| Шүүх | Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Мөнхбаярын Алдар |
| Хэргийн индекс | 2308000001322 |
| Дугаар | 2025/ДШМ/325 |
| Огноо | 2025-03-13 |
| Зүйл хэсэг | 11.1.2.5., |
| Улсын яллагч | Ж.Бат-Эрдэнэ |
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 03 сарын 13 өдөр
Дугаар 2025/ДШМ/325
2025 03 13 2025/ДШМ/325
Н.А холбогдох
эрүүгийн хэргийн тухай
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Л.Дарьсүрэн даргалж, шүүгч Ц.Мөнхтулга, шүүгч М.Алдар нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
прокурор Ж.Бат-Эрдэнэ,
яллагдагч Н.А өмгөөлөгч П.У, И.Х,
нарийн бичгийн дарга Б.Эрхэс нарыг оролцуулан,
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүх хуралдааны 2025 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 2025/ШЗ/1193 дугаар шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч прокурор Ж.Бат-Эрдэнийн бичсэн 2025 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн 00 дугаартай прокурорын эсэргүүцлээр Н.А холбогдох 2308 00000 1322 дугаартай эрүүгийн хэргийг 2025 оны 02 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч, шүүгч М.Алдарын илтгэснээр хянан хэлэлцэв.
Н.А
Өвөрхангай аймаг дахь Сум дундын 2 дугаар шүүхийн 2010 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн 00 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 211 дүгээр зүйлийн 211.2 дахь хэсэгт зааснаар 4 сарын хугацаагаар баривчлах ялаар шийтгүүлсэн;
Яллагдагч Н.А нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2023 оны 07 дугаар сарын 19-нөөс 20-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 00 дугаар хороо, 00 дугаар гудамжны 00 тоотод хувийн таарамжгүй харилцааны улмаас А.А толгойн тус газар цохиж, тархины битүү гэмтэл бүхий хүнд гэмтэл учруулж, уг гэмтлийн улмаас А.А амь насаа алдсан гэмт хэрэгт холбогджээ.
Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас: Н.А үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дахь заалтад зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх: Яллагдагч Н.А холбогдох эрүүгийн хэргийн мөрдөн байцаалтын ажиллагааг бүрэн биш хийсэн бөгөөд түүнийг шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй гэж үзжээ. Үүнд: Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг бүрэн тогтоож чадаагүй, гэмт хэрэг гарсан байдал /гэмт хэргийг хэзээ, хаана, яаж үйлдсэн.../ гэмт хэрэг үйлдэхэд нөлөөлсөн шалтгаан нөхцөлийг тогтоож чадаагүй. Яллагдагч Н.А, түүний өмгөөлөгчийн шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэгт гаргасан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухайн хуулийн 33.1 дүгээр зүйлийн 6.15-д заасан мөрдөн шалгах ажиллагааг нэмж явуулах хүсэлтийн зарим хэсгийг хүлээн авах нь зүйтэй. Тухайлбал, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлд заасны дагуу хэргийн бодит байдлыг тогтооход нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шалгаж, хавтаст хэргийн хүрээнд гэмт хэргийн үйл явдлыг сэргээн тогтоох учиртай. Прокурорын “Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай” 0000 дугаар тогтоолд “...яллагдагч Н.А нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2023 оны 07 дугаар сарын 21-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 00 дугаар хороо, 00 дугаар гудамжны 00 тоотод А.А нүүр, толгойн тус газар цохиж амь насыг нь хохироосон...” гэж, прокурорын 2024 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 993 дугаартай яллах дүгнэлтэд “...Яллагдагч Н.А нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2023 оны 07 дугаар сарын 19-нээс, 20-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 00 дугаар хороо 00 дугаар гудамжны 00 тоотод хувийн таарамжгүй харилцааны улмаас А.