Шүүх | Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Александрын Сарангэрэл |
Хэргийн индекс | 128/2016/0659/З |
Дугаар | 930 |
Огноо | 2016-11-16 |
Маргааны төрөл | Татвар, |
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2016 оны 11 сарын 16 өдөр
Дугаар 930
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Сарангэрэл даргалж, 2016 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр тус шүүхийн шүүх хуралдааны 5 дугаар танхимд хийсэн шүүх хуралдаанаар “А*******” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Татварын ерөнхий газрын Улсын төсвийн орлого, хяналтын газрын татварын улсын байцаагч нарт холбогдох захиргааны хэргийг хянан хэлэлцэж энэхүү шүүхийн шийдвэрийг гаргав.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Д*******, хариуцагч Т.Б*******, Б.Б*******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.То*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Орхонтамир нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэлийн шаардлагын агуулга: “Татварын ерөнхий газрын улсын байцаагчийн 2015 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 210020529 тоот актыг хүчингүй болгуулах” гэжээ.
Нэхэмжлэгч Татварын ерөнхий газрын Улсын төсвийн орлого, хяналтын газрын татварын улсын байцаагч нарт холбогдуулан гаргасан нэхэмжлэлдээ: ““Алтайн Хүдэр” ХХК нь Татварын ерөнхий газрын Улсын төсвийн орлого, хяналтын газрын татварын улсын байцаагчийн 2015 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 210020529 дугаартай актаар тус компанид 53,105,202,989.7 төгрөгийн нөхөн татвар, 15,931,560,897 төгрөгийн торгууль, 17,999,414,625.4 төгрөгийн алданги, нийт 87,036,178,512.1 төгрөгийн төлбөр ногдуулсныг эс зөвшөөрч, хүчингүй болгуулахаар нэхэмжлэл гаргаж байна.
Татварын улсын байцаагчийн актад “2010-2014 онд ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр ногдуулахдаа Засгийн газраас тогтоосон олон улсын худалдаанд хүлээн зөвшөөрөгдсөн жишиг үнийг хэрэглэлгүйгээр өөрийн гэрээний үнээр тооцож ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр ногдуулах орлогыг 2010 онд 18,493,219,569.32 төгрөгөөр, 2011 онд 38,694,148,202.18 төгрөгөөр, 2012 онд 51,095,461,677.47 төгрөгөөр, 2013 онд 75,971,049,344.27 төгрөгөөр, 2014 онд 98,679,713,419.7 төгрөгөөр, нийт 282,933,592,212.94 төгрөгөөр бууруулсан нь Ашигт малтмалын тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 47.2.1, 47.3.2, 47.4, 47.5, 47.8, 47.12 дахь заалтыг тус тус зөрчсөн байна” гэж тодорхойлж, дараах нөхөн татвар, алданги, торгууль ногдуулсан байна. Үүнд: 2010 онд 6,403,848,484.2 төгрөг, 2011 онд 9,003,262,489.6 төгрөг, 2012 онд 13,811,708,508.1 төгрөг, 2013 онд 41,108,354,288.2 төгрөг, 2014 онд 16,709,004,742 төгрөг.
Маргааны зүйл: Энэхүү акттай холбоотой маргааны зүйл нь ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийн тооцооллыг хийхдээ эрх зүй, хууль, шүүхийн шийдвэрийг даган биелүүлээгүйтэй холбоотой маргаан байгааг шүүх анхаарч үзэх нь зүйтэй. Учир нь энэхүү маргаан бүхий актад дурдагсан “Засгийн газрын тогтоосон жишиг үнэ” гэгч зүйлийг Улсын Дээд шүүхийн эцсийн шийдвэр 2014 онд гарч, дээрхи Засгийн газрын холбогдох тогтоолуудыг Монгол Улсын хууль зөрчсөн, “А*******” ХХК-ийн эрх ашгийг хохироосон болохыг тогтоогоод хүчингүй болгон шийдвэрлэчихсэн. Гэтэл шүүхийн шийдвэрийг үл биелүүлэн хууль бус Засгийн газрын тогтоолуудыг дахин барьж, Сангийн яамнаас чиглэл өгсөн хэмээн эрх мэдлээ хэтрүүлж захиргааны акт гаргасан нь Монгол Улсын холбогдох хуулиудыг ноцтой зөрчлөө.
Засгийн газрын тогтоолуудын талаар тайлбарлавал: Уул уурхайн экспортын бүтээгдэхүүнээс ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг авахаар Засгийн газар 2007 оноос холбогдох тогтоол гарган, энэхүү төлбөрийг тооцох жишиг үнийг тогтоосоор ирсэн. Гэвч “Засгийн газрын тогтоосон жишиг үнэ” гэгч зүйлийг Улсын Дээд шүүхийн эцсийн шийдвэр 2014 онд гарч, эцэслэн шийдвэрлэж, Засгийн газрын 2007 оны 88, 2010 оны 193, 2013 оны 131 дүгээр тогтоолууд дахь жишиг үнэ болон төмрийн хүдэр, баяжмалын ангилал тогтоосон шийдвэрүүд нь Ашигт малтмалын тухай хуулийг зөрчиж, компанийг хохироосоор ирсэн болохыг тогтоосон юм. Гэтэл Татварын ерөнхий газар шүүхийн шийдвэрийг үл биелүүлэн хууль бус Засгийн газрын тогтоолуудыг дахин барьж, Сангийн яамнаас чиглэл өгсөн хэмээн 2010-2014 оны Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг тогтоон, түүнд үндэслэн алданги, торгууль тооцож, 2015 оны 12 сарын 16-нд ашигт малтмалын нөөц ашигласны төлбөртийг хууль бусаар тооцоолон татварын 87,036,178,512.1 төгрөгийн акт тавьж, компанийн данснуудыг битүүмжилсэн.
