Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 03 сарын 19 өдөр

Дугаар 2025/ДШМ/347

 

  2025           03            19                                          2025/ДШМ/347

 

Д.Бд холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн ерөнхий шүүгч Б.Зориг даргалж, шүүгч Л.Дарьсүрэн, шүүгч М.Алдар нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Г.Нандин-Эрдэнэ,

хохирогч Д.М өмгөөлөгч Ц.Ц,  

шүүгдэгч Д.Б өмгөөлөгч Ө.Б, Ц.Д,

нарийн бичгийн дарга Э.Бүрэнбэх нарыг оролцуулан,

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааны 2024 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 2024/ШЦТ/0000 шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Д.Б өмгөөлөгч Т.С, Ө.Б нарын гаргасан давж заалдах гомдлуудаар Д.Б холбогдох 2203 00149 0222 дугаартай эрүүгийн хэргийг 2025 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр хүлээн авч, шүүгч М.Алдарын илтгэснээр хянан хэлэлцэв.      

Д.Б,

Шүүгдэгч Д.Б Ынь 2022 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн 17 цагийн орчим согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Баянгол дүүргийн 0 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах удирдах газрын дотоод аудит хяналт шалгалтын албаны даргын 000 тоот өрөөнд тус нийгэмлэгийн хууль зүйн албаны дэд дарга Д.М түлхэн унагаж, түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Тээврийн прокурорын газраас: Д.Б үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Д.Б “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэгт гэм буруутайд тооцож, түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох ял шийтгэж, шүүгдэгч нь хуульд заасан буюу Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоног хорих ялаар тооцож солихыг мэдэгдэж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Б 633.743 төгрөгийг гаргуулж хохирогч Д.М олгож, хэргийн хамт ирүүлсэн компакт диск 4 ширхгийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргаж, хэрэгт Д.Б нь цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, битүүмжлэгдсэн болон хураагдсан эд хөрөнгөгүй, гаргуулбал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэжээ.

Шүүгдэгч Д.Б өмгөөлөгч Т.С тус шүүхэд гаргасан давж заалдах гомдолдоо: “... Шийтгэх тогтоолын тодорхойлох хэсэгт “...Дотоод аудит, хяналт шалгалтын албаны дарга Д.Б тоот албан ажлын өрөөнд тус нийгэмлэгийн хууль зүйн албаны дэд дарга Д.М орж “УБТЗ-ын дотоод дүрэм журмаа зөрчөөд хэвлэл мэдээллийн хэрэгсэл, олон нийтийн сүлжээнд шалгалтын материалыг байршуулж үүнтэй холбоотойгоор өөрөө хэвлэл мэдээллийн хэрэгслээр ярилцлага өгсөн чинь буруу” гэж хэлснээс маргалдаж, улмаар Д.Б албан өрөөнөөсөө гарах гэхэд Д.М нь “та согтуу байна, цагдаад шалгуулна” гэх зэргээр өрөөнөөс нь гаргахгүй саад хийснээс шалтгаалан Д.Б нь Д.М түлхэж, биеийн баруун хэсгээр нь газарт унагааж, зүүн гуя орчимд нь өшиглөж баруун, зүүн гуянд цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан нөхцөл байдал шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэн судлагдсан дараах бичгийн нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдсон байна.” гэжээ.

Гэтэл хохирогч Д.М шүүхийн хэлэлцүүлэгт анх Д.Б маргасан талаараа өөрөөр мэдүүлдэг. Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн шүүх хуралдааны тэмдэглэлд улсын яллагч “Та ямар ажил хэргийн уулзалтаар ороод яагаад хэрүүл маргаан болсон бэ” гэхэд хохирогч “Би албаны орлогч дарга, албаны даргынхаа өрөөнд орсон. Та яагаад удаа дараа миний нэр хүндэд халдаад үндэслэлгүй шалгуулаад байна вэ, сүүлдээ байцаагч нартаа энэ хүнээс ноо олж ир гэсэн даалгавар өгсөн. Ажлаас халагдсан Б, А нарт үүрэг даалгавар өгөөд эд нар нь ямар ч ноо алга, түрээсийн гэрээ, сургалтын төлбөрийн гэрээ хийсэн гэснээс өөр юм алга, та яагаад хууль бус үйл ажиллагаа явуулаад байгаа юм гэсний төлөө “Х дарга ажлаас хал гэдэг үүрэг өгсөн, Хэрлэнтэй очиж учраа ол, эндээс гар, зайл” гэж хэлсэн. Энэ хүн дайрч давшлаад ажлаа хийж чадахгүй бол зайлаач гэдэг асуудал ярьсан” гэж мэдүүлдэг. /3 хх 54/

УБ ТЗ-н  дотоод аудит, хяналт шалгалтын албаны аудиторын 2022 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн Т-63/03/00 дугаартай "Үндэслэлгүй олгосон шагнал төлүүлэх тухай” акт /1 хх 175-17/ хавсралтын 7-р мөрөнд хохирогч Д.М 50.000.000 төгрөгийн шагнал авсан баримт байна.

Дээрх нотлох баримтуудаас харахад Д.М, Д.Б нарын хооронд үүссэн үл ойлголцол нь хууль бусаар шагнал авснаас үүдэлтэй. Маргаан хэнд ашигтай байв, актыг хүчингүй болгуулах, Д.Б хууль бус үйлдэл хийхийг шаардсан талаар Д.Б тогтвортой мэдүүлдэг. Шүүгдэгч Д.Б өрөөнөөсөө гарах гэхэд хохирогч Д.М саад учруулан хаалгыг нь хааж зогссон талаар хэн аль нь мэдүүлдэг.

Хохирогч Д.М түлхэж унагасан гэж үзвэл шүүгдэгч Д.Б хохирогчийг унагааж, гэмтэл учруулах санаа зорилго байсан эсэхийг тогтоох хэрэгтэй. Д.Б хохирогчтой маргаан үүсгэхийг хүсээгүй, харин ч эсрэгээрээ маргаанаас зайлсхийж, өрөөнөөсөө гарах оролдлого хийж байгаа нь түүний гадуур хувцсаа өмссөн байдал, хохирогч Д.М, гэрч Ч.Э нарын мэдүүлэг, “Мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл” зэрэг баримтаар нотлогдоно.