А толгойн тус газар цохиж, тархины битүү гэмтэл бүхий хүнд гэмтэл учруулж, уг гэмтлийн улмаас А.А амь насаа алдсан гэмт хэрэгт...” гэж, шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэгт прокурор “...өмгөөлөгчийн гаргасан хүсэлт үндэслэлгүй ... шинжээч 5-7 хоногийн өмнө амь насаа алдсан гэж мэдүүлсэн ... тухайн гэмт хэрэг 2023 оны 07 дугаар сарын 23-нд гарсан...” гэж тайлбарлах бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокуророос шилжүүлсэн хэргийн хүрээнд эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдахаар хуульчилсан. Тодруулбал, Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээчийн 2070 дугаартай “...2023 оны 07 дугаар сарын 31-ний өдөр А.А нь нас барсан... талийгаач А.А.. дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр тархины битүү гэмтэл нь нэг удаагийн, бусад гэмтэл нь олон удаагийн үйлдлээр, 5-7 хоногийн өмнө үүссэн байх боломжтой...” гэсэн дүгнэлт, шинжээч эмч Ч.Э мөрдөн шалгах ажиллагаанд дахин өгсөн “...олон төрлийн үрэвслийн эс гарсан учраас уг хугацааг баримжаагаар гаргасан манай байгууллагын хэмжээнд тархины гэмтлийн хугацааг тогтоодог тусгай будаг нь байхгүй учраас хугацааг нь нарийвчлан тогтоох боломжгүй байна...” мэдүүлэг авагдсан ба шинжээчийн дүгнэлт нь эргэлзээгүй, бүрэн хийгдсэн байхыг шаардана. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллагдагч нь ямар хэрэгт шалгагдаж байгааг мэдэх эрхтэй ба хаана, хэзээ үйлдэгдсэн гэмт хэрэгт буруутгагдаж байгаа, өөрийгөө гэм буруугүй талаар нотлох зэрэг онцгой ач холбогдолтой бөгөөд гэмт хэрэг гарсан цаг хугацааг нарийвчлан тогтооход шинжээчийн дүгнэлт бүрэн бус тул цогцост нэмэлт шинжилгээ хийлгэх нь зүйтэй. Энэхүү захирамж яллагдагч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгчийн эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хүсэлт, гомдлыг дахин гаргахад саад болохгүйг дурдав. Иймд дээр дурдсан нөхцөл байдлыг нэг мөр шалгах нь хэргийн бодит байдлыг тогтооход ач холбогдолтой, хамааралтай бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд нийцүүлэн явуулах, хэрэгжүүлэх шаардлагад нийцүүлэн шүүх хуралдааны явцад нөхөн гүйцэтгэх боломжгүй мөрдөн шалгах нэмэлт ажиллагааг хийлгэхээр яллагдагч Н.А холбогдох эрүүгийн хэргийг Сонгинохайрхан дүүргийн прокурорын газарт буцааж, яллагдагчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэжээ.
Прокурор Ж.Бат-Эрдэнэ бичсэн эсэргүүцэл болон тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “... Шүүх хуулийн зүйл, хэсэг, заалтыг буруу тайлбарлаж хэрэглэсэн нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж үзэж дараах үндэслэлээр прокурорын эсэргүүцэл бичиж байна. Дээрх үндэслэлд дараах байдлаар няцаагдаж байна. Үүнд: Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэст 2023 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн 14 цаг 15 минутад “А нас барсан” гэх гэмт хэргийн талаарх мэдээллийг ирүүлсэн. Үүний дагуу мөрдөн шалгах ажиллагаа явуулж, хэрэгт авагдсан хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, цогцост үзлэг хийсэн тэмдэглэл, гэрч нарын мэдүүлгүүд, хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл зэргийн үндэслэн хүнийг алах гэмт хэрэг гарсан байж болзошгүй гэж үзэж, 2023 оны 08 дугаар сарын 03-ны өдөр Н.Аг сэжигтнээр баривчилж, улмаар Эрүүгийн хуулийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллагдагчаар татахдаа, гэмт хэрэг 2023 оны 07 дугаар сарын 21-ний өдөр ...” гэж татсан. Гэвч мөрдөн шалгах ажиллагааны явцад цугларсан гэрч Б.С “.... 