Татварын актаар ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг ямар жишиг үнээр тооцсон нь тодорхойгүй байгаа юм. Учир нь шүүх тухайн онууд дахь Засгийн газрын жишиг үнэ тогтоосон, төмрийн хүдэр, баяжмалын ангилал гаргасан бүх тогтоолыг хүчингүй болгосон бөгөөд хуулийн дагуу гэрээний үнээр тооцох заалт байхад татварын улсын байцаагчид “гэрээний үнээр бус дахин шинэ жишиг үнэ тогтоож, Сангийн яамнаас чиглэл авсан” гэж татварын улсын байцаагч Т.Б******* тайлбарлаж байгаа нь эдгээр газар, албан тушаалтнууд хууль зөрчиж, эрх мэдлээ илтэд хэтрүүлэн ашигласан үйлдэл боллоо. Мөн бид татварын тайлангаа жил бүр баталгаажуулаад явсан байтал доорх тооцоолол нь гэнэт шинээр гарч ирсэн, өмнөх хүлээн авч байсан дүнгүүдээ ч өөрсдөө өөрчилчхөж байгаа илт үндэслэлгүй, хууль бус байгааг нотолж байна.
Татварын ерөнхий газрын дарга Б.А*******ы 2015 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн 1/550 тоот албан бичигт дурдахдаа, Татварын ерөнхий газар шүүхийн шийдвэрүүдийг хүндэтгэн үзнэ, гэвч хүчингүй болгосны дараа жишиг үнийг хэрхэн тооцох талаар Сангийн яам чиглэл өгөхгүй байна гэжээ. Шүүхийн 2569/с тоот шийдвэрийн 8 дугаар хуудас 9 дэх доголд хариуцагч Засгийн газар жишиг үнэ тогтоох боломжгүй гэсэн мэдэгдлээ шүүхэд нотлох баримтаар гаргаж өгснийг тодорхой дурдсан юм. Өөрөөр хэлбэл, Засгийн газар жишиг үнэ зарлах боломжгүй гэдгийг тодорхой хэлсэн байхад Сангийн яам, Татварын ерөнхий газар үгүйсгэж байгаа нь өөрт байхгүй эрхээ эдлэн, эрх мэдлээ илт хэтрүүлэхэд хүргэж байна. Ашигт малтмалын тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.2.3-т дотоод, гадаадын зах зээлд борлуулсан бүтээгдэхүүний зах зээлийн жишиг үнийг тодорхойлох боломжгүй тохиолдолд тусгай зөвшөөрөл эзэмшигчийн мэдүүлсэн борлуулалтын орлогыг үндэслэн ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг тооцох хуулийн заалт хүчин төгөлдөр байна.
Хууль бус захиргааны актыг хүчингүй болгуулахаар Татварын ерөнхий хуулийн дагуу Гааль, татварын маргаан таслах зөвлөлд 2016 оны 01 сарын 12-ны өдөр бид гомдол гаргасан боловч зөвлөлөөс 2016 оны 05 сарын 27-ны өдөр тогтоол гаргаж, татварын байцаагчийн актыг хэвээр үлдээн шийдвэрлэсэн. Уг тогтоолыг Гааль, татварын ерөнхий газрын дарга 2016 оны 06 сарын 14-ний өдөр баталгаажуулж, 2016 оны 06 сарын 24-нд бид тогтоолыг гардан авсан болно.
Иймд хууль бус захиргааны акт болох татварын байцаагчийн актын улмаас компани 3 жил гаран шүүхээр шийдвэрлүүлсэн асуудлаа дахин шүүхээр явахад хүрч, их хэмжээний өр торгууль компанийн нэр хүнд ноцтой хохирч байх тул татварын улсын байцаагчийн актыг хүчингүй өгнө үү” гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Захиргааны хууль бус актыг хариуцагч нараас санаатайгаар гаргасан гэж үзэж байгаа. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 52 дугаар зүйлийн 52.5.1-т заасны дагуу нэхэмжлэгч талын эрх ашиг сонирхлыг ноцтой зөрчсөн шийдвэр гарсан. “А*******” ХХК нь Засгийн газрын эсрэг 3 жил гаруй шүүхээр явж байгаад зөрчигдсөн эрхээ сэргээлгээд тогтоосон байхад уг шүүхийн шийдвэрийг хэрэгжүүлэхгүй, шүүхийн шийдвэрлэсэн асуудлыг үл харгалзаад захиргааны акт тавьсан ба уг актыг үндэслээд данснуудын битүүмжилсэн. Данс битүүмжилснээс болж “А*******” ХХК нь их хэмжээний торгуультай харагдаж гадаадын хөрөнгө оруулагчтай болон банктай харилцаж чадахгүй байгаас болж нэхэмжлэгч компанид асах их хэмжээний хохирол учирсан. Дээрх хохирол нь зөвхөн уг татварын акттай холбоотой биш, 2007 оноос шүүхийн тогтоосон асуудлаас болж ийм нөхцөл байдалд хүрсэн. Маргаан бүхий захиргааны акт нь нэхэмжлэгчийн эрх ашиг сонирхлыг дордуулсан, сөрөг нөлөөлөл бүхий хууль бус захиргааны акт гэж үзэж байна. Үүнээс үүдэж “А*******” ХХК-д 87 тэрбум гаруй төгрөгийн акт тавьсан. Уг актаар 2010-2014 оны асуудал яригдаж байгаа. Мөн зөвхөн ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийн асуудал яригдаж байгаа. Өөр ямар нэгэн татвартай холбоотой асуудал байхгүй. Захиргааны акт нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.3-т зааснаар өөрт олгогдсон ямар эрх хэмжээний хүрээнд гаргасан талаар заах ёстой. Энэ нь илт хууль бус байна гэж нэхэмжлэгч тал үзэж байгаа. Акт тавихдаа үндэслэл болгосон заалт нь Засгийн газраас тогтоосон олон улсын худалдаанд хүлээн зөвшөөрөгдсөн жишиг үнийг хэрэглэсэнгүй. Өөрсдөө гэрээний үнээр тооцсон учраас Ашигт малтмалын тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 47.2, 47.3, 47.4, 47.5. 47.12 хуулийн заалтыг тус тус зөрчсөн гэж 87 тэрбум төгрөгийн актыг гаргасан. Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр гэдэг зүйлийг товчхон тайлбарлахад Ашигт малтмалын тухай хуульд дээр АМНАТ-ийг яаж тогтоох бэ гэдэг эрхийг Засгийн газарт өгсөн. Мөн хуулийн 47 дугаар зүйлийн 47.5-т зааснаар ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг тооцох хүснэгт байгаа. Уг хүснэгтээс үнийг татварын байцаагч олох ёстой ба үнийг олохгүйгээр захиргааны акт тавина гэсэн асуудал байхгүй. “А*******” ХХК-ийн экспортолж байгаа зүйл нь баяжмал юм уу? Хүдэр юм уу? Бүтээгдэхүүн юм уу гэдгийг тогтоосны дараа АМНАТ-ийн хувь нь тодорхой болно.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн сөрөг нөлөөлөл бүхий захиргааны акт гарсан бол энэ бүх задаргааг өгөх ёстой байсан боловч хариуцагчийн зүгээс энэ талаар юу ч өгөөгүй. Өгөөгүй учраас бид нар шүүхийн шийдвэр дээр үндэслээд уг асуудлыг ярина. Дээрх үнийг хариуцагч буюу татварын улсын байцаагчид тогтоодог зүйл биш. Олон улсын хүлээн зөвшөөрөгдсөн жишиг үнийг тогтоодог биржийн үнийг Засгийн газраас тогтоолоор зарладаг. Мөн ямар зүйлийг баяжмал, ямар зүйлийг хүдэр, ямар зүйлийг бүтээгдэхүүн гэж үзэх талаар Засгийн газраас тогтоодог. Үүнийг тогтоосны дараа Сангийн яамнаас ажлын хэсэг байгуулагддаг. Уг ажлын хэсэг үнийг гаргах ба уг үнийг үндэслэж татвар гардаг.