Хохирогч Д.М шүүх хуралдаанд оролцуулах талаар шүүгдэгчийн өмгөөлөгч нарын гаргасан хүсэлтийг хангаж, шүүгч захирамж гаргасан боловч захирамжийн биелэлтийг хангаж хохирогчийг шүүх хуралдаанд оролцуулаагүй. Хохирогчоос гэмт хэрэг гарах болсон шалтгаан, нөхцөлийг тогтооход шаардлагатай мэдүүлгийг авах нь чухал байлаа. Хохирогчийн буруутай үйлдлийн улмаас түүний биед гэмтэл учирсан эсэх, Д.Б хохирогч Д.М гэмтэл учруулах шууд санаа зорилго байсан эсэх, шүүгдэгч Д.Бн мэдүүлснээр хохирогч Д.М өөрөө шалан дээр унасан байхыг үгүйсгэхгүй зэрэг эргэлзээтэй нөхцөл байдлууд байгаа тул анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, мөн хуулийн 1.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар шүүгдэгч Д.Б холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. ...” гэжээ.

Шүүгдэгч Д.Б өмгөөлөгч Ө.Б  давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Шүүх мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүх хуралдааны хэлэлцүүлэгт Д.Б нь “би гэмт хэрэг үйлдээгүй, Д. нар намайг зохион байгуулалттай гэмт хэрэгт гүтгэж байна.” гэж удаа дараа тогтвортой мэдүүлсэн боловч түүний мэдүүлэг нь бусад баримтуудаар давхар тогтоогдоогүй учир шүүх нотлох баримтаар үнэлээгүй гэж дүгнэсэн нь үндэслэлгүй бөгөөд шийдвэрийн үндэслэл болгож олон нотлох баримтуудын нэр дурдсан байх боловч тэдгээр нотлох баримтуудын аль нь ч болсон үйл явдлыг хөдөлбөргүй нотолсон баримтууд биш юм. Хэрэг болсон гэх газарт шүүгдэгч, хохирогч хоёроос өөр хүн байгаагүй бөгөөд зөвхөн Д.Ми орилсон, хазганасан, эвхэрч хэвтсэн үйлдлүүдийг харсан үзсэн хүмүүсийн мэдүүлгийг үндэслэн ялласан. Тэдгээр нотлох баримтуудад Д.Б, Д.Мг цохиж унагаагаад өшиглөсөн болохыг нотолсон нэг ч баримт байхгүй байхад түүнийг гэмт хэрэг үйлдсэн байна гэж дүгнэсэн нь хэргийн бодит байдалд нийцээгүй хэтэрхий нэг талыг барьж шийдвэр гаргасан үндэслэлээр хүлээн зөвшөөрөхгүй байна.

Харин дээрх шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон нотлох баримтууд нь Д.М, Д.Б  зодуулсан мэтээр худал дүр эсгэж бусдыг хууран мэхэлж, гэмт хэрэг үйлдсэн гэж гүтгэсэн болохыг илүүтэй нотолсон баримтууд юм. Учир нь, 2022 оны 3 дугаар сарын 22-ны өдрийн 16 цаг 35 минутын орчимд миний үйлчлүүлэгч Д.Б албан өрөөнд УБТЗ-ын Хуулийн албаны орлогч дарга Д.М нь мэдээлэл хийж, нэр төрд халдлаа гэж хэрүүл маргаан үүсгэх зорилгоор орж ирсэн. Д.Б нь хэвлэл мэдээллийн хэрэгслээр мэдээлэл хийхдээ ямар нэгэн хүний нэр дурдаагүй байдаг.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүгдэгч талын зүгээс хохирогч Д.М, гэрч Ч.Э, О.Б нар нь ашиг сонирхлоороо нэгдэж Д.Б гэмт хэрэг үйлдсэн гэж гүтгэж байна. Тэдгээр хүмүүс нь Д.Б гүтгэх шалтгаан байгаа талаар удаа дараа илэрхийлж холбогдох баримт материалыг гаргуулан авахаар олон хүсэлтүүд өгч байсан хэдий ч нэгийг нь ч хангаж өгөөгүй бөгөөд зөвхөн яллах талын нотлох баримтуудыг цуглуулсан. Өөрөөр хэлбэл, Д.М нар нь зохион байгуулалттай гүтгэсэн болохыг нотлох зорилгоор баримт гаргуулан авах хүсэлтүүдийг хангаж шийдээгүй учраас Д.Б мэдүүлэг бусад баримтаар нотлогдоогүй гэж дүгнэсэн. Шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон нотлох баримтууд хоорондоо логик уялдаа холбоогүй, нэг нь нөгөөгөө үгүйсгэсэн үнэмшил төрүүлэхээргүй байгаа бөгөөд гэрч, хохирогч нар нэгдмэл ашиг сонирхлоор нэгдэж, гүтгэсэн болохыг дараах баримтуудаас харж болно. Үүнд:

1. Хохирогч, гэрч нар нэгдмэл ашиг сонирхолтой болох тухайд.

Тухайн үед Д.Б нь УБТЗ-ын Дотоод аудит Хяналт, Шалгалтын албаны даргаар ажиллаж байсан бөгөөд 2022 оны төлөвлөгөөт шалгалтыг Т-63/01/00 дугаартай удирдамжаар гүйцэтгэсэн. Шалгалтын явцад “Төслийн нэгж” дээр УБТЗ-ын хөдөлмөрийн дотоод журам, шагнал урамшуулал олгох журмыг зөрчин 2021 оны 11 дүгээр сарын 23-ны Б-Н-159 тушаалаар нэр бүхий 15 хүн 35-65 сая төгрөгөөр хууль бус тушаал гарган шагнуулсан зөрчил илрүүлсэн. Зөрчил гаргасан 15 хүний дотор Д.М нэр багтсан бөгөөд Д.М 50 сая төгрөгийн эргэн төлөх акт тавьсан. Энэхүү шалгалтын үр дүнд Д.М ихээхэн хорсож, шалгалтын тайлан хэлэлцэх хурал дээр Д.Б руу дайрч актын үндэслэл хууль журам зөрчсөн тухай үндэслэлгүй зүйл ярьж маргасан. Өөрөөр хэлбэл Д.М хууль бусаар авсан 50,000,000 /бодитоор 45,000,000/ төгрөгийг Д.Б шалгалтаар илрүүлж буцаан өгүүлэх болсон нь Д.М Д.Б гүтгэх шалтгаан болсон. Гэрчээр мэдүүлэг өгсөн Ч.Э хувьд тэтгэврийн насанд хүрсэн, мөн өмнөх орлогч дарга Ж.П хамтран ажиллаж байсан гэсэн үндэслэлээр ажлаас чөлөөлөх тухай чиглэл Замын даргаас ирснийг чиг үүргийн дагуу Д.Б дамжуулж хэлсэн нь энэ хүний дургүйцлийг ихэд хүргэсэн байдаг. Мөн 2022 оны 3 дугаар сарын 22-ны өдөр 16 цагийн үед Д.М орж ирэхээс 5 минут орчмын өмнө Ч.Эр нь Д.Б өрөөнд орж хэл ам хийж, хэрүүл өдөж, маргаан үүсгэх гэж оролдсон. Хяналтын бичлэгт Ч.Э Д.Б “согтуу байна, цагдаад өг, шалгуул” гэх зэргээр орилж хашгирч байгаа нь үлдсэн байна. Энэхүү байдлаас дүгнэж үзвэл Ч.Э Д.Бг буруутгахын тулд юу ч хийхээс буцахааргүй байгаа нь харагдана. Мөн гэрч О.Б хяналт шалгалт хийхдээ алдаа гаргасан, тайлантай дутуу танилцаж шалгалт хийсний улмаас буруу дүгнэлт гаргасан үндэслэлээр ажлаас халах мэдэгдэл өгөөд байсан.