2023 оны 07 дугаар сарын 19-ний өглөө бид нар шараа тайлж дахин архи ууцгаасан. ... Шөнийн цагийн үед Отгонбат их согтоод тасарсан байх үед А “чи намайг ойлгохгүй байна” гэж хэрэлдээд О толгой хэсэг рүү А гараараа олон удаа цохиж байх үед нь баруун талын орон дээр миний хамтран амьдрагч А “чи миний найзыг зодчихлоо” гээд Аг А нүүр толгой хэсэг рүү нь хэд хэдэн цохиж авсан. Гэтэл А зөрүүлээд А баруун нүд рүү гараараа цохиж, бөөр, гарын бугалга руу гараараа орон дээр энэ хоёр зодолдож дээр доороо орон зодолдсон хэсэг хугацааны дараа тайвшраад хэрүүл, зодооноо больсон, энэ үед найз О нь зугтаад гэрээс гарч явсан. ...” гэх мэдүүлэг, гэрч Д.О “...2023 оны 07 дугаар сарын 19-ний өглөө нь бид дөрөв шараа тайлж дахин архи ууцгаасан орой харанхуй болсон хойно 22 цагийн үед найз А бид хоёр маргалдсан А намайг толгой хэсэг рүү цохиж зодсон бид хоёр зууралдаж байтал найз А босож ирээд А цохисон, эргүүлээд А найз А толгой руу нь гараараа олон удаа цохиж зодоон болсон. ...” гэх мэдүүлэг, Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2070 дугаартай дүгнэлт “... Талийгаач А.А цогцост зүүн чамархайн хуйх, булчингийн цус хуралт, тархины зүүн зулай, чамархай хэсгийн хатуу хальсан доорх цусан хураа, дух, зулай, чамархайн дэлбэнгийн аалзан хальсан доорх цус харвалт, чамархайн дэлбэнгийн эдийн няцрал, баруун дээд, доод зовхи, зүүн дээд зовхи, ... зүүн тохойд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр, тархины битүү гэмтэл нь нэг удаагийн, бусад гэмтэл нь олон удаагийн үйлдлээр, 5-7 хоногийн өмнө үүссэн байх боломжтой. ...Талийгаач нь тархины битүү гэмтлийн улмаас нас баржээ. ...” гэх шинжээч эмч Ч.Э дүгнэлт, Шүүх шинжилгээний ерөнхий газрын 9825 дугаартай “...Н.Ан биед зүүн чамархай, баруун мөр, хүзүү, 2 өвдөг, 2 шилбэнд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо, зүйлийн цохих, цохигдох, нидрэгдэх, унах үйлчлэлээр 2023 оны 07 дугаар сарын 19-ний өдөр үүсэх боломжтой хуучин гэмтэл байна. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэг тогтоогдохгүй. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг алдагдуулахгүй. ...” гэх шинжээч эмч С.Ч дүгнэлт, сэжигтэн Н.А “...2023 оны 07 дугаар сарын дундуур 19 билүү 20-ны хавьцаа санагдаж байна. ... А гэрт А болон түүний хамтран амьдрагч С, О бид 4 архи уусан. Бид нар сүүлийн хэд хоног байнга архи ууж байсан. ... Тэгээд А, О бид гурав юм ярьж сууж байгаад О бид хоёр ажлаасаа болоод хоорондоо маргалдсан ба бид хоёр хоорондоо барьцалдаж аваад орон дээр ноцолдож байхад А архины шилээр миний толгой руу цохиход цус гарсан. ... А газар унаад босоод ирэхэд намайг нийлж зодох гэж байна гэж хардаад А толгой нүүр лүү нь гараараа хэд хэдэн удаа цохиод өшиглөөд унагаад. Тэгээд би гараад явсан...” гэх мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар гэмт хэрэг 2023 оны 07 дугаар сарын 19-нөөс 20-нд шилжих шөнө гарсан болох нь тогтоогдсон тул прокуророос 2024 оны 10 дугаар сарын 14-ний өдөр эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсан тогтоолд гэмт хэрэг гарсан цаг хугацааг яллагдагчаар татсан тогтоолоос өөрчилсөн. Шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэгт, прокуророос хэрэгт авагдсан хяналтын камерын бичлэгт “... 2023 оны 07 дугаар сарын 23-ны өдрийн 10 цагийн үед яллагдагч Н.А нүүр нь цус мэт зүйлээр бохирлогдсон орж ирдэг”, эндээс үзэхэд өмнөх өдөр гэмт хэрэг гарсан байгааг илтгэдэг гэж тайлбарласан. Харин гэмт хэрэг гарах цаг хугацаанд яллагдагч болон амь хохирогч нартай хамт байсан гэрч Б.С, Б.О нарын мэдүүлгээр 2023 оны 07 дугаар сарын 19-нөөс 20-нд шилжих шөнө гэмт хэрэг гарсан болох нь тогтоогдсон. Мөн хэрэгт талийгаач А.А 2023 оны 07 дугаар сарын 20-ны өдрөөс хойшхи маршрутыг шалган тогтооход, түүний биед Н.А өөр хэн нэгэн этгээд халдсан болох нь тогтоогдоогүй.