Хариуцагч талаас Засгийн газраас тогтоосон үнийг нэхэмжлэгч нар баримталсангүй гэж байна. Засгийн газар ямар үнэ тогтоосон бэ гэдэг талаар ярья гэхлээр Засгийн газрын 2010-2014 онуудад хүчин төгөлдөр байсан тогтоолуудыг ярина. Хамгийн анхны тогтоол буюу 2007 оны Биржийн үнээр зарлах тухай тогтоол, 2011 оны Уул уурхайн ангилал тогтоох тухай тогтоол, 2013 оны 2 тогтоол ба нэмэлт өөрчлөлт оруулсан нийт 4 тогтоолын талаар яригдана. Гэтэл дээрх 4 тогтоол нь шүүхийн шийдвэрээр хүчингүй болсон. Энэ талаар татварын байцаагч нь бүгд мэдэж байгаа бөгөөд хариуцагч талын гаргасан нотлох баримтаар мэдэж байсан гэдэг нь тогтоогдож байгаа.
2014 оны 10 дугаар сард шүүхийн шийдвэр гарсан. Засгийн газрын гаргасан тогтоолууд нь “А*******” ХХК-ийн эрх ашиг сонирхлыг зөрчсөн гээд уг тогтоолуудыг хүчингүй болгосон. Тиймээс хариуцагч талын Засгийн газрын тогтоолыг баримтална гэдэг тайлбар нь үндэслэлгүй байна.
Тогтоол хүчин төгөлдөр бус болсон учраас тухайн харилцааг Ашигт малтмалын тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.12-т зааснаар зохицуулах ёстой байсан. Хариуцагчаас Ашигт малтмалын тухай хуулийн зүйл заалтуудыг нэхэмжлэгч тал зөрчсөн гээд акт нь дээр дурдсан байсан. Хууль зөрчсөн талаар яаж татварын улсын байцаагч тогтоосон гэдэг нь ойлгомжгүй байна. Хариуцагч нараас нэхэмжлэгч компанийг Ашигт малтмалын тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.2, 47.2.1, 47.3, 47.4, 47.6, 47.12 з******* хуулийн заалтыг зөрчсөн гэх боловч тийм зүйл байхгүй.
Хариуцагч талын хариу тайлбар дээр уг тогтоолуудыг хүчингүй болсон талаар мэдэж байсан эсхүл мэдээгүй гэдэг үндэслэлээр маргахгүй байдаг. Энэ талаар мэдээд Сангийн яам, Уул уурхайн яам, Татварын ерөнхий газрын Хуулийн хэлтэс рүү чиглэл авахаар хандсан гэдэг. Ямар үндэслэлээр чиглэл авч байгаа нь ойлгомжгүй байна. Чиглэлээ авахдаа 2015 онд шалгалт хийсэн гэдэг нэрийн доор чиглэл авсан байдаг. 2015 оны 03 дугаар сард “А*******” ХХК нь дээр татварын иж бүрэн шалгалт хийнэ гээд удирдамж томилолт нь гарсан байдаг.
Хариуцагч талаас өгсөн нотлох баримтыг харахад дараах бүрэлдэхүүнтэй хийнэ гэсэн хэрнээ Т.Б*******гаас бусад татварын байцаагчдын нэр байхгүй, бүрэлдэхүүн өөрчилсөн хүний нэр байдаггүй. Мөн татварын шалгалтын бүрэн хэмжээнд хийнэ гэсэн. Тэгвэл зөвхөн ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр дээр шалгалт хийнэ гэсэн удирдамж нь хаана байгаа юм. Хариуцагч талаас процессын алдаа гаргасан. Татварын акт гаргахийн тулд яагаад Уул уурхайн яам, Сангийн яамнаас чиглэл авч байгаа нь ойлгомжгүй, үндэслэлгүй байна. Өнөөдрийн шүүх хуралдаан дээр гаргасан нотлох баримтыг тайлбарлахад 2015 оны 10 дугаар сард Сангийн яамнаас “А*******” ХХК нь тооцоо нийлэх боломжтой болсон учраас тооцоо нийл гэсэн бичгийг явуулсан. Нэхэмжлэгч компаниас 2015 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр Сангийн яам руу Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу урьдчилан шийдвэрлэх ажиллагааны журмаар гаргасан гомдол явуулсан. “Татварын ерөнхий газар шүүхийн шийдвэрийг биелүүлэхгүй, манай эрх ашиг сонирхлыг зөрчиж, эс үйлдэхүй гаргаж байгаа учраас Татварын ерөнхий газарт тооцоо нийлж АМНАТ-ийн бүх өрийг дуусгавар болгох даалгаврыг даалгаж өгнө үү” гэдэг гомдол гаргасан.
