Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 02 сарын 07 өдөр

Дугаар 210/МА2017/00388

 

2017 оны 02 сарын 07 өдөр

Дугаар 210/МА2017/00388

 

 

П.Болормаагийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Д.Цогтсайхан, Н.Батзориг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2016 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 102/ШШ2016/06058 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч П.Болормаагийн нэхэмжлэлтэй

Хариуцагч Ц.Энхээд холбогдох

 

Зээлийн гэрээний үүрэгт 10 000 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

 

Хариуцагчийн гаргасан гомдлыг үндэслэн, шүүгч Н.Батзоригийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Сарнай

Хариуцагч Ц.Энхээ

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Шинэцэцэг нар оролцов.  

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2016 оны 5 дугаар сарын 19-ний өдөр Ц.Энхээд 14 хоногийн хугацаатай 10 000 000 төгрөг зээлдүүлсэн боловч зээлийн хугацаа дууссанаас хойш хариуцагч нь мөнгөө төлөөгүй бөгөөд утсаа ч авахгүй болсон. Иймд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасны дагуу шаардаж байгаа. Хариуцагч нь өөрийн татгалзлаа нотлох баримтуудыг хэрэгт өгөөгүй учраас нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэжээ.

Хариуцагч шүүхэд гаргасан хариу тайлбартаа: П.Болормаа нь Монгол газар ХХК-д 2007-2012 оны хооронд хүний нөөцийн менежер, мөн захирлын туслахаар ажиллаж байсан. Энэ хугацаанд 2012 оны 7 дугаар сарын 04-нд 5000 ам.доллар, 2012 оны 8 дугаар сарын 06-нд 2 000 000 төгрөг, 2012 оны 9 дүгээр сарын 14-нд 2 000 000 төгрөгийг тус тус зээлж авсан байна. Мөн ажиллаж байх хугацаандаа орон сууц хувьдаа авахуулсан байна. Манай компанийн захирал Ц.Мянганбаяртай 2016 оны 5 дугаар сарын 19-нд утсаар ярьж, 10 000 000 төгрөгийг миний 5025820724 тоот дансанд шилжүүлсэн. Намайг захирал 88090914 тоот утас руу яриад дансаа өгөөд 10 000 000 төгрөг ав гэж байна гээд П.Болормаа руу ярихад дансаа мессежээр явуул гээд өөрөө 10 000 000 төгрөгийг шилжүүлсэн. Энэ орлого нь тус компанийн кассын тайланд энэ өдрөө тусгагдаж гүйлгээ хийгдсэн. Манай компанийн дансууд харьяа дүүргийн Татвар болон Нийгмийн даатгалын байгууллагуудад өртэйн улмаас хаалттай байгаа. Иймд компанийн орлого зарлагын гүйлгээ ахлах нягтлан бодогч Ц.Энхээ миний 5025820724 тоот дансаар 2016 оны 01 дүгээр сарын 17-ны өдрөөс эхлэн хийгдэж байгаа болно. Би 2014 оны 8 дугаар сарын 25-нд Их Монгол майнинг ХХК-д ахлах нягтлан бодогчоор ажилд орсон. Гэтэл П.Болормаа нь шүүхэд өгсөн нэхэмжлэлдээ Ц.Энхээд танилын журмаар гэж итгэсний үндсэн дээр зээлийн гэрээ байгуулалгүй, хүү тооцохгүйгээр 2016 оны 5 дугаар сарын 19-ний өдөр 10 000 000 төгрөгийг зээлсэн. 14 хоногийн дотор зээлээ эргүүлэн өгөхөөр тохирсон гэх мэтээр ор үндэслэлгүйгээр хүн гүтгэсэн байна. Иймд П.Болормаагийн нэхэмжлэлийн шаардлага нь үндэслэлгүй тул хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх заалтыг баримтлан хариуцагч Ц.Энхээгээс 10 000 000 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч П.Болормаад олгож,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1 дэх заалтыг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 174 950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ц.Энхээгээс улсын тэмдэгтийн хураамжид 174 950 төгрөг гаргуулж, нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

