Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2018 оны 08 сарын 06 өдөр

Дугаар 2018/ШЦТ/218

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

     Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ү.Одгэрэл даргалж,

     Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга *******г суулган,

           Улсын яллагч *******

           Шүүгдэгчийн өмгөөлөгч *******

           Хохирогч *******

       Шүүгдэгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны "А" танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар;

Дорнод аймгийн Прокурорын газраас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн *******-т холбогдох эрүүгийн 1821000000204 дугаартай хэргийг 2018 оны 07 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: *******, Дорнод аймгийн Матад суманд ....... оны ...... сарын ......-ний өдөр төрсөн, 33 настай, эрэгтэй, Монгол Улсын иргэн /РД: ......../, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 1, Дорнод аймгийн Матад сумын...............багт оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, бие эрүүл гэх.

Шүүгдэгч ******* нь 2018 оны 05 дугаар сарын 31-ний өдөр 22 цагийн орчим Дорнод аймгийн Хэрлэн сумын 6 дугаар баг “МТ” шатахуун түгээх станцын урд талд төвийн замын хажууд иргэн *******ийг зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэнд бичигдснээр/                        

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон цагаатгах, хөнгөрүүлэх талын дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч ******* шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Би 5 сарын 31-ний өдөр *******ийн ажил дээр таараад хүүхдийн хадгаламжийн дэвтрээс болж хоорондоо маргасан. Тэгсэн ******* барьж явсан усны саваараа намайг цохиод байсан. Тэгэхээр нь би түлхэх гэж байгаад гараараа *******ийг нэг удаа цохисон нь үнэн. Өөр нэмж ярих зүйл байхгүй гэв.

Хохирогч ******* шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Бид хоёр салаад 5 жил болж байна. Энэ хугацаанд О над руу байнгын утсаар залгаж, мессеж бичдэг. Байнгын дарамттай байдаг. Салснаасаа хойш гар хүрдэггүй байсан. Сая л гар хүрч байна. Салсан хугацаандаа хүүхдүүдээ харж хандаж байгаагүй. Хүүхдүүдээ би өөрөө өсгөж байна. Одоо надад нэхэмжлэх зүйл байхгүй гэв.

Шүүгдэгч ******* мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн мэдүүлэгтээ: “...Тэгэхэд ******* “би чамд хүүхдүүдийнхээ бичиг баримтыг өгөхгүй, маргааш хүүхдийн баяраар ч хүүхдүүдтэй чинь уулзуулахгүй” гэх мэтээр намайг элдвээр хэлээд байсан. Ер нь *******ийн хувьд өөрөө их хэл амтай, их хорон үгтэй хүн байгаа юм. Мөн ******* тэр үед жижиг усны сав барьчихсан явсан ба түүгээрээ намайг цохиод байхаар нь би гарыг нь бариад өөрийг нь түлхэх гэж байгаад цохие ч гэж бодоогүй байж байгаад нүдийг нь цохичихсон. Би *******ийн нүд рүү цохисон хойноо л өөрийгөө цохичихлоо гэдгээ мэдээд   “уучлаарай, миний буруу би чамайг цохино гэж бодоогүй шүү” гэхэд уурлаад гэр рүүгээ орчихсон...” гэжээ. /хх 27-28/

Хохирогч ******* мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ: “...2018 оны 05 сарын 31-ний өдөр манай салсан нөхөр *******...намайг харанхуй орчин руу чирээд, миний хөл рүү өшиглөөд, гарыг маань базаад байсан. Би өөдөөс нь мөчөөгөө өгөхгүй барьцалдаад байсан чинь зангилаатай гараараа миний баруун талын нүдийг цохичихсон...Салснаасаа хойш надад гар хүрч байгаагүй ба сая л гар хүрч нүдийг маань хөхрүүлээд байна...Би О-т гомдолтой байгаа...” гэжээ. /хх 11-12/

Дорнод аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2018 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн 414 тоот дүгнэлтэд: “1.*******ийн биед баруун нүд, нүүр, зүүн шилбэнд зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. 2.Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн шинэ гэмтлүүд байна. 3.Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар тогтоогдсон гэмтлүүд нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 4.Цаашид эрүүл мэнд энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй” гэжээ. /хх 21/

Хэрэгт цугларсан нотлох баримтанд: Дээрх болон Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч ******* /хх 13-14/, шүүгдэгч ******* /хх 15-16/ нарын гэрчээр өгсөн мэдүүлгүүд, Гэмт хэргийн талаархи гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх 5/, Аюулын зэргийн үнэлгээ /хх 7-9/, Яаралтай тусламжийн хуудас /хх 20/, Урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх 29/, Шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн хуулбар /хх 33/ зэрэг болон тухайн хэрэгт хамааралтай, хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авсан бусад нотлох баримтуудыг шинжлэн судаллаа.