 2022 оны 3 дугаар сарын 22-ны өдрийн өглөө гэрч Ч.Э, О.Б нар Д.Б туслах Б.Да өрөөндөө дуудан ирүүлж “чамайг Вхороос /харуул/ илүү карт уншуулдаг гээд яриад байна. Чи даргын картыг уншуулж байсан уу” гэж асуухад “үгүй” гэсэн байдаг. Гэтэл О.Б “ер нь уншуулж байсан биз дээ” гэж асуугаад “Эйблээс харагдана аа” гээд цааш үргэлжлүүлэн шалгаж явсан байдаг. Түүнээс харахад гэрч Ч.Э, О.Бн нар нь Д.Б буруутгах өө сэв хайж явсан болох нь тодорхой байна. Өөрөөр хэлбэл, гэрч Ч.Э, О.Б нар Д.Б ямар нэгэн алдаа хайж явахдаа Д.М холбогдож гүтгэх ажлаа амжилттай хийсэн гэж үзэж байна. Тухайлбал, Д.Б дургүй гурван хүн ашиг сонирхлоороо нэгдээд түүнийг гэмт хэрэг үйлдэж Д.М биед гэмтэл учруулсан гэж гүтгэж хэлмэгдүүлж байгаад гомдолтой байна.

2. Хохирогч Д.М мэдүүлгүүдэд эргэлзээтэй хэд хэдэн зүйл гарч ирдэг. Тухайлбал, Д.М анхны гэрчээр өгсөн мэдүүлэг болон хохирогчоор өгсөн мэдүүлэг хоёр эрс зөрүүтэй. Үүнд 2022 оны 3 дугаар сарын 22-ны өдөр гэрчээр мэдүүлэхдээ “... 16 цаг 40 минутын орчимд өрөөнд нь орсон бөгөөд ажлын цагаар ажлын байранд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байх нь дотоод журам зөрчсөн асуудлыг тавьсан. Тэгтэл тийм зүйл байхгүй гэхээр нь тэгвэл цагдаагийн байгууллагад гомдол гаргалаа шүү гэж би хэлсэн. Гэтэл хувцсаа өмсөөд гарах үедээ намайг гараараа хүчтэй цохиж унагасан. Газар унах үед Ч.Э, О.Б нар орж ирж намайг босгоод өрөөндөө оруулсан ...” гэж мэдүүлсэн бол 2022 оны 3 дугаар сарын 31-ний өдөр шинжээчийн дүгнэлттэй танилцсаны дараа дахин мэдүүлэг өгөхдөө “... Б намайг зүүн талын мөрний доод хэсэг рүү түлхэж унагасан, тэгээд намайг унасны дараа буюу миний зүүн гуя руу хөлөөрөө нэг удаа өшиглөсөн. Намайг цохиж байх үед бид хоёрын хажууд хэн нэгэн гадны хүн байгаагүй буюу унах үед Ч.Э, О.Б нар орж ирсэн. 2022 оны 3 дугаар сарын 22-ны өдөр мэдүүлэг өгөх үедээ мэдүүлгээ дутуу өгсөн байна лээ, тухайн өдөр шокын байдалтай байсан болохоор дутуу өгсөн. Б намайг газар унасны дараа миний зүүн гуяны гадна талд дунд хэсэгт нэг удаа өшиглөсөн...” гэдэг. Д.Б өрөөг харахад орон зайн хувьд давчуу, зай багатай байхаас гадна хажуу талдаа шкаф байрлуулсан байдаг. Д.М цохиулж эсхүл түлхүүлж унасан юм бол хаалга, хана, шкафын аль нэгийг мөргөлгүй газар унах боломжгүй байхаар харагддаг. Хохирогчийн мэдүүлснээр мөр хэсэгт түлхэж, цохиход хажуу тийш налалгүй өргөөд тавьсан юм шиг байрлаж байгаа газар дээрээ шууд унасан гэж мэдүүлж байгаа нь үнэмшилгүй бодит байдалд нийцэхээргүй байна. Мөн баруун талаараа газар унахад зүүн гуяны гадна тал буюу гэмтсэн гээд байгаа хэсэг нь дээшээ харсан байрлалтай байх ёстой. Гэтэл хажуу талд зогсож байгаа хүн дээш харсан байрлалтай байгаа газарт онож өшиглөх боломжгүй юм. Өөрөөр хэлбэр, өшиглөлөө гэхэд зүүн гуяны урд хэсэг нь Д.Б руу харсан байрлалтай байх ба Д.Бд өөр лүүгээ харсан хэсэгт нь өшиглөж, гэмтэл үүсгэх боломжтой болно. Иймд Д.Б нь Д.М огт өшиглөөгүй, гэмтсэн газарт өшиглөх боломжгүй юм.

3. Гэрч Ч.Эр, О.Бн нарын мэдүүлгийн зөрүүтэй байдлын тухайд:

 Гэрчээр мэдүүлэг өгсөн Ч.Э О.Б нарын мэдүүлгийг газар дээр нь шалгахад нэг нь баруун талаараа эвхэрсэн байдалтай хэвтэж байсан гэдэг бол нөгөөх нь зүүн гарын тохойгоор газар тулж, зүүн тийш хагас эргэж эвхэрсэн байрлалтайгаар байсан гэж мэдүүлдэг. Хоёр гэрч нэг цаг хугацаанд орж ирэхдээ хохирогчийн хэвтэж байсан байрлалыг өөрөөр харах ямар ч боломжгүй байтал өөр өөр байрлалтай хэвтэж байсан гэж мэдүүлээд байгаа нь Д.Б мэдүүлгийг бататгаж байгаа баримт юм. Өөрөөр хэлбэл, гэрч Ч.Э, О.Б нар нь гүтгэх үйлдлээ нарийн төлөвлөж хаашаа харж, ямар байрлалтай байх талаар нарийн тохиролцоогүйгээс болж мэдүүлэгт зөрүү гарсан гэж үзэхээр байна. Тухайлбал, байцаагч чухам аль талаараа ямар байдалтай унасан байсан бэ гэсэн асуултад тулгамдаад өөрөөр тайлбарлаж мэдүүлгээ зөрүүлсэн. Хэрэв хоёр гэрчийн мэдүүлэг тохирч байсан бол Д.Б Д.М үнэхээр цохиж юм уу түлхэж унагаасан гэж үзэх боломж байсан. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.3 дугаар зүйлийн 8 дахь хэсгийн 8.2-т “хамтран ажиллах этгээдийн мэдүүлэг дангаараа шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайг нотлох шүүхийн шийдвэрийн үндэслэл болохгүй” гэж заасан ба гэрч Ч.Э, О.Бн нар нь Д.Б хамран ажилладаг этгээдүүд юм.