Хэрвээ уг гомдлыг хариуд татгалзсан хариу өгсөн бол энэ талаар шүүхэд хандах байсан. Гэтэл Сангийн яамнаас тооцоо нийлэх боломжтой боолчлоо гэдэг хариуг өгсөн нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу манайхаас гаргасан гомдлыг зөвшөөрсөн, хариуцагч байгууллагад даалгасан гэж нэхэмжлэгч тал ойлгосон. Гэтэл 2 сарын дараа акт тавьсан. Нэхэмжлэгч талаас энэ талаар татварын маргаан таслах зөвлөлд хандсан ба маргаан таслах зөвлөлийн шийдвэр нь татварын улсын байцаагч нарын акт нь үндэслэлтэй байна гэсэн хариу гарсан. Маргаан таслах зөвлөлийн шийдвэрийг 30 хоногийн дотор аваад шүүхэд нэхэмжлэлээ гаргасан.
2007, 2013 оны тогтоолуудыг хүчингүй болгуулахаар нэхэмжлэлийн шаардлагыг 2010 онд шүүхэд гаргасан. Засгийн газраас 2015 онд шинэ тогтоол гаргасан ба шинэ тогтоол дээр маргаагүй. Шүүхийн шийдвэр байхгүй бол шинэ тогтоолыг мөрдөж явна. Нэхэмжлэгч талаас 2007 оноос хойшхи актыг хүчингүй болгуулах гэж гомдол гаргаж байгаа. Шүүхийн шийдвэр 3 жил гаран болж байж эцсийн шийдвэр гардаг. 2014 онд шүүхийн шийдвэр гарсан.
2014 оноос өмнө нь гарсан Засгийн газрын тогтоолууд нь танай эрх ашгийг зөрчсөн, хууль бус гэдгийг шүүх тогтоосон. Энэ шүүхийн шийдвэр нь цаг хугацааны хувьд хойшоо биш, урагшаагаа үйлчилнэ. Хариуцагч талаас татварыг 2010-2014 онуудад хийсэн болохоор тухайн үед гарсан хууль дүрэм, журмыг л харна гэдэг нь үндэслэлгүй тайлбар байна. Уг татварын акт нь 2015 оны 12 сард гарсан. Харин Улсын Дээд шүүхийн тогтоол нь 2014 оны 10 дугаар сард гарсан. Уг тогтоолыг хариуцагч талд гардуулж, өмнөх тогтоолууд нь компаниудын эрх ашиг сонирхлыг хөндөж байгаа тул хууль бус. Тиймээс тогтоолыг хүчингүй болгосон гээд байхад хүчинтэй гээд татварын акт тавьсан нь ямар ч хууль зүйн үндэслэлгүй. Шүүхийн шийдвэр хойшоо биш, урагшаа үйлчилдэг. Хариуцагч талаас бид нарт нөлөөлөөгүй, чиглэл өгөөгүй гэж тайлбарладаг хэдий ч хариуцагчийн хариу тайлбарт нь холбогдох газруудаас чиглэл авсан талаар тодорхой бичсэн байдаг. Мөн Сангийн сайдын бичиг бид нарт хамаагүй гэдэг тайлбарыг хэлж байна. Хариуцагч талын байгууллагын дээд эрх бүхий байгууллага нь Сангийн яам мөн. Шүүхийн шийдвэр гарсан байхад Сангийн яамнаас ирсэн бичгээр уг асуудлыг унагаж байгаа нь үндэслэлгүй. Тиймээс нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү” гэжээ.
Хариуцагч татварын улсын байцаагч Т.Б******* шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “Тус компанийн 2010-2014 оны татварын ногдуулалт төлөлтийн байдалд иж бүрэн хяналт шалгалтыг Татварын ерөнхий газрын Улсын төсөв, орлого хяналтын газрын Хяналт шалгалтын хэлтсийн даргын 2015 оны 03 дугаар сарын 04-ны 21150300015 тоот томилолтын дагуу татварын улсын байцаагч Т.Б*******, Б.Б*******, Х.Батхишиг, Х.Наранчимэг нар хийж гүйцэтгэхээр томилогдсон. Хяналт шалгалтын явцад Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хууль батлагдан гарсан тул тус компанийн иж бүрэн шалгалтыг зогсоож, ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийн ногдуулалт төлөлтийн байдалд хэсэгчилсэн хяналт шалгалт хийж гүйцэтгэсэн.
2015 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн Татварын улсын байцаагчийн 210020529 тоот актаар ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийн 282,933,592,2 мянган төгрөгийн зөрчилд 3,105,202,9 мянган төгрөгийн нөхөн төлбөр, 15,931,560,8 мянган төгрөгийн торгууль, 17,999,414,6 мянган төгрөгийн алданги, нийт 87,036,178,5 мянган төгрөгийн төлбөр ногдуулсан болно. "А*******" ХХК-иас 2016 оны 07 дугаар сарын 19-ний өдөр Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхэд гаргасан нэхэмжлэлтэй танилцаад дараах тайлбарыг гаргаж байна.