Шүүгдэгч ******* нь 2018 оны 05 дугаар сарын 31-ний өдөр 22 цагийн орчим Дорнод аймгийн Хэрлэн сумын 6 дугаар баг “МТ” шатахуун түгээх станцын урд талд төв замын хажууд хохирогч *******ийг зодож эрүүл мэндэд нь  “баруун нүд, нүүр, зүүн шилбэнд зөөлөн эдийн няцрал” бүхий хөнгөн хохирол /гэмтэл/ учруулсан гэмт хэрэгт гэм буруутай болох нь, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан, шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа өөрөө хүлээн зөвшөөрч мэдүүлсэн мэдүүлгийг давхар нотолсон дараах:

Гэмт хэргийн эх сурвалжаа зааж, тодорхой мэдүүлсэн хохирогч *******ийн “...2018 оны 05 сарын 31-ний өдөр манай салсан нөхөр *******...намайг харанхуй орчин руу чирээд миний хөл рүү өшиглөөд, гарыг маань базаад байсан. Би өөдөөс нь мөчөөгөө өгөхгүй барьцалдаад байсан чинь зангилаатай гараараа миний баруун талын нүдийг цохичихсон...Салснаасаа хойш надад гар хүрч байгаагүй ба сая л гар хүрч нүдийг маань хөхрүүлээд байна...Би О-т гомдолтой байгаа...” /хх 11-12/ гэх мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг, Гэмт хэргийн талаархи гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх 5/, Аюулын зэргийн үнэлгээ /хх 7-9/, Яаралтай тусламжийн хуудас /хх 20/, Дорнод аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2018 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн 414 тоот дүгнэлт /хх 21/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна гэж шүүх дүгнэлээ.

Шүүгдэгч *******-ын үйлдсэн гэмт хэрэгт Дорнод аймгийн Прокурорын газраас зүйлчлэн ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон, хэргийг шийдвэрлэхэд шаардлагатай нотлох баримт цугларч бүрдэл хангагдсан, мөрдөн шалгах ажиллагаа бүрэн хийгдсэн, тогтоол гаргахад ач холбогдолтой байж болох бүхий л байдлыг шалгаж тогтоожээ.

Шүүгдэгч ******* нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулснаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байна гэж үзнэ.

Хохирогч *******ийн эрүүл мэндэд учирсан “баруун нүд, нүүр, зүүн шилбэнд зөөлөн эдийн няцрал” бүхий хөнгөн хохирол /гэмтэл/ нь түүний нүд рүү гараар цохисон шүүгдэгч *******-ын үйлдэлтэй шууд шалтгаант холбоотой байна.

Энэ талаар дүгнэсэн шинжээчийн дүгнэлт нь хэргийн бодит байдалтай тохирсон, хэрэг явдлын гол үйл баримтыг тогтооход ач холбогдолтой, эргэлзээгүй байна. Мөн хэрэгт цугларсан бусад нотлох баримтуудыг хуулийн  дагуу  цуглуулж,  бэхжүүлж  авсан, тухайн хэрэгт харилцан хамааралтай байна гэж үнэлэв.

Иймд шүүгдэгч *******-ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт гэм буруутайд тооцож, хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ.

Хэрэгт шүүгдэгчид оногдуулах эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

Эрүүгийн 1821000000204 дугаартай хэрэгт шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, эд мөрийн баримт хураагдаагүй, эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, хохирогч нь гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хор уршигт “нэхэмжлэх зүйлгүй” гэсэн болохыг тус тус дурдаж, баримт бичгээр хураагдаж ирсэн шүүгдэгчийн ...................... регистрийн дугаартай иргэний үнэмлэхийг тогтоол хүчин төгөлдөр болмогц Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлбэл зохино.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлийн 4, 37.1 дүгээр зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт гэм буруутайд тооцсугай.

2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******-г 450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 450000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчийн орлого олох боломжийг харгалзан торгох ялыг 6 /зургаа/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож, торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч *******-т анхааруулсугай.

4. Эрүүгийн 1821000000204 дугаартай хэрэгт шүүгдэгч нь цагдан хоригдоогүй ба шүүхийн шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл шүүгдэгчид хэрэглэсэн хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

5. Энэ хэрэгт эд мөрийн баримт хураагдаагүй, эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, шүүгдэгч нь хохирогчид төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

6. Баримт бичгээр ирсэн шүүгдэгчийн .................. регистрийн дугаартай иргэний үнэмлэхийг тогтоол хүчин төгөлдөр болмогц Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлсүгэй.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, түүний өмгөөлөгч, хохирогч нар тогтоолыг гардан авсан буюу энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

ДАРГАЛАГЧ                         Ү.ОДГЭРЭЛ