4. Шинжээчийн дүгнэлтийн тухайд:

 Шинжээчийн дүгнэлтээр хоёр гуяны гадна талд учирсан гэмтэл нийлээд биеийн гадаргуугийн нэг хувьтай тэнцэж байгаа тул хөнгөн зэргийн гэмтэлт тооцогдоно гэж дүгнэсэн бөгөөд шинжээч С.Э шүүх хуралдаанд оролцохдоо энэ талаар баталж ярьсан. Мөн шалан дээр унахад гуяны гадна талын дунд хэсэгт няцрал гэмтэл үүсэх үү гэсэн асуултад хариулахдаа тухай хүний биеийн онцлогоос шалтгаалан гэмтэл үүсэх боломжтой. Тухайлбал, булчин хэсгээрээ товойсон цүлхийсэн махтай байж болно гэж мэдүүлсэн. Хэргийг үнэн бодитой хянан шийдвэрлэхийн тулд Д.М биеийн онцлог нь ямар болох шалан дээр унахад түүний гуяны гадна талын дунд хэсэгт няцрал гэмтэл үүсэх боломжтой эсэхийг тодруулж тогтоох шаардлагатай. Учир нь шинжээч эмч Д.М биеийн онцлогийг тайлбарлаж чадаагүй, унахдаа тулж унасан хэсгээрээ няцралт үүсдэг гэсэн зүйл хэлсэн. Тэгэхээр Д.М шалан дээр унахдаа гуяны гадна талын дунд хэсгээрээ тулж унах онцлог биетэй эсэхийг тогтоолгүйгээр шууд шалан дээр унаснаас тус газарт гэмтэл үүссэн байна гэж дүгнэсэн нь хэтэрхий нэг талыг барьж шийдвэр гаргасан болохыг харуулж байна. Шинжээч эмчийн хэлсэн агуулгаар бол биеийн онцлогоос шалтгаалан Д.М баруун гуянд гэмтэл үүсэх боломжтой гэсэн нь гэмтэл үүсэхгүй ч байж болох агуулгаар бас ойлгогдох эргэлзээтэй тайлбар юм. Тухайлбал, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг “эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулахдаа Монгол Улсын Үндсэн хууль, энэ хууль,бусад хуулийг чанд сахина”, мөн хуулийн 1.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэг “Мөрдөгч, прокурор нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шалгаж хянасны үндсэн дээр хэргийн бодит байдлыг тогтоох үүрэгтэй”, 2 дахь хэсэг “Хэргийн бодит байдлыг нотлохын тулд мөрдөгч, прокурор хуульд заасан бүх арга хэмжээг авч яллагдагч, шүүгдэгчийг яллах, цагаатгах, ял хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдлыг эргэлзээгүй тогтооно” гэсэн заалтуудыг огт хэрэгжүүлээгүй.

Д.М хоёр гуяны гадна талын дунд хэсэгт тус тус үүсгэгдсэн зөөлөн эдийн няцралтыг Д.Б  үүсгэсэн болохыг хангалттай нотолсон баримт байхгүй бөгөөд тус гэмтлийг Д.Б үүсгэсэн эсэх нь эргэлзээтэй байна. Иймд Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 2024/ШЦТ/0000 тоот шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, Д.Б цагаатгаж өгнө үү. ...” гэв.

Шүүгдэгч Д.Б өмгөөлөгч Ц.Д тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Өмгөөлөгч Т.С, Ө.Б нарын гаргасан гомдлуудыг дэмжиж байна. Анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ хэрэгт ач холбогдолтой нөхцөл байдалд үнэн зөв бодиттой дүгнэлт хийж чадаагүй. Эргэлзээ бүхий нөхцөл байдал үүссэн тохиолдолд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэх, гэм буруугүйд тооцох зарчмыг зөрчсөн. Хохирогч Д.М мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн шатанд өгсөн мэдүүлгүүдээр Д.Б 2 удаагийн үйлчлэлээр биед нь гэмтэл учруулсан гэж мэдүүлсэн. Гэмтлийн зэрэг тогтоосон шинжээчийн дүгнэлтэд “зүүн гуяны гадна дунд хэсэгт 13.5 см хэмжээтэй цус хуралт, баруун гуяны гадна хэсэгт цус хуралт” гэсэн 2 гэмтэл тогтоогдсон. Шинжээч эмч мөрдөн байцаалтын болон шүүхийн шатанд мэдүүлэхдээ “газарт унах үед дээрх төрлийн гэмтэл нь биеийн гадаргуугийн газарт унасан хэсэгт үүсэх боломжтой.” гэж мэдүүлсэн. Д.Б нь олон жилийн хугацаанд төрийн хариуцлагатай албан тушаалыг эрхэлж байсан. ... Д.Б нь тухайн үед өрөөндөө сууж байсан. Д.М өрөөнд нь орж ирээд байгууллагын хэвийн үйл ажиллагааг алдагдуулж, ёс суртахуунгүй үйлдэл гарган, хэрүүл маргаан үүсгэсэн болох нь хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтаар тогтоогдсон. Миний үйлчлүүлэгчийн зүгээс Д.М дахин ярилцах шаардлагагүй тул албан өрөөнөөсөө гаргахаар шаардлага тавьсан. Энэ албан өрөөнөөсөө гаргахыг хүссэн үйлдэлд хууль бус үйлдэл байхгүй. Өрөөнөөс гарахгүй гэхэд түлхэж унгаасан гэж хохирогч мэдүүлэгтээ дурдсан. Гэвч бодит байдал дээр түлхэж унагаасан үйл баримт тогтоогдоогүй. Эргэлзээтэй нөхцөл байдлыг үүсгэж байна. Хохирогч тухайн өрөөнд орж ирэх болсон шалтгаан нь тэрээр ажил албан тушаалын байдлаа ашиглан хууль бусаар 50.000.000 төгрөгийг авсан асуудал байгаа. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлд заасан гэмт хэрэг нь гэм буруугийн санаатай хэлбэртэй. Миний үйлчлүүлэгчийн зүгээс ямар нэгэн идэвхитэй хүссэн үйлдэл хийгээгүй. Д.М нь Д.Б өрөөнөөс нь гаргахгүй саад учруулдаг. Түүнээс шууд санаатай үйлдлээр зодсон зүйл байхгүй. Хохирогчид хууль сануулж мэдүүлэг авахад үнэн зөв мэдүүлэг өгөх үүрэгтэй. Гэтэл удаа дараа зөрүүтэй мэдүүлэг өгсөн нь эргэлзээтэй байна. Гэрч Ч.Э, О.Б нарын мэдүүлэгтээ үнэхээр тэгж харсан юм бол хэргийн газарт үзлэг хийхээр ирсэн цагдаагийн албан хаагч нарт зөрүүтэй зүйл хэлдэг. Энэ үйл явдал анхнаасаа болоогүй гэдгийг нотолж байна. Хохирогчийн мэдүүлгээр газарт унах үед түүнийг өшиглөсөн үйлдлийн улмаас зүүн гуяны гадна дунд хэсэгт цус хуралт гэмтэл тогтоогдсон гэж үзсэн. Ийм зүйл болоогүй боловч болсон гээд төсөөлөхөд Хууль зүйн сайд, Эрүүл мэндийн сайдын хамтарсан 2014 оны тушаалаар батлагдсан 2024 оны хүртэл хугацаанд хүчин төгөлдөр үйлчилж байсан Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6 дахь хэсэгт заасны дагуу шинжлүүлэгчийн эрүүл мэндийг сарниулаагүй, ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонгийг алдагдуулаагүй, биеийн нийт гадаргуун 1 хувиас илүүгүй хэмжээтэй байх тул гэмтлийн зэрэг тогтоогдохгүй. Хөнгөн зэргийн гэмтэлд хамаарахгүй гэж үзэх үндэслэлтэй. Миний үйлчлүүлэгч цохиогүй гэдгээ тогтвортой мэдүүлдэг. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 4.1 дүгээр зүйлийн 61 дэх хэсгийн тайлбарт “Биеийн нийт гадаргуугийн 1 хувь гэж шинжлүүлэгчийн гарын алгатай адил хэмжээг ойлгоно.” гэж заасан. Дээрх хэмжээнээс бага хэмжээтэй цус хуралт нь гэмтлийн зэргийн хөнгөн зэрэгт хамаарахгүй. Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэж, мөн хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасан шийдвэрийг гаргах, эсхүл хөнгөн ялтай болон гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг хэрэглэх зарчмын дагуу Д.Б холбогдох эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. ...” гэв.

