар сарын 11-ний өдөр хувийн таарамжгүй харилцааны улмаас хохирогч Ц.О хэрүүл маргаан үүсгэж, нүүр хэсэгт нь цохиж, зодон эрүүл мэндэд нь “баруун хацрын дотор салстад шарх, буйланд цус хуралт, хүзүүнд зулгаралт” гэмтэл бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

хохирогч Ц.О “... Орой хоолонд орж байх үед Г.Б “чамтай ярих юм байна” гээд хоолны газраас хамт гараад гадаа юм яриад зогсож байтал надаас “би сүүлийн үед ажилдаа бага ирдэг болж хяналтаа сулруулсан нь мэдэгдэж байна уу” гэж асуухаар нь би “мэдэхгүй байна, эрүүл болохоор чинь ярилцъя” гэхэд “чи яахаараа мэддэггүй юм бэ” гэж хэлээд цээжний зүүн хэсэгт нэг удаа, эрүүний баруун хэсэгт нэг удаа цохисон. ... ” /хх 24-25/,

гэрч П.Г “... Г.Б зүүн гараараа Ц.О баруун эрүү хэсэгт хүчтэй цохисон, намайг очиход Г.Б , Ц.О хөөгөөд байсан. Тухайн үед Ц.О ахыг аваад явж байтал араас Г.Б ах ирээд “хоёулаа уулзъя” гэхэд О ах “чи намайг 2 удаа цохилоо, одоо болоо юм биш үү” гэж хэлсэн чинь чамайг хэд цохисон ч яадаг юм гээд “чаддаг юм бол цагдаагаа дууд” гээд орилоод байсан. ...” /хх 28-29/,

шүүгдэгч Г.Б мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн “... Ажлын хамт олны хамт ... амралтын газар амарч байх хугацаанд хамт олны талаар Ц.О  санал солилцох гэтэл “чиний хамт олон чиний асуудал, надтай битгий юм ярь, чи цаашаа бай” гэх үгээр хандаж хэлсэн тэгээд ийм асуудал болсон. ...“ /хх 47/ гэсэн мэдүүлгүүд,

Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээчийн “...Ц.О биед баруун хацрын дотор салстад шарх, буйланд цус хуралт, хүзүүнд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Тухайн хэрэг болсон гэх цаг хугацаатай тохирсон шинэ гэмтэл байна. ...” гэсэн 2024 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 515 дугаартай дүгнэлт /хх 35-36/,

Налайх дүүргийн Цагдаагийн хэлтэст ирүүлсэн гомдол, мэдээллийг хүлээн авсан тухай тэмдэглэл /хх 08/, хохирлын талаарх баримтууд /хх 60-61/ зэрэг анхан шатны шүүхийн шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

Эдгээр нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүхээс үнэлж дүгнэх боломжтой, хоорондоо зөрүүгүй, гэмт хэргийн үйл баримтыг нотолж чадсан байх ба анхан шатны шүүх шүүгдэгч Г.Б хохирогч Ц.О цохиж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэж дүгнэсэн нь хэргийн бодит байдалтай нийцсэн байх ба түүний үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад “энэ хуулийн тусгай ангид хорих ял оногдуулахаар заагаагүй, эсхүл хорих ялын дээд хэмжээг гурван жил, түүнээс бага хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэн хүн тухайн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн бол хорих ялыг хөнгөрүүлэх, эсхүл хорихоос өөр төрлийн ялыг сонгон оногдуулах, эсхүл эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх, ...” талаар хуульчилсан. 

Хэдийгээр шүүгдэгч Г.Б үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан боловч тэрээр анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн, хохирогч Ц.О шүүгдэгчид “гомдол саналгүй” гэсэн зэргийг шүүхээс харгалзан үзэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар түүнийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх боломжтой гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн үзэв.

Иймд энэ талаар шүүгдэгч Г.Б өмгөөлөгч Б.Б гаргасан давж заалдах гомдлыг хүлээн авч, шийтгэх тогтоолд зохих өөрчлөлтийг оруулж шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4 дэх заалтад заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Багахангай, Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 2025/ШЦТ/17 дугаар шийтгэх тогтоолын:

- тогтоох хэсэгт “Шүүгдэгч Г.Б Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасныг журамлан тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлагаас чөлөөлсүгэй.” гэсэн нэмэлт заалт оруулж,

- тогтоох хэсгийн 2, 3 дахь заалтыг хүчингүй болгож, бусад заалтуудыг хэвээр үлдээсүгэй.

2. Шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ,

ШҮҮГЧ                                                              Л.ДАРЬСҮРЭН

ШҮҮГЧ                                                              Ц.МӨНХТУЛГА

            ШҮҮГЧ                                                              М.АЛДАР