Шүүх шинжилгээний 0000 дугаартай дүгнэлтээр “... амь хохирогч тархины битүү гэмтлийн улмаас нас барсан... тархины битүү гэмтэл нь нэг удаагийн, бусад гэмтэл нь олон удаагийн үйлдлээр, 5-7 хоногийн өмнө үүссэн байх боломжтой. ...” гэх шинжээч эмч Ч.Э дүгнэлт гаргасан. Дүгнэлттэй холбоотойгоор, шинжээч эмч Ч.Э мэдүүлэг авахад “...Талийгаачид учирсан биеийн гадна хэсгүүдийн өнгө өнгийн хувирал тархины гэмтлийн эд эсийн шинжилгээний өөрчлөлтүүдээс үзэхэд хамгийн багадаа 5-7 хоног түүнээс дээш хоногт үүссэн байх боломжтой гэмтэл юм. Цаг хугацааг нарийн тогтоох боломжгүй....” гэсэн. Мөн шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэгт яригдсан “... тусгай будагч бодис...” байдаг эсэхийг Нийслэлийн шүүх шинжилгээний газраас тодруулахад, 2025 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн 14/70 дугаартай албан бичгээр “... Шүүх анагаах ухааны шинжилгээний хэлтсийн Шүүх эд эсийн шинжилгээний лабораторид хийгддэг тархины цусан хурааны хугацаа тогтоох тусгай будаг буюу фибрин илрүүлэх будаг /МSВ/ төмөр илрүүлэх будгууд одоогоор байхгүй байгаа бөгөөд уг будгаар тухайн тохиолдолд шинжилгээ хийгдсэн ч дүгнэлтэд тусгагдсан хугацаанаас илүү нарийвчлалтайгаар тогтоох боломжгүй” гэсэн албан бичгийг ирүүлээд байна. Иймээс шүүгчийн захирамжид заасан ажиллагааг хүлээн авах боломжгүй, харин шүүх хуралдаанд шинжээч эмч болон шаардлагатай гэрчүүдийг оролцуулаад хийх бүрэн боломжтой гэж үзэж байх тул анхан шатны тойргийн шүүхийн 1193 дугаартай шүүгчийн захирамжийг хүчингүй болгуулахаар прокурорын эсэргүүцэл бичсэн. ...” гэв.
Шүүгдэгч Н.А өмгөөлөгч П.У тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Шүүгчийн захирамж хууль ёсны, үндэслэлтэй гарсан гэж үзэж байна. 2023 оны 7 дугаар сарын 21-ний өдөр гэмт хэрэг үйлдэгдсэн гэж үзэн яллагдагчаар татсан. Яллах дүгнэлтдээ 2023 оны 7 дугаар сарын 19-нөөс 20-нд шилжих шөнө гарсан гэж дурдсан. ... 2023 оны 7 дугаар сарын 19-нөөс 20-нд шилжих шөнө гэмт хэрэг гарсан гэж үзвэл 12 хоногийн дараа талийгаач нас барсан. Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2070 дугаартай дүгнэлтэд “5-7 хоногийн өмнө үүссэн байх боломжтой” гэж дурдагдсан. Мөн шинжээч “будагч бодис байхгүй учраас дүгнэлт гаргах боломжгүй” гэж мэдүүлсэн. Урьдчилсан хэлэлцүүлэгт “шинжээчийн дүгнэлт гаргахад будагч бодис байгаагүй байж болно. Хугацааг нарийвчлан тогтоох нь гэм буруугийн асуудлыг хэлэлцэхэд зайлшгүй шаардлагатай. Будагч бодис байвал нэмэлт шинжилгээ хийх боломжтой” гэж хүсэлт гаргасныг шүүх хүлээн авсан. ...” гэв.