Төмрийн хүдэр, баяжмалын ашиг малтмалын нөөц ашигласны төлбөрийн хэсэгчилсэн хяналт шалгалтыг хийхдээ Татварын ерөнхий газраас ирүүлсэн гаалийн мэдээ болон “А*******” ХХК-иас ирүүлсэн ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийн тайлан, гаргасан экспортын мэдээг хооронд нь тулгах байдлаар хийсэн бөгөөд экспортод гаргасан төмрийн хүдэр, баяжмалын хэмжээнд зөрүү гараагүй. Харин АМНАТ ногдуулах үнийн хувьд “А*******” ХХК гэрээний үнэ хэрэглэж тайлагнасан байсныг татварын байцаагч нар хүлээн зөвшөөрөөгүй. 2014 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 546 тоот Улсын Дээд шүүхийн хяналтын шатны тогтоол гарахдаа Иргэний хэргийн давж заалдах шатны 10 дугаар шүүхийн 2014 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн 517 дугаар магадлалыг бүхэлд нь хүчингүй болгож, Дүүргийн иргэний хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн 2014 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн 2569/с дугаар шийдвэрийг хэвээр үлдээсэн. Хяналт шалгалтад ашигласан үнийн хувьд Сангийн яам болон Уул уурхайн яам, Татварын ерөнхий газрын хууль эрх зүйн хэлтэст Ашигт малтмалын хууль болон Засгийн газрын тогтоолуудыг хууль эрх зүйн хүрээнд хэрэглэх талаар тодорхой асуулгуудыг албан бичгээр хандаж шийдвэрлэлтийн талаар тодорхой чиг үүргийг хариу албан тоотоор авч ажилласан.
Сангийн яам 2015 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн 4-2/5633 тоот бичгээр төмрийн хүдрийн олон улсын худалдаанд хүлээн зөвшөөрөгдсөн үнийн судалгааг, 2015 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 4-2/6797 тоот бичгээр Ашигт малтмалын тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.2.1-д з******* заалтыг үндэслэн олон улсын худалдаанд хүлээн зөвшөөрөгдсөн үнийг хэрэглэх нь зүйтэй гэсэн зөвлөмжийг ирүүлсэн. Мөн 2015 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 6/5995 албан тоотоор Монгол Улсын Сангийн яам “Алтай хүдэр” ХХК-д олон улсын худалдаанд хүлээн зөвшөөрсөн үнийг ашиглах нь зүйтэй гэсэн хариу мэдэгдсэн.
Татварын ерөнхий газрын Хууль эрх зүйн хэлтэс 2014 оны 10 дугаар сарын 03-ны 546 тоот Улсын Дээд шүүхийн хяналтын шатны тогтоол гарахаас өмнөх хугацаанд ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг тооцохдоо Монгол Улсын Засгийн газрын 2007 оны 88 дугаар тогтоол, 2011 оны 193 дугаар тогтоол, 2013 оны 131 дугаар тогтоолуудын дагуу Улсын Дээд шүүхийн тогтоол гарснаас хойших хугацаанд буюу 2014 оны 10 дугаар сараас тусгай зөвшөөрөл эзэмшигчийн борлуулалтын үнээр тооцох зүйтэй гэж Татварын ерөнхий газрын Хууль эрх зүйн хэлтсийн 2015 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 8/2927 тоот бичгээр чиглэл ирүүлсэн юм. Чиглэлийг Татварын ерөнхий газрын Хууль эрх зүйн хэлтэс нь холбогдох газар, хэлтсийн дарга нартай хамтарсан хэлэлцүүлэг зохион байгуулж шийдвэрлэснийг манайд албажуулсан ирүүлсэн юм.
Дээрх эрх бүхий байгуулгуудаас ирүүлсэн чиглэлийн дагуу 2010 оны 01 дүгээр сараас 2012 оны 05 дугаар сар хүртэл Уул уурхайн яамны ажлын хэсгээс гаргасан жишиг үнээр тооцсон. 2012 оны 06 дугаар сараас 2013 оны 4 дүгээр сар хүртэл Ашигт малтмалын тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.2.1-д з******* заалтыг үндэслэн олон улсын худалдаанд хүлээн зөвшөөрөгдсөн үнэ буюу Сангийн яамны 2015 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн 4-2/5633 тоот бичгээр ирүүлсэн олон улсын худалдаанд хүлээн зөвшөөрөгдсөн үнийн жагсаалтыг ирүүлсний үндсэн дээр тооцооллыг хийсэн. Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2013 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн 392 тоот шийдвэрээр 2012 оны 6-12 сар, 2013 оны 1, 2, 4 саруудын төмрийн хүдэр, баяжмалд холбогдох хэсгийг хүчингүй болгосон. 2013 оны 05 сараас 2014 оны 10 сар хүртэл Уул уурхайн яамны ажлын хэсгээс гаргасан жишиг үнээр тооцсон. 2014 оны 10 дугаар сараас 12 сар дуустал Ашигт малтмалын тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.2.1-д з******* заалтыг үндэслэн олон улсын худалдаанд хүлээн зөвшөөрөгдсөн үнэ буюу Сангийн яамны 2015 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн 4-2/5633 тоот бичгээр ирүүлсэн олон улсын худалдаанд хүлээн зөвшөөрөгдсөн үнийн жагсаалтыг ирүүлсний үндсэн дээр тооцооллыг хийсэн” гэжээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.То******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Татварын ерөнхий газрын дэргэдэх Улсын төсөв орлого хяналтын газрын татварын улсын байцаагчид нь “А*******” ХХК-ийн 2010-2014 оны ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийн ногдуулалт, төлөлтийн байдалд шалгалт хийсэн. Иж бүрэн шалгалт байхад зөвхөн АМНАТ яагаад шалгасан бэ гэж хэлж байна. АМНАТ-ийн шалгалт хийх томилолт өгөгдөөгүй байхад Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг шалгасан гэсэн байна. Яагаад иж бүрэн шалгалтыг зогсоосон бэ гэхлээр Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хууль хэрэгжиж байсан ба уг хуулийг хэрэгжих хугацаанд “А*******” ХХК-ийн татвар ногдуулалт, төлөлтийн байдалд шалгалт орсон. Татвар төлөгчид хуулиар нэг удаагийн боломж олгосон байхад татварын алба яг тэр хугацаанд тухайн хуульд хамрагдах татварууд дээр хариуцлага хүлээлгэх нь татвар төлөгчийн эрх ашгийг хөндөж байна гэж үзээд бусад шалгалтуудаас зөвхөн ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг хэсэгчилсэн шалгасан. Хамгийн гол асуудал нь Засгийн газрын тогтоолуудыг хүчингүй болсон байхад захиргааны акт тавьсан нь хууль бус гэж маргаж байна. Уг актыг хууль бус биш гэдэг талаар тайлбар өгөхөд 2010-2014 онуудад татвар төлөгч нь өөрөө тогтоосон хугацаанд тайлангаа өгөөд татвараа төлөөд явж байх хуулийн зохицуулалт байдаг.