 

Хариуцагч давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: Шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч байна. Хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримтуудыг 2016 оны 12 дугаар сарын 13, 14-ний өдрүүдэд Монголын хуульчдын холбооноос зарласан сургалтанд суусан, мөн 12 дугаар сарын 6-наас 10-ныг дуустал эмчилгээ хийлгэж байсан зэрэг шалтгаанаас болж шүүх хуралдаанаас өмнө гаргаж өгч чадаагүй бөгөөд шүүх хуралдаан эхлэхээс өмнө шүүхэд хүрэлцэн очсон боловч шүүх хуралд оролцож чадаагүй. Учир нь шүүх хуралдаан аль танхимд болох гэж байгааг шүүгчийн туслах болон шүүх хуралдааны нарийн бичгийн дарга хэн аль нь мэдэгдэхгүйгээр шүүх хуралдаан болсон байсан. Шүүх хуралдаанд хариуцагчийг биечлэн оролцуулалгүйгээр хэргийг шийдвэрлэсэн нь мэтгэлцэх зарчмыг хангаагүй, хэргийг үнэн зөв, шударгаар шийдвэрлэх боломжгүй болгосон.

Нэхэмжлэгч П.Болормааг миний бие огт танихгүй бөгөөд тухайн үед надад бусдаас 10 000 000 төгрөг зээлэх шаардлага байгаагүй. Ц.Энхээ би "Их монгол майнинг" ХХК-д ахлах нягтлан бодогчоор ажилладаг бөгөөд тус компанийн данс нь харъяа дүүргийн татвар, нийгмийн даатгалд өртэйн улмаас харилцах дансууд нь хаалттай байгаа тул миний хувийн дансаар орлого зарлагын бүх гүйлгээ хийгдэж байсан. Манай компанийн захирал Ц.Мянганбаяр 2016 оны 5 дугаар сарын 19-ний өдөр 88090914 утсаар ярьж 10 сая төгрөг ав гэсэн. Энэ утсаар залгахад П.Болормаа нь "...дансны дугаараа явуулчих" гэхээр би дансны дугаараа мессэжээр явуулахад нэхэмжлэгч 10 сая төгрөгийг миний данс руу шилжүүлсэн. Уг мөнгийг дансанд орж ирсэн даруй би данснаасаа бэлнээр гарган, "Их монгол майнинг" ХХК-ийн бэлэн мөнгөний орлогын кассанд тушаасан. Нэхэмжлэгчийн шилжүүлсэн мөнгийг миний бие огт хэрэглээгүй, Ц.Мянганбаяр захирал, нэхэмжлэгч нар нь хоорондоо юу гэж ярилцаж тохиролцсон болохыг огт мэдэхгүй. Иймд захирал Ц.Мянганбаяр болон компанийг хариуцагчаар татан оролцуулах хэрэгтэй. Дээрх үндэслэлээр шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөнөөс шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дах хэсэгт заасан шаардлагыг хангаагүй байна.

 

Нэхэмжлэгч П.Болормаа нь хариуцагч Ц.Энхээд холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 10 000 000 төгрөг гаргуулах шаардлага бүхий нэхэмжлэл гаргаж, нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ зээлийн гэрээ байгуулалгүй, хүү тооцохгүйгээр 2016 оны 05 дугаар сарын 19-ний өдөр дээрх мөнгийг шилжүүлсэн гэж тайлбарлан, уг тайлбараа нотлохоор Хаан банкин дах өөрийн эзэмшлийн 5007375148 тоот депозит дансны дэлгэрэнгүй хуулгыг баримтаар гаргажээ.