Шүүгдэгч Н.А өмгөөлөгч И.Х тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Шүүгчийн захирамжийг дэмжиж байна. Гэрч н.Б “2023 оны 7 дугаар сарын 24-ний өдөр талийгаачийн гэрт очиход 3 эрэгтэй, 1 эмэгтэй байсан” гэж мэдүүлсэн. Энэ талаар тодруулж мэдүүлэг аваагүй, “энэ хүмүүс намайг зодоод байна” гэж утсаар ярьсныг н.Б мөн гэрчилдэг. Тодруулж, мэдүүлэг авсан гээд байгаа н.А, н.Б нар ах, дүү хоёр бөгөөд эдгээр хүмүүс “2023 оны 7 дугаар сарын 31-ний өдөр Сэлэнгээс Улаанбаатар хотод ирсэн” гэж мэдүүлсэн. 2023 оны 7 дугаар сарын 23-наас 24-нд шилжих шөнө хэн байсныг тогтоогоогүй, 2023 оны 7 дугаар сарын 24-ний өдөр хохирогчийг зодсон бичлэгүүд байдаг. Цаг хугацааны хувьд нотолбол зохих байдлуудыг бүрэн тогтоож чадаагүй. Иймд шүүгчийн захирамжийг дэмжиж байна. ...” гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан хэлэлцэхдээ хэргийн бүх ажиллагаа шийдвэрийг хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэж прокурорын эсэргүүцэлд дурдсан асуудлаар хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянаж үзэв.
Анхан шатны шүүхээс Н.А холбогдох хэргийн гэмт хэрэг гарсан цаг хугацааг нарийвчлан тогтооход шинжээчийн дүгнэлт бүрэн бус тул цогцост нэмэлт шинжилгээ хийлгэх шаардлагатай гэсэн үндэслэлээр хэргийг прокурорт буцааж шийдвэрлэжээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “... Шүүх, прокурор, мөрдөгч эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулахдаа Монгол Улсын Үндсэн хууль, энэ хууль, бусад хуулийн заалтыг чанд сахина...”, мөн хуулийн 1.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “... Мөрдөгч, прокурор нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шалгаж хянасны үндсэн дээр хэргийн бодит байдлыг тогтоох үүрэгтэй...” гэж хууль ёсны болон хэргийн бодит байдлыг тогтоох зарчмыг тодорхойлсон.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2023 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн 2070 дугаартай шинжээчийн дүгнэлтээр А.А цогцост нас барсан шалтгаан ба бусад асуудлыг тогтоох зорилгоор задлан шинжилгээ хийж, уг дүгнэлтээр талийгаач А.А нь тархины битүү гэмтлийн улмаас нас барсныг тогтоосон ба дээрх гэмтлийг 5-7 хоногийн өмнө үүссэн байх боломжтой талаар дүгнэсэн байна.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад шинжээч Ч.Э “...эд эсийн шинжилгээн дээр тархины гэмтэл буюу цусан хураа нь үрэвсэл ихтэй, олон төрлийн үрэвслийн эс гарсан учраас уг хугацааг баримжаагаар гаргасан. Манай байгууллагын хэмжээнд тархины гэмтлийн хугацааг тогтоодог тусгай будаг нь байхгүй учраас хугацааг нь нарийвчлан тогтоох боломжгүй …” гэсэн /2 хх 69/ мэдүүлгээс үзэхэд амь хохирогчийн нас барсан хугацааг нарийвчлан тогтоогоогүй гэж үзэх үндэстэй.
Уг гэмт хэрэг нь хэдийд үйлдэгдсэнийг тогтоосны дараа амь хохирогчийн үхэлд хүргэсэн гэмтэл буюу тархины битүү гэмтлийг хэдийд үүссэн болохыг тогтоож, цаашлаад хэний үйлдлийн улмаас талийгаачид гэмтэл учирсныг хөдөлбөргүй тогтоосны эцэст хэргийг шийдвэрлэх зайлшгүй шаардлагатай гэж давж заалдах шатны шүүх үзэн, анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж, прокурор Ж.Б бичсэн 2025 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн 11 дугаартай прокурорын эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 2025/ШЗ/0000 дугаар шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж, прокурор Ж.Б бичсэн 2025 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн 11 дугаартай прокурорын эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгосугай.
3. Шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ,
ШҮҮГЧ Л.ДАРЬСҮРЭН
ШҮҮГЧ Ц.МӨНХТУЛГА
ШҮҮГЧ М.АЛДАР