Өөрөөр хэлбэл Татварын ерөнхий хуулийн 18 дугаар зүйлд зааж өгсөн. Энэ хуулийн дагуу татвар төлөгч нь тайлангаа гаргаад татвараа төлөөд явж байсан. Татварт тайлагнаад төлж байгаа нь хууль тогтоомжид нийцэж байгаа эсэх дээр татварын албан хяналт шалгалтаар тогтоогддог. 2010-2014 оны хооронд нэхэмжлэгч компанийн гаргасан тайлан, төлсөн татвар дээр нь шалгалт хийсэн. 2014 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн Улсын Дээд шүүхээр Засгийн газрын тогтоолууд нь хууль тогтоомжуудыг зөрчсөн, компаниудыг эрх ашгийг хөндсөн байна гэдэг шийдвэр гарахаас өмнө тайлагнаад явж байсан татвар дээр нь шалгалт хийсэн. Татварын улсын байцаагчид бол 2010-2014 оны татвар ногдуулалт, төлөлтийн байдалд шалгалт хийсэн. Тиймээс нэхэмжлэгч компани 2010 онд хүчингүй болсон талаар мэдэх боломжгүй байсан. 2010 онд бол Засгийн газрын тогтоолууд нь хүчин төгөлдөр үйлчилж байсан. Тиймээс хүчин төгөлдөр үйлчилж байсан хуулийн хүрээнд тогтоосон тогтоолын дагуу байцаагчид акт тавьсан. Харин 2014 оны 10 дугаар сарын 03-ны өдрөөс хойш нэгэнт Улсын Дээд шүүхийн шийдвэр гарсан учраас Засгийн газрын тогтоолыг үндэслэж татвар ногдуулах нь холбогдох байгууллагуудаар үндэслэлгүй болсон талаар яригдаж ирсэн. Өөрөөр хэлбэл 2011, 2013, 2014 онуудад шалгалт хийж байх явцад нэхэмжлэгч компаниас хэлж байгаачлан хүчингүй болсон Засгийн газрын тогтоолыг үндэслээд акт тавьсан байна гэдэг зүйл яригдах ёсгүй. Татварын алба бол жил жилд нь шалгалт хийдэггүй, хойноос нь хөөж хийдэг. Гэтэл 2015 оны НӨАТ-ийг шалгахад 2016 оны 01 дүгээр сараас хойш шинэ хууль хэрэгжиж ирсэн. Тэгэхлээр 2015 оныг 2016 онд шалгахад хуучин хуулийг л барьж шалгалт хийнэ. Тиймээс хууль бус актыг үндэслээд татварын акт тавьсан зүйл байхгүй.
Сангийн яаманд гаргаж өгсөн урьдчилсан шийдвэрлэх ажиллагааны журмаар актыг хүчингүй болгуулах гэж гомдол гаргасан бөгөөд гэтэл хоорондоо тооцоо нийл гэсэн хариуг өгсөн гэж байна. Бид нарт ямар хариу өгсөн нь татварын улсын байцаагчийн актад нөлөө үзүүлэхгүй. Урьдчилсан шийдвэрлэх ажиллагааны журмыг яаж хэрэгжүүлэх талаар хуульд тодорхой зааж өгсөн. Татварын шалгалт хийж байгаа тохиолдолд татварын албаны дээд байгууллага буюу Татварын ерөнхий газрын дарга, Маргаан таслах зөвлөл урьдчилсан шийдвэрлэх ажиллагааны журам хэрэглэх эрх зүйн зохицуулалттай. Уг журмыг зөрчөөд Сангийн яам өөр хариу өгсөн нь үндэслэлгүй байна. Бид тийм тайлбарыг хүлээж авах боломжгүй бас ойлгомжгүй байна. Нэхэмжлэгч талаас бас тооцооллын асуудлыг ярьж байна. Нэгэнт тухайн онуудад хүчин төгөлдөр үйлчилж байсан тогтоолуудыг үндэслээд жишиг үнээр тооцсон гэдэг талаар байцаагчид хариу тайлбартаа болон акт нь дээр тодорхой бичсэн.
Манай байгууллага Татварын ерөнхий газар болон Санийн яамнаас чиглэл авч ажилдаг. Уг чиглэлүүд нь Татварын ерөнхий хууль, Ашигт малтмалын тухай хууль, Засгийн газрын тогтоолуудад нийцсэн чиглэл учраас ямар нэгэн байдлаар холбогдох хэлтсээс хууль тогтоомжоос зөрүүтэйгээр өгсөн чиглэл биш. Татварын улсын байцаагч нар бол чиглэлийн дагуу акт тогтоосон зүйл байхгүй. Энэ талаар татварын улсын байцаагчийн актын тогтоох хэсэг дээрээс Ашигт малтмалын тухай хуулийг зөрчсөн байна гэж дурдагдсан. Чиглэлийн дагуу, холбогдох хууль дүрэм журмыг зөрчөөд акт тавьсан зүйл байхгүй.
“А*******” ХХК нь Монгол Улсад хүдрийн чиглэлээр монополи үйл ажиллагаа явуулдаг компани байгаа. Монгол улсын баялгийг иргэдэд буюу тодорхой хэмжээний татварыг төлөхгүйгээр их хэмжээний ашиг олчхоод татвараас зайлс хийлж байгаа үйлдэл гаргаж байгаа нь татварын хууль тогтоомж, Монгол улсын эрх ашигт маш их сөргөөр нөлөөлж байна. Татварын алба нь татварын хяналт шалгалтыг хийхдээ шүүхийн шийдвэрийг огноогоор нь ялгаж салгаж хийсэн. Ямар шийдвэрийг үндэслээд акт тогтоосон талаар акт нь дээрээс тодорхой харагдаж байгаа.