 

Хариуцагч Ц.Энхээ нь нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч гаргасан зээлийн гэрээ байгуулагдаагүй гэх татгалзлын үндэслэлээ ...П.Болормаа нь Монгол газар ХХК-д захирлын туслахаар ажиллаж байсан, манай компанийн захирал Ц.Мянганбаяртай ярьж, 10 000 000 төгрөгийг миний дансанд шилжүүлсэн, энэ орлого нь компанийн кассын тайланд тусгагдаж гүйлгээ хийгдсэн гэж тайлбарлан мэтгэлцсэн байна.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Сарнай нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны үед Монгол газар ХХК-ийн захирал Ц.Мянганбаярыг гэрчээр оролцуулах хүсэлт гаргасныг шүүгчийн 2016 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 102/ШЗ2016/27403 тоот захирамжаар хангаж шийдвэрлэсэн боловч шүүх хурал дээр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч дээрх хүсэлтээс татгалзсан байна.

 

Гэвч хариуцагч нь Монгол газар ХХК-ийн захирал Ц.Мянганбаярын даалгаснаар маргаж байгаа 10 сая төгрөгийг өөрийн дансанд шилжүүлсэн авсан талаар тайлбарласнаас гадна гэрчээр Ц.Мянганбаярыг оролцуулах нэхэмжлэгчийн хүсэлтийг дэмжиж тайлбар гаргасан зэргээс үзэхэд шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.8 дах хэсэгт заасныг болон гэрч Ц.Мянганбаярын мэдүүлэг хэргийн нөхцөл байдлыг тодорхой болгох ач холбогдолтой байгааг анхаараагүй байна.

 

Түүнчлэн шүүх нэхэмжлэгч талаас гаргасан бичгийн нотлох баримтын шаардлага хангаагүй баримтыг /хх-5/ ...нэхэмжлэгч нь хариуцагчийн 99083728 дугаарын утас руу 2016 оны 06 дугаар сарын 16-ны өдөр зурвас явуулснаас хойш хугацааг тооцох талаар үнэлсэн атлаа хариуцагчийн гаргасан ...ажилд орсон тушаал, нэхэмжлэгчийн мөнгө зээлсэн ...зэрэг баримт /хх-12-16/ нь нотлох баримтын шаардлага хангаагүй гэж үзсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлд заасан мэтгэлцэх зарчмыг болон мөн хуулийн 38 дугаар зүйлийн 38.5, 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дах хэсэгт заасныг тус тус зөрчсөн байна.

 

Хэрэгт авагдсан нотлох баримт хуулиар тогтоосон шаардлага хангаагүй, хэрэгт хамааралгүй гэж шүүх үзсэн бол уг баримтыг нотлох баримтаас хасах эсэх асуудлыг шийдэх, ингэснээр хэргийн оролцогч өөрийн тайлбараа нотлох баримтыг хуульд заасны дагуу бүрдүүлэх шаардлага байгаа эсэхийг тодорхойлох боломжтой болно.

 

Зохигчдын хоорондох захидал харилцаа нь бичгийн нотлох баримт болохын хувьд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.1 дэх хэсэгт заасан нотолгооны хэрэгсэл бөгөөд мөн хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2, 51 дүгээр зүйлд заасан журмын дагуу үзлэг хийж, тэмдэглэл үйлдсэнээр нотлох баримтын хэмжээнд үнэлэгдэх боломжтой юм.

 

Иймд анхан шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.3-т заасан хэргийн оролцогч нотлох баримтаа цуглуулж гаргах эрх-ийг бүрэн хангаагүй, мөн зүйлийн 168.1.7-д заасан нотлох баримтыг дутуу бүрдүүлж хэргийг хянан шийдвэрлэсэн байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийвэрлүүлэхээр буцаах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн үзэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.3, 168.1.7-д тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 102/ШШ2016/06058 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч Ц.Энхээ давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 174 950 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дах хэсгүүдэд зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ж.ОЮУНТУНГАЛАГ

 

ШҮҮГЧИД Д.ЦОГТСАЙХАН

 

Н.БАТЗОРИГ