Хохирогч Д.М өмгөөлөгч Ц.Ц тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Тухайн өрөөнд шүүгдэгч Д.Бд болон хохирогч Д.М нараас өөр хүн байгаагүй. Д.Б хохирогчийн биед гэмтэл учруулаагүй гэвэл өөр хэн учруулсан байх вэ. Давж заалдах шатны шүүхийн өмнөх магадлалын хүрээнд мөрдөн шалгах ажиллагаа явагдсан. Шинжээчийн дүгнэлтийг эргэлзээтэй байж болзошгүй гэж магадлалд дурдсан учир анхан шатны шүүхийн хэлэлцүүлэгт шинжээч эмчийг оролцуулж мэдүүлэг авсан. Шинжээч эмчээс шинжээчийн дүгнэлтийг үндэслэлтэй тайлбарласан. Хохирогч Д.М биед учирсан хохирол дээр олон нотлох баримтууд байгаа. Гэрчийн мэдүүлгүүд байдаг. Д.М нь Д.Б өрөөнд ороод гарах үед хөл нь доголсон болох нь байгууллагын камерын бичлэгт бичигдсэн. Энэ хэрэгт УБ ТЗхувь нийлүүлсэн нийгэмлэгийн албан хаагчдын урамшуулалтай холбоотой асуудал огт хамаагүй. Д.Б даргын өрөөнд болсон асуудал нь хэдэн сарын дараах үйл явдал. Гэрч Ч.Э, О.Б нар нь хохирогчтой үгсэн тохиролцож худал мэдүүлэг өгсөн байх үндэслэл тогтоогдоогүй. Д.Б хүсэлтээр мөн 2 гэрчийг асуусан. Тухайн хоёр гэрчийн мэдүүлэгт мөн адил “Б даргын өрөөнөөс М дарга уйлаад гарсан, доголоод явж байгаа харагдсан” гэж мэдүүлсэн. Тухайн өрөөнд Д.Б, Д.М хоёр л байсан гэрчүүд өөр өрөөнд байсан тул тухайн үйл явцыг мэдэх ямар ч боломжгүй. Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар гэмт хэрэг гарсан болох нь тогтоогдсон. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү. ...” гэв.

Прокурор Г.Нандин-Эрдэнэ тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “... Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол үндэслэлтэй гарсан. Тухайн өдөр Дотоод аудит хяналт шалгалтын албаны дарга Д.Б өрөөнд хохирогч Д.М гаднаас орж ирсэн. Энэ хоёр хүний хооронд маргаан үүссэн талаар хохирогч болон гэрчүүд “тухайн өрөөнөөс чанга дуу чимээ гарсан” гэж мэдүүлдэг. “Би хувцсаа өмсөөд гарах гэж байсан” гэж шүүгдэгч Д.Б шүүхийн шатанд тайлбарладаг. Энэ хоёр хүний хооронд ямар маргаан үүссэн нь чухал биш. Шүүгдэгч Д. Би өрөөнөөс гарах гэж оролдсон. Д.М хориглосон.” гэж хэлдэг. Харин хохирогч Д.М “Согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан учраас гарахыг нь хориглож, цагдаа дуудна” гэж хэлсэн гэдэг. Шүүгдэгч Д.Б хохирогчийг түлхэж унагаасны улмаас хохирогч Д.М биед гэмтэл учирсан болох нь шинжээчийн дүгнэлт болон уг дүгнэлтийг гаргасан шинжээч, мөн хохирогч, гэрч нарын мэдүүлгүүдээр хангалттай тогтоогдсон гэж үзэж байна. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол үндэслэлтэй гарсан тул хэвээр үлдээх саналтай байна. ...” гэв.

                                                 ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Б өмгөөлөгч Т.С, Ө.Б нарын гаргасан давж заалдах гомдлууда,д заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянав.