Шүүхийн шийдвэрээр нэгэнт хүчингүй болсон тогтоолуудыг үндэслэж акт тавьсан нь илт хууль бус байна гэдэг тайлбарыг нэхэмжлэгч тал хэлж байна. Тэгтэл 2010 онд Засгийн газрын тогтоол нь хэвээр үйлчилж байсан. Засгийн газар, шүүхээс аль алинаас нь тогтоолыг хүчингүй болгоогүй байсан. Тухайн хугацаанд хүчин төгөлдөр үйлчилж байсан тогтоол учраас бид нар 2014 оны 10 дугаар сарын 03-ны өдрийг хүртэл Засгийн газрын тогтоолыг баримтлах нь эрх зүйн үндэслэлтэй. Хэрэв 10 дугаар сарын 03-ны өдрөөс хойш Засгийн газрын тогтоолыг баримтлаад татварын акт гаргасан бол энэ талаар хариуцлага хүлээх ёстой. Гэтэл ийм асуудал гаргаагүй энэ талаар тайлбартаа тодорхой бичсэн байгаа. Тиймээс маргаан бүхий акт нь эрх зүйн үндэслэлтэй, хууль тогтоомжийн хүрээнд гарсан, шүүхийн шийдвэрийг биелүүлээд, шүүхийн шийдвэр гарсан өдрөөс хойш уг тогтоолыг үндэслэлгүйгээр тооцоолол хийж акт тогтоосон нь нэхэмжлэгчийн эрх ашиг сонирхлыг хөндөөгүй. Иймд Татварын улсын байцаагчийн актын биелэлтийг хангуулах шийдвэр гаргаж өгнө үү” гэжээ.
ҮНДЭСЛЭХ НЬ:
Нэхэмжлэгч “А*******” ХХК-иас “Татварын ерөнхий газрын улсын байцаагчийн 2015 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 210020529 тоот актыг хүчингүй болгуулах” нэхэмжлэл гаргажээ.
Татварын ерөнхий газрын Улсын төсвийн орлого, хяналтын газрын Хяналт шалгалтын хэлтсийн улсын байцаагч нараас хяналт шалгалт хийх 2015 оны 03 дугаар сарын 04-ны томилолт /хх 1-р хавтас 78/, хяналт шалгалт хийх ажлын 2015 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн 02 дугаар удирдамж /хх 1-р хавтас 79/-ын дагуу төлөвлөгөөт хяналт шалгалтыг “А*******” ХХК-ийн 2010 оны 01 дүгээр 01-нээс 2014 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацааны албан татвар ногдуулалт, төлөлтийн байдалд 2015 оны 03 дугаар 04-ний өдрөөс 2015 оны 12 дугаар сарын 16-ны өдрийг хүртэлх хугацаанд хийж маргаан бүхий акт /хх 1-р хавтас 10-13/-ыг гаргажээ.
Маргаан бүхий татварын улсын байцаагчийн 2015 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 210020529 актаар 282,933,592,212.9 төгрөгийн зөрчил илрүүлж “А*******” ХХК-д Монгол Улсын Татварын ерөнхий хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.3 дахь хэсгийг үндэслэн 53,105,202,989.7 төгрөгийн нөхөн татвар, 15,931,560,897 төгрөгийн торгууль, 17,999,414,625.4 төгрөгийн алданги, нийт 87,036,178,512.1 төгрөгийн төлбөр тогтоожээ.
Татварын улсын байцаагч гаргасан актаа үндэслэхдээ “2010-2014 онд Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр ногдуулахдаа Засгийн газраас тогтоосон олон улсын харилцаанд хүлээн зөвшөөрөгдсөн жишиг үнийг хэрэглэлгүйгээр өөрийн гэрээний үнээр тооцож Ашигт малтмалын төлбөр ногдуулах орлогыг... 282,933,592,212.9 төгрөгөөр бууруулсан нь Ашигт малтмалын тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 47.2.1, 47.3.2, 47.4, 47.5, 47.8, 47.12-т заасныг тус тус зөрчсөн...” гэж тэмдэглэжээ /хх 1-р хавтас 11/.
Нэхэмжлэгчээс “Засгийн газрын тогтоосон жишиг үнийг Улсын Дээд шүүхийн эцсийн шийдвэр 2014 онд гарч, дээрхи Засгийн газрын холбогдох тогтоолуудыг хууль зөрчсөн... болохыг тогтоогоод хүчингүй болгон шийдвэрлэсэн байтал улсын байцаагч нар хүчингүй болсон тогтоолын заалтыг баримтлан акт тогтоосон нь үндэслэлгүй.” гэж маргажээ.
“А*******” ХХК-ын нэхэмжлэлтэй, Засгийн газарт холбогдох иргэний хэргийг Дүүргийн иргэний хэргийн анхан шатны 1 дүгээр шүүх шийдвэрлэж 2014 оны 03 дугаар 04-ний өдрийн 2569/с шийдвэрээр Засгийн газрын 2011 оны 193 дугаар тогтоолын 2.4-ийн 4 дэх заалт, Засгийн газрын 2013 оны 131 дүгээр тогтоолын 3 дах заалтын 2-ийн “төмрийн баяжмал”-д холбогдох хэсэг, Засгийн газрын 2007 оны 88 дугаар тогтоолын 2 дугаар хавсралтаар батлагдсан “Зарим экспортын бүтээгдэхүүний борлуулалтын үнэлгээний үндэслэл болгох Монгол банкны болон зах зээлийн үний эх сурвалжийн нэр”-ийн 3 дахь заалт, Засгийн газрын 2013 оны 131-р тогтоолын 2 дахь заалтын “төмөр”-т холбогдох хэсгийг тус тус хүчингүй болгон шийдвэрлэжээ. Уг шийдвэрийг Иргэний хэргийн давж заалдах шатны 12 дугаар шүүхийн 2014 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн 517 дугаар магадлалаар хүчингүй болгож шийдвэрлэсэн /хх 1-р хавтас 212-226/ боловч Улсын Дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдааны 2014 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 546 дугаар тогтоолоор магадлалыг хүчингүй болгож, шийдвэрийг хэвээр үлдээн шийдвэрлэжээ. /хх 1-р хавтас 23-40/.
Уг маргааны агуулга нь төмрийн баяжмал гэж юуг хэлэх талаар тогтоосон болон экспортын бүтээгдэхүүний борлуулалтын үнэлгээний үндэслэл болгох олон улсын жишиг үнийн эх сурвалжийг тогтоох тухай Засгийн газрын шийдвэр хууль зөрчсөн эсэх асуудлыг шийдвэрлэсэн байна.
Хариуцагчаас “...Хяналт шалгалтад ашигласан үний хувьд Сангийн яам болон Уул уурхайн яам, Татварын ерөнхий газрын Хууль эрх зүйн хэлтэст Ашигт малтмалын хууль болон Засгийн газрын тогтоолуудыг хууль эрх зүйн хүрээнд хэрэглэх талаар тодорхой асуулгуудыг албан бичгээр хандаж шийдвэрлэлтийн талаар тодорхой чиг үүргийг хариу албан тоотоор авч ажилласан. Улсын байцаагч нь шүүхийн шийдвэрийг урагшаа хэрэгжүүлэх боломж байхгүй, татварын алба цаг хугацааны хувьд хойноос нь шалгаж явдаг. Улсын байцаагчийн баримталсан Засгийн газрын тогтоолууд нь нэхэмжлэгч компанийн 2010 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийн 2014 оны 12 дугаар сарын 31-ний хүртэлх ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийн ногдуулалтад төлөлтийн байдалд шалгалт хийхэд үйлчилж байсан” гэж маргажээ /хх 1-р хавтас 75, 76, /
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т “Шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болно.”, 120 дугаар зүйлийн 120.1-д “Анхан шатны шүүхийн шийдвэр дараахь тохиолдолд хуулийн хүчин төгөлдөр болно:...120.1.3.хяналтын шатны шүүх гомдлыг хянаад энэ хуулийн 176.2.1 -176.2.3-т з******* тогтоол гаргасан бол.” гэж заасны дагуу Дүүргийн иргэний хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн 2569/с шийдвэр нь 2014 оны 03 дугаар 04-ний өдөр хүчин төгөлдөр болж, улмаар Улсын Дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдааны 546 дугаар тогтоолоор гарснаар 2014 оны 10 дугаар сарын 03-ны өдөр хуулийн хүчин төгөлдөр болжээ.
Харин маргаан бүхий акт буюу Татварын ерөнхий газрын улсын байцаагчийн 210020529 тоот акт 2015 оны 12 дугаар сарын 16-ны өдөр гарчээ.
Монгол Улсын Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2-т зааснаар хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн гэжээ.
Түүнчлэн Татварын ерөнхий хуулийн 231 дугаар зүйлийн 231.1-д татварын алба, татварын улсын байцаагч нь үйл ажиллагаандаа хууль дээдлэх зарчим баримтлахаар заажээ. Мөн хуулийн 241 дүгээр зүйлийн 241.1-д татварын алба, татварын улсын байцаагч бүрэн эрхээ хэрэгжүүлэхдээ гагцхүү хууль, түүнд нийцүүлэн гаргасан эрх зүйн бусад актыг удирдлага болгон ажиллахаар байна.
Хуульд нийцээгүй гэж үзэн шүүхээс хүчингүй болгосон Засгийн газрын тогтоолын холбогдох заалтыг баримтлан гаргасан маргаан бүхий акт нь улсын байцаагч хууль дээдлэх, улсын байцаагч нь бүрэн эрхээ хэрэгжүүлэхдээ хууль, түүнд нийцүүлэн гаргасан эрх зүйн актыг удирдлага болгон ажиллана гэсэн дээр дурдсан хуулийн заалтуудтай нийцэхгүй байна. Тодруулбал, маргаан бүхий акт гарах үед шүүхээс Засгийн газрын тогтоолын холбогдох заалтуудыг хуульд нийцээгүй гэж хүчингүй болгосон байтал хуульд нийцээгүй Засгийн газрын тогтоолын заалтыг баримтлан улсын байцаагч нэхэмжлэгчид компанид акт тогтоосон нь үндэслэлгүй байна.
Хариуцагчаас “шүүхийн эцсийн шийдвэр гарахаас өмнөх хугацаанд хууль зөрчсөн Засгийн газрын шийдвэр хүчин төгөлдөр байсан, уг хүчин төгөлдөр байсан цаг хугацаанд нь хамааруулж захиргааны акт гаргасан” гэж маргаж байгаа үндэслэлийг хүлээн зөвшөөрөх боломжгүй гэж үзэв. Учир нь энэ нь хууль дээдлэх зарчимд үл нийцэх бөгөөд Засгийн газрын хэм хэмжээ тогтоосон шийдвэрийг эрх бүхий этгээдийн зүгээс “хууль зөрчсөн” үндэслэлээр хэзээ хүчингүй болгосоноос үл хамааран дагаж биелүүлэхгүй байх нь хууль дээдлэх зарчимд нийцнэ.
Иймд нэхэмжлэгч “А*******” ХХК-ийн “Татварын ерөнхий газрын улсын байцаагчийн 2015 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 210020529 тоот актыг хүчингүй болгуулах” гэсэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд ханган шийдвэрлэв.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.1, 106.3.12-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Татварын ерөнхий хуулийн 231 дугаар зүйлийн 231.1, 241 дүгээр зүйлийн 241.1-д заасныг баримтлан “А*******” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь ханган, Татварын ерөнхий газрын Улсын төсвийн орлого, хяналтын газрын Хяналт шалгалтын хэлтсийн улсын байцаагч нарын 2015 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 210020529 тоот актыг хүчингүй болгосугай.
2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасныг баримтлан улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчээс төлсөн 70.200 (далан мянга хоёр зуун) төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид буцаан олгосугай.
3.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.2-т заасны дагуу шүүхийн энэ шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д заасны дагуу хэргийн оролцогчид тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нь энэхүү шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.
ШҮҮГЧ А.САРАНГЭРЭЛ