Шүүгдэгч Д.Б нь 2022 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн 17 цагийн үед согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Баянгол дүүргийн 0 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах УБ ТЗ-н  удирдах газрын дотоод аудит хяналт шалгалтын албаны даргын 282 тоот өрөөнд тус нийгэмлэгийн хууль зүйн албаны дэд дарга Д.М түлхэн унагаж, түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:

хохирогч Д.М “... 2022 оны 03 дугаар сарын 22-ны өдөр Дотоод аудит, хяналт шалгалтын албаны дарга Б нь мөрний доод хэсэг рүү түлхэж унагаасан. Тэгээд намайг унасны дараа миний зүүн гуя руу хөлөөрөө нэг удаа өшиглөсөн. Би унах үедээ баруун талын гуя хэсгээр хүчтэй унасан. Унах үедээ ямар нэгэн эд зүйл мөргөж унасан эсэхээ анзаараагүй. Б даргын өрөөнд урьд нь орж байгаагүй учир ямар эд зүйл байсан талаар мэдэхгүй байна. ... Явж ороод УБ ТЗ-н  дотоод дүрэм журмаа зөрчөөд хэвлэл мэдээллийн хэрэгсэл, олон нийтийн сүлжээнд шалгалтын материалыг байршуулж үүнтэй холбоотойгоор өөрөө хэвлэл мэдээллийн хэрэгслээр ярилцлага өгсөн үйлдэл нь буруу гэдэг талаар хэлэхэд надтай зүй бусаар харьцаж захиалгаар энэ асуудлыг тавьсан гэдгээ хэлж байсан. ...” /1 хх 57-58/,

гэрч О.Б “... 2022 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн 17 цагийн орчим өрөөндөө сууж байхад эсрэг талын өрөөнд манай албаны даргын дуу чанга, чанга дуугараад мөн эмэгтэй хүний дуу гараад түс тас хийх чимээ гараад эмэгтэй хүн чанга уйлаад чимээ гаргахаар нь Дотоод аудитын хяналт шалгалтын албаны даргын өрөөнд эхлээд манай Эб түрүүлж орсон, түүний араас би орсон. Намайг орох үед хаалга нь онгорхой, Б тэр эмэгтэйн хажууд зогссон, Б хөл доор тэр эмэгтэй газар унасан байдалтай орилоод хэвтээд байсан. Тэгээд би тухайн эмэгтэйг манай ажилтан байна гээд харсан чинь Хууль зүйн албаны орлогч дарга М байсан. М “яасан бэ” гэж асуухад “танай энэ согтуу дарга түлхээд унагаачихлаа” гэж хэлсэн. Тэгээд Б харсан согтуу хажууд нь зогсож байсан. Тэгээд М өргөж босгоод өөрийнхөө өрөөнд оруулаад буйдан дээр суулгасан. М тухайн үед доголоод явж чадахгүй байхаар нь би хажуу талаас түшиж өөрийнхөө өрөөнд оруулсан. ...” /1 хх 66-68/, түүний дахин өгсөн “... албаны дарга Д.Б 000 тоот өрөөний хаалгаар орж ирэх үед Д.М нь газар биеийн зүүн тал хэсгээр газар унасан мөн цааш харсан байдалтай хэвтэж байхаар нь араас нь очоод “яасан бэ, зүгээр үү” гэж асуутал “танай наад согтуу дарга чинь намайг түлхээд унагаачихлаа” гэж хэлсэн. Тухайн үед ил харагдах шарх сорви байгаагүй. ...” /1 хх 70-72/,

гэрч Ч.Э “... Тухай үед УБ ТЗ-н  дотоод аудитын хяналт шалгалтын албаны даргын өрөөнд албаны дарга Б чанга чанга дуугаар ярьж байгаа нь сонсогдсон. Ямар нэгэн дуу чимээ гарч, эмэгтэй хүн орилж уйлах чимээ сонсогдсон. Юу болов гээд Б бид хоёр болон А байсан болов уу, очоод Б даргын өрөөний хаалгыг онгойлгосон. Хаалга цоожгүй хаалттай байсан бөгөөд хаалгыг түлхэж ороход хууль зүйн албаны орлогч дарга М хаалганы дэргэд шалан дээр эвхрээд ёолж, уйлсан байдалтай хэвтэж байсан. Албаны дарга Б бидний өөдөөс гаргах гээд хаалга руу зүтгэж байсан. Юу болов гээд Б даргыг хорьж, Б нь М даргыг босгож байсан. Энэ үед Б даргаас спиртийн зүйл үнэртэж байсан бөгөөд “би ариун цэврийн өрөө лүү орно” гээд гадуур хувцсаа өмссөн, мөн цүнхээ үүрсэн байдалтай зогсож байсан. Тухайн үед манай ажлын хүмүүс юу болов гээд хүрээд ирсэн. ... Энэ хооронд Б дарга болон М нар нь хоорондоо маргалдаж байсан ба бид нар тэр хоёрыг зайг нь бариулан хоёр өөр газар суулгаад цагдаа хүлээлгээд сууж байсан. ...” /1 хх 75-77/, түүний дахин өгсөн “... М нь баруун талаараа эвхэрсэн мөн толгой нь шкаф руу харсан байдалтай хаалга руу нуруугаа харуулсан хөлөө эвхэрсэн байдалтай хэвтэж байсан. Тухайн үед М нь уйлж ёолж байсан буюу Д.Б хажуу талд гаргах гээд хаалга руу зүтгэж байсан. ...” /1 хх 80-81/,

гэрч Д.Г “... Би өрөөндөө ажил үүргээ гүйцэтгэж байхад 17 цагийн орчим эмэгтэй хүн орилох чимээ гарахаар нь үүд рүү гараад хартал Д.Б даргын өрөөний гадна Б, Э өөр албаны хүмүүс бужигнаад байсан. Удалгүй Б даргын өрөөнөөс Д.М нь уйлж байгаа юм шиг муухай царай гаргаад өрөөнөөс нь гараад ирсэн. Би очоод “яасан, юу болов” гэхэд “учир байдлаа тайлбарлах гэтэл намайг өшиглөөд авлаа” гэж хэлээд, газар суух маягтай тонгойгоод суугаад байсан. Тухайн үед манай албаны дүн бүртгэлийн ажилтан Д гэх жирэмсэн эмэгтэй маш их сандарсан байдалтай байгаад байхаар нь би өрөө лүүгээ аваад орсон. ... цагдаа нар бололтой хар хувцастай хүмүүс үүдээр явсан, хар хувцастай хүмүүстэй Б дарга гараад явж байсан. Тэр хүмүүсийн араас М явж байхыг нь хартал доголсон байдалтай цавиа дараад баруун хөл нь доголоод байсан. ...” /1 хх 84-85/,

гэрч Г.А “... 000 тоот өрөөнд очиход үүдэнд нь Дотоод аудитын хяналтын байцаагч Э, Б хоёр зогсож байсан. Өрөөнд нь хууль зүйн албаны орлогч дарга М сууж байсан. Б дарга өрөөнөөс гарна гээд Э гаргахгүй гээд зогсож байсан. Болсон байдлыг ерөнхийд нь ажиглачхаад харуулын постоо удаан орхиж болохгүй гэж хэлээд цагдаа дуудсан. ...” /1 хх 100-101/,

гэрч Л.О “... Би тэр өдөр 17 цагт ажлаас гарахдаа д даргын өрөөний үүдээр явахад М дарга Б даргын өрөөнд сууж байсан. Би ажлаас гараад Б ойролцоогоор 20 минут орчим болоод дуудагдаж ирсэн. Намайг ирэхэд ажлын 2 давхрын коридорт цагдаа ирчихсэн Б даргыг драйгер үлээлгэнэ гээд өрөөнийх нь үүдэнд зогсож байсан ба хажууд нь Э, Б, М нар мөн эсрэг талын өрөөнд байсан. Б дарга драйгер үлээхгүй байсан тул цагдаа нар ТЗ-н  Цагдаагийн газар луу түүнийг аваад явсан. ...” /2 хх 165-167/,

гэрч С.Тн “... Би өрөөндөө сууж байгаад удирдлагын асуудал эрхэлсэн даргад материал танилцуулахаар коридорт гараад явж байхад 2 давхрын шатан дээр М дарга надтай зөрөөд явсан. Удирдлагын асуудал эрхэлсэн дарга хүнтэй байсан тул тэнд 5 минут орчим хүн нь гарахыг хүлээгээд гарахгүй болохоор нь буцаад өрөөндөө иртэл 2 давхрын коридорт Б даргын гараас Э байцаагч барьчихсан, хажууд нь Б, Ма нар Б даргын өрөөнөөс гараад коридорт явж байсан. Б дарга намайг хараад “орлогч оо, энэ байцаагч чинь гараас бариад явуулахгүй байна” гэж орилсон. Би юу болоод байгаа талаар асуухад Эрдэнэбат байцаагч надад “энэ чинь согтуу, М зодчихлоо шүү дээ” гэж хэлсэн. Тэр үед М дарга Бсайхан дарга хоёр хажуугаар өнгөрөх үедээ М дарга бага зэрэг ярвайчихсан Б сайхантай юм яриад явж байгаад надад “танай энэ согтуу дарга намайг өшиглөчихлөө” гэж хэлэхэд цаана нь зогсож байсан Д.Б дарга “би ширээний цаанаас чамайг яаж өшиглөдөг юм” гээд хэлж байсан. ...” /2 хх 169-171/,

шинжээч С.Э “... Д.М биед зүүн гуяны гадна дунд 13x10.5, баруун гуяны гадна хэсэгт 15x14 см цус хуралттай, эд хавантай, эмзэглэлтэй байсан. Тухайн гэмтэл биеийн гадаргуу 1 хувиас дээш хувийн талбайг эзэлсэн тул эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэргийн 2.4.1-т зааснаар хөнгөн зэрэгт хамаарна. Би Д.М-г 2022 оны 3 дугаар сарын 23-ны өдөр үзсэн. М биед учирсан гэмтэл нь шинэ байх ба хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Цохигдож унах үед нэг удаагийн үйлчлэлээр үүсэх боломжтой. ...” /1 хх 109-111/ гэсэн мэдүүлгүүд,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн “...Д.М биед баруун, зүүн гуянд цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Уг гэмтэл нь мохоо зүйлийн тус бүр нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. ... Дээрх гэмтлүүд нь шинэ байна. ...” гэсэн 2022 оны 3 дугаар сарын 29-ний өдрийн 4776 дугаар дүгнэлт /1 хх 103-104/,

хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн “... Бичлэгийг шүүж үзэхэд Д.Б нь 16:25:48 цагт УБ ТЗ-н  удирдах газрын шалган нэвтрүүлэх байр, ажил руугаа нэвтрэн орох ба бичлэгт үйг хөдлөл хэвийн харагдаж байна. Д.М нь 16:52:40 цагт, гар утсаар ярьсан байдалтай цагаан өнгийн масктай, цагаан хар өнгийн цамц, саарал өнгийн жинсэн өмд түрүүтэй гуталтай УБ ТЗ-н  удирдах газрын үүдний камерт ертөнцийн зүгээр зүүн жигүүрээс баруун жигүүр лүү явж байгаа дүрс бичлэг харагдаж байна. 13 дугаартай бичлэгийг тоглуулахад ... 17:22:01 цагт цагдаагийн алба хаагчид УБ ТЗ-н  удирдах газрын шалган нэвтрүүлэх байраар нэвтрэн орж ертөнцийн зүгээр баруун жигүүр рүү явж байна. 17:28:30 цагт Д.Б нь цагдаагийн алба хаагч нартай шалган нэвтрүүлэх байр, УБ ТЗ-н  удирдах газраас гарч явж байна. Д.М нь ертөнцийн зүгээр зүүн жигүүрээс гарч ирэхдээ зүүн хөл доголсон байдалтай баруун жигүүр лүү явж байгаа дүрс бичлэг харагдаж байна.  ...” гэсэн тэмдэглэл /1 хх 114-117/,

гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /1 хх 5/, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, уг ажиллагааг бэхжүүлсэн гэрэл зургийн үзүүлэлтүүд /1 хх 9-19/, гэрч Ч.Э, О.Б сайхан нарын мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл “... Гэрч Ч.Э нь 282 тоот өрөөний гадна хаалга онгорхой байсан буюу дотор талын хаалгыг түлхэж нээж ороход М нь газар шалан дээр шкаф хэсэг рүү толгойгоо харуулсан, нуруу хэсэг нь хаалга руу харсан байдалтай, эвхэрсэн хэвтэж байсан. Б хаалгаар гарах гээд би гаргахгүй хориод байсан гэж ярьсныг тэмдэглэл болгов...”, уг ажиллагааг бэхжүүлсэн гэрэл зургийн үзүүлэлтүүд /1 хх 26-30/, Б.М хохирлын талаарх баримтууд /1 хх 215-219/ зэрэг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

Эдгээр нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүхээс үнэлж дүгнэх боломжтой, хоорондоо зөрүүгүй, гэмт хэргийн үйл баримтыг нотолж чадсан байх ба анхан шатны шүүх шүүгдэгч Д.Б-ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэм буруутай гэж дүгнэсэн нь хэргийн бодит байдалтай нийцсэн байна.

Анхан шатны шүүх шүүгдэгч Д.Б ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилснийг Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн гэж үзэв.

Шүүгдэгч Д.Б анхан шатны шүүхээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох ял оногдуулж, уг торгох ялыг 90 хоногийн хугацаанд биелүүлэхээр шийдвэрлэсэн нь түүний үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэр, шүүгдэгчийн хувийн байдалд тохирсон байна.

Шүүгдэгч Д.Б-ын өмгөөлөгч Т.С, Ө.Б нараас “... хохирогч, гэрч нар нь ашиг сонирхлоороо нэгдэж Д.Б ыг гүтгэсэн, хохирогч Д.М мэдүүлгүүд эргэлзээтэй, гэрч Ч.Э, О.Б нарын мэдүүлгүүд зөрүүтэй, хэргийг үнэн бодитой хянан шийдвэрлэхийн тулд Д.М биеийн онцлог нь ямар болох, шалан дээр унахад түүний гуяны гадна талын дунд хэсэгт няцрал гэмтэл үүсэх боломжтой эсэхийг тогтоох шаардлагатай, хохирогч Д.М шүүх хуралдаанд оролцуулах талаар шүүгч захирамж гаргасан боловч захирамжийг биелүүлээгүй, Д.Бд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, түүнийг цагаатгаж өгнө үү. ...” гэсэн утга агуулга бүхий давж заалдах гомдлуудыг хүлээн авах үндэслэлгүй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв. 

Тодруулбал, тухайн гэмт хэрэг үйлдэгдсэн гэх цаг хугацаанд болсон үйл явдлын бодит байдал, гэмт хэрэг үйлдсэн гэх хүний үйлдэл, үйл хөдлөлийн гадаад илрэл болон түүндээ хандаж буй сэтгэл зүйн хандлага, түүнчлэн хохирогчийн үйлдэл зэрэг хэргийн бодит байдлыг хөдөлбөргүй тогтооход ач холбогдол бүхий нотлох баримтыг шүүх тал бүрээс нь бүрэн бодитой шалгаж, нарийвчлан хянах үүрэгтэй бөгөөд тэдгээрийн үнэн зөв байдал, хэмжээ хязгаар, агуулга зэрэгт эрх зүйн ухамсрыг удирдлага болгон үнэлж, хэргийн бодит байдлыг үндэслэлтэй, зөв тогтоох үүрэгтэй.

Шүүгдэгч Д.Бс хохирогчийг зодоогүй, тухайн үйл явдал огт болоогүй талаар маргаж байх боловч хэрэгт авагдсан баримтуудаас үзэхэд хохирогч Д.М нь “... Дотоод аудит, хяналт шалгалтын албаны дарга Д.Б нь мөрний доод хэсэг рүү түлхэж унагаасан. Тэгээд намайг унасны дараа миний зүүн гуя руу хөлөөрөө нэг удаа өшиглөсөн. Би унах үедээ баруун талын гуя хэсгээр хүчтэй унасан. Унах үедээ ямар нэгэн эд зүйл мөргөж унасан эсэхээ анзаараагүй. ...” /1 хх 57-58/ гэж гэмт хэрэг болсон талаар, уг үйл явц хэрхэн болж өнгөрсөн талаар тогтвортойгоор мэдүүлсэн байх ба түүний мэдүүлэг нь гэрч О.Б “... Намайг орох үед хаалга нь онгорхой, Б тэр эмэгтэйн хажууд зогссон, Б ын хөл доор тэр эмэгтэй газар унасан байдалтай орилоод хэвтээд байсан. Тэгээд би тухайн эмэгтэйг манай ажилтан байна гээд харсан чинь Хууль зүйн албаны орлогч дарга М байсан. ... М тухайн үед доголоод явж чадахгүй байхаар нь би хажуу талаас түшиж өөрийнхөө өрөөнд оруулсан. ...” /1 хх 66-68/, гэрч Ч.Э “... хууль зүйн албаны орлогч дарга М хаалганы дэргэд шалан дээр эвхрээд ёолж, уйлсан байдалтай хэвтэж байсан. ...” /1 хх 75-77/, “... М нь баруун талаараа эвхэрсэн мөн толгой нь шкаф руу харсан байдалтай хаалга руу нуруугаа харуулсан хөлөө эвхэрсэн байдалтай хэвтэж байсан. Тухайн үед Ми нь уйлж ёолж байсан буюу Д.Б хажуу талд гаргах гээд хаалга руу зүтгэж байсан. ...” /1 хх 80-81/ гэсэн мэдүүлгүүдээр, мөн хохирогчийн эрүүл мэндэд учирсан хохирлын шинж байдлыг тогтоосон шинжээчийн “...Д.Мгийн биед баруун, зүүн гуянд цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Уг гэмтэл нь мохоо зүйлийн тус бүр нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. ... Дээрх гэмтлүүд нь шинэ байна. ...” гэсэн 4776 дугаар дүгнэлт /1 хх 103-104/ зэргээр давхар нотлогдон тогтоогджээ.

 Үүнээс гадна, мөрдөн шалгах ажиллагааны явцад цуглуулж бэхжүүлсэн гэрч нарын мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл болон хохирогчийн хөл нь доголоод тухайн байгууллагаас гарч явж байгаа талаар бичигдсэн камерын бичлэг /1 хх 114-117/ зэргээр уг гэмт хэргийг тухайн цаг хугацаанд үйлдэгдсэн болохыг хангалттай нотлон тогтоосон гэж үзэв.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч Д.М, гэрч Ч.Э, О.Б нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.2 дугаар зүйлд заасан мөрдөн шалгах ажиллагааны явцад зориуд худал мэдүүлэг өгсөн тохиолдолд хүлээлгэх хариуцлагын талаар сануулж мэдүүлэг авсан байх ба дээрх хохирогч, гэрч нарын удаа дараа өгсөн мэдүүлгүүд нь хоорондоо агуулгын хувьд зөрүүгүй байхаас гадна эдгээр мэдүүлгүүдийг нотлох баримтын хэмжээнд үнэлсэн анхан шатны шүүхийн дүгнэлт хууль зүйн үндэслэл бүхий болжээ.

Түүнчлэн, мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудыг хангалттай шалгаж тодруулсан, хэргийн үйл баримт, гэм бурууг тогтооход үндэслэл болсон нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх, үнэлэх шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчөөгүй байна.

Анхан шатны шүүх хэргийн үйл баримтын талаар нотлох баримтуудад тулгуурлан хууль зүйн үндэслэл бүхий дүгнэлт хийж хэргийг эцэслэн шийдвэрлэснийг буруутгах хууль зүйн үндэслэл тогтоогдсонгүй.

  Иймд шүүгдэгч Д.Бын өмгөөлөгч Т.С, Ө.Б нарын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 2024/ШЦТ/0000 дүгээр шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Д.Бын өмгөөлөгч Т.С, Ө.Б нарын гаргасан давж заалдах гомдлуудыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ,

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                         Б.ЗОРИГ

             ШҮҮГЧ                                                            Л.ДАРЬСҮРЭН

             ШҮҮГЧ                                                            М.